ЛИЙВЭНГИЙН БҮСГҮЙЧҮҮД

Тайлбар: Live-in \лив-инь\ гэдэг нь өндөр настай хүнийг гэрт нь очиж асрах үйлчилгээг нэрлэдэг аж. Ийм ажил эрхэлдэг монголчууд өөрсдийн дуудлагаараа лийвэн гэж дуудна.
…Хүнд өвчний улмаас хэвтэрт орсон бүсгүйг асрахаар хариуцдаг компанитай нь гэрээгээ хийчихээд гэрт нь орсон тэрээр жаахан эвгүйцэн цочив. Гэр орон нь тоос шороондоо дарагдаад, хамаг юмс нь ундуй сундуй, угаагүй хиртэй хувцаснууд нь шкафны хаалгаар хөглөрч үзэгдэнэ. “Хичнээн өвчин зовлонтой байсан ч гэлээ ийм бохир замбараагүй байж болно гэж үү” гэж амандаа үглэн шууд л угааж цэвэрлэх ажил руу орлоо. Бүх хувцаснуудыг нь угаалгын машинд угааж хатаан шкафанд нь эвхэж хийн, хоолны үлдэгдэлтэй нь хамт угаалтуур дотор овоолоод орхисон аяга тавгуудыг угааж арчин саванд нь хийж, хэзээ хамгийн сүүлд угааж арчсан нь үл мэдэгдэх хана болон шалны ирмэгүүдийг нойтон арчуураар савандан угааж, цонхны шилийг гялалзуулан арчиж, ил далд бүх л тоос шороог арчиж цэвэрлэж дуусав. Хичээсэндээ анзаарах сөхөөгүй байсан хөлсөө арчин, цэв цэвэрхэн, бүх зүйлс нь эмх цэгцэндээ орсон өрөө тасалгаагаа хараад өөрийн эрхгүй амсхийж сэтгэл нь уужрах аж.
Бага байхдаа гэрээ цэвэрлэхэд нь ээж минь цэвэрлэсэн газраас нь яаж ийгээд тоос олж харуулахад нь хорссондоо уйлах шахдаг сан. Ээж минь их нямбай хүн. Санаатай ч юм шиг хийсэн ажлаас нь өө олж голохдоо, хариуд нь шаралхсан түүний царайг нь нухацтай гэгч харснаа “Охин минь бүсгүй хүн юухныг ч хийгээд сурна гэдэг эрдэм юм шүү дээ. Бүсгүй заяа гэдэг чинь хаа явсан газраа ажилтай, унд хоолтой, хэн хүнд халамжтай байсны хүчинд өөдрөг өнгөтэй болдог юм. Ажил хүнийг голохоос хүн ажлыг голдоггүй юм” хэмээн сургамжилна. Ойворгон хэнэггүй залуу насны бардам араншингаар ээжийнхээ сургаж сануулсан бүхнийг чихнийхээ хажуугаар өнгөрөөх авч, намрын хяруу шиг насны сүүдэр дор харийн энэ нутагт сэтгэлийн тэртээд дурсамж сэдрээх юм гэж санасангүй явжээ. Ээж хүн бүсгүй үртэйгээ зангидсан сэтгэлийн холбоосоо хэзээ ч тасалдаггүй аж. Энэ өдөр ээжийнхээ төрхийг сэтгэлдээ харж, учирлах яриаг нь зүрхэндээ сонсохдоо санаж үгүйлсэн сэтгэлээ аргадан, нулимсаа сэмхэн арчиж тайтгарав. Дотор нь уужрах шиг.
Хүнд өвчний улмаас зөвхөн толгойгоо хөдөлгөх төдий болсон бүсгүйг өрөөнд нь орж хараад өрөвдөв. “Хөөрхий минь дээ өвчин гэдэг чинь цагаа тулахаар сайн муу, сайхан муухайг ч ялгахгүй юм даа. Хичнээн гоо үзэсгэлэн, хичнээн сайхан сэтгэл ч өвчний өмнө  цөхөрч, сөхөрдөг аж” Тэрээр бүсгүйн биеийг эргүүлж тойруулан угааж арчин, дараа нь тосоор тослон дулаан хөнжлүүр нь хучихдаа магнайг нь зөөлөн илбэж санаа алдлаа. Түүний нүднээс талархсан сэтгэлийн очийг олж харахдаа өөрийн эрхгүй инээмсэглэв. Зөндөө удаан сураглаж бас хүлээж байж хийж эхэлсэн лийвэнгийн ажлын анхны өдөр ингэж эхэллээ. Өвчтнөө унтахаар нь гэрийн доторхи бүх юмсыг үзэж, өөрийн чадах хэмжээндээ цэгцэлж янзлан сэтгэлдээ хүртэл цэвэрлэж тохиуулаад санаа нь амрав. Сайхан цай чанаж, амттай хоол хийсний дараа л “гэртээ байгаа юм шиг” түүнд санагдах аж.
Харин маргааш нь өвчтэй эмэгтэйн хүү нь эмчийг нь дагуулж гэрт нь орж ирээд зогтуслаа. Хамаг зүйлс нь амь орсон мэт гял цял болсныг хараад өөрийн эрхгүй гайхан дуу алдаж “Чи энэ бүхнийг хийгээ юу?” гэж асуулаа. “Тийм ээ” гэх түүний хариултад тэд гайхаж баярласан харцаар сэтгэлээ илэрхийлэв. Бүх зүйл ингэж л эхэлсэн. Түүнээс хойш тэрээр энд өөрийн гэртээ байгаа юм шиг байж, өвчтэй бүсгүйг ээжийгээ асарч байгаа юм шиг л халамжилж тойглоно. Хүү нь, эмч сувилагчид ч түүнд итгэж, сэтгэлээ шингээсэн үйлчилгээ болгоныг нь бишрэн хүлээж авна. Анх ажилд ороход нь “Хоёрхон жилийн настай юм шүү” гэж учирласан эмэгтэйг тэрээр 8 жил асарсан юм. Хэдийгээр ярьж сэтгэлээ илчилж чадахгүй ч харь тэр эмэгтэй “Би чамд хайртай шүү” гэж түүнд ойлгуулж чаддаг болсон гэдэг. Биднийг тэднийд очиход тэрээр гэрээ харуулж, өөрөө зав чөлөөгөөрөө хатган чимэглэсэн буйдангийн бас сандлын бүтээлгүүд, цэцгийн тавиур тэр ч бүү хэл дулаахан нөмрөг сэлтийг бидэнд үзүүлсэн юм. Түүний сэтгэл нь шингэсэн бүх зүйл гайхалтай сайхан, бас халуун дулаахан байв.
…Өнгөрсөн оны 8 сард “Яагаад?” нэвтрүүлгийн зураг авалтаар Чикаго хотод очин энэ сэдвээр дугаар бэлтгэхээр зорьж Д.Цэцгээтэй уулзахдаа энэ бүхнийг үзэж, сонсож мэдрэв. Камерны өмнө суугаад чин сэтгэлээсээ ярьсан түүний яриаг бид амьсгаа даран чагнаж, сэм сэмхэн нулимсаа арчиж, төгсгөлд нь уртаар санаа алдацгаасан. Чикаго хотод монголчуудын олноороо хийдэг лийвэнгийн ажлын талаар сонсож байсан боловч ингэж сэтгэл зүрх шархиртал мэдэрч байсангүй. Энэ мөчид монгол бүсгүйчүүддээ талархан, тэднээр бахархах бахархал сэтгэлд минь асч байв. “Энэ тухай заавал бичих юм шүү” гэж өөртөө амалсан ч амжил болсонгүй зөндөө хугацааг өнгөрөөжээ.
Сүүгээ өргөж хүлээх эжий нь
Сэтгэлд нь уяатай байдаг болохоор
Сүүн цагаан сэтгэлээрээ тэд
Сувилж асраад тэнхрүүлчихнэ
Сувилагч гэлтэй
Ардын уламжлалт  аргаа дээдэлсэн
Арга билэгт аавын охин болохоор
Ариун сайхан сэтгэлээрээ
Анагааж тордоод эдгээчихнэ
Эмч гэлтэй
Уран гартан монгол эхийн охин болохоор
Уранхай цоорхойг нь нөхчихнө
Орон гэрийг нь тохижуулж
Оёдол хатгамлаар дүүргэчихнэ
Оёдолчин гэлтэй
Үсийг нь тайрч, будаж буржийлгаад
Үсчний задрлыг нь хэмнэчихнэ
Хөл гарынх нь хумсыг авч будаад
Хөөрхий эмгэдийг харваас өнгө оруулж орхино
Гоо засалч гэлтэй
Хоол хүнсийг нь ч цуглуулна
Хоршоо дэлгүүрээр ч хэснэ
Эмчийн үзлэгт ч хүргэнэ
Эм тариаг нь дөхүүлнэ
Жолооч гэлтэй
Элэгдэж эвдэрсэн эд хогшлынх нь
Эрэг боолтыг ч чангалчихна
Эндэгдэж хэрвээ дугуй нь хагарчихвал
Эвлэгхэн нь аргагүй сольчихно
Засварчин гэлтэй
Элий балай болсон нэгнийх нь
Эвийг нь тааруулж аргадна
Эрлэгт очихоос нь өмнө
Эмзэг сэтгэлийг нь тайтгаруулна
Сэтгэл зүйч гэлтэй     \Д.Цэцгээ\
Энэ бол Америк дахь Монголчуудын Утга Зохиолын Нийгэмлэгээс 2015 онд хэвлүүлсэн “Хөх зөнтэй шүлгүүд” номонд орсон Д.Цэцгээгийн  “Ээ дээ, энэ лийвэнгийн хүүхнүүд үү?” нэртэй шүлгийн хэсэг нь. Лийвэнгийн ажлыг хийж буй олон монгол бүсгүйчүүд ийн ажиллаж амьдарч байгаа. Багаасаа гэр орныхоо ажлыг хийгээд сурчихсан, аав ээж, дүү нараа арчилж халамжлаад сурчихсан монгол бүсгүйчүүдэд илэрдэг хамгийн сайн чанар нь “сэтгэл”. Хийж буй бүх ажилдаа сэтгэлээ шингээж хийдэг болохоор тэд бусдаас ялгардаг. Сэтгэлээ шингээж хийж байгаа бүхэн нь заавал бусдын сэтгэлд хүрдэг юм. Д.Цэцгээд тэр эмэгтэйн хүү нь, талархсан сэтгэлээр “Бенз” машин авч өгснийг бидэнд хоол авч ирэхдээ унаж ирсэн байв. Бусдад чин сэтгэлээсээ өргөсөн сайхан сэтгэлийн хариуд талархал шингэсэн сайхан сэтгэл ирдэг аж.
…Нэг монгол бүсгүй өөрийн асарч буй эмгэнийхээ харамч, нарийн зантайг өөчилж бусаддаа ярьдаг байж л дээ. Асарч байх хугацаандаа тэр бүсгүй жирэмсэн болсон гэдэг. “Яанаа одоо намайг ажиллуулахгүй байх даа” гэсэн айдсынх нь хариуд тэр эмгэн нэг өрөөгөө суллан, хүүгээ төрүүлсний дараа хамт амьдруулжээ. Хэдэн жил хамт амьдарсны эцэст эмгэн бурхны оронд одлоо. Нэг өдөр эмгэний охин өмгөөлөгчтэйгээ хамт мөнөөх бүсгүйтэй уулзаж эмгэний гэрээслэлийг танилцуулсан гэнэ. Тэгэхдээ “Чи ээжийг минь маш сайн асарсанд бид талархаж байнаа. Ээж минь гэрээслэлдээ чамд мөнгө үлдээжээ. Хэрэв энэ мөнгө чиний амьдралд хүрэлцэнэ гэж бодож байвал хүүгээ аваад нутагтаа очиж амьдрахыг хичээгээрэй, ээж минь тэгж хүссэн юм шүү” гэж хэлсэн гэдэг. Тэр үеийн ханшаар эмгэний гэрээсэлж үлдээсэн мөнгө амьдралд нь тулгуур болохоор хангалттай их байсан гэнэ билээ. Бид хүмүүсийн гадаад төрхийг нь харахдаа дотоод сэтгэлийг нь тэр болгон мэдэрдэггүй. Бие биеэ сүлсэн сайхан сэтгэлийн илчинд хүмүүс дулаацаж байдаг. Авсандаа аваад орж болдоггүй их мөнгөнөөс хүмүүсийн бие биедээ өгч чадаж буй сайхан сэтгэл дэндүү их үнэтэй. Тэр болгоныг хэмжиж чадна гэж үү?
Ээ дээ, энэ лийвэнгийн хүүхнүүд үү
Онцгой төрсөн тэдэнд чадахгүй зүйл гэж даанч үгүй
Онцолж нэг хэлэхэд тэднээр бахархахгүй гээд яах юм бэ
Өвдөж зовох бүрийд нь
Өрөвдөж нэг сэм уйлна
Өвчин нь илааршаад ирэхээр
Өөрийн эрхгүй л баярлана
Өдөр өдрөөр хөгшид өнгө орсоор
Өрөөлийн гэрт зочлохдоо ч
Өвөг дээдсийнхээ заншлыг өвлөсөн
Өнөөх монгол бүсгүйгээ л магтана
…Холын холд орших
Хүйгээ цөглөсөн нутгаа санагалзан
Хүний нутгийн тэнгэрт цайныхаа дээжийг өргөн
Хотол Монголынхоо төлөө залбирах
Холч ухаан холын бодолтой лийвэнгийн хүүхнүүд үү
Эдэнд чадахгүй зүйл гэж нэгээхэн ч үгүй   \Д.Цэцгээгийн шүлэгнээс\
Ажил амьдралын эрхээр харь нутагт ажиллаж амьдарч байгаа монголчуудын хийж буй ажлуудын нэг нь лийвэнгийн ажил. “Хн, хүний нутагт бусдын өтгөн шингэнийг цэвэрлэж амьдарч байгаа байж” хэмээн мөчидхөн бодож, доромжхон ханддаг хүмүүс цөөнгүй бий. “Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин зовлон” гэдэг хэнийг ч ялгадаггүй. Тэр мөчид хүний сайхан сэтгэл, хайр халамж л үгүйлэгддэг. Өтгө шингэн, өнгө мөнгө энэ их хайр халамжийн дэргэд юу ч биш. Өвдөж шаналсан, ганцаардаж зүдэрсэн буурлууд энэ амьдралаас хурааж цуглуулсан мөнгөө биш, бусдын хайр халамжийг сэтгэлдээ тээж, талархсан сэтгэлийн тайвшралаар л амар амгалан буцдаг аж. Сүүлийн мөчдөө бусдын хайр халамж, сайхан сэтгэлийг мэдэрнэ гэдэг сайхан хувь тавилан.Олон олон монгол бүсгүйчүүд бусдад ингэж тусалдаг. Ээж ааваа ачилж чадаагүй харууслаа хайр болгон бусдад өгдөг байх. Буянтай ажил. Тэр тусмаа сэтгэлээ заавал шингээж буян болдог монгол бүсгүйчүүд мундаг. Монголчууд төдийгүй харийнхан хүртэл та нараар бахархаж байна.
“Яагаад?” нэвтрүүлгийн багийнхан энэ сэдвээр дугаар бэлтгэж байхдаа “Монголд минь яагаад ийм байж болохгүй гэж?” хэмээн бас л бодоцгоосон. Өөрсдөө ажил төрөл ихтэй хэрнээ өвдөж зовсон, шаналж ганцаардсан хэн нэгнийхээ төлөө байнга зовинож, ар гэр болон ажлын ачааллаа даалгүй туйлдаж ядарцгаадаг. Өөр хүнд найдаж болохгүй, өөрөө бүрэн асарч чаддаггүй, ажлаа ч тайван хийж чадахгүй тэвдэж, асарч тэнхрүүлж чадахгүйдээ бухимдаж тэр болгоныхоо эцэст ядарч цуцна. Энэ бүхэн бидний сэтгэлд шаналал, харуусал болон үлдэх тохиолдол ч бий. Энэ асуудлуудыг шийдэж болох гарц нь бусдад итгэх итгэл, бусдаас авч болох хайр халамж, сайхан сэтгэл юм. Сайхан сэтгэлтэй зөндөө олон бүсгүйчүүд бусдад тус болох сон гэж хүсч буй. Ойр дотны хүмүүсээсээ гадна бусад өвдөж шаналсан, өвгөрч доройтсон хүмүүст тусалж, тэднийг баярлуулах боломж монголчууд бидэнд байгаа. Учир нь бид чинь аль багаасаа энэ бүхнийг амьдралынхаа нэгэн хэсэг болгон, сэтгэлээ шингээн хийж сурсан монголчууд шүү дээ. ИЙМ САЙХАН СЭТГЭЛИЙГ МӨНГӨӨР ҮНЭЛЖ БОЛНО ГЭЖ ҮҮ? МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД МААНЬ МУНДАГ ШҮҮ ДЭЭ.

2 Comments

  1. Anonymous

    March 29, 2016

    Өндөр настай хун асрах сжлын талаар маш тодорхой бодит байдлыг бичжээ
    Яг л ийм амьдралын дунд Монгол бусгуйчууд хөдөлмөрлөж олсон хэдэн мөнгөө ар гэр аав ээж үр хүүхдүүдээ гээд л цувүүлсаар олон жил харийн нутагт ажиллаж амьдарсаар байгаа
    Сайхан бичжээ
    Баярлалаа
    Яагаад нэвтрүүлгийн хамт олонд уран бутээлийн амжилт хүсэe

  2. Anonymous

    April 27, 2016

    Яагаад төсөл хүн бүрийг ойлгоосой хараасай гэж хүссэн зүйлсээ эрж, хайж идэвхи зүтгэл сэтгэл гаргаж хйисэн мундаг ухаарал, их бодрол юм шиг санагддаг. Баярлалаа

Share Your Thoughts