Монголын үрс маш олон болог

“Үртэй бол баян” гэдэг. Хүүхэдтэй болох амархан, харин хүн болгож төлөвшүүлэх амаргүй. Нэгэнт төрүүлсэн хүүхэд маань бидний амьдралын хагас нь болж хувирдаг. Цаг ямагт хүүхэддээ анхаарал халамж тавьж, өмнө нь тулгарч байгаа олон асуудлыг хамтдаа шийдэх хэрэгтэй болдог. Бидний амьдралын сайн муу, олон асуудлын үндэс нь хүүхэд болж хувирах нь олонтаа.
Монголчууд бид, хүүхдээ багаас нь өсгөж хүмүүжүүлэхдээ, олон “болохгүй”-н хоригоор, хүсэл сонирхлыг нь хязгаарладаг, базаахгүй талтай. “Мэдэхгүй” гэдэг үг мянган үгний таглаа гэдэг шиг, “болохгүй” гэдэг үг олон хүсэл сонирхлын таглаа болдог аж.
-Аав аа, энэ надад таалагдаад байна, үүнийг аваад өгөөч
-Үгүй, болохгүй
-Ээж ээ, би өнөөдөр хоол хийгээд үзэх үү?
-Хэрэггүй ээ, чи чадахгүй
-Аав аа, шувуу яагаад нисдэг юм бэ?
-Мэдэхгүй ээ, битгий олон юм шалгаагаад бай. Би сонин уншиж байна.
-Ээж ээ, би таны хаанаас гарсан юм бэ?
-За за хэрэгтэй хэрэггүй юм бүү шалгаагаад бай. Цаашаа явж тогло.
Хүүхдийн танин мэдэх их хүсэл сонирхолд нь ийн хандаж, мэдэхгүй, болохгүй гэдэг үгээр таглаа хийн, хариулахаас цааргалаад байхаар, хүүхэд нь аяндаа идэвхгүй, юу ч сонирхохоо болино.
Хүүхдийн алив зүйлийг хийж үзэх их хүслийг нь “чи чадахгүй” гэж мохоогоод байхаар хүүхэд нь аяндаа, юу ч хийх хүсэлгүй, хүсэл тэмүүлэлгүй, бас өөртөө итгэлгүй нэгэн болж хувирна.
Харин бид энэ байдалд нь сэтгэл ханаж, “үгнээс гардаггүй, дуулгавартай сайн хүүхдээ” өрөөл бусдад магтан сурталчилна. Бусдад “үлгэр жишээ, дуулгавартай хүүхэд нь” хожим, өөрийн амьдралдаа ч ийм идэвхгүй, өөртөө итгэлгүй, бүх л зүйл дээр эцэг эхийн амыг харан, учраа олж ядан мунгинах үед нь, “Үгүй энэ хүүхэд чинь яасан арчаагүй. хийморьгүй юм бэ? Хэнийг дуурайхаараа ийм болдог байнаа” хэмээн гайхашрах.
Эсвэл зөрүүдлэн эрхэлж, буруу зөрүүг хийн зовоох үрээ харан, ” ямар гээч үйлийн үр вэ? энэ надаас хойш яана даа” хэмээн шаналах.
Төрүүлж өсгөсөн хүүхэд бүр, эцэг эхдээ ” баялаг”, ” бахархал” болж чаддаггүй аж.
Харин энэ ертөнцөд төрсөн хүн бүү хэл, амьтан адгуус хүртэл, өөрсдийн үр удмаа үлдээх аугаа зөн, хүсэлтэй байдаг.. Харин ямар үр удмаа үлдээх нь, өөр хэнээс ч биш, тэр л бодьгалаас өөрөөс нь шалтгаалдаг аж.

Одонгийн хүүхдүүд

Нэгэн цагт, Монголчууд олон хүүхэд төрүүлж өсгөхийг төрөөс дэмжиж, “Алдарт эх”ийн 1 ба 2 дугаар одон, төрүүлж өсгөсөн хүүхдийн тооноос хамаарч, жил бүр “хүүхдийн мөнгө” гэж олгож байв. Энэ нь нэг талаасаа цөөхөн хүн амаа өсгөн арвижуулах бодлого, нөгөө талаасаа хүүхэд төрүүлсэн эхчүүдэд, хүүхдээ өөрөө өсгөн, хүмүүжүүлэх боломжийг нь олгож байсан хэрэг.
Олон хүүхэдтэй айл, өлөн зэлмүүн ч гэсэн, дуу шуугиантай, адал явдалтай, хөгжөөнтэй, баяр баясгалантай амьдарч байсан. Цаг хугацаа нэг л мэдэхэд өнгөрч, хүүхдүүд нь нас биед хүрцгээж, ажил амьдрал нь тэгшрэх тэр цагт, олон хүүхдийнхээ ач тусаар жаргалтай сайхан амьдарч, хайрлуулж халамжлуулж байдаг монгол заншил. Олон олон монголчууд ийн насны эцэст, үр хүүхдүүдийнхээ хайр халамжинд, зэмлэж сургах, зандарч ухааруулах, залбирч ерөөхийг эвцэлдүүлэн, ач зээгээ тойруулан жаргаж буй.
Яагаад ч юм бэ? Олон хүүхэдтэй эцэг эхчүүд л алив зүйлд тэсвэр тэвчээртэй хандаж, ямар ч зүйлийг болгож бүтээхийн аргыг олж, олон үйлийн учгийг зангидаж сурдаг мэт. Тэр л олон хүүхдийн идэж уух. өмсөж зүүх, эдэлж хэрэглэхийг олж, хүртээх гэдэг амаргүй. Тэр л олон хүүхдийн уйлаан шуугиан, маргаан, хөдөлгөөнийг тэсвэрлэн зохицуулах гэдэг амаргүй. Тэр л олон хүүхдийн эрүүл өсч торних, сурч хүмүүжих, ажил хөдөлмөрт сургах, амьдрал авч явах ухаанд сурган, тэнцүүлэх гэдэг амаргүй.
Гэхдээ монголчууд энэ бүхэнд үүртэж төвөгшөөж байсангүй. Том хүүхдэдээ илүү анхаарал тавьж, ажилч хичээнгүй, аминдаа арчаатай, зөв бодолтой болгоод сургаж өсгөчихөөр, тэд нь дүү нараа үлгэрлэн дагуулж, үгчлэн хүмүүжүүлж, аав ээжийн ачааг хөнгөлөлцөн, өөрсдөө ч эрт төлөвшин ухаажина. Олуулаа өссөн хүүхдүүдэд олон давуу сайхан чанарууд бий болдог аж.

-Хариуцлага. Ах эгч байхын хариуцлагад аль багаас суралцана. Ах эгч байхын хариуцлага нь өөрөө хичээж, дүү нараа үлгэрлэн дагуулахад байдаг гэнэм. “Хүн ахтай, дээл захтай”
– Хүндэтгэл. Аав ээж, ах эгчээ хүндэлж, үгийг нь сонсож, хэлж сургах, хийж дагуулах бүхнийг сурч ухаажиж, дадацгаана. Зарим айлын хүүхдүүд биэ биеэ хариуцан авч, үлгэрлэн дагуулж, сургаж хүмүүжүүлдэг байсан гэнэм. “Ах нь сургаж, дүү нь сонсдог”.
-Aжилсаг. Олон хүүхэдтэй айлд , идэж уухаа бэлтгэх, угааж цэвэрлэх, аав ээждээ туслах гээд хийх ажил мундахгүй. Тэр болгонд хөдөлмөрийн хуваарь гарган, хэрхэн яаж хийхийг бие биедээ зааж сурган тусалдаг гэнэм. “Ажил хийвэл ам тосддог”.
– Хайр энэрэл. Хичнээн сайдалцаж. муудалцавч, дотор сэтгэлдээ бие биенээ хайрлан, гэмшиж уучилна. Алив үйлдлийн зөв буруу нь, бүгдийн нүдэн дээр хэлэлцэгдэн шийдэгддэг болохоор, болох болохгүй их ухаарлыг бие биедээ түгээж байдаг гэнэм. “Уруул дордойвч, элэг дордойдоггүй”.
-Өмөг түшиг. Амьдралын ээдрээт олон мөчид, жаргаж зовох тэр л цагт, төрсөн ах дүүс л бие биедээ түшиг болдог. Хар багаасаа хамтдаа өссөн болохоор, хэн нь юунд гомдож, бас баярладагийг мэддэг болохоор, хэрэгтэй цагт хэрэгтэй үгийг тэд л бие биедээ хэлж, өр зүрхэндээ өрөөл бусдаас өмгөөлж хамгаална. “Хал нь гаднаа. хайр нь дотроо”.
Олуулаа байх сайхан. Монголчууд бид олуулаа байж, бие биедээ сайнаар нөлөөлж, жаргал зовлонгоо хамтдаа хуваалцаж, бие биейигээ хайрлан халамжилж, дэмжиж байдагт бидний нэгэн онцлог байсан.

Гангар шаазан шиг хүүхдүүд

Өнөө цагт олон зүйл өөрчлөгдөж байна. Монголчууд олон хүүхэдтэй байхаас татгалзаж, цөөхөн хүүхэдтэй байхыг эрмэлзэх болжээ. Энэ нь ажил ихтэй, зав муутай, амьдрал хэцүү, тэжээж чадахгүй, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, хүйсний харьцааны алдагдалт, ганц бие амьдрал, гэр бүл төлөвлөлт, гэр бүл салалт зэрэг олон зүйлээс шалтгаалж буй. Олон хүүхэд гаргаад, сайнаар өсгөж, хүмүүжүүлж чадахгүйгээс, цөөхөн хүүхэдтэй байж тэдэндээ илүү сайнаар анхаарах хүсэл ч бас бий. Цөөхөн хүүхэдтэй байж тэднийгээ зөв сайнаар өсгөж, сайн боловсрол эзэмшүүлж, сайн иргэд болгон төлөвшүүлж байгаа олон сайхан гэр бүл бий. Гэтэл цөөхөн хүүхэдтэй мөртлөө, өсгөж хүмүүжүүлж чадахгүй, зоргонд нь орхиж муугаар амьдруулж байгаа нэгэн ч бас бий.
Эрт дээр цагаас ганц хүүхэдтэй айлын хүүхдийг ” гангар шаазан шиг” гэж зүйрлэдэг байсан гэдэг. Ямартай ч ганц юм болохоор нь эрхлүүлнэ, дураар нь байлгана, хүссэн болгоныг нь биелүүлнэ. Эрхэлж эрхлүүлэхийн зааг дээр, бас л сайн муу олон байдал анзаарагддаг.

-Дураар. Хүссэн бүхнийг нь биелүүлээд байхаар, бүх л зүйл дээр зөвхөн өөрийн дураар байж болох юм гэж ойлгон, хэрэв дураар нь байлгахгүй бол зөрүүдлэнэ. Амьдралд бүх зүйл санасан болон хүссэнээр байдаггүй болохоор, аар саар бэрхшээлийн өмнө тэвдэх тохиолдол гардаг.
-Аминчхан. Бүх зүйлээ зөвхөн өөрийн өмч гэж ойлгодог. Өөрийн тоглоомоо ч, өмссөн хувцсаа ч өрөөл бусдаас харамлана. Зөвхөн өөрийн зүйлээ анхаараад, өөр бусад зүйлийг хайхардаггүй болох гэм бий.
-Ганцаардмал. Гэрээс төдийлэн гарахгүй, өөр бусад хүүхэдтэй төдийлэн тоглохгүй болохоор өөрийн ертөнцтэй хэдий ч, баахан ганцаардмал. Ийм байдал нь яваандаа бусадтай ярилцаж, ойлголцох, өөрийгөө илэрхийлэн ойлгуулах чадвар, бусдыг хүндэтгэх чадвар дутмаг болгодог тал бий.
Ганц хүүхдийнхээ төлөө үргэлжид санаа зовж, өвдчих вий, муу юм тохиолдчих вий гэдэг айдас болгоомжлол цаг ямагт эцэг эхийг дагалдаж, хэт бөөцийлэн, эрхлүүлэх нь түгээмэл. Энэ нь зарим тохиолдолд өөрсдөд нь төдийгүй, үр хүүхдэд нь ч төвөгтэй байдал үүсгэх нь бий.

Эх, хүүхдийн төлөө

Саяхан нэгэн хэвлэл дээр, үр хөндөлтийн мэс ажилбар хийдэг эмнэлэгүүд хэрхэн цэцэглэн хөгжиж, ашиг олж буй тухай дурдаад, хэрэв монгол бүсгүйчүүд үр хөндөлтөөс татгалзсан бол монголын хүн ам 5 сая орчимд хүрэх боломжтой байсан тухай бичсэн байсан. Амьдрах аргагүй, боломжгүй, ядуу байна гэдэг шалтгаанаар өөрөөс төрсөн хүүхдээ, хогийн сав болон элдэв газар хаяж орхисон тухай жишээ баримтууд цөөрөхгүй байна. Амар хялбар аргаар амьдархын тулд өөрийн эх орондоо болон гадаадад гарч, биеэ үнэлэн амьдарч байгаа монгол охид бүсгүйчүүдийн талаархи мэдээллүүд цөөрөхгүй байна.
Энэ бүхнийг байх л ёстой зүйл мэтээр хүлээж авч, хаа хаанаа амьдрал ядуу бас хэцүү байна гэдэг шалтгаар энэ асуудлыг хайхрахгүй орхисоор байх гэж үү? бид.
Монголын төрд энэ орны эх, хүүхдүүд ингэтлээ үнэ цэнэгүй болсон юм гэж үү?
Надад санал байна.

1. “Эх орны хишиг” нэрээр энгийн олондоо зүгээр тарааж өгнө гэж сурталчлаад байгаа 1.5 сая төгрөгөө эх үрсдээ зориулах боломж байнаа. Хэрэв энэ мөнгийг өгөх боломжтой юм бол, шинээр төрсөн эх, төрүүлсэн хүүхдэд нь жил бүр 1.5 сая төгрөгийг ” хүүхдийн мөнгө” нэрээр хүртээж байвал зохилтой. Эр зориг, ухаан уралдуулж, ийм шийдвэр гаргавал эсэргүүцээд байх монгол хүн байхгүй болов уу?
Ядахнаа монгол бүсгүйчүүд маань, өөрийн эх орондоо хүүхдээ төрүүлж, энэ мөнгөөрөө амьдраг л дээ. Тэд элдэв аргаар мөнгө олох гэж зовж явахын оронд, олон олон хүүхдүүд төрүүлж, тэднийгээ эрүүл саруул өсгөж, сайнаар хүмүүжүүлж, нялхарч эрхлүүлж сууг л дээ. Монгол бүүвэйн дуу бүү тасраг.

2. Монгол орондоо шинээр төрсөн хүүхдээ, монголын төр өөрийн иргэнээ гэж үзэн, бүхий л талаар энэрэн, хамгаалах нь зүйд нийцнэ. Хүүхдээ төрүүлсэн эхчүүдэд, хүүхдээ эрүүл саруул өсгөхөд нь зөвлөн тусалж, халамжлан анхаарах олон байгууллагуудыг байгуулж, төрөөс санхүүжүүлэн, ажиллах хууль эрхийг нь тодотгож өгөх нь юу юунаас илүү чухал байна. Хэрэв хүүхэдтэйгээ зүй бусаар харьцан. халамжилж хайрлахгүй байгаа эцэг эхээс, төр өөрийн иргэнээ хамгаалж, өөрийн халамжиндаа авч, эцэг эх байх эрхийг нь түдгэлзүүлж байх хэрэгтэй байна. Энэ талаар өндөр хөгжилтэй орнуудын бэлэн туршлага байж байгаа. Харин гадаадад байнга айлчилж, мөнгө гуйж явдаг эрхмүүд маань, ухаан гуйж сурахгүй л юм даа.
Өнөө цагт, өнгө мөнгөнөөс илүүтэй, монгол иргэдийнхээ үнэ цэнийг бий болгооч, хэмээн олон удаа эрхмүүдэд сануулж байнаа. Үнэ цэнэтэй болсон монголчууд л хүсээд байгаа их мөнгө, хөгжлийг тань авч ирнэ гэхээс, хөрсөн доорхи баялаг авч ирэхгүй ээ.
Өнөөдөр төрж байгаа, өсөж торниж байгаа хүүхдүүд монголын ирээдүй, бас баялаг нь. Монголын үрс маш олон болтугай.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2009-04-27

Share Your Thoughts