Монголын цагаан сар – бэлэгдлийн баяр

zolgolt-middle

Цагаан сар болох сайхан. Цагаан сарын өмнө гараа эцтэл гурил нухаж, бууз чимхэж, нуруугаа эцтэл угааж, тоос гүвж байвч сэтгэл нэг л баяртай. Амаргүй байлаа ч энэ бүхэн хуучин жил улирч, шинэ жил морилон ирэх гэж буйг бидэнд байнга сануулдаг. Өдгөө цагт ч гэсэндээ сэтгэлээ чилээн мөнгө олж, хөлөө чилээн дэлгүүр зах хэсч, бухимдан цухалдаж байвч цагаан сарыг тэмдэглэхгүй байна гэж хэзээ ч үгүй.
Нэрээ сольсон МАХН, нэгэн цагт Монгол орныг удирдаж байхдаа уламжлалт цагаан сарыг хориглож, өнөөгийн ёсонд нийцүүлэх гээд ч дийлээгүй юм даа. Аргаа барсандаа тэр өдөр нь ажлын ихээр дарамталж,  албаар хурал цуглаан зохион байгуулж, цагийг нь аргамживч, бэлэгдэл хүслийг нь аргамжиж чадаагүй юм. Хичнээн алжааж ядарч, нойр хүрч байсан ч, амжиж нэгэн зуур, заавал цагаан сарын ёслолоо хийдэг л байсан монголчууд. Өнөө цагт олдсон эрх чөлөөндөө өргөжүүлэн дэглэж, өрсөлдөөн баярхал болгон тэнэглэж байвч гүйцэтгэдэг ёс нь, бэлэгддэг бэлэгдэл нь хэвээрээ. Мөнгөтэй баян нь бэл бэнчингээ бусдад гайхуулавч, бэлгүй зарим нь боломжоороо, сэтгэлээ бусдад дээдэлдэг юм монголчууд.
Монгол хүнийг цагаан сар, наадмаас нь хэзээ ч салгах  боломж үгүй. Энэ л өдрүүдэд монголын үндэсний зан заншил, сэтгэлийн бэлэгдэл, итгэлийн ариусал, ахас ихсийн хүндлэл, маргаашийн сайханд итгэх итгэл нь батжиж байдаг аж. Энэ л өдрүүдэд хэний ч заавар удирдлага үгүйгээр монголчууд эв нэгдлээ эрхэмлэж, инээд баяраар, эрхэмсэг заншлаар бие биендээ зочилж байдаг.
Бэлэгдэл-өрсөлдөөн
Хуучин оны хирээ угааж, тоосоо гүвж, муудаж элэгдсэн хэрэггүй зүйлсээ шинэчилж байхдаа , улирч буй оны муу муухай бүхнийг сэтгэлийн гүндээ ариусган цэвэрлэнэ. Ууцаа чанаж, буузаа чимхэж, идээгээ өрж, ундаагаа базааж, бэлгээ зэхэж байхдаа, ирж буй жилийн элбэг дэлбэг амьдралыг бэлэгдэнэ. Мөрөө гаргаж, зүгээ чиглэж, ёсоо гүйцэтгэж байхдаа айсуй цагийн алдаа эндэгдлээс сэтгэлдээ сэргийлдэг. Харин энэ бүхнийг заавал өөрсдөө, гэр бүлийн хамтаар хийдэг байсан юм шүү. Энэ л үедээ үр хүүхдээ ажилд, бас ёс заншилд, авах гээхийн ухаанд сургадаг байж.
Бие биедээ баярхаж гайхуулалгүйгээр, нас намбын эрэмбээр идээ будаагаа засна. Өндөр настнууд нь ууц чанаж, 9 үеэр идээгээ засаж, их бүхлийг номоор нь тавьдаг. Идэр настнууд нь үхрийн өвчүү чанаж, 5 үеэр идээ засаж, чанасан махаар тавгаа засна. Айл бүхэн цагаан идээгээр тавгаа засаж, цагаалга бэлтгэж, цайлах ёслолоо цагаан идээгээр эхлүүлдэг байсан нь цагаан сарын утга учир, сэтгэлийн сүү мэт ариун байхын бэлэгдэл болдог ажгуу.
tsagaan_sar

Харин энэ цагт ахмад настай нь бус, ахиу мөнгөтэй нь ууц зэхэж, идээгээ олон үеэр өрж бусдад гайхуулах болж дээ. Гагц үүний уршгаар монголын хичнээн хонь ууц болох тавиландаа, тэнгэрт хальж, үнэ мөнгөний хийрхэлд өрөөл бусдын  бухимдлын шалтаг болно вэ? Ууц тавиагүй бол, их бүхэл чанаагүй бол, идээгээ намхан өрсөн бол ядуу, арчаагүй гэж тоооцогдох хүртлээ сэтгэлээрээ бид ядуурч дээ. Энэ л хийрхэл олон олон монголчуудын цагаан сараа сэтгэлийн ариуслаар бус бухимдлаар угтах шалтаг нь болж буй.
Хүндэтгэл-жүжиглэл
Цагаан сарын эхний өдрийн нар мандах өглөө, ах дүү амраг садангаараа цуглаж,  хамгийн ахмад настандаа эхэлж золгон , насны дарааллаар нь бэлэгтэй сайхан үгс хэлэлцэн, хүндэтгэл үзүүлдэг. Амьдралын ихийг үзэж, хийсэн зүйлтэй хэлэх сургаалтай ахас ихэсийн амрыг нь эрж, мэндийг нь мэдэж, үгийг нь сонсож ах дүү хамаатан садангаараа, шинэ ирсэн нэгнийг өхөөрдөн танилцаж, шилжирч одсон нэгнийг дурсан хүндэтгэдэг монгол заншил үнэхээр агуу.
Гагц энэ өдөр ямагт бэлэг дэмбэрэлтэй сайхан үгс хэлэлцэж, элдэв хар муу санаагаа огоорч, муудаж сайдаж, мунхаглаж тэнэглэж байснаа уучлан өршөөж, ирэх цагийн сэтгэлийн сэвийг арилгах аж. Айл хотлоороо ах дүү олноороо эв нэгдэлтэй байж, бие биедээ тусалж дэмжин, ирэх жилийн өнгөнд ямагт гялалзаж байхыг энэ л өдөр бэлэгдэн хэлэлцдэг.
Хүндэтгэл ёслолын их үйлийн дараа бие биедээ бэлэг өгч, гар цайлгана. Бэлгийн ихийг буурай ахмадууд, балчир үрст өгч, бусад хүмүүст гар цайлгах бэлэг өгдөг байж. “Бэлгийн морины шүдийг үздэггүй” гэдэгчлэн энэ бэлэг нь хүүхэд хөгшдийг баярлуулан хөгжөөж, бусад нэгэндээ ирэх жилийн элбэг дэлбэг байхыг бэлэгддэг аж.
Харин энэ цагт бэлэг нь, бэл бэнчингийн хэмжүүр болж хувирсан нь олон олон монголчуудын бухимдуулж буй. Ихэнхи мөнгө нь “Эрээн, Хятад руу энэ бэлгийн төлөө урсаж байна” гэж халаглаж, ” бэлэггүй тэмдэглэе” гэж уриалж,”үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гэж ч сурталчлаад тусыг эс олох аж. Өгсөн бэлгээр нь хүндэтгэлийг хэмждэг, өгсөн бэлгийг нь голж ангилдаг, өгөх бэлгээ зэрэг зиндаанд нь тааруулдаг энэ л хийрхэл өдгөө цагт монголчуудын сэтгэлийг хиртээж, энэ баярын хамгийн сайхан уламжлалыг гутааж байгаа бус уу?
” Сэтгэлээсээ өгч байгаа бэлэг л ямар байхаас үл хамаарч хамгийн эрхэм зүйл байдаг” гэж хэлэлцдэг атлаа, энэ л өдөр сэтгэлийн сайхныг үл ойшоохын учир юун. Хүүхэд хөгшдийг баярлуулж, бусад хүмүүст “гар цайлгах” нь сэтгэлийн, бас боломжийн хэрэг шүү дээ. Бэлэг бэлтгэх гэж өр тавьж байснаас, хаа хаанаа хэнийхээ боломж чадлыг нь хүндэтгэж байваас тус энэ буюу.

Аав ээждээ хальт мөлт золгосон болчихоод л, дарга удирдагчидтайгаа золгоно гээд л ах дүүсээ орхиж одно. Өмссөн үйтэн хуар, бүсэлсэн мөнгөн бүс, тамхилах хөөргөөрөө өрсөлдөн гайхуулах тэд, энэ бүхнийхээ дороос бэлэгдэл бус бэртэгчин болж олонд харагддагаа мэддэг болов уу? Их зусардалт, их хийрхэл, баярхан гайхуулах бүхэн монголын цагаан сарын их бэлэгдэл хүндэтгэлийг өөрчилж чадахгүй л дээ. Харин энэ бүхнийг “хөөрцөглөн дагаж, хөлд нь чирэгдэж, хүн чанар ёс заншлаа огоорч” байгаа үйлдэл жилээс жилд багасаж байгаа нь монголчуудын “уужуу саруул ухаан, холч мэргэн бодлын илрэл” гэлтэй.
Цагаан сар-сэтгэлийн ариусал
Нэгэн жил улирч, нэгэн жил морилох мөчид монголчууд бид бэлэгдэлийг эрхэмлэж, сэтгэлийн ариуслыг дээдэлдэг. Энэ л баярын гол утга учир нь энэ аж. Өнгөрч буй жилд тохиолдсон муу муухай бүхнээ сэтгэлээсээ арчиж, ирж буй жилийн өнгийг өөдрөг сайхнаар мэдрэх хүсэл л энэ баярын угтал. Энэ баяр бол өнгө мөнгөний өрсөлдөөн, баян ядуугийн харгалдаан, эрх мэдэл зусардлын сүлэлдээн огт биш ээ. Энэ баяр бол монголын ёс заншилын эрхэм үйл, хүн чанарын эрхэмсэг оршихуй, чин сэтгэлийн сүүн цацал юм.

Өдгөө гадаадад байгаа монголчууд маань ч энэ баярыг эрхэмлэн, ихэд дээдлэн сайнаар тэмдэглэдэг болж байна. Энэ нь харь оронд ч монгол заншил, бэлэгдэл, уламжлалаа дээдэлж байгаа монгол сэтгэл. Аж амьдралын олон ч алжаалаас ангижирч, нэгэн өдрийг монголоороо өнгөрөөх хүсэл эрмэлзлэл монгол хүний цусанд нь, сэтгэлийн гүнд нь байдгийн илрэл буюу. Жилээс жилд харь оронд ч өргөжин тэлсээр буй монголын цагаан сар, монголчуудад эх орных нь нэгэн орон зайг мэдрүүлдэг буюу. Энэ л өдөр бид монгол гэдгээрээ бахархаж, монгол заншлаараа бие биенээ хүндэтгэж, сэтгэлээ ариусгадаг буюу.
Гадаадын олон оронд ажиллаж амьдарч байгаа болон монголдоо байгаа олон монголчууд та бүхэндээ ирж буй туулай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, юу санасан есөн хүсэл тань биелэх болтугай хэмээн ерөөлийн цэнхэр хадаг өргөн баримуй.
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

Вашингтон ДС-орчмын Монголчуудын Холбоо

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2011-01-02

Share Your Thoughts