“МОНГОЛЫН ӨДРҮҮД” ДЭЛХИЙН БАНКИН ДЭЭР

…Өнгөрсөн 4 сарын эхээр Вашингтон ДС-д төвтэй Дэлхийн Банкинд ажилладаг Д.Батзул  \Program Assistant. Office of the Senior Vice President The 2030 Development Agenda, United Nations Relations and Partnerships\ надтай холбогдож, Дэлхийн Банкин дээр ирж уулзаач хэмээн хүсэлт тавьсан юм. Болзсон өдөр надаас гадна Монголоос АНУ-д суугаа ЭСЯ-ны эдийн засгийн зөвлөх Батбаяр, соёлын асуудал хариуцсан атташе С.Золзаяа, тогооч Ж.Бүдрагчаа нар ирж бид хамтдаа энэ арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар Дэлхийн Банкны талаас энэ арга хэмжээнд туслахаар томилогдсон хүмүүстэй ярьж зөвлөлдөн боломжуудыг үзэж судлав. Дэлхийн Банкин дээр анх удаа зохион байгуулагдах гэж буй энэ арга хэмжээ нь Монголыг энэ хүрээнд сурталчлах том боломж хэмээн санал нэгдэж урлагийн тоглолт, зураачдын болон монгол өв уламжлалын үнэт зүйлсийн үзэсгэлэн, монгол хоолны амталгаат худалдааг хэрхэн зохион байгуулж, ямар хүмүүст санал тавьж оролцуулах талаар эхний байдлаар шийдвэр гаргаж ажлуудаа хуваарилан авлаа. Энэ ажилд Монголоос АНУ-д суугаа ЭСЯ идэвхтэй оролцон, гол ажлуудыг хариуцан ажилласан.
Дэлхийн Банкин дээр зарласан нэгэн төсөлд Монголыг оролцуулах гэсэн саналын хариуд таагүй хариулт өгч татгалзан Филиппинийг сонгож авсны дараа Д.Батзулд энэ арга хэмжээг зохион байгуулах санаа төрсөн гэдэг. Дэлхийн Банкин дээр гишүүн орнуудынх нь соёл хийгээд хөгжлийг харуулсан өдөрлөгүүд зохион байгуулагддаг боловч Монголыг сурталчилсан ийм арга хэмжээ зохион байгуулагдаагүй байсан нь Монголын талаар эерэг ойлголт төрүүлэх боломж бүрдээгүй байсан хэрэг. Дэлхийн Банкны удирдах түвшний хүмүүсээс гадна ажилтнуудад Монголын талаар сайн сурталчилгаа хийж эерэг ойлголт төрүүлэх нь, Монголд хандах хандлагуудад сайнаар нөлөөлж болох юм гэдэг санаа ч энэ арга хэмжээний тулгуур нь болж байлаа.
…5 сарын 2 ны даваа гаригийн өдрийн 12 цагт “Монголын өдрүүд”-ийн нээлт Дэлхийн Банкны төв байр \1818 H St NW Washington DC\ анд боллоо. Морин хуурын татлага, монгол бүжигчдийн хадагтай мэндчилгээгээр эхэлсэн энэ арга хэмжээнд Дэлхийн Банкны Монголын асуудлыг хариуцсан захирал ноён Jason Allford, Монгол Улсаас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд ноён Б.Алтангэрэл нар баяр хүргэж үг хэллээ. “Стерлинг Балет” сургуулийн эзэн Д.Өлзийсайханы найруулсан урлагийн тоглолт үзэгчдийн төдийгүй Дэлхийн банкны ажилтнууд, үйлчлүүлэгчдийн сонирхлыг татаж сүрлэг энэ танхимын хойморыг Монголын урлагийн гайхамшигт аялгуу хийгээд, өвлөж үлдсэн өв соёлын гайхамшигаар дүүргэлээ. Дэлхийн Банкны гишүүн 200 орчим орнуудын нэг нь болох Монгол Улсыг сурталчлах өдрүүд сайхан болж 3 өдөр Монголоор “амьсгалцгаав”. Олон авьяастнуудын Монголоо гэсэн сэтгэл зүрхний хөг эгшиг энд дуурсаж байв. Морин хуурч У.Хатанболд, бүжигчин Б.Дэлгэрмаа, Т.Туяа, М.Мөнхзул, У.Цолмон, морин хуурч, хөөмийч О.Отгонбаатар \Чикаго\, ятгачин О.Энхтуяа \Чикаго\, сонгодог дуучин Э.Саран, Ж.Болормаа, нугараач Э.Мандухай \Флорида\, “Стерлинг Балет” сургуулийн Taya Taylor, Melody Chiang, Esther Reinhold, Harmony La Jeunesse, Вашингтон ДС орчмын “Монгол сургууль”-ийн бүжигчин охид  Б.Очирбат, М.Төгөлдөр, Л.Амина, Б.Онон, Г.Мишээл, Б.Энхжин, Э.Цэцэн, Э.Хулан, Б.Халиун, Э.Энхжин, зураач Ч.Ганбаатар нар Монголын үндэсний болон сонгодог урлагийн гайхамшигийг үзэгчдэд мэдрүүллээ. Та нартаа их баярлалаа.
*Энэ тоглолтыг найруулсан Д.Өлзийсайхан:
-Энэ удаагийн арга хэмжээг өөрсдийн байгаа боломжин дээрээ түшиглэж хийлээ. Хэрвээ санхүүгийн сайн боломж бүрдүүлж чадвал Америкийн хот хотуудад ажиллаж амьдарч байгаа урлагийн бусад авьяастнуудаа хамарч, тэр ч байтугай Монголоос ч урлагийнхан ирж оролцвол илүү сайхан болно доо. Гол нь хүн болгон өөрсдийн боломжоо дайчлаад сэтгэлээ шингээж хийвэл угаасаа гоё болдог юм шүү дээ. Зураач Ч.Ганбаатар энэ арга хэмжээнд оролцсон урлагийн залуус болгонд өөрийн гараараа зураг зурж бэлэглэсэн нь хүмүүсийг ямар их баярлуулж байгааг хараад би ч бас баярлаж суув. Монголыг  гадаадад сурталчилж байгаа бас нэг том арга хэмжээ нь Монгол наадам байдаг. Энэ арга хэмжээг зөвхөн Монголчуудын Холбоодод даалгалгүй, монгол хүн болгон өөрсдийн боломжоороо дэмжин оролцвол бас том сурталчилгаа юм шүү дээ. Урлагийнхан бүхэл бүтэн фестиваль зохион байгуулах боломжтой болж байна. Нөгөө талаасаа бид алив арга хэмжээг зохион байгуулж байгаа хүмүүсээ шүүмжилж муу хэлэлгүйгээр, чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байх нь бидний том соёл болноо.
*Энэ арга хэмжээний нээлтэд ноён Jason үг хэлэхдээ:
-Энэхүү сайхан арга хэмжээнд оролцож, үг хэлэх боломж олгож байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Би Дэлхийн Банкны ТУЗ-д Монгол болон бусад 14 орныг төлөөлөн ажилладаг. Энэ ажлаа 2014 оны11 сард хүлээн авсан. Ажлаа эхэлсэн жил хагасын хугацаанд миний төлөөлөн буй орнуудаас  соёлын өдрүүдээ зохион байгуулж буй анхны орон нь Монгол Улс. Миний хувьд энэ нь маш зөв цагаа олсон явдал болов уу? гэж бодож байна. Монгол хэдийгээр гуравхан сая хүн амтай ч уламжлалт болон орчин үеийн ахуйн соёлоороо бусдыг нугалж давах баялаг ундрагатай билээ. Тийм ч учраас “Монголын өдрүүд” 3 өдрийг хамран явагдана.
Монгол улс бол Дэлхийн Банкны сайн түнш орон билээ. Бид уул уурхай, байгаль орчин, засаглал, алслагдмал нутгийн асуудлууд, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн гэх мэтчилэн олон салбрыг хамран хамтран ажилладаг. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол улс хөгжиж байгааг хөгжлийн олон хэмжүүрүүд нотолж бас ядуурлын түвшин хэмжигдэхүйцээр буурч байна. Эдгээр амжилт нь Монгол улсын ЗГ болон ард түмний хичээл зүтгэлийн үр дүн юм. Гэвч Монголын хүн амын 5 ны 1 нь ядуу амьдарч байна. Маш олон хүн дөнгөж ядуурлын шугамнаас дээгүүр амьдралаа залгуулж байна. Нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүний үнийн байдлаас шалтгаалан эдгээр хүмүүсийн амьдрал энэ хэвээрээ үргэлжлэх магадлалтай. Монголын эдийн засаг болон төрийн санхүүгийн байдал нь их дарамтан дор байгаа. Ийм үед өнгөрсөн үеийн өсөлт хөгжлийг ярилцах нь цагаа олоогүй явдал бөгөөд цаашдаа хөгжлийг тодорхойлон хэлэлцэхэд ч бэрхшээлтэй байгаа.
Энэ өдрүүдийг Монголын баялаг сайхан соёл, өвөөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ өдрүүдэд хүн бүр дор бүрнээцаашид яаж, ямар чиглэлээр Монголын хөгжилд тусалж, тэдний хүсэл тэмүүллийг дэмжих вэ? гэдгийг сайтар тунгаана уу? гэдгийг хүсч байна. Эцэст нь Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ ны албан хаагчид болон энд хүрэлцэн ирсэн Элчин сайдад энэхүү арга хэмжээг дэмжин, зохион байгуулан оролцож байгаад талархлаа илэрхийлмээр байна.
…”Монголын өдрүүд”-ийг зохион байгуулахад Дэлхийн Банкны хурал чуулганыг зохион байгуулагч ажилтан Kenneth Wu, техник хариуцаж ажилласан Micheal Bartlett,  Дэлхийн Банкны ресторан хариуцсан менежэр Anwar Bounane, ахлах тогооч Ben нар хоолны амталгаат үйлчилгээг зохион байгуулж тусалсан, Elsa Warouw-Jason Alffordin нар зочдыг хүлээж авахад тусалж, Wilson Dee  Дэлхийн Банкны секурити гаргаж ажиллан, Captain Sharma тусгай зочдыг хүлээн авч, Caitlin Howell Зар сурталчилгааг хариуцан ажиллах мэтээр олон хүмүүс сэтгэлээ шингээсэн хичээл зүтгэл гарган ажиллаа.  Арга хэмжээний нээлтийн дараа зочид доод давхарт морилон АНУ-д зохион байгуулагдсан шог зураачдын олон улсын  2014, 2015 оны уралдаануудад шагнал хүртэж байсан зураач Ч. Ганбаатар \Энэ өдөр түүнийг шагнасан “Алтангадас” одонг нээлтэн дээр элчин сайд гардуулан өгсөн юм\-ын уран бүтээлийн үзэсгэлэн, зураач уран бүтээлч Н.Ганхуягийн уран бүтээлүүд хүмүүсийн сонирхлыг татаж зарим хүмүүс уран зургуудаас худалдан авч байв. Урлагийн тоглолтын тайзан дээр зураач Ганбаатар үзэгчдийн өмнө шууд зураг зурж олныг бахдуулсан төдийгүй уг уран зургаа Дэлхийн Банкинд бэлэг болгон гардуулан өгсөн юм. Үзэгчид зочид, тогооч Ж.Бүдрагчаа, Т.Гантөмөр, Г.Одгэрэл нарын хийсэн олон төрлийн монгол хоолнуудаар амтархан үйлчлүүллээ. Тэр өдөр бас маргааш нь монгол хоолны танхимд хүмүүс дүүрэн төдийгүй гадаа нь урт дараалал үүсгэсэн байсан нь энэхүү сурталчилгааны бас нэгэн амжилт. Арга хэмжээг зорьж очсон олон хүмүүс сэтгэл хангалуун байж, олон боломжуудыг мэдэрсэн гэдэгт итгэж байна.
*Энэ арга хэмжээг санаачлагчдын нэг Д.Батзул:
-Би энэ арга хэмжээний үр дүнд сэтгэл хангалуун байгаа. Зураач Ганбаатарын зарим бүтээлүүдийг Дэлхийн Банкинд худалдан авч дэмжих талаар хариуцсан хүмүүстэй ярилцлаа. Дэлхийн Банкинд монгол хоолны жижиг газар нээн ажиллуулах боломжийн талаар ч зарим хүмүүстэй санал солилцож байна. Хамгийн гол нь Дэлхийн Банкинд ажиллаж байгаа олон хүмүүс энэ арга хэмжээг “сайхан боллоо” хэмээн үнэлж, дахин зохион байгуулаасай хэмээн хүсэлтээ хэлж байсан. Мэдээж олон хүмүүст Монголын талаар нааштай эерэг сэтгэгдэл төрсөн байх гэж найдаж байна. Цөөн биш монголчууд надтай уулзаж “Дэлхийн Банкинд ямар шалгуураар яаж орж ажилласан юм бэ?” хэмээн сонирхож мэдээлэл авахыг хүсч байв. Би энэ байгууллагад  монгол хүнээс мэдээлэл авч орж байсан болохоор бусдад тусалж яагаад болохгүй гэж? Энэ арга хэмжээг цаашид уламжлал болгон хэвшүүлэх бодол байгаа. Энэ арга хэмжээнд бизнесийнхэн олноор оролцож, өөрсдийн бизнесээ сурталчлах дашрамдаа бизнесээ өргөжүүлэх боломжуудыг эрж хайвал бид туслах санаа байна. Анх санаачлахдаа миний төлөвлөж байсан зүйлийн нэг нь энэ л дээ. Манай ЭСЯ ныхан маш сайн ажиллаа, би тэдэнтэй хамтран ажиллахдаа үргэлж баяртай байх болно.
…Энэ арга хэмжээг зохион байгуулахад Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ ны эдийн засгийн зөвлөх Батбаяр, соёлын асуудал хариуцсан атташе С.Золзаяа нар гол ачааллыг үүрсэн. Энэ арга хэмжээнд санхүүгийн боломж муу байсан ч тэд Дэлхийн Банк, ЭСЯ, Монгол-Америкийн Соёлын Нийгэмлэг, “Пирамид” компани, “Стерлинг Балет” сургууль, “Монгол сургууль” , Realter Инга Батсуурь, Болдбаатар эзэнтэй чулууны үйлдвэр зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж, санхүүжилт босгожээ.
Арга хэмжээ сайхан болсон. Миний хувьд ийм арга хэмжээнүүд нь дэлхийн хэмжээнд Монгол орноо сурталчлах том боломж юм байна хэмээн харж байлаа. Монгол хүн бүр ийм боломжийн төлөө санаачлага сэдэн өөрсдийн чадал, боломжоороо дэмжин оролцож байвал юутай сайн сан. Монголдоо ч, гадаадад ч ажиллаж амьдарч буй монголчуудын хувьд заавал улстөр, эдийн засгийн үйлдлээс шалтгаалахгүйгээр Монгол орныхоо хөгжил дэвшил, монгол хүний үнэ цэнийн төлөө дор бүрнээ өөрсдийн хийж чадах зүйлээ хийх цаг нэгэнт иржээ. Зүгээр л  үндэсний хувцсаа өмсөөд ирж оролцож байгаа нь сайн дэмжлэг юм шүү дээ. Хэрвээ чин сэтгэлээсээ хийхийг хүсэх аваас бидэнд маш их боломж байна даа.

Share Your Thoughts