ЗУРВАСХАН БОДЛУУД – 7

МИНИЙ ГУТЛЫГ ӨМСӨЖ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ…

Өдгөө АНУ-ын Марины армид алхагчаар ажиллаж байгаа Р.Хосбаяртай ярилцаж суухад тэрээр энэ үгийг хэлж билээ. Найзууд нь түүнтэй ярилцаж суугаад “Чи уг нь ингэх хэрэгтэй байсан юм, ер нь тэгчихгүй яасан юм бэ?” гэхчилэн сургамжлах. Түүний хариуд тэрээр “Та нар миний гутлыг өмсөж үзээгүй байж, миний хаашаа алхахыг яаж мэдэж байгаа юм бэ?” гэж хариулсан гэдэг. Хүн гутлаа өмссөн л бол хаа нэгтээ алхаж одно. Хаана, хэзээ, яаж хүрэхийг уг гутлыг өмссөн эзэн л мэддэг. Хүн бусдын гутлыг өмсөөд тэр хүний зорьсон газар руу алхдаггүй, өөрийн зорьсон газар руугаа алхдаг. Гэхдээ барагтай л бол хүний гутал өмсөхгүй дээ. Шивэртэй муухай, таарах таарахгүйдээ биш, өмсөх гутлаа хүн өөрөө сонгодогт л хамаг учир нь байгаа юм.

Гутал бол хүний хувьд амьдралын сонголттой нь яг адилхан сонголт. Гутал бол хүмүүсийг хүссэн газар нь хүргэж өгдөг. Тийм болоод хүмүүс гутлаа шавхай болоход нь арилгаж, баяр ёслолд очихдоо арчилж гоёдог. Гадагшаа гарахдаа тоосыг нь арчиж, хүмүүстэй уулзахдаа ядаж л гутлын хоншоороо сэмхэн ажиж амжих. Зарим ажил хэрэгч хүмүүс бусадтай уулзахдаа эхлээд гутлыг нь зэрвэсхэн харж, “аминдаа хэр арчаатай болох”ыг нь тандаж амждаг. Хааяадаа хэн нэгэнд бусдаас илүү гоёх хүсэл төрөх мөчид найзынхаа гоёлын гутлыг гуйж өмсөх боловч муухай болгочихоосоо өмнө амжиж буцааж авчирч өгнө. Түүнээс бус хэзээ ч тэр гутлыг өөрийн болгохыг хүсдэггүй. Гутал бол тэр хүний сонголт төдийгүй, тэр хүний хэн болохыг бусдад илэрхийлж чаддаг зүйл.

Аав ээжүүд заримдаа хүүхдээ зэмлэхдээ айлын хүүхэдтэй жишин байж “Чи өөрийгөө хар даа арчаагүй гэдэг нь” хэмээн мохоодог. Хүүхдийнхээ сонголтыг бусадтай жишиж “бусдаас дор байгааг” нь нотлох нь, тэр хүүхдийн өөртөө итгэх итгэлийг л сүүмэлзэх төдий бадамлаж байсан лааг ганцхан үлээлтээр унтрааж орхих лугаа адил унтрааж байгаа хэрэг. Найзууд ярилцаж суугаад бие биенээ сургаж зэмлэнэ. “Уг нь чи тэгэх байсан юм шүү дээ, өөдгүй гэдэг нь” гэж хэлэхдээ тэр хүний сэтгэлийн дотоод ертөнцийг биш, өөрийн сэтгэлийн дотоод ертөнцийг л илэрхийлж байгаа хэрэг шүү дээ. Хайрлаж дурласан хүнийхээ тухай нүд нь очтон гялалзан байж дүрслэхэд нь “За юун сүртэй юм бэ? Байдаг л нэг хүн байна шүү дээ” гэж хэлэхдээ, дурлуулсан тэр хүнийг тэр хүний нүдээр биш өөрийнхөө нүдээр л харж байдаг.

Өмсөх гутлаа сонгож байгаа нь тэр хүний өөрийнх нь сонголт. Түүн лугаа адил хүмүүс өөрийнхөөө амьдрал болоод амьдралд тохиолдож байгаа сайн муу үйл бүхнийгээ өөрөө л сонгодог. Хүн хэзээ ч бусдын гутлыг өмсдөггүйтэй адил, бусдын өмнөөс шийдвэр гаргадаггүй. Бусдын гутлыг өмсөхөд хэртэй бол таарахгүй, хөл бариад ч юм уу, эсвэл томдоод ч байх шиг. Зарим хүний гутал цэв цэвэрхэн байхад, заримынх нь гутал бохир заваан байдаг нь хүн хүний араншингийн илрэл. Хэр баргийн хүн бусдын гутлын тоосыг арчихгүй дээ. Магадгүй аав ээж нь хүүхдийнхээ, хайртай хүн нь ханийнхаа гутлын тоосыг арчиж магад. Уг нь бол өөрөө л гутлынхаа тоосоо арчиж баймаар. Бас өөрөө өмсөх гутлаа сонгож баймаар. Өөрийнхөө гутлыг өмсөөд хаашаа алхаж одохоо, өөрөө мэдэж байна гэдэг сайхан хэрэг шүү.

ААВ МИНЬ

…Аав минь норсон өрх шиг зовхио дааж ядан өндийж… Энэ бол энэ цагийн аугаа их сэтгэгчдийн нэг болох яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайн тэрлэсэн мөрүүд. Яруу тансаг үгээр эр хүний мөн чанарыг илэрхийлнэ гэдэг амаргүй. “Эрүүлдээ согтуудаа ч нэг зангаараа байдаг” жинхэнэ эр хүний тухай Б.Лхагвасүрэн гуай өгүүлсэн. Сархадад хөл нь дэлхийг онож ядан гишгэчиж байвч, саруул ухаан нь өөрийн гэрээ зорих эр хүн. Босго даваад гэмшсэндээ хэнгэнэтэл санаа алдах аавын минь нуруун дээр ил гаргаж чадахгүй хэрнээ дааж ядах их ачаа нь амьдралын хэмнэлийг тэнцүүлж байдаг. Эр хүний үүрч даах ачааны хэмжүүр нь ухаан бас тэвчээр байдаг. Аугаа их мөрний давалгаа эргээ халин эрчлэвч, тэр л хадан хясаан дунд эргэж номхрон буцдаг лугаа адил.

Алсын алсад цэнхэртэн харагдах сүрлэг уулс аавын минь төрх шиг. Тэр л халил дээгүүр омог бардам эргэлдэх бүргэд шувууд аавын минь араншин шиг. Тэгсэн хэрнээ уулсын бэлд тогтсон нууран дунд эрхэмсэг нь аргагүй хөвөх хун шувууд аавын минь хайр шиг. Уцаарлал бухимдал, тарчлаан дунд дув дуугүй суух хэрнээ, нэгэн мөчид ганцхан үнэн бөгөөд хатуу үг хэлчихээд, араас нь нэхэх хараалаас зугатах мэт сэмхэн гарч одох аав минь. Алсын тэртээх өндөрлөг дээр завилан сууж, холын холд хараагаа билчээнгээ уртаар санаа алдах аав минь. Тэр л хөндийг дүүргэн дүүргэх амьдралын амьд урсгалаас сэтгэлээ тэжээж, тэрхэн зуурын зовлонгоос сэтгэлийн аргамжаагаа тасдан байж уртын дуу аялан тайвшрах аав минь. Алдаа оноо дэнслэн байдаг энэ л орчлонд, өөрийнх нь үргэлжлэл болох хэдэн муу хүүхдээ хайр халамжаар аргадах жинхэн монгол эр хүн.

Үргэлжид хошуу дэвсэн эрхлүүлж нялхамсахгүй хэрнээ, өтгөн хөмсөгнийхээ дороос хайрын харцаар харж, мушилзан инээмсэглэхдээ сэтгэл нь ханадаг эр хүн. Өөрийг нь хэн ч тоохгүй юм шиг шулганалдах энэ орчлонд өрөөл бусдыг ууч сэтгэлээр өхөөрдөн ажих эцэг хүн. Зовлонгийн их шаналал дунд өөрөө л элж бусдыг хурцлах хад чулуу. Өрөөл бусдаас үрээ харамлан өндөр тэнгэрээс дүүлэн харвах бүргэд шувуу. Өөр хэн ч анзаарахгүй ч хайрандаа уусаж бардамнах хун шувуу. Өнгөт энэ л орчлонд өөрийнхөөрөө завилан суусан хаан суудал. Аав минь та үгүйсэн бол энэ ертөнц түмэн өнгөөр дутаж, хязгааргүй тэнгэрийн уудам орчил бардам дэвэлтээр гацаж, хун шувууд нууран дундаа ганцаар гансарч, хүмүүн бид хайр халамжаар дутах сан. Аав минь та энэ л орчлонгийн бардам төрх, элгэн хадан дундах хүйтнээс халхлах нөмөр, энхрий үрсдээ уул мэт түшиг, их хайрын түрлэг дунд агсамнан хөөсрөх давалгаа. Таныгаа би ямар ихээр үгүйлнэм бэ?

 СЭТГЭЛИЙГ МИНЬ СЭМЭЛЧИХЭЭД Л…

…Сэтгэлийг минь сэмэлчихээд л чи чив чимээгүй яваад одох юм, эрхэмсэг хэрнээ бардамхан. Зүрхийг минь шаналгачихаад л чи юу ч болоогүй юм шиг холдоод одох юм, ялдамхан хэрнээ нууцхан. Хайрыг минь өдөөчихөөд л чи хариу өгөлгүй алхаад явчих юм, аалигүй хэрнээ үзэсгэлэнтэй. Хэдэн өдөр хамт байсан хэрнээ чиний нүд рүү харах гэж хичээвч өөрөө мэдэлгүй далдирна. Хичнээн олон сэдвээр ярилцавч заримдаа өөрөө мэдэлгүй буруу ярьж тэвдэнэ. Хамтдаа байх мөч бүхэнд зүрх минь хүчтэй цохилж, өөрөө мэдэлгүй догдлоно. Гэтэл чи юу ч болоогүй юм шиг тайван, юу ч мэдрээгүй юм шиг амгалан, юу ч анзаараагүй юм шиг хэнэггүй. Яаж чадаж байнаа…

Share Your Thoughts