Монголын үндэсний хөгжим, соёл \Л.Эрдэнэчимэг\

Вашингтон ДС-д байрлаж, үйл ажиллагаагаа явуулдаг, доктор М. Саруул-Эрдэнэ тэргүүтэй “Монгол Соёлын Төв”, зөвхөн Вашингтонд байгаа төдийгүй Америкт байгаа монголчууддаа зориулан олон арга хэмжээ зохион байгуулдагийн нэг нь, Монгол Судалын цуврал лекц юм.
Хэдийгээр нээлттэй хэрнээ олон хүн очдоггүй ч, энэ лекцүүд нь өөрийн сонирхол болон мэргэжлээрээ АНУ-д нилээд өндөр хэмжээнд судалгааны ажил хийж байгаа олон ч хүмүүсийг урьж, судалгааны ажлынх нь талаар лекц уншуулж, ярилцлага зохион байгуулдаг болохоор үнэхээр сонирхолтой болдог. Яг үнэндээ энэ арга хэмжээ, монголчуудын оюун санаа болон мэдлэг сонирхолд нэмэр болдогоороо бусад олон төрлийн шоунуудаас илүү хэрэгтэй, бас ч ховор олдох боломжууд байдаг.

Энэ удаагийн Монгол Судлалын цуврал лекцийн 19 дахь ээлжинд, АНУ-ын Индианагийн ИС-ийн зочин судлаач, хөгжим судлалын доктор Лувсанноровын Эрдэнэчимэг оролцож лекц уншлаа.

Монголын үндэсний хөгжим, соёлын талаар болохоор миний хувьд багагүй сонирхож байсан л даа. Доктор Л.Эрдэнэчимэг саяхан “Монголын Үндэсний хөгжим, соёлын” тухай, сургалтын зориулалттай ДВД хийснээ авчирсан байсан төдийгүй, энэ тухайд нилээд дэлгэрэнгүй ярьж тайлбарласан нь их сонирхолтой байв. Бас өөрөө мундаг дуулж бүжиглэдэг чадвараа “сургалтын биет үзүүлэн” болгож ашиглаж байгаа нь биднийг гайхашруулж байв. Багш нь өөрөө дуулж бүжиглээд байхаар, сурагчид бид хичээлийн дараа бүгдээрээ хөтлөлцөж байгаад ёохор хатирав шив. Бас дуулж хөгжилдөв гэвш.

Лекцийн сонирхолтой бяцxан өгүүлэмжүүд
-Монголдоо ХБК /1966-78/, Орост Чайковскийн нэрэмжит Хөгжмийн Дээд Сургууль /1980-1986/,
Хятадад Шанхайн Хөгжмийн Дээд Сургууль /1997-2000/, Америкийн Индианагийн Их Сургууль /2005-2009/ -д суралцаж, мэргэжил дээшлүүлэн, интернационалч боловсрол эзэмшсэн тэрээр Европ, Ази хөгжим бус зөвхөн Монгол Үндэсний хөгжим судлах болсон шалтгаанаа ердөө л “монгол омогшил”-оос болсон гэж тайлбарлана билээ.  Tүүгээр ч барахгүй Монголын нэрт хөгжим судлаач Ж.Бадраа гуайд хадаг барин шавь орж, халамжлуулан хүмүүжигч нь болж байсан гэдэг.

-Бүдүүлэг, федолизмын үлдэгдэл гэж нэрлэдэг байсан Монголын үндэсний соёл урлаг нь, нүүдэлчний гайхамшигт өв соёлд тулгуурласан бүхэл бүтэн цогц урлаг байсан тухай тэрээр, олон баримтад, тэр тусмаа “Монголын нууц товчоо” хөлгөн судраас огт түгдрэхгүйгээр иш татан нотолно билээ.
-Монголчуудын үндэсний соёл урлагийн хөгжил нь нүүдэлчин амьдрал дунд бие биедээ үлгэрлэн “дагуулан сургах” аргаар явагддаг байсан тухай өгүүлээд, өнгөрсөн зун Америкийн бүх мужаас ирсэн хүүхдүүдэд тойрон бүжиг, дуу дагуулан зааж сургасан тухайгаа ярьж, биднийг бас л дагуулан их л амархан байдлаар бүжигт сургаж үзүүлэв. Ямар нэгэн шуон дээр хэсэг бүлэг хүмүүс гэнэт тойрон бүжиг хийгээд эхлэх ахул гайхах зүйлгүйгээр барахгүй, дагуулан сургах аргын сонгодог жишээ хэмээн үзэж болох аж.
-Монголчууд нүүдэлчин амьдралын хэмнэлдээ,  бүх л зүйлээ уянгалуулан эгшиглүүлэн хэлцдэг байсан нь, өдгөө энэ дэлхийн олон үндэстний дунд огт байхгүй гайхамшиг хэмээн олон баримтаар нэрлэсэн. Яг тэр мөчид бага сургуульд байхдаа сонсож ” дайралцаан” хэмээх уянгат маргааныг өөрийн эрхгүй санаж байв. Монголчууд хэрэлдэж маргалдах, учирлаж тайлбарлах, ухуулж сургахдаа хүртэл уянгалуулан эгшиглүүдэг байсан тухай, ийм олон төрөл зүйл байдгийг энэ өдөр сонсов.

-Төлөө голсон эх малд зориулсан “мал ээнэгшүүлэх аяз”-ыг Л.Эрдэнэчимэг доктор өөрөө эгшиглүүлэх ахуйд олон хүн хажууд сууж байгаа нэгнийхээ гарыг сэмхэн атгасан байхаа. Хонийг “тойг”-лож, ямааг “чүүгий”-дэж, тэмээг ‘хөөс”-өлж байгаа нь яг л тэр малынхаа араншинтд тохируулсан аялгуу болон хувирч байгааг бид анзаарч нилээд хөгжилдсөн. Их зантай, мөс чанар сайтай болохоороо адуу үхэр 2 нилээд гайгүй байдаг гэсэн. Өөр бас “гүүргий”, “гийнгоо”, “уухай” гэхчилэн олон аяз байдаг нь, тухайн малын сэтгэлийн хөдөлгөөнд зориулсан байдаг гэнэ. Харин хүний сэтгэлийг ийнхүү уянгалуулан уяраах аргаын тухайд доктор маань одоогоор судлаагүй байгаа гэсэн. Яваандаа юмыг яаж мэдэх вэ?
-Бүүвэйн дуу-г эгшиглүүлэх дор олон ч хүн өндөлзөж харагдсан. Харин “бүүвэй” гэдэг үг нь “бүү ай” хэмээн хүүхдээ аргадсан аялгуу гэдгийг энэ өдөр сонсож мэдэв.
-Говь нутагт олонтаа сонсож байсан “дэмбээ” нь айраг ихээр ууж халамцсан нэгнийг, их согтоохгүйн тулд тоо бодуулж, эрүүлжүүлэх нэгэн арга гэнэ. Үүнийг харин зарим хүмүүс туршиж үзэхэд гэмгүй мэт.
-“Гүр дуу” гэж огт сонсоогүй дууны тухай бидэнд үзүүлж тайлбарласан. Энэ нь бясалгалын шинжтэй, оюун ухааныг хөгжүүлэх чиглэлтэй дуу юм билээ. Энэ талаар судлаач маань сүүлийн үед нилээд гүнзгий судалж байгаа бололтой.
-Харин Монголын олон ястны олон дуу эгшиг өдгөө устаж үгүй болоход ойртож буй тухай харамсангүй өгүүлнэ билээ. Ямартай ч хээрийн судалгааны явцад олон ийм ховор аялгуу хөгжмийг олж авсан тухайгаа өгүүлсэн. Мэдээж энэ бүхнийг сэргээн хөгжүүлэх ахул Монгол үндэстний олон ястны дуу хуур, хөгжим бүжиг амархан сэргэн хөгжих буйз.

-Ер нь Монголын үндэсний хөгжим, дуу аялгуу нь тухайн хүний зүрх сэтгэлийн гүнээс гарч байдаг гэдгийг бид тэгтлээ анзаарахгүй явж. Харин олон аялгуу хөгжмийг сонсох бүрд, хүний зүрх сэтгэлийн өгүүлэмж нь мэдрэгдэх юм билээ. Үүнийг харин би дараа нь түүний бүтээсэн ДВД-ээс нь анзаарч мэдэрсэн шүү.
Хөгжмийн интернациональч боловсролтой хэрнээ зөвхөн Монголынхоо, өнөө цагт бүдгэрч байгаа үндэсний хөгжим соёлыг судалж, олон нийтийн, бас дэлхий нийтийн хүртээл болгож байгаа Л.Эрдэнэчимэг танд талархахгүй байхын аргагүй. Монголчууд бид байлдан дагуулалтаараа дэлхийг дагуулж байсан төдийгүй, үндэсний урлаг, соёлоороо ч байлдан дагуулж байсан юм. Харин үүнийг тэгтлээ сонирхон судалж, нотлон баталж байгаа нь хэд бол. Дайн байлдаан хүчирхийллийг дагуулдаг бол, дуу хөгжим, урлаг соёл хүний сэтгэл зүрхийг дагуулдаг. Даяаршиж буй өнөө цаг дор монголчуудын олон жилийн түүх, уламжлалтай үндэсний урлаг, хөгжим, соёлыг судлан, дэлхий дахинаа дэлгэрүүлж байгаа доктор Л.Эрдэнэчимэг таны нөр их хичээл, зүтгэлд талархан, их амжилтыг ерөөе. Таны ажил үйлс, амьдрал тань амгалан байж, бүтээл тань ширгэшгүй байг ээ!
Олон олон өгөөжтэй ийм арга хэмжээг зохион байгуулж, монголчуудынхаа оюун санаа, мэдлэг чадварт “далайд дусал” нэмэр болж байдаг Монгол Соёлын Төвийнхэндээ талархаж байгаагаа илэрхийлье. Харин үүнийг олон олон монголчууд хүртэж байваас юутай сайн.
Монголчууд биднийг урлагийн тэнгэр ивээг!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн  Галбадрах

2011-01-23

Share Your Thoughts