“ИД ШИДИЙН ОРОН” төсөл АМЕРИКТ

IMG_9837IMG_9837MM BrandingХүний наймаа, хүчирхийлийн эсрэг, хүүхэд хамгааллын чиглэлээр өдгөө Монголд жирийн залуусын дуу хоолой болж, энэ талаар бодитой санаачлагуудыг ажил хэрэг болгож буй ТББ бол “Лантуун дохио”. Сайхан нэрүүдээр төсөл зохиож төслөөр олдсон мөнгөнүүдийн ихэнхийг нь хуваан завшиж, хийсэн жаахан ажлаа “Ялааг заан болтол” нь сурталчилж сүржигнэдэг олон ТББ-уудаас эд огт өөр. Хууль дүрэм журам нь цаасан дээр байдаг ч амьдралд хэрэгждэггүй “Хүний эрх” тэй холбоотой хүний наймаа, хүчирхийллийн эсрэг, хүүхэд хамгааллын асуудлаар тэд олон бодитой санаачлагуудыг хийж хэрэгжүүлж байгаа нь хүмүүсийн анхааралд өртөж, олон олон хүмүүс, залуус тэднийг дэмжиж ажиллах болсон. Тэд ийм ажлуудаа “халуун сайхан сэтгэл”-ийн илчээр хийдэг болохоор, хийж буй ажлууд нь ил тод тодорхой, хэн хүнд ч ойлгомжтой байдаг болохоор хүмүүс тэднийг ойлгож чин сэтгэлээрээ дэмждэг юм.
Өнгөрсөн өвөл тэд шинэ жилийн баяраар “Ид шидийн уут” нэртэй аян өрнүүлж, амьдралын “боломжгүй” байдлын улмаас эрх нь зөрчигдөж байгаа олон хүүхдүүдэд хүрч, тэднийг баярлуулсан. Хэдийгээр хүмүүсээс бэлэн мөнгө хандив маягаар авч зарцуулаагүй боловч залуусын оролцоо, бусдын дэмжлэгийг мөнгөн дүнгээр үнэлбэл “70 орчим сая төгрөг болсон” гэж Ч.Ганжавхлан надад хуучилж байсан. Тэр үеэс хойш “Ид шидийн орон” гэдэг  содон нэр дуулдах болов. Энэ төслийг “Лантуун дохио” ТББ, “Маамуу” хүүхэд хөгжлийн төв хамтран санаачилж, зохион байгуулж байгаа юм байна. “Ид шидийн орон” нэртэй төслөө танилцуулахаар  Ч.Ганжавхлан дүү минь АНУ-д ирж, өчигдөр буюу 4 сарын 23 нд АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо ажиллаж амьдарч буй монголчууд болон залуустай анхны уулзалтаа хийлээ. Энэ бол зорьж ирсэн ажлынх нь анхны гараа. Уулзалтад ирсэн хүмүүс энэ төслийн талаар өөрсдийн ойлголттой болж, идэвхтэй оролцон, өөрийн санаа бодлоо ч нэмэрлэж байв.
“ИД  ШИДИЙН ОРОН”  төсөл нь ТОВЧХОНДОО:
Амьдралын хувьд хэцүү хүнд байгаа хүүхдүүдэд боломжтой үедээ хувцас, ном, бэлэг цуглуулан өгөх нь асуудлыг тухайн үед нь шийдэж байгаа мэт боловч, асуудлыг бүхэлд нь шийдэх арга зам биш учраас тэд “Ид шидийн орон” төслийг санаачилсан юм билээ. Улаанбаатар хотын захын гэр хороолол дунд са 0,7 га хашааны газраа сайхан сэтгэлтэй нэгэн тэдэнд бэлэглэсэн гэнэ. Газартай болсон болохоор тэд уг газартаа “Хүүхдийн хөгжил, хамгааллын төв”-ийг орчин үеийн загвараар барьж ашиглалтад оруулан, гэр хорооллын хүүхдүүдийн төлөө ажиллуулахаар төлөвлөж, түүнийгээ “Ид шидийн орон” гэж нэрлэжээ. Доороо машины гражтай хоёр давхар барилга, нэг давхар “гар урлалын цех”, спортын болон хүүхдийн тоглоомын талбайн цогцолбор, орчных нь зам, ногоон бүтээмж бүхий маш аятайхан байгууламжийн зураг загварыг зохиож, эдийн засгийн тооцоог нь нарийвчлан гаргаж байгаа аж. Нэг удаадаа 50 хүүхдэд үйлчлэх хүчин чадалтай энэ байгууламжийг босгох санхүүжилтыг Монгол, Солонгос, Япон, Америкт ажиллаж амьдарч буй монголчууд болон тус орны иргэдийнх нь дэмжлэгээр бий болгохоор тооцоолсон юм байна. Мөн уг байгууламжийг ашиглалтад орох үед ажиллах мэргэжлийн боловсон хүчнүүд болон үйл ажиллагааны зарчим чиглэлийн  асуудлаа ч шийдэж байгаа аж. Энэхүү төслийг АНУ-д М.Дэлгэрцогт, Солонгост  С.Гүлсара, Японд З.Бүжин нар хариуцаж байгаа юм билээ. Шаардлага гарвал энэ хүмүүстэй холбогдох боломжтой юм байна.
Ч.Ганжавхлан АНУ-д “хандив босгох” гэж ирээгүй, энэ төслийнхээ талаар хүмүүст тайлбарлан ойлгуулж, “Ид шидийн орон” г ашиглалтад орсны дараа тэнд үйлчлүүлэх хүүхдүүдэд бодитоор туслах боломжийг санал болгохоор иржээ. “Ид шидийн орон”-оор үйлчлүүлэх амьдарлын боломжгүй нэг хүүхдэд зориулах зардлыг сард дунджаар 30 ам доллар \өдөрт 1 ам доллар буюу жилд 365 ам доллар\ гэж тооцоолон, АНУ-д ажиллаж амьдарч буй монголчуудаас “нэг хүн, нэг хүүхдэд туслаач” гэж санал болгож байгаа юм байна. Нэг хүүхдээ тэр хүн өөрөө сонгох ба зардлын зарцуулалт нь “шилэн данс”-нд байж хандив өгч тусалж буй бүх хүмүүс өөрсдөө харж хянаж байх боломжийг хангажээ. Гэхдээ одоогоор уг төсөл нь дөнгөж эхэлж буй болохоор энэ санаагаа хүмүүст ойлгуулан “ид шидтэй ах, эгч” нартай урьдчилан гэрээ хийж баталгаажуулахыг хүсч байгаа аж. Уг байгууламжийг барьж байгуулахаас эхлээд боловсон хүчнээ бэлтгэх, ажиллаж эхэлсний дараагаар шаардагдах урсгал зардлуудаа ч урьдчилан тооцож, асуудлуудаа цогцоор нь урьдчилан шийдэж байгаа нь надад их таалагдсан. Энэ удаагийн аялалын хугацаа нь бага байгаа болохоор Ч.Ганжавхлан, М.Дэлгэрцогтын хамтаар Нью-Йорк, Нью-Жерси, Денвер, Чикаго, Вашингтон ДС хотуудад ажиллахаар төлөвлөжээ. 4 сарын 29 нд Нью-Жерсид, 4 сарын 30 нд Нью-Йоркод, 5 сарын 6 нд Денверт, 5 сарын 7 нд Чикаго хотуудад  монголчуудтайгаа уулзах юм байна. \Энэ талаарх дэлгэрэнгүй  мэдээллүүдийг  703 405 6099 Ч.Ганжавхлан, 703 395 0001 М.Дэлгэрцогт нартай холбогдон авч болно\  Харин ирэх намар, эсвэл он гараад АНУ-ын бусад хотуудаар нилээд цаг зарцуулан аялж, хүмүүстэй уулзан төслөө дэлгэрэнгүй танилцуулах талаар бодож байгаа.
Тэд энэхүү “Ид шидийн орон” төслөө “загвар” болгон байгуулж, ийм төслийг байгуулахад хэр хэмжээний зардал зарцуулах, боловсон хүчнээ хэрхэн бэлтгэж, яаж ажиллуулах, урсгал зардал нь хэр хэмжээтэй байж, түүнийгээ яаж зарцуулах гэхчилэн бүх асуудлуудыг бодитой, цогц байдлаар Монголын Төр болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, аймаг хот сум дүүргийн удирдлагууд, жирийн иргэдэд ойлгуулж, энэ боломжийг ашиглан хүүхдүүдийг хөгжүүлэн хамгаалах асуудлуудыг шийдэхийг уриалах зорилготой юм байна. Цаасан дээрх төлөвлөгөө, индэр дээрээс уриалахаас огт өөрөөр БОДИТОЙ үйл ажиллагааг санал болгох аж. Нөгөө талаас тэд гадаадын олон улс орнуудад ажиллаж амьдарч буй монголчууддаа Монгол орны хөгжилд тэр тусмаа Монголын ирээдүй болсон хүүхэд залуусын хөгжил, хамгаалалд бодитой хувь нэмэр оруулах боломжийг санал болгож байна. Энэ бас бодитой, шинэлэг санаачлага. Энэ төслийг хэрэгжүүлэхэд чин сэтгэлээрээ нэгдсэн залуусын маш сайн баг бүрдсэн болохоор, тэд хэрэгжилтдээ итгэлтэй байгаа аж.
МИНИЙ БОДОЛ:
Хэдийгээр Монголд маань засаглал, эдийн засаг, сэтгэлгээний ХЯМРАЛ үргэлжилж байгаа хэдий ч “Саарын хажуугаар сайн” үйл ажиллагаа идэвхижиж байгаагийн илрэл нь “Лантуун дохио” ТББ-ын санаачлан хэрэгжүүлж байгаа олон санаачлага болон төслүүд. Би тэдний үйл ажиллагааг анхааралтай ажиглан боломжтой үедээ тусалж дэмжиж байхыг хүсдэг. Ардчилал ялснаас хойшхи 25 жилд бид Төр засгийг хангалттай шүүмжилж, улстөрчдийг хангалттай харааж зүхлээ. Харин яг одоо “Би өөрөө Монгол эх орныхоо төлөө юу хийсэн билээ?” гэж асуугаад үз дээ? Буруугаа бусдаас бус өөрөөсөө хайх цаг иржээ. “Юу хийх вэ? Яах билээ?” гэж тэвдсэн олон асуултуудын хариуд ийм санаачлагууд БОЛОМЖ-уудыг санал болгон бас мэдрүүлэх болно. Монголчууд бид улстөрөөс хамааралгүй, эдийн засгийн шалтгаан тоочилгүй СЭТГЭЛ-ээрээ нэгдэн зүтгэж чадвал болохгүй, бүтэхгүй зүйл байхгүй гэдгийг ийм олон санаачлагууд баталж буй. “Хийх хүсэлтэй хүмүүст арга нь олдож, хийх дургүй хүмүүст шалтаг олддог” цаг үе тохиожээ.
Бид жаахан ч атугай хийж бүтээж байгаа хүмүүсийг шоолж шүүмжилж, үгүйсгэн тавлаж суудаг АТГАГ сэтгэлгээнээсээ салж, зөв сайн санаа болон санаачлагуудыг дэмжиж байж хамтдаа хөгжинө. Цөөхөн монголчууд биднийг ГАДААДЫН УЛС ОРНУУД хөгжүүлэхгүй ээ, МОНГОЛЧУУД БИД ӨӨРСДӨӨ л хөгжүүлнэ. Өөр ямар ч сонголт байхгүй, бас боломж ч байхгүй. Тэр тусмаа бодит үр дүн нь маш удаан мэдрэгддэг боловсролын салбар, одоо өсч өндийж буй хүүхэд залуусын хөгжил дэвшлийн төлөө бид нэгдэх хэрэгтэй болж байна. “ИД ШИДИЙН ОРОН”-Д ТАВТАЙ МОРИЛ, МОНГОЛЧУУД АА!

Share Your Thoughts