Монголын хүүхдүүддээ “ЗА” гэж хэлцгээе

za

…Сүүлийн жилүүдэд Монгол оронд минь, хот төлөвлөлтийн бодлого алдагдсанаас үүдэлтэй “агаарын бохирдол”, байгаль орчиндоо хайр гамгүй хандсанаас үүдэлтэй “хөрс, усны бохирдол”, ахуйн ядуурлаас үүдэлтэй “хүнсний хордлого” газар авч, монголчууд бидний аюулгүй, амар амгалан амьдрах баталгаа алдагдсаар байна. Энэ үзэгдлийн хамгийн муу балаг нь, жилээс жилд ихэссээр байгаа “хорт хавдрын” өвчлөл.Тэр тусмаа бага насны хүүхдүүд болон эхийн урагт энэ нь ихээхэн нөлөөлөх болсон нь түгшүүр төрүүлж байгаа.

АНУ-ын Индиана мужийн Блуумингтон хотноо аж төрдөг Ажаа Гэгээн энэ байдалд санаа зовж,  Монголд “Хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдийг эмчлэх эмнэлэг” барихаар  төсөл санаачлан хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ тухай сонсоод хоёр жил хагасын өмнө миний бие, Ажаа Гэгээнтэнтэй очиж уулзан  ярилцлага хийж, олны анхааралд толилуулсан билээ. Түүнээс хойшхи гурван жил илүү хугацаанд энэ төслөө ажил хэрэг болгох гэж Ажаа Гэгээнтэн маш олон газруудаар явж, уг эмнэлгийн санхүүжилт болох учиртай мөнгийг цуглуулсаар байна. Хүмүүс энэ талаар төдийлэн сайн мэдээлэлтэй болж амжаагүй болохоор, янз бүрээр хандаж байгаа. Зарим хүмүүс энэ ажиллагааг шашинтай холбож ойлгож байгаа нь эндүүрэл бөгөөд, хувь хүний сайхан сэтгэл, бусдад тус болох бодитой ажил ,  Монголын хүүхдүүдэд тус болох гэсэн санаачлага гэдгийг уулзаж ярилцаж байсны хувьд хэлж чадна.

       Энэ санаачлагын эхлэл

Гурван жил орчмын өмнө Ажаа Гэгээнтнийг Монголд морилоход нь Тайвань, Хонг-Конгоос олон шавь нар нь дагалдаж явсан аж. Тэд Дашчойлон хийдэд байрлан, өөрсдийн цуглуулсан өглөг,  хандиваа амьдралын боломж муутай, өвчин зовлонд нэрвэгдсэн хүмүүст  тараан өгчээ. Улаанбаатар хотын захын хороолол, барааны зах болон, зарим дүүргүүдээр явж тараасан өглөг, хандив нь тэр болгон очих ёстой эзэддээ хүрэхгүй байгааг тэд анзаарчээ.
Энэ аялалаас буцаж ирсний дараа тэд, цаашид хэрхэн бусдад тус болох зүйл хийж болох тухайгаа ярилцсан гэнэ. Нэгэн удаагийн тарааж байгаа өглөг хандив бол хэсэгхэн хугацаанд бусдад хэрэг болдог. Түгээж өгсөн хүнсийг идээд  дуусахад, тарааж өгсөн хувцсыг өмсөөд урагдах цаг дор, хүмүүсийн амьдрал хэвээрээ. Нэгэн хормын төдий “сэтгэл ханамж” нь, насан туршийн амьдралд тэгтлээ тус болох нь үгүй. Тэд Монгол дахь хүмүүсийн элэгний болон хорт хавдрын өвчлөлтөд анхаарлаа хандуулах нь  хожмын эрүүл саруул амьдралд хэрэг болно гэдэгтэй санал нийлжээ. Тэр тусмаа бага насны хүүхдүүдийн “хорт хавдрыг эмчлэх эмнэлэг” барих нь илүү сайн буянтай үйлс юм гэж үзсэн аж.

Ажаа Гэгээнтний анхны төсөл нь Улаанбаатар хот дахь Яармагийн дэнж дээр баригдах ” Хорт хавдартай хүүхдүүдийг эмчлэх эмнэлгийн иж бүрэн цогцолбор” байсан. Бараг 25 сая орчим ам долларын өртөгтэй энэ цогцолбрын иж бүрэн зураглал болон эдийн засгийн тооцоо, инженерийн шийдлүүдийг багтаасан хавтаст материалыг Ажаа Гэгээн надтай уулзахдаа үзүүлж байсан юм. Харамсалтай нь энэ цогцолбрыг босгох ажил нь, Яармагийн дэнжид  цахилгааны болон цэвэр бохир усны шугам зэрэг “дэд бүтцийн” асуудал шийдэгдээгүй гэдэг шалтгаанаар  “хойшилжээ”.

Ажаа Гэгээнтнийг Монголд морилж энэ асуудлаа тавих үед нь Эрүүл Мэндийн сайд байсан Ламбаа, гэгээнтэнд хандаж “Эх нялхасын эмнэлэг”-ийн цогцолбор дотор тусад нь “Хүүхдүүдийг эмчлэх эмнэлэг” барьж өгөхийг санал болгосон гэдэг.  Хөдөө орон нутгаас хүнд өвчний улмаас эмчлүүлэх гэж ирсэн бага насны хүүхдүүдийг, эцэг эхтэй нь хамтад байлган эмчлүүлэх боломж олгож байгаагаараа  энэ эмнэлэг онцлогтой юм. Хөдөө орон нутгаас хүнд өвчтэй хүүхдээ асрах гэж сэтгэлээ чилээж ирж байгаа хүмүүст учирдаг чирэгдэл, шаналалыг бага ч атугай шийдэж байгаа нь, нөгөө талаас хүнд өвчтэй хүүхдүүд, ээж аавтайгаа хамтад байх боломжийг олгож байгаа нь тэдэнд  тус болж байгаа том буян.

Энэ санаачлага одоо ямар шатандаа явна вэ?

“Эх нялхасын эмнэлэг”-ийн хашаанд баригдаж байгаа энэ эмнэлгийн барилга нь дээд хэсэгтэйгээ хамтад 6 давхар гэж тооцвол,  одоогоор 3 давхар нь баригджээ. Үлдсэн 3 давхрын барилгын ажил нь энэ хавар хийгдэх боловч, санхүүжилт нь дутмаг байгаа аж.  Тийм болохоор Ажаа Гэгээнтэн энэ санхүүжилтийг олохын тулд, боломжтой газар бүрд хандивын уулзалт зохион байгуулж байгаа юм.

Одоогоор:

1. Өнгөрсөн оны 2 сарын 21  нд Ажаа Гэгээний төрсөн өдрөөр АНУ-ын Сиэтл хотын монголчууд уг эмнэлгийн барилгын санхүүжилтэд зориулсан хандивын арга хэмжээг зохион байгуулжээ.

2. Лос-Анжелосийн монголчууд 3 сард “Эрхэм үйлс” нэртэй хандивын арга хэмжээг зохион байгуулжээ.

3. Японы Токио хотод морин хуурч Л.Амартүвшин хандивын тоглолт зохион байгуулж, уг тоглолтоос орсон орлогоо уг эмнэлгийн барилгад хандивласан төдийгүй, удахгүй дахин хандивын тоглолт хийхээр төлөвлөж байгаа аж.

4. Чикаго хотын монголчууд  “дэлхий даяар тархан суугаа монголчууддаа” хандан уриалга гаргасан төдийгүй, 5 сард энэ санаачлагыг дэмжин хандивын тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байна.

5. Денверийн монголчууд 2-р сард хандивын арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд, 5 сард дахин ийм арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

6. Сан-Франциско болон Оакландын монголчууд 6 сарын 8 нд Ажаа Гэгээнтний санаачлагыг дэмжин, хандивын арга  хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

7. Ажаа Гэгээнтнийг Оксфордод 2 сар багшлах хугацаанд, Англид ажиллаж амьдарч байгаа монголчууд ЭСЯ-тайгаа хамтран , нилээд том хэмжээний хандивын арга хэмжээг зохион байгуулжээ.

8. Одоо 4 сарын 20 нд Вашингтон ДС-ийн монголчууд хандивын арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
“Олны олон таван цэн”, “Чин сэтгэлийн өглөг багаддаггүй”, “Өгье гэвэл ганцаасаа” гэхчилэн монголчууд бид алив сайн үйлсийн төлөөх тус дэмийг дэмжин үнэлсээр иржээ. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын хувьд өөрсдийн сэтгэл зүрхний угаас, хандив өгч дэмжиж байгаа нь сайхан хэрэг. Мэдээж бид бие биенээ чин сэтгэлээсээ дэмжиж чадвал, олон сайхан үйлсийг бүтээж чадна.

            Энэ тухай миний хувийн бодол:

-Сүүлийн үед фейсбүүкээр болон  олон олон цахим мэдээллийн хэрэгслэлүүдээр хүндээр өвчилж, зовж, шаналж байгаа хэн нэгэнд туслахыг уриалж, хандив өгөхийг хүссэн хүсэлт ихээр гарч байгаа. Анзаараад байхад хорт хавдраар өвчилсөн хүүхдүүд ч энэ дунд цөөнгүй байна. Бид хичнээн хандив өгч, сайхан сэтгэл гаргаад тэр болгонд тус дэм болж чадаж байгаа  билүү?  Харин “Хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдийг эмчлэх эмнэлэг” -ийг хамтдаа байгуулж чадвал, олон олон хүүхдүүдэд тус болж чадна. Бас цаашдаа бүр илүү олон хүүхдүүдэд туслах боломж бүрдэх болно. Хэрэв ЗГ нь дэмжээд хөгжүүлж чадвал, ирээдүй үеийнхний эрүүл мэнд хувь заяанд сайнаар нөлөөлж чадах болно.
-Ажаа Гэгээнтний энэ санаачлагыг дэмжин сурталчилж байхдаа “Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголд минь шинээр баригдсан эмнэлэг бий билүү?” гэж харамсан бодсон.  Их олон “эх орончид” хөгжил дэвшил ярьж, цэц булаацалддаг боловч, энэ хөгжил нь ийм эмнэлгээс эхэлдгийг ухаарахгүй юм даа. Хэн нэгэн сайхан сэтгэлтэй хүний санаачлага нь, энэ олон жилийн хоосон хийрхлээс илүүтэй бодит бүтээн байгуулалт болж байгааг мэдрэхдээ баяртай байх боловч, сэтгэлийн гүнд нэг л гунигтай.  Гэхдээ энэ санаачлага олон хүмүүсийн сэтгэлд итгэл найдвар болж, эрүүл аж төрөхүйд тус болно гэдэгт итгэж байна.
-Хэн нэгний өндөр үнээр худалдаж авсан хурдан мориноос, бидний ирээдүй болсон хүүхэд багачууд эрүүл өсч торних нь хамаагүй үнэтэй. Хэн нэгний “нүглээ наминчилж” хээр талд босгосон суварганаас  “Хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдийг эмчлэх эмнэлэг “барьж босгох нь хамаагүй хэрэгтэй. Хэн нэгний эхнэр хүүхдээ дагуулан гадаадад эмчлүүлэхээс, орчин үеийн хэв шинжийн нэг сайхан эмнэлэг ашиглалтад оруулах нь олон олон монголчуудад  хамаагүй тустай.

         Учирлалт ЗАР

Бидний амьдран суудаг Вашингтон ДС хотноо Ажаа Гэгээнтний санаачлагыг дэмжих хандивын арга хэмжээ,  энэ 4 сарын 20 ны оройн 5 цагаас болох гэж байна.  Арга хэмжээ болох газрын хаяг:
Best Western Hotel
2480 South Glebe Rd
Arlington VA 22206

Арга хэмжээнд оролцох такс нь 50$ бөгөөд, энэ мөнгө эмнэлгийн санхүүжилтэд орох юм. Хэрэв та хүсвэл тусдаа хандив өргөж болох аж.
ТА БИДНИЙ СЭТГЭЛИЙН ӨГЛӨГ, МОНГОЛЫН ХҮҮХДҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ЗАЦУУЛАГДАХ БОЛНО.
ТА ЗААВАЛ ХҮРЭЛЦЭН ИРЭЭРЭЙ. САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
Г.Галбадрахын Ажаа Гэгээнтэнтэй хийсэн ярилцлагыг доорх линкээс уншаарай.
http://www.orloo.info/writers/galbadrah/yariltslaga/7885-setgeliin-ariusal

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Арга хэмжээг зохион байгуулагсад
2013-04-16

Вашингтон ДС хот

Share Your Thoughts