Монголын цагаан сар-үндэсний их баяр

Монголчууд эрт дээр цагаас л наадам, цагаан сараа ихэд эрхэмлэн үзэж, олон сайхан зүйлтэй харьцуулан жишиж  үздэг байснаас улбаалан, “юун наадам, юун цагаан сар” гэдэг өнөө цагийн хошин хэллэг үүссэн байх. Хэдийгээр битүүлэх, золгох өдрийн тухай жинхэнэ болон хуурамч “зурхайч”  нар маргалдан будлиулдаг ч, цагаан сараа бусдаас илүү гэхэд дутуугүй тэмдэглэх, бас бусдад муу хэлүүлэхгүй гэсэн хүслээс үүдэлтэй бухимдал бас шаналгаа тохиолдож байдаг ч, нэг л өдөр цагаан сар болдгоороо болно.

Цагаан сарын хэдэн өдөр, хүмүүс олноороо айл хэсч, бууз банш идэж, ууцны мах хөндөж, ёс болгон сархад амсч, бэлэг цуглуулж, баяр хөөртэй явахдаа, өнгөрсөн өдрүүдийн “шаналант” өдрүүдээ умартана. Идэж уусан, хурааж цуглуулсан бүхэн нь ирж буй жилдээ ч хүрэлцэх юм шиг “сэтгэл өег”  байдаг нь биднийг ” жинхэнэ монгол” болгон харагдуулдагаараа онцлогтой.
Энэ өдрүүдэд, олон зуун жил уламжлал болгон хадгалагдаж, өдгөө болтол өвлөгдөж ирсэн “монгол ёс заншил”, ахас ихсээ хүндэтгэх “хүндэтгэл”, зөвхөн сайн сайхныг хүсэх “бэлэгдэл”, ямар ч зарлиг тушаал, ‘нэрэмжит өдөр”, албадлагагүйгээр монгол орон даяар, харьд суугаа олон монголчуудад ч илэрч байдаг. Өнөө цагт биднээс алсран холдсоор байгаа “монгол” тамгатай олон үйл, ёс заншилыг ахмад настнууд нь дурсан сургамжилж, идэр настнууд нь өвлөн дуурайж, ирээдүй үе нь ажиглан мэдэрч байдгаараа, цагаан сар монголчуудын үндсэний их баяр болж байдаг аж.

Бэлэгдэлийн өдөр
Хэдийгээр шинийн нэгний өглөө “мөр гаргах” үйлдлээрээ. тэр жилдээ бүх зүйл сайн сайхан, чиг шулуун болдоггүй ч, өөртөө ийн итгүүлж, бодол санаандаа сайн сайхныг шивнэн далалж, ирж яваа цагийн өнгийг гэрэлтэй сайхнаар төсөөлнө. Нэгэн цагт уур бухимдалдаа автаж, хэн нэгэнтэй муудалцаж, хорон муу үгээр гомдоож, гомдож хорсож байсан бол, энэ өдөр бэлэгтэй сайн үг хэлэлцэж, дэмбэрэлтэй сайхан ёсолж, ирэх жилдээ ч ийм байхсан гэж хичээнэ. Нэгэн өдөр өлсөж ядарч, нөгөө өдөр дутагдаж гачигдан, үүнийхээ төлөө цухалдан гуньж байсан бол, энэ өдөр ширээ дүүрэн өрөөстэй идээ ундаа, элбэг дэлбэг дүүрэн ёслолоо харахдаа, ирж буй жил энэ бүхэн ‘дуусахгүй дүүрэн, дундрахгүй элбэг” байгаасай гэж сэтгэлдээ шивнэн ерөөнө.
Энэ өдөр монголчуудын хувьд, ирж буй жилдээ эрүүл саруул, элбэг дэлбэг, санаа сэтгэл өөдрөг, санасан бүхэн бүтэж байхыг бэлэгдэж, сэтгэлийн ариуслыг авчирдаг.

Монгол ёс заншлаа ёсчилон дагах өдөр
-Хай, юу байнаа?
-Юмгүй дээ хө
-Бүр юу ч үгүй юу ?
-Юу ч үгүй ээ  гэх  өнөө цагийн, өдөр тутмын мэндчилгээний бэлэгдэлгүй хэлц үгс,
-Та амархан сайн байна уу?
-Мэндээ, амархан сайн уу?
-Даага далантай, бяруу булчинтай, онд сайхан оров уу?
-Сайн орлоо, таны бие лагшин тунгалаг уу?
-Элбэг дэлбэг сайхан жил гарч байнаа
-Айл их хэсч алт мөнгө их цуглуулаарай
-Та урт насалж удаан жаргаарай
-Ерөөлөөр болог  гэсэн бэлэгтэй сайхан үгсээр солигддог өдөр.
Түүнчлэн тавгийн идээг яагаад сондгой тоогоор засдаг учиртай, ууцыг яаж тавьж, хаанаас хэрхэн хөнддөг учиртай, ахмад настай хүнтэй золгохдоо, тохойг хэрхэн дэмнэж, хадгийг хааш харуулан барих учиртай, аягалж өгсөн цайг хоёр гараараа дэмнэн барих учиртай, айлд ороод хаана сууж, хэний дараа дуугарах учиртай гээд хүндэтгэл, бэлэгдэлийн олон үйл, ёс заншлыг бусдаар заалган, биеэр үйлдэн сурч, “дадлагажина”,
Энэ өдөр монголчуудын хувьд, эртнээс өвлөгдөн ирсэн монгол ёс заншлаа эрхэмлэн дээдэлж, дагаж мөрдөн, сурч ухаардаг.

Монгол үндэсний дээл, хувцсаа өмсөх өдөр
Ердийн өдрүүдэд америк жинс, хэлхгэр цамц, албан ёсны костюм, бас платье, олон брендийн хувцсаар ‘гангардаг” монголчууд, энэ өдөр монгол үндэсний хувцсаараа гоёцгоодог. Хэдийгээр зарим нэгэн, бэл бэнчингээ илэрхийлэхийн тулд хаад ноёд, хатад гүнж, тайж тавнангийн загварын хувцсаар хувцаслан, үүндээ үүртэж бүдчин, алхаа гишгээ нь наадамд тав давсан бөхийнх шиг “таахалзах” боловч, монгол үндэсний хувцас цаанаа л эрхэмсэг гоё харагдана. Өнгөрсөн жилийн цагаан сараар өмсөж гоёод, далд хийсэн дээлний, эвхээсэнд суусан “өлөн хир” эзнээ хэр хүлээснээ илтгэн “гомдоллоно”,  Халамцуу байхдаа тайлсан эр хүний малгай бүс, энэ өдрүүдэд, монгол эрийн сүлд хийморьтойгоо хамтад хүндлэгдэн ‘дээр заларна”.
Энэ өдөр монголчуудын хувьд,  үндэсний хувцсаараа гоёж, энэхэн ертөнцөд монгол гэдгээрээ ялгаран гайхуулдаг.

Ах дүү, хамаатан саднаа хүндэлдэг өдөр
Ажил амьдралын нугачаанд үүртэж, зав чөлөөгүй явсан хүмүүс энэ өдөр ах дүү, хамаатан садантайгаа уулзан учирч, хорвоогийн жамаар хэн нэгнийд ирсэн шинэ хүнийг “өхөөрдөн” танилцаж,  хальж одсон хэн нэгнийг дурсан хүндэтгэнэ. Өндөр настай ахмаддаа хадаг барин золгож, зузаан түрийвчтэйгээсээ хамаарахгүйгээр зулай гишгэж төрсөн дарааллаараа л бие биендээ хүндэтгэл үзүүлнэ. Ахмад настны дурсамж сургаал, ах дүүсийн хөгжилтэй дурсамжууд, энэ өдөр өнгө мөнгө, арилжаа наймаа ашиг олзоос илүүтэй гэрийг дүүргэж, сэтгэлийг уяраадаг. Энэ өдөр чин сэтгэлээсээ бие биенээ “авгайлан” дуудаж, баяр гуниг, хүсэл мөрөөдөл, зовлон жаргалаа харцаараа ойлголцоно.
Энэ өдөр монголчуудын хувьд, элгэн садан, ах дүүсээрээ цуглаж, бүлээн хайр, халуун халамж, дотносож уярах сэтгэлээ мэдэрч хуваалцдаг.
Хүүхэд хөгшчүүдийг баярлуулдаг өдөр
Өндөр настандаа хадаг барьж золгодог байсан монголчууд өдгөө цагт мөнгө барьж золгодог болсон нь цаг цагийн эрх юм биз,  Айлын өгсөн бэлгийг “голж”, “шилэхгүйгээр”
алгаа тосон авч, чин сэтгэлээсээ баярладаг хүүхдүүд, энэ өдрийн баяр хөөр бас өхөөрдөл. Эрт цагаас энэ амьдралын эхлэл, төгсгөл болсон хүүхэд хөгшчүүдээ баярлуулах нь “буян” гэж үздэг байсан заншил хэвээрээ. “Гар цайлгах “нь ёс бас буян гэж үздэг монголчууд, хэн нэгэнд  “бэлэг” өгөхийг хүсдэг нь сэтгэлийн өглөг.
Энэ өдөр монголчуудын хувьд , “цаг цагт нэг цадаж, цагаан сараар нэг баяждаг” өндөр настан ахмадууд, өхөөрдөм хөөрхөн хүүхдүүдийг заавал баярлуулдаг.

Үндэсний их баяр
Сайн муугаар хэлэгдэж, бухимдал баяр сүлэлдсэн цагаан сарын баяргүйгээр монголчуудыг төсөөлөх аргагүй. Хэдэн арван жил хориглож устгах гээд ч, өнөө энэ цагт өөрчлөн хувиргах гээд ч үл дийлэх энэ баяр, монголчууд биднийг энэ дэлхийн олон үндэстэн ястангуудаас ялган “жинхэнэ монгол”  болгон харагдуулдаг.
Монгол хүн бүрийн сэтгэлд монголоороо байх “эрмэлзлэл”, монголоороо гоёх “хүсэл”, монголоороо гайхуулах “бахархал” нь энэ цагаан сарын баяр юм. Жил жилийн урсгалд, цаг цагийн аясад өөрчлөгдөн, сайжрах олон зүйл байгаа хэдий ч, энэ баяр маань хэн нэгний бэл бэнчин, зэрэг зиндаагаа гайхуулах шоу болж хувирахгүй, монголчуудын ёс заншил, хүндэтгэл, бэлэгдэлийн их баяр хэвээр үлдэнээ.

Саяхан АНУ-ын Виржина мужийн Арлингтон хотод аж төрдөг Н.Бадарч www.dayarmongol.com цахим сэтгүүлд “Цагаан сар ба шар нохой”  нэртэй маш сонирхолтой өгүүлэл нийтэлсэн байсан. Өдгөө цагт олон олон хүмүүс,энэ баярын үндсэний шинж, өвлөгдөж уламжлагдах заншлын талаар санаа зовниж буй. Жилээс жилд гадаадад байгаа монголчууд цагаан сарыг өргөн тэмдэглэдэг болж байна. Харь нутагт ажиллаж амьдарч байгаа олон монголчуудын монголоороо гайхуулах, монголоороо байх хүсэл, монголоо санах шаналлын илрэл нь энэ аж.
Монголчууд бидний үндэсний их баярын энэ өдөр, үелэж зассан тавагтай идээний ард, үндэсний хувцсаа өмсөөд эрхэмсэг суух сайхан. Адилхан монгол хүмүүстэйгээ тааралдаж, амрыг нь эрж золгон мэндчилэх сайхан. Айл хэсч бууз идэн, аягандаа мах хөшиглөн, хундага дарсаар даруулах сайхан. Бэлэг авсан хүүхдийн баярлаж хөөрөхийг харах сайхан, хэн нэгнээс авсан бэлгээ гэртээ аваачиж задалж үзэх сайхан. Юу юунаас илүүтэй монгол заншлаараа ёсолж, монгол хүн гэдгээ мэдрэх бүр ч сайхан.
Арван долдугаар жарны “Тийн урвагч” хэмээх төмөр бар жилдээ, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвсжин амгалан байж, юу санасан есөн хүсэл тань биелэх болтугай.   САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-02-13

Share Your Thoughts