ЗУРВАСХАН БОДЛУУД – 6

ХҮНИЙ НҮДНИЙ ХАРЦ ХУДЛАА ЯРЬДАГГҮЙ

Шинэ газар нутагт зорчиж очоод сургаар таних болсон нэгэнтэй ярилцаж суухад сайхан. Шинэ танил, шинэ яриа, шинэ мэдрэмж. Ярилцаж суугаа хүнийхээ нүд рүү нь эгц харж суухдаа нүднийх нь харцнаас маш олон зүйлийг анзаарч мэдэрнэ. Нээрээ сонин юм шүү. Хүний нүдний тэр л харцнаас туулж өнгөрүүлсэн амьдралынх нь зовлон жаргал, хэцүү бэрх бүхнийг давж гарсандаа өөртөө баярлан бахдах сэтгэл, энэ бүхний эцэст өөрт нь шингэж үлдсэн үнэт зүйл болох итгэл сэтгэлийг уншиж, мэдэрч болдог юм. Би зөндөө олон хүмүүстэй уулзаж ярилцаж суухдаа ямагт нүд рүү нь эгц хардаг. Заримдаа далдирмаар санагддаг ч, хараагаа салгах аргагүй. Өөрт төрсөн мэдрэмжээ алдчих гээд байгаа юм шиг санагддаг юм.

Нэг их гуниг шингэсэн харц, өөрийн амьдралын хамгийн баяр жаргалтай мөчүүдийн тухай хүүрнэж эхлэхдээ гэрэлтэж эхэлдэг. Очтон гялалзах тэр харцны гэрэлтэх агшинд уруул нь дагаж мушилзана, гэхдээ ёжтойгоор. Сайхан дурсамж болгон нь сэтгэлд нь шингэж үлдсэн хэрнээ, мартагдсан мөчүүдийг сануулахдаа гэгээн гэрлийг харцанд урина. Заримдаа гэгээн сайхан дурсамж нь зүрхний угт байгаа хөндүүрлэл дээр дарж, нүдний аньсганд чийг даах нь бий. Бусдаас нуун тэр л чийгийг сэмхэндээ хурууныхаа өндгөөр дарах аядавч, тэр л их хайрыг тээж байгаа зүрхээ аяархан илбэж, аргадаж, учирлаж байгаа нь мэдрэгддэг. Хааяадаа хэн нэгний харц, ярьж байгаа зүйлтэйгээ огт холбогдохгүй байх нь бий. Гунигтай зүйл ярих хэрнээ нүд нь гялалзаж, баяртай зүйл ярих хэрнээ харц нь огт тогтохгүй, бас очтохгүй. “Нээрээ тийм гэж үү?” хэмээн өөдөөс нь эгц харах бүрд далдирч, хурууныхаа өндгөөр юүг ч юм, ямар ч хэмнэлээр үл мэдэн товшино.

Хүмүүс толинд өөрийгөө харахдаа нүднийхээ харцыг ажигладаг болов уу? “Нүд бол сэтгэлийн толь” гэдэг үгийн утгыг тэгтлээ анзаарахгүй байхдаа зөвхөн нүүрээ л хардаг байсан байх. Амьдралын элдэв нугачаанд тэсч, заримдаа далдирч гарсны тэмдэг болж нүднийх нь хажууд л хамгийн түрүүнд үрчлээ сууж эхэлдэг. Харцанд хайрын гэрэл цацарч, эсвэл гунигийн манан суух нь гагц сэтгэлийн чанад дахь мэдрэмж гэнэ. Туулж өнгөрүүлсэн амьдралын зовлон жаргалын дэнс нь гагц харцанд нь шингэж үлддэг гэнэ. Амаараа худлаа хэлэвч, сэтгэлдээ өөрийгөө өмөөрөн зөвтгөвч, нүднийх нь харц хэзээ ч худлаа хэлдэггүй гэнэ. Хүний сэтгэлийн мянган далай, түмэн нуур, буман горхи нүд хэзээ ч бусдад “худлаа хэлдэггүй”. Хайртай дотно хүнийхээ нүд рүү эгцэлж нэг хараад ажаарай. Нарны буман сацраг бүжих шиг гэрэлтэй, хайрын мянган шувууд чуулах шиг уянгатай, нуурын мандалд нэг ч цалгиагүй дөлгөөхөн, бас уяралтай байгаа бол таны өмнө аз жаргалтай байгаагийн илрэл. Хүний нүдний харц худлаа ярьдаггүй.

ЦАГААН СУВАРГА

Завхан аймагт эхнэрээ дагаж 17 жил амьдарсан аав минь, 1975 онд бидний хэдэн хүүхдээ дагуулан өөрийн төрсөн нутаг болох Дундговь аймгийн Адаацаг суманд ах дүү нартайгаа танилцуулан дотносуулах гэж зорьж билээ. Хэдийгээр Завханы “Сэцэн Сартуулын хошуу” хэмээн алдаршсан говь нутагт төрж өссөн бидний хувьд, Дундговийн Адаацаг, Эрдэнэдалай сумуудын нутаг дахь говь нутаг шал өөр мэдрэмж төрүүлж байлаа. Монголын их элсэн манханг эмжээрлэн урсах Хүнгүй голын хөвөөнд умбаж, шумбаж өссөн бидний хувьд зах хязгаар нь үл мэдэгдэх дов толгодууд, зам заах нутгийн хэн нэгний хуруугаа дохийлгон “энхүүхэнд дээ” хэмээн учирлах зам нь лавтайяа 20-30 км замыг туулах халаглал. Уяан дээр нь адуу янцгааж, хөхүүрэнд нь айраг эсч, бүрхээрэнд нь архи буцлах тэр мөчүүд, сэтгэлд минь огт төсөөлөгдөөгүй шал өөр ертөнц. Малаа аль эртийн хавар зөнгөөр нь орхиод, намрын налгар өдрүүдэд буцааж цуглуулах говьчуудын араншин.

Ах дүү нар нь баясан мэндэлж, гаднаас орж ирэх бахимхан залууг “Танилц, энэ бол миний нууц эхнэрийн хүү, энэ жил цэргээс халагдаж ирсэн юм” гэж танилцуулахад бидний гайхаж асуусан харц аав дээр минь тусахуйяа, аав минь жаргалтай нь аргагүйяа мишээж “нутаг нутгийн заншил өөр, өөрөө” хэмээн бидэнд учирлах. Билчээрийн соргогийг даган намар намартаа өөрийн зөнгөөр оторлох малаа умартан, хөхүүрэнд сагах айраг, бүрхээрэнд исэлдэх нэрмэл архиндаа халууцан найрлах монгол үндэстэн. Хаяа шуусан монгол гэрийн баруун, зүүн хязгаарт талцан суугаад удирдагч хэмээх “ловон” гийн удирдлага доор эмх замбараатай найрлах монгол түмэн. Бие биедээ захирагдах тэр л араншингаар айргандаа багтаж ядсан арчаагүйдэлдээ, айлын хаяанд асгаж ядан асгарах багтаамж. Өлсөж ядарсандаа аавдаа тунирхах учирлалд, хаа нэгтээ хэн нэгэн настны авдрын ёроолд хадгалагдсан борцны хамар цоргих үнэр сэтгэлийг минь цатгах нэгэн хором. Монголын говь хэмээх уудам орчлонгийн зоргоор амьдрах амьдралын нэгэн хэмнэл.

Харь энэ нутагт олон жил амьдархуйяа, гүн нойронд минь зүүдлэгдэх тэрхэн говь нутаг. Өнөөдөр нэгэн дотно анд минь намайг зорин ирж, Монголын минь ариун тунгалаг усаар сүлсэн сархадыг дээж барин өргөх ялдамдаа, аугаа их уран бүтээлч Н.Жанцанноровын “Цагаан суварга” хэмээх гайхамшигт аялгууг сонсгов. Зэрэглээн дунд сүүмэлзэх тэр уулс нулимс дунд минь мэлтэлзэн тэмээн хөсөг дээр нүүдэллэн наашлах шиг, сэтгэлийн тэртээд шаналах нутгаа санасан сэтгэлийг минь говийн баян бүрдэд чуулах шувуудын гангананаан аргадан учирлах шиг, айраг архинд халамцсан эрчүүд аагиа багтааж ядан намайг зэмлэх шиг, дугараа барьсан монгол бүсгүйчүүд нь дуу алдан аалигүйтэж намайг өдөх шиг. Аялгуу эгшиг нь намайг л аргадаж ухааруулах шиг, ааль сайтай бүсгүйчүүд нь “хүний нутгаас ир дээ” гэж учирлах шиг, хөвсөлзүүр ойворгон эрчүүд нь “Хн, нутгаа орхисон мал” гэж агсамнах шиг. Хацар даган урсах нулимсны дусал болгон нь харамсал дагуулан хүний нутгийн хөрсөнд уусах шиг. Аяа Монголын минь говь нутаг, сэтгэлийн минь чанадад эгшиглэх “Цагаан суварга” минь уу зэ. Талд босгосон шавар биш, сэтгэлд минь уянгалан эгшиглэх цав цагаахан суварга минь дээ.

ЗОГ ТУСАХ МӨЧ…

Хамгаас хайрлаж, итгэж явсан хүмүүс минь намайг орхиж одоход би сэтгэлдээ зогтусдаг. Ганцаардахдаа сэтгэлээ хуваалцаж, хайрлахдаа заримдаа эрхэлж, итгэхдээ хамгаа тоочиж, баярлахдаа заримдаа онгирч, гансрахдаа сэтгэлийн гүнд байгаа зовлонгоо хуваалцаж байсан тэр хүмүүс нэг л өдөр намайг орхиход би тэвдэнэ. “Би чинь ямар робот биш дээ, хүмүүний биед шингэсэн сэтгэхүй” гэж бодохдоо заримдаа тэдэнд гомдох. Зүгээр л эрхэмсэг дүрд хувилж, ямагт “ялдамхан энхрий гүнж, үлгэрийн ханхүү шиг харагдана” гэдэг хуурамчхан л үзэгдэл юм шүү дээ. Амьдрал гэдэг чинь алдаа онооны дэнсэн дээр үргэлж савлах жинлүүр. Саараасаа сайн нь илүү савлаж байвал болох нь тэр. Их л бардам харагдах хэрнээ яг үнэндээ бид чинь өчүүхэн бодьгал.

Тогоотой сүү гал дээр дэврэхэд шанагаа шүүрэн самрах тэр л мөч шиг, дэвэргээнд савлан онгирох араншинд гарыг минь зөөлөн атгаж нүд рүү минь ялдамхан инээмсэглэж аргаддаг нь хайрын илбээ. Асч буй гал дээр ус асган нурмыг нь унтраан утаа уугиулах шиг, дэрвэсэн урам дээр нь тохуурхлын доромж үгс чулуудаж хэн нэгэн намайг гомдоох агшинд нурууг минь зөөлхөн илбэж, цухалдсан харц руу минь аргадан учирлах харц итгэлийн оч. Зовлон дунд сэтгэлээ уран байж орилох мөчид, нулимсыг минь хурууныхаа өндгөөр арчиж, өөрийнхөө нулимсыг нуун байж духыг минь илбэх нь зүйрлэшгүй их хайрын ундрага. Хоёулахнаа тэнгисийн мандлын тэртээд, тэргэл сарыг ажин байж бие биенээ түшин суухад “юуг ч бие биедээ учирлахгүй” хэрнээ зүрхнээс зүрхэнд урсах хайрын их давалгаанд, бие биесээ зөөлөн зөөлөн аргадах хувиршгүй сэтгэл.

Сагаж цалгиж явахдаа бид заримдаа зогтусдаг. Амьдрал өөрөө бүхнийг тэнцүүлдэг болохоор, алдаа онооны савалгаанд надад ухаарал хайрлах гэж заримдаа баярлуулж, хааяадаа гомдооно. Шаналсан сэтгэл минь заримдаа шөнийн уртад нойрыг минь хулжаан байж, дэрэн дээр хөрвөөлгөнө. Санаа алдах мөч бүрийд надад ухаарлыг, нойрны оронд илгээнэ. Баярлаж догдолсон сэтгэл минь бас л нойрыг минь авч одох. Алсын алсад тэнүүчлэх мөрөөдлийг надад зүүдний оронд бэлэглэнэ. Урсан одох мөч бүхэн надад ухаарал өгөх гэж галт тэрэгний дохио шиг л уухичих. Заримдаа зогтусах нь өөрийгөө хянах хугацаа. Замын уртад хазайхгүй байх ухаарал. Хүмүүс бид бие биенээ хайрлах чин сэтгэлийн хайргүйгээр хэр хол аялж чадах билээ. Хүмүүс бид бие биедээ итгэх чин сэтгэлийн итгэлгүйгээр хаа хүрч чадах билээ. Хааяадаа зогтусч өөрийнхөө бас бусдын тухай эргэцүүлж байг хэмээн цагийн сэрүүлэг дуугардаг гэнэм.

Share Your Thoughts