ЗУРВАСХАН БОДЛУУД-38

” БАЯН бас ЯДУУ СЭТГЭЛ”
Бид “баян”, “ядуу” гэдэг ойлголтыг материаллаг зүйлтэй холбон ойлгож, тэр ойлголтоороо тайлбарласаар уджээ. Их мөнгөтэй, тансаг хаустай, үнэтэй машинтай хүмүүсийг “баян” хэмээн атаархаж, бас ад үзэж, тэднийг “жаргалдаа умбаж” байгаа мэтээр төсөөлөн, тэдний зиндаанд хүрэх гэж мөрөөдөн өөрсдийгөө тарчилгаж байгаа хүмүүс олон бий. Мэдээж ийм хэрэгцээтэй амьдралд хүрэх гэж олон хүмүүс маш их хөдөлмөрлөн зовж шаналдаг, дээр нь хувь заяа нь ч “хөтөлдөг” байж магад. Харин бид өөрсдийн хичээл зүтгэлээрээ боломжийн амьдралд хүрээд “хоёр идэхгүй, хоосон хонохгүй” байгаа мөртлөө, сэтгэлийн шуналаа давж дийлэхгүй “хусмаа чамалсан хүүхэд шиг” баяжих мөрөөдөлдөө автан “жаргалаа зовлон” болгон хувиргах нь олонтаа. Уг нь байна шүү дээ, нэгэнт авсандаа аваад орохгүйгээс хойш зуун жил эдлээд барахгүй  их хөрөнгийг цуглуулж, тэр их хөрөнгийг цуглуулах гэж мянган жил үүрээд ч даахгүй зовлон хурааж, энэ өдөр уулзаад маргааш уулзахгүй ч байж болох олон хүмүүст атаархан хорсож, өс санаж сэтгэлээ тарчлаан зовоож яана. Анзаараад ажих юм бол бидний дотоод сэтгэл л “баян”, “ядуу” гаараа ялгардаг юм шүү дээ.
Би нэг их аз жаргалтай хүнийг мэднэ. Тэр дандаа инээмсэглэж, дутуу гуцуу байсан ч “Өө яахав дээ, болно шүү дээ” хэмээн өөрийгөө тайтгаруулж, зовж зүдэрч яваа хэнд ч болов туслан тэдний талархсан төрхийн өөдөөс баяртай харцаараа “зүгээр ээ” гэж хэлдэг. Инээмсэглэсэн түүний төрх дотроосоо гэрэлтэн, түүнийг харсан хэн ч болов атаархаж бас хайрламаар. Заримдаа гуниглаж суугаа түүнийг хэн нэгэн аргадахад өөдөөс нь нулимстай нүдээрээ хүчлэн инээмсэглэж “Би зүгээрээ” гэж хэлдэг. Тэр хэнд ч өөрийн сэтгэл дэх зовлон гунигаа “наах”ыг хүсдэггүй ч, бусдын зовлон гунигийг хуваалцахдаа чин сэтгэлээсээ уяран хайлж, бас шаналж зовдог. Заримдаа хүмүүс түүнийг “гэнэн, тэнэг” гэж тохуурхахад, тэрээр  зүгээр л өөдөөс нь гунигтай ч гэмээр “тэнэг” төрхөөр инээмсэглэдэг ч хэзээ ч түүнтэй хэрэлдэж маргалддаггүй юм. Өөртөө байгаа сүүлчийн мөнгөө хэн нэгэнд сарвайхдаа огтхон ч эргэлздэггүй, харин ч өлссөн сэтгэлийнхээ тэртээд уянгалаг дуу аялж, түүндээ уяран баясдаг гээч. Түүний сэтгэлд дандаа сонгодог аялгуу эгшиглэн, зүрх сэтгэл нь бусдын баяр жаргалаар “цэнэглэгдэж”, бусдыг хайрлах дотоод сэтгэлийн илч гэрлээрээ гаднаа гэрэлтэж явдаг. Түүний халаас нь хоосон хэдий ч сэтгэл нь дандаа дүүрэн цалгиж явдаг. Тэр “баян” хүн.
Би нэг их зовж шаналсан хүнийг мэднэ. Тэрээр дандаа хөмсгөө зангидан, хичнээн их мөнгө олж байвч сэтгэл нь ханана гэж үгүй, их мөнгө олохын тулд юу ч хийхээс буцахгүй “дээдэст зусар, доодост дээрэлхүү” араншинтай. Түүний яравгар хэрнээ ихэмсэгхэн төрх түүнийг наснаас нь дэндүү хөгшин харагдуулдаг. Магадгүй бага насандаа “ядуу” өссөн нь бусдыг үзэн ядах, бусдаас өшөө хорслоо авах шалтгаан нь ямар ч аргаар хамаагүй их мөнгөтэй байх хүслийг нь өгдөөдөг байх. Заримдаа тэр над руу согтуугаар утасдан “Новш минь ээ, би чамайг бодвол саятан шүү дээ” гэж баярхах авч түүний дууны өнгөнд баяр баясал үгүй, арчаагүй төрх нь нүдэнд харагддаг юм. Тэрээр бүх зүйлийг, тэр тусмаа аз жаргалыг, гэгээн сайхан хайрыг, бас “хиртэй” хүсэл мөрөөдлөө хичээл зүтгэл сайхан сэтгэлээр бус зөвхөн мөнгөөр л худалдаж авч болно гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг нэгэн. Түүний сэтгэлд ямагт атаархал хорсол буцалж, өс хонзон “цэнэглэгдэж”, өөрийгөө дөвийлгэх ядмагхан хүслээ гашуун дарстай хамтад залгилж, өрөөл бусдын өөдөөс тачаадан харж байдаг юм. Түүний хиртэй халаас нь дүүрэн мөнгөтэй хэдий ч сэтгэл нь дандаа хоосон явдаг. Тэр “ядуу” хүн.
“Баян” ба “ядуу” хичнээн олон хүмүүс бидний амьдрал дунд эргэлдэж байдаг. Бид тэднийг анзаардаг эсэхийг би мэдэхгүй. “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” гэдэгчлэн адил төстэй хүсэл мөрөөдлөөрөө бид бусдыг сонгодог юм. Тэгээд л амьдрал нь ядуу мөртлөө сэтгэл нь баян, амьдрал нь баян мөртлөө сэтгэл нь ядуу хүмүүс хамтдаа уулзан сэтгэлээ хуваалцдаг. Сэтгэл нь ч баян, амьдрал нь баян хүмүүс зөндөө бий. Амьдрал нь ч сэтгэл нь ч ядуу зөндөө хүмүүс бий. Зүгээр л эргэн тойрноо сатаараад аж даа. Эргэн тойронд чинь холхих зөндөө олон “баян”, “ядуу” хүмүүс байгаа. Аль хэмжээнд нь алхаа нийлүүлэх нь таны л сонголт. Гэхдээ байна шүү дээ, сэтгэлээрээ баян байх гэдэг чинь аз жаргалын тань түлхүүр юм шиг билээ шүү, нууцгүй хэлэхэд. Нэг л зүйлийг бид мартаж боломгүй. Бид энэ ертөнцөд “ирээд л буцдаг нүүдлийн шувууд” юм шүү дээ. “Нуур амгалан бол нугас амгалан” гэдэг дээ. Зүгээр л өөрийнхөө дотоод сэтгэлийг чагна даа. Чи “баян” ч байж магадгүй дээ.

БИЕ БИЕНЭЭ СОНСОЖ БАЙЯ
…Залуухан бүсгүй гудамжинд гуйлга гуйж суугаа өрөөсөн гаргүй, бохир хувцастай залуугийн хажууд очоод суулаа. Тэр бүсгүйг өөрт нь мөнгө өгөх гэж биш, зүгээр л түүнтэй ярилцахыг хүссэн гэдгийг зөнгөөрөө мэдсэн мөнөөх залуу ярьж эхлэв. Өөрийнхөө амьдралын тухай, өрөөл бусад хүмүүс түүнийг юу гэж боддог тухай, өнөө алсарч холдсон ч гэлээ нүднийх нь тэртээд тунаж үлдсэн мөрөөдлийнхөө тухай, бас одоо хэр нь өлсөж даарч байгаа ч өөрийгөө “эр хүн” гэж бодон сэтгэлээ тэвчдэг тухай бүх л яриаг нь мөнөөх бүсгүй анхааралтай сонсч байхдаа нэг ч удаа яриаг нь тасалж,  нэг ч асуулт асуусангүй. Хажуугаар нь тэднийг гайхаж сониучирхсан бас сэжиглэж хардсан, эсвэл өрөвдөж хайрласан харцаар харж буй олон хүмүүс өнгөрснийг тэд үл тоож, бараг 3 цаг хэртэй хамтдаа сууцгаажээ. Яриагаа дуусгаад мөнөөх залуу бүсгүйн гарыг үлдсэн ганц гараараа атган халуун дулаанаар илбэж, уртаар санаа алдсанаа эргэж ч харалгүй явж одов. Даарсандаа эсвэл зовлонгоо үүрсэндээ ч тэр үү бөгтийн алхах түүний араас харж зогсох бүсгүй, түүний дотоод сэтгэлийн багтраа нь тайлагдаж, санаа амрах мэт чийг даасан нүдээ нэгэнтээ арчаад холдсоныг л санаж сэтгэлдээ уртаар санаа алдана. Заримдаа хэн нэгний сэтгэлд багтраад гадагш нь гаргаж чадахгүй байгаа дурсамжийн бөөгнөрлийг нь сарниулж, багтраагаа тайлахад нь тусалж байх хэрэгтэй мэт.
Санаанд нь зурвасхан ч гэлээ орсон бодлуудаа тархиндаа эргэлдүүлж хяналгүй, “цензургүйгээр” бусад руу шууд л гаргаж орхидог хүмүүсийн дэргэд, үг үйлдэл бүхнээ хатуу “цензурдэж” санаа бодол бүхнээ бусдаас бүү хэл өөрөөсөө ч нуух шахам дотроо хадгалдаг хүмүүс их зовдог байх. Хааяадаа хэн нэгэнд хуучилж, энэ бүхнээ гаргахыг хүсэх авч бусдын тоомжиргүй төрх, шоолонгүй харах харц, сонсохгүй байгаагаа илэрхийлэх хэнэггүй араншинд нь болоод яриагаа таслан буцаад л “залгилна”. Гэхдээ л өөрийг нь тоож сонсох хүмүүсийг сэтгэлдээ хайж л явдаг. Хүмүүс дарсанд халамцаад ирэхээрээ бие биенээ сонсохгүй байсан ч хамаагүй, өөрийнхөө ярихыг хүссэн зүйлээ л яриад байдгийн шалтгаан нь ч энэ байх. Сайн найз, дотны анддаа сэтгэлдээ хурааж хуримтлуулсан олон бодлуудаа ярьж сэтгэлээ онгойлгодог хүмүүс олон бий. Зөв буруу зөвлөлгөө авах гэсэндээ бус, өөрийнх нь сэтгэлийг түгжээд байсан олон бодлуудаа ярьж байхад нь анхааралтай сонсох хүн хэрэгтэй болдог үе бас бий. Бодлууд нь урсаад л урсаад л хүмүүс тэр бодлуудыг нь залгилах мэт анхааралтай сонсоод л сонсоод л. Нэг мэдэхэд дотор нь онгойж,  сэтгэл нь уужирч уртаар амьсгаа авна. Тэр мөчид юуны тулд дотно анд, найз нөхөд байдгийг ойлгодог юм даа.
Бид өнөө цагт өөрсдөө хэтэрхий их ярьж, бусдын ярихыг анхааралтай сонсох нь багадаа юу даа. Заримдаа хэн нэгний яриаг анхааралтай сонсож суух нь өөртөө төдийгүй нөгөө хүндээ ч сэтгэлийн их тайвшралыг авчирч тус болдог юм шүү дээ. Гэхдээ зөвхөн чихээрээ бус зүрх сэтгэлээрээ сонсож байх нь хэрэгтэй. Тэр яриад байгаа зүйлээс нь сэтгэлдээ хариу нэхээд байгаа олон асуултын хариуг олох нь бий. Бас бусдын зүрх сэтгэл дэх өөртэйгээ адил баяр хөөр, зовлон шаналлыг ойлгож мэдрэх нь бий. Зүгээр л яриаг нь сонсоод нүд рүү нь хараад л суухад тэр хүнийхээ дотоод сэтгэлийн гэрэл гэгээг олж хардаг юм. Хайрлаж өхөөрдмөөр санагдаад гарыг нь атган зөөлхөн илбэх ч үе бий. Түүний сэтгэл зүрхэнд чиний зүрх сэтгэл ойртож очиж байгаагийн илрэл. Заримдаа “тэнэг”, “утгагүй” мэт санагдах авч хүний зүрх сэтгэлээс гарч буй үг яриа бүхэнд анзаарч авах, хаяж гээх олон юм бий. Галзуу, солиотой л биш бол хэрэг болох ганц үг ч болов заавал гарч ирдэг. Үг яриа болгон хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл. Шоолж, дургүйцэлгүйгээр сонсож л байвал магадгүй тус болох ч тохиолдол бий. Бусдыг анхааралтай сонсож байх нь түүнийг хүндэтгэж байгаагийн илрэл. Дараа нь танд ч бас ярих шалтгаан, ээлж ирнэ.
Хүнд БАГА ЯРЬЖ, ИХ СОНСОЖ БАЙ хэмээн нэг ам, хоёр чих заяасан гэдэг юм билээ. Заримдаа огт таслахгүйгээр, юу ч асуухгүйгээр яриаг нь анхааралтай сонсох нь хэн нэгний сэтгэлийн багтраагаа гаргахад тус болдог гэдэг. Тайвширсандаа уртаар санаа алдаж, нулимс гүйсэн нүдээ арчин үл ялиг инээмсэглэх төрхийг харах сайхан шүү. Өөрөө ч бас сэтгэл уужраад, хамтдаа инээмээр санагддаг юм. Амьдрал сайхан шүү дээ.

ҮГЛЭЛТ ба ЗАЛХАЛТ

…Хоолоо бэлтгэж байсан эхнэрийнхээ дэргэд нь ирсэн нөхөр нь хийж буй ажил руу нь анхаарч хандсанаа “Чи наад махаа нимгэхэн өшиглөөч”, “Ногоогоо яасан бүдүүн хэрчсэн юм бэ?”, “Давс чинь ихдэх юм биш үү?” гэхчилэн үгэлж гарчээ. Тэр үглэлтэд нь залхсан эхнэр нь “Чи чинь ямар ядаргаатай хүн бэ? Чамтай чамгүй би хоолоо хийж дөнгөөд л байна” хэмээн уцаарласан гэдэг. Хариуд нь нөхөр нь “Намайг машин барьж явахад ингэж үглээд байвал надад ямар санагдах вэ?” гэж мохоосон аж. Бид хэн нэгэнтэй бусдаас илүү дотно болоод ирэхээрээ өөрөө ч анзааралгүй ингэж үгэлж эхэлдэг. Түүнд хайртай дотно, бас түүнийг эрхлүүлэх хандлага нь, нөгөө хүнээ “чадахгүй байж магадгүй” гэсэн эргэлзсэн бодол дээр “би л түүнд хамгийн үнэнч туслагч нь мөн” гэж өөрийгөө “дөвийлгэсэн” санаа нэмэгдэн ингэж хандахад хүргэдэг байж болох. Өмнө нь түүнийг машин барьж явахад нь итгэл төгс хайрласан харцаар хардаг байсан нь, түүнийг хоолоо хийхэд нь огтхон ч саад бололгүйгээр инээмсэглэн ажиж байсан бүхэн нь нэг л мэдэх дор ингэж өөрчлөгдөж байгааг олон хүн анзаардаггүй. Зүгээр л түүнийг өөртөө “өмчилсөн” сэтгэхүй нь, түүнд “сул дорой” мэтээр хандаж, бусдын өмнө нь ч тэгж харагдуулж буйг бид анзаардаггүй.

Бүх юм маш энгийнээр эхэлдэг. Ээж аав нар нь хүүхэддээ, эхнэр нь нөхөртөө, итгэж дотно сэтгэлээ хуваалцдаг сайн найздаа ямар нэгэн асуудлаар тайлбарлан учирлана. Зовнисон сэтгэл нь “тэр нэг л хайхрамжгүй байх шиг байна” гэдэг эргэлзээнд хүлэгдэхээр дахиад л давтан учирлана. Хайрласан сэтгэл нь “тэр ерөөсөө ч ойлгохгүй байна” гэсэн гомдолд тээглэхээр уцаарлан бухимдаж дахин, дахин давтаж тайлбарлана. Анх учирласан тайлбрыг нь толгойдоо “эргэлдүүлж” амжаагүй байхад нь дахиад л учирлан тайлбарлах нь жаахан “инээдтэй” санагдах авч, дараагийн удаад “зөрүүдэлж”, адагтаа бол “ядаргаатай юм бэ?” хэмээн төвөгшөөхөд хүргэдэг. Тэгээд л маргалдаж “Чи миний сайхан сэтгэлийг ерөөсөө ч ойлгохгүй юм” гэсэн гомдол нь нулимстай нь хамтад урсаж, урсах хэрээрээ өөрийн “үнэ цэнээ” түүний өмнө алдаж байгаагаа ойлгож мэдрэх сөхөөгүй болно. Түүнд үгэлж учирлах хэмнэл нь ойртож, хэмжээ нь ихсэх тусмаа нөгөө хүнээ залхаан, “алт шиг сайхан сургааль” байвч чихээ даран өнгөрөөж, эсвэл огт тоохгүй байх шалтгаан болно. Хүн залхах хэмжээгээр, үгэлж буй хүний үнэ цэнэ унаж байдаг юм даа. Их үглэлтийн төгсгөл нь бас л энгийн. Тэд бие биедээ итгэж, бие биенээ үнэлж, бие биенээ хайрлаж чадахаа больдог юм.

Ялаа шиг жижиг асуудлыг заан шиг том болгон харж, учирлал тайлбарыг тань ухаарч амжаагүй байхад нь яаран сандран тэвдэж, “үнэн зөв” гэж итгэсэн өөрийн санаагаа бусдад хүчээр тулган шаардах араншин болгон эзэндээ “зовлон” болж хувирна. Ингэж хураасан зовлон ихсэх тусам сэтгэлгээний багтаамж нь жижгэрч, алсыг харах хараа нь бүдгэрч, уур уцаар нь ихэсч өөрийгөө төдийгүй өрөөл бусдыг ч тарчилган, өөрөөсөө холдуулж эхэлдэг. Өөргүйгээр нь юу ч бүтэхгүй мэт санагдаж, зөвхөн өөрийгөө л “ухаантан” мэт бодох бодол бусадтай маргалдан муудалцах үе түмэн шалтгийг бий болгодог. “За яахав дээ?” хэмээн өрөвдөн уучилж бодох бусдын бодол санаа, түүнд аймшигт “доромжлол” мэт санагдан бусдыг үзэн ядаж, амьдрал утгагүй мэт санагдах тэнэглэл рүү хөтлөх аж. Ийм үедээ хамгийн гол зүйлийг, тэр хүн нь түүний үглэлтээс ч өмнө хэвийн амьдарч байсныг, одоо ч хэвийн амьдарч, цаашид ч хэвийн амьдарч чадна гэдгийг санахгүй. Энэ дэлхий тэнхлэгээ хэвийн эргэлдэж, эргэн тойрны тань олон хүмүүс өөрөөс тань хамааралгүйгээр өөр өөрийнхөөрөө амьдарч байгааг ч ойлгохгүй. Хор шар, уур уцаар, гомдол цөхрөлдөө бусдыг залхаан, өөрийгөө тарчилган зовоож буйгаа ч ухаарахгүй. Алив зүйл хэмжээнээсээ хэтрэхээрээ л зовлон болдог буюу. Уужуу тайван бас хүлээцтэй байна гэдэг чинь “тэнэг” гэсэн тодотгол биш шүү дээ.

Share Your Thoughts