ЛОС-АНЖЕЛОСИЙН “МОНГОЛ НОМЫН САН”

Нэг. Номын сан
…Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын эх оронтойгоо холбогдох сэтгэлийн нэгэн шижим нь ном. Эх нутгаа санаж бэтгэрсэн сэтгэлээ номоор аргадаж, ухаарлаар тэтгэдэг хүмүүс олон. Олдох жаахан зав боломжиндоо монгол номоо уншиж байхдаа урьд нь тэгтлээ анзаардаггүй байсан олон зүйлийг анзаардаг. Бас монгол хэлнийхээ уран яруу хэллэгийг анзаарч “нээрээ монгол хэл минь ямар ч баялаг үгтэй юм бэ?” гэж бодох. Гадаад хэл сурах гэж олон үгсийг цээжилж байхдаа “энэ үгийг монголоор юу гэж орчуулах билээ?” гэж бодох дор модны мөчир мэт салаалсан утгуудын янзыг анзаардаг. Монголоо санасан сэтгэл дээр Монголоороо бахархах бахархал нэмэгдэхээр, өөрийгөө “монгол хүн” болж төрсөн хувь заяандаа сүсэлнэ.
Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудад ах дүүс нь Монголоос ном явуулна. Хааяадаа утсаар ярихдаа “Эндээс хүн явах гэж байна, юу захих вэ?” гэхээр “Шинээр гарсан ном олоод явуулаарай” гэх. Ингэж цугласан 100 гаруй номоо “хэрхэх тухай?” Г.Алтанхуяг, Б.Ган-Энхбаяр хоёр ярилцсан гэдэг. Уншиж дууссан номоо зүгээр л хадгалаад байсанд орвол бусад монголчууддаа уншуулах боломжийн талаар тэд зөвлөлдөж “номын сан” байгуулахаар шийджээ. Энэ санаагаа тэр үед Лос-Анжелосийн “Монголчуудын Холбоо”ны залууст хэлж , тэд дэмжсэнээр “Монголчуудын Холбоо”-ны тэргүүнээр ажиллаж байсан Дашдоржтой “хамтран ажиллах” гэрээ байгуулсан аж. Тэд өөрсөд дээрээ байгаа 148 номоо авчирч, түүн дээр нь бусад монголчууд мөн л өөрсөд дээрээ байгаа номнуудаа авчирч хандивласаар нийтдээ 200 орчим ном цуглаж, Америк дахь анхны “монгол номын сан” 2009 оны 2 сарын 22 нд байгуулагджээ.
Шинэ зүйлийг сэдэх амархан. Санаачилж ажил хэрэг болгох тийм ч амар биш. Цөхрөлтгүйгээр хичээн зүтгэж байнгын үйл ажиллагаа болгон, аажим аажмаар олон нийтийн талархал, дэмжлэгийг хүлээдэг болгох гэдэг бүр ч амаргүй. Уулзаж учирсан хүн болгондоо “Манайх монгол номын сан ажиллуулж байгаа ” гэж учирлах, элдэв арга хэмжээ болгон дээр оролцож номын сангийнхаа тухай тайлбарлах, хүмүүсийг ятгаж ном цуглуулах, гаднаас ирсэн зочдод санаа бодлоо тайлбарлаж “номын сан”-гаа сурталчлах болгон нь ажил хэрэг. Аажим аажмаар нэмэгдэх үйлчлүүлэгчид гэрт нь байгаа номын санд “зочилж”, гэрийн эзэгтэйн цай хоолоор дайлуулангаа санаа бодлоо хуваалцана. Ам дамжсан сурталчилгаа болгон нь үйлчлүүлэгчдийг нэмэгдүүлдэг.Жил жилийн урсгалд тасралтгүй, уйгагүй энэ л зүтгэлийн шимээр өдгөө 700 гаруй номтой болон өргөжижээ. Ном, сэтгүүлүүдээ төрөлжүүлэн ангилж, бүгдийг нь каталогижуулан бүртгэж, унших болон зарж борлуулах ном гэхчилэн ялгаж салгасан байсныг гэрт нь зочлохдоо үзсэн.
Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ нд консулаар ажиллаж байсан Г.Ганболд өөрийн орчуулсан 2 номоо “гарын үзэг” зурж бэлэглэснээс эхлээд , зохиолч Тогмид өөрийн бичсэн “Хувь заяаны цадиг” номын 5 дэвтэр, “Цагдаагийн дууль” номын 3 дэвтрийг бэлэглэж, оньсон тоглоомын мастер Түмэн-Өлзий, МУГЖ Ё.Цог, жүжигчин Б.Болормаа, зохиолч Т.Бум-Эрдэнэ, МУГТ боксчин Н.Энхбат зэрэг олон олон хүмүүсийн бэлэглэсэн номнууд нь номын фондыг арвижуулжээ. Ном бүтээнэ гэдэг буянтай үйлс. Бусдад ном бэлэглэнэ гэдэг түүнээс ч дутахгүй сайхан үйлс. Хэн нэгний бэлэглэсэн амттаныг хүмүүс тухайн үедээ амтархан идээд дуусгадаг бол, ном бэлгэнд авсан хүмүүс заавал уншдаг. Идэж буй амттан хүний ходоодыг хэсэгхэн хугацаанд баярлуулдаг бол, уншсан ном хүний оюун сэтгэлийг насан туршид нь баярлуулна. Тэр тусмаа харь оронд монголчууддаа зориулан байгуулж, тасралтгүй ажиллуулж байгаа энэ номын сан олон олон монголчуудын сэтгэл оюунд ухаарал, бахархлыг түгээж байна. Сайхан үйлс шүү.
Наран ургадаг ертөнцийн зүүн хязгаараас
Насан хутаг оршсон буурал дээдсийн нутгаас
Алдарт Монголын “Нууц товчоо”
Алтан нарны гэрлээр цацарч
Жангар Гэсэрийн домогт туульс
Жаргалын найман ажнай шиг хатирч
Номхон дөглөөн далайн их усны хөвөөнд
Монголоос “ном” нүүж ирлээ
\Батсүхийн шүлгээс\

utga-2-2

Хоёр. “Утгын чимэг” уран уншлагын наадам.
Нэгэнт байгуулсан номын сангаа олон олон хүмүүст хүргэхийн тулд тэдний санаачилж зохион байгуулсан нэгэн арга хэмжээн нь “Утгын чимэг” богино өгүүллэгийн уран уншлагын наадам. 2009 онд анхны наадамд Мөнхцэцэг, Батсүх, Вандан, Болортуяа, Тулгат, Билгүүдэй, Мөнхболд, Бишүүгарам, Үйлстөгөлдөр нар, 2010 оны наадамд Уранчимэг, Батсүх, Билгүүдэй, Дашдорж, Ган-Энхбаяр, Бишүүгарам, Мөнхцэцэг, Сурмаажав нар, 2011 оны наадамд Сосорбарам, Хандсүрэн, Ганчимэг, Батсүх, Энхжаргал, Вандан, Хантсүрэн, Уранчимэг нар, 2012 оны наадамд Оюүнаа, Дөлгөөнмөрөн, Лхагва, Сосорбарам, Заяа, Бат-эрдэнэ, Солонго, Дариймаа нар оролцож байжээ. Энэ жил болсон 5 жилийн арга хэмжээнд зориулж тэдний Монголд хийлгэсэн шаазан аяга дээр энэ нэрсийг ингэж бичсэн байсан нь содон байв.
2011 онд зохион байгуулагдсан “Лос-Анжелосийн Соёлын өдрүүд”-ийн арга хэмжээнд оролцож явахдаа би, анх энэ арга хэмжээг сонирхож байсан юм. Монголын зохиолчдын бичсэн богино өгүүллэгүүдийг уран яруу уншиж байгаа уншигчдыг шалгаруулан урамшуулж байсан нь, Америктаа бас л анхдагч нь. 2011 оноос Денвер хотноо анхлан зохион байгуулагдаж, 2012 онд Чикагод үргэлжилж, энэ намар Вашингтон ДС хотноо болох гэж байгаа “Америкийн монголчуудын “ТУЛГА” уран үгсийн чуулган”-ы “үзэгчдийн таашаалд нийцсэн уран уншигч”-ийн тусгай шагналыг Лос-Анжелосийн “монгол номын сан” шалгаруулан олгодог болсон нь, бие биенийхээ санаачилсан сайн үйлсийг дэмжиж байгаагийн нэгэн илрэл. Америкт ажиллаж амьдарч байгаа монголчууддаа болон тэдний үр хүүхдүүдэд Монголын утга зохиол, яруу найргийн тансаг сайхныг мэдрүүлж, сэтгэлийн чанад дахь хөг эгшгийг уярааж, эх орноо санаж бэтгэрсэн сэтгэлийг тайтгаруулан аргаддаг сайн үйлсийг тэд түүчээлж яваа.
-“Утгын чимэг” наадмыг зохион байгуулах амаргүй шүү дээ. Гайгүй уншдаг хүмүүсийг олж гуйж ятгахаас эхлээд , аргадаж бэлтгүүлэх, тэгээд оролцуулах гээд “зовлон” мундахгүй. За тэгээд арга хэмжээ болох байраа олох, түүнийг засч чимэглэх, нэгэнт оролцож байгаа хүмүүсээ урамшуулж шагнах гээд ажил мундахгүй. Эхэндээ амаргүй байсан. “Шаварт унасан шарын эзэн” гэдгээр хоёулаа л бүхнийг зохицуулна шүү дээ. Сүүлдээ хүмүүс ойлгож дэмжээд, одоо арай л дээр болж байна. Энэ болгоныг ингэж хийх гээд зүтгээд байгаа чинь, угтаа бол монголчуудыгаа “номны амтанд оруулах” гэсэн л санаа юм шүү дээ гэж Б.Ган-Энхбаяр хуучилсан. Гэхдээ л миний мэдэхийн энэ арга хэмжээний нөлөөгөөр “уран уншигчид”-ын ур чадвар сайжирж байгаа. Лос-Анжелосоос оролцож байгаа Сосорбарам, өнгөрсөн жилийн Чикаго хотод зохион байгуулагдсан “Уран үгсийн чуулган”-д тэргүүн байр эзэлсэн нь үүний нотолгоо. Эдний арга хэмжээнд жил болгон Сан-Франциско хотоос ирж оролцдог Уранчимэг, Оюунаа нар ч үнэхээр сайхан уншдаг.
Ямартай ч жил жилийн нэгэн өдөр Лос-Анжелосийн монголчууд “Утгын чимэг” богино өгүүллэгийн уран уншлагын наадмыг үзэж , сэтгэлийн цэнгэлийг эдэлдэг болсон нь Г.Алтанхуяг, Б.Ган-Энхбаяр нарын хичээл зүтгэлийн ач. Лос-Анжелосийнхны сайн мэдэх Вандан, Батсүх нар жил болгоны энэ наадмын хамгийн идэвхтэй оролцогчид. Гэр бүлээрээ ирж оролцон чин сэтгэлээсээ дэмжинэ. Бас өөрсдөө оролцож уран яруу уншина. завсар хооронд нь “элэглэл” уншиж хүмүүсийг хөгжөөнө. Хүмүүс хөмсгөө зонгидаж, шанаагаа тулж, нүүрээ атируулан богино өгүүллэг сонсож суухаас, энгийн мөртлөө хөгжилтэй байх нь сэтгэлд баяр бахдал асаадаг. Эхийн тухай, эх орны тухай, гэгээн сайхан хүсэл мөрөөдөл, ариун сайхан хайрын тухай унших бүрд хүмүүс амьсгаа даран чагнаж, сэм сэмхэн санаа алддаг. Заримдаа аньсага чийглэх нь ч бий. Яруу сайхан уянгын дараа талархан талархаж алгаа таших чимээ нь, сэтгэлийн гүнд шиврэх бороо, аадар болон асгарах мэт. Сайхан шүү дээ. Сэтгэл нэг л хөнгөрөөд, амьдралын өнгийг арай л тод гэрлээр харах гэдэг.

utga-1-1

Гурав. 5 жилийн ойн арга хэмжээ
Хэдэн сарын өмнө Б.Ган-Энхбаяр над руу утасдаж “Бид энэ жил 5 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа, чи ирж оролцож чадах уу?” гэж асуусан. Энэ 6 сарын 8 нд намайг Лос-Анжелост буухад дулаахан сайхан байлаа. Залуус арга хэмжээ болох танхимаа чимэглэж, нэгэн буланд зассан ширээн дээр боорцог, хайлмаг, ааруул, аарц , айраг хүртэл байсан. “Айргаа яаж эсгэж байнаа?” гэж сонирхоход Батсүх, “Монголоос хуурай саамыг нь авчраад эсгэж байгаа” гэж хариулсан. Дажгүй амттай байсан шүү. Монголчууд хаа яваа газраа монгол идээ ундаагаа базааж чаддагаараа мундаг. “Монгол” гэдгээрээ бахархах бахархлыг нэгэн цучил юм уу даа. Хүн болгон “ямар сайхан юм бэ?” гэж өөрийн эрхгүй дуу алдана. Танхимын нөгөө талд монгол номын худалдаа гарсан байв. Хүмүүс аажим цугларсан боловч “монгол цаг”-ийн уламжлалаар, товлосон цагаараа нэг цаг арай хүрэхгүй хугацаанд “хоцорч” эхэлсэн. Бас ч гайгүй шүү.
“Утгын чимэг” богино өгүүллэгийн уран уншлагын уралдаан М.Амирлан охины уншсан, яруу найрагч Ц.Хулангийн “Ирээдүй анирдахын бадаг” -ээр эхлэв. Гэхдээ энэ бол Монголоо сирээд удаагүй байгаа бяцхан охины “мэндчилгээ” байв.
1.Вандан “Сандарч баярласан түүх” \өөрийн зохиол\
2. Оюунаа “Бүүвэй” \Б.Сарантуяа\
3. Дөлгөөнмөрөн “Ааваас хүүдээ бичсэн захидал” \А.Татлы\
4. Батсүх “Залуус дүү нартаа бичсэн захидал” \өөрийн зохиол\
5. Номуундарь “Дэвидийн түүх” \А.Татлы\
6. Сосорбарам “Сүнсэнд шингэсэн гомдол” \Ц.Доржготов\
зэрэг өгүүллэгүүд уншигдсанаас Сан-Францискогоос ирсэн Оюунаа тэргүүн байр эзэлж, Сосорбарам, Номуундарь нар удааллаа.
Энэ жилийн наадмыг МУГЖ Т.Жагдаг, уран уншигч Б.Хандсүрэн, Г.Галбадрах нар шүүсэн юм. Мөн уралдааны тэргүүн байруудын шагналыг Цогхүү захиралтай “Тэс” корпораци, Баясгалан захиралтай DBN carrier inc, Цолмон захиралтай MGL avto servic компаниуд ивээн тэтгэж, Лос-Анжелосийн “Монголчуудын Холбоо” болон С.Ууганбаяр, Т.Эрдэнэцэцэг нар ивээн тэтгэж дэмжжээ.
Халимаггүй Вандан жүжиглэж уншив
Халимагтай Батсүх ханхалзаж уншив
Сангийн Оюунаа бүүвэйлж уншив
Сосороо аварга нүдээ аньж уншив
Дөлгөөнмөрөн нумарч уншив
Дараагийнх нь Намуунаа намирч уншив
Гавьяат Жагдаг шанаа тулж шүүв
Гаальчин Хандаа сормуус дэрвэлзүүлж шүүв
Галбадрах нийтлэлч айраг ууж шүүв
\Батсүхийн элэглэлээс\

utga-4-4

Лос-Анжелосийн “монгол номын сан”-гийн дэргэд “Анжис” нэртэйгээр уран уншигчдийн клуб байгуулагдаж, энэ жилээс үйл ажиллагаа болон хамрах хүрээгээ өргөжүүлэх талаар ярилцаж байгаа юм билээ. Клубын нэрээ шинэчлэх, бусад хотуудад явагдаж байгаа үйл ажиллагаануудад оролцох, өөр хоорондоо дотносон нөхөрлөж, уран яруу үгсийн сангаа арвижуулах гээд бодож санаж байгаа зүйл зөндөө бий гэсэн.
Энэ жилийн арга хэмжээнийхээ хүрээнд “Монголчууд Америкт” нэртэй хөгжилтэй дурсамжийн бичил бичлэгийн уралдаан зарласнаа дүгнэлээ. Харь оронд хөл тавьсан цагаас учраа олохгүй, хэл мэдэхгүй, зүгээ олохгүйн улмаас мунгинаж будилсан хөгжилтэй 50 орчим дурсамжууд ирсэн гэсэн. Тэндээс шүүж байр эзлүүлэхэд: 1.Эрдэнэсайхан \Сакраменто\
2.Баяраа \Лос-Анжелос\
3. Батбаяр \Вашингтон ДС\ нар шалгарчээ.
Харин тэд энэ дурсамжуудаа үргэлжлүүлж нилээд олон болгосны дараа ном болгон хэвлүүлэх бодолтой байгаа гэсэн. Энэ ажлыг нэгэн цагт Сакраменто хотын “Монголчуудын Холбоо”-г санаачлан байгуулж байсан Лхагваа хариуцаж байгаа юм билээ. Эзэнтэй, бас хөгжилтэй энэ дурсамжууд, монголчуудын Америкт хөл тавьж учраа олох гэж хичээхдээ будилж байсан түүхийн нэгэн баримт болох буйз. Хэрвээ үүнд дурсамжаа нэмэрлэхийг хүссэн хүн болгонд боломж нь нээлттэй байгаа юм билээ. Хэрэв та энэ номонд дурсамжаа нэмэрлэхийг хүсвэл:
mongol_library@yahoo.com хаягаар хөгжилтэй дурсамжаа илгээж болох юм.

utga-3-3

Төгсгөлийн оронд
Г.Алтанхуяг, Б.Ган-Энхбаяр бид гурав тэдний гэрт нь нилээд удаан хуучилж сууцгаасан. Г.Алтанхуягийг зохиолч Б.Маамын “Газар шороо” романаар хийсэн кинонд “Хангай Базар”-ын дүрийг бүтээсэн дурсамжаас эхлээд , залуу нас, хайр сэтгэл, гэр бүл, урлаг спорт, номны тухай гээд яриагүй зүйл байхгүй. Санаа бодол ойрхон хүмүүс ярилцаж суухад цаг хугацааны урсахыг ч анзаардаггүй. Хоёр хүү нь Америкт волейволын спортоор хичээллэж багагүй амжилтад хүрч байгаа нь аав ээжийнх нь хүсэл мөрөөдлийн үргэжлэл. Охиныг нь Лос-Анжелосийн “Соёлын өдрүүд”-ийн арга хэмжээнд загвар өмсч байсныг мэдэх юм.
Өөрсдийн гэсэн зарчим, зорилго, ёс суртахуунтай гэр бүл бусдад үлгэр жишээ болж олон хүмүүсийн бахархал, хүндэтгэлийг хүлээдэг. Маш сайнаар төлөвшсөн гэр бүл бусдад үлгэрлэхэээс гадна хүмүүст тус дэм болохыг хичээдгийн нэгэн жишээ нь Г.Алтанхуягийн гэр бүл. Тэд волейволын нэгэн баг бүрдүүлж тэмцээнд оролцохоос эхлээд, хүмүүст бүжгийн сургалт явуулж, номын сан ажиллуулж, уран уншлагын наадмыг зохион байгуулж байна. Энэ бүхэн нь бусдад жаахан ч атугай тус дэм болох гэсэн сэтгэлийн илрэл. Тэд өөрсдийн гэр бүлийн дулаахан сайхан илч гэрлээ бусдад түгээж байгаа сайн үйлс гэж би харж байгаа юм. Аав нь аав шиг, ээж нь ээж шиг байхад л хүүхдүүд нь хүүхдүүд шиг байж чаддаг. Ямар ч нууцгүйгээр энэ бол, хоёр биенээ чин сэтгэлээсээ хайрлах хайр, хоёр биендээ хуурамгүй итгэдэг итгэл, хоёр биенээ чин сэтгэлээсээ хүндэтгэх хүндэтгэлийн үр шим.
Г.Алтанхуяг, Б.Ган-Энхбаяр болон тэдний гэр бүлд маш их баярлалаа. Та нарын амьдрал ямагт гэрэл гэгээ, баяр баясгалангаар бялхаж байх болтугай. Бусдын төлөө чилж байгаа сэтгэл болгон тань буян болж та нарт хурах болноо. АМЬДРАЛ ГЭДЭГ ЧИНЬ ДЭНДҮҮ САЙХАН ШҮҮ ДЭЭ.

Share Your Thoughts