Их нүүдэл-хөгжлийн боломж \эргэцүүлэл-03\

…Үүрийн бүдэг гэгээнд амжиж ачаалсан айлын нүүдэл наашлан наашилсаар ойртох ахуйд замыг нь тоссон саахалт айлын эзэгтэй гудас дэвсэн халуун цай, идээ будаатай угтах авай. “Сайхан нүүдэллэж явна уу? Саатаж цай ууж идээ зоогло” хэмээн хүндэтгэн угтаж бэлэгтэй сайхан үгсийг хэлэлцэн үдэх монгол заншил. Нэгэн газар нутагт суурьшин тогтолгүй, нутгийн сайхан, бэлчээрийн соргогийг шилэн тааваар нүүдэллэн амьдрах монголчуудын амьдрал л монгол хүнийг бусдаас хамааралгүй, алив зүйлд хурдан дасан зохицох чадвартай, биедаасан, омог бардам араншинтай болгосон гэдэг. Энэ л нүүдэлчин амьдрал монгол хүнийг байгаль цаг агаарын таатай болон хүнд нөхцөлд дасан зохицох чадвар, эх нутаг болон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэл, бие биенээ хүндэтгэж бас хайрлан халамжлах араншинд сургасан аж. Хүмүүн гэдэг хэдийгээр янз бүрийн араншинтай, өөр өөрийн тавилантай ч монгол хүний уужуу тайвуу ухаан, аливаад хүлээцтэй хандах хандлага, шулуун шударга зан чанарт нүүдэлчин амьдрал ихээр нөлөөлсөн авай.

…Монгол оронд ардчилал ялсан 20 жилийн тэртээгээс монголчуудын гадаадын улс орнууд руу нүүдэллэх их нүүдэл эхэллээ. Найман зууны тэртээх Монголчуудын дэлхийг дайлаар мордсон их аян дайн лугаа адил.  Гэхдээ энэ удаад амьдрал үзэж, нүд тайлах гэж, хөмөрсөн тогоон дотроос гарсан “хуучин хүү”, дэлхий ертөнцийг өөрийн нүдээр харж, сэтгэлээр мэдрэн “шинэ хүү” болох гэж, өөрийгөө нээж хөгжүүлэх гэж алсыг зорьцгоосон. Алдаж онож, хичээж зүтгэж, сурч хөдөлмөрлөж байж “хэрээ мэдэн бяраа таньж” багагүй хугацааг элээлээ. “Дассан газрын
даавуу зөөлөн” хэдий ч сэтгэлийн мухарт орших “монгол эх орон” гэдэг юутай ч зүйрлэшгүй ” аугаа эрдэнэ” гэдгийг тэд ямарч сурталчилгаагүйгээр ойлгосон. Тэд тухайн оронд сурч ажиллаж амьдарч байхдаа маш олон зүйлийг Монгол оронтойгоо харьцуулан жишиж “яагаад энэ бүхнийг Монгол орондоо бий болгож болохгүй гэж?” хэмээн өөрөөсөө бас бие биенээсээ асууж байна. Нүүдэлчин цус, монгол араншин тэднийг эх болсон Монгол орон руу нь дуудаж буй. Өдгөө тэд их нүүдлээсээ Монгол орон руугаа буцаж байна. Яг л найман зууны тэртээх их аян дайнаас Монгол нутаг руугаа буцаж байсан их дайчид шиг.

Гадаадад олон жил болсон монголчууд болон Монголдоо аж төрөн суугаа монголчуудын хооронд бага зэргийн буруу зөрүү ойлголтууд гардаг л даа. “Та нар тийм мундаг л юм бол өөрсдөө ирээд Монгол орноо хөгжүүл л дээ”, “Хүнд хэцүү цагт эх орноо орхиж явчихаад ясаа тавих гэж Монголдоо ирэх хэрэггүй”, “Одоо л Монголын хөгжилд та нарын орон зай үгүйлэгдэж байна”, “Та нар Монголыг шүүмжилж муулахаас өөр юу хийж байгаа юм бэ?”, “Та нарыг гадаадад жаргаж суухад бид эх орныхоо төлөө зовж шаналж байна” гэхчилэн маргаан болон гомдлын үгс хэлж бичих нь бий. Энэ бол сайн эхлэл. Ямартай ч бид Монгол орныхоо цаашдын хувь заяа болон зөв сайн хөгжлийн төлөө сэтгэлээ чилээж байгаагийн нэгэн илрэл. Гомдсон сэтгэлдээ туньж байгаа мэт боловч нүүдэл тосон гудас дэвсэж, цай идээ барин угтах нүүдэлчдийн сэтгэл нь хэвээрээ байгаагийн шинж. Бие биенээ үгүйлж, хоосорсон орон зайг нь сануулж байгаа нь “саахалт нүүж ирэх айлын буурийг нь бэлтгэж байгаа” лугаа адил. Монголчууд бид цөөхүүлээ хэрнээ ийм их баялагтай оронд хүн болж төрсөн хувь заяандаа ЭЗЭН болох цаг ирж байна. Харин
энэ цаг дор монголчууд бидэнд саруул ухаан, их эрдэм мэдлэг, хүлээцтэй чанараас гадна ЭВ НЭГДЭЛ хамгаас чухал болж буй.

Бид яагаад УЛСТӨРЖДӨГ вэ?
Монголчууд бид маш ихээр улстөрждөг. Улс  болон төрийн талаар мэдэхгүй, ярихгүй хүнгүй бас аль нэгэн намын гишүүн бус хүн ч цөөхөн. “Чи улстөрөөр оролдохгүй бол улс төр чамайг оролдоно” гэдэг хэллэг өнөө цагт Монгол оронд минь биелэлээ олжээ. Өөрөө хичээгээд сайхан амьдрахыг оролдох авч хүссэн хүсээгүй төрийн хүнд суртлын тогтолцоотой зууралдах болдог. Яг л жонхуу шиг. Монголчууд бид улстөржих болсон 2 шалтгаан байна.
1. Бидний амьдралд улстөрийн нөлөөлөл дэндүү их байна. Ажилд ороход, албан тушаал дэвшихэд, бизнес хийхэд, бичиг баримт бүрдүүлэхэд, тендерт ялахад, зээл авахад намын харьяаллаар ялгаварлан гадуурхана. Ямар ч асуудлыг хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэнэ гэдэгт хүн болгон л эргэлздэг учраас заавал “танилын нүүр халуун” гэдгийг ашиглахыг хүснэ. Энэ нь авилгал хээл хахуулын далд сүлжээг бий болгож орхидог.Тэгэхээр хүссэн хүсээгүй аль нэгэн намд гишүүн байхаас өөр сонголт үгүй.
2. Бидний амьдрал ядуу байгаа учраас улс төрийг сонирхоно. Бензиний үнэ болон төсвийн албан хаагчдын цалин нэмэгдэхэд бүх зүйлийн үнэ нэмэгддэг зуршилтай Монгол оронд, үүнээс болж амьдралын баталгаажих түвшингээс доогуур амьдралтай хүмүүсийн тоо улам бүр нэмэгдсээр байгаа. Хүссэн зүйлээ боломжийн үнээр худалдаж авч чадахгүй байгаадаа бухамдсан хүмүүс төрийг харааж эхэлнэ. Харин Төр үүнийг “аргалах”-ын тулд 21000 төгрөг тарааж, сая сая төгрөг бас их хэмжээний хувьцаа амалж байна. Ажил олж хийн амьдралаа дээшлүүлэхийг хүсч байсан хүмүүс одоо” бага мөнгө өгч байна” гэж хараах болно.
“76 ямаа”, “76 мангуу”, “төрөөс төрсөн тэрбумтангууд”, “хулгайч, луйварчид” хэмээн цоллуулан хараалгаж зүхүүлээд байгаа өнөөгийн Монголын улстөрчдийн дунд  эрдэм мэдлэг, арвин туршлага, зөв сайн сэтгэлтэй олон хүмүүс бий. Харин тэд яагаад энэ бүхнийг өөрчилж чадахгүй, бас өөрчлөхийг хүсэхгүй байгааг олон хүмүүс гайхдаг. Гайхах тусмаа бас эргэлзэнэ. “Нээрээ ч энэ улстөрд орсон хүмүүс яаж ч хичээгээд болдоггүй байх даа” гэж өрөвдөнө. Харин тэдний илт баяжиж, тэнэглэн өөрчлөгдөхийг мэдрэх тусмаа зэвүүцнэ. Харин зэвүүцлээ харааж
илэрхийлнэ. Улстөрд орох гэж улайрч байгаа нэгнийг шоолон тохуурхах авч өгч буй “авилгал”-ыг аваад л сонгож орхино. Сонгуулийн саналаа “худалдчихсан” хэрнээ хэсэг хугацааны дараа нөгөө хүнээ дахиад л харааж эхэлнэ. “Авсан өгсөн хэн хэндээ өлзийтэй” гэгчээр улстөрчид нь ч энэ байдлыг тэгтлээ тоохгүй. Албан тушаал эрх мэдэлдээ бус, тэнд очсон хүндээ “зохицдог” төрийн алба “бушуу туулай борвиндоо баастай” -н үлгэрээр буруу тогтолцоонд орсоны гай энэ.

“ЭХ нь хээр алаг бол ХҮҮ нь шийр алаг”.
Монголын улстөр буруу тогтолцоонд орсоны зарим шинжүүд:
1.Бизнес болсон Монголын улстөр. Өнөөдөр Монголд хамгийн ашигтай бизнес нь УЛСТӨР болон хувирчээ. Хувийн компаниа өргөжүүлэх зорилгоор улстөрд орсон бизнесменүүд  хууль санаачлах болон батлан хэрэгжүүлэх эрх мэдлээ  энэ зорилгодоо л зохицуулан ашиглана. Хувьдаа компани болон бизнесгүй зарим нь шийдвэр гаргах боломжоороо аль нэгэн компаны хувьцааг үүнийхээ төлөө эзэмших болно. Үгүйдээ л тендерт оролцох, зөвшөөрөл олгоход ямар нэгэн байдлаар нөлөөлж чадсаныхаа төлөө багагүй хувь хүртэж чадна. Тэгээд дээр нь УИХ-ын
гишүүдийн өөрийн мэдэлдээ хуваарилуулж байгаа 1-3 тэрбум төгрөг нь энэ мөнгөн дээр “ажиллаж”, арвин ашиг унагаах том боломж. Яаж ч бодсон өөрийгөө зовоож хөдөлмөрлөхгүйгээр маш ихээр баяжиж болох боломж нь Монголын улстөр болж хувирчээ. Энэ боломжийн төлөө “хаясан” хэдэн сая доллараа тэд бүрэн эрхийн хугацаандаа хэд нугалан эргүүлж олж чадна. Тийм болохоор чадах чадахгүй ч хүн болгон улстөрд орж баяжихыг хүсч байна шүү дээ.

2. Нам төвтэй улстөр. Улстөрд хэн орж ийм боломжийг ашиглаж болохыг улстөрийн НАМ-ууд шийдэж байгаа. Олон жил Монголын төрийн эрх мэдлийг гартаа атгаж “амташсан” МАН, АН-ууд  ийм боломжийг мөнгөөр “худалдаж” наймаалцаж байна. УИХ-д нэр дэвшихийн тулд ил өгч байгаа олон сая төгрөгөөс гадна “ханцуйндаа наймаалцаж” байгаа асар их мөнгийг хэн ч мэдэхгүй. Тийм болохоор шийдвэр гаргадаг МАН, АН-уудын удирдах зөвлөл үндсэндээ олигархиудын “загалмайлсан эцэг” болон хувирч байна. Чи хичнээн ухаантай, шударга байгаад ч “мөнгөгүй бол хэн ч
биш” гэдэг хуулийг тэд мөрдлөг болгодог юм. Үүгээр ч зогсохгүй тэд улстөрд орсон гишүүдийнхээ шийдвэр гаргах эрхэнд нь намын нэрээр нөлөөлдөг. Ямагт амны уншлага болж байгаа “намын эрх ашиг” гэгч нь “Монгол улсын эрх ашиг”-аас дээгүүрт тавигдаад байгаад л хамаг гай нь байгаа юм даа. Тэрхүү эрх ашиг нь “чамд болон намд ашигтай” гэдэг зарчим дээр л тулгуурлаж байгаа. Та нар энэ 2 намын өөрсөддөө “хөшөө” болгон босгосон ордонгуудыг хар даа.

3. Хариуцлага хүлээдэггүй улстөрчид. Хараат бус байх учиртай шүүх болон хууль хэрэгжүүлэх байгууллагуудыг хүртэл “гартаа авсан” Монголын улстөрчид хууль зөрчсөн маш олон муу үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй болсоор удаж буй. Эцэстээ НАМ гэдэг нь хууль зөрчсөн хулгайч болон луйварчингуудыг ивээлдээ авдаг “авралын ордон” болон хувирч байна. Учир нь Дээд Шүүхийн шүүгчид болон Ерөнхий Прокурор, АТГ \Авилгалтай Тэмцэх Газар\ ЦЕГ \Цагдаагийн Ерөнхий Газар\-ийн дарга нарыг олон нийт бус улстөрчид томилж, тэдний ажлыг тэд л хянаж дүгнэж байгаа болохоор өөр арга үгүй. Эрх мэдэл авсан нам болгон дээрх албан тушаалтнуудыг эхлээд сольж өөрчилдгийг бид ч харсаар дасаж орхиж. Шударга ёсыг бий болгох зорилгоор байгуулсан АТГ нь Монгол даяар бүрхсэн “Аалзны тор” мэт авилгалын сүлжээг өдий болтол олж харахгүй байгаа нь нэгийг бодуулж, хоёрыг сануулна.

4. Баялгийн тэгш бус хуваарилалт. Хэн ч нотолж чадахгүй байгаа болон нотлох боломжгүй ч Оюутолгой, Тавантолгой болон бусад олон орд газрын баялгуудын ашиглалтаас л хэдэн зуун сая долларын авилгал олон улсын хэмжээнд “зохицуулагдах” болсон. “Дэмбэрэл юм үзээгүй” гэдгээр угаасаа ядуу байсан улстөрчид өдгөө шуналаасаа болж юуг ч хэнд ч худалдаж чадахаар болж байна.

Үүнийг дагаад Монголын баялгийг “хэн гадныханд хамгийн хямдаар худалдаж чадах вэ?” гэсэн социалист уралдаан маягийн өрсөлдөөн улстөрчдийн дунд явагдах болж. “Мөнгө
л арвин олж байвал Монголын газар шороо, байгаль орчин ч яамай байнаа” гэх бодол ч тэдний сэтгэлд эргэлдэж байгаа. Зарим бичээчид хүртэл “Монголыг монголчууд бус гадаадын хөрөнгө оруулагчид л хөгжүүлэх болно” хэмээн эрээ цээргүй сурталчлах болж. Гэсэн атлаа хуулийг нь батлалцсан УИХ-ын эрхэм гишүүн нь Оюутолгойн уурхай руу орж чадахгүй гадна нь “гомдсон хүүхэд аятай” хошуугаа унжуулаад зогсож байх жишээтэй. Харин олон нийтэд хандан “та нар ажил хийж өөрсдийгөө зовоогоод хэрэггүй, энэ их баялгаас бэлэн мөнгө өгч жаргаагаад байна” гэж амлах мөртлөө “аманд ч үгүй хамарт ч үгүй” 21 000 төгрөг дээр нь “алалцуулаад” байх жишээтэй. Эцэст нь баялгаа гадныханд хямд үнээр өгсөн улстөрчид авилгалдаа “бялуурч”, ард олон нь бэлэн өгсөн мөнгөөр архидан “солиорч” байх дүр зураг л мэдрэгдэж байна даа.
Энэ бохир тогтолцоог бий болгосон гай болон гавьяа өнөөгийн МАН, АН-д адил ноогдох болно.  Энэ тогтолцоо нь өнөөгийн Монгол орны зөв сайн хөгжил хийгээд монгол хүний хөгжил болон үнэ цэнэд муугаар нөлөөлж байгаад муу уршиг нь байгаа юм.Алив зүйл хэм хэмжээ болон савандаа байх ёстой болохоор, энэ бүхнийг өөрчлөх цаг ирж байна. Мэдээж эрүүл саруул сэтгэлгээтэй залуус  үүнийг хийх байх.

ИРГЭН баян бол УЛС баян
Өндөр хөгжилтэй гадаадын орнуудын иргэд яагаад бидэнтэй адилхан улстөрждөггүй юм бэ? гэвэл тэдний дийлэнх нь улстөрөөс хамааран савладагүй дундаж түвшиний амьдралтай байдагт шалтгаан нь байдаг юм.  Тэд өөрсдийн босгосон амьдралдаа сэтгэл хангалуун байдаг болохоор уур уцааргүй эелдэг, бусдыг хүндэлж найрсаг харьцана. Улстөрийг тэгтлээ сонирхож улстөрчдийг заавал хараагаад байх хүсэл үгүй. Иргэнийхээ хувьд  татвараа төлж, даатгалд даатгуулж, хэрэгтэй цагт бусдад болон эх орондоо чин сэтгэлээсээ тусалж чаддаг. Хэрэгжиж
мөрдөгдөж байгаа хууль дүрмээ биелүүлж байхдаа айх айдас, шаналах шаналгаагүй тайван амьдарна. Баталгаатай ажил, тайван амьдрал тэднийг өөрийн ирээдүйгээ ямагт өөдрөг харж, үргэлж залуу байхад нь ч нөлөөлж байдаг. Мэдээж дээд түвшиндээ авилгал авсан болон хууль зөрчсөн үйлдлүүд гардаг хэдий ч энэ нь тэдний амьдралд огцом нөлөөлдөггүй болохоор, буруу муу үйлдлүүд нь хуулийн хүрээнд зөвөөр шийдэгдэх болно гэж итгэдэг учраас тэгтлээ хийрхэхгүй. Улстөрийн болон нийгмийн зөв тогтолцоо нь тэдэнд ийм боломжийг олгож байгаа
болохоор тэд эх орондоо талархаж эх орноороо бахархаж, төрийн далбаагаа хүртэл гэрийнхээ үүдэнд мандуулж байдаг юм.

Гадаадад олон жил ажиллаж амьдарсан монголчууд Монголдоо яг л ийм дундаж түвшиний амьдралыг бий болгохыг хүсэцгээдэг. Түүнээс бус хэн нэгний төсөөлж байгаагаар бүгдээрээ УИХ-ын гишүүд, сайд, дарга нар болж, авилгал авахыг хүсэхгүй. Гол хүсэл нь өөрийн эх орондоо гадаадад хийж сурсан ажлаа хийж, тэнд амьдарч байсан хэм хэмнэлдээ л амьдрахыг хүсч байна. Хүүхдүүдээ яг л тэнд байсан шиг орчинд өсгөж, сайн боловсрол эзэмшүүлэхийг хүсч байна.  Хууль ёсыг сахиж тайван амьдрахыг , яг л гэртээ байгаа мэт гудамжинд тааралдаж байгаа хэнтэй ч болов инээмсэглэн найрсаг хандахыг хүсч байгаа. Замын түгжрэлд орохдоо уурлаж харааж бухимдалгүй бие биедээ зам тавьж өгч, замын хөдөлгөөнд соёлтой оролцдог байхыг хүсч байгаа. Машинаа зогсоол дээр тавихдаа толийг нь хулгайд алдчих вий гэж санаа зовохгүй, баар ресторанд орж тухлахдаа хэн нэгэн согтууд доромжлуулан, зодуулчихгүй байхыг хүсч байна. Ажил хийж олсон мөнгөө хэн нэгэнд ажлаа бүтээлгэхийн тулд авилгал болгон өгөхийг хүсэхгүй. Заавал хэн нэгэн танилаа царайчлан, бэлэг сэлт өгч байж хүүхдээ гайгүй сургуульд оруулахыг хүсэхгүй байгаа. Хичээлдээ явсан хүүхэд нь  уйлсаар ирж “би дахиад ийм сургуульд очмооргүй байна, буцья л даа” гэж учирлан гуйхыг сонсмооргүй байгаа.
Гадаадад ажиллаж амьдарч байсан маш олон монголчууд эх орондоо буцацгааж байна. Тэд эх орондоо очоод өөр өөрсдийн боломж чадлаараа ажиллаж эхэлж байна. Тэд хоолны газар нээхдээ хэзээ ч зарим  хятад, солонгосчууд шиг заваан орчинд ажиллахгүй. Тэд барилгын засвар чимэглэл хийхдээ эзнийг нь чанаргүй зүйлээр хэзээ ч “хулхидахгүй”. Тэд засвар болон үйлчилгээний чиглэлээр яг л гадаад оронд ажиллаж байхдаа ажиллаж байсан шигээ л ажиллах болно. Тэд үйлчлүүлэгч “хаан” гэдгийг жинхэнэ утгаар нь мэддэг. Компьютерийн программ хангамж
болон дизайны чиглэлийн олон залуус Монголын Брендийг дэлхийд гаргахыг хүсч хичээж байгаа.

Xууль болон  эдийн засаг, байгаль хамгаалах болон үнэлгээ хийх,уул уурхайн чиглэлийн мэргэжилтэй залуус Монголдоо очиж дэлхийн хэмжээний чадвараа харуулахыг хүсч байна. Тэд хэзээ ч бусдад найдаж хүлээлгүй өөрийн боломж чадлаа дайчлан ажиллаж чадах болно. Тэд цагийн үнэ цэнэ, мөнгөний үнэ цэнийг маш сайн мэддэг, алив ажлыг чин сэтгэлээсээ л “хүний төлөө” гэсэн бодлоор хийж чаддаг. Тэд ийм чадвараараа Монголын дундаж түвшний амьдралын олонхийг бүрдүүлэх болно. Одоо гагцхүү тэдэнд ийм боломжийг л олгох хэрэгтэй байна. Дэмжиж чаддаггүй юм гэхэд ядаж л саад болохгүй байвал болох нь тэр. Тэд бол “урвагчид” бус өөрийнхөө зардлаар өөрийгөө хөгжүүлж чадсан монголын залуус. Эд  өөрсдийн дундаж түвшиний амьдралаа өөрийн хөдөлмөр зүтгэлээр бий болгохдоо Монголыг хөгжүүлж чадах хүмүүс.
2012 оны Монголын улстөрийн сонгуульд “Монголын дундаж түвшиний амьдралтай хүмүүсийг дэмжиж бий болгох” зорилт дэвшүүлсэн НАМ-ыг дэмжихэд бид бэлэн байна. Гэхдээ үүнийг хоосон тунхаглалаар бус маш нарийн боловсруулсан хөтөлбөр болон хэрэгжих баталгаан дээр шүү. Иргэдэд бэлэн мөнгө тараах биш, ажлын байр бий болгох, гадаадаас Монголдоо буцаж ирж байгаа залуусыг дэмжих, нийгмийнхээ буруу хандлагыг цэвэршүүлэх, шударга зарчмыг  тогтооход л хангалттай. Нэгэн цагт “Иргэн баян байж улс баян болно” гэж хэлж, санал болгосныхоо төлөө Данзан агсан буудуулсан. “Тунгалаг Тамир”-ын голын мөсийг долоох шахан байж цуглуулсан бүх хөрөнгөө Итгэлт баян хураалгасан. Хүн өөрийн гэсэн хөрөнгөө алдан ядуурч эхлэх мөчдөө сэтгэл санаагаар ядуурч, бусдыг үзэн ядаж эхэлдэг. Бид 70, 80, 90 жил ядуугаараа бахархаж, ядуу сэтгэлгээндээ даслаа. Одоо өөрчлөгдөх цаг болж байна. Бид өөрсдийн сэтгэлгээнээсээ л эхлээд өөрчлөгдөх болж байна. Ядуу хүмүүс хогоо хаана ч хамаагүй хаядаг бол баян хүн хэзээ ч хогоо газар хаядаггүй. Монголчууд бидний БАЯН болох эхлэл хогоо хогийн
саванд хийхээс л эхлэх болно.

Төгсгөл
Энэхүү 3 цувралыг бичихдээ гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын талаар өөрийн мэдэж бодож байгаа зүйлсээ бусадтай хуваалцах гэсэн хэрэг. Энэ бол миний л хувийн бодол санаа болохоор алдаа оноотой олон зүйл бишгүй л байгаа. Баримтгүй болохоор тэр болгон ишлэл авах боломжгүй.  Бас хүн болгонд таалагдах албагүй. Олон ч хүмүүс “чи худлаа цэцэрхэж байхаар Монголдоо ирээд эх орноо хөгжүүл л дээ” хэмээн зэмлэдэг. Надтай адил бичдэг олон ч хүмүүс бас ийм шүүмжлэл сонсож байгаа. Бидний хүмүүс очоод Монголыг хөгжүүлнэ гэж юу байхав.

Монголыг хөгжүүлэх бодлого болон шийдвэр гаргах эрх мэдлийг, бид одоогоор харааж зүхээд байгаа улстөрч гэж нэрлэдэг хүмүүстээ сонгуулиар санал өгч байж өгдөг. Бид өөрсдөө сонгодог. Муу сонголтынхоо үр дүнг “яамар ард түмэн байна, тийм төр байдаг” гэсэн хэллэгээр эдэлнэ. Нэгэнт сонгосон хойно “орсон борооны хойноос эсгий нөмрөн” мянгантаа хараагаад ч нэмэргүй. Харин бид “Үндсэн хууль”-д заасан эрхийнхээ дагуу өөрийн санаа бодлоо бичиж эсвэл амаар ярьж илэрхийлдэг. “Намайг шагнаад эсвэл магтаад өгөөч” гэж  бичээгүй болохоороо бас нүүр бардам байдаг. Хэдийгээр гадаадад байгаа ч бидний эх орныхоо төлөө болон монгол залуусын төлөө хийж чадах боломж нь энэ.
Гэхдээ би Монгол орныхоо сайхан ирээдүйд итгэдэг. Бид буруу муу талыг нь харж шүүмжлээд байгаа болохоос Монгол минь хөгжиж л байгаа. Алдаа онооны олон дэнсийг туулж байна. Зарим хүмүүс хэсэг алдааны дараа, эсвэл хөгжилд саад болоод байгаа бидний үеийнхэн бүгдээрээ бурханы оронд морилсны дараа Монгол минь сайхан болно гэж нотлох нь ч бий.  Үгүй л дээ. Бид заавал бусдын алдааг мэдсээр байж давтах хэрэгтэй гэж үү? Буруу тогтолцоо байгаа нь мэдрэгдсээр атал заавал түүнийг дагаж өөгшүүлэх хэрэгтэй гэж үү? Байгалийн баялаг нь байсаар атал оюуны хоосролоор барж дуусгах гэж үү?
Байгалийн асар их баялаг, түүнээс олж болох хэдэн их наяд төгрөг биднийг хөгжүүлэхгүй. Энэ бол бидэнд олдож байгаа асар том боломж бурханы хишиг. Харин энэ их боломжин дээрээ түшиглэн монголчууд бид өөрсдөө л хөгжих хэрэгтэй байна. Хүний хөгжил шиг үнэтэй зүйл хаана ч үгүй. Бид өөрсдийгөө хөгжүүлж чадвал баян болно. Бид баян болбол улс баян болно. Гадаадад олон жил болсон монголчууд бас монголдоо байгаа олон монголчууд энэ цаг дор өөрсдийгөө хөгжүүлж байгаа. Хүний хөгжил гэдэг маш жижиг зүйлээс, бие биентэйгээ мэндлэхээс, шүлс цэрээ газар хаяхгүй байхаас л эхэлдэг.

Энэ онд их сонголт айсуй. Бидний сонголтоос бидний ирээдүй хамаарна. Бүх өөрчлөлт гэнэт явагддаггүй, аажим аамжаар хийгддэг. 2012 оны сонгуулийн дараа 2016, 2020 оны сонгуулиуд ч бий. Энэ болгон бас л бидэнд олдож байгаа их боломж. Юу юунаас илүү гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сайн боловсрол эзэмшсэн, монголдоо ч шударга ёсны төлөө цуцалтгүй тэмцэж байгаа олон сайхан залуусыг бид дэмжих хэрэгтэй байна. Тэдний үе айсуй.
…Түүхэнд нэрээ алдар гавьяатайгаа мөнхөлсөн Монголын аугаа их хаадууд дэлхийн талыг эзэлж эрхшээж байхдаа нэгэн цагт хүлгийн жолоог Монгол нутгийн зүг залж буцдаг байсан. Сүрлэг уулс, түрлэг давалгаа, гайхам зохицол, дуу алдам байгаль, зөөлөн дулаан уур амьсгалыг ч тэд тоолгүй, хатуу ширүүн уур амьсгалтай  эх нутагтаа л тэмүүлдэг байсан. Хангинатал янцгаан үүрсэн нутаг руугаа эргэцэх монгол хүлэг морьд, хуяг дуулгаа агссан монгол баатар эрс энэ л нутагтаа тааваар жаргадаг байсан юм. Уртын дуу нь тэнгэрээс наранд хүрч эгшиглэхэд, ууж буй айргийн үнэр нь хамар цоргион ханхийхэд, тааны амт шингэсэн хонины мах нь царан дээрээ уур савсуулж байхад, талаар билчсэн мал сүрэг нь тайван налайж байхад, сайхан монгол бүсгүй саалийн хувингаа  сугавчлан айсуй байхад, сарны гэрэлд монгол гэрүүд тодорч байхад монголчууд жаргаж байдаг. Өнөө цагийн монголчууд бид ч өдгөө цагт Монгол эх орон руугаа буцан нүүж буй.

МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААН ХӨГЖИЖ, МОНГОЛ ОРОН МАНДАН БАДРАГ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2012-02-18