Монголын олигархиуд

…”Олигархи” гэдэг үг монгол хэлний үгсийн санд орж ирээд бидэнд аль хэдийн танил болжээ. Харь энэ үгний утга болон хэллэгийг хүн бүр өөр өөрийнхөөрөө ухаж, тайлбарлаж ашиглана.
Манай хойд хөршид тэртээ нэгэн цагт “шинэ орос” гэдэг хэллэг гараад, улам улмаар хөгжиж “олигархи” гэдэг үгээр солигдсон.Нэгэн цагт ах дүүгийн барилдлагаар социализмын материал техникийн бааз байгуулж байсан Монгол, Орос оронд адил төстэй олон зүйл байдгийн нэгэн илрэл нь энэ үг. Социализм байгуулж байх үедээ, бүх ард иргэд нь адилхан “ядуувтар”, бүх өмч хөрөнгө, баялаг нь “нийгмийн”, амьдралын хэлбэр нь “хуаран” маягийн, сэтгэлгээ нь “хязгаарлагдмал” байсан социалист чиг баримжаатай орнууд өдгөө бүгд л өөрчлөгджээ.

Социализм задран, нийгмийн шинэ байгуулалд шилжсэн цагаас, адил түвшинд амьдaрч байсан хүмүүсийн  нэг хэсэг нь улам ч үгүйрэн ядуурч, нөгөө хэсэг нь “сансрын хурд”-аар тасран баяжиж байгаа. Энэ нь амьдралд байдаг үзэгдэл хэдий ч, 20 хүрэхгүй жилд дэлхийн баячуудын хэмжээнд хүртлээ “баяжиж” буй, ил далд оршиж буй олон олигархиудын энэ үзэгдэл, жамаараа хөгжиж, өөрийн хөдөлмөр зүтгэлээрээ амжилтад хүрч буй олон хүмүүсийн анхаарлыг татдаг.
Өөрсдөө хөдөлмөрлөж зүтгэхгүй хэрнээ, “ид шидээр ” баяжиж буй хүмүүсийг “олигархи”  гэж нэрлэдэг. Тэд андашгүй. Заль мэх, хууль бус аргаар баяжицгаасан хэрнээ тэд их л бардам онгироо, сагсуу сайрхуу. Тэд бүх зүйлийг мөнгөөр, зөвхөн мөнгөөр л худалдан авахыг хүсэцгээдэг. Албан тушаал эрх мэдэл, алдар нэр гавьяа шагнал, хайр сэтгэл өнгө зүс, хүсэл мөрөөдөл итгэл найдварыг ч хүртэл…Тэд орчин тойрныхоо бүх зүйлийг мөнгө болгон харж, өөрсдөө ч бусдад зөвхөн мөнгө болж харагдахыг хүсэцгээдэг.

Цагаан сар, баяр наадмын үеэр, угалзтай монгол гутал углаж, үнэтэй даавуун болон савхин дээлэн дээр, өргөн аралтай бас элдэв чимэглэл гоёлтой, арьсан бүс бүсэлж, толгой дээрээ минж булган эмжээртэи, марзан чамин хэлбэртэй малгай залж, үнэтэй чулуун хөөргөөр тамхилж, өөрөө унаж уяж үзээгүй хэрнээ, амжилт алдар хүндээр нь “гоёсон”, эрлийз үүлдрийн морьдоороо гайхуулах олон олон хүмүүс, өнөөгийн монголын олигархиудын “сонгодог дүр”. Өөрт нь зохисон, зохиогүй ийм гоёлдоо “үүртэж”, дээдэст зусар, доодост дээрэлхүү араншиндаа “бүдчиж”, өөрийгөө “тэнгэрийн амьтан” мэтээр “төсөөлж”, өнгө мөнгөөр хүн чанараа “арилжиж”, шунал тачаал, ичгүүр сонжуургүй улайрлаа “дарж ядан” авирлах тэд, өнөөгийн монголын олигархиудын жишиг.
Гарт нь эвэр ургаагүй, сэтгэлд нь шаналал хургаагүй, биед нь хөлс нэвчээгүй тэд, өдгөө бүхнийг худалдан авч, хууль ёс, хүн чанар, ариун сэтгэл бүхнийг няц гишгэлэхийг хүсэцгээж буй.

Тэд хаанаас хэрхэн гарч ирээ вэ?
Бүх нийтээрээ ядуувтар байж, хөлс хөдөлмөр, сэтгэл зүтгэлээрээ социализм байгуулж байсан бидэнд хувийн өмч байгаагүй. Бүх өмч хөрөнгө, баялаг бүхэн улс нийгмийнх байж, түүнийгээ “ариун цагаан хөдөлмөрөөрөө” арвижуулан, “хир буртаг өчүүхэн ч хүргэлгүй нандигнан хайрлаж” байсан.
Харин ардчилал ялж, нийгмийн байгуулал задарч, өмч хөрөнгө эзэнгүйдэж, хариуцлага суларч, хяналтгүй болон замбараагүйдэж байсaн “шилжилтийн үе”-д олон олон хүмүүс бидний хамтын бүтээл болох нийгмийн өмч, хөрөнгийг хулгайлан завшиж, луйвардан авч баяжиж байсны үр дүн нь өнөөгийн олигархиуд. Тэд яг л хоттой хонь руу дайрах өлсгөлөн чоно лугаа аашилцгаасан.
Тийм ээ! Тэд хөдөлмөрлөж зүтгэхийн оронд бидний өмч хөрөнгө болон боломжуудыг хулгайлцгаасан. Нэг хэсэг нь шударгаар хөдөлмөрлөж, эрдэм ухаанаа уралдуулан, хичээл зүтгэлээ шавхан байж “баяжиж” сайхан амьдралд хүрсэн. Нөгөө хэсэг нь хулгайлан завшиж, худалдаж, луйвардаж “баяжсан”. Харин ялгаа нь гэвэл нэгээс нь “хөлс”, нөгөөгөөс нь “өмхий” үнэртэж байдаг.
Монгол оронд1990 оны ардчилсан хувьсгалаас хойш гурвантаа, ард иргэддээ “хишиг хүртээв”. Урьдчилсан сайн судалгаа тооцоо, нягт нарийн бэлтгэл, хатуу чанд хяналт дор хийгдээгүй энэ “хишиг хүртээлт” цөөнхөд зориулсан боломж, олонхид зориулсан жүжиглэл байлаа.

Нэг. Өмч хувьчлал
1990-ээд оны эхээр ард иргэдийн гар дээр “цэнхэр”, “ягаан” өнгөтэй тасалбарууд тарааснаар өмч хувьчлал эхэлсэн. Энэ бол бидний хамтын бүтээл болох нийгмийн өмч хөрөнгийг ард иргэдэд адил тэгшээр хуваарилах оролдлого байлаа. Хүмүүсийн амьдрал, сэтгэлгээнд сайнаар нөлөөлж болох том шийдвэр болон үйл ажиллагааг урьдчилан сайтар бэлтгэж, үүнийхээ чин зорилго, сайн муу үр дагаврыг олон нийтэд сайн сурталчилж ойлгуулахгүйгээр ор нэр төдий хийх нь, хүрч болох үр дүнгээ алдах төдийгүй, хэсэг бүлэг хүмүүст “залилан” хийх боломжийг олгодог.

Өмч хувьчлалын “цэнхэр”, “ягаан” тасалбаруудаа гар дээрээ авсан хэрнээ хэрхэх учраа сайн мэдэхгүй байсан олон нийтээс, учрыг нь маш сайн мэдэж байсан цөөн хүмүүс хямд үнээр худалдан авч, “үнэ хүргэн” баяжицгаасан. Харин учрыг нь маш сайн мэдэж байсан хүмүүс нь, улс орныг олон жил удирдсан МАХН-ы удирдлага болон эрх мэдэлтнүүд, улс орныг удирдахад оролцож эхэлж байсан ардчилалын
“партизан”-ууд байлаа. Тэд болон тэдний үр хүүхэд, гэр бүл, найз нөхөд нь иргэдийн гар дээрээс хямдхан худалдаж авсан “үнэт цаас”нуудаараа, худалдаж авч болох үйлдвэр аж ахуйн нэгж, барилга орон сууц, үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн болгоцгоосон. Тэд энэ ажиллагаандаа улам улмаар дадлагажин суралцаж, “үнэ цэнэтэй” аж ахуйн нэгжүүдийг хэрхэн “үнэгүйдүүлж” байгаад худалдан авч болдогийг харуулж буй. Тэд заримдаа хоорондоо хуйвалдаж, заримдаа эвдрэлцэж, харь нэгнийг түншээрээ сонгож хамтран улам улмаар хүчирхэгжиж буй. Тэд өдгөө Монголын улс төрийг бизнес болгон хувиргаж, хуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар батлуулж, төсөв болон тендерээс завшиж, эрх мэдэл боломжоороо өрсөлдөцгөөж буй. Энэ тухай нийтлэлч Баабар саяхан “Төсвөөс хэрхэн хулгайлдаг вэ?” гэж маш тодорхой бичсэн байсан. /News.mn   2010-05-04/
Tийм ээ! Өмч хувьчлал, олон нийтийн хамтдаа бүтээсэн баялгийг цөөн хүмүүс хулгайлан завшиж, баяжих боломжийг олгосон. Бас монголын олон шинэ олигархиудыг төрүүлэх хөрс нь болсон.

Хоёр. Газар хувьчлал
2000 оны эхээр Монгол айл өрх болгон 0.7 га газрыг үнэгүй хувьчилж авах эрхийг нь хуульчилснаар газрын хувьчлал эхэллээ. Монгол орны газар дээр монгол хүний хөдөлмөр зүтгэлээр бий болсон баялгуудыг хуваан завшсан тэд, өдгөө газар хэмээх үнэт баялгууд руугаа орж буй нь энэ. Өмч хувьчлалаар чамгүй туршлага суусан тэд энэ удаад, монгол иргэд хууль ёсоор эзэмших эрхтэй 0.7 га газраа сонгож амжаагүй байхад нь үнэ хүрч болох байрлал сайтай бүх газруудыг өөрийн болгож, үүнийгээ худалдан арилжиж, хөрөнгө боломжуудаа ахиулцгааж эхлэв.
Газар хувьчлалыг дагаад хүнд суртал, хээл хахуулын сүлжээ хоосон хашаанд ургах хог ургамал мэт цэцэглэн хөгжлөө. Энэ л сүлжээгээр нийслэлийн ойр орчмын газрууд, ашигт матмалын нөөцтэй байж болох бүх орд газрууд, алсдаа ч үйлдвэрлэл үйлчилгээ байгуулж болох ашигтай байрлалтай газруудыг авцгааж, бас гадныхнд үнэ хүргэн худалдаж байна. Хууль бусаар худалдан авсан газар дээрээ хэзээ ч нурж мэдэх тулгууртай, хагарч мэдэх шил тольтой, цөмөрч мэдэх шал дээвэртэй, харь эзэнтэй барилгын “оронцог”уудын завсар зайнд, энэ газар нутгийн эзэн нь болсон хувь заяат монголчуудад хууль ёсоор ч эзэмших газар олдохгүй байна.

Монгол газар дээр барьсан харь эзэнтэй олон орон сууц, баар цэнгээний болон уушийн газруудад монгол залуус ирээдүйдээ итгэх итгэлээ сархадтайгаа хамтад залгилж, гутарч гуньсан заяандаа бусдад доромжлогдон   бас бузарлагдаж байгаа
Энэ хувьчлал уу? Тусгаар тогтнолын худалдаа юу? Тансаг харшид заларч, үнэтэй машин хөлөглөж, гадаадад казино тоглож, зугаа цэнгэл бүхнийг худалдан авах болсон монголын олигархиудад, мөнгөөр хэзээ ч арилжигдаж болдоггүй эх орон газар шороо, тусгаар тогтнол ийм хямд санагдах болоо юу?
Тийм ээ! Газар хувьчлал, газрын худалдаа арилжаа болтлоо өргөжиж, Монгол орны бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд аюул учруулах болж байна. Харийнхан хүчит техникээр хөрсийг нь хуулж, хэвлийг нь онгичиж, баялгийг нь гадагш зөөж ахуйд, аугаа өвөг дээдсийн минь бидэнд өвлүүлж үлдээсэн газар шороо ёолон гасалж байна. Тэдний сүнсийг нь онголсон ариун догшин газар шорооны гүнээс, тэдний минь сүнс арчаагүй дорой, ухаангүй мунхаг бидэнд уурсан хилэгнэж байгаа.
Тэнгэр өршөө.

Гурав. “Эх oрны хишиг”
Монгол орон, монгол орон хөрсөн доорхи баялгаа л ашиглаж чадахгүй бол мөхөж сөнөх болно хэмээн олон нийтийн “тархийг угааж”, ухуулан ятгаж буй монголын олигархиудад Монгол орны хөгжлийн өөр олон боломжуудыг олж харах хүсэл үгүй болжээ. Өөрсдөө ихийг хүртэх гэж хичээж буй харийнхны халаасны мөнгөнөөс “эх орны хишиг” нэрээр бэлэн мөнгө аль хэдийн тарааж эхэллээ. Зээл авч тараасан 70 000 төгрөгнөөс л үнийн өсөлт мэдрэгдэж, эрүүлжүүлэх газрын ачаалал нэмэгдэж байхад, улам илүү, бүр ихээр 1.5 сая төгрөг тараана гэж байгааг сонсоод айж, гайхахгүй байхын аргагүй. “Шунал ихэдвэл шулам болно” гэж монголчууд хэлэлцдэг.

Улайрсан шуналдаа энэ олигархиуд “шулам” болоод ч зогсохгүй, солиоролд автаж байна. “Эх орны хишиг” гэдэг сайхан нэрээр, монголын хөрсөн доорхи баялгаас их мөнгө завшиж, “эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй” үлгэрээр олон нийтэд бэлэн мөнгө тараах гэж хүсээд байгаа энэ үйлдлийг “галзуурал”, “солиорол” өөр юу ч гэж муу үгээр нэрлэхээ мэдэхгүй байна. Тэд өөрсдийн заль луйвраа халхлахын тулд, монгол хүний үнэ цэнийг хөсөр унагааж, ажилгүй архичин, арчаагүй завхуул, сэтгэлгүй дорой болгохыг хүсээд байна гэж үү? Энэ ч арай дэндэнээ.
Хөгжиж ядаж буй Монгол оронд минь яг одоо эмчилгээ оношлогооны том төв хэрэгтэй байна, дэлхийн жишигт хүрсэн сургууль хэрэгтэй байна, хүүхэд хөгшдөд  нийгмийн хамгалаалал, халамж хэрэгтэй баина. Зүгээр тараах мөнгөөрөө ядаж энэ бүхнийг шууд байгуулахыг тэд яагаад хүсэхгүй байна вэ?  Тэд монголын  хөрсөн доорхи баялгийг харийнханд барьцаалж, хариуд нь тэрбүмаар $ завшихыг хүсч байна. Тэд дэлхийн хэмжээнд сэтгэж чадахгүй байж, дэмхийн хэмжээний баян болохыг хүсч байна. Мунхаг мунхаглал гэхэд үүнээс илүү мунхаглал хаана байх?
Тийм ээ! “Эх орны хишиг ” гэгч энэ хөөрөгдөл монгол хүнийг арчаагүй мунхаг, ажилгүй залхуу болгохоос бус, монгол орныг хөгжүүлж чадна гэж үү? Муу арга заль луйвраар баяжсан монголын олигархиуд монгол иргэдийг өөрсдөөсөө ч мунхаг, арчаагүй байлгахыг хүсэцгээж байна.

Тэд юу хүсэцгээж байна вэ?
Монголын олигархиуд Монголчуудын хамтын зүтгэл хөдөлмөрөөр бий болсон нийгмийн баялаг, өмч хөрөнгийг хулгайлан завшиж, Монголын газар шороог худалдан арилжиж, монгол хүнийг арчаагүй мунхаг байлгахыг хүсч байна.
-Тэд Монголын төрийг мөнхийн мөнхөд удирдаж, бизнес болгосон энэ тогтолцоогоороо бүхнийг дарангуйлахыг хүсэцгээж байна.
-Тэд цаг ямагт бусдаас илүү эрх мэдэлтэй, бусдаас баян байж, бусдаас ялгаран “од ” мэт гялалзан байхыг хүсэцгээж байна.
-Тэд хүссэн бүхнээ зөвхөн худалдан авахыг хүсч байна. Алдар нэр гавьяа шагнал, эрх мэдэл завших боломж, хайр дурлал өнгө зүс, хүсэл мөрөөдөл, ирээдүйдээ итгэх итгэлийг хүртэл…

Гэхдээ тэд  олон зүйлээс айж байгаа
-Өөрсдөөс нь илүү ухаантай, мэдлэгтэй, чадвартай залуус гарч ирж “аалзны тор ”  мэт сүлжилдсэн энэ тогтолцоог өөрчлөхөөс айж байгаа. Хэрэв тэгвэл тэдний тэдний бүх боломж үгүй болж, тэд “үхдэл” мэт болох болно. Учир нь тэд хэзээ ч хөдөлмөрлөж, эрүүлээр сэтгэж сураагүй.
-Өөрсдийнх нь хийсэн хулгай луйвар, хууль бус цуглуулга, идэж завшсан бүхэн илэрч, үүнийхээ төлөө хариуцлага хүлээхээс айж байгаа.  Бүх зүйлийг хууль бусаар хийдэг учраас энэ нь тэдний хувьд “шорон” эсвэл “амьдрал” байх болно.
-Юу юунаас илүүтэй тэд монгол оронд шударга байдал, хариуцлагын тогтолцоо бий болохоос айж байгаа. Энэ тохиолдолд тэдний өнөөдрийн бий болгосон бүхэн ямар ч үнэ цэнэгүй болно. Тэд яг л тэрэгний дугуйд няц дайруулах хорхой швьж мэт өчүүхэн байдалд орох болно.
Тийм учраас тэд өдгөө ийн улаирцгааж байна. Тэд амжиж идэх гэж, хурааж хуримтлуулах гэж, хуулийг зохицуулах гэж, өөрсдийгөө хамгаалах гэж, өнө мөнхөд орших гэж…Тийм учраас тэд монголын жирийн иргэдийг зусарч аймхай дорой, эв нэгдэлгүй хулчгар, бэлэнчлэх сэтгэлгээтэй мунхаг, бүдүүлэг харанхуй байгаасай гэж хүсч байгаа. Үүний төлөө бүхнийг хийх гэж хичээж буй.

Хариуцлага
Миний бие монголын олигархиудыг бараг танихгүй л дээ. Гэхдээ гадарладаг.
Хүмүүс ямар нэгэн зүйлийг буруу муугаар хийгээд, олон нийтэд зөв сайнаар тайлбарлана. Зусарчид үүнийг нь мянгантаа давтдаг болохоор олон нийт үүнд нь үнэмшдэг. “Худал үгийг мянгантаа давтан хэлэхэд үнэн болж хувирдаг” гэдэгтэй адил юм даа. Яаж ч сайн сайхнаар тайлбарлаад, өнөөдөр бидний нүдний өмнө ил харагдаж, сэтгэлд мэдрэгдэж байдаг буруу муу үйл бүхэн цаанаа заавал эзэнтэй байгаа. Харин үүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй, тэр ч бүү хэл улам улмаар дэвшиж, илүү их боломжуудыг олж авдагт манай энэ тогтолцооны жинхэнэ гажуудал оршиж байгаа. Тухайлбал:
-Өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатарын хот төлөвлөлт замбараагаа алдаж, утаажилт хэрээс хэтэрч, Туул гол татарч, дархан цаазат Богд ууландаа хүртэл хууль зөрчин барилга бариулж, хүмүүсийн тайван амьдрал алдагдаж, бухимдал улам улмаар ихэссээр байгаа. Үүний буруутан нь өөр хэн ч биш тодорхой хугацаанд энэ хотыг удирдаж, шийдвэр гаргаж байсан хүмүүс шүү дээ. “Газрын наймаачин” гэж хичнээн цоллоод ч нэгэн цагт Улаанбаатар хотыг удирдаж байсан М.Энхбөлд өнөөдөр ЗГ-ын шадар сайд, Хотын ернөхий менежер байсн Бадамжунай ХХААҮ сайд хийгээд л явж байна.  Энэ хариуцлага гэж үү?

-Нэгэн цагт ЗГ-ын дэргэдэх Автозамын газрын дарга байсан Буд гэгч өдгөө УЙХ-д сууж байна. Олон улсын стандартаар хатуу хучилттай замын байх ёстой зузаанаас хэдхэн см багасгасны төлөө замын тендер хэрэгжүүлэгчид “баяжиж”,  авто машины осол эвдрэл ихээр гарах болно. Эвдэрч муудсан замыг дахиад л нөхөхийн тулд татвар төлөгчдийн мөнгийг их хэмжээгээр зарцуулдаг. Үүний төлөө хэн хариуцлага хүлээсэн юм бэ? Улаанбаатараас Лунгийн чиглэлийн замыг олон жил будлиулсан Дамба-Очир гэдэг нөхөр өнөөдөр мөн л УЙХ-д сууж байна.
-Монголын төрийн албан тушаалыг бизнес болгон хувиргаж, шударга ёс, өрсөлдөөнийг алдагдуулж, улс төр дахь намчирхах, дарангуйлах тогтолцоог бий болгосон гэж экс ерөнхийлэгч  Н.Энхбаярыг нэрлэдэг. “Авилгалын загалмайлсан эцэг” хэмээн түүнийг “өхөөрдөж”, олон ч хувьчлалыг будлиантуулж, өөртөө хөрөнгө хуримтлуулсан, өдгөө Сүхбаатарын талбайн зүүн захад орших хэвлэлийн үйлдвэр байсан газрыг түүний мэдэлд байгаа гэхчилэнгээр харддаг ч, хэн ч түүнийг нотолж харйуцлага тооцдоггүй. Энэ шударга ёс гэж үү?

Энэчлэнгээр олон нийт, олон ч хүмүүсийн тухай ийн өгүүлдэг. Гэхдээ олигархиуд хууль болон хуулийн заалтаар өөрсдийгөө хамгаалахыг, адилхан завшсан нэгнийхээ баримтаар барьцаалахыг, тодорхой бүлэглэлүүдийн нэгдсэн сонирхлоор бие биенээ хамгаалахыг хичээдэг. Бидэнд өнөөдөр мэдрэгдэж байгаа олон муу үйлдлийн төлөө хэн ч хариуцлага хүлээдэггэй энэ тогтолцоо, олигархиудын өсч үржих шимт хөрс нь болж, олон нийтийн зүгээс даган зусардах, мөрөөдөн барьцах муу сэтгэлгээний үндэс нь болж буй. Юу юунаас илүүтэй жирийн монгол иргэдийн цөхрөл, ирээдүйдээ итгэх итгэл, сайн сайхан руу тэмүүлэх хүсэл эрмэлзлэлийг унтрааж байгаад л хамаг гай нь байгаа юм.
Хариуцлага үгүй бол бүгд л хулгайлна
Хариуцлага үгүй бол бүгд л хууль зөрчинө
Хариуцлага үгүй бол хэзээ нэгэн цагт бид мөхөх болно

Төгсгөл

Олигархиуд монголчууд бидний бахархал, даган дуурайх зөв зам бишээ. Тэд өнөөдөр бусдаас хүчирхэг, баян, мундаг, атаархам сайхан харагдаж байгаа ч энэ бол хэврэгхэн зүйл. Яагаад гэвэл тэд алхам тутамдаа хууль зөрчиж байдаг.
Баян хүмүүс бүгдээрээ олигархи бишээ. Хичээл зүтгэлээр, хөдөлмөр тэвчээрээр, авьяас чадавараараа баяжиж, сайхан амьдарч байгаа олон мундаг хүмүүс бий. Тэд ядахнаа л хүн чанар, бусдад өгөх сайхан сэтгэлийн илч, гэрэл гэгээтэй хүмүүс. Тэд бусдад гайхуулахын тулд бус, бусдад чин сэтгэлээсээ туслахын тулд хичээл зүтгэл гаргадаг. Тэд аз жаргалтай, баяр баясгалантай амьдралын нэгэн жишээ.
“Олигархи” гэдэг үгний талаар би олон хүмүүсээс асуусан. Хүмүүс өөр өөрийнхөөрөө л ойлгож тайлбарладаг. Улстөрийн тодорхой эрх мэдэлд хүрч, энд буй боломжуудыг хууль бусаар ашиглан баяжиж байгаа хүмүүсийг ийн нэрлэж байгаа юм байна гэж эцэст нь ойлголоо.
Өөрөө хөдөлмөрлөж, сэтгэж, зүтгэж бүтээгээгүй,  буруу муу аргаар олж буй бүхэн хэзээ ч амттай, өгөөжтэй байдаггүй. Амар хялбар аргаар олдож буй их мөнгө баялгууд, аажим аажмаар хүнийг эвддэг.  Хичнээн хичээгээд ч сэтгэлийн гүнээс урсан урсах шуналаа дарж чаддаггүй. Тийм болохоор тэд бусдад заавал анзаарагддаг.

Монголын олигархиуд улам улмаар өргөжиж, хүчирхэгжиж, хөгжиж байна. Үүний баталгаа нь Монгол оронд өдрөөс өдөрт мэдрэгдэх болсон баян, ядуугийн ялгарал. Гаднаасаа харахад бид хөгжөөд байгаа юм шиг хэрнээ, яг амьдрал дээр хүмүүсийн олонхи нь улам улмаар ядууран бухимдаж, цөөн хэсэг нь ийм байдлыг мэрэхгүй болтлоо “бялуурч” бас “мангуурч”  байна.  Энэ бол тогтолцооны гажуудал. Нийгмийн баялгийн тэгш бус хуваариалалт.Хуулийг хэрэгжүүлдэггэй завхруулдагийн илрэл. Бусад олон зуун сая хүн амтай орнуудтай харьцуулахад, хувь заяатай цөөхөн монголчууд бидэнд маш их боломж буй.
Монголчууд бид энэ байдлаа заавал өөрчлөх учиртай. Өөрчлөхөд бидний эв нэгдэл хамгаас чухал. Саяхан Тавантолгойн баялгийг монголчууд бид өөрсдөө ашиглах боломжтой гэсэн уриагаар байгуулагдсан “Монгол-999” консорциум үүний эхлэл байж болох юм. Гэхдээ алив шинэчлэх хүсэл эрмэлзлэл, хөдөлгөөн өрнөл бүхэн олигархиудын заль мэх, худалдаанд автах вий гэж монголчууд ихэд эмээх болжээ. АНАТХ-ний үйл ажиллагааны дараа бүр ихээр ингэж бодох, болгоомжлох болсон. Уг нь бид амлалт нэхэх бус, худлаа амалсан олигархиудаас салах учиртай.
Гэхдээ сайхан цаг айсуй. Өсч хөгжиж байгаа шинэ үеийн монгол залуус үүнийг заавал хийх болно. Энэ бол Монгол орон орших, эс оршихуйн төлөө том хариуцлага юм. Монгол төрийн сүлд, мөнх хөх тэнгэр биднийг ивээг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-05-08

Share Your Thoughts