ЗУРВАСХАН БОДЛУУД – 5

ӨВЛИЙН АНХНЫ ЦАС

Өчигдөр өглөө босоход минь Сиэтлд анхны цас орсон байв. Санаа дагаад ч тэр үү, агаар нь нэг л тийм сэнгэнэсэн үнэртэй байх шиг. Газраар нэг хөглөрөх элдвийн зүйлийг дарж орхисон цав цагаан цас, орчлонгийн бүх зүйлсийг зөвхөн цасан цагаан өнгөөр л гэрэлтүүлнэ. Моддын мөчир дээр буусан цасыг мөчир нь дааж ядах мэт гудайсан байх нь хайрласандаа болгоомжилсон сэтгэл мэт. Яг л нуруун дээр нь үүргэлж байгаад унтсан хүүхдээ сэрээхгүй гэсэндээ болгоомжтойёо бөхийх аавын хайр мэт. Нарны бүлээхэн туяанд захаасаа бага зэрэг хайлмагтан урсахдаа газар уналгүй мөчир дээр тогтон бөнжийх сувд мэт дуслууд нь хайрын нулимс мэт. Өөрийн төрүүлсэн хүүхдээ хайрлаж өхөөрдсөн сэтгэлээр харахдаа өөрөө мэдэлгүй уярч, сэтгэлийн чанадаас урссан ээжийнх нь хайр нулимс болон аньсага дээр тогтох мэт.

Хүн болгон сэтгэлдээ өвлийн жаврыг халган халгаж хүлээх авч, анхны цаснаар бүгдээрээ л баярлацгаадаг. Тэнгэрээс лавсан орох цасны гоёмсог ширхэг болгон нь агаарт хөгжилтэйёэ бүжиглэх нь бидэн дээр унах тэнгэрийн хайр мэт. Нүүрэн дээр, толгой дээр, гаран дээр, хувцсан дээр минь зөөлнөөр буух цасан ширхгүүд нь буунгуутаа хайлан урсаж норгох нь, намайг хайрласандаа илбэх бүсгүй булбарай гар мэт. Хэн нэгний намайг хайрласан хайр нь миний хувцас болон бүх биед минь шингэж урсах мэт. Цасан ширхэгүүдийн тэртээгээс бүүдгэрхэн харагдах нарны гэрэл, надаар тохуурхаж “хааяа ч болов ертөнцийн ер бусын гайхамшигийг мэдэрч бай” хэмээн анивчих мэт. Газар дээр бууж улам улмаар хунгарлах цасан дунд алхахуйяа, гишгэсэн газар бүрд “чихар чихар” дуугарах нь ертөнцийн нэгэн содон аялгууг надад сонсгоно. Гишгэсэн газарт өмссөн гутлын улны хэвээр үлдэх мөр болгон өнгөрүүлсэн цаг мөч, амьдралын хэмнэлээ эргэн харж байхыг сануулах мэт. “Юу ч билээ” гэж заримдаа эргэцүүлэн бодно.

Энэ гариг ертөнцийн булан тохой болгонд цас ордоггүй л дээ. Зарим хүмүүс “цас үзэх сэн” гэж мөрөөдөж байхад, цасан дээр хөөцөлдөж гүйн, бие биенээ цасаар шидэн тоглох бид, энэ тухай огт бодож үзээгүй. Ирэх л ёстой улирал, даарах л ёстой тавилан, элээх учиртай мөчүүд. “Өвөл болох нээ, даарна даа. Яажшуухан онд орно доо” гэх зэвэргэн бодол анхны цаснаар ор мөргүй арилдаг. Жаварт даарсандаа үл ялиг улайх бүсгүйн хацар энэ ертөнцийн гоо сайхныг бэлэгддэг. Жавар сөрж алхах эршүүд алхаа, зовлонг сөрж давах ухаарлыг бидэнд сануулдаг. Даарч яваад дулаахан гэртээ орохдоо өөрийн гэр бүлээ хамтад нь хайрлах, тэдэнтэй хамтдаа байгаа аз жаргалыг мэдрэхэд тусалдаг. Тэгэхээр өвлийн улирал сайхан шүү. Сэнгэнэсэн агаарт цуурайтах дуу нь хүртэл цээлхэн. Өдөр болгон цасан дунд алхахдаа гишгэсэн мөр болгоноо эргэн харж, чахрах чимээг нь сонсохдоо өөрийн амьд байгаагаа мэдэрнэ. Тэгэхээр бид их азтай хүмүүс. Чухам өвлийн энэ өдрүүдэд мансуурсан жаргалаасаа түр холдож, ертөнцийн жамын тухай эргэцүүлж нэг боддог. Даарна гэдэг чинь нэг л гоёхон мэдрэмж.Бие биенийхээ гарыг атгаад л халуун амьсгаагаараа дулаацуулдаг, тийм л агшин.

Сиэтлд өглөө орсон цас, өндөр уулсын оройд тулах үүлсээс бороо болон зүсэрч, мөнөөх цасыг хайлуулан урсгана. Жаахан гунигтай хэрнээ гоё ч юм шиг.

ИТГЭЛ

Хэн нэгний тухай бодож байсан итгэлт бодол нь өөрчлөгдөх дор хэн ч гэсэн “Үгүй байлгүй дээ” хэмээн сэтгэлдээ уулга алддаг. Яагаад ч юм бэ? “Хэзээ ч тэгэхгүй дээ” гэсэн итгэл нь нэгэн хоромд алдагдах дор өөрийн эрхгүй балмагдан сандарна. Санамсаргүй сууж байгаад халуун зууханд гэнэ алдан гараа түлэх шиг л. Тэр зуух ямар халуун байсан гээч. Халуунд түлэгдсэн гар нь хорсох тусам өвчин нь нэг л мэдэх дор зүрхэнд хүрч шаналгана. Гар нь хорсоод л сэтгэл нь дагаж хорсоод л. Заримдаа өөрийн мэдрэлгүй өвдсөндөө нүднээс нь нулимс асгарч, хамар нь шархирдаг. Хүмүүс чиний өмнө суугаад элдвийг хуучлах дор, түлэгдсэн гарын шаналгаандаа чи юу ч сонсохгүй, бас юу ч мэдрэхгүй. Нүднийх нь харц гөлийгөөд л, дүрэлзэн асах зуухны галыг харцаараа ширтэн гомдох, эс гомдохоо ч анзаарахгүй. Зөвхөн зүрх нь л “чи яагаад гараа түлчихээ вэ?” хэмээн халаглах шиг.

“Хэзээ ч алдахгүй” гэдэг итгэл хүмүүний зүрхэнд оршиж байдаг. Хайртай хүндээ, хамгийн дотно анддаа тайлж байгаа сэтгэлийн чагтага нь итгэл дээр л тогтож байдаг. Багтарсан сэтгэл нь уяанаасаа алдуурсан унага шиг тэртээ талд дэрвэлзэн одоход сэтгэл нь уужирдаг. Хамтдаа хараачлан суухдаа хэзээ ч тэр унагыг барьж ногтлох тухай боддоггүй. Тэртээ талд дураараа тонгочин давхих унагыг харахдаа тэд хамтдаа л инээмсэглэж, өхөөрдсөндөө бие биеэ харан баярлаж, мөр мөрөө түшин сууна. Нэг л дулаахан нөмөр нөөлөг, сэтгэлийн их өмөг түшиг. Сэтгэлийн их манан тэр л их уулсын нөмөр нөөлөг дор сарнихуйяа, ертөнцийн юмс үзэгдэл тодрон тодорч бүх л юмс гайхамшигтай сайхнаар үзэгдэнэ. Энэ хорвоод хүн болж төрчихөөд тэр л гайхамшиг дундуур алхаж явна гэдэг ямархан ховор тохиол болохыг сэтгэлдээ мэдэрдэг. Хайрлах, итгэх хүнтэй байна гэдэг ямархан сайхан гээч.
Итгэл гэдэг найдвар юм. Хүйтэн салхи жавраас халхлах дулаан нөмөр газар юм. Тэртээ холыг зорин одох жингийн цувааны түүчээ нь юм. Хүйтэн салхи жавар, хүнд хэцүү бартаат саадыг даван туулах жингийн цуваанд хэзээ ч ганцаараа явдаггүй гэнэм. Хамтдаа явахдаа хүмүүс сэтгэл өег байж, хэзээ ч салахгүйгээр хамтдаа зорьсон газраа хамтдаа хүрнэ гэдэг найдварыг өвөртөлдөг. Итгэл гэдэг хайр юм. Хүнд хэцүү цагт юуг ч учирлалгүйгээр зөвхөн нүднийх нь харцнаас бүгдийг ойлгодог хайр юм. Заримдаа нүдэнд гунигийн манан сууж, шаналлын нулимс дуслах дор харцаараа л аргаддаг учирлал юм. Бууруулсан харцыг өөр рүүгээ хандуулан байж үггүйгээр зэмэлж чаддаг хатуурхал юм. Итгэл гэдэг алдвал хэзээ ч эргэж ирэхгүйгээр холын холд нисч оддог шувуу. Аргадаж гуйгаад ч учирлаж уйлаад ч зөөлөрч бяцардаггүй хад чулуу. Итгэл гэдэг ховорхон хэрнээ ямагт гялалзаж байдаг үнэт эрдэнэ. Юугаар ч сольж, юугаар ч наймаалцаж болдоггүй хүн чанар.

ЧАМАЙГ ХҮРЭЭД ИРЭХ БОЛОВ УУ? ГЭЖ ЗӨНДӨӨ Л ХАРУУЛДЛАА

Чамайг хүрээд ирэх болов уу? гэж зөндөө л харуулдлаа. Чанх дээрээс тусах нарны гэрлийг тэртээх уулсын цаагуур шургаж орох хүртэл, чандаган цагаан саран хээр хонож нарны гэрэлд бүдгэрэх хүртэл, тэртээх холын уулсын машин давах дөрөлжийг сэтгэл зүрхэндээ сэтэртэл, чилийсэн олон хоногийг мөрөөдөлдөө аргамжин байж хүлээлээ, чи ирсэнгүй. Санаа алдах тоолонгоор салхи надаар тохуурхан сэвэлзэж, тэртээд сүүмэлзэх зэрэглээ санаж бэтгэрсэн сэтгэлийг минь уусгаж, саравчлан харах нүдний аньсганд чийг даалгаж, сэмхэн босоод явахад минь суусан түлээний тайрдас намайг аргадах шиг. Балчир насанд минь чи яг л лусын дагина шиг бардамхан, бас тэгээд надтай хөтлөлцөөд гүйсэн алга чинь халуухан, хөөрхөн инээд тань яг л аялгуут эгшиг шиг, гүвээ даваад явахдаа эргэж харсан харц чинь дэндүү ялдамхан, хэзээ ч эргэж ирэхгүй, магад эргэж олдохгүй балчир насны минь ариухан хайр. Чи эргэж ирээгүй.

Чамайг хүрээд ирэх болов уу? гэж зөндөө л харуулдлаа. Бардам омголон залуу насанд минь чи над дээр ирсэн. Балын амт мэт янагхан уруул тань, хайрандаа мансууран талимаарах хархан харц тань, зүрхнээс зүрхэнд урсах хайр тань, зүггүйтэхдээ элдвийг чихэнд минь шивнэн аалигүйтэх араншин тань намайг согтууруулан мансууруулж байсан. Тэр шөнө дэндүү богинохон байсан. Тэгээд л чи яваад өгсөн. Сэтгэлдээ чамайг хурайлж зөндөө хүлээсэн, тэр нэгэн шөнийг сэтгэлдээ дурсаж чамайг зөндөө л хүлээсэн, тэчьяадахдаа эргэн санаж зөндөө л хүлээсэн, тэргэл сарны гэрэлд нойроо хулжаан байж зөндөө л хүлээсэн, чи эргэж ирээгүй. Тэгэхэд чи яг л үзэсгэлэн гоогоороо гайхуулах сарнайн дэлбээ мэт, тэнгэр цахилж аадар асгарсаны дараах солонго мэт, цэлгэр талд цахилан одох гөрөөс мэт, сэтгэлд минь нэгэнтээ эгшиглэх сонгодог аялгуу мэт л байсан сан. Биеэ тоосон сагсуу зангийг минь нэгхэн хоромд унтрааж орхиод одсон бардамхан төрх, тэгсэн хэрнээ үл мэдэг жуумалзах араншин, маргааш ч эргэж ирэхгүйдээ өөрөө ч шаналах санаа алдалт, магад энэ ертөнцийн түмэн нугачаанд уусан одох сэхүүн алхаа. Чи эргэж ирээгүй.
Чамайг хүрээд ирэх болов уу? гэж зөндөө л харуулдлаа. Амьдралын түмэн нугачаанд сэмэрсэн сэтгэлийн гэрч, олон үрчлээ. Зовлон шаналлыг өөрөө туулсан зүдэрсэн төрх, санчигны хяруу. Алдаж онох энэ амьдралаас олсон ухаарал, гунигтай харц. Сэтгэлд минь чи яг л тэр цагийнхаараа залуу, бас үзэсгэлэнтэй хэвээрээ. Алхаа тань туфль дээр тог тог хийн алхах чийрэг хэвээрээ. Аалигүйтэн инээх дуу тань цовоо цолгиун хэвээрээ. Дахиж над дээр ганц удаа ирчихээд тэр чигээрээ явбал ч яваг. Чиний бардам төрхний өмнө сөгдөж нэг суугаад, тэртээ балчир цагт хөтлөлцөж гүйсэн гарыг тань аяархан илбэхсэн. Амьдралын зовлонг хүүрнэх гэж яарсан уруул дээр тань хуруугаараа дарж, зөөлхөн нэг үнсэхсэн. Зовлон шаналал дунд үрчлээтсэн духан дээр тань нэг үнэрлэхсэн. Зоргоороо туулсан амьдралын гэрч зүрхийг тань цээжиндээ тэвэрч чагнахсан. Зүгээр дээ, чи зоргоороо л энэ хорвоог туулж, жаргал зовлонгийн дэнсийг өөрөө л мэдэрсэн. Зөндөө удаан би чамайг хүлээсэн. Бага, идэр насандаа би чамайг хүлээсэн шиг өтөл насандаа би чамайг л хүлээсэн. Чи миний сэтгэл зүрхний минь орон зай. Харин одоо бидэнд булшин дээр минь өргөх баглаа цэцэг л үлдэж дээ. Би чамайг насан туршдаа л хүлээсэн.

Share Your Thoughts