МАРАФОН-УНАГА-ХАЛУУН СЭТГЭЛ

…Намайг ажлаа тараад явж байх үед А.Мөнхтуяа утасдаж “Галаа ах аа, Нью-Йорк хотод зохион байгуулагдах гэж байгаа марафонд Монголоос хөгжлийн бэрхшээлтэй залуус ирж оролцох гэж байгаа тухай мэдэж байгаа юу?” гэж лавлав. Тэр тухай тодорхой мэдээлэлгүй байсан болохоор Нью-Йорк руу Д.Бямбахүүтэй холбогдож, улмаар О.Саранчулуунтэй утсаар ярьсан юм. Марафонд оролцох мэдээллээс гадна, 300 орчим унага АНУ-д байгаа монголчууддаа зарж борлуулахаар авч ирсэн нь миний анхаарлыг татсан. Энэ тухай А.Мөнхтуяатай эргэж холбогдон зөвлөлдөөд Вашингтон ДС- д ажиллаж амьдарч байгаа монголчууддаа уриалж, унага худалдаж авах мөнгийг цуглуулан өнгөрсөн мягмар гаригт Нью-Йоркод зорьж очин тэдэнтэй уулзаж ярилцсанаар олон нийтэд бодит мэдээллүүдийг хүргэхээр хичээлээ.

МАРАФОН

Дэлхийн хэмжээнд Берлин, Лондон, Нью-Йорк, Бостон, Чикаго зэрэг хотуудад зохион байгуулагддаг олон нийтийг хамарсан марафон гүйлтүүд нэр хүнд болон чансаагаараа тэргүүлдэг. Эдгээр марафонуудад нэр хүндтэй улстөрчид, спорт, урлаг соёлын “од” ууд, жирийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцдог бөгөөд ийм марафонуудад оролцох нь спорт сонирхогчдийн хувьд нэр төрийн хэрэг байдаг гэнэ.

Дэлхийд чансаагаараа 3 т тооцогддог Нью-Йорк хотын энэ марафон гүйлтэд 70 000 орчим гүйгчид оролцож 26,2 mile буюу 42 км замыг туулна. Эхний 1000 хүртэлх дугаарыг онцгойлон нэр хүндтэй хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олгодог аж. Гүйгчид бүгдээрээ барианд орох нь амаргүй бөгөөд хэд дүгээр байр эзэлснээс үл хамааран барианд орсон бүх хүмүүсийг “ЯЛАГЧИД” гэж тооцно. Учир нь эрүүл мэндийнхээ төлөө, бусдад сайн сайхан дэмжлэг үзүүлэхийн төлөө, өөрөө өөрсдийгөө ялж буйг үнэлж байгаа хэрэг.

Нью-Йорк хотдоо нэр хүндтэй ACHILLES клубийг санаачлагч ноён Dick Traum энэхүү марафонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулахад нилээд нөлөөтэй үүрэг гүйцэтгэдэг. АНУ-д суралцаж байхдаа Dick Traum тай танилцаж ойлголцсон болохоор О.Саранчулуун энэ удаагийн марафонд тэдний дэмжлэгтэйгээр 4-үүлээ ирж оролцжээ. Ихэнх зардлыг ACHILLES клуб гаргаж үлдсэн хэсгийг Монголоос өөрсдөө босгосон гэнэ.

1. Отгоны Саранчулуун. МУИС -ийг “нийгмийн ажилтан” мэргэжлээр төгссөн тэрээр одоо ЭМШУИС-д энэ чиглэлээрээ багшилдаг. Израил улсад мастер хамгаалж, АНУ-д Колумбийн Их Сургуульд мэргэжил дээшлүүлэн суралцаж төгссөн. Дунд сургуульд суралцаж байхдаа хөлөө гэмтээсэн нь ужигарч явсаар хорт хавдар болон хувирч, аргагүйн эрхэнд баруун хөлөө өвдөгнийхөө орчмоор тайруулжээ. “Хэрэв би маш амжилттай суралцаж, өндөр мэдлэг эзэмшиж чадвал нийгэмд өөрийн байр суурьтай болж чадах юм” гэдэг итгэл нь түүнийг бүх зовлон шаналлыг тэвчээрээр давж гарахад тусалсан гэдэг. Хожим нь АНУ-д суралцаж байхдаа гүйлтийн маш сайн хөлтэй болох боломж олгосон нь түүнийг спорт руу, тэр тусмаа гүйлт рүү хөтөлжээ. Өдгөө О. Саранчулууныг дэмжиж 7 хоног бүрийн бямба гариг бүрд гүйдэг залуус олширч, Монголдоо хэд хэдэн удаа марафон гүйлт зохион байгуулсан юм билээ.

Энэ уралдаанд О.Саранчулуун 530 дугаартай оролцож 42 км замыг 8 цаг 15 минутад туулсан. ” Би анх удаагаа ийм холын марафонд оролцож байгаа болохоор барианд орох нь хамгийн чухал байлаа. Хэрэв би бариандаа орж чадвал намайг дэмжиж байгаа олон залууст гүйлтийн тухай номолж байснаас илүүтэй бодитой үлгэр жишээ болох байсан юм. Намайг гүйж байхад гудамжаар эгнэж зогссон олон, олон америкчууд Сара, Сараа гэж хашгирч байсан нь надад их хүч өгсөн шүү. Ямартай ч би барианд өөртөө итгэлтэй орж чадсандаа баяртай байгаа” гэж О.Саранчулуун хуучлав. 70 000 орчим хүмүүс гүйсэн энэ марафонд 50 300 д барианд орсон ч түүний өмнө орсон бүх хүмүүс эрүүл, бас гүйлтээр хичээллэдэг байсан гэж бодохоор би түүгээр бахархаж суулаа. Ямартай ч тэрээр энэ марафонд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс тэргүүлж барианд орсон болохоор ангилалдаа түрүүлсэн гэсэн үг.

“Би энэ удаад марафонд оролцохоос гадна Монголын хөгжлийн бэрхшээлтэй олон хүмүүс байгууллагуудад АНУ-аас тусламж дэмжлэг олох зорилготой ирсэн. Маргааш ACHILLES клубийн эзэн Dick Traum тай уулзана. Өөр шигээ гүйлтийн хөл 5 ширхэг, П.Энхманлайд байгаа уралдааны тэргэнцэр 2 ыг олж чадвал бидэн шиг олон залуусын амьдралыг өөрчлөх болно доо. Миний гүйлтийн хөл дунджаар 15 000 $, уралдааны тэргэнцэр бас л тэр хэрийн үнэтэй гэхээр нилээд дэмжлэг хэрэгтэй. Хамгийн гол нь бусдаас дэмжлэг хүсэхдээ, юу хийж чадахаа өөрсдөө үлгэрлэж харуулах нь чухал байна шүү дээ”. Тэрээр ингэж өгүүлсэн. “Нийгмийн ажилтан” мэргэжлээрээ ч тэр, сэтгэл доторхи халуун илчээрээ ч тэр олон сайхан үйлсэд идэвхтэй оролцдогийг анзаарсан. “Хүмүүст тусалж дэмжихдээ нэр хүнд, мөнгөний төлөө биш, чин сэтгэлийн дуудлагаар хийж байх хэрэгтэй байнаа. Тус дэмжлэг болсны хариуд баярлаж байгаа царайг харах үнэхээр сайхан шүү” гэж тэр бас хэллээ.

2. Пүрэвцогийн Энхманлай. Өдгөө 23 настай тэрээр Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул, 6 хүүхэдтэй айлын 5 дахь хүү. 2 настайдаа золгүй тохиолдлоор 2 хөлөө тайруулсан. Адуу малтай ноцолдож, залуу насны ид хаваа гайхуулах насныхаа тухай тэрээр “Тэр үед миний амьдрал төгсгөл болсон юм шиг санагддаг байлаа” хэмээн гунигтай дурсав. Сэтгэлийн гутрал гунигаа давж гарахын тулд спортоор хичээллэж эхэлсэн нь түүний амьдралын өнгийг шууд л өөрчилжээ. “Спорт бол хүнийг тэвчээртэй, хөдөлмөрч, хариуцлагатай байхад сургадаг. Миний багш Батдорж, Төмөр нар миний төлөө сэтгэл зүрхээрээ уйгагүй зүтгэсэн дээ. Миний хувьд пара спортоор хичээллэж Монголынхоо нэрийг дэлхийд гаргахыг хүсч мөрөөддөг. Хүмүүст өөрөө нотолж харуулах хэрэгтэй байгаа, дүү нь хичээнээ” гэж тэрээр хуучилсан.

Энэ марафонд 336 дугаартай оролцсон тэрээр 42 км замыг 2 цаг 15 минутад туулан, тэргэнцэртэй уралдсан 60 тамирчнаас 31 д барианд оржээ. 42 км замд тэргэнцрийнхээ 2 дугуйг хамаг хүчээрээ 2 цаг, 15 минутад эргүүлж хурдлуулна гээд төсөөл дөө. “30 дахь км-т очиж явахад миний баруун гарын шөрмөс татчихсан. Хэрэв тэгээд зогсвол уралдааны замаас гарах ёстой. Яг тэр үед багшийн минь “хэрэв уралдаж явахад шөрмөс чинь татвал булчингаа зүүгээр хатгахад булчин цочроод тавьдаг юм” гэж ярьж байсан нь санаанд ороод миний дугаарыг тогтоосон байсан зүүгээ сугалж аваад булчин руугаа хатгаж орхисон. Нээрээ хэсэг хугацааны дараа булчин тавираад цаашаа уралдсан. Одоо Монголдоо очоод багшдаа “баярлалаа” гэж хэлнээ” гэж ярьж байхдаа тэр инээж байлаа.

П.Энхманлайд Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл нэг өрөө байр олгосонд сарын 81 000 төгрөг төлөөд амьдарч байгаа гэсэн. Бас энэ уралдааны тэргэнцэрийг нь ЭМЯ 12 000 $ гаргаж Солонгос улсаас худалдаж авч өгсөн юм билээ. “Уг нь хөгжлийн бэрхшээлтэй биднийг дэмжээд байвал бид чинь өөрсдийнхөө юу чадахыг бусдад нотолж харуулж чадна шүү дээ. Тахир татуу болсондоо гутраад л гэртээ сууж байгаа олон залууст бид үлгэр жишээ болж тэднийг дагуулахгүй бол болохгүй шүү дээ. Энд ирчихээд дүү нь баярлаад зөндөө сайхан зүйл мөрөөдөөд сууж байнаа” гэж тэрээр хуучлав. Амьдралын хүнд хэцүү шаналал зовлон дундаас өөртөө болон өрөөл бусдад хэрэгтэй гэрэл гэгээг олж харна гэдэг сайхан хэрэг шүү.

3. Хөтөч тамирчид. Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг хөтөч тамарчид дагалдаж явдаг олон улсын жишиг бий. Энэ удаад тэдний хөтөч тамирчнаар ХХБ ны ажилтан Н.Баяртулга, цахилгааны инженер Д.Гантөмөр нар хамт иржээ. Хөтөч тамирчид нь тамирчнаа барианд оруулах гол үүрэгтэй гэнэ. Үүний тулд тэд дасгалжуулагч, массажист, сэтгэл зүйчийн үүргүүдийг гүйцэтгэдэг. “Америкт монголчууд суралцаж, ажиллах гэж ирдэг бол бид гүйх гэж ирлээ шүү дээ. 2 тамирчнаа барианд амжилттай оруулж чадсандаа баяртай байгаа” хэмээн Н. Баяртулга надад хуучлав.

Хэдийгээр тэр өдөр Нью-Йоркод хүчтэй салхитай, цаг агаар тогтворгүй байсан хэдий ч манай залуус барианд орж чаджээ. Гар утсанд дээрээ аппликейшин суулгаад тэдний хэдийд хаана, хэрхэн гүйж явааг хувийн дугаараар нь хайж олоод мэдэх боломжийг зохион байгуулагчид олгосон гэсэн. Хэд хэдэн оюутнууд энэ тухай надад сонин болгон ярьж байв. Энэ том арга хэмжээнд Монголоо төлөөлж амжилттай оролцсон залуустай баяр хүргэе, та нар үнэхээр мундаг байлаа шүү.

unagaУНАГА

Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүд “унага” нэртэй чихмэл зөөлөн тоглоом үйлдвэрлэж, түүнийг нь халуун сэтгэлтэй залуус бусдад сурталчлан худалдаж, тэдний амьдрал болоод эдийн засагт нь тусалж байгаа тухай зээ дүү Б.Ганжавхлангийн нэвтрүүлгүүдээс харж байсан л даа. Харин эдний авчирсан 300 унаганы овор хэмжээг хараад би дуу алдсан. Тэр л ээжүүдэд туслах гэж энэ 4, авч явах ачаагаа багасгаад баглаж боогоод авчирсан юм билээ. Хэрдээ л АНУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа халуун сэтгэлд найдсан хэрэг шүү дээ. Нэг унага худалдаж авсан 11 $ тань, нэг унагыг үйлдвэрлэх гэж дамжлага маягаар ажиллаж байгаа 4 ээжид дэмжлэг болох юм. 11 $ гэдэг тийм ч их биш, бас бага биш мөнгө. Бид нэг бургер авч идэх мөнгөөрөө нэг унага худалдаад авчихад Монголдоо байгаа зөндөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст дэм болно гэдэг нь сайхан, буянтай үйлс.

А.Мөнхтуяа бид 2 Вашингтон ДС-ийн монголчууддаа энэ тухай ухуулж уриалав. Вашингтон ДС-д бусдад хэрэг болох арга хэмжээ зохион байгуулахдаа санхүүжилтэнд дэмжлэг хүсэн ханддаг дотно хүмүүс бий. Тэдэндээ хандлаа. “Тэгэлгүй яахав, боломжоороо тусланаа” гэж тэдний хэлэх үг намайг бусдад тустай олон зүйлийг хийхэд дэм болдог. Тэд ингэж дэмждэггүй бол бид хэрхэн сайн үйлсийг бүтээж чадах билээ. Та нартаа талархаж, та нараараа бахархахгүй байхын аргагүй. Энэ удаад:

1. Дэлгэрцогт Хуягаа \Piramid Granite\ 50 унага 550 $
2. Болдоо \Тop Quality Granite\, Чойжоо \Luxury Stone Crafts\ 20 унага 220 $
3. Мэндээ, Төрөө \Top Master Marble & Granite\ 20 унага 220 $
4. Хүдэрээ \Idea Marble & Granite\ 10 унага 110 $
5. Ангараг, Мөнхөө \Merifield\ 10 унага 110 $
6. Гэрлээ \AMEX\ 10 унага 110 $
7. Батсайхан \Sakura\ 10 унага 110 $
8. А.Мөнхтуяа 10 унага 110 $
9. Эрдэнэбат 100 $

Бусад найзууд минь хамтдаа 15 унага захиалж мөнгөө өгсөн юм. Ингээд нийтдээ 165 унагыг Вашингтон ДС орчмын монголчууддаа авчирч өгч тараалаа. Эдгээр унагануудыг Нью-Йоркоос тээвэрлэж авчрахад миний найзууд А.Ганбат, Баяраа нар машинаараа үйлчилж, замын бүх зардлыг өөрсдөөсөө гаргалаа. Хэрэв би автобусаар явсан бол яаж энэ олон унагануудыг авчирч чадах билээ. Та нартаа чин сэтгэлээсээ баярласан шүү. Энэ бол халуун сэтгэл.

ХАЛУУН СЭТГЭЛ

…Д.Бямбахүү маань мягмар гаригийн орой Нью-Йоркийн монголчуудаа цуглуулж, уулзалт зохион байгуулсан. Оюутан залуус голчлон цугларсан энэ уулзалтад НҮБ-д суугаа Монголын Байнгын Төлөөлөгчийн ажилтан Б.Чилүүхэй, ГХЯ нь ажилтан, бас миний дотно танил олон хүмүүс ирсэн байлаа. Бүгдээрээ халуун дотно сэтгэлтэй байж, тэд 30 орчим унага худалаж авлаа. Та нартаа их баярласан шүү.

…Лхагва гаригт Вашингтон ДС д авчирсан унагануудаа тарааж өглөө. 50 унага худалдаж авсан “Пирамид” компаныхан унагануудаасаа ажилчиддаа тарааж, үлдсэн унагануудыг олон нийтэд худалдаалж олсон бүх мөнгийг О.Саранчулуунаар дамжуулан хандивлахаа мэдэгдсэн. Захиалгаас гадуур унага худалдаж авах хүсэлтэй хүмүүс “Пирамид” компанитай холбогдон унага худалдаж авч тэднийг дэмжиж болох нээ.

…Вашингтон ДС-д байгаа А.Ганбат тэргүүтэй “Байкеруудын Холбоо” ны 10 гаруй залуус Монголд байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан 1000 $ хандив өгөх санаачлага гаргасныг дэмжиж О. Саранчулуунтай зөвлөлдөн, унага үйлдвэрлэж байгаа эхчүүдэд оёдлын машин худалдаж авахад зориулахаар ярилцлаа. Бусад хотуудад байгаа “байкерчин” залуус дэмжвэл хэд хэдэн оёдлын машин худалдаж авч тэдэнд туслах боломжтой боллоо.

…Тэд өнөө орой Чикаго хотноо бууна. Чикаго хотод тэднийг дэмжиж арга хэмжээ зохион байгуулахаар санаачлага гаргасан Ганпүрэвийн Цогтбаатар \утас нь 312 477 9778\ тэднийг дэмжиж “Ану маркетинг” компаныхан ажиллах юм. Тэд тэдэнд зориулж 11 сарын 8 ны бямба гаригийн 11, 30 цагт хотын төвдөө уулзан гүйлт болон явган аялал зохион байгуулж уулзан, чин сэтгэлийн халуун яриа өрнүүлэх юм байна. Мөн өдрийн орой Чикаго хотноо зохион байгуулагдах Монголын яруу найргийн ноён оргилууд болох Б.Лхагвасүрэн, Т. Галсан гуайтай хийх уулзалт дээр мөнөөх унагануудыг зарж борлуулахаар АМУЗ-ын санаачлагч Ө.Пүрэвсүрэнтэй тохиролцсон болно. Тэгэхээр Чикагочуудад дор хаяж 50 унага худалдаж авах боломж тохиож байна.

…11 сарын 15, 16 нд Лос-Анжелес хотноо тэд зочилно. Энэ арга хэмжээг Баясгалан захиралтай DBNCAREER Inc, Одончимэг эзэнтэй Sushi Koo ресторан, Ган-Энхбаяр эзэнтэй “Монгол номын сан” хамтран зохион байгуулах боллоо. Тэд Лос-Анжелест 50 унага худалдаж авахаар урьдчилж захиалсан байгаа шүү. Ган-Энхбаяртай 323 836 4546 утсаар холбогдож илүү мэдээлэл авч болох нээ. Бусдынх нь утсыг мэдэхгүй болохоор хялбарчиллаа, уучлаарай.

…Сан-Франциско, Денвер хотуудаас найз нар болон танилууд утасдаж унага худалдаж авах хүслээ илэрхийлсэн. Та бүхэн О.Саранчулуунтай 347 698 2625 утсаар холбогдон санал бодлоо солилцон, хэдийд хэдэн унага худалдаж авч тэднийг дэмжихээ тохиролцож болно. Түүнээс гадна зөндөө олон саналуудын талаар О. Саранчулуун мэдээлэл авч яваа. Уг нь 40 000 унагыг худалдаж борлуулж чадвал Хөгжлийн бэрхшээлтэй ээжүүд хамтдаа Монголд зөөлөн тоглоомын үйлдвэр байгуулан Монгол брендийн маш олон зөөлөн тоглоомуудыг үйлдвэрлэн, өөрсдийн өмнө тулгарч байгаа бэрхшээлүүдийг шийдэж чадах боломжтой юм билээ.

Бусдад туслах халуун сэтгэл жаахан зүйлээс л эхэлдэг. Хүн болгон өөртөө байгаа боломжуудаа “жижиг” гэж чамлахгүйгээр тус болж чадвал болох нь тэр. Хэн нэгэн тус болсны хариуд заавал талархаж байдаг бол бидний монголчууд бие биенээ ойлгож дэмжиж, бас хайрлаж эхэлнэ дээ.

“СЭТГЭЛД ГАЛ БАЙХАД ЗУУХАНД ГАЛ ОЛДОНО ДОО” гэж тэртээх нэгэн цагт ядарч явахдаа яруу найрагч Н.Нямдорж хэлж байсан юм гэнэ билээ. “СЭТГЭЛД БАЙГАА ГАЛ ХҮНИЙ СЭТГЭЛИЙГ ЯМАГТ ХАЛУУН БАЙЛГАНА ДАА”.

Share Your Thoughts