МОНГОЛЫН УРЛАГИЙН ТҮҮХ-ДЭЛХИЙН ТАВЦАНД

Нэг. Намтрын товчоон

-Зөвлөлтийн 14-р дунд сургууль сурч төгссөн
-1983-1988 онд Унгар улсын Өтвөш Лорандын нэрэмжит Будапештын Их Сургуулийн Урлаг Судлалын ангид Өрнөдийн урлаг судлалын мэргэжлээр суралцсан
-1992-1994 онд Монголын Соёл Урлагийн Их Сургуульд суралцаж Монголын урлагийн түүхээр мэргэшин урлаг судлалын ухааны Бакалаврын зэрэг хүртсэн
-1994-1995 онд Монголын Соёл Урлагийн Их Сургуульд “Хүрээний уран зураг” нэртэй ажлаа хамгаалж урлаг судлалын ухааны Магистрын зэрэг хүртсэн (СУИС-ийн анхдугаар магистр)
-1995-1999 онд СУИС-д Урлагийн түүхийн багш
-1995-2002 онд ДУДэС-д 19-20-р зууны урлагийн түүхийн багш
-2002-2009 онд Бёркли дахь Калифорнийн Их Сургуулийн докторантурт суралцаж “Их Хүрээ ба Монголын хожуу үеийн Бyддын шашны урлаг” сэдэвтэй ажлаар урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан (Ph.D.)
-2009 оноос Бёркли дахь Калифорнийн Их Сургуулийн Урлаг судлалын тэнхимд Азийн урлагийн түүхийн багшаар ажиллаж байна.

Хоёр. Европын урлаг судлалд
Г.Галбадрах -Хаана төрж, дунд сургуульдаа хаана суралцаж байв?
Ц.Уранчимэг – Би Улаанбаатар хотод төрсөн. 1-р ангидаа орос сургуульд орж, тэндээ суралцаж төгссөн. Багадаа хэл их сонирхож байв. Орос сургуульд 4 -р ангиас нь
англи, франц хэлнээс сонгож судалдаг байлаа. Би англи хэлийг сонгож сурсан л даа. Бас юм бичих их сонирхолтой байв.
Г.Галбадрах -10-р ангиа төгсөөд ямар сургуульд суралцсан юм бэ?
Ц.Уранчимэг -10-р ангиа төгсөөд Унгарт урлаг судлалын хуваарь авсан. Ямар ч тохиолдлоор ч юм бэ, урлаг судлал миний амьдралд ингэж холбогдсон юм. Унгарт Европын урлагийг судлахаар очиж байгаа юм. Монголоос ганцаараа. Өрнөдийн Урлагийн бүтээлүүдийг ойлгохын тулд Христос шашны тухай мэдлэгтэй байж библь мэдэх шаардлагатай болсон. Эхэндээ юу ч ойлгохгүй.
Г.Галбадрах -Библийг хичээлийн хөтөлбөрт оруулж судлах уу?
Ц.Уранчимэг- Европын уран зургууд үндсэндээ библээс сэдэвлэгдсэн байдаг. Энэ сэдвээр асар олон гайхамшигт бүтээлүүд бүтээгдсэн байгаа. Эдгээрийг судалж
ойлгохын тулд библийг маш сайн судалж ойлгосон байх ёстой. Би Эви гэдэг нэг грек охинтой найзалдаг байв. Бид 2 Дунай мөрний эргийн явган замаар хамтдаа алхаж явахад, тэрээр надад библийг маш гоё сайхнаар ойлгомжтой ярьж өгнө. Их ч сонирхолтой санагддаг байж. Тэгээд л библийг сонирхож эхэлсэн.

Monterey_011_redГ.Галбадрах -Нээрээ сонирхолтой санагдаж байна. Европын урлагийг судлахдаа түүний гол үндэс нь болох библийг судална гэдэг нь алив зүйлийг судлахдаа яг үндсээс нь
эхэлж судлах шаардлагаас үүддэг байх.
Ц.Уранчимэг -Тийм шүү. Эхлээд би хичээлээ сайн ойлгодоггүй. Амаргүй байсан л даа. Гэтэл “чи хичээлээ мэдэхгүй байна” гээд муу дүн тавихгүй. Тэгснээ “чи арай л болоогүй
байнаа, дахиад сайн судла даа” гэнэ. Бүх шалгалтуудаа амаар авна. Би нэг шалгалтыг ийм маягаар 2 сар өгч байсан шүү. Урлагийн түүхийн хичээлд уран зургуудыг бүтнээр нь үзүүлэлгүй, аль нэг хэсгийнх нь деталыг харуулна. Тэгэхэд л бүгдийг нь мэдэж байх учиртай.  Жижиг деталь хэсгээс нь тухайн уран зургийг бүгдийг нь мэдэж байх гэдэг маш чимхлүүр нарийн аргаар судалж байгаа гэсэн үг.
Г.Галбадрах -Энэ харин нарийн судалгаа юм. Бид ямар ч уран зургийг гаднаас нь хараад л ерөнхийд нь мэддэг. Гэтэл судалгаа гэдэг нь маш нарийн чимхлүүр ажил байдаг аж.
Ц.Уранчимэг -Семинарын хичээл дээр бүгдээрээ тойрч суугаад л ярилцана. Тэр үед би маш ичимхий байж. Өөрийнхөө ярих ээлжин дээр доошоо тонгойгоод эсвэл өөр ямар нэгэн
зүйл хийж байгаа дүр үзүүлээд л өнгөрөөчихнө. Багш маань намайг ойлгодог байсан байх. Тэгтлээ албадаж шаардахгүй. 2-р курстээ семинарын ажил бичих болов. Багш маань надад Мөнх хааны тухай англи хэлээр бичсэн бага хэмжээний ном өгч, уншихыг зөвлөлөө. Монголын Эзэнт Гүрний нийслэл байсан Хархорумын “мөнгөн мод”-ны тухай тэнд өгүүлсэн байсан нь миний сонирхлыг татаж, энэ тухай семинарын ажлаа бичив. Семинарын ажлаа оюутнуудын өмнө уншлаа. Оюутнууд ч маш ихээр сонирхож, багш минь энэ тухай дэлгэрүүлэн маш сайхнаар ярьж өгөв. Энэ мөчид сэтгэл санаа минь тайвширч, урам орж, анх удаа “нүүр хагарсан” юм даг.
Г.Галбадрах -Энд харин багшийн ур чадвар мэдрэгдэж байна шүү. Зарим тохиолдолд өөртөө итгэлгүй, ичимхий хүүхдэд их ухаан, мэдрэмж, санамсаргүй мэт сонгосон арга тус болж сайнаар нөлөөлөх тохиолдол байдаг.
Ц.Уранчимэг -Энэ семинар миний ичимхий байдлыг өөрчилж урам зориг, их боломжийг мэдрүүлсэн.  Түүнээс хойш гайгүй болсон шүү. Хичээлдээ ч их сонирхолтой боллоо.
Би 19-р зууны урлагийг илүүтэй сонирхон судалж байв. 19-р зууны урлаг ер нь их өвөрмөц байсан болохоор нилээд сонирхолтой. Харамсалтай нь 1987 онд Оросын Чернобыльд болсон атомын цахилгаан станцын ослын уршгаар би хордлогод өртсөн юм.
Г.Галбадрах -Яагаад?
Ц.Уранчимэг -Унгар Украйнтай ойрхон шүү дээ. Атомын цахилгаан станцын осол болсонтой холбогдуулан радиогоор байнга анхааруулан сануулж байсан ч би залуу байсан
болохоор тэгтлээ тоолгүй хүнсний ногоо авч идээд байсан. Гэтэл хордлого өгч нүүр болон биеэр юм гарч эхэллээ. Монголоор бол шар усны өвчин гэх юм уу даа. Энэ хордлого минь даамжирсаар аргагүйн эрхэнд сургуулиа орхиж, Монголдоо буцаж ирсэн дээ.

Гурав. Монгол дахь судалгаа
Г.Галбадрах -Харамсалтай тохиолдол болжээ.
Ц.Уранчимэг -1988 онд 3-р курсээсээ сургуулиа орхиж Монголдоо буцаж ирлээ. Өвчнөө эмчлүүлэх гэж аргаа барсан даа. 5 жил хэвтэрт байсан. Монголдоо эмчилгээ хийлгэж, бүх л арга заслыг хайсан боловч төдийлэн үр дүнд хүрээгүй.
Г.Галбадрах -Хүн өвдөж, шаналж байхдаа л амьдралыг, түүний утга учир, зовлон шаналлын уялдаа холбоог маш сайн ойлгож мэдэрдэг.
Ц.Уранчимэг -Хэцүү үе байсан. Надтай хамт аав ээж, гэр бүлийнхэн минь хамтдаа л шаналж байлаа. Тэр үед Өвөр монголоос хэдэн эмч нар Монголд ирж ажилласан юм. Аав минь тэдэнтэй очиж уулзан намайг үзүүлэхийг хүсэв. Тэр эмч нар намайг ирж үзээд “Зүгээр ээ, эдгэнэ” гэлээ. Энэ үг надад яг л аврал шиг сонсогдож байв. Тэд надад эмчилгээ хийж эхэлсэн. Тэд 2 сар шахам эмчлээд буцах болоход нь би тэсэлгүй уйлчихсан. Харин тэд намайг Өвөр монголд очиж эмчилгээгээ дуусгахыг зөвлөөд явсан.
Г.Галбадрах -Хүн боломжоо алдахыг хүсдэггүй.
Ц.Уранчимэг -Тэгээд бид бүх л боломжоо шавхан байж Өвөр монголд очиж эмчлүүллээ. 22 настайдаа өвчилж, хэвтэрт орсон бүсгүй 5 жилийн дараа 27 настайдаа эдгэж хөл дээрээ боссон юм даг. Энэ бол миний амьдралд итгэл найдвар, урам зориг минь эргэж ирсэн үе байлаа. Гэхдээ би энэ хүнд үеэс их ч тэвчээр хатуужил, өөртөө итгэх итгэл, уйгагүй зүтгэлийнхээ үндсийг олж авсан юм.
Г.Галбадрах -Нэг биш ийм тохиолдлыг мэднэ. Өвчин зовлонг тэвчиж давж гарсан хүмүүс энэ амьдралд шал өөр хандлагатай болдог нь анзаарагддаг. Тэд амьдралын утга учир,
баяр баясгалан, зорилгыг илүүтэй ойглож, энэ хэрээрээ амжилтад хүрэх нь бий.
Ц.Уранчимэг -Тийм шүү. Хөл дээрээ боссоноос хойш 1992 онд СУИС-ийг анх байгуулагдахад нь Бадрах багштай уулзаж, урлаг судлалын чиглэлээр суралцах тухайгаа ярилцлаа.
СУИС-д энэ чиглэлийн анги байгаагүй болохоор мэргэжлийн сургалтаа ганаарчилсан хэлбрээр сонгож суралцав. Ингэж хичээж суралцсанаар 1994 онд дипломоо “Хүрээний
уран зураг”-аар хамгаалсан. Тэр үед анх удаа магистрийн зэрэг бий болж, магистрийн зэргийн 01 тоот дипломын эзэн болж байснаараа би их азтай. Магистрийн
зэргээ хамгаалаад СУИС-дээ багшаар үлдлээ.

Orna_SoyokoГ.Галбадрах -СУИС-д урлаг судлалаар магистрийн зэрэг хамгаалж байсан сэдвийг тань харахад Монголын уран зургийг судалж байсан гэж ойлгогдож байна.
Ц.Уранчимэг -Монголын уран зургаа судалж байсан. Хэдийгээр нүүдэлчин амьдрал, соёл, зан заншилтай байсан ч Монголын урлаг үнэхээр гайхамшигтай их өвийг үлдээсэн байдаг. Монгол хүн болохоороо Монголынхоо урлагийг судалж байхдаа би их баяртай байлаа. Миний магистрийн ажлыг уншаад аав минь надад хандаж “Зарим зүйлд чинь санаа
нийлэхгүй байна. Гэхдээ чи өөрөө энэ бүхнийг сонирхон судалж, гаргаж ирсэн нь хамгийн сайн хэрэг. Аав нь баярлаж байна” гэж хэлсэн. Энэ үг надад маш их урам, өөртөө итгэж итгэлийг өгсөн дөө.
Г.Галбадрах -Аавын тань хэлсэн энэ үнэлгээ өөрийг тань урлаг судлалын их зам руу эргэж буцалтгүй хөтөлж дээ.
Ц.Уранчимэг -Энэ их урам намайг өдий хүртэл урлаг судлалын ертөнцөд хөтөлж яваа. СУИС-даа багшилж байхад анхны магистрийн бүтээлийг минь хүмүүс ихэд сонирхож байв. Гэхдээ миний мэргэжлээр бэлтгэгдсэн хүн байгаагүй. Яг Монголын урлагийн түүхийн талаар академик ойлголт ч бас байгаагүй. СУИС болохоор намайг урлагийн түүхийн талаар хөгжим, цирк, эстрад, киноны түүхийг бүгдийг нь хамруулан заахыг шаардаж байв. Би болохоор олон улсын жишгэнд “дэлхийн урлагийн түүх” гэдэг хүмүүнлэгийн ухааны хичээлд дүрслэх урлагийн түүхээр дагнан ордог байдлаар заахыг хүсч байсан. Энэ бол хүмүүнлэгийн ухаан. Урлагаар дамжуулж түүхээ судална гэсэн үг. Тэгээд би бусад орнуудын талаар судалгаа хийж байж дүрслэх урлагийн түүх нь хүмүүнлэгийн ухааны хичээл гэдгийг нотлохыг хичээсэн.
Г.Галбадрах -Яг энэ тал дээр манайхан өрөөсгөл ханддаг. Биднийг УБДС-д суралцаж байхад дэлхийн улсуудын урлагийн түүхийг их судалдаг байснаас Монголын дүрслэх урлагийн түүхийг судлахгүй шахам байсан. Энэ нь судалгааны эх сурвалж муутай байсных байх.
Ц.Уранчимэг -Монголын дүрслэх урлагийн түүхийн судалгааны алжаа өргөжүүлэхийн тулд Японтой холбогдсон. Энэ оролдлого маань Азийн урлагийн түүхийг харьцуулан судлах сонирхолтой минь холбоотой байлаа.

Дөрөв. Азийн урлаг судлалд
Г.Галбадрах -Өөрөөр хэлбэл Монголын урлагийг судлахад Азийн урлаг судлал тулгуур болно гэж бодсон хэрэг байх.
Ц.Уранчимэг -Тийм ээ! Энэ бол зайлшгүй холбоотой. 1997-1999 онд энэ зорилгоор Японд очиж суралцлаа. Японд суралцаж байхад танилцсан Америк гэр бүл надад их зүйл хэлж өгч тусална. Тэд надад төсөл зохиож үзэсгэлэн гаргах боломжтой тухай хэлж зөвлөсөн юм.  Тэгээд би төсөл бичиж 1997 онд Монголын 15 зураачдын бүтээлийн үзэсгэлэнг
Японд гаргав. Үзэсгэлэнг гаргасан Касүми Грүп компанийн оффис нь нилээд өвөрмөц дизайнтай, өрөө болгон нь өөр өөр өнгөтэй. Энэ бүхэнд нь таацуулан зургуудаа их донжтой, сайхнаар байрлуулсан. Тэгээд ч зогсохгүй найзуудтайгаа зөвлөлдөж, тэдний тусламжтайгаар хийл болон төгөлдөр хуур хөгжмөөр “Хэнтийн өндөр ууланд” болон Гончигсумлаа гуайн аязуудыг тоглууллаа.  Хүмүүс ч маш сайхнаар хүлээж авсан. Анх удаа зохион байгуулж гаргасан энэ үзэсгэлэндээ би их сэтгэл хангалуун баяртай байлаа.
Г.Галбадрах -Нүдэнд харагдан, сэтгэлд төсөөлөгдөж байна. Монголыг сурталчилсан их сайхан арга хэмжээ болжээ.
Ц.Уранчимэг -Японд байхдаа Монголыгоо их санана. Тэр үедээ их сайхан хөгжим сонсож тайвширна. Энэ үзэсгэлэн Монголын тухай маш сайн сурталчилгаа болсон төдийгүй
надад ч олон боломжуудыг мэдрүүлсэн. Японд би их ч зүйл сурч их урамтай байлаа. Өөрийнхөө мөнгөөр зөндөө их слайд, ном цуглууллаа. Монголдоо очоод сургалтдаа
хэрэглэх гэж шүү дээ. Японоос их ч өөдрөг сэтгэл урам зоригтой буцаж ирсэн.

Тав. Дэлхийн урлаг судлалын ертөнцөд
Г.Галбадрах -Ирээд урам зоригоороо ажилласан уу?
Ц.Уранчимэг -Үгүй ээ. Миний хийж бүтээх хүсэл мөрөөдлийг ойлгож дэмжээгүй. Тэд миний энэ байдлыг ойлгоогүйгээр барахгүй нөгөө л дэлхийн урлагийн түүхийг кино, хөгжим, цирк, эстрад зэргийг багтаан заахыг шаардаж байв. Яг үнэндээ би хэрэг болгож бэлтгэн авчирсан ном болон слайдаа ч ашиглаж чадаагүй 1999 онд СУИС-аас гарч Монголын Урчуудын Эвлэлийн Хороо /МУЭХ/-нд гадаад харилцаа хариуцан ажиллахаар очсон. Харин Дурслэх Урлагийн Дээд Сургууль /ДУДС/-д хичээл зааж байснаа үргэлжлүүлсэн дээ. ДУДС-ийн захирал Цэгмид намайг ойлгож дэмждэг байсан юм. МУЭХ-нд ажиллаад гадаад орнуудтай харилцаагаа өргөжүүлэх талаар санаачлагатай
ажиллаж эхэлсэн.
Г.Галбадрах -Гадаад харилцааны хүрээнд нилээд  ажил хийсэн үү?.
Ц.Уранчимэг -Англитай хамтын ажиллагаагаа эхэлсэн. 1999 оны намар Монголдоо зураач Төгс-Оюунтай хамтран ” Нийгэм ба Эмэгтэйчүүд” нэртэй үзэсгэлэн, дугуй ширээний ярилцлага бүхий цогцолборт арга хэмжээ зохион байгууллаа. 2000 онд СОРОС-ын сангийн дэмжлэгээр АНУ-ын Нью-Иорк, Сан-Франциско хотуудад уран зургийн үзэсгэлэн
гаргав. 2001 онд Германы Бонн хотод “9 эрдэнэ” нэртэйгээр Монголын 9 эмэгтэй зураачдын үзэсгэлэн гаргасан гээд тоочоод байвал зөндөө. Энэ бүхэнд Японд байхдаа
үзэсгэлэн гаргаж байсан туршлага минь их хэрэг болсон.
Г.Гaлбадрах -Гэхдээ урлаг судлалын ажлаа орхиогүй байх.
Ц.Уранчимэг – 1995 онд ДУДС-ийн захирал Цэгмид намайг анх удаа Англид явуулж Монголын урлагийн тухай лекц уншуулж байв. Түүнээс хойш зөндөө олон оронд лекц уншсан.
1997 онд Японд, 2001 онд Германд, 2002 онд Францад. Гадныхан Монголын дүрслэх урлагийг ихэд сонирхдог болохоор лекцэнд минь сул суудалгүй байнга л хүмүүсээр дүүрэн байдаг. Түүнээс гадна МҮТВ-ээр найруулагч Цэрмаатай хамтран Монголын урлагийн тухай цуврал нэвтрүүлэг хийж байлаа. Энэ бас хүмүүст нилээд сайн хүрсэн. Энэ хэрээрээ миний кареер ч өсч байв. 2002 оны хавар Парисын Гимэ музеин Азийн номын каталоги үзэж байгаад Хубилай хааны тухай Барууны эрдэмтний бичсэн өгүүллийг олж үзээд үнэхээр гайхсан. Энэ бүхэн намайг гадаадаын өндөр хөгжилтэй оронд суралцах явцдаа судалгааны ажлаа үргэлжлүүлэх зорилгод хөтөлсөн.

Г.Галбадрах -Америкт суралцах тухай хэдийнээс бодож эхэлсэн юм бэ?
Ц.Уранчимэг -1995 онд манай багш доктор Патрисия Бёргер Монголд очиход нь би хэлмэрчээр ажилласан. Тэр үед багш маань Чин гүрний үеийн Бүддийн шашны урлагийн номоо бичиж байсан юм билээ. Тэр хүн намайг Америкт суралцах хэрэгтэй гэж зөвлөж байсан юм. Ер нь цаашид суралцаж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм гэдэг бодол толгойноос салахгүй байсан л даа. 1999 онд Америкт суралцах хүсэлтээ гаргаж, Фулбрайтын санд өргөдлөө өгөв. Тэд надад 2002 онд зөвшөөрснөөр АНУ-д ирсэн.
Тэр үед миний кареер ч нилээд өндөр байж, надад олон боломжууд байсан ч цаашдаа суралцаж, өөрийгөө хөгжүүлэх нь надад илүү чухал байлаа. Мэдлэгийн төлөө бүхнийг
хаяад л энд ирсэн. Дарга болж эрх мэдэлтэй байснаас сайн мэргэжилтэн болж бүтээл хийх нь илүү хэрэгтэй гэдэг бодол бас миний энэ шийдвэрт нөлөөлсөн.
Г.Галбадрах -Тийм шүү! Дарга байх сайн мэргэжилтэн байх гэдгийн сайн ялгааг өнөөгийн залуус их зөвөөр мэдэрдэг болжээ. АНУ-д ирээд судалгаагаа үргэжлүүлсэн үү?
Ц.Уранчимэг -2002 онд Калифорны Их Сургуульд ирсэн. Энд Азийн урлагийн түүхийг судалсан. Дипломын ажлаа “Хүрээний урлаг”-аар хийж хамгааллаа. Үүндээ өндөр гэгээн
Занабазарын бүтээлүүд, Богд Жавзандамба хутагтуудын хөрөг, хүрээний барилга, хүрээ байгуулагдаж нүүдэллэж байсан түүхүүдээс судалж оруулсан юм.
Г.Галбадрах -Сургуулиа төгсөөд?
Ц.Уранчимэг -2009 онд сургуулиа төгсөөд эндээ багшилж байгаа. Хятадын уран зураг, Төвдийн Урлагийн хичээлүүдийг зааж байгаа. 2011 оны 1 сард Хонг-Конгд Монголын 22 зураачдын уран бүтээлийн үзэсгэлэнг зохион байгууллаа. Энэ бол Азидаа гаргасан хамгийн том үзэсгэлэн байлаа.
Г.Галбадрах -Монголын урлаг судлалын талаарх таны бодол?
Ц.Уранчимэг -Дэлхий дээр Монголын урлагийн талаар тэгтлээ мэдэхгүй. Үүнийг л дэлхийн хэмжээнд гаргаж ирж ойлгуулахыг хичээж байна. Монголын уран зургууд их хурц
өнгөтэй, чадамгай зоригтой шийдэлтэй, нүүдэлчин мэдрэмж нь шууд л мэдрэгддэг юм. Ер нь монголын урлагийг дэлхийд гаргаж таниулах талаар миний аав эхлэлийг нь
тавьж байсан юм шүү.
Г.Галбадрах -Аавынхаа талаар дурсвал?
Ц.Уранчимэг -Аав минь насаараа л Монголын урлагт зүтгэж, өөрийн өнгө аясаараа бүтээн тyyрвиж, их зүйлийг амжуулсан даа. Монголын урлагийн тухай 5 альбомыг гадаадын 5
хэлээр гаргасан юм. Тухайн үед нь хүмүүс шүүмжилж л байлаа. Гэхдээ энэ нь Монголын урлагийг дэлхийн хэмжээнд одоо хүртэл таниулсаар ирлээ. Биднийг аав минь эх оронч сэтгэлээр л хүмүүжүүлсэн. Би айлын бага охин байсан болохоор аавдаа их эрхэлдэг байж. Аавын минь санаанд хэрийн юм хүрэхгүй л дээ.
Өөрөө их хөдөлмөрч уйгагүй зүтгэдэг байсан болохоор тийм байсан байх. Нас барахаасаа өмнө надад ярьдаг байсан зүйл нь Монголынхоо урлагийн гайхамшигийг дэлхийд таниулж мэдрүүлэх тухай л байсан. Одоо миний хичээн зүтгэж, хийж бүтээж байгаа бүхэн минь аавынхаа хүслийг биелүүлэхийн төлөө л юм шүү дээ.
Г.Галбадрах -Саяхан Монголын урлагийг сурталчлах арга хэмжээг Америкийн 2 том Их Сургуультай хамтран зохион байгуулсан тухай сонссон. Энэ талаараа товч ярьж болох уу?
Ц.Уранчимэг -2009 оны миний сургууль төгсөлтийн баяраар миний ах дүүс цөмөөрөө ирсэн. Тэр арга хэмжээний үеэр Станфордын Их Сургуулийн хөгжмийн багш Жиндон Цай хэмээх хятад хүн надтай танилцаж, ярилцаад өнгөрсөн юм. Гэтэл жилийн дараа хамтран ажиллах тухай саналаа миний э-майл хаягаар ирүүлсэн. Бэркэлэйн Их Сургуульд Монголын талаар судалгаа хийх хөтөлбөрийн судлаачаар ажиллаж байсан л даа. Станфордын Их Сургуулийн Жиндон Цай профессор хамтарч ажиллах санал тавьснаар бүх л төрлийг хамарсан Монголын урлагийг сурталчлах өдөрлөг зохион байгуулах боломж гарч ирэв. Тэгээд бид хамтдаа хөтөлбрийг боловсруулан Бэркэлэйн болон Станфордын Их Сургуулиуд хамтран зохион байгуулахаар болсон. Хөтөлбөрт юуг оруулах, хэнийг сонгох тал дээр сонголт нилээд удаан явагдсан. Гэхдээ 7 хоногийн хугацаатай болсон энэ арга хэмжээ амжилттай болж АНУ-д амьдарч, ажиллаж байгаа монголчууд маань их идэвхтэй оролцсонд сэтгэл их өндөр баяртай байгаа. Энэ бол монголын урлагийг Америкт сурталчлах нилээд үр дүнтэй том арга хэмжээ боллоо.

Г.Галбадрах -Таны цаашдын зорилт тань?
Ц.Уранчимэг -Цаашид бодож төлөвлөж байгаа зүйл зөндөө байнаа. Би Америкт 3 дахь жилдээ багшилж, америк хүүхдүүдтэй ажиллаа. Монголын урлагийн түүхийг монгол
хүүхдүүддээ, монголчууддаа заамаар байна. Ямартай ч энэ 8 сард монголдоо очиж нөхцөл байдлыг судална. Яг өнөөдөр монголд бизнес нь сайн хөгжөөд байгаа хэрнээ
боловсрол нь хөгжихгүй байна. Мөнөөх л хуучин тогтолцоо, хуучин сэтгэлгээ, хуучин арга барил нь байгаад байдаг. Гэхдээ хэзээ нэгэн цагт өөрөө зовж эзэмшсэн
мэдлэг чадвараа Монголдоо зориулах цаг ирнэ гэдэгт итгэж байгаа.
Г.Галбадрах -Сайхан үг байна.Цаг гаргаж чин сэтгэлээсээ илэн далангүй ярилцсанд баярлалаа. Америкийн нэр хүндтэй том сургуульд багшилна гэдэг хэн бүхний хийгээд
байдаг ажил ч биш. Гэхдээ энэ мэдлэг чадвараа Монголдоо зориулах таны хүсэл биелэх болтугай. Танд бас эрүүл энх сайн сайхан бүхнийг ерөөе.
Ц.Уранчимэг -Уулзаж ярилцсанд баярлалаа. Танд ч бас амжилт сайн сайхан  бүхнийг ерөөе. Монголын урлаг болон түүх ёс заншил гэдэг үнэхээр гайхамшигтай өв баялаг.
Үүнгүйгээр монгол хүнийг төсөөлөх аргагүй. Бүгдэд тань эрүүл бие, саруул ухааныг ерөөе.

 

Share Your Thoughts