Монголдоо очмоор байна, гэхдээ…

Эх орон
Харь нутагт ажиллаж, амьдарч байгаа монголчууд эх орноо чин зүрхнээсээ санадаг.
Монголдоо байхдаа эх орноо магтан дуулж , шүлэглэж, биширч байснаасаа шал өөр мэдрэмжээр “эх орон” гэдэг үгийг ойлгож хүлээж авдаг юм. Хүний газар жаргаж, зовж, ядарч , баярлаж явахдаа буцаад очих өөрийн эх оронтой байна гэдэг ямархан их өмөг түшиг, сэтгэлийн нөмөр нөөлөг, омгорхол бардамнал байдгийг ямар ч сурталчилгаагүйгээр зүрхнийхээ гүнд мэдэрнэ. Бүр зүрхнийхээ гүнд шүү.
…Алсад цэнхэртэн бидэртэх уулс, жимс самартай ой модод, мяралзан урсах гол ус, дэнжийнх нь ногоон зүлгэн дээр алаглан ургасан цэцэгс, хөл дороос жигнэн эрвэгнүүлэх элс, хааяа хөлд шигдэн хатгах өргөс, чулууг, алжааж ядарсан шөнийн эргэн хөрвөөх бодолдоо ч, амгалан нойрон дундаа ч зүүдлэн, мөрөөдөн санадаг юм даа.

Харь энэ нутагт, сүрлэг сайхан уулс, өнгө өнгөөр алаглах гоёмсог модод, эргээ цохилон давалгаалах их мөрөн, гайхам содон зохицол, дуу алдан бишрүүлэх үзэмж байдаг хэдий ч, эх орны минь байгаль шиг зүрхэнд хоногших нь үгүй. Их далайн сүрлэг давалгаа, мяралзан урсах голын чулуу шиг хөлийг минь өвтгөхгүй ч, зүрхэнд минь хүртэл цалигладаггүй юм. Ээвэр газрын зүлэг, их далайн эргийн элс нь, хөлд шигдэн өвтгөх өргөсгүй хэдий ч, зүрхэнд минь хүрэх бүлээн дулаанаар жигнэдэггүй юм. Эх нутгаа шөнөжин зүүдэлсэн зүүдэндээ, чийг даасан дэрэн дээр, сэтгэл нь жиндэн сэрдэг юм, тэд…
…Тал дүүрэн билчих мал сүргээ, хангинатал янцгаан үүрсэх хүлэг морьдоо, сүү саалийн үнэр ханхалсан монгол гэрүүдээ, хатуу зөөлнөөр ээлжлэн эргэх, дөрвөн улирлын өнгөө хааяа элэг зүрхэндээ санах бүрд, сэтгэл минь өвөл шиг жиндэж, хавар шиг шуурч, зун шиг дэлгэрч, намар шиг налайж, “нутагтаа нэг очих сон доо” гэж санаа алдахуйяа, айргийн үнэр хамар цоргих шиг л санагдах. Харь энэ нутагт, үзэж сонирхох амьтдын хүрээлэн, идэж уух амттан, ээлжлэх хатуу зөөлөн улирал байдаг хэдий ч, Монголын минь амьдрал шиг сэтгэл уяраах нь үгүй. Хайлган хавар цагт сакура цэцэглэхийг үзсэн ч, хээр талд минь хэнзлэн ургах яргуйн үнэр шиг, хамар цоргидоггүй юм. Хааяа нэг нэрийн шар айраг ууж суухад, намрын чимчигнэсэн айраг шиг, сэтгэл согтоодогггүй юм. Өсөх бага наснаасаа, өдий болтол үзэж туулсан монгол ахуй, жаргал зовлон шиг ээлжлэн ээлжлэх дөрвөн улирлаа санах бүрдээ, сэтгэлдээ жиндэж, хайлан уярдаг юм, тэд…

…Дэлгэр зуны тэнгэрт шуранхайлан уусах, уртын дууны аялгуунд, дэнж хотойлгон наадах монгол наадам, өвлийг өнөтэй давж, ирж яваа цагаа бэлэгтэй сайхан ёсолдог, монгол “цагаан сар” аа өөрсдийн амьдарч байгаа газар бүхэндээ, боломжоороо тэмдэглэн, алтан соёмбот далбаандаа мөргөж, “Халуун элгэн нутаг”-аа дуулан хүндэтгэх тэднийнүд нь чийгтэж, сэтгэл уярч, зүрх нь омогшдог юм. Харь энэ нутагт, дэлхий дахинаа гайхуулсан өч төчнөөн спортын гайхамшигийг үзэж, сонирхож явах хэдий ч, монгол наадам , цагаан сар шиг ёслол төгөлдөрийг үзсэн нь үгүй. Хаа газрын урлагийн гайхамшигийг үзэж, сонсож баясан бишрэх хэдий ч, морин хуурын аялгуунд уртын дуу шиг тэнгэрт тасарч, зүрхэнд эгшиглэхийг үзсэн нь үгүй. Жилдээ ганц болдог наадам, цагаан сараа харь газар байгаа монголчууд хамтдаа тэмдэглэхдээ, бэлэгтэй сайхан ерөөл, инээд баясал, дуу хуураар харийн тэнгэрт, монголын слхийг сэвэлзүүлэн ёслодог юм тэд. Энэ үедээ, их монголын хэлтэрхий, энэ дэлхийн дайдад сүр хүчээ алдаагүйг, бахдан сануулдаг юм, тэд…
Харь орнууд хөгжлөөрөө, үзэмжээрээ, боломжоороо монголоос минь илүү байж болох хэдий ч, тэгтлээ сэтгэл алдарч хоргодох нь үгүй. “Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэрч гэсэн эжий минь” гэдэгчлэн, төрж өссөн монгол нутаг минь сэтгэлд илүү ойр санагдана.
Эх орондоо хайртай байх, эх оронч байх, эх орноороо бахархдаг байх гэдэг, уриа лоозон хашгирч, цээжээ дэлдэн гайхуулах зүйл биш ажээ. Эх орныхоо төлөө зүтгэх зүтгэл гэдэг, заавал эрх мэдэлд хүрч, эх орондоо байгаа боломжит сайн зүйлсийг өөртөө болон өрөөл бусадтай хамтран луйвардаж, худалдаж, ашиглан баяжих гэдэг зүйл биш ажээ.

“Эх орон” гэдэг буцаад очиход, нөмөр нөөлөгтэй, дулаахан гэр минь юм. Эх орны минь уулс толгод нь, ухаанаа цэгцэлж, үгээ цэнэж, үйлээ хянан байж, намайг сургаж ухааруулдаг “аав” минь юм. Эх орны минь урсгал сайхан гол мөрөн минь, хатуу зөөлнөөрөө бүхнийг тэнцүүлж, хайр энэрлээрээ цаг ямагт бялхаж байдаг “ээж” минь юм.
Эх орноо хайрлана гэдэг, сэтгэлийн гүнээс гарах үг, зүрхний гүнээс унах нулимс юм.
Эх орны төлөөх зүтгэл гэдэг, сайн муу, сайхан муухайн төлөөх зовинол, хөдөлмөр, буруу муу үйлийн шүүлтүүр юм.
Саяхан Чикагогоос нэгэн бүсгүй над руу утсаар ярилаа. Америкт ирээд 7 жил болж байгаа тэр бүсгүй “Би баян хүн бишээ, гэхдээ миний сэтгэл эх орныхоо төлөө байнга шаналж байдаг. Би монголынхоо төлөө хийх ямар нэгэн сайн үйлсэд оролцон, дэмжмээр байна. Хэрвээ бохирдоод байгаа Туул голоо цэвэрлэе гэвэл би мөнгө хандивлахад ч бэлэн байна. Гагцхүү хэн нэгэн луйварчинд мөнгө өгч чадахгүй ээ” гэсэн. Намайг энэ талаар ямар нэгэн юм бичвэл заавал үүнийг дамжуулаарай хэмээн чин сэтгэлээсээ хүссэн юм. Энэ бол гадаадад байгаа монголчуудын ердийн сэтгэлийн илрэл. Ийм бодолтой маш олон монголчууд бий. Харин тэд зөв сайн үйлсийн эхлэлийг л хүлээж байгаа.
Эх орон гэдэг бидний хувьд хэзээ ч, хаана ч , юугаар ч солихгүй “эрдэнэ” билээ. Энэ бол бидний өлгий, бас амгалан нойрсох дагшин газар минь билээ.

Монголдоо очиж амьдрах хүсэл байна, гэвч…

Эх орондоо амьдарч байгаа монголчууд болон гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын хооронд энэ сэдэв их хөндөгддөг. Заримдаа нилээд маргааны эх үүсвэр болно. Хэргийн учир нь, их мөнгөтэй болж баяжсандаа биш, харьд урваж, эх орноо мартсандаа биш, амар хялбар жаргаж суух хүсэлдээ биш, огт өөр зүйлд байдаг юмаа.
Харь оронд байгаа монголчууд их мөнгө олох хүслээс илүүтэй, өөрийн үр хүүхдийн сайхан ирээдүй, айх айдасгүй, сэтгэлийн дарамтгүй тайван амьдрал, шударгаар хөдөлмөрлөж, хүссэнээрээ амьдрах боломж, эргэн тойронд байгаа сэтгэл татам, найрсаг үйлчилгээ, хүн болж төрсний төлөөх гүн хүндэтгэл, эх орон руугаа буцах хүслийг “чөдөрлөдөг’. Харь оронд бий болж хөгжсөн, энэ зөв тогтолцоо, шударга ёс, хүнийг дээдэлсэн үйлчилгээ, Монголд минь бий болдог бол, гадаадад байгаа монголчууд бүгдээрээ монгол руугаа буцна гэдэгт би эргэлзэхгүй байна.
…Машинаа дүрэм журмаараа жолоодож яваад, ямар ч шалтгаангүйгээр замын цагдаад шалгуулж, элдэв шалтгаар дарамтлуулж, эцэст нь өөрт нь заавал “торгууль” төлөхийг хүсэхгүй байна. Энд, дүрэм зөрчөөгүй бол хэн ч зогсоож, дарамталдаггүй юм.
…Сургуульдаа явсан хүүхэд нь, ангийнхаа болон аль нэгэн хүүхдэд шоолуулан, бас дарамтлуулж, ангийн багшдаа элдэв шалтгаар мөнгө хураалган, аяндаа сурах сонирхолгүй болж, хичээлдээ явахгүй хэмээн уйлж гуйхыг үзмээргүй байна. Энд хүүхдийн хүсэл сонирхолд нь таацуулан сургаж, тэднийг хүндлэн дээдэлдэг учраас хүүхдүүд сургуульдаа дуртайяа явдаг юм.

…Аль нэгэн эмнэлэгт өөрийгөө болон өвчтэй нэгнийгээ үзүүлэх гэж, өчнөөн цагаар дугаарлан сууж, эмч нэртэй хүнд сурталтанг царайчлан, гарыг нь хүндрүүлээгүйн төлөө, хагас дутуу эмчилгээ авмааргүй байна. Энд эрүүл мэндийн болон эмнэлгийн үйлчилгээ бүрэн төгс, бас найрсаг байдаг юм.
…Ажил, амьдралын шаардлагаар аль нэгэн төрийн байгууллагад хандахдаа, хүнд суртлын хадан хана мөргөж, аль нэгэн таньдаг хүнээр зуучлуулан, авилгал өгч байж хэргээ бүтээмээргүй байна. Энд төрийн найрсаг үйлчилгээ, алив асуудлыг зөвхөн журам, дүрэмдээ зааснаар шуурхай шийдвэрлэдэг юм.
…Ажил хийсэн нэртэй цагийг дэмий өнгөрөөж, хэн нэгний амыг харж, авах цалингаа элдэв ашиггүй татвараар хасуулж, хагас дутуу, өлөн зэлэм амьдармааргүй байна. Энд “хөдөлбөл хөлс, зогсвол зоос” гэдэгчлэн, цаг хөдөлмөрийн бүтээмжээрээ цалинжиж, хар цагаан гэх ялгаваргүйгээр хөдөлмөрөө шудрагаар үнэлүүлж, хөлсөө авч чаддаг юм.
…Амралт, баярын өдрүүдээр алжаалаа тайлах гэж, тасартлаа архидаж, манартлаа тамхилж, адаг сүүлд нь элдэв хараал зүхэл, хэрүүл маргаанд өртмөөргүй байна. Энд амралт чөлөө цагаа архи тамхигүйгээр өнгөрөөж болох, өчнөөн боломж байдаг.
…Өөрийн хүсэл боломжоороо бус, өрөөл нэгний шахалт дарамт, намчирхсан, улстөржсөн, албархсан, хоосон хийрхэл дор шаналж амьдармааргүй байна. “Улс төрийг чи сонирхохгүй бол, улс төр чамайг сонирхдог” гэдэг лоозонд хүлэгдэж амьдармааргүй байна. Энд хүсвэл, улстөрөөс ангид байж, өөрийн хувь заяа, хүсэл, боломжиндоо эзэн нь байж, өөрийнхөөрөө амьдрах боломж бүрэн байдаг.

…Өөрийн эрх чөлөө, итгэл үнэмшил, сонголтоо хэн нэгэнд луйвардуулж, ирээдүйдээ итгэлгүй, сэтгэлдээ бухимдалтай, өрөөлийг хардаж, өөрөө шаналж амьдармааргүй байна. Энд хууль журмаа судалж мэдэн, сахиж амьдарвал, хэн ч биднийг оролдохгүй. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэгчлэн.
Өнөөдөр харь оронд ажиллаж, амьдарч байгаа монголчууд үүнийг л хүсэн хүлээж байгаа. Харин тэднийар гэр, ах дүүдээ илгээж байгаа мөнгөөр олон айл өрхүүд амжиргаагаа залгуулж, монгол орны хөгжилд чамлалтгүй жийрэг болж байна.
Харьд ажиллаж амьдарч байгаа монголчуудыг эх орондоо ирээч, энэ хүсэл мөрөөдлөө өөрсдөө хийж үлгэрлээч гэж уриалцгаадаг. Хүсэл байвч, өнөөдөр монголд тийм боломж бий билүү? Хэн тэднийг найрсагаар гар тоосон угтаж байна?
Ийм боломжийг олгохыг хэн хүсч , тусалж байна?
-Монгол оронд, хамгийн чухал зүйл болох “шударга ёс” тогтохгүй байна. Хуулийг баталж, дагаж мөрдөхөд нь ард иргэддээ үлгэр дуурайлал зүүүлэх учиртай төрийн түшээд нь өөрсдөө хуулиа зөрчиж, үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүйгээр барахгүй, үүнийгээ ид хав болгон, гайхуулж, сурталчилж байна. Үүнийг харсан нэг хэсэг нь даган дуурайж, барьцаж, нөгөө хэсэг нь “даанч дээ” гэж шгширч суух. Хариуцлагагүй үйлдлийнхээ төлөө огцрох бүү хэл дэвшдэг, хоцрогдсоныхоо хэрээр халагдах бүү хэл, хэн нэгнийг дагалдан баясаж явдаг энэ тогтолцоог өөрчлөхгүй бол, хэн ч азаа үзэхийг хүсэхгүй.

-Монгол оронд хүнд суртал, авилгал устахгүй байна. Өндөр боловсрол чадвартай, ажил хэрэгч, туршлага, хүсэл эрмэлзлэлтэй залуусыг ажилд орох, бизнес хийх хүсэлтийг нь хүнд суртлын нудрагаар мохоож, авилгал, бүр их мөнгийг нэхэж байна. Арга, хүч мөхөсдсөндөө нэг хэсэг нь харьд буцаж, нөгөө хэсэг нь байдлыг харзнаж байна. Монголдоо төдийгүй дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн энэ л авилгал, хүнд суртлын тогтолцооноос хэн хүнгүй эмээж байна.
-Ард түмний сонголт, хүсэл мөрөөдлийг луйвардаж, худалдан авч, төрийн эрх мэдлийг гартаа авч буй эрхмүүд, хэсэг бүлгээрээ талцан хуйвалдаж, тохиролцож, наймаалцаж улстөрийн орчинг Улаанбаатарын утаатай адил, бохирдуулж, тортогтуулж байна. Тэд энэ үйлдэлдээ гаршиж, улам улмаар эрээ цээргүй болж буй нь илт байгаа. Ийм байдлын улмаас, ард иргэд айдаст хүлэгдэж, “түрүүнд дуугарсан хөхөөний ам нь хөлдөж”. Ард иргэдийг эвлэлдэн нэгдүүлэхгүйн тулд, намчлан талцуулж, өөр хооронд нь архиралдуулсаар… Ийм байдлын эсрэг тэмцэж, монгол оронд шударга байдлыг тогтоох гэсэн оррлдлого бүрийг элдэв аргаар нухчин дарж, шоронд хорьж, ард иргэдэд жигшүүлэх гэж, муучлан сурталчилж байна.

Эцэстээ монголдоо байгаа нь ч, гадаадад байгаа монголчууд ч айдас болгоомжлолд автаж, цагийг хүлээцгээж байна. Гэвч монгол хүний тэвчээр, хүлээлтэд хязгаар бий. Их тэсрэлт болж, энэ бүхийг өөрчлөх цаг ирнээ.
Харин энэ цаг дор, монголчууд бид эвлэлдэн нэгдэж, эрүүл бодол, саруул ухаанаар энэ бүхнийг өөрчлөх хэрэгтэй байна. Бид монголдоо очиж, тайван амгалан ажиллаж, амьдармаар байна… Гэхдээ яг өнөөдөр биш… Харин заавал очно.
Миний монголыг удирдаж байгаа, хүнийрхүү сэтгэлтэй
дарга нарт
Энэ сайхан монгол орон маань, хэн нэгний болон бүлэглэлүүдийн өмч биш бөгөөд, энэ оронд төрсөн хэн боловч эзэн нь байх хувь заяатай. Үүний төлөө, бидний ухаант, дайчин өвөг дээдэс минь, энэ газар нутгийг ухаанаараа, цусаараа, зүтгэл тэмцлээрээ хамгаалан авч үлдэж, өнөөгийн бидэнд өвлүүлсэн юм. Өнөөгийн бид ч цаашид үр удам, хойч үедээ өвлүүлэн үлдээх үүрэгтэй.
1990 онд жинхэнэ эрх чөлөө, хөгжлийн өөдрөг боломжийг монголчууд бидэнд авч ирсэн ардчилсан хувьсгал, өнөө хүртэл бидний хүсэн хүлээж байсан нааштай өөрчлөлтүүд, тэр дундаа хамгийн үнэ цэнэтэй зүйл болох “шударга ёс” ыг авчраагүйгээр барахгүй, энэ ололтууд цаг өнгөрөх тусам улам бүдгэрсээр байна.
Олон зуун монголчууд энэ бүхнийг тэвчиж хүлцэлгүйгээр, гадаадын олон оронд гарч өөрийн хүсэл мөрөөдлөө эрж хайн бидэрцгээж байгаа. Үүний балгаар, монгол орон минь эзгүйрч, олон гэр бүл салж, олон хүүхдүүд “өнчирч” байна. Олон хүмүүсийн сэтгэл шаналж, олон хүмүүс харьд зүдэрч явна.

Үүний буруутан нь хэн бэ?
1990 оноос хойш монголын төрийг “салж нэг”, ” нийлж нэг” барьж өдгөө хүрсэн МАХН, МАН мөн. Энэ хугацаанд ” Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан яг тэнцэнэ” гэдэг шиг, төрийн эрх барьж үзсэн эрхмүүдийн баяжсан, ард иргэдийн ядуурсан нь яг л тэнцэж байгаа. Монголын төрийг завааруулж, ард иргэдийг туйлдуулж, хамгийн гол зүйл болох ирээдүйдээ итгэх итгэлийг нь хугалсаны төлөө МАХН, МАН-ийг татан буулгаж, хариуцлага тооцох цаг ирнээ.
Магадгүй та нар, их зүйл бүтээж, их ололт олсон гэж нэрлэх байх. Хариуд нь би та нараас: ” Ийм өргөн уудам нутагтай, ийм их баялагтай, ийм цөөхөн хүн амтай монгол оронд, яагаад баян хоосны ялгаа ингэтлээ гаарч, яагаад хүмүүсийн амьдрал дээшлэхгүй, яагаад монгол орон хөгжиж чадахгүй 20 жил болов оо?” гэж асууя.
Монгол оронд бий болсон ардчилалын ололтыг, хүмүүсийн барьсан гар утас, унаж буй машин, зээлийн орон сууцаар хэмждэггүй юм. Иргэд нь улс төржихгүйгээр, төрдөө итгэж, төр нь иргэддээ шударгаар хөдөлмөрлөж, өөрийнхөө хүсэл, боломжоор амьдрах, боломжоор хэмждэг юм.

Ардчилал гэж, үнэний төлөөх иргэдийн дуу хоолойг хүчээр хааж, шоронд хорьж, ард иргэдийг айлган сүрдүүлж, өөрсдөө дур зоргоороо, эрээ цээргүй авирлахыг хэлдэггүй юм. Иргэдийнхээ хүсэл бодлыг сонсож, тэднийг дэмжиж, бие биеэ хүндлэн, сэтгэл хангалуун тайван амьдрах боломжийг хэлдэг юм.
Дэлхийд гайхуулам их нөөцтэй гэгдэх Оюутолгой, Тавантолгой, Дорнодын ураны нөөцийг сүүлийн 10 жил ярилаа, сонгуульд ашиглалаа. Монгол хүнээ хөгжүүлэх тухай огт ярьсангүй 10 жил боллоо. Ийм баялагтай хэрнээ, цөөхөн ард иргэдээ сэтгэл хагалуун, тайван амьдруулахад тийм хэцүү гэж үү? Олон олон монголчуудын толгойд ийм асуулт эргэлдэж буй.
Монгол орны оршин тогтнохуй, монгол иргэдийн хувь заяа, ашиг сонирхлын төлөө бус, өөрийн өчүүхэн бие болон, өөрийн хүрээллийн эрх ашгийн төлөө энэ орны баялгийг идэж ашиглан, завшин хуваах аваас, нэгэн цагт үнэний шүүх гэсгээн цээрлүүлэх болноо. “Нүгэл нүдээрээ гардаг” гэдэг үг буй.
Монголчууд уагаа их хувь заяатай ард түмэн. Нэгэн цагт, харьд байгаа нь эх орондоо очицгоож, эвлэлдэн нэгдэж, өөрийн монгол орондоо, элэг бүтэн, сэтгэл хангалуун амьдрах болноо.
Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй. Мөнх хөх тэнгэр биднийг ивээг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.
2009-04-30

Share Your Thoughts