Зүүд шиг амьдрал

-Би хөөрхөн тийм ээ? Та нар намайг гоё болгож будаад өгөөрэй. Би энэ амьдралаас явахдаа яг л хөөрхөн, бас гоё чигээрээ буцмаар байна.
Хорт хавдраар удтал өвдөж, амсаж эдэлж байсан зовлон шаналлаа орхин гэгээн алсад одохын өмнөх сүүлийн мөчид хэлсэн охины үг. Тэрээр энэ үедээ 30 нас ч хүрээгүй байлаа.
…Маралаа охин бусдын л адил дэгэж дэрвэж, заримдаа зүггүйтэж, хааяадаа эрхэлж, сайхан хүсэл мөрөөдлөө жимийх уруул, зүүд нойрондоо ч баясан төсөөлж явсан жирийн л нэг монгол охин. Тэрээр сайн аав ээжтэй, олон ах эгчтэй, бас тэдэн дундаа арай л хөөрхөн болохоороо багагүй эрхэлж өссөн. Аав ээж, ах эгч нар нь өхөөрдөн эрхлүүлж, өрөвдөн хайрлаж, эрх дураар нь байлгаж байсан болохоор чухам ингэх учиртай, ингэх гэж л энэ хорвоод ирсэн гэж өөртөө итгүүлнэ.

Тэрээр гэнэн томоогүй, хөөргөн дэврүүн, цайлган цагаахан дунд сургуулийн сурагч насандаа анх удаа ухаан алдаж унасан гэнэ. Сайн аав ээжийн буянгаар өвдөх гэдгийг үзээгүй ах эгч нар нь ‘улсын шалгалтаас айсандаа худлаа баашилж байна” гэж шоолцгоож байсан боловч хэд хэдэн ийм үйлдлийн дараа энэ бүхэн тоглоом биш өвчин гэдгийг ойлгожээ.
Оношоо тодруулах гэж Хөх хот явж, олны жишиг зөвлөлгөөгөөр олон ч эм тан хэрэглэсэн боловч засарч сайжрах нь бүү хэл өвчин нь газар авсаар байгааг мэдэрсээр. Олон оролдлогын төгсгөлд энэ өвчин нь хорт хавдар байсныг, энэ нь газар авсаар эмчлэгдэх боломжгүй болсныг мэдэцгээлээ.
Яг энэ мөчөөс л зүүд шиг амьдрал эхэлсэн аж. Өвчнөө эдгэнэ гэсэн охины хатуу итгэл, эмчлэх боломжгүй гэсэн эмчийн учирлал, амьдрал үхлийн богинохон харгалдаанд сэтгэл зүрх нь шаналсан ар гэрийнхэн. Энэ л итгэл, учирлал, шаналлын сүлэлдээнд хүний сэтгэлийн зориг тэвчээр, мөн чанар, чин сэтгэлийн хайр халамж ямар ч өнгө будаг, засал чимэглэлгүйгээр илрэн гардаг. Энэ мөчүүдэд л амьдрал хүмүүсийг шалгаж, нүцгэн үнэнийг нүдэнд харагдуулдаг. Энэ үед л амьдралын үнэ цэнэ, зовлон жаргал, өнгө мөнгө, хүсэл мөрөөдөл, сэтгэл зүрхний баяр гунигийн ялгааг илүү ихээр мэдэрдэг.

…Маралаа охины, амьдралын гэрэл гэгээнд үргэлж гэрэлтэн байх хүсэл, бусдыг өөртөө дурлуулж, өөрөө бусдыг хайрлан жаргах хүсэлд өвчин саад болж чадаагүй.     Түүний мөрөөдлийн ханхүү нь түүний амьдралын сүүлчийн мөч хүртэл түүний дэргэд байж хайр энхрийллээр дутаагаагүй аж. ” Одоо чамд хэрэгүй дээ, орхи” гэсэн найз нөхдийн ятгалганд тэрээр хайртай бүсгүйтэйгээ хуримын бөгж солилцон “хариу барьсан”. Өвчнийг нь илааршуулахын тулд судас тариа хийж сурч, эрхэлж тунирхах, гомдож уцаарлах мөч бүхэнд нь цэцэг амттангаар аргадаж байсан түүний хайр халамжийг юутай зүйрлэх. Чин сэтгэлийн хайр, ямар ч зовлон шаналлын дэргэд агуу зүйл гэдгийг тэр 2 ухаарч амжсан.
Хөөрхөн бяцxан дүүгийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлж, хорвоод амьдрах насыг нь аргамжих гэж ах эгч нар нь чадах л бүх зүйлээ хийцгээсэн. Өвчин гэдэг ах дүүсийг нэгэн зовлонгоор нэгтгэж, нэгэн хэвлийн бүлээхэн орон зайг мэдрүүлж, амьдрал өөр өөр ч тавилан нэг л гэдгийг ойлгуулдаг аж. Богинохон насанд нь дүүгээ хүсэл мөрөөдлөөр, хайр халамж, итгэл найдвараар дутаахгүй гэж тэд бүх л боломжоороо хичээсэн. Эргэж очих бүрдээ өрөвдөж шаналсан сэтгэлээ хаалганы тэртээд орхиж,  нулимсаа инээмсэглэлээр сольж, гагцxүү итгэл найдвар, урам зоригийг дүүдээ өгөх гэж л тэд хичээнэ. Эгчийнхээ явуулсан хувцас бүхнийг нь давхарлаж өмсчихөөд л санасан сэтгэлээ, үнэртэй нь өөртөө шингээж байхдаа тэр баярлаж л байсан. Өвдөж шаналсандаа тэдэндээ гомдож, уцаарлаж байсан ч дараа нь өөрөө шаналж, тэднээсээ уучлал хүсэх учирлалд,  тэднийгээ хайрлах сэтгэл нь шингээстэй байсан.

“Та нар намайг авраач дээ ” гэсэн зүрх зүсэм хүсэлт, “Та нар намайг битгий мартаарай, миний төлөө их зүйл хийсэнд баярлалаа” гэх сүүлийн үгсэд нь тэдэндээ хоргодох хүсэл нь шингэж л байсан.
Буцах болсон гашуун тавилангаа ойлгосон сүүлийн мөчид тэрээр аав ээждээ л очсон. Аавдаа эрхэлж аавыгаа магтаж, ээждээ нялхарч дуртай дууг нь дуулж өгөхдөө тэрээр сэтгэлдээ уйлж байвч, нүүрэндээ инээж л байсан. Үхэл яг дэргэд нь ирж байхад тэрээр аав ээж нь өөрийг нь ямар хүн болгож өсгөж хүмүүжүүлснийг өөрсдөд нь үүнээс өөрөөр яаж ойлгуулж чадах билээ. “Бид энэ амьдралд дандаа сайн сайхан сэтгэлээр хандаж байхад, яагаад биднийг ийн шийтгэж байгаа юм бэ?” гэж шаналсан сэтгэлд нь хайртай хөөрхөн охин нь ухаан тэвчээрээрээ тэдэнд ” Ta 2 минь биднийг ямар сайхнаар өсгөж, хүмүүжүүлсэн гэж сананаа” хэмээн хариулсан.
Үр хүүхдийнхээ төлөө гэх аав ээжийн зовлон шаналалыг бид дүрсэлж чадна гэж үү?
Маралаа охин зүүд шиг энэ амьдралд яг л гоёмсог цэцэг шиг л байж чадсан. Тэрээр сүүлийн мөчид өөрийгөө эгч нараараа будуулж, яг л анх төрсөн тэр л гоо үзэсгэлэнгээрээ энэ ертөнцөөс явсан. Цэцэг шиг ирж цэцэг шиг буцна гэдэг хүн болгоны тавилан биш. Тэгээд ч хүн болгон тэвчээртэй, бас ухаантай биш. Түүнийг магтаж дурсах хүсэл надад төрсөн. Харьд суралцаж, амьдарч байхдаа хөөрхөн дүүтэйгээ уулзаж чадаагүй эгчийн шаналлыг хуваалцаж, бас бусдад туслах хүсэлд нь нэмэр болох сон. Бид бүгдээрээ л адилхан шаналалтай билээ.

Зүүд шиг амьдрал

Зүүд шиг богинохон амьдралд 
Дүү минь чи ирээд л буцсан
Зүрх сэтгэлдээ хаврын цэцэгсийг
Гоёмсог сайхантай нь аваад л буцсан
Зүүд шиг энэ амьдралд
Цэцэг шиг сайхнаараа
Зүрх сэтгэлд минь чи
Үргэлж залуугаараа

Өдөр шиг богинохон жаргалд
Дүү минь чи эрхлээд л буцсан
Өөртөө байсан мөрөөдөл бүхнээ
Өрөөл бусдад үлдээгээд л буцсан
Зүүд шиг энэ амьдралд
Цэцэг шиг сайхнаараа
Зүрх сэтгэлд минь чи
Үргэлж залуугаараа
Шөнө шиг уртын шаналлыг
Дүү минь чи аваад л буцсан
Чиний төлөөх хайр бүхэнд
Цэцэг шиг гоёороо шингэж үлдсэн
Зүүд шиг энэ амьдралд
Цэцэг шиг сайхнаараа
Зүрх сэтгэлд минь чи
Үргэлж залуугаараа

ХАВДРЫН ТУХАЙ ТОВЧХОН
Дэлхийн хэмжээнд ойролцоогоор 7.6 сая хүн хавдраас болж үхэлд хүрээд байна. Зөвхөн хөхний хавдраар ойролцоогоор жилд 41 000 хүн өвчилж, өдөрт ойролцоогоор 112 эмэгтэй нас барж байгаа баримт байна. Хамгийн харамсалтай нь жилд дунджаар 100 000 хүүхэд хавдрын улмаас нас бардаг гэнэ.
2010 онд Америкийн Хавдрын Нийгэмлэгээс гаргасан тооцоогоор 200 илүү төрлийн хавдраар 1 529 560 хүн оношлогдож, үүнээс 560 490 хүн нас баржээ. АНУ-д хавдрын эсрэг 3400 сайн дурын байгууллагад , олон хүмүүс сайн дураараа болон эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна.  Тэд хавдраас урьдчилан сэргийлэх, олон нийтэд энэ талаар сурталчилгаа явуулах, хавдраар өвчилсөн хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэх гэхчилэнгээр олон үйл ажиллагаа явуулдаг аж.
Монголд ч энэ үзүүлэлт багагүй өндөр түвшинд байна. Ялангуяа  амьдралын баталгаагүй түвшин, хүмүүсийн бухимдал,  баталгаагүй хүнсний хэрэглээнээс шалтгаалж өвчлөлт ихсэх хандлага байгаа аж.
Ялангуяа ийм өвчлөлийн улмаас эмчлэгдэхгүй болох, эмчлэгдэхэд өндөр өртөг гардгийн улмаас бусдын тусламж хэрэгтэй болж байгаа олон тохиолдлууд байсаар байна. Тэгэхээр бид бага гэлтгүй энэ талаар санаа тавих хэрэгтэй болж байна гэсэн үг. Магадгүй тэр хүмүүст өгч байгаа сэтгэлийн дэм,  нэг ширхэг талхны мөнгө ч тэр хүмүүсийн амьдралд хэрэг болж болох шүү дээ.
ХҮМҮҮС ЭЭ! АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛА
ХҮСЭЛ СЭТГЭЛД НЬ ХАЛУУН ДУЛААН ҮГ ХАЙРЛА

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-09-08

Share Your Thoughts