Миний олон жилийн мөрөөдөл –“Яагаад”

Хүний амьдралын харгуй салаа замын оногдсон хийгээд сонгосон мөрөө дагаж хөвөрдөг. Дунд сургуулийн багш, захирал, Алтны компаны менежэр, Америкийн цагаач гээд амьдралын харгуйд яваа нэгэнтэй та бvхнийг уулзуулж байна.

Харнууд Гомбосvрэнгийн Галбадрах, нийтлэлч Галаа гэхээр Америкийн  Монголчууд андахгvй.  Америк дахь Монголчуудынхаа урлаг спорт, соёл боловсролын олон арга хэмжээг зохион байгуулалцаж, сурвалжилж, хvний нутаг, далайн чанад эрдэм чадлаараа шалгаран амжилттай яваа нэгнээ олонд таниулж, оюутан залуугаас  буурь сууж, амьдрал тэгширсэн идэр насныхантай нөхөрлөж, бодол санааг нь дэмжиж явдаг нэгэн.  Тvvнчлэн амьдралаас тvvсэн бодол ухаарал, сэтгэл хөдлөл, халуун мэдрэмжээ алдалгvй уншигчиддаа хvргэж, нийтэлж хэвлvvлж яваа нийтлэлч. Тvvний тухай нэрт сэтгvvлч, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид  “иргэний сэтгvvл зvйн тод төлөөлөл” хэмээн vнэлсэн байдаг.

Г.Галбадрах санаачлага, хvчин чармайлт гарган “Яагаад” төсөл  хэрэгжүүлж эхэлснийг  eртөнцийг харах, харьцуулах нэгэн салхивч цонх нээлээ хэмээн дэмжиж байна. Учир юун гэвэл ардчилсан нийгэм, чөлөөт  эдийн засгийн харилцаанд шилжээд даруй 25 жил болж. Нийтийн сэтгэхүй, албаны арга барилд өөрчлөлт гарсныг vгvйсгэхгvй ч, засч шинэчилмээр зүйл захаас аван байна.
Нээлттэй нийгмийн  буянаар олон хvн амьдрал эрэн гадагшаа одсон. Тэд суугуул нутагтаа байр сууриа олохын хэрээр тухайн нийгмийнхээ  амьдралын зохицол, дэглэм, ахуй байдлыг таньж эх оронд минь ийм байгаасай гэж эргэж бодох бодолтой болдог.

Дээрх хоёрын уулзвар манай ужиг сэтгэлгээний гацаа, өөр газрын хүмүүсийн амьдралын зохицол, дэглэм, нөхцөл, бололцоог харьцуулан таниулах боломж хөрөнгө мөнгөтэй, сонин хэвлэлтэй олон хvнд байгаа.  Гэвч одоо хvртэл гарт тэмтрэгдэхээр юм алга л байна шvvдээ.
Холын Америкт яваа Г.Галбадрах маань харин “Яагаад” бид хийж  болохгуй гэж санаачлан  эхлүүлжээ.  Түүний “Яагаад” гэсэн цонхоор бид өөрсдөө хэн бэ? Бидний даган дууриаж буй ардчилсан нийгмийнхэн хэн бэ? гэдгийг танин харьцуулж, яагаад бид бусдын жишигт хvрсэн Монгол ахуйгаа цогцлоож болохгүй вэ? санаа сэдэл, амьсгалах агаар орж байгаа нь онцлог юм.

Олныг vл нуршин ярилцлагаа эхэлье.

Д.Бишүүгарам: Та багш хүн. Хүүхэд ахуйд багш, ахмад хүмүүс эрдэм номтой, эх орондоо хэрэгтэй хүн болоорой гэж сургадаг байсан. Эх орондоо хэрэгтэй байх гэдэг таны бодлоор юу вэ? Түүний утга агуулга сүүлийн үед өөрчлөгдсөн болов уу?

-Г.Галбадрах: Миний хувийн бодлоор эх оронч, эх орондоо хэрэгтэй байх нь их энгийн, хувь хүмүүсийн төлөвшил, хөгжил дээр тогтох учиртай байх. Чи өөрийгөө хэр хэмжээнд хөгжүүлж чадна, тэр хэмжээнд улс орон хөгжинө. Улс орон олон иргэдээс бүрддэг хэдий ч хөгжилд нь хамаагүй нэг ч иргэн байдаггүй. Тэгэхээр хүн болгон “биеэ засах нь” өөрт нь төдийгүй эх оронд нь хэрэгтэй, эх орондоо хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм даа.
Бидний туулж өнгөрүүлсэн социализмын үед эх оронч, эх орондоо хэрэгтэй байх  ойлголт уриа лоозон дээр тулгуурлаж үзэл суртлын хэмжээнд боловсрогдон, намын удирдлагаар хэрэгжүүлдэг байлаа. Ардчиллаас хойш хүмүүсийн  сэтгэлгээ өөрчлөгдөн, үүргээ умартан, эрхээ ихээр эдлэх болсон үед эх оронч байх, эх орондоо хэрэгтэй байх тухай ойголт нь хэтэрхий хийсвэр, цээжээ дэлдэн хашгирах хэмжээнд очсон санагддаг.

-Д.Бишүүгарам: Бидний суугуул нийгмийн гол үзэл нь мөнгө, өөрийгөө хөгжүүлэх, ахуйн өсөлт,  өрсөлдөөн зэрэгт тулгуурладаг. Америкийн монголчуудад суугуул нийгмийн үзэл хандлага аль хэр нэвчиж вэ? Та юу гэж ажиглаж байна?

-Г.Галбадрах: Америк орон диваажин биш, хүмүүст боломж олгодог нийгэм. Нэг талаас нь харвал мөнгөний төлөөх амьдрал нь хувь хүмүүсийн мөн чанарт таагүй нөлөөтэй ч, өрсөлдөөнд ялж, өөрийгөө авч явах боломж нь өөр чанаруудыг нь хөгжүүлдэг ч байж  болох юм.
“Усыг нь ууж, ёсыг нь дагаж” байгаа монголчуудын хувьд авах гээхийн ухаанаар хандаж байгаа. Монгол хүмүүсийн цусанд байдаг “үндсэрхэг” дархлаа нь гадаадад амьдарч байгаа хэдий ч, Монголын талаар байнга “улстөржиж” байгаагаас мэдрэгддэг л дээ. Эхэн үеийн Монголчууд бидний хувьд монгол ахуй, монгол сэтгэлгээнээсээ холдож нэг их гавихгүй болов уу? Харин тэд өрсөлдөөнд ялж гаран өөрийгөө өөрчилж,  мөнгөний үнэ цэнийг мэдэрдэг болж  байгаа. Энэ бидэнд хэрэгтэй  сайн чанарууд. Харин Америкт төрж, өсч буй хүүхдүүдийн хувьд би сэтгэл жаахан түгшиж ажигладаг. Аажимдаа ахуйгаас хамааралтай гаднаа “монгол” төрхтэй, дотоод сэтгэл нь “гадаад” залуус олширч байгаад л санаа зовдог.
Америкт ажиллаж амьдарч буй  олон монголчуудтай уулзаж, санаа сэтгэлийг нь сонсож, хамтран ажилладаг.  Уулзалт болгон маш сайхан. Эргэн тойронд маань гэрэл гэгээтэй, урам зоригтой, хийж бүтээсэн зүйлтэй хүмүүс байдаг. Тэр хэрээрээ би ч өөрөө хөгжиж, задарч байгаагаа мэдэрдэг. Ийм хүмүүстэй уулзаж ярилцан, нөхөрлөж хамтран ажиллаж байхдаа амьдарлын,  хүмүүсийн, бас өөрийнхөө үнэ цэнийг ч мэдэрдэг. Энэ бас л ховорхон завшаан.

-Д.Бишүүгарам: Таны санаачлан хэрэгжүүлж эхэлсэн “Яагаад?” төслийн талаар онцлон яримаар байна л даа? Төслийн гол санаа зорилго юу вэ?

-Г.Галбадрах: “Яагаад?” төсөл миний олон жилийн мөрөөдөл, би найзууддаа тоглоом болгон “Яагаад?”-ыг хэрэгжүүлэхгүйгээр Америкаас явахгүй ээ?” гэж хэлдэг . “Яагаад” гэх асуулт оюун санааны том бренд.
Бид эргэцүүлэхдээ “Яагаад?” гэж  өөрөөсөө асууж, тулгамдсан асуудалд “Яагаад болохгүй гэж?” хэмээн өөрийгөө болон өрөөлийг зоригжуулдаг. “Яагаад?” гэдэг асуулт эзнээсээ хариу шийдэл шаардаж байдаг.
Яг одоо хүн бүр “Яагаад Монгол орон минь …?” гэдэг асуултын хариуг хайж байна. Энэ асуулт,  түүнийг дагасан шийдлийн үзүүрт Монгол улс маань улам хүчирхэгжин хөгжинө гэж итгэдэг.
Америкийн иргэддээ хандсан үйлчилгээний стандартуудыг мэдрэх бүртээ л  “Монголд минь яагаад ийм байж болохгүй гэж?” зөвхөн надад ч биш энд ажиллаж амьдарч байгаа  монголчуудад бодогддог юм. Товчдоо Америк дахь ардчиллын ололт, сайн үр дүн нь иргэдддээ хандсан үйлчилгээний  стандарт юм гэж би харж байгаа.
Энэ төслийн санааг ярьж байхад “Америкийг сурталчлах гэлээ” хэмээн олон хүн дургүйцэж байсан. Би өөрөө Америкт ажиллаж амьдарч байгаа болохоор надад байгаа боломж нь “Хүний төлөө” тогтсон энэ стандартуудыг Монголчууддаа хэлж таниулах явдал. Хэдийгээр бид энэ цуврал нэвтрүүлгээр нийгмийг өөрчилж чадахгүй ч хүмүүсийн оюун сэтгэхүй, амьдралд хэрэгтэй санаа хэлэхийг хичээж байгаа.
Бид ардчиллаас хойш олон жил зөвхөн  төр засгаа харааж, шүүмжилж ирлээ. Харин “Чи өөрөө эх орныхоо төлөө юу хийгээ вэ?” гэж хүн бүрээс асуумаар байна.  Уг нь бид өөрсдөө өөрчлөгдөж байж л Төр өөрчлөгдөх юм шүү дээ. Тэгээд л эх орныхоо төлөө хийж чадах зүйлээ хийж, бусдад ойлгуулах гэсэн  бидний эхлэл “Яагаад” төсөл юм.  Өмнө нь бага сага оролдож байсан ч амжилттай болоогүй. Харин жилийн өмнө Т.Нарантунгалаг маань  төслийг хамтран хэрэгжүүлэх санал тавьснаар бид хамтдаа зориглон ажиллаж эхэлсэн юм.

-Д.Бишүүгарам: Одоогоор ямар шатандаа явж байна? Ямар баг энд ажилладаг юм бэ?

-Г.Галбадрах: Анх Америк дахь монгол оюутнуудын үйл ажиллагааг дэмжих зорилготой байгуулагдсан “Human Prosperity” ТББ дээрээ түшиглэн эхэлсэн юм. Телевизийн мэргэжлийн бус хүмүүс болохоор эхэндээ амаргүй байлаа.  Санаа байгаад мэргэжлийн гүйцэтгэл дээр дутагдалтай зүйлүүд бишгүй гарч байсан ч бид шантраагүй.
2015 оны тав, наймдугаар сард Монголоос баг авчирч Америкт  22 нэвтрүүлгийн зураг авсан. Америк дахь зураг авалтад намайг дэмждэг найз нөхөд их тусалсан. Монгол дахь зураг авалт, нэвтрүүлгийн зохиомж, харьцуулсан өгүүлэмж, монтаж зэрэг дээр Т.Нарантунгалаг маань бүх хэцүү ачааг үүрсэн. Зөндөө сайн муу зүйлүүд тохиолдож байсан  ч Т.Нарантунгалаг маань Монголдоо сайн баг бүрдүүлсний ачаар “Яагаад” төсөл амилж манай эхний нэвтрүүлгүүд олны хүртээл боллоо. “Хийх хүнд арга нь олдоно, хийхгүй хүнд шалтаг нь олдоно” гэдэгчлэн нэгэнт хийхийг хүссэн болохоор аргаа олж ажиллацгаав.
Хамтран зүтгэж байгаа Т.Нарантунгалагтаа маш их талархаж байгаа. Түүний ажил хэрэгч, уйгагүй, алив зүйлийн гарцыг заавал олдог, хийж байгаа ажилдаа сэтгэлээ шингээдэг сайн чанраар үнэхээр бахархаж байна.  Монголд баг болон ажиллаж байгаа олон сайхан залуустаа ч чин сэтгэлээсээ талархаж байгаа. Тэдэнгүйгээр энэ төсөл босохгүй байсан шүү.

-Д.Бишүүгарам: Мэдээж энэ төслийг хэрэгжүүлснээр маш их мөнгө олж байгаа гэх хүн бий. Нууц биш бол төслийнхээ өртөг зардлыг хэлж болох уу?

-Г.Галбадрах: Хүмүүстэй хамтран ажиллах нэг зарчим надад байдаг. Энэ  нь  алив санааг хамтран хэрэгжүүлэхдээ “мөнгөний тухай, нэр алдрын тухай” бодож, тооцоолж байгаа бол хамтран ажиллахгүй гэдгээ хатуу хэлдэг.
Өмнө нь “I City Media” групптэй хамтран “Монгол хүн Монголын баялаг” цуврал нэвтрүүлэг бэлтгэхдээ ч энэ зарчмаа л баримталсан. Уран бүтээл хийхдээ “хэр зэрэг мөнгө олох”, “ямар шагнал, нэр алдар хүртэх” тухай бодож байгаа л бол хэзээ ч амжилт олохгүй. Ийм  бодол, сэтгэлээ шингээсэн бүтээл хийх боломжийг шууд л хиртүүлж, хаадаг юм. Өөртөө байгаа боломжоо шавхаад сэтгэлээ шингээж бүтээж чадвал  тэр хүсээд байгаа нэр алдар, мөнгө чинь олдож болноо. Хүний сэтгэл шингэсэн уран бүтээлийн дэргэд мөнгө, нэр алдар бол жижигхэн зүйл юм шүү дээ.
Бид Америкаас 52 нэвтрүүлгийн зураг авалт,  Монголдоо очоод яг тэр сэдвээр  52 нэвтрүүлгийн дахин зураг авалт хийж харьцуулан бүтээл хийж байгаа зардал чирэгдлийг ойролцоогоор тооцоод үз дээ. Үүнээс гадна судалгааны баг, сэтгүүлчид, найруулагч, нэвтрүүлгийн зөвлөх, уран бүтээлийн багт ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлс олгоно. Зардал бол асар их.
Миний хувьд ашиг олно гэхээсээ зардлаа нөхөхийг л  хүсч байгаа. Оюуны бүтээл болохоор ашиг олбол сайн, олохгүй байлаа ч бидний хувьд  хүмүүст хэрэгтэй юм хийсэн  “сэтгэл ханамж” л  ашиг  болох байх даа.

-Д.Бишүүгарам: Ийм ач холбогдолтой төслийг ямар нэгэн эрх ашиг харахгүйгээр явуулах боломжгүй гэж хардах нь олон. Таны ард ямар нэгэн санхүүжүүлэгч байгаа юу? Тухайлбал Монголд  танай бэлтгэсэн “Яагаад”нэвтрүүлгийг гаргах ямар ч дэмжлэг байхгүй гэж үү?

-Г.Галбадрах: Ямар нэгэн дорвитой нийгэмд хандсан зүйл хийгээд эхэлвэл “ард нь хэн байгаа вэ?” хэмээн таамаглал, хардлага тээж байдаг өнөөгийн жишгээр  бусад хүмүүс ч надаас ингэж асуудаг.
Америкт зардал өндөр тул ганцаараа байр хөлсөлж Монголоос ирсэн багаа гэртээ байрлуулж, хөргөгчөө хүнсээр дүүргэн, өөрсдөөр хоол цайг нь хийлгэж, Хот хооронд машинаар явах зорилгоор 8 хүний суудалтай гэр бүлийн зориулалттай суудлын машин  хүртэл авсан. Дүүтэйгээ хамтарсан нэг компанитай болохоор машины бензинээс эхлээд ойр зуурын бүх  зардлаа өөрөөсөө гаргана, зарим найз нөхөд маань ойлгож сэтгэл гаргаад дэмжинэ. Т.Нарантунгалаг маань  нэвтрүүлэгт оролцож байгаа компани, байгууллагуудаас бага зэрэг мөнгө олж Монгол дахь зардлаа “аргалж” байгаа. Заримдаа мөнгө зээлэх тохиолдол бишгүй л байна.
Т.Нарантунгалаг  төсөл эхлэхээс өмнө Монгол дахь Тurkish Airlines  авиа компаниас нэвтрүүлгийн багийн Монголоос Америк явж ирэх зардлын асуудлыг ивээн тэтгэгчийн хэлбэрээр шийдсэн  тул үндсэн ажил маань эхэлсэн юм шүү. Туркийн Монгол дахь авиа компани бидэнд итгэж, биднийг дэмжсэн дэмжлэгт үнэхээр их талархаж байгаа.
Өөрсдийн боломжоо дайчлаад төслөө эхлүүлэх хэрэгтэй,  амжилттай болбол биднийг дэмжих санхүүжүүлэгч олдоно гэж тооцсон. “Би тийм юм хийх гэсэн юм, мөнгө өгөөч” гэж бусдаас гуйхаас илүүтэй “бид ийм бүтээл хийчихлээ, танд таалагдаж байгаа бол биднийг дэмжээч” гэх нь илүү бодитой хандлага юм л даа.
Бидний “Яагаад” төсөл бодитоор эхэлсэн тул дэмжих компани, байгууллага, хувь хүмүүс гарч ирнэ гэж итгэж байгаа. Учир нь Яагаад нэвтрүүлгүүд хувь хүмүүсийн тухай биш, Монголчуудын хөгжилд хэрэгтэй  байгаа зүйлийг өндөр хөгжилтэй орны амьдрал дахь сайн зохицолтой харьцуулан гаргаж Монголчууд бид яагаад ийм байж болохгүй вэ гэсэн санааг хэлж байгаа. Нөгөө талаас улс төр, бизнесээс хамааралгүй хувь хүмүүс санаачлан эх орондоо болон бусад хүмүүст  хэрэгтэй зүйл хийх гэсэн нэгэн эхлэл. Миний зээ дүү Ч.Ганжавхлангийн Монголдоо санаачлан хэрэгжүүлж буй олон сайн үйлс ч ийм санаачлагын жишээ. Харин бид хардлага тээсэн муу сэтгэлгээнээсээ салж өөрсдийн хийж чадах зүйлээр нийгэмдээ давалгаа үүсгэх хэрэгтэй байна.

-Д.Бишүүгарам: Та “Яагаад?” төслийнхээ ашиг тусыг хэрхэн үнэлж байгаа вэ?

-Г.Галбадрах: Олон монголчууд эх орноосоо гарч харийн орныг зорих гэж хүсдэгийн, харьд байгаа олон монголчууд эх орондоо очилгүй түдгэлзээд байгаа шалтгаанууд л  “Яагаад?” нэвтрүүлгийн  хэлэх санаа.
Бас энэ нэвтрүүлгийг бэлтгэх явцад гадаадад байгаа монголчууд бидний төсөөлж байснаас ч илүү сайн хандлага бий болж, бидний санал болгох гэж байсан олон санаа аль хэдийн эх оронд минь хэрэгжээд эхэлчихсэн байгааг мэдээд  баярлахын сацуу одоо л монголчууд бидэнд хэрэгтэй зөв санаан дээр нэгдэн бие биенээ дэмжин, хөгжих цаг нь ирж байгаа юм гэж бодсон.
Тийм болохоор төслийнхөө ирээдүйд сэтгэл хангалуун, итгэлтэй байна.
Цаашид “Яагаад” төслийнхөө мөрөөр “загвар төсөл” санаачилж хэрэгжүүлэх бодолтой байгаа. Энэ болгонд олон нийтийн дэмжлэг, хамтын ажиллагаа хэрэгтэй төдийгүй бид бусдын адил сайхан зүйлийг бүтээж, сайхан амьдарна гэсэн шинэ давалгаа болоосой гэж хүсч байна.
Ер нь холдоод ажихаар  монголчууд бид хийрхлийн манан дунд хөвж байгаа мэт санагддаг. Бид ханатлаа л намуудад хуваагдаж хоосон улстөржлөө, үүний үр дүн нь хаана байна? Харин одоо  иргэд бид өөрсдөө хөгжиж, улс орныхоо  хөгжил, ирээдүйг эрүүл саруул ухаанаар харах цаг болсон.

-Д.Бишүүгарам: Дараагийн нэвтрүүлгээ хаанаас бэлтгэхээр төлөвлөж байна?

-Г.Галбадрах:  “Яагаад?”  төслийн дараагийн 30 дугаарын зураг авалт  2 сард Нью-Йорк, Вашингтон ДС, Чикаго, Денвер хотуудад  6-р сард Лос-Анжелес, Сан-Франциско, Сиэтл, Лас-Вегас хотуудад хийгдэхээр төлөвлөж байгаа.
Өмнөх нэвтрүүлгүүдэд  “түүхий” зүйлүүд их бий. Зураг авалтаа яаруу сандруу амжуулахаас аваад алдаа мадаг олон.  Энэ удаад аль болох чанарт анхаарна гэж бодож байна. Чанартай бүтээл хийнэ гэхээр санхүүжилт илүү шаардагдаж байгаа.  Мөн энэ удаа нэвтрүүлгийн тухайн сэдэвт  хамаатай мэргэжлээр ажиллаж байгаа монголчууддаа түшиглэж,  санаа бодол, оролцоог нь  чухалчилна. Америкийн засаг захиргааны байгууллагуудаас нилээд оролцуулах бодол бий.
Бидний төслийн эндэх ажиллагааг Америк дахь Монгол Улсын ЭСЯ  дэмжиж байгаад их урамтай байгаа.

-Д.Бишүүгарам: Таны төсөлд дэмжлэг үзүүлье, өөрсдийн санаа бодлыг хэлье гэж олноор хандаж байна уу?

-Г.Галбадрах: “Яагаад?” нэвтрүүлэг Монгол ТВ ээр гарч олон нийтийн анхаарлыг татаж байгаад бид баяртай, бас урамтай байгаа. Удахгүй өөр 3 ч ТВ-ээр зэрэг гарч, түүний дараа сошиал ертөнцөд байршуулж аль болох олон хүмүүст хүргэж, тэдний дэмжлэгийг авахыг хүсч байгаа.
Нэвтрүүлэг  эхэлснээс хойш олон хүнээс талархал, бас санал болгосон захидлууд ирж байгаа. Тэр болгоныг анхаарч уншиж байна.
Харин санхүүжилтын хувьд нэг их урагштай биш байгаа. Би сошиал ертөнцөд нийтлэл бичиж, нэвтрүүлэг хийж бас нэвтрүүлэгт оролцсоор бараг 10 жил болжээ. Олон хүмүүс намайг ойлгож дэмждэгт урам орж  тэр хэрээрээ илүү сайн хийх гэж хичээдэг. Түүний нэг нь энэ төсөл юм.
Хүмүүс ихэвчлэн “Чи шүү, амжилт хүсье” гэж хэлж бичдэг. Одоо намайг дэмждэг хүмүүсийн санхүүгийн дэмжлэг маш их хэрэгтэй болж байна. Би энэ төслийг гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын хамтын бүтээл гэж боддог. За тэгээд намайг ойлгож дэмждэг дотны найзуудаа “шаналгаж” эхлээд байгаа. \инээв\

Д.Бишүүгарам: “Face book”-дээ  “Өвлийн бороо-Өвгөн, Тэнгис” нэртэй таталбар нийтэлсэн байна лээ. Харин “Өвлийн цасан-Хүүхэд нас, Хангай нутаг” гэвэл ямарханаар таталгах  бол?

-Г.Галбадрах: Юуны өмнө би зохиолч, яруу найрагч, сэтгүүлч биш гэдгээ хэлэх хэрэгтэй. Гэхдээ сэтгэлийн тэртээд урсаж буй олон бодлуудаа буулгаж бичих дуртай.  Саяхан далай дээр очоод ирэхдээ “Өвлийн бороо-Өвгөн, Тэнгис” нэртэй санаашралаа буулгасан хэрэг.
Энэ жил Вашингтонд цас ордоггүй ээ, цас орохыг хүлээгээд л байгаа.
Цас орохоор орчлон ертөнцийн бүх л зүйлс цав цагаан өнгөөр хучигдан ер бишийн үзэсгэлэн тодорч, агаар нь хүртэл сэрүү татаж тунгалагшаад сайхан шүү. Хүн болсных ийм мэдрэмжийг мэдрэхгүй бол харамсалтай яа.
Манай хангай нутаг өндөр уулстай, ташуур алдам жавартай, цас их унадаг. Хөр цасанд  гулган, хацар нүүрээ жаварт хайруулахыг ч үл тоон  баясан инээж байгаа хүүхдүүд хичнээн жаргалтай гээч. Над ийм л юм бодогдож байна.

Ярилцсанд баярлалаа.Таны ажил амьдралд сайн сайхныг хүсье.
Д.Бишүүгарам \Чикаго хот\

Share Your Thoughts