ЗУРВАСХАН БОДЛУУД – 9

ИНЭЭМСЭГЛЭЛ ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ?…

Хүний мөн чанарын хамгийн үнэт зүйлсүүд өдгөө огт үнэгүй байгаа. Түгжрэл дунд уурлаж, харааж зүхэлдэж явахад зам тавьсан хэн нэгэн найрсгаар инээмсэглэхэд л уур уцаар ул мөргүй арилж, баяртайгаар зам руугаа шилжин одно. Олны хөлийн газар хэн нэгэн хөл дээр гишгэж өвтгөхөд, уурласандаа болоод минчийж, уцаарласандаа харааж зүхэх гэж хилэнтэйеэ харахад өөдөөс чинь “уучлаарай та” гэж инээмсэглэх нэгнийг харахдаа уруул давах шахсан хараалаа муухан мушийх ичингүйрэлтэйгээ хамтад нь залгилж амжих. Өчнөөн цаг хүлээлгэсэн нэгнийг өөдөөс гараад ирэхэд нь, хилэнтэйгээр “багалзуурдах” хүсэлтэй бухимдлын өөдөөс “уучлаарай ахаа, гэнэт ажил гараад” гэж ялдамхан инээмсэглэхэд л багалзуур руу нь чиглүүлсэн гар нь гэнэт сулрах. Тэр мөчид гэнэт ичингүйрэн газар шагайна.

Хардаж сэрдсэндээ сэтгэлдээ “хордож”, хацар дундуур нь маажиж, хамаг биеийг нь тасчин хаяхад бэлэн хилэнг “хайрт минь яагаа вэ? уурлачихаа юу даа, тайвшир даа” гэж аргадан инээмсэглэх мөчид, зангидсан алгандаа хумсаа шигтгэн байж, зуусан уруулаа хүчээр суллан байж тайвширдаг. “Чи чинь юун ч бухимдуу юм бэ?” хэмээн тохуурхах даажигнал сэтгэлийг нь аргадан тайвшруулж, тэр мөртөө мушилзан инээлгэж “зүгээр дээ” хэмээн амандаа сулхан шивнэх. Өвдөж шаналсан сэтгэлийг нь хэрэндээ аргадан учирлах гэж гарыг нь атгах мөчид “Өө чиний минь алга ямархан дулаахан юм бэ?” хэмээн хичээж инээмсэглэхэд нь өргөн энэ орон дээр нар тэр чигээрээ тусах шиг сэтгэл гийн баярлана. Өвчиндөө шаналах хэрнээ намайг инээмсэглэж харах тэр дулаахан төрхийг элгэндээ тэвэрч, духан дээр нь зөөлхөн үнсэж аргадна. Баярлаж бахадсандаа над руу инээмсэглэн байж гараа алдлан ирэх түүнийг цээжиндээ тэвэрч догдлон цохилох зүрхийг нь өөрийн хэмнэлээрээ чагнана, хариуд нь инээмсэглэнэ. Аз жаргал сонсогдох аж.

Бусдын өмнөөс инээмсэглэх гэдэг бүрхэг өдрийн саарал үүлс дороос наран гэнэт мандах мэт. Бухимдаж цухалдсандаа уурсан омогших давалгааг бүлээхэн нэгэн чулуу эргэлдүүлэн зогсоох мэт. Дэлбээгээ шөнийн харанхуйд хумисан цэцэгс гэрэлт нарны гэрэлд дэлгэгдэн бүжих мэт. Бид хичнээн олон хэрэггүй зүйлд мөнгөө цацан байж, хэн нэгний атаархлыг өөр дээрээ даллан байж хар хороор сүлэхийн оронд, нүүрэндээ инээмсэглэн байж бусдад хайр түгээх нь тийм хэцүү гэж үү? Өмссөн хувцсаа бусдын өмнө тайчин байж, өнгө мөнгөөр бие сэтгэлээ арилжихийн оронд үнэн сэтгэлээсээ бусдын өмнө ялдамхан инээмсэглэж сэтгэлд нь нарны илч, зүрхэнд нь гайхамшигт цэцэгсийг ургуулах нь тийм зовлонтой гэж үү? Жаргалаа зовлонгоор сольж, жаахан тэрхэн зүрхэнд гуниг хуруулахын оронд, нүүр дүүрэн азтай инээмсэглэлээр зүрх сэтгэлийг нь сэтгэлдээ аргамжих нь тийм амаргүй гэж үү? Инээмсэглэл гэдэг мөнгөөр хэмжигдэхийн аргагүй сэтгэлийн үнэт эрдэнэс.

САЛГУУ ЗАЯА

Амьдрал тэгш байдаггүй гэж… Олон хүмүүс ийнхүү шүүрс алддаг. Тэртээ нэгэн цагт ухаанаа алдтал дурлаж, салж хагацахын аргагүйгээр хайрлаж, өдрийн нарыг аргамжин байж, шөнийн сарыг элээн байж хүлээн санах сэтгэлдээ шаналж урссан хайрын сэтгэл нэгэн цагт хов хоосон болж салж одохын тавиланг олон хүмүүс элээсэн. Тэргэл сарны дор тэврэлдэн байж үнсэлцсэн мөчүүд, үр нь хорвоод мэндэлж хамтдаа л жаргаж зовж байсан өдрүүд, зовлон жаргалын дэнсэн дээр хамтдаа л уйлж, баярлаж байсан жилүүд… Яг л нарны илч мэт дурлалдаа шатаж байсан он жилүүдийн дурдатгал, салаад одох мөчид шаналал дагуулсан гунигт цаг хугацаа, өнчрүүлж орхисон үрийнхээ төлөө ургасан нулимсууд, яг намрын навчис модноос салж унах мэт гэгэлгэн шаналлууд. Дэрэн дээрээ нойр хулжаан байж сартай хамтад хоног төөрүүлсэн шөнүүд, шаналсандаа урсах нулимс харууслыг нь норгон чийглэх хайрын дурсамжууд.

Нэгэн цагт бие биендээ ухаангүй дурлаж дассан хэрнээ, хожмын өдөр салж хагацсан тавиланд хэн нэг нь 100 хувь буруутай гэж үгүй. Салж хагацсан шалтгааныг хамаатан нэгнээ өмөөрсөн дотно хүмүүс шүүн хэлэлцэж шийдэх нь үнэнд үгүй. Шалтгаан, шалтагны нэгэн зангилааг тэр хоёроос өөр хэн ч тайлж үл чадна. Тэгсэн мөртлөө бусдын доромжлол, тохуу дор толгой гудайн шаналах. Өөрөө л буруутай юм шиг. Хожим нь бусдын хэлэлцээнээс залхахдаа өөрийгөө өмөөрч, хайртай мөртлөө үзэн ядсан түүнийгээ буруутган муулах. Тэр л агшинд бүгдээрээ тайвширч, гагц түүнийг л буруутган харааж зүхэж, бахаа хангана. Бусдад үүнийгээ дамжуулан уламжилна. Магадгүй хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр тайлбарлан хамтдаа харааж зүхэн, үзэн ядахыг уриална. “Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж, өрөөл бусдын толгой дээрх өвсийг харан” даажигнагсад мундахгүй. Хэн хэн нь ч хожихгүй энэ ертөнцөд дэмий нэгэн үзэн ядагсад, бусдын шаналлаар тохуурагсад цөөнгүй.

“Эр эм бүү хэл, эрүү толгой салах” даажинтай тавиланд, салж холдсон хүмүүсийн зөв бурууг хэн ч шүүдэггүй юм, цаг хугацаа л шүүдэг юм. Хамтдаа нийлж доромжилсон нь биш, хэцүү бэрх цагт өөрөө л бүх бурууг үүрч гудайсан нь зөвөө нотолдог юм. Дассан сэтгэлдээ өөрийнхөөрөө байх гэж тунирхаж, хайртай түүнээ хайхрахгүй өөрийн хүссэнээ шаардаж, гомдох вий гэж эмээлгүй хорын үгсийг харамгүй тургилж, давж гарах гэсэндээ дураараа эрхэлж байгаа араншин болгон цаг хугацааны урсгалд гомдол болон хуримтлагдаж, уучлал болгон нь цөхрөл болон залхах дор сэтгэл нь хөрдөг юм. Хөрсөн сэтгэлийг эргээн халаах амаргүй. Ухаарч чадахгүй бол тэртээ холын уулсыг сэтгэл нь давж, энэтээх талын бэлд манан болон сарнидаг юм. Уг нь байна шүү дээ, хоёрхон сэтгэлд тогтсон хайр мөхөх, бадамлах эсэхийг тэр хоёроос өөр хэн мэднэ гэж? Тэдний сэтгэл доторх хайрын шивнээн, гомдсондоо урссан нулимс, баярласандаа хүзүүдэн тэврэх мэдрэмжийг өөр нэгэн мэдрэнэ гэж үү? Битгий тэднийг буруутгаж, бас шүү. Өөр хэн ч биш цаг хугацаа л тэднийг шүүж, бас ухааруулдаг юм. Урссан цаг хугацаа тэднийг бусдад ойлгуулдаг, өөр юу ч биш…

ЭХ ҮРСИЙН СЭТГЭЛИЙН ХОЛБООС

Эрчүүд бидний огт мэддэггүй, хэзээ ч мэдэх аргагүй сэтгэлийн болоод хүйн холбоос эх үрсийн хооронд л байдаг. Ертөнцөд бүтээгдсэн амьдралын нэгэн гайхамшиг юм уу даа. Хэвлийд нь үр нь бүрэлдэх цагаас сэтгэлд нь “тэр” гэж дүрслэхийн аргагүй хайр, энхрийлэл урсана. Өдөр өдрөөр томорч байгаа гэдсээ энхрийлэн илбэн байж сэтгэл зүрхэндээ хайрын үгсийг урсгах үедээ ирээдүйгээ ямагт гэгээлэг сайхнаар төсөөлдөг. Хүйгээр холбогдсон, хэн ч үл таних бяцхан зүрх өдөр өдрөөр өөрийг нь өөрчилж байгааг ч үл анзаарах. Амархан баярлаж, заримдаа тунин уйлж, хааяадаа санаанд оромгүй этгээд араншин гаргаж, өөрийг нь аргадаж эрхлүүлсэнгүй гэж гомдох үйлдэл болгон эх үрсийн сэтгэлийн холбоос.

Үрээ төрүүлэх гэж өвдсөндөө бархирч орилж, шүд зуун тэвчиж бурхнаас оногдсон тавилангаа үүрч байхдаа эх хүн эмэгчин арслангаас дутахгүй эр зоригийг үзүүлнэ. Ясаа салган, махаа тасчин, сэтгэлээ тарчлаан байж үрээ төрүүлэхдээ амьдралыг, бас хүмүүсийг үзэн ядах нь ч бий. Олон сар тээсэн үр нь ертөнцөд мэндэлж, өөрийн хүн болж ирсэн тавилангаа зарлан байж уйлж чарлах тэр мөчид эх хүний сэтгэлд юутай ч зүйрлэшгүй хайр урсдаг. Сүү, хайр, нулимстайгаа хамтад сүлэлдэн урсах мөчийн давтагдашгүй аз жаргалыг эх хүнээс өөр хэн мэдэрч чадна гэж. Гарынх нь алганд дээр багтаж, сэтгэлийнх нь орон зайг дүүргэн, хөхнөөс нь урсах сүүг амтархан залгилах тэр л бяцхан амьтан, хүмүүсийн амьдралын зорилго хийгээд утга учрыг шууд л өөрчилдөг. Бүр санаанд оромгүй, гайхамшигтай сайхнаар ч өөрчилж чадна. Тэр бяцхан зүрх бидэнд хайрыг авч ирдэг юм.

Анх удаа “аав аа” гэж хэлд ороход нь эх хүн “ээж ээ” гэж хэлсэнгүй гэж хэзээ ч гомддоггүй, харин ч баярладаг. Бяцхан үр нь анх удаа мөлхөх, юм түшин алхах, сүүн шүд нь цухуйх, ярих гэж амандаа гунганах, өөдөөс нь хараад ход ход инээх мөч болгон нь эх хүний хувьд “нээлт”, баяр бахадлын оргил нь байдаг. Хэвлийгээс нь унаад бархирч байсан тэр л мөчөөс өсч өндийж, бие хүн болон төлөвших хүртэлх цаг хугацаа бүхэн нь эх хүний хайр өхөөрдөл дунд л үргэлжилнэ. Үр нь өвдөхөд эх хүний сэтгэлийн шаналал шиг тарчлаан үгүй. Үр нь сайн явахад эх хүний хувьд амьдралынх нь хамгийн сайхан мөчүүд. Хүн болгонд үрийнхээ тухай ярихсан гэж хүснэ. Үрийг нь хүн болгон анзаарч магтаасай гэж хүсч мөрөөднө. Үрээ энэ ертөнцийн хамгийн хөөрхөн, хамгийн мундаг, хамгийн гайхамшигтай гэдэгт зөвхөн эх хүн л чин сэтгэлээсээ итгэдэг. Учир нь үр нь түүний мах цусны тасархай, өөрийнх нь үргэлжлэл.
Бид заримдаа зөрүүдлэн уцаарлаж, заримдаа төвөгшөөн гомдоож, заримдаа уурлуулан уйлуулж байхдаа ээжийнхээ нүдийг, сэтгэлийн чанад дахь шаналлыг анзаарч мэддэггүй, тэнэг ч юм шиг. Зөвхөн өөрийн хайртай хүмүүсийнхээ төлөө ээжийгээ орхиж, “ажил ихтэй байна” хэмээн уулзахгүй удаж, ямагт өөрийнх нь төлөө баярлаж шаналж байх үүрэгтэй юм шиг хандаж, ёс төдий биеийг нь асууж, хааяадаа албатай юм шиг үзэгдэхдээ жаахан бэлэг сэлт өгч байхдаа бид хувиа л боддог, арчаагүй ч юм шиг. Бид өөрсдөө сэтгэлийн болоод хүйн холбоосоо орхиод байгаа болохоос, эх хүн тэр холбоосоо огт таслаагүй байгааг бид мэдэрдэггүй, харамсмаар ч юм шиг. Яс юманд дээр цагаа тулахаар “Үхтэл үр харам” гэдэгчлэн эх хүн л үрийнхээ төлөө хэн ч төсөөлж чадахгүй эр зоригийг гаргаж чаддаг юм. Юугаар ч орлож боломгүй хайр халамжийг бидэнд үзүүлж чаддаг юм. Энэ ертөнцийн хамгийн эр зоригтой, хамгийн гайхамшигтай, хамгийн үнэнч, хамгийн ухаантай эхчүүд та нартаа ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ. Та нараас аугаа нь энэ ертөнцөд үгүй билээ. Та нарын өмнө мэхийн хүндэтгэе.

Share Your Thoughts