“ИТГЭЛЭЭ АЛДСАН МОНГОЛЧУУД” \”Сэтгэлгээний хямрал” цурвал-02\

“Хууль санаачлан батлуулдаг улстөрчид, хэрэгжүүлэн сахиулах үүрэгтэй эрх мэдэлтнүүд өөрсдөө хууль дүрмийг зөрчих нь, үй түмэн машинуудын өөдөөс урсгал сөрөн хар хурдаараа давхих “галзуу” жолоочтой адил”  Г.Галбадрах
…Сүүлийн өдрүүдэд “Эрдэнэт” УБҮ-ийн 49%-ийн эзэмшилтэй холбоотой маргаан монголчуудыг” хямруулав”. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ асуудлыг анхлан хөндөж, хэр “ноцтой” болохыг тайлбарлан Монголчуудын эрх ашгаас урвасан энэ үйлдлийн эсрэг “цамцаа урагдтал” тэмцэхээ мэдэгдэв. Харин Монгол Улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй уулзаж ярилцах үедээ “Цаад Нямдорж чинь “нохойтож” байгаа юм аа. Энэ чинь тийм ч “аймшигтай асуудал” биш ээ, эрх мэдэл байгаа дээрээ УИХ дээр энэ асуудлыг “нээлттэй” хэлэлцээд л болоо шүү дээ” хэмээн учирлалаа. Монголын эдийн засгийг сүйрүүлээд байгаа олигархиудын бүлэглэлийн талаарх “домог”-оос үүдэн “даралт нь ихэсч” харвах шахаад байсан олон хүмүүс учраа олохоо байн эргэлзэж, даралтны эмээ уухаа азнан эргэлзээндээ санааширна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Монгол Улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдорж нарын хэнд нь итгэхээ мэдэхээ болин будилцгаана. Тэгээд л “сурсан занг сураар боож болдоггүй”-н үлгэрээр өөр хоорондоо маргалдан “Ц.Нямдоржийн тал”, “Ц.Элбэгдоржийн тал” болон хуваагдаж хэрэлдэцгээн “цэцэрхэнэ”. Харин хуулийн хяналт, шалгалтын байгууллагууд “үнэн мөн”-ийг нь тогтоон олон нийтэд мэдээлж, буруутай этгээдэд ХАРИУЦЛАГА тооцон шийтгэж байсан тохиолдол бараг үгүйдээ. Тийм болоод л монголчууд Төрдөө итгэх итгэлээ алдаад байгаа хэрэг. Монголчууд бидний хувьд хууль, дүрэм, журам гэдэг нь “түй, май!” гэдэг л болоод байгаагийн жишээ энэ. Ийм жишээ зөндөө бий. Улстөрчид өөрсдөө хэзээ ч хуулийн өмнө ХАРИУЦЛАГА хүлээж байсангүй. ТЭГЭХЭЭР БИД ХЭНД ИТГЭХ ЁСТОЙ ГЭЖ?
Өнөө үед монголчууд бид бүгдээрээ маш сайхан ярьж сурцгаажээ. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид, одоогийн Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчидийн ярьж, амалж байгааг сонс доо. Монгол Улсыг “дэлхийн хэмжээнд” хөгжүүлэх амлалт, сумдаа “инфляцыг бууруулах” хөтөлбөр зэргийг бид сонсоод шоолох хэрнээ хэн ч “үгүйсгэн” няцаадаггүй. Шоолох хэрнээ сонгодог, сонгох хэрнээ дургүйцэн шүүмжилдэг, шүүмжлэх хэрээрээ бухимдан хямардаг. Сайхан ярьдаг хэрнээ хийж хэрэгжүүлдэггүй Монгол Улсад “тэнэг” сонголтынхоо төлөө бид өөрсдөө сэтгэлгээний хямралд өвчилнө. “За даа эд нар тэгж л байдаг юм” гэсэн итгэл алдалтын харгуйд, улстөрчид өөрсдийн хүүхдүүдээ удам залгуулан, өв залгамжилан улстөрд бэлтгэж гараасаа хөтлөн оруулж байна. Чи өнөөдөр тэдэнд дарлуулан итгэлээ “хулгайлуулж” байгаатай яг адил чиний үр хүүхэд ч тэдний “залгамжлагч”-дын өмнө итгэлээ алдах л болно. ҮҮНД ХЭН БУРУУТАЙ ЮМ БЭ?
“Хэн нэгэн чамайг хуурч мэхэлсэний хариуд чи түүнийг хуурч мэхэлнэ гэдэг нь, өөрийн эргэн тойронд ухсан ангал нүх рүү өөрөө хөл алдан унахтай адил”. Г.Галбадрах
…Саяхан хувийн фейсбуук дээрээ тавьсан постыг минь нэгэн сэтгүүлч ашиглан, олон нийтийн сүлжээнд “мэдээ” болгон сүржин гарчигтайгаар, элдвээр “хачирлан”  нийтэлжээ. Би ч, мэдээллийн эзэн маань ч “эвгүй байдал”д орон шаналцгаав. Уг мэдээллийг бичиж тавьсан сэтгүүлчтэй нь дараа нь холбогдон “зэмлэх” аядвал, “Уучлаарай ахаа, манай сайтын эзэн энэ мэдээллийг тань олж уншаад, үүнийг мэдээ болгож тавь” гэж үүрэг өгсөн юм аа. Сайтын сэтгүүлчид хандалтаараа цалинждаг болохоор мэдээний агуулгатайгаа огт хамаагүй байсан ч олон нийт сонирхон анзаарч болох сүржин гарчиг олж бичих хэрэгтэй болдог юм. Хичнээн ичгэвтэр ч бидэнд цалин хэрэгтэй байна шүү дээ” хэмээн учирлаж билээ. Интертайнмент шоу, элдэв марзан жүжиглэл, “од” болох хүслээр “солиорсон” мэт аяглах ичгүүр сонжуургүй бичлэг, олны танил хэн нэгэн хүний хувийн амьдралын “гажиг” нууцууд, баталгаагүй хэрнээ “хэрэгт дуртай” хүмүүс олж унших сүржин гарчигтай мэдээллүүд дунд бид амьдарцгааж байна. Үнэн худал нь нотлогдоогүй “элийрэл” мэдээллүүдийн дунд бид оршицгоож, “тэгсэн гэнээ” гэх хачиртай хов живээр өдөр өнгөрөөж, хэн нэгний “мууд дурласан” тачаадлаар сэтгэлээ хангаж, гутарч гунисан сэтгэлээ бусдын муугаар “даруулах” нь хэнд хэрэгтэй гэж? Үүнээс болж бид “үнэн”-ээс холдон ИТГЭЛЭЭ АЛДАЖ байна. “Хэвлэл мэдээллүүд хэзээ ч үнэн юм бичдэггүй” гэж гаслах нь ХЭНД ХЭРЭГТЭЙ ГЭЖ? Тэгээд ХЭНД, ЮУНД  ИТГЭХ ВЭ?
Оюутнуудын 70 мянгаар “санхүүждэг” баар, шөнийн цэнгээний газруудын замбараагүй үйлчилгээний тусламжаар нэгэн залуу найз бүсгүйгээ “араар нь тавьжээ”. “Муу үг модон улаатай” гэгчээр бусдын шивнэсэн хов живийг сонссон найз бүсгүй нь “хариугаа авах”-ын тулд өөр нэгэн залуутай “унтжээ”. Бие биедээ маш ихээр дурлаж хайрлалцсан залуус “учраа ололцож” эвлэрэн, бие биенээ “уучилсан” хэдий ч тэдний итгэлийг сэрвээн дээрээ асаан дундуур нь гүйсэн “хар муур” амьдралынх нь төгсгөл хүртэл гүйсээр байсан гэдэг. Нэг удаа хуурч чадсан юм чинь дараа удаа хуурч л таараа гэдэг хардлага “хар муур” шиг сэтгэл дундуур нь гүйсээр л байх аж. Итгэж хайрлая гэвч сэтгэл нэг жихүүн. Сэтгэлийн зовлонгоо итгэж ярьсан найз нь халаглан өрөвдөж сонсох хэрнээ, өрөөл бусдад шоолж ярьсан яриаг нь хэн нэгний амнаас сонсох шиг “давстай” гашуун амьдрал. Бид ердөө л худал хуурмаг дунд эвлэрч, энэ амьдралд дасч байна шүү дээ. ХЭН БУРУУТАЙ ВЭ?
“Өөртөө итгэх итгэлээ алдана гэдэг нь залуу насыг өтөл болгож, өтөл насыг үхдэл болгож байгаагаас ялгаа юун. Амьдрал дэндүү уйтгартай, гунигтай болно биз дээ? Г.Галбадрах 
…УИХ-ын сонгууль дуусахад АН ялагдаж, МАН ялсан цагаас л Төрийн албаны халаа солио эхэллээ. “Үхсэн хойноо, чи муу баярлалаа ч бархирлаа ч цаана чинь Ардын Нам ялчихлаа” гэж “Өглөө” кинон дээр “сэлэм” Тогмидын морин дээрээсээ ханхалзан байж хэлдэг үгс санаанд буугаад байдаг юм. Ажил амьдрал бүхэн нь харьяалсан намуудын ялалт, ялагдлаас шалтгаалдаг тогтолцоо Монгол орноос минь өөр хаана байдаг юм бол? Хэдийгээр ялсан намууд “Тогос шиг гоёж, хөхөө шиг донгодлоо” ч, шийдвэр гаргах эрх мэдэл бүхий Төрийн албан тушаалууд, намуудын гишүүддээ хүртээх “бялуу” хуваалтанд захирагддаг. Хичнээн мэдлэг чадвартай, өөрийн санаачлагаараа “эх орноо хөгжүүлэх” хүсэл эрмэлзлэлтэй байлаа ч, өөртөө биш, сонгуулийн үр дүнд итгэж, “хоноц”-ын сэтгэлгээгээр ажилладаг сэтгэхүй УИХ, Аймаг дүүрэг, сум хороодод бий болжээ. Ямар сайхан санал санаачлага, ямар их өөдрөг сэтгэлгээ, эр зориг, эрч хүч энэ тогтолцооны өмнө бөхөж унтарч байна гээч!  Залуусыг өрөөл бусдад бүү хэл, өөртөө ч итгэх итгэлгүй болгож байна, нам төвтэй Төрийн албаны тогтолцоо. Ялсан намуудын залуус Төрийн албаны “сэнтий” д заларч, ялагдсан намуудын залуус гадаадад “дүрвэдэг” жишиг тогтож байна, Монголд минь. Цөөхөн хүн амтай Монголд ХЭН ҮҮНИЙГ БИЙ БОЛГОВ ОО?
“Монголд ирээдүй алга” гэдэг үг, “Надад ирээдүй байхгүй болсон” гэдэгтэй дүйцэж сонсогддог юм. “Угаасаа ийм болчихсон юм чинь бид яаж ч чадахгүй, юуг ч өөрчилж чадахгүй” хэмээх гуртанги санаа бодол, өөрсдийн бий болгосон олигархиудын өмнө гараа өргөн бууж өгч байгаатай ялгаа юун. Бид эх орондоо бүү хэл, өрөөл бусдад, бас өөртөө ч итгэхээ больж байна. Бид хувь заяатайгаа эвлэрч, өөрсдийн өчүүхэн амь, эрх ашгаа хоохойлох боллоо. Яг өнөөдөр Монголд маань ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ биш СЭТГЭЛГЭЭНИЙ ХЯМРАЛ нүүрлэж байгаа. Бидний санаа сэтгэл хямраад байгаа хэрнээ буруугаа өөрөөсөө бус, бусдаас хайгаад байгаад л ГАМШИГ нь оршиж байна даа. Бүх зүйлд МОНГОЛ ХҮН гэж өөрийгөө дөвийлгэн, согтохоороо “ЧИНГИСИЙН МОНГОЛ” гэж хийрхдэг бид өөрсдөө л буруутай. Бидний бурууг өөр үндэстэн үүрнэ гэж үү? Тэр тусмаа бидний бий болгосон олигархиуд үүрэхгүй. Бид өөрсдөө л үүрнэ.
ИТГЭЛ гэдэг хамгийн эрхэм зүйл, бас хамгийн сүүлд хүний амьсгалтай хамт БӨХДӨГ. Амьд байгаа хэрнээ бид ИТГЭЛЭЭ АЛДАЖ болохгүй биз дээ?

Share Your Thoughts