ИТГЭЛ, НАЙДВАР

-Хиймэл хөл дээрээ анх босоход, өчнөөн жил зогсож тэнийлгээгүй нуруугаа тэнийлгэсэн чинь их сайхан байсан шүү.
-Тэгээд хөл дээрээ алхсан чинь агаарт хий гишгээд байгаа юм шиг санагдаад, эвгүй хэрнээ их гоё мэдрэмж төрөөд л… Хөл минь мэдээтэй байгаа хэсгээсээ доош хэсгээрээ гишгэж байгаа болохоор тэгж санагдсан байх.
-Энэ америкчууд чинь ямар сайхан сэтгэлтэй, хийж байгаа ажлаа чин сэтгэлээсээ хийдэг, энгийн ааш зантай хүмүүс вэ? Ёстой баярламаар хүмүүс юм аа.
АНУ-ын Индиана мужид үйл ажиллагаагаа явуулдаг SRT Prosthetics & Orthotics  нэртэй Протезийн үйлдвэрт хиймэл 2 гар, хиймэл 2 хөл хийлгэсэн монгол залуу Дарамсүрэнгийн Маш-Эрдэнэ сэтгэгдлээ бидэнтэй  хуваалцахдаа ингэж ярьсан. Энэ түүх ингэж эхэлсэн юм.
…Өнгөрсөн жилийн 10 сард Х.Ундрахбаяр гэдэг залуу надтай уулзан танилцаад “Би хиймэл хөл, гар хийдэг Протезийн үйлдвэрт санхүүгийн чиглэлээр ажилладаг юм аа. Энэ үйлдвэр маань улам хөгжиж өргөжиж байгаа болохоор тулгуур эрхтэний бэрхшээлтэй  ганц нэг монгол залууд туслах хүсэлтэй байгаа” гаа учирласан юм. Яг энэ өдрөөс 7 хоногийн дараа “Хөгжлийн замаар” ТВ нэвтрүүлэгт төсөлд надтай хамтран ажиллаж байгаа Т.Нарантунгалаг утасдаж,  “Нэвтрүүлгийн текстийг уншиж байгаа МУСГЗ Дарамсүрэн гуайн хүү нь 2 гар, 2 хөлгүй залуу байдаг юм байна, тэр залууд туслах гээд зүтгээд үзвэл яасан юм бэ?” гэж санал болгов. Х.Ундрахбаяр руу эргэж холбогдоод Д.Маш-Эрдэнийн талаар материал цуглуулж уг компанид нь санал болгох, эмчилгээний зардлыг нь босгох талаар судлах ажлууд эхэлсэн дээ. Ийм төрлийн үйлчилгээ нилээдгүй өндөр үнэтэй авч  SRT Prosthetics & Orthotics үйлдвэр Д.Маш-Эрдэнэд хиймэл 2 гар, хиймэл 2 хөлийг үнэгүй хийж өгөх шийдвэр гаргасан нь биднийг маш их баярлуулсан. Энэ бол Х.Ундрахбаярын хичээл зүтгэлийн шим байсан юм шүү.
Олон сар үргэлжилсэн энэ бэлтгэл ажлын явцууд амар байгаагүй ээ. Эмчилгээнд явахаар АНУ-руу зорчих виз авах эхний оролдлогод “татгалзсан” хариу аваад бид жаахан тэвдэцгээсэн. Э.Ганзул бид 2 “Хөгжлийн замаар” нэвтрүүлгийн зураг авалтаа дуусгаад буцаж явахдаа Х.Ундрахбаяр, П.Эрхэмбаяр нартай Чикаго хотод уулзан энэ ажлыг АНУ-д хэрхэн зохион байгуулах талаар нилээд тодорхой ярилцсан даа. Д.Маш-Эрдэнэ ах Д.Машбаярынхаа хамт 7 сарын 13 нд Чикагод буусан тэр цаг мөчөөс бид нэгэн баг болж ажиллацгаав. Чикаго хотоос Индианаполис хот руу эмнэлэг руу 3 удаа явах унаа болон зардал, ах дүү 2-ын АНУ-д байх зардлыг босгон зарцуулах гээд ажил мундахгүй. Олон нийтэд зориулан тавьсан бидний мэдээллийн тусаар сайхан сэтгэлт  хүмүүс тусалж дэмжицгээв. Индианаполист ажиллаж амьдардаг Байгалмаа бүсгүй тэднийг Индианад ирэхэд нь зочид буудал захилж, хоол ундаар үйлчилж чин сэтгэлээсээ зөвлөж тусалсан. “Алтай лимузин” компаны эзэн Г.Цогтбаатар 2 дахь удаагаа Индианаполис явахад зочид буудлыг нь захиалж, Вашингтон ДС-д ажиллаж амьдардаг зураач Ч.Ганбаатар эмнэлэгт нь болон эмч нарт нь талархсан сэтгэлээр өөрийн зурсан зургаа “бэлэглэж”, Чикагод ажиллаж амьдардаг Г.Одончимэг бүсгүй Д.Маш-Эрдэнэд зориулан тэргэнцэр олж бэлэглэлээ. Х.Ундрахбаяр маань ах дүү 2-ыг гэртээ байлган сар гаруй хугацаанд асарч, 2 давхар өөд үүрч гаргаж байсан гээд бод доо. Үнэхээр баярламаар. Бүх ажлуудыг зангидан зохицуулж байсан Э.Ганзул маань Gofundme дээр 850 $ босгосноос гадна Төгс-Ирээдүй, Батбаяр, Ч.Баярмаа, Анхбаярын гэр бүл, М.Баяраа, Б.Жавхлан нар бэлэн мөнгөөр туслав. Залуус маань маргааш АНУ-аас Монгол руугаа нисэх болохоор ийм дэмжлэг ч үргэлжилж байгаа.
Д.Маш-Эрдэнэд зориулсан энэ төслийг дэмжин спонсорлож тусалсан SRT Prosthetics & Orthotics үйлдвэр нь “Бүх өвчтөнд хүрч үйлчилнэ” гэсэн уриатайгаар 2002 онд байгуулагджээ. Дээд зэргийн нөхөн сэргээлт хийдэг SRT компанийг Сэм Санта-Рита, С.Р, L.P үүсгэн байгуулсан бөгөөд захирлаар нь Kevin Hagemeier ажилладаг. Нийт 6 салбартай бөгөөд төв нь National Prosthetics Center.  Энэ төвдөө үйлчлүүлэгчид нь орон дээр хэвтэж босох, шүршүүрт орох дадлага хийх, спорт зааланд хичээллэх, алхалтын сургалтанд хамрагдах зэрэг олон үйлчилгээнүүдийн талаар бид хамтдаа үзэж сонирхсон юм. Д.Маш-Эрдэнэд үйлчилж тусалсан Mike Schroeder, John Arnold, Emily Johann, Carolyn Mc Cann, Brooke O Steen нарын эмч ажилтнуудтай уулзан баяр талархлаа хүргэлээ.
Зав чөлөөгүй ажиллаж байсан болохоор Индианаполис хотод зорьж очин, Д.Маш-Эрдэнийг тэргэнцэр дээрээс босоод хиймэл хөл дээрээ зогсон бидэн рүү алхах мөчид гэнэт цээжний гүнээс юу ч юм бэ огшин дээшилж самсаа шархируулан аньсага чийглэх мөчид сайхан санагдаж билээ. Бид бүгдээрээ л баярлалдан бие биенээ тэвэрцгээсэн. Зорьж зүтгэсэн нэгэн ажлынхаа ард гараад уртаар амьсгаа авч бие биенээ баярлан харах мөчийг юутай ч зүйрлэшгүй. Д.Маш-Эрдэнэ, Д.Машбаяр нарыг бидэнд баярласан сэтгэлээ илэрхийлсэний хариуд, “Чи үнэхээр азтай байлаа. Бидэнд талархах яах вэ? Чи Монголдоо буцаж очоод өөр шиг чинь хүнд нөхцөлд “амиа хорлох” тухай бодон аргаа барж байгаа залууст, өөрийн биеэрээ үлгэрлэн “Амьдрал гэдэг чинь ийм сайхан учрал шүү дээ. Бидэнд боломж байнаа, итгэл найдвараа хэзээ ч бүү алд, сайн сайхан ирээдүй рүүгээ өөрөө тэмүүлж зүтгэ” гэж ойлгуулж өгөөрэй” гэж л хүсэцгээсэн. Бидний хүсэл зорилго энэ л байлаа. Сошиал дээр тавьсан бидний зургууд болон мэдээллийн дараа зөндөө хүмүүс бидэнд хандаж байгаа. Мэдээж бүхний хүсэл мөрөөдлийг биелүүлэгч ” шидтэн” бид биш боловч, ийм боломж байгааг бусдад ойлгуулахыг хичээж яваа монголчууд. Гэхдээ боломж олдвол туслахыг хичээлгүй яахав.
…Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Үхэл өвчин, зовлон жаргал бүхэн ээлжилдэг энэ амьдралд ИТГЭЛ НАЙДВАР аа л алдаж болохгүй. Итгэл найдвараа алдах мөчид хүн өөртөө буй бүх үнэ цэнэтэй зүйлээ хамтад нь алддаг. Шинжлэх ухаан технологи асар хурдацтай хөгжиж буй энэ эринд боломжгүй зүйл гэж үгүй болж байна. Өөртөө итгэж найдах хэрэгтэй. ИТГЭЛ НАЙДВАР байгаа цагт хүний дотоод сэтгэлд ч боломжгүй зүйл гэж үгүй.Д.Маш-Эрдэнэ маань ахтайгаа хамт маргааш Монгол руугаа ниснэ. Тэргэнцэр дээр суугаад итгэл найдвараа сэтгэлдээ тээн Америкт ирж байсан залуу, урам баяраа нүүрэндээ гэрэлтүүлэн 2 хөл дээрээ алхан Монголдоо очих болно. Энэ сайн үйлсэд баг болж хамтран ажилласан Х.Ундрахбаяр, “Нийгмийн хөгжлийн гарц” ТББ  \Т.Нарантунгалаг\ , United Mongolia ТББ \Э.Ганзул\ , American Mongolian Association \ П.Эрхэмбаяр нартаа баярлалаа. “Хүмүүс ээ, Амьддаа бие биенээ хайрлацгаая”.
 

Share Your Thoughts