Монголын улстөр дахь “хошин” үзэгдлүүд

Нэг. МАХН-ын задрал
-Хэдхэн хоногийн дараа Монгол Улсад улстөрийн нам үүсэн байгуулагдсаны 90 жил, МАН /МАХН/ байгуулагдсаны 90 жилийн ой, монголын эх орончдын өдөр гэж болох гэж буй. Энд бяцxан будилаан гараад байгаа нь, саяхан задарч туурга тусгаарласан МАН, МАХН-ын алины нь ой болох нь нэг л тодорхойгүй. Монголын уран сайхны “Ичээнд нь ” кинон дээр гардаг жинхэнэ Дамбийжаа, хуурамч Дамбийжаа гэдэг шиг хэн нь жинхэнэ, хэн нь хуурамч болохоо харуулах гэж битүүхэндээ өрсөлдөж буй бололтой. Өөр өөрсдийн азохион байгуулах арга хэмжээндээ аль нь олон үзэгчид цуглуулсанаар нь тодруулах юм болов уу?
-МАН гэж нэрээ сольж, МАХН гэж шинээр байгуулагдахдаа нэрэн дээрээ нилээд хөгжилдөн будилцгаав. Нэгэн цагт талийгаач Баасан лам МАН гэдэг нэрээр нам байгуулсан байхад, МАХН товчлолыг богино хугацаанд олон ч хүн гэнэт “эзэмшиж”, бараг л үнэ хаялцах дуудлага худалдаа мэт өрсөлдөөн явагдав.

Харин эдгээрийг хуулийн дагуу шийдвэрлэх учиртай Монголын Дээд Шүүх энэ бүхний дунд мэдэн будилж “эргүүтнэ”. Эцэст нь “хэрэлд хэрэлд хэн хэнийх нь зөв, алалц алалц аль алиных нь зөв” гэдэг хэллэгээр асуудал шийдэгдэв бололтой.
-Нам задарсан үйлийг дагаж, түүхийг задлан тайлбарлах хөдөлгөөн өрнөв. Их жанжин хэмээгч Д.Сүхбаатарыг удирдагч биш “хаартчин” байсан, монгол биш өвөрлөгч байсан, үгүй ээ “хаартчин” биш удирдагч байсан, өвөрлөгч биш монгол байсан, “худлаа гэвэл хэнээс асуу” гэхчилэн маргалдана. Энэхүү маргааныг ажих аваас гадаа хамтдаа тоглож байгаад өөр хоорондоо муудалцах бяцxан хүүхдүүдийг санагдуулам.
Түүхийг хэн ч юу ч гэж бичиж байсан гагцxүү баримт нотолгоо л үнэний баталгаа болдог наад захын ойлголтыг тэд мэддэггүй бололтой. Засварласан болон бодит түүхийн талаар хэн ч баримт нотолгоо гаргаж чадахгүй атлаа үгээр цэц булаацладан маргалдаж, уурсан бухимдах тэднийг харахад үнэхээр “өхөөрдмөөр”.

Хоёр. Яагаад зөвхөн Н.Энхбаяр гэж?
-Монголд айл бүхнээс бөө тодорч, онгод тэнгэрийн сахиусыг авч буй “үсрэнгүй тэнгэрлэг дэвшил”-ийн энэ үед, хүн бүр л хүчтэй удирдагчийг хүсэн мөрөөдөж, даллан дуудаж буй гэнэ.
Монголчууд ухамсраар бус ташуураар, оюун ухаанаар бус дарангуйллаар, эв нэгдлээр бус албадлагаар хөгжинө гэдэг үзэл санаа эрч хүчтэйгээр газар авч буй. Гартаа нөж атгасан Чингис хаан төрөхгүй ч, өөртөө их хөрөнгө хураасан аугаа удирдагч төрнө гэж энэ цаг дор төөрөлдсөөр.
Харин тэр удирдагч нь Н.Энхбаяр байдаг нь ч юу билээ.
-Шинээр байгуулагдсан МАХН-ын их хурал дээр нижигнэсэн алга ташилт дор, нулимс гүйлгэж, аврал эрсэн харцан дор дарга болсон түүнийг өдгөө цагт тойрон хүрээлэгчид өдөр хоногоор олширсоор буй гэнэ. Үндэсний үзэлт дуучин нь, учраа олохоо байсан иргэний хөдөлгөөнийхөн нь, хуучин сайн цагаа санагалзагсад, хүчтэй нэгэнд дулдуйлагсад цөмөөр түүнд хадаг барин мөргөмүй. Итгэл хүлээлгэж аргадмуй. Найдвар тавьж дагамуй.
“Долоо буудуулсан чоно” шиг тэрээр аажим аажмаар атгаж нэг, тавьж нэг эрх мэдэл, хаанчлал руу тэмүүлсээр.
-Гэнэт “гэгээрсэн” Н.Энхбаяр хувь хүнийхээ хувьд сайн хүн байж болноо. Харин өнгөрсөн 20 жилд ерөнхий сайдаас ерөнхийлэгч хүртэл алгасалгүй дэвшиж, атгасан бүхнээ чулуу биш “алт” болгож амжсан түүнд би л лав итгэдэггүй. 20 жил монголын улстөрд “казино” тоглож, унасан хойноо ухаарч гэгээрсэн түүнд “их хаанчлал”ынхаа үед, одоо яриад уяраагаад байгаа бүхнийг хийж, өөрчлөх бүрэн боломж байсан. Харин яагаад хийгээгүйг, хүсээгүйг, чадаагүйг өнөө хэр би ч ойлгоогүй. Ийм их боломжийг эдэлсэн монгол хүн өдгөө бүү хэл түүхэнд ч байгаагүй.
Улстөр рүү улангассан түүний энэ үйлдэл сайны бэлэгдэл, муугийн ёр алин болохыг өдгөө бид ч бас Балхжав ч таашгүй.

Гурав. Хариуцлага хүлээдэггүй ертөнц
-Монголд мэдээллээр “тоглож”, олон нийтийн оюун санааг “угаадаг” тогтолцоо аль хэдийн бий болжээ. Мөнгөтэй болсон хүн морь уралдуулж, ТВ байгуулж, сонин гаргадаг моод дэлгэрсээр удаж буй. Мэдлэгтэй чадалтай сэтгүүлчид нь мөнгөний боол, мэдээллийн зарц, зусардлын жишээ болцгооно. Магтан мандуулах, магтан матах, магтан зусардах энэ л уралдаан дунд “Aлбан тасалгааны цонхоор” амьдрал сайхан харагдаж, улс орон өдөр хоногоор өөдлөн хөгжиж буй гэнэ. Мөнгөтэй хүн “Лаагаа идэж, луувангаа зажилж, мэдээллээ захиалж буй” энэ цаг дор зусардлын МАНАН дундаас үнэн бодит мэдээлэл олох нь үгүй.
-Хууль зөрчиж, хөрөнгө завшсан бүхэн МАНАН-ын хамгаалалт дор хоргодож, ял завшдаг тогтолцоо аль хэдийн бий болжээ. Улстөрийн нам гэдэг бодлого боловсруулж, хууль санаачлахаас илүүтэй хууль зөрчигсөдийн “хоргодох байр” болсоор удаж буй. Хуульчдийг, шүүгчдийг, цагдааг сонгуульд ялсан нам нь “бодлогоор” томилон удирддаг тогтолцоо ийм боломжийг олгодог аж. Нотлогдоод хэрэгсдэггүй, батлагдаад баригддагүй ийм хүмүүсийн жагсаалтыг Н.Энхбаяр, Ү.Хүрэлсүх, Л.Гүндалай, О.Чулуунбат гээд л үргэлжлүүж өгнө. Улстөрд орж мөнгөжсөн л бол түүнд хууль үйлчилдэггүй сонин жишиг гагцxүү Монголд л бий гэнэ.
Харин эгэл жирийн иргэддээ бол “төрийн төмөр нүүр” даанч хатуу.

-Н.Энхбаярын хууль бус олон үйлдлийг Б.Баабар мэддэг хэрнээ хэзээ ч шалгуулдаггүй, Л.Гүн далайн ашиглаж завшсан үйлдлийг Ц.Нямдорж мэддэг хэрнээ хэзээ ч баталдаггүй, харин занаж сүрдүүлнэ. Энэчлэн сангаас баяжсан Ч.Улаан, замаас хөлжсөн Буд, банкнаас цулайсан О.Чулуунбатар гэхчилэн олон луйврыг хүмүүс мэдэх хэрнээ огт дуугүй. Харин тэд хариуцлага хүлээх бүү хэл улам ч дэвшиж, улс орныг “хөлжүүлсээр”. Хэзээ нэгэн цагт үүнийг задлах аваас хамтдаа унахаа тэд сайн мэддэг.
Харин бид бүгдээрээ яг л “Амьгүй албат” мэт, өөр хоорондоо арслан бар мэт. Нэгэн цагт дуугарч байсан З.Алтай, Д.Энхбат өдгөө улстөрийн тогоон дунд чив чимээгүй. Монголын улстөр чихэртэй байхуу шиг мөртлөө чинжүү шиг халуухан. Аяа барьцсан улстөр, барьцаалагдсан улстөрчид, бачимдсан олон түмэн мину.

Дөрөв: Дагдангийн эхнэрийн таргалсан Цэрмаагийн турсан…

-Монголд ардчилал ялж хөгжсөн 20 жилийн хугацаанд улстөрчдийн таргалсан, ард олны турсан нь яг адил гэнэ.  Улаан ягаан, цэнхэр тасалбаруудынхаа учрыг олж ядаж байтал “томчууд”-ыын хүүхдүүд хураагаад авчихсан. Улсаас зөвшөөрсөн 0.7 га газраа товлож ядаж байтал, баячуудын хүүхдүүд эзэмшээд явчихсан. Уул уурхайн хишиг горьдсоор суутал , уут уут мөнгөөр улстөрчид арилжаад “зарчихсан”. Сонгуульд амалсан мөнгө нь сураг алдарсаар, өгч буй нь “аманд ч үгүй, хамарт ч үгүй”. Дээш тэнгэр хол, доош газар хатуу.

-Мөнгөө барж ядсан улстөрчид мөрийтэй тоглон өдөр өнгөрөөж, морь уралдуулан зугаацаж, суварга босгон буян үйлдэж, суран бүс савхин дээлээр гангарч байхад, хоногийн хоолоо олж ядах иргэд хог ухаж, траншеинд хоног төөрүүлж, хэн нэгэнд өөрийгөө худалдаж буй. Хувь хишигт, тэнгэр заяат гэж өөрсдийгөө нэрлэдэг цөөхөн Монголчууд алтан дээр суучихаад ийн ялгарч болно гэж үү? Бусдаас гуйхдаа “бид цөөхүүлээ” гэх мөртлөө, идэж завшихдаа нэгэн биеийг л тордох нь ухаан гэж үү? Гайхамшигт баялаг бүгдийнх байсаар атал, ганцаараа идэн гахай шиг таргалах хэрэг юусан? Өөрсдийгөө хөгжүүлэхийн оронд, өнгө мөнгөөр биеэ хучих мунхаглал юуны учир?  Тэнгэр гэсгээг!

-Аугаа өвөг дээдсийн аргамжаа эргэх газарт алт эрдэнэс дүүрэн бий. Ахмад буурлуудын сургааль хэлэх үдшид од мичид гялалзан буй. Авах гээхийн ухаанаар адил тэгш явбаас монголчууд бидэнд хүртэх заяа адил буй.
“Шунал ихэдвэл шулам болно” гэдэгчлэн өчүүхэн биений охорхон жаргалын төлөө “өнөөдрийн уушигаар маргаашийн өөх”-ийг арилжих хэрэг юун. Өргөн уудам Монголын тэнүүн талд “жаргал” байх мөчид өмнөд умард зүгт тэнүүчлэх хэрэг юун. Энэхэн бидэнд их баялаг хүрэлцэх боломж дор нэгэн биеийн цэнгэлийн төлөө бүхнийг худалдах арчаагүйдэл юун.

Тав. Төгсгөл

-Би нэгэн гайхамшигт удирдагчийг мөрөөдөж буй. Энэ бол монголчууд бидний шударга ёсны төлөөх эвэ нэгдэл юм. Бид атаа хорсол, өчүүхэн тэчьяадлыг тэвчих аваас, гагц үнэ шударгын төлөө бие биенээ дэмжиж, бас хүлээн зөвшөөрөх аваас, хорт муу үйлдлийн эсрэг нэгэн дуу хоолой болж нэгдэх аваас энэ нь бидний Чингис хаан байх болно.
-Ичгүүргүй нэгнийг хөөн зайлуулах аваас, илүү зүйлд шунахайрах үйлдийг илчлэх аваас, нэгэн мэргэн ухаанд бүгд нэгдэх аваас энэ нь бидний шударга үйлс болох болно.
-Өдгөө бидэнд өвлүүлж үлдээсэн газар нутгаа хайрлах аваас, өнгө мөнгөнөөс илүүтэй оюун ухааныг шүтэх аваас, шунал тэчьяадал бус шударга ариун үйлдлийг дээдлэх аваас Монголчууд бид дэвжин дээшилж, хөгжин бадрах болно.
Оюун ухаан дэлгэртүгэй.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2011-02-27

Share Your Thoughts