Монголын төр ба түүний тогтолцоо

…Эрт дээр үеэс монголчууд төрийн сүлдээ дээдэлж, түүнд сүслэн залбирсаар иржээ. “Төрийн минь сүлд өршөө” гэдэг хэллэг “Бурхан минь аварч өршөө” гэдэг хэллэгтэй дүйцэж байсан цаг бий. “Төр түмэн нүдтэй, төрсөн бие 2 нүдтэй”, “Tөр төмбөгөр, ёс ёмбогор”, “Төрийн төмөр нүүр” гэх мэтийн хэлцүүд нь Төрийн шударга болоод эрхэмсэг оршихуй, хууль цаазын дор ард иргэдээ хамгаалж байхыг бэлэгдэж байсан хэрэг.

…Харин социализмын үед НАМ баТӨР ард түмний нэрийг барьж өмнөөс нь бүх асуудлыг шийдэж байсан.Төрийн эрхийг хэн барихыг тэд ард иргэдэд тулгаж, элдэв янзаар шүүмжилж, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хориглож, гагцxүү даган баясч байхыг дарангуйллын хэлбрээр тогтоож байсан болохоор “Дааганаас унаж үхдэггүй, даравгараасаа болж үхдэг” гэдгийг яс махаараа мэдэрч байсан хэрэг. Дарга анги, ажилчин ангийн “Дээдэст зусар, доодост дээрэнгүй” харилцаанд нийгмийн шударга ёс халхлагдаж байв.
…Ардчилал ялснаас хойшхи цаг үед
-Төр биднийг харж үзэхгүй байна
-Бид ядуу байгаад өлсөж байгаа нь Төрийн буруу
-Төр бидний төлөө юу ч хийхгүй байна
гэх гомдоллосон хэллэгүүд тасрахаа больжээ. Тэр ч бүү хэл төр барьж шийдвэр гаргах эрхмүүдээ өнгө мөнгөнд “хууртаж” сонгочихоод байнга л харааж зүхэж, Төрийг хэрхэн барьж чухам юу хийхийг зааж зааварчилж байгаа нь “ниргэсэн хойно нь хашгирав” гэгчийн үлгэр лугаа. Өдрөөс өдөрт Төрд итгэх итгэлээ алдаж, өөрсдийн сонгосон эрхмүүдээ “луйварчин”, “хулгайч” хэмээн хараан зүхэх энэ үзэгдлүүд “өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” унах адил болж байна.

Нэг. ТӨР биднийг тэжээх үүрэгтэй юу?
Сүүлийн үед нийтлэлч Б.Баабар, Э.Бат-Үүл нар сайн засаглалын тухай нилээд бичиж, өнөөдрийн Монголын Төрийн алдаа болон тогтолцооны гажигийг нэрлэн зааж байна. Яг үнэндээ энэ гажигийг ардчилал ялсан тэр жилүүдээс хойш МАН /МАХН/ АН-ууд хамтдаа бий болгосон юм шүү дээ.
-Монголын Төр өдгөө Төр бус томоохон Хувьцаат Компаны хэлбэрт оржээ. Төр үндсэн ажлаа хийхгүйгээр бүх л ажилд хутгалдаж, бизнес хийцгээж, мөнгө эргэлдүүлж, хууль бус үйлдлүүдээ халхлахын тулд хууль ёсыг ч уландаа гишгэн зөрчиж байна. Оюу толгойн гэрээнд хутгалдаж, Тавантолгойг өөрийн мэдэлдээ авч, Дорнодын газар нутгийг Солонгосчуудад “худалдаж”, ураны ордыг бусдад “амалж”, оронд нь хаягдлыг өөрийн газар нутаг дээрээ булахаар “тохиролцож”, Ухаа Худагийн нүүрсийг урд зүг рүү машинаар зөөж, уулыг нурааж, гол усыг ширгээж байна. Яг л “Бурхангүй газрын бумба галзуурах” мэт.

-Төрийн энэ бизнес ажиллагаа эрх барьж шийдвэр гаргаж байгаа эрхмүүдэд маш “унацтай”, мангар “ашигтай” байгаа болохоор л энэ эрх мэдлийн төлөө мөнгөтэй болгон зүтгэж, улайрч байна. Тэдэнд Монголын хөгжил ердөө ч сонин биш. Баялагт нь шунасан гадныханы шунал дээр “ажиллаж”, хувьдаа ахиухан мөнгө “унагаах” шунал тачаал л эднийг ийнхүү “ичих нүүрэндээ илэг нааж”, “мөнгө цагаан, нүд улаан” болгож байгаа хэрэг. Тэд хэн нэгэнд зуучилж, хуйвалдан “найрч”, авилгал авч, хувь тохирч “уут уут мөнгөөр улсаа худалдаж, лан лан мөнгөөр газар нутгаа арилжиж” байна. Яг л улайрсан бух мэт.
-Баялгийг хуваарилах бас “зохицуулах” эрх мэдлийн төлөө МАН /МАХН/ АН -ууд өнгөрсөн сонгуулиар иргэд бүртээ “Алаагүй баавгайн арьсыг хувааж” 1, 5 сая төгрөг өгч байхаар амалсан. Өөрсдийн шунал тачаалдаа улайрсан тэд, хожмын муу үр дагаврыг ч анзаарах сөхөөгүй “Та нар минь юу ч хийхгүй зүгээр л сууж бай. Бид та нарт бэлэн мөнгө өгч жаргаагаад байж чадна” гэж амалсан амлалт л өнөөгийн Монголын нийгмийн асар их бухимдлын үндэс болсон юм. Ардчилал ялж ” Хувь хүн өөрөө л өөрийнхөө төлөө санаа тавин хөдөлмөрлөж зүтгэж байж сайхан амьдрах юм байна” гэдгийг ойлгож ухаарч байсан олон нийтийн сэтгэл зүйг ийн “эвдэж”, бэлэнчлэх сэтгэлгээ рүү хөтөлж, Төрөөс бүхнийг нэхэж суудаг арчаагүй байдалд хүргэж байгаа буруутан өөр хэн ч биш, одоогийн эрх баригчид болон улстөрчид. Яг л “Аргаа барсандаа аавынхаа толгойг маажих” мэт.

-Аргаа барсандаа амлалтаа биелүүлсэн нэр зүүх гэж өдгөө тарааж байгаа 21 000 төгрөг өнөөгийн Монголын нийгмийн өнгө төрхийг бүр ч бузарлаж байна. Нийтэд хавтгайруулан тарааж байгаа энэ мөнгөний уршгаар юмны үнэ “тэнгэрт хадаж”, “аманд ч үгүй хамарт ч үгүй” энэ мөнгөөр нэг хэсэг нь бухимдлаа тайлан архидаж, шараа тайлан эрүүлжүүлэхэд хонож байгаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нь өндөр хөгжилтэй орнуудаас давж байхад, ард олны амжиргааны төвшин нь өдөр хоногоор буурч байгаа энэ үзэгдэлд хэн буруутай юм бол? Яг үнэндээ тэд өөрсдөө хулгайлж завшиж байгаа мөнгөнийхээ өчүүхэн хэсгийг ийн тарааж “нүглийн нүдийг гурилаар хуурч” байгаа хэрэг юм шүү дээ.
-Худал амлалт хуудуу явдал өнөөгийн Монголчуудын итгэлийг унтрааж цөхрөнгийг нь барж байна. Шударга бус байдлын өмнө өвдөг сөхөрч, хууль бус үйлдлийг аялдан дагалдаж, өөртөө итгэх итгэлээ алдаж, үнэ хүндээ барж байгаа энэ үзэгдэл л эрүүл саруул бодолтой хүмүүсийн сэтгэлийг зовоож буй. “Тэртэй тэргүй тэд идэж завших л болно, их бага нь ялгаа юун”, “Шударга байх гээд яах юм бэ?Хууль мөнгөтэй хүнд л үйлчилж байгаагаас хойш”, “Яагаад ч нэмэргүй дээ, тэд одоо хүчрэгдэхээсээ өнгөрсөн”. Oлон олон монголчуудын сэтгэлд эргэлдэх цөхрөлийн ийм үгс тэдний сэтгэлийг шаналгаж, итгэлийг хоёрдуулж буй. Энэ цөхрөл, итгэл алдалт олон олон монголчуудын гадаад руу дүрвэх олон шалтгийн нэг нь болж байгаа нь нууц биш. “Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч” болж байгаа энэ үзэгдэл өнөөгийн монголчуудын итгэл сэтгэлийг хиртээж байна. Үүний төлөө хэн ч хариуцлага хүлээх ёсгүй гэж үү?

Хоёр. Тогтолцоо ба улстөрчид
…Өнөөгийн УИХ болон ЗГ-ын гишүүд дотор сайн хүмүүс зөндөө бий л дээ. Анх З.Алтай бие дааж, Д.Энхбат Иргэний хөдөлгөөнөөс нэр дэвшиж сонгогдохдоо ямар сайн хүмүүс байлаа. Анхандаа зөв сайнаар дуугарч байгаад, аажим аажмаар дуу нь суларсаар өдгөө “амаа бариулчихаж”. За тэгээд боловсролтой боловсролгүй ч, мөнгөтэй ч мөнгөгүй ч, бизнестэй бизнесгүй ч , зальтай зальгүй ч бүгдээрээ л зөвхөн улстөр руу улайран шунаж байгаагийн цаана нилээд олон асуудлууд нуугдаж байгаа аж.

1. Эрх мэдэлд хүрсэн хүмүүс хууль санаачлан батлуулах хэрэгжүүлэх явцдаа ашиг сонирхлоороо нэгдэн хуйвалдаж сурцгаажээ. “Бидний оруулж ирж байгаа асуудлыг та нар дэмжвэл, дараа нь та нарын оруулж ирэх асуудлыг бид дэмжих болно”. Асуудлыг Монгол орны хөгжилд тустай, монгол хүмүүсийн эрх ашигт нийцүүлэхээсээ илүүтэй, өөртөө болон өрөөл бусдад ашигтай байдлаар шийдүүлэх сонирхол их байгаа. Үүний цаанаа асар их авилгал болон ашиг хуваарилалт явагдаж байгаа учраас тэд шунацгааж байна. Үүн дээр НАМ-ын эрх ашиг болон санхүүжилттэй холбоотой олон ч муу үйлдлүүд нэмэгдэнэ.  Өнгөн талаас нь харахаар дажгүй мөртлөө, ухаж төнхөөд үзэхээр Но-той олон хууль болон шийдвэрүүд үүний жишээ.

2. Хувийн ашиг сонирхлоороо нэгдсэн хүмүүс хамтдаа хийсэн хууль бус үйлдлүүдээрээ бие биенээ “барьцаалдаг” болж байна. Саяхан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын УИХ-ын чуулган дээр бухимдан байж хэлсэн үгний хариуд нэг биш хүмүүс “За чи битгий худлаа шударга царайлаад бай” хэмээн ил тод хэлж, бусад нь шоолон инээлдэж байгаа бичлэгийг үзсэн. Илүү дутуу тайлбаргүйгээр бодит байдал ердөө л энэ. Олон хүмүүсийн яриан дээр “Би ч олон хүмүүсийн фактыг мэднээ” гэж сүрдүүлэх болон сануулахын завсар хэлж байхыг бид сонсож л байна. УИХ-ын гишүүн Сайхансамбуу “Би авилгал өгсөн хүмүүстэйгээ зэрэгцээд сууж байна” гэж хэлснийхээ төлөө элдэв дарамт шахалтанд орж эхлээд адаг сүүлдээ муухан мушийгаад л дуугаа хураасан. Монгол Улсын улстөр шударга бус хүмүүсийн ажиллах орчин мөн гэж үү?

3. Хууль тогтоох үүрэгтэй УИХын гишүүд ч хуулийг хэрэгжүүлэх учиртай ЗГ-ын гишүүд ч өөрсдийнхөө “шалгарсан манлай дарга” гэдэг дүрдээ итгэдэг болсноор тэдэнд зусардан саймшрах, дагалдан баясах, ая тал засан бялдуучлагчдын “арми” бий болжээ. Дотор сэтгэлдээ “муу луйварчин “гэж хараавч, нүүрийг нь үзэхээрээ эрх хав шиг маасагнан долигонох энэ үзэгдэл тэдний мөн чанарыг мөн ч их эвдэж байна даа. Харин ямар нэгэн байдлаар алдаа гарган зайлуулагдах аваас “Хүн тоож нохой шиншлэхгүй” амьтан болж хувирна. Чухам ийм учраас албан тушаалдаа “зөнөглөсөн” зарим нь ч, аль хэдийн хүн чанараа алдсан хэсэг нь ч, хэлж ярьж байгааг нь өрөөл бусад бүү хэл өөрөө ч ойлгохын аргагүй болсон тэнэгүүд ч “мөнхийн мөнхөд хаан” байх хүслээрээ юу ч хийхээсээ буцахгүй болж байна. Үүний сонгодог жишээ нь Ерөнхийлэгч асан Н.Энхбаяр, түүний одоо хийж буй үйлдлүүд.

4. Улс болон олон нийтэд хохиролтой, буруу муу нөлөөтэй шийдвэр болон үйлдлүүд хийснийхээ төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй тогтолцоо тэднийг даврааж байна. Завшсан үйлдлийнхээ төлөө буруутгагдан шалгагдаж байсан Ү.Хүрэлсүх, Гүндалай гэхчилэн хүмүүс өдгөө улам улам дэвшин өндөрт жигүүрлэж байгаа. АТГ болон хуулийн байгууллагуудыг тэд бусдыг дарамтлан сүрдүүлэх, бие биенээсээ өш хонзон авах, шударга бус олон муу үйлдлээ халхлах хэрэгслэл болгон ашиглаж байна. АТГ өдгөө хүртэл бодитой нэг ч хэрэг илрүүлэн шийдэж чадахгүй байгаа, хуулийн байгууллагуудын удирдлагыг сонгуульд ялсан намууд байнга сольж өөрийнхөө хүнийг тавьсаар ирсэн үйлдлүүд үүний жишээ. Энэ мэтчилэнгээр улстөрчид нь өөрсдөө хууль зөрчиж, үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй энэ тогтолцоог Монголчууд бид өөрсдөө төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчид ч нэгэнт хүлээн зөвшөөрч байна. Хэзээ шударга ёс тогтох вэ?

5. Монголын улстөрийн бизнестэй холилдсон энэ тогтолцоо олон хүмүүст “дураараа дургиж, дун чөмгөөрөө жиргэх” боломжийг олгож, тэдний ухамсар болон хүн чанарыг үгүй хийж байна. Хэмжээ хязгааргүй эрх мэдэл хүмүүсийн ухааны сүвийг бөглөдөг. Хэмжээ хязгааргүй шунал хүний мөн чанарыг устгадаг. Хэмжээ хязгааргүй тачаал хүнийг адгуус болгон хувиргадаг. Энэ хэмжээ хязгаар үгүй болсноос Монголын улстөр маш их бохирдож байна. Үүний төлөө ч монголын эгэл жирийн олон хүмүүсийн тэвчээрийн хязгаар алдагдаж буй.
Монголын улстөрийн энэ бохир тогтолцоог өөрчлөхгүйгээр бид хичнээн сайн хүн сонгосон ч тэд ийн хувирч өөрчлөгдөх болно. “Бат ч Оюунаа ч сонгогдоод ялгаагүй дээ” гэж хүмүүс гуниглангуйгээр бодож эхэлж байна. Яг энэ сэтгэхүй дээр өнөөгийн улстөрчид тоглохоор бэлтгэж байна. Тэгэхээр өнөөгийн Монголын Төрийн тогтолцоог өөрчлөхийн тулд эн тэргүүнд хийх 2 л зүйл байна.
-МОНГОЛЫН УЛС ТӨРИЙГ БИЗНЕСЭЭС САЛГАХ.
-ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОХ.

Гурав. ТӨР бидний төлөө юу хийх ёстой юм бэ?
…ТӨР бол ерөөсөө ард олныг тэжээдэг халамжийн, нэг хэсгийг нь баяжуулдаг бизнесийн байгууллага огт биш бөгөөд хүмүүс болон нийгмийн харилцааг зохицуулдаг механизм юм.

-1.ТӨР бүх л зүйлд хатуу СТАНДАРТ тогтоож, тэр нь хэнд ч болов ойлгомжтой, амар хялбар байх ёстой. Энэ бол хэм хэмжээ юм. Улстөрд орсон хүн хуйлгай хийж болохгүйгээс эхлээд таны хүүхэд төрсөн цагаасаа аюулгүй орчинд хэрхэн өсөх, та байшин барихыг хүсэхэд хаалга цонхны хэмжээ нь яг тодорхой байх, та машин бариад явахад замын тэмдэглэгээ нь тодорхой байж төөрч будилахгүйгээр байх, таны оршин суугаа газрын хаяг тэмдэглэгээ маш тодорхой байх гэхчилэн олон асуудлууд энд багтах учиртай.

-2.ТӨР иргэдээ амгалан тайван амьдрах баталгааг олгох ёстой. Энэ бол хуулийн хамгаалалт юм. Таныг гэртээ унтаж байхад чинь хэн нэгэн согтуу нөхөр орж ирээд агсам тавиад байж болохгүй гэдгийг, гудамжинд явж байхад тань хэн дуртай нь ирээд цохиод авч болохгүй гэдгийг, үзэл бодлоо илэрхийлсэний нь төлөө хэн дуртай нь доромжилж, хувийн асуудлыг тань олон нийтэд дэлгээд байх эрхгүй гэдгийг, хайртай дуртай гэж суучихаад хүссэн цагтаа зодож нүдээд байж болохгүй гэдгийг хуулиар сануулж, таныг хуулиар хамгаалж байх учиртай.

-3.ТӨР танд өөрийгөө хөгжүүлж, өөрийнхөө хүссэнээрээ амьдрах боломжийг олгох учиртай. Энэ бол нийгмийн хамгаалал юм. Та сургуулийн төлбөрөө төлөхийн тулд тэтгэмж авч болно, гэхдээ сайн сурах ёстой. Та сайхан байшинд амьдрахын тулд зээл авч болно, харин байнгын ажилтай байх ёстой. Та эмнэлэгийн маш сайн үйлчилгээ авч болно, гэхдээ даатгалаа төлөх ёстой.  Та дуртай ажилдаа орж болно, гэхдээ мэдлэг чадвартай байх ёстой. Та мундаг бизнес хийгээд баяжиж болно, гэхдээ татвараа төлөх ёстой. Та улстөрд орж болно, гэхдээ шударга хэрнээ олонд хүндлэгдэн үнэлэгдсэн байх ёстой.  Энэ олон “гэхдээ” нь хүмүүст “үнэгүй, амар юм гэж үгүй”, “эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдгийг л байнга сануулж байх учиртай.

-4. ТӨР иргэдээ хүндэтгэж, үнэлж, хамгаалж байх ёстой. Энэ бол харилцан хүндэтгэл, бахархал юм. “Аавын хүүхдүүдийг алаг үзэлгүй”, “ар өврийн хаалга” гэж завааралгүй адил тэгшээр бүх хүндээ хандаж байваас зохилтой. Үүх түүхээ үргэлж сануулж, ёс заншлаа байнга сахиулж, урлаг соёлоо ямагт хөгжүүлж байваас зохилтой. Үнэхээр гарамгай хүмүүсээ одон тэмдэгээр бус, урам талархал болон ихийг хийж бүтээх боломжоор нь дэмжиж байваас зохилтой. Харьд өвдөж зовбоос, хавчигдан гадуурхагдваас хамгаалж өмгөөлж авчирч байваас зохилтой.

-5. ТӨР хүчтэй, итгэлтэй, найдвартай байх ёстой. Энэ бол шударга ёс, хуулийн хэрэгжилт юм.
Сонгуулийн саналыг нь луйвардаад байлгүй, харааж зүхсэн болгонд гомдоод байлгүй, жагсаж цугласан бүхэнтэй зохицоод байлгүй, хулгайлж завшсан нэгнийг хаацайлаад байлгүй, харийн хөрөнгө оруулагчидтай хуйвалдаад байлгүй шударгаар ажиллах учиртай. “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдардаг” тогтолцоог бий болгож, “бурууд сэлэм мэт хатуу, зөвд хөвөн мэт зөөлөн” байж, гагц олны хүсэлд нийцэж байх нь төрийн үүрэг. Өвлөж ирсэн газар нутаг дархан цаазтай, ундалж ирсэн ус мөрөн булингаргүй цэвэр, тоглож өссөн хөрс шороо ариун дагшин, хараа сунгах хөндий, сэрүү татах уул хөвч, хөл цуцаах говийн элс сүрлэг сайхнаараа байхыг гагц төр мэддэг.

ТӨГСГӨЛ
-Энэ төрийн эрх барьж байгаа луйварчингуудыг яана даа!
-Хайран сайхан газар нутаг минь харийнхны гарт дуусах нээ!
-Баян хоосны ялгаа арай дэндэж байнаа!
-Худлаа амалж төрд гарчихаад юу ч хийхгүй, биднийг доромжилж байна!.
-Монголын хууль гэж үнэхээр гууль болжээ!
*Өдөр бүхэн хүмүүсийн бухимдлыг төрүүлж, амнаас нь гарч байгаа энэ муу үгсийнхээ төлөө бид өөрсдөө буруутай. Яагаад гэвэл бид өөрсдөө тэднийг сонгосон. Та бидэнд Монгол орны эзэн нь байж, хувь заяаг нь шийдэж, төрийг түшилцэх цорыг ганц боломж бол СОНГУУЛь байдаг. Яалт ч үгүй Монгол Улсын Үндсэн Хуулиндаа тэгээд заачихсан. “Ямар ард түмэн байна, тийм л төр байдаг” гэдэг алдарт хэллэгийг өдгөө олон хүмүүс иш татах болж. Яалт ч үгүй бидний үнэн нүүр царай энэ. Өнгөрсөн сонгуулиар хичнээн олон хүн хадаг, гурил будаанаас эхлээд хэдэн мянгаар нь мөнгө тараасаар байгаад гарч ирсэн. Тэр өдрийн тэнгэр нартай байгаад хожмын өдрүүдийн тэнгэр бүрхэг байх сонголтоо бид өөрсдөө хийжээ. “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэдэг.

*Олон нийтийн бухимдсан сэтгэхүй дээр тоглогсод цөөдсөнгүй. Тэд өөрчлөлт болон хувьсгал хийхийг уриалж байна. Ямарваа өөрчлөлт хууль бус бол хүчирхийлэл болон хувирдаг. Хуулийн дагуу бол бүх зүйл боломжтой. Өөрчлөлт хийх хэрэгтэй гэдэгтэй би ч санал нийлдэг. Харин эднийг солиод дараа нь хэн гарч ирж, юу хийх вэ? гэдэг дээр л санаа зовдог. Чин зорилгоор биш “дараагийн ээлжинд бид завших ёстой”, “түүний аяга дүүрэн байхад минийх дундуур байна”, “энэхүү завшааныг ашиглан амьдралаа дээшлүүлээд авах” сонирхлоор хандагсад цөөнгүй бий. Ил далд ийм өрсөлдөөн тэмцэл нь өнөөгийн ашиглагдаж эхлээд байгаа уул уурхайн их баялгийн хуваарилах эрх мэдлийн төлөөх тэмцэл юм. Энэ хийрхэл тэмцлийг зогсоох ганц арга бол өнөөгийн ТӨР-ийн энэ заваан тогтолцоог өөрчлөх явдал. Үүнийг хийж чадах залуусаа л бид дэмжих хэрэгтэй байна.
*2012 онд УИХ-ын ээлжит сонгууль болно. Энэ бол ард иргэд бидний ээлжит БОЛОМЖ. Энэ сонгуульд МАНАН болон бусад НАМ-ууд аль хэдийн бэлтгээд эхэлжээ. Тэд яарч байвч бидэнд хугацаа бий. Бид хууль бус бусармаг үйлдэл, цагаандаа гарсан шунахайрлыг хангалттай харлаа. Урьдын адил худал амлалт, хөөргөн хөтөлбөр, өнгө мөнгөний арилжаан дээр сонговол бид дахиад л хичнээн ч жилийг алдах болно. Энэ алдаа бидний итгэл найдвар болон Монголын газар нутгийн бүрэн бүтэн байдал, залуусын хүсэл мөрөөдлийг сарниулж болзошгүй.
Бидэнд ТЭЖЭЭГЧ ТӨР бус ШУДАРГА ХҮЧТЭЙ ТӨР хэрэгтэй байна. Үүнийг хийж чадах мэдлэгтэй, чадалтай, ухаантай залуус зөндөө байгаа. Бид өөрсдөө юу хийж чадахаа ч бас бодох цаг болжээ.

МОНГОЛЫН ТӨРИЙН СҮЛД ӨРШӨӨГ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2011-05-27

Share Your Thoughts