ЗӨНГӨӨРӨӨ ЭСЭРГҮҮЦЭГЧИД

Ямарваа зүйлийг хийж бүтээх маш хэцүү, харин нураах бол хамгийн амархан. Өдөржин ажиллаж байшингийнхаа ханыг цав цагаанаар будаж дуустал түүн рүү хар будаг цацаад халтартуулж орхиход хамаг хөдөлмөр зүтгэл талаар болж, хийж бүтээсэн урам зориг гутрал бухимдлаар солигддог. Олон жил бодож төлөвлөж хөлс хөдөлмөрөө шингээн, ур ухаанаа уралдуулан байж бүтээсэн бүтээлийг нь, зүгээр харж суусан нэгэн нулимж орхиод  хамтдаа шоолж гутаахыг бусдад уриалж, муу муухайгаар хэлж доромжлох гэдэг тэсвэрлэшгүй үйлдэл. Өөрөө юу ч хийхгүй хэрнээ, өрөөл бусдын хийж бүтээж босгож буй бүхнийг эсэргүүцэн гутаахыг оролдогсод өнөө цагт олон болж байнаа. Өөрийн бүтэлгүй амьдрал, хийж бүтээхийг хүсдэггүй залхуурал, гэгээн мөрөөдөлгүй гутранги сэтгэл бүхнээс, бусдын хийж бүтээж байгаа болгоноос зөвхөн алдааг олох сөлөр хараа, өөрөө хийж чадаагүйдээ түүнд атаархан зөвхөн түүнийг үзэн ядах атгаг сэтгэл, өрөөл бусдад муу муухайгаар сурталчлан хамтдаа шоолж, хамтдаа үзэн ядахыг уриалсан хорон үйлдэл гарч байдаг. Эд бол зөнгөөрөө эсэргүүцэгчид.
Хэдийгээр энэ амьдралд олон өнгө сүлэлдэж байдаг боловч, үйлдэл болгон нь хар ба цагаан өнгөн дээр төвлөрч байдаг. Яг зэрэгцүүлээд будсан хар ба цагаан өнгөний алийг нь түрүүлж харж байгаагаар таны сэтгэлийн өнгийг мэдэрч болно. Түүн лугаа адил хийж бүтээж байгаа бүхэн алдаа оноотой, түүнийг бүтээж байгаа хүн болгон сайн муу чанаруудтай, бүтээлийг нь үзэж мэдэрч буй хүн болгон сайхан муухай сэтгэлтэй. Аль нь давамгайлж байна вэ? гэдгээр нь хүний мөн чанарыг хэмжиж болно.  Их энгийн ойлголт. Өнөө цагт хүмүүсийн үнэтэй хийгээд үнэгүй маш их цагаа зарцуулдаг сошиал ертөнцөд ийм жишээг үй олноор нь мэдэрч болно.  Хүнийг  зүгээр л “новш” гэж хараах амархан, харин түүнийг “новш” гэдгийг нь нотлох амаргүй. Гэхдээ тэр “новш”-ийн цаана гэр бүл, үр хүүхэд, аав ээж, хамаатан садан, хамтран ажиллагсад, анд нөхөд байгаа гэдгийг тэд боддоггүй. Үйлдэл хийгээд бүтээлийг “хэрэггүй зүйл” гэж хэлэх амархан, харин “хэнд ч хэрэггүй” гэдгийг нь нотлох амаргүй. Танд огтоос хэрэггүй байж болох ч танаас өөр хэн нэгэнд хэрэгтэй байж болноо доо. Яг түүн шиг хэн нэгний бичиж буй зүйл нь танд таалагдахгүй байгаа нь бусад хүмүүст таалагдахгүй байх шалтгаан биш шүү дээ.
Харин бодит шүүмжлэл бол өөр. Бидний ажил амьдралд муу нөлөө үзүүлж буй, бусдад муу үлгэр дуурайлал үзүүлж буй улстөрчид, шийдвэр гаргагчидын үг хэл, үйлдэл бүхнийг бодит баримттайгаар шүүмжлэн няцааж байх нь бидний үүрэг. Ийм судалгааны байгууллагууд бидэнд байхгүй байгаагаас тэдний буруу муу үйлдлүүдийг баримттайгаар үгүйсгэн нотолж чадахгүй байгаа нь үнэн. Тийм судалгааны байгууллагыг төр бидэнд байгуулж өгөхгүйгээс хойш бид өөрсдөө л байгуулах учиртай болж байна. Эрүүл саруулаар сэтгэдэг, эрдэм боловсролтой, ядаж ном сонин уншдаг залуус нэгдээд тэдний үг хэл, үйл ажиллагаанд задаргаа хийн баримттайгаар нотолж болно. Олон нийтийн өмнө хэлсэн үгийг нь задлан шинжлээд “Уучлаарай та энэ үгийг буруу утгаар хэрэглэжээ, энэ ишлэл үгийг та буруу утгаар нь ашиглажээ, таны хэлсэн үг болон үйлдэлд тань ийм зөрүү, логикийн алдаа байна” гэхчилэн няцааж эхэлбэл тэд “амны зоргоор чалчиж”, камер харахаар юу ч хамаагүй санаанд орсноо “бураад” байдаггүй болно. Олон нийтийн өмнө ийм үлгэрийг үзүүлэх аваас хүн болгон бодитойгоор хандахыг хичээж эхлэх болно. Иргэний нийгэмд оролцох оролцоо, иргэний нийгмийн хяналт ингэж л ажил хэрэг болно.
Хүн болгон өөрийн санаа бодлоо илэрхийлэн ярьж, бичих эрхтэй, үүнийг ардчилал бидэнд олгосон юм шүү дээ. Хэрэв хэн нэгний илэрхийлэлд анхаарлаа хандуулж буй бол ойлгохыг хичээ, ойлгохгүй бол больчих, заавал дургүйцэн харааж зүхэх хэрэггүй шүү дээ. Өөр уншиж үзэж болох олон сонголтууд танд байгаа. Дургүй хүнийхээ бичсэн зүйлийг дахин дахин уншиж, дургүйцэл бухимдлаа олон нийтэд цацан, тэднийг үзэн ядалтад уриалах хэрэг юун. Өөрийнх нь бичсэн сэтгэгдлийг дэмжиж санаа нийлэхгүй бол, тэр хүнээ харааж зүхэн буруутгадаг хүмүүс зөндөө олон бий. Заавал таны зөв байх албагүй, бас тэр хүн өөрийнхөөрөө сэтгэж дүгнэх эрхтэй, бас өөрийн санаа бодлоо илэрхийлэх эрхтэй. Үүний төлөө сошиал ертөнцөд “хэрүүлийн шуугиан дэгдээж”, олон нийтийг талцуулан муудалцуулах хэрэг бий гэж үү? Санаа бодлоо илэрхийлэхдээ, маргалдаж мэтгэлцэхдээ ч соёлтой байж сурах цаг болжээ. Эс тэгвэл хэн нэгний уур бухимдлыг дэвэргэн, сошиал ертөнцөөс халин бодит ертөнцийг ч “үзэн ядах” хорон үйлдэл рүү түлхэж байна биш үү? Зарим улстөрчид нийгэмд ийм бухимдал үүсгэхийг зорилго болгон “хөлсний бичээчид” ажиллуулдаг гэсэн хардлага байгаа. Тэгээд хэн хожих гэж?
Сошиал ертөнц бидний амьдралын маш их цагийг “сорж”, хүмүүс бидний амьд харилцааг “робот” болгон, бидний оюун санааг хэрэгтэй болон хэрэггүй мэдээллээр “хогийн сав” шиг дүүргэж байгаа нь үнэн. Сошиал ертөнцийн хэмнэлээр дэлхий ертөнц арай л хурдан эргэж, нэг мэдэх дор насыг чинь зөөж тавих болно. Эргээд анзаарахад “хогийн сав” дүүргэсэн мэт ядарсан тархитай, амьдралд бухимдаж цухалдсан “утгагүй” ертөнцтэй, сэтгэлээр нь биш зургаар нь хайрлаж дурласан “хөндий” сэтгэлтэй, үр бүтээлгүй үр ашиггүй өнгөрүүлсэн “бүүдгэр” өдрүүдтэй болчихвол харамсалтай яа. Хэрэв үр бүтээлтэй, зорилготой ашиглавал “үр ашигтай боломж”, ямар ч зорилгогүй донтож ашиглавал “хогийн сав” юм шүү дээ, энэ сошиал ертөнц. Товчхондоо бол хэрэгтэйг нь ав, хэрэггүйг нь хая. Мэдээллүүдийн цагаан өнгийг нь эхэлж хар, дараа нь хар өнгөтэй нь харьцуулж дүгнэ. Дэмий асуудлаар бусадтай бүү маргалдаж хэрэлд, өөрийн санаагаа соёлтой илэрхийл. Сэтгэлээ бүү хиртээ, оюун бодлоо хайрлан хямгад. АМЬДРАЛ БОДИТОЙ БАЙХ ТУСМАА ХАМГИЙН САЙХАН ЕРТӨНЦ ЮМ ШҮҮ ДЭЭ. СЭТГЭЛЭЭ ЦАЙРУУЛАХАД ТА ИХ ХУГАЦААГ ЗАРЦУУЛНА, ХИРТЭЭХЭД НЭГ ХОРОМ Л ХАНГАЛТТАЙ. Сонголт нь таных байх болно.
 

Share Your Thoughts