Монголын бахархал, Монголын домог болсон залуус

olymp

Энэ жилийн манай Монголын үндэсний их баяр наадмын дараа, Дэлхийн спортын их баяр  ОЛИМП-ийн  гуч дахь наадам Английн нийслэл Лондон хотноо болж өнгөрлөө.  Олимпийн бамбар Лондонгийн тэнгэрт бадамлаж, Олимпийн далбаа салхинд нь намирсан 16 хоног, дэлхийн сая сая үзэгчдийн сэтгэл догдлол, уулга алдалт, харамсал баяр хөөртэй холилдон өнгөрөв. Олимпийн тоглолт  болж байгаа энэ өдрүүдэд  хүн төрөлхтөний  эв нэгдэл, нэгэн дотно сэтгэл  ямар ч албадлаггүйгээр илэрдэг юм. Энэ бол СПОРТ-ын гайхамшигт шид билээ.
Энэ дэлхийн таван тивийн 204 орны тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон энэ наадамд, Монголын 29 тамирчид спортын 7 төрөлд  өрсөлдөв. Эдүгээгээс  дөрвөн  жилийн өмнө бидний урд хөршийн Бээжин хотод болсон 29 дэх олимпийн наадмаас Монголчууд 2 алт, 2 мөнгөн медаль хүртсэн нь монголчууд бидний их урам зоригийг бадраасан.

Хичнээн ч олон жил бидэнд “сар” мэт хол санагдаж байсан олимпийн алтан медаль “яг дэргэд байсныг”, үүнийг эр зориг хүч чадлаараа авч болно гэдгийг Н.Түвшинбаяр, О.Гүндэгмаа, Бадар-Ууган, Сэрдамба нар нотолсон. Энэ “тэсрэлт ” л шинэ үеийн залуусыг зоригжуулж, илүү их амжилтын төлөө зүтгэх эрч хүчийг өгсөн юм. Энэ амжилт нь монголчууд биднийг олимпийн “хүрэл”, “мөнгөн” медальд “голонгуй” хандаж зөвхөн “алт” руу тэмүүлэх  “давруун” сэтгэлгээтэй болгож амжсан.
Лондонгийн олимпийн наадмаас монголчуудын хүртсэн 2 мөнгө, 3 хүрэл медаль бүгд л өөр өөрийн гэсэн “домог”-той байлаа.
-Жудо бөхийн 73 кг-ын жинд өрсөлдөж “хүрэл” медаль хүртсэн ОУХМ С.Ням-Очир энэ наадмын “анхны” медалийг авч, түгшиж байсан олон хүмүүсийн сэтгэлд  баяр тайвшралыг авчирснаараа онцлог байв. Хүн болгон л түүнийг “Булган сүүлтэй” гэж бэлэгдэж, “алтан медаль дагуулах болтугай” гэж сэтгэлдээ хурайлсан.
-Жудо бөхийн -100 кг -ын жинд өрсөлдсөн Бээжингийн олимпоос Монголдоо анхны алтан медалийг авчирч байсан “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар”, МУГТ  Н.Түвшинбаяр энэ олимпод жинхэнэ “домог” болон тодорлоо.  Бээжингийн олимпийн дараа Н.Түвшинбаярыг “тэр өдрийн аз гийсэн” хэмээн олон хүн дүгнэж, олимпийн “алтан медаль ” авчирсных нь төлөө дахиад нэг их амжилт хүлээгээгүй байх. Харин тэрээр энэ дэвжээн дээр өрсөлдөгчдөө цэвэр ялсаар сүүлийн мөчид бэртэлтэй байсан хэдий ч эр зориг тэвчээрээрээ “мөнгөн медаль” хүртсэн нь монголчуудын хувьд үнэхээр бахархал боллоо.  Энэ “мөнгөн медаль”, алтан медалийн  жинтэй медаль байв.  “Хэрэв бэртэл нь сэдрээгүй бол…” ямар ч эргэлзээгүйгээр түрүүлэх байсан гэдгийг бүгд мэдэрч байсан. Олимпийн алт, мөнгөн медаль гэдэг монголчууд  бидний хувьд “домог” болж хувирав.
-Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 63 кг-ын жинд өрсөлдсөн МУГТ, дэлхийн аварга С.Батцэцэг “хүрэл медаль” хүртсэн нь бас л бахархал шуугианыг хослуулав. Эдүгээгээс 32 жилийн өмнө олимпоос медаль авч байсан чөлөөт бөхийнхний “тасарсан гинж”-ийг залгаснаараа тэр гавьяа байгууллаа.  Тэгээд ч зогсохгүй монгол бүсгүйчүүдийн  “үнэ цэнэ”-ийг ч бахархалтайгаар мэдрүүлэв. Бас “анхны” гэсэн тодотголыг ч  өмнөө залсан.  Анхны юм гэдэг хэзээд бахархалтай байдаг.

-Боксын 64 кг-ын жинд өрсөлдсөн дэлхийн аваргын болон ОУ-ын олон тэмцээний медальт МУГТ  У.Мөнх-Эрдэнэ  “хүрэл медаль ” хүртлээ.  Гурван  олимпод  дараалан оролцсон, туршлагатай түүний “цуглуулга” д  олимпийн медаль л байгаагүй юм.  Эзэн орны тамирчинг “илүүрхэн” ялсан түүнд олон ч хүмүүс найдлага тавьж байв. Гэхдээ хожигдол нь олон ч хүмүүст харуусал авчирсан.  Харин тэрээр хийж чадах бүхнээ л хийж чадлаа.
-Боксын 52 кг-ын жинд өрсөлдсөн ДАШТ-ны мөнгөн медальт, МУГТ  Н.Төгсцогт эцсийн мөч хүртэл монголчуудын мөрөөдөл болсон “алтан” найдлага байв.  Тулаан болгондоо илүүрхэж байсан 20 -хон настай залуу “мөнгөн медаль” авсандаа “харамссан’.

Хүн болгон түүнтэй адил “харамссан” ч , “нас залуу байна, даагаа нэхэж дараагийн удаа бүр ч илүүгээр хожиж чадна” хэмээн аргадаж урамшуулж байв.  17 насандаа дэлхийн аваргын мөнгөн медаль, 20 насандаа олимпийн мөнгөн медаль авч “ихэрлүүлсэн” түүнд маш их ирээдүй байгаа.

Медаль авч чадаагүй ч олимпод амжилтай оролцсон бусад хүмүүст талархал илэрхийлмээр байна. Хэдийгээр амжилт гаргаж чадаагүй ч “олимпод оролцох эрх” гэдэг тэднийг дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байгаа тамирчин гэдгийг нотолдог юм. Бид тухлаг өрөөнд , зурагтынхаа өмнө суугаад  баярлаж гомдож, бас тэднийг магтаж зэмлэж болох ч буруутгах аргагүй.  Тэдний 4 жил олимпод бэлтгэж урсгасан хөлс, хүч хөдөлмөр, тэвчээр зүтгэлийг бид мэдэхгүй. Тэдний сэтгэлийн зовиур шаналлыг ч бид анзаарахгүй.  Хэрэв хүн болгон “азтай” байж медальд хүрдэг байсан бол ингэж зовохгүй л байсан байх.  Энэ дэвжээн дээр дэлхийн хэмжээний “мундагчууд” цуглаж өрсөлддөг болохоор тэр болгон бидний санаж мөрөөдсөнөөр болохгүй. Ялалтын баяр бахдал, ялагдлын “хор шар”-аар амталсан харууслын нулимс  тамирчин болгоныг ялгаварлалгүйгээр ирж байгаа. Тэр болгоны үнэ цэнийг бид биш, тэд л өөрсдөө мэднэ. Тэгэхээр тэдэнд ялалт, ялагдал бүхнийх нь төлөө баяр хүргэе. Тэр л мундаг дэвжээн дээр “МОНГОЛ УЛС” -аар овоглон дуудуулж байсных нь төлөө. Хэн боловч ингэж чадна гэж үү?  ТА НАР МУНДАГ БАЙЛАА.

Монголын шинэ үеийн залуус огт өөр болж байна. Тэд хэнээс ч айж бэргэхгүйгээр тэмцэж чаддаг болж.  Тэдний цээжинд “монгол омогшил” асч байна.  Тэднийг харсан хэн боловч монгол залуусын “мундаг” болж байгааг мэдэрч байна. Энэ л бидний хүсч хүлээж байгаа зүйл юм шүү дээ. Өнөөдөр зурагтаараа Олимп үзээд сууж байгаа өсвөр насныханд тэдэн шиг, тэднээс ч илүү болох урам зориг бадарч байгаа. Тийм болохоор тун удалгүй тэд, үүргэвчээ үүрээд бөхийн дэвжээ, боксын ринг, буудлагын танхим, гүйлтийн зам руу зорих болно. Тэд эхэндээ цөхөрч халширч байвч тэдний нүдэнд олимпийн медалиа зүүгээд ялалтын тавцан дээр зогсож байсан Н.Түвшинбаяр, Н,Төгсцогт, С.Ням-Очир, С.Батцэцэг, У,Мөнх-Эрдэнэ нар харагдаад ирэхээр л нулимсаа залгиад, тэвчээрээ зангидах болно.  Чухам үүнд л энэ залуусын гавьяа оршиж байгаа юм даа.

Энэ өдрүүдэд монголчууд хамтдаа нэгэн сэтгэлээр тэднийг дэмжиж байлаа.  “Монгол” гэдэг нэр зарлагдах бүрийд өндөлзөж, Монголын далбаа өргөгдөх бүрийд нулимсаа тэвчиж,  тэдний ялалт ялагдал бүрийд хамтдаа баярлаж шаналж байв. Тааралдсан, уулзсан хүн болгон “Олимп мөн сайхан болж байнаа, манай залуус үнэхээр мундаг байнаа” гэж хуучилна. Баяр бахдал, харамсал халаглал бүхнээ бие биетэйгээ хуваалцаж байв.  Дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байгаа бүхэнд бид баярлан бахархаж чаддаг болж байна. Энэ л бидний эв нэгдлийн зангилаа юм шүү дээ.
Лондонгийн Олимпийн тэнгэрт Монголын Төрийн далбаа 5 удаа намирав. Сайхан байлаа.  Урд урдах олимпоос ч илүү олон медаль авав.  Залуус минь та нар үнэхээр мундаг байж чадлаа. ТА НАРТАА МАШ ИХ БАЯРЛАЛАА, ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТА НАРЫГАА МАГТЬЯ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2012-08-13

Share Your Thoughts