“Миний хүссэн ардчилал биш” \Т.Оюунчимэг\

Өдгөө буурал Европын Англи улсад аж төрж суугаа Тодын Оюунчимэгийн бичсэн ийм нэртэй ном нилээд олон хүний гар дамжсаар надад ирсэн юм. Гарын үсгээ зурж, надад хаяглан ирүүлсэн энэ номыг нилээд анхааралтай уншиж дуусгаад, олон зүйлийг эргэцүүлэн бодлоо.
Эргэцүүлэх нь:
1990 оны ардчиллын эхэн үед монголчууд бид бүгдээрээ анхдагчид байгаагүй юм. Завхан аймгийн Сонгино суманд багшилж байсан тэр жилүүдийн ардчиллын төлөөх тэмцэл санаанд оромгүй, бас төсөөлж амжимгүй байдлаар ялалтад хүрсэн. 1980 -аад оны сүүлээр социалист системийн орнуудад өрнөж байсан “өөрчлөн байгуулалт” миний сэтгэлд итгэл төрүүлж байсан хэдий ч, Монголд ардчиллын давалгаа түрлэгээ түрж байсан тэр цаг үед сэтгэлдээ дэмжиж байсан ч болгоомжлонгүй хандаж байлаа. Яг үнэндээ “юмыг яаж мэдэх вэ?” гэж бодож байснаа нуух юун. Харин ардчилал ялснаас хойш баярласан сэтгэлээр эргэлт буцалтгүй дэмжсэн. Тийм болохоор би өдгөө ч өөрийгөө ардчилсан хувьсгалын “анхдагч” гэж нэрлэж зүрхэлдэггүй юм. Над шиг хүмүүс олон байсан.
Харин ардчилсан хувьсгалыг анхнаас нь үүсгэж, үүний төлөө эр зориг гарган, өөрийн амьдрал хувь заяагаа золиосолж чадсан олон хүмүүс бий. МАХН-ын хатуу буулган дор ийн аймшиггүй эрсдэл үүрнэ гэдэг, тэр цаг үед хүн болгоны гаргаж чадах зориг байгаагүй. Бидний гэрэлт ирээдүйн төлөө ийм эр зориг гаргаж чадсан тэднийг, байдал өөрөөр эргэсэн бол ямар аймшигтай хувь тавилан угтаж болох байсныг олон хүн төсөөлөхгүй. Тэд баатрууд байсан. Тэд ардчилсан хувьсгалын төлөө чин үнэнч сэтгэлээр зүтгэж байхдаа эгэл жирийн залуус байлаа. Нэгэн тасалгаанд шаналж түгшсэн айдсаа тамхины утаагаар халхалж, бие биенээ түшиж, бие биедээ итгэж найдан, хүнд хэцүү цаг ирэхэд ” хамтдаа байх болно” гэж итгэж байсан. Бүгчимхэн тасалгаанд суугаагаараа хонож, олдсон жаахан хоолоо хувааж идэж, ирэхгүй удсан нэгнийхээ төлөө сэтгэл чилж байхдаа тэд найзууд байв. “Хэрэв зорьсондоо хүрч чадвал…” гэж олон олон залуус бие биенээ хайрлан бодож байлаа.
Ардчилсан хувьсгал тайван замаар ялснаас хойш өдгөөг хүртэл урсаж өнгөрсөн 20 жилд олон зүйл өөрчлөгджээ. Мөнөөх залуусаас олон ч хүмүүс эрх мэдэлд хүрч, малийтлаа таргалан, тасартлаа баяжиж “заяанаасаа ийм л төрсөн” юм шиг авирлах болж. Өөрсдийгөө ардчиллын “баатрууд” гэж өргөмжлөн, одон медаль цол хэргэмээр бие биенээ шагнацгааж, мөнгөөр бүхнийг хэмжиж, эрх мэдэлдээ “бялуурцгааж” байна. Тэд бүхнийг мартаж орхижээ. Тэр цагт юуг мөрөөдөж, юуны төлөө зорьж, яаж шаналж зовж, бие биенээ хэрхэн түшиж байснаа мартаж орхижээ. Гэнэт олдсон эрх мэдэл, төсөөлж байгаагүй боломж, эргэн тойрныхны зусарган магтаал, бялдуучлал, тал засалт бүхэнд тэд “мансуурцгааж” байв. Тэд найз нөхдөө “танихаа больж”, мөнгөөр бүхнийг хэмжиж, эхлээд өөрсдийгөө, дараа нь анд нөхдөө, үргэлжлээд газар нутгаа, давраад улс орноо ч худалдахад бэлэн болж байна. Тэд түүхээ ч мартаж байна. Өөрсдийгөө ардчиллын “эцэг” гэж тооцон, зусардагчидаа ардчиллын “баатрууд” гэж өргөмжлөн, заль луйвар бүхнээ “бүтээн байгуулалт” гэж эндүүрч байна. Ардчиллын төлөө анхнаас нь хамтдаа зүтгэсэн эгэл жирийн олон залуус тэднийг “танихаа” больж байна.
Ардчилсан хувьсгалын анхны эхлэлтээс л “дугуй заалны Оюунаа” гэж нэрлэгдэж, сэтгэл оюунаа, ажил амьдралаа, ах дүүсээ хүртэл ялалтын төлөө зориулж байсан Т.Оюунчимэгийн “Миний хүссэн ардчилал биш” нэртэй номыг уншиж байхдаа би ингэж бодож байв. Тэд “гомджээ”. Албан тушаал эрх мэдэл, алдар цол гавьяа шагнал хүртэж чадаагүйдээ биш, анхнаасаа зорьж зүтгэсэн ардчилал нь өнөөдөр огт өөр болж хувирсанд, арга зальтай олон хүмүүс ардчиллыг ашиглан “баяжиж”, улам улмаар хомхойрон шунаж байгаад, тэр цагт дотно сэтгэлийн анд байсан найзууд нь амиа хичээсэн “бэртэгчид” болон хувирсанд, ардчиллын түүхэн үнэнийг, завшигчид өөрчлөн гуйвуулж байгаад гомдож байна. Оюунчимэг шиг эгэл жирийн олон “анхдагчууд” ингэж бодож байгаа. Тэр хүнд цагт “Оюунаа эгч ээ” гээд л гүйж байсан залуус, энэ тухай эргэн санахгүй, дурсахгүй байна гэж үү? Бичсэн бүхэнтэй нь эс гэхэд олон зүйл дээр би зохиогчтой санал нийлж байна. Хааяа хааяадаа сэтгэл дотроо “үүний төлөө бид ардчиллыг дэмжиж байсан гэж үү?” хэмээн эргэлзэнгүй бодох санаашралтай энэ дурсамж огтлолцож байв.
“АРДЧИЛАЛ бол УХАМСАРТАЙ ХАРИУЦЛАГА юм”
Энэ үгийг тэртээх хүнд хэцүү он жилүүдэд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Д.Бямбасүрэн гуай “Монгол тулгатны зуун эрхэм” ТВ нэвтрүүлэгт оролцохдоо харамсангүй өгүүлнэ билээ. Нээрээ бодох ахул, ардчилал ялснаас хойшхи 20 жилд Монгол Төрийн эрх барьсан эрхмүүдээс буруу муу үйлдлийнхээ төлөө хэн хариуцлага хүлээв ээ? Тэртээх жилүүдэд Монгол банкны сангаас 60 сая ам долларыг “дилер” тоглоод алдсаныхаа төлөө О.Чулуунбат хариуцлага хүлээгээгүйгээр барахгүй, өдгөө УИХ-ын гишүүн болоод хууль батлалцаж явна. Тэр цагт Засгийн Газрын шадар сайдаар, дараа нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар, одоо Улсын Ерөнхий прокурораар ажиллаж байгаа Дорлигжав “юуг өөрчилж, юуг шинэчилэв?”. “Алт” хөтөлбрийг санаачилж эхлүүлсэн Монгол Улсын анхны Ерөнхийлэгч П.Очирбат гуай хариуцлагатай уул уурхай, байгаль орчны нөхөн сэргээлт, байгаль орчныг хамгаалах талаар юу хийв? Монгол Улсын гуравдахь Ерөнхийлэгч Н.Энхбаярын одоо гаргаж байгаа араншин болон үйлдлүүд нь ухамсартай хариуцлага мөн үү? гэсэн асуултууд ар араасаа сэтгэлд эргэлдээстэй.
Улаанбаатар хотыг үе дамжуулан удирдаж байсан дарга нарын “газрын наймаа”ны балгаар хот төлөвлөлт алдагдаж, утаандаа бохирдож байна. Үүүний төлөө хэн ч буруутгагдаж хариуцлага хүлээсэнгүй. ” Гадаадын хөрөнгө оруулалт” нэрээр газрын баялгаа гадныханд арилжиж, газар нутгаа байгаль орчинтойгоо хамтад нь сүйрүүлж байгаагийн төлөө хэн ч буруутгагдаж, хариуцлага хүлээсэнгүй. Халх голын сав газраас их хэмжээний газар нутгийг Солонгосчуудад худалдсан, түрээсэлсэн гэх асуудлыг хэн ч сөхөж, асуудал болгон тавьсангүй. Хариу болгон хэн ч тайлбарласангүй. Хууль ёсыг гажуудуулж, өдгөө хүртэл өөрчилж сайжруулаагүйн гайгаар хүчирхийлэл, хүний наймаа, “хар тамхи” ны дамжуулах бизнес өргөжсөнийг хэн ч анхаарсангүй. Харин одоо залуус үүний эсрэг тэмцэж байна. Эрх мэдэлтнүүд нь хаана явсан хэрэг вэ? Боловсрол эрүүл мэндийн салбрыг гаргуунд нь гаргасны уршгаар монгол хүний эрүүл амьдрах, өөрийгөө хөгжүүлэх боломжууд хязгаарлагдмал байгаа. Улстөрч олигархиуд зуу зуун саяар хурдан морь худалдан авч уралдуулан зугаацаж, зуу зуун саяар “нүглээ цайруулах” гэж суварга босгож, бүрхэн бүтээж байхад эдгээр салбруудын хөрөнгө оруулалт нь “хоосон” хэвээр. Үүнийг хөгжил гэх үү?
Ардчилал ялснаас хойшхи хөгжил дэвшлийг тоон үзүүлэлтээр дурдах нь олонтой. Эдийн засгийн үзүүлэлт цаасан дээр өсч байвч эгэл жирийн хүмүүсийн амьдрал нь дээшилдэггүй. Эгэл ардууд нь ч, их сургуулийн оюутнууд нь ч бэлэн тарааж байгаа мөнгийг хүлээгээстэй. Баруун зүүн нь ялгагдахаа больсон намуудын амлалтын гайгаар залуус , хийж бүтээхээс хойргошиж, “гуймхай мөртлөө голомхой” араншингаар бүхнийг шүүмжилж, харааж зүхэж буй. Оюутолгой, Тавантолгойн гэрээнүүд нь өдгөө хүртэл маргаантай. Хойд урд хөршүүдийг холбох төмөр зам нь өргөн, нарийн царигаараа одоог хүртэл маапаантай. Монгол Улсын эрх ашгийн төлөө нэгдэж чаддаггүй, гадныхны “гар хөл” болж, эрх ашигт нь үйлчилдэг улстөрчидтэй. Маргаантай шийдэж чадахгүй байгаа асуудлуудын ард намууд болон бүлэглэлүүдийн эрх ашиг нь тээглээстэй. Шийдвэр болгоны ард хуйвалдаантай. Тэгсэн мөртлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй. Түүний гайгаар ард олон хохирч, бухимдаж цөхөрч байх гэж үү? Энэ бол бидний хүссэн ардчилал биш.
“СУЛ ДОРОЙ УДИРДАГЧИД Л ТАНИЛ ТАЛАА АЖИЛД АВДАГ”
Энэ бас л Д.Бямбасүрэн гуайн яриандаа авсан ишлэл. Аль нэгэн нам нь сонгуульд ялах бүрд Төрийн бүх албанд заавал хөдөлгөөн хийгддэг жишиг тогтоод удаж бай. Нэг талдаа “өөрийнхөө хүмүүс”-т “бялуу” хүртээж байгаа хэрэг. Нөгөө талдаа “гарын доорх” хүнээ, завшилд ашиглах гэсэн санаа. Энэ нь жишгээсээ халиад заншил болж байна. Тийм болохоор л Монголын Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс үүрэг хариуцлагаасаа илүүтэй боломжийг ашиглахыг хичээдэг. Эндээс л авилгал хээл хахуулын зам мөр дурайж буй. “Тэртэй тэргүй дараагийн сонгуулиар өөрчлөгдөж мэдэх болохоор энэ завшааныг ашиглаад хувийн амьдралаа дээшлүүлээд авах” хүсэл Төрийн албан хаагчдад бий болжээ. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хамаатан 10 гаруй хүн нэр дэвшсэн яриа гарч байгаад намжсан. Яг энэ халдвараар хөдөө орон нутагт ах дүү хамаатан саднаараа нам болгонд хуваагдан орон нутгийн сонгуульд “нэр дэвших” болсон тухай яриа гарч байв. Эрх мэдэл орон нутагт шилжиж байгаатай холбогдуулан “боломжийг ашиглах” орон нутгийн бүлэглэлүүд бий болж байгаа хэрэг. Энэ бүхэн ардчиллын муу жишээ.
АНУ-д ажиллаж байсан физикийн нэрт эрдэмтэн Г.Ариунболд, Монголдоо очоод “Голомт цэх” нэртэй ТББ байгуулан үйл ажиллагаа явуулахын тулд, бүртгэлээ авах гэж 3 сар оролдоод чадсангүй. Шалтгаан нь ердөө “ТББ -ын удирдах зөвлөлийн гишүүд нь цахим үнэмлэхтэй байх ёстой” гэсэн өгүүлбэр. Удирдах зөвлөлийн гишүүнд гадаадад байгаа монголчуудаас оролцох тохиолдолд гадаад паспортоороо бүртгүүлэхийг зөвшөөрсөнгүй. Бидний ашиглаж байгаа өдгөө АНУ-д хүчинтэй үйлчилдэг гадаад паспорт нь Монгол улсдаа “хүчингүйд” тооцогдох гэнэ. Энэ хүнд суртал уу? авилгал авах гэсэн дарамт уу? УИХын гишүүн С.Баярцогт АНУ-д байгаа монголчуудтай уулзахдаа “Шинэчилсэн ЗГ-ын буянаар ямар ч зөвшөөрөл авахад хүнд суртал байхгүй болсон ” гэж баяртай бахархалтай мэдээлсэн нь яг газар дээрээ иймэрхүү.
Германд ажиллаж амьдарч байсан Д.Эрдэнэчулуун Монголдоо “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулах санаачлага гаргаад бараг 3 жил орчим хөөцөлдөж буй. Өнгөрсөн сард уг санаачлагаа Төв аймгийн Заамар сумын засаг дарга болон удирдлагуудад танилцуулж, хамтран ажиллахыг санал болгож л дээ. \Уг цэцэрлэгт хүрээлэнг уул уурхайд ихээхэн сүйдсэн Заамар суманд байгуулахаар төлөвлөж байгаа юм билээ\ Гэтэл сумын удирдлагууд нь “та нар 1 га газар чацаргана тарьж өгвөл, эсвэл сумын төвийг тохижуулахад хөрөнгө оруулбал наад асуудлыг чинь ярьж болох юм” гэсэн гэдэг. Гадаадад байгаа монголчуудаа Монгол эх орондоо ирж өөрийн мэдлэг чадвараа гаргаж, хувь нэмрээ оруулахыг уриалсан уриалгын зарим нэг хариу нь иймэрхүү. Чадвар сэтгэлгээ сайтай мэргэжилтнээс маш доогуур мэдлэгтэй нэгэн, хэн нэгний татаасаар дарга болон “удирдах гэж хөглөх” дор хүмүүсийн урам нь хугардаг. “Ардаа татаастай дарга” дүртэнгүүд олшрох тусам ажил “нурдаг”. Ийм тогтолцоо “аалзны тор” шиг сүлжилдэх тусам ардчиллын үнэ цэнэ алдагдах болно. Энэ бүхэн бидний хүссэн ардчилал мөн гэж үү?
УЧИРЛАЛ:
Энэ жилийн сонгуулиар Ардчилсан Нам олонхийн санал авч Төрийн эрх барьж байна. Ерөнхийлэгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бүгдээрээ АН-ын гишүүд. Бас тэртээх он жилүүдэд ардчилсан хувьсгалыг санаачилж, түүний төлөө шаналж зүтгэж явсан зүтгэлтэнгүүд. 1996-2000 онд Төрийн эрх барьж байхдаа алдсан алдаагаа алдахгүй байх гэж найдаж байна. Тэд сайн муу олон зүйлд туршлагажижээ. Муугаасаа сайн зүйл их хийх боломж нь энэ. Тэр нэгэн цагт ардчиллын сүрт уухайг түрэн авч дэмжиж байсан олон мянган дэмжигчид та нарыг ширтэн харж байна. Одоо та нарт алдах эрх байхгүй. Гажуудуулж гуйвуулсан ардчиллын үнэ цэнийг дахин сэргээх “алтан боломж”. Үүний төлөө маш олон хүмүүс та нарыг дэмжсэн.
1990 оны цагаан морин жилийн төвөргөөн, ардчиллыг дэмжсэн хэдэн зуун мянган хүний жагсаал, өвлийн хүйтэн агаарт хүмүүсийн амнаас савсах уур, өлсгөлөн зарласан өдрүүдийн түгшүүртэй, зовиуртай мөчүүд, энэ тэмцлийг удирдаж байгаа залуусыг баярлаж бахдан харж байсан олны харц, талархал дэмжлэг дүүрэн жилүүд. МАХН-ын улс төрийн товчоо огцорч , ардчиллыг “хүлээн зөвшөөрсөн түүх, ялалтандаа баярлаж бахадсан хүмүүсийн ирээдүйдээ итгэх итгэл найдвар, бүх зүйл хомсдож улс орон өндийх гэж зүтгэсэн жилүүдийн ард олны тэвчээр, энэ бүхнийг мартаж болно гэж үү? Тэр үед та нар, одоо “Хүний наймаа, хүчирхийлэлийн эсрэг” тэмцэж, өвдөж зовж, ядарч зүдэрсэн хүмүүст тус болж байгаа “Халуун сэтгэл”-ийн залуус шиг л залуухан байсан. Тэр үед та нар даржин хувцастай ч сэтгэл нь халуунаараа, хомсхон хоолтой ч сэтгэл нь цатгалан, Нойр муутай ч сэтгэл нь хангалуун, айж түгшиж байвч ирээдүйдээ итгэлтэй байсан. Одоо мартлаа гэж үү? Та нар эргэн тойрноо “Албан тасалгааны цонхоор” бус амьдрал дунд хутгалдаад нэг анзаар даа. Хүмүүс та нарыг баярлаж бахдаж харж байна уу? зусардаж долигонож хандаж байна уу? гомдож цөхөрч ширтэж байна уу? гэдгийг.
Надад номоо илгээж тэртээх он жилүүдийн дурсамжийг сэргээн, олон зүйлийг харьцуулан эргэцүүлэхэд хүргэсэн Т.Оюунчимэг танд баярлалаа. Энэ ардчилсан хувьсгал хэдхэн хүний гавьяа бишээ, та нар шиг олон мянган залуусын чин сэтгэлийн дэмжлэг дээр ялсан юм шүү дээ. Баярлаж гомдсон сэтгэлээ ингэж илчлэх эрх та нарт бий. Олон зүйлийг сануулан, шарлаж байгаа түүхийн хуудсыг сэргээн, үнэнийг залах эрх та нарт бий. Сайхан хань тань бурханы орноос биднийг харж байгаа. Та нарт одон медаль, алдар цол хэрэггүй ээ. Сайхан сэтгэлийн урам, чин сэтгэлийн дэмжлэг л хэрэгтэй. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг ерөөе. Бас ардчилсан хувьсгалын төлөө эр зоригоороо тэмцэж, зүтгэж явсан олон хүмүүст талархал илэрхийлэн мэхийе.
МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАХ БОЛНОО.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Share Your Thoughts