МОНГОЛЫГ ХЭН МѲХѲѲЖ БАЙНА ВЭ?

АРДЧИЛАЛ нэрээр намуудын бүтцийг ашиглан, “улстѳрчид” хэмээн ѳѳрсдийгѳѳ нэрлэсэн, “юм үзэж нүд тайлаагүй” , “шуналын хүсэл нь шулам болгосон”, “эрээ цээрээгүй бүдүүлэг” хэсэг ТЭНЭГ нѳхѳд Монгол Улсын хѳгжлийг мухардалд орууллаа. Зѳвхѳн тэд ч биш “зусардан далдаганагчид”, “аймхай хулчгар”, “мэдлэггүй мангар”, “шинжлэх ухаанд бус цуу ярианд итгэдэг” олонхи болсон МАСС ууд ч энэ байдалд багагүй үүрэг гүйцэтгэсэн. Байдлыг бодитоор ойлгож “ѳѳрчлѳх хэрэгтэй” гэж ухаарч зүтгэсэн хүн бүхэн амжилтад хүрэхгүй байгаа нь мѳнѳѳх тэнэгүүдийн бий болгосон ГАЖУУДСАН тогтолцооны уршиг. Энэ дүр зургуудыг тоймлоод дүгнэх гэж үзье л дээ.

 

1.   Энэ бүхэн “Социализмын материаллаг бааз” ыг ХУВЬЧЛАЛ нэрээр устгахаас эхэлсэн. Аливаа баялгийг бий болгох маш хэцүү их хугацаа шаарддаг ч, устгахад маш бага хугацаа зарцуулдгийг бид ѳѳрсдѳѳ үзлээ. Бодлогогүйгээр, зохицуулалтгүйгээр, хяналтгүйгээр энэ хувьчлалыг хийсэн олон улстѳрчид одоо болтол байж л байгаа. Бид ѳѳрсдѳѳ баялаг БҮТЭЭГЧИД бус бусдаас гуйдаг ГУЙЛГАЧИН болсны шалтгаан нь энэ.

2.   Социалист нийгмийн байгуулалтыг удирдаж байсан МАХН ыг татан буулгаж, улстѳрийн шинэ намуудыг адил гараанаас эхлүүлж, эрүүл саруул бодлогын тѳлѳѳх ѳрсѳлдѳѳн бий болгоогүйгээс ардчилалыг удирдсан АН одоо МАХН аасаа ялгагдахаа больж байна. Ардчилсан шинэ нийгмийг хуучин социалист аргаар удирдаад байгаагийн жишээ нь, шагналын тогтолцоо, жил сарын аян хѳдѳлгѳѳн, хэзээ ч биелдэггүй хоосон уриалга, ам ажлын зѳрѳѳ, том гэдэстэй яравгар тѳрхтэй “дарганцар”-ууд.

3.   2000 оны сонгуульд намаа ялуулж улстѳрийн эрх мэдэл авсан нэгэн дарга Тѳрийн алба болох улстѳрийн албан тушаалуудыг “дуудлага худалдаа”-гаар арилжиж эхэлсэн энэ цаг үеэс л олон хүмүүс улстѳрийн албан тушаал бол ХАРИУЦЛАГА биш БИЗНЕС юм байна хэмээн ойлгож хандах болсон. Албан тушаалд очих гэж авилгалд ѳгсѳн мѳнгѳѳ хэд нугалж олж авахын тулд ажилладаг болсон цагаас л Монгол Тѳрийн албан хаагчдын үнэлэмж унаж, ХАРИУЦЛАГА, ШУДАРГА ЁС үгүй боллоо. Олон нийт ѳѳрсдийн үнэ цэнэ мѳн чанараа мѳнгѳѳр арилжих болсны шалтаг нь энэ.

4.   Газар хувьчлахыг эсэргүүцэж байсан олон тэмцэгчид “зуурдаар” нас барсны дараа ГАЗРЫН НАЙМАА маш ихээр дэлгэрч хѳгжсѳн.  Хот тѳлѳвлѳлтийг үгүй болгож, Улаанбаатар хотын газар болгоныг зарж баяжсан, түүгээрээ улстѳрд орж улам ихээр арвижуулсан, мѳнгѳний хэмжээгээрээ улстѳрийн нѳлѳѳгѳѳ тодорхойлдог хэсэг нѳхдүүд одоо ч Монгол Тѳрийн шийдвэр гаргах эрх мэдэлд байсаар байна.  Aгаарын болон хѳрсний бохирдол нь хэмжээнээсээ хальж, цэвэр усны гамгүй хэрэглээнээс шалтгаалж нѳѳц нь улам бүр багассаар байгаа Улаанбаатар хотод замбараагүй байдлын улмаас хүүхдүүд амь насаа алдсаар байгаагийн шалтгаан нь энэ.

5.   Oлон луйварчид, наймаачид УИХ д орж ѳѳрсдийн бизнесээ хамгаалах, ѳѳрсдийн ирээдүйн эрх ашигтаа нийцүүлэн “лобби хийж” хууль батлуулдаг болсноор ШУДАРГА ЗАРЧИМ алдагдаж ХУУЛИЙН ДАРАНГУЙЛАЛ бий болжээ. Хууль сахиулах эрх үүрэгтэй байгууллагууд ч энэ байдалтай эвлэрэх болсон нь “хүн бүхэн хуулийн ѳмнѳ адил тэгш байх” боломжийг үгүй болгож байна. Хүмүүс хуулийн байгууллагуудад итгэхээ больж, тэдний гаргасан шийдвэрүүдэд “эргэлзэх” болсон нь үүний нотолгоо.

6.   Дэлхий ертѳнц даяаршиж буй энэ цаг үед “Гадаадын хѳрѳнгѳ оруулалт” ыг Монголын хѳгжилд зѳв шударга байдлаар ашиглахын оронд ѳѳрсдѳѳ ХУВЬ ЭЗЭМШИХ сонирхлынхоо тѳлѳѳ улстѳрчид ѳѳр хоорондоо тэмцэлдэх  боллоо. 3 сая хүнтэй Монголын хѳгжлийн тѳлѳѳ бус, хэдхэн гэр бүлүүд ѳѳрсдийн ѳчүүхэн ашгийн тѳлѳѳ худалдаж болох бүхнийг худалдахаар улайрч байна. Уул уурхайн хѳгжлийн бодлого алдагдаж эх орны минь байгаль орчин бохирдож, ус ургамал сүйдэж, ан амьтад хомсдож байгаа нь үүний жишээ.

7.   Ажилгүйдэл, ядуурал, архидалт, завхайрал улам улмаар ихэсч үүний улмаас бухимдах болсон олон нийтийн бухимдлыг зориудаар дэвэргэн монголчуудыг байнга талцуулан ѳѳр хооронд нь хэрэлдүүлэх “гадны” бодлого хэрэгжээд байна гэж би лав хувьдаа хардаж байгаа. Цахим орон зайд энэ нь илт мэдрэгдэж байна. Хэн нэгний захиалгаар “хѳлсний бичээчид”, “сэтгэгдэлчид” энэ байдлыг улам ихээр дэвэргэж байна. Монголчууд бид харанхуй мунхаг, бүдүүлэг замбараагүй, эв нэгдэлгүй байх нь ХЭНД АШИГТАЙ вэ? Лав л монголчуудад ашиггүй.

 

Хэдийгээр монголчууд бид бухимдалтай байгаа ч сэргэж байгаа. Олон сайхан залуус эрүүл саруулаар сэтгэж, энэ байдлаас гарах арга зам боломжуудыг хайж бас олж байна. Гадаадын ѳндѳр хѳгжилтэй олон оронд монгол залуус ѳѳрсдийгѳѳ дэлхийн хэмжээнд хѳгжүүлж, дэлхийн хэмжээнд сэтгэж байна. Олон монголчууд Тѳр Засгаас хамааралгүйгээр ѳѳрсдийн хийж, үлгэрлэж чадах зүйлсээ ухамсартайгаар хийж байна. Хүмүүс хог хаяхаа багасгаж, ил задгай бие засч байгаа хүмүүсийг шоолж, хууль зерчиж буй үйлдэл болгоныг ил гаргаж олон нийтээрээ тэмцэж эхэлж байна. Энэ бол бага бус үр дүн, сайн эхлэл.

 

Улстѳрийн гажуудсан тогтолцооны эсрэг Л.Оюун- Эрдэнэ тэргүүтэй залуус тэмцэж, шаардаж эхэлллээ. Олон нийтэд ил болсон хэрнээ хуулийн муу тогтолцооны уршгаар хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаа энэ гаж зуршлыг одоо засахгүй бол хэзээ засах гэж? “60 тэрбумын” гэх хэргийг одоо тодорхой болгож шийдэхгүй бол Эрдэнэтийн 49% тай холбоотой асуудал, Эрдэнэтийн 51% ийг барьцаалж зээл авсан асуудал, Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлууд бүгд л замхарч алга болно” гэж УИХ ын гишүүн Л.Оюун- Эрдэнийн учирласантай санал нэг байна. Энэ цаг үед хэн нэг нь иргэний зориг гаргахгүй бол болохгүй байнаа. Харин бид зѳв сайн эхлэл болгоныг тууштай дэмжиж байх хэрэгтэй байна.

 

Монгол Улс мѳхѳхгүй ээ.  Улстѳрч нэртэй луйварчингууд, аялдан дагалдагч бэртэгчингүүд, ард олныг хагалан бутаргагчид мѳхѳх болно. Харин энэ байдлыг засч залруулахад хүн бүрийн хүчин зүтгэл, итгэл сэтгэл хэрэгтэй байна.  Энэ гажуудсан тогтолцоог ѳѳрчлѳн засч, хүмүүсийн сэтгэлгээ болон хандлагыг эрүүлжүүлж байж бид хѳгжинѳ.  Ѳѳр сонголт байхгүй шүү дээ. Та биднийг үр хүүхдүүд минь харж ,ойлгож байгаа. Тэдэнд ийм орныг үлдээж болохгүй ээ, алдас болно.

Share Your Thoughts