Монгол “булшны” орон болох уу?

anti…Сүүлийн үед гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд болон монголдоо байгаа монголчуудын санааг зовоож, өөр хоорондоо хэлэлцүүлэг үүсгэж байгаа асуудлын нэг нь АНУ, Япон, Монгол улсуудын хооронд нууцаар хэлэлцэгдэн өдгөө батлагдах шатандаа орж байгаа “Цөмийн түлшний цогц хангамж” гэсэн гоё нэртэй төслийн тухай юм. Нилээд эртнээс монголын улстөрчдийн санаачлагаар яригдаж эхэлсэн байж болзошгүй энэ асуудал өдгөө дэлхий нийтийн хэмжээнд “шүдний өвчин” болж хувирсан, цөмийн хаягдлыг хаана булж “булшлах” тухай асуудалтай нягт холбогдож байгаад хамаг учир оршиж байгаа юм.

Монгол оронд уул уурхайн олон ашигт малтмалууд илэрч, ашиглагдах явцдаа их баялаг болон хувирч Монголд төдийгүй дэлхийн хэмжээний “мөнгө үнэртэх” мэргэжилтнүүдийн анхаарал, сонирхлыг татах болсон.

Оюутолгой, Тавантолгойн их баялгуудын зэрэгцээ олны анхааралд тэгтлээ өртүүлэхгүйгээр яригдаж байгаа асуудлын нэг нь монгол дахь ураны нөөц болон түүнийг ашиглах боломжийн төлөөх “чимээгүй өрсөлдөөн” юм. Харин монголчууд бид энэ асуудалд Атомын Цахилгаан Станцтай /АЦС/ болж, “тог тасрахгүй” -гээр ямагт цахилгааны гэрэлд
малийж суухаас илүүгээр төсөөлөхгүй байсан нь нууц биш. Японы Фукушиямагийн АЦС-ын, цуманигаас үүдэлтэй цацраг идэвхит бодисын алдагдал, түүний муу хор хөнөөлийн тухай яригдаж эхлэх мөчөөс “юу болоод өнгөрчих вөө?, юу болох гээд байна вэ?” гэж олон ч хүмүүс сэтгэлдээ сэрдхийсэн. Асуудал болон мэдээлэлд арай ойр дөт байсны хувьд гадаадад суралцаж, ажиллаж, амьдарч байгаа монголчууд илүү их мэдээллүүдийг сонирхож эхэллээ.
Энэ их мэдээлэл дунд “түүгээр явсан гайг үүгээр дуудав” гэдэгчлэн “мөнгө цагаан нүд улаан, сэтгэл хар” болсон Монголын зарим улстөрчид болон эрхмүүд АНУ болон Японы талтай цөмийн хаягдлыг Монголын газар нутагт “булшлах” санаачлага болон оролдлого хийж буй тухай мэдээлэл ил гарч эхэллээ. АНУ-ын болон Японы нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр энэ тухай мэдээлэгдэж, үүний төлөө Монголын олон нийт ундууцаж эхлэх үед ч манай улстөрчид “гүрийсэн” хэвээрээ. Нэг л өглөө Монголын Дорнодын газар нутгийг Солонгосчуудад
түрээсийн хэлбрээр зарчихсан атлаа “та бидэнд л ашигтай” гэж гүрийгээд байгаатайгаа адил. Одоо ч бас гүрийсээр л байгаа. Тэдэнд манжийн үеийн “9 эрүү шүүлт “тулгасан ч гүрийсээр л байх бололтой.
Ямар ч улстөржилт болон хувийн ашиг сонирхолгүйгээр энэ асуудлыг Монгол хүний эрүүл саруул ухаанаар хэлэлцээд үзье л дээ. Ямар нэгэн асуудал хөндөхөөр “чиний ард хэн байгаа юм бэ?” гэсэн хошиндуу хэлцийн хариуд “миний ард Монгол эх орон минь байгаа” гэдгийг урьдчилаад хэлчихье.

Нэг. Асуудлын эхлэл болон зарим баримтууд

2011 оны эхээр АНУ-д байдаг Амарлин энэ талаар гадаадын хэвлэл дээр бичигдсэн олон материалуудыг уншиж байхдаа, монголтой холбоотой нилээд ноцтой мэдээллүүдийг олж үзээд сэтгэл нь зовсондоо орчуулж олон нийтийн анхааралд толилуулж эхэлсэн юм. Нилээд олон бичлэгийнхээ дараа тэрээр www.golomt.org сайтыг нээж зөвхөн цөмийн аюул болон энэ асуудалд Монгол хэрхэн холбогдож байгаа тухай материалуудыг нэгтгэн тавьж эхэлсэн. Хэрвээ та сонирхвол энд сайтад зөвхөн энэ чиглэлийн мэдээллүүд байршиж  байгаа бөгөөд , бүх мэдээллүүд нь
тодорхой баримтуудаар нотлогдсон байхыг анзаарч болно. Монгол эх орныхоо төлөө сэтгэл зовсон хэн нэгэн “эх орондоо хайртай” гэж цээжээ дэлдэн хөөрөлхөхгүйгээр, өнөө цагт үүнээс өөр юу хийж чадах гэж? Бид үүний төлөө Амарлинд чин сэтгэлээсээ талархаж дэмжиж байдаг юм.
Одоо хэр нь энэ баримтуудыг унших бүрдээ “бидний мэдэхгүй ямар олон муу зүйл хийгдэж байсан болон хийгдэж болох байсан”-ыг харамсан анзаардаг юм. Энэ бол жирийн Монголчуудын дуу хоолой юм. Манай эрх баригчид биднийг “мангуу, тэнэг” гэж төсөөлж “ард түмэн бол дээр нь юу ч бичиж болдог цав цагаан цаас” гэдэг зүйрлэлдээ итгэн, “дураараа дургиж дун чөмгөөрөө жиргэж” байгаагийн эсрэг гарч буй эрүүл саруул тэмцэл, бас сануулга.

www.golomt org сайт дээр бичигдсэн зарим баримтуудыг тоймлон түшвэл:

-Өнөөдөр дэлхийн 30 орчим улс оронд 440 реакторт цөмийн эрчим хүч үйлдвэрлэдэгээс АНУ, Франц, Япон, Герман, Өмнөд Солонгос зэрэг орнууд хүчин чадлаараа тэргүүлдэг. Тэдгээр орнуудын дотоодын нийт эрчим хүчний үйлдвэрлэлд цөмийн эрчим хүчний эзлэх жин харилцан адилгүй. Тухайлбал хамгийн олон буюу 104 цөмийн реактортой АНУ эрчим хүчний 20%-ийг үйлдвэрлэдэг байхад, АНУ-аас 2 дахин цөөн реактортой ч  үйлдвэрлэлээрээ 2-т ордог Францын эрчим хүчний 75 %-ийг цөмийн эрчим хүч эзэлдэг.
-Цөмийн үйлдвэрлэлээс гарч болох хордлогуудаас дурдвал:
Альфа тоосонцор-уран, торий, радий, плутони, америкиум зэрэг цацраг идэвхит элементүүдээс ялгардаг нарийн ширхэгтэй тоосонцор. Нэвчих чадвар багатай ч /хуудас цаас, арьсыг нэвтрэх чадваргүй/ амьсгалын замаар эсвэл хоол хүнстэй хамт залгигдсан бол аюултай.
Бета тоосонцор-стронций 90 мэтийн байгальд тохиолддог элементүүдээс ялгардаг. Альфагаас хөнгөн тул юм нэвтлэх чадвар нь арай илүү. Хүний арьсыг нэвтэлж чадна. Гэвч гөлмөн төмөр, модон хавтан байхад бета туяаг зогсоож, түүнээс хамгаалах боломжтой. Альфа тоосонцорын адилаар хүссэн зүйлээ цацраг идэвхтэй болгодоггүй.
Гамма ба рентген туяа-энэ 2 төрлийн туяа нь нэвтрэх чадвар өндөртэй. Гамма туяаг анагаах ухаанд хорд хавдрыг эмчлэх, багаж төхөөрөмжийг ариутгахад хэрэглэдэг. Рентгенийг ч бас эмнэлгийн зориулалтаар ашигладаг. Хар тугалга, хэдэн метр бетоноор хааж болно.

Неитрон-хурд ихтэй цөмийн тоосонцор нь нэвтрэх чадвар асар өндөртэй. Энд дурдсан 5 төрлийн цацраг идэвхит туяанаас ганцxан неитрон л бусад эд зүйлсийг цацраг идэвхтэй болгож чадна. Бусад материалд нэвтрэх чадвар асар сайтай тул неитрон нь агаарт асар урт замыг туулж, бас түүнээс хамгаалах устөрөгч агуулсан зузаан хамгаалалт шаарддаг. /бетонон хана, усан хаалт гэх мэтчилэн/
-Цөмийн эрчим хүч сонирхож буй улс орнуудын хувьд, АЦС-аас гарах ашигласан түлшээ бүрмөсөн далд оруулж булшлах асуудал хамгийн хүндрэлтэй. Тэд бүү хэл цөмийн энерги ашиглаж гаршсан Япон, АНУ мэтийн туршлагатай орнуудад ч цөмийн түлшний хаягдлаа бүрмөсөн булшлах тогтолцоо өнөө хэр байхгүй байгаа юм.
-АНУ-ын Невада мужийн Якка ууланд байгуулж АНУ-д хуримтлагдсан 77 мянган тонн нэн аюултай цөмийн хаягдлыг хадгалах баталгаатай байгууламж барих ажил 2002 оноос эхэлсэн. Якка уул нь хад ихтэй байсан нь  цөмийн хаягдлыг хадгалахад нэн тохиромжтой гэж эрдэмтэд үзэж байсан бөгөөд наанадаж 10 000 жил аюулгүй хадгалах баталгаа гаргаж байв. 2011 оныг хүртэл АНУ-ын ЗГ-аас 10 орчим тэрбүм $ зарцуулж, уулын нурууг 300 гаруй метр нүхэлж, хаягдал зөөх төмөр зам тавьжээ. Гэвч 2011 оны 2 сард Ерөнхийлэгч Б.Обама Якка ууланд агуулах байгуулахыг зогсоож,
санхүүжилтыг нь хассан байна.” Бид үүнээс илүү оновчтой сайн шийдэл олох ёстой” гэж Б.Обамагийн засаг захиргаа тайлбарлажээ.

-Японы Киодо Ньюс сонинд “Тошиба” корпораци Монгол улсад цөмийн хаягдлын агуулах барихаар АНУ-г лоббидож байна” гэсэн гарчигтай мэдээ 2011 оны 7 сарын 1нд гарсныг Майничи болон болон бусад сонин авч бүрэн эхээр нь нийтэлжээ. Тус мэдээнд бичихдээ “Тошиба”-гийн ерөнхийлэгч Норио Сасаки гэгч нь 2011 оны 5 сарын 12 нд АНУ-ын эрчим хүчний дэд сайд Даниел Пониман гэгчид Монгол улсад олон улсын цөмийн хаягдал хадгалах агуулах барих асуудлыг шуурхайлахыг хүссэн захидал илгээсэн гэжээ. Киодо Ньюс сониныхон Японы ЗГ-ын дотоод хэрэгцээнд
зориулан гаргасан албан бичгийг олж авсан ба түүнд нь Япон, Монгол, АНУ-ын ЗГ-ууд “Цөмийн түлшний цогц хангамж” нэртэй төслийг хамтран хэрэгжүүлэхээр тохирсон тухай дурджээ.  Ноён Сасаки захидалдаа “Цөмийн түлшний цогц хангамж” төслийн тухай дэлхий нийтэд ил тод болчихсон тул энэ асуудлыг эсэргүүцэх нь тодорхой. Иймд цаашдын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд оролцогч талууд нарийн сайн зохицуулалттай ажиллах шаардлагатай байна” гэжээ.
-Toкио /Киодо/ цөмийн түлш үйлдвэрлэж, хаягдал түлшийг булшлах цөмийн мөчлөгийн тогтолцоог байгуулах тухай Япон, АНУ, Монгол 3 улсын хооронд байгуулагдах  гэж буй гэрээний төсөлд “Монгол улс бол цөмийн хаягдал түлшийг буцаан илгээх эцсийн цэг мөн” хэмээн бичжээ гэж гэрээний 1%-ийг олж авсан Киодо Ньюс сонин мэдээлсэн байна.
Нэр дурдсан орнуудын байгуулахаар зорьж буй ” Цөмийн түлшний цогц хангамж” гэгч баримт бичгийн төсөлд, ураныхаа түлшийг бусад оронд экспортлоод тэндээс гарах хаягдал түлшийг буцаан авч нутагтаа булшилдаг манай гаригийн анхны тогтолцоог Монголд байгуулна гэж бичжээ.

-“Toшиба” корпорацийн хувьд бол 2010 оны 11 сарын 19 нд Монгол Улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдорж, ГХ-ийн сайд Г.Занданшатар нарын хэсэг бүлэг хүмүүс Японы эрх мэдэлтнүүдтэй уулзаж, цөмийн салбарт хамтран ажиллахаар тохирсноос хойш 7хон хоногийн дараа буюу 11-сарын 26 нд “Тошиба” корпораци, Монголын “MNFCC” компанитай ашигт малтмал, нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудлаар хамтран ажиллахаар Харилцан Ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан байна. Төрийн ба хувийн түншлэлд суурилсан хэмээгдэх тэр үл мэдэгдэх “MNFCC” компаны эзэн нь Дүгэрсүрэнгийн Дашдорж буюу ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А.Ундраагийн нөхөр аж.
-УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Ц.Батбаяр, “МонАтом” компаны захирал Р.Бадамдамдин нар 2010 оны 11 сард АНУ-ын нийслэл Вашингтон ДС явж АНУ-ын эрчим хүчний Яамныхантай энэ талаар ярилцсан байна.
-Монгол Улс нь 1992 онд буюу 1990 оны Ардчилсан хувьсгалын дараахан “Цөмийн зэвсэггүй бүс нутаг” гэдгээ зарласнаас хойш, өдийг хүртэл өөрийн байр сууриа олон улсын хэмжээнд хуульчлах боломжийг эрэлхийлсээр байгаа. 1992 онд баталж, 2000 оноос хүчин төгөлдөр болсон “Цөмийн зэвсгээс ангид байх тухай” Монгол Улсын хуулинд “Монголын нутаг дэвсгэр дээр цөмийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх, эзэмших, хяналтдаа байлгах, байрлуулах, тээвэрлэх, турших буюу хэрэглэхийг хориглоно” гэж заасан байдаг. Түүнчлэн Монголын нутаг дэвсгэр дээр
“Цөмийн зэвсгийн гаралтай тусгай ангиллын цацраг идэвхит материал, шаар болон аюултай хог хаягдлыг булшлах буюу устгахыг” хориглодог. Монгол Улсын энэхүү тунхаглал нь ураны нөөцөөрөө дэлхийд 2-т орох магадлалтай улс орон Цөмийн зэвсгээс татгалзсанаараа ач холбогдолтой байсан.
-АНУ-ын Конгрессийн тайлан нь Монголд цөмийн хаягдал булшлах байгууламж барихыг гадаад орнууд сонирхож, энэ талаар судалгаа шинжилгээ, яриа хэлэлцээр хийгдэж байгаа нь үнэн гэдгийг давхар нотолж байна. Урьд нь энэ талаар АНУ-ын ЭХЯ ны албаны дарга Ричард Стартфорд ярьсан нь 2011 оны 3 сарын 29 ний олон улсын хурлын аудио бичлэгт үлдсэн байгаа. Энэ талаар The National Journal -ын сэтгүүлч Илэйн Гроссман, Японы “Майничи” сонин ч нийтэлсэн байна.
/Бүх баримтуудыг www.golomt.org дээрээс авлаа/

Хоёр. Манай эрх баригчид энэ талаар…

-Сүүлийн үед Монголын эрх баригчид гадаад орнуудад их ч айлчилж их ч хүндлэгдэж байгаа тухай Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр дуу дуугаа авалцан “амаа олохгүй” магтан бахархаж байгаа. Бараг л бидний “авралын одод”-ыг дэлхий даяар бас тэгж үзэж мөргөн сөхрөх нь холгүй байгаа аятай. Яг үнэндээ өмнөх ерөнхийлэгч Н.Энхбаяр, өнөөгийн ерөнхийлэгч Ц.Элбэгдорж нарын мундагт ч байгаа юм биш, Монголд нээгдсэн их баялаг, өргөн уудам газар нутаг нь бусдыг ингэж “хүндэтгэлтэй” хандахад хүргэж байгаа юм. “Өглөө” кинон дээр хачиг Луузангийн хэлдэгчлэн “Ардын засаг ч гэж юу байлаа, авах өгөх нь ч хаа байлаа” гэдэг үе нэгэнт өнгөрчээ. Өнгөн дээр инээмсэглэж, мөнгөн дээр зусарддаг энэ л хорвоогийн хандлага дэлхийн улстөрд илэрч л байгаа хэрэг. Үүнд тэгтлээ хууртаж Дэмбэрэл “юм үзээгүй” аятай хөөрцөглөх хэрэг юун. Монгол хүний уужуу саруул ухаанаар, өвгөдийн хүлээцтэй тэвчээртэй бардам зангаар хандмаар юм, манай эрх баригчид.
-www.golom.org -ийн Амарлин энэ асуудлыг хөндөж ил гарган тавьснаас хойш маш олон хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд энэ талаар дуугарах болсон. Гэвч манай улстөрчид, эрх мэдэлтэнгүүд энэ талаар гаргаж байгаа баримтуудыг өнөө хүртэл үгүйсгэсээр. “Дуусдаггүй яриа” хэмээх нэртэй Монголын ТВ-ийн нэвтрүүлгээр энэ талаар “мэргэжилтэн шахуу” хэдэн нөхдийн ярьж, мэтгэлцэж байгааг сонсоход ичмээр л байсан. “Цөмийн хаягдал гэдэг чинь айгаад байх зүйл бишээ, бараг л нүүрсний үнс шиг л зүйл” гэхчилэн мэдэмхийрэх тэднийг эрүүл, эсвэл сэтгэцийн
гажигтай гэдгийг ялгахад бэрх л байна. Магадгүй өөрсдийгөө илэрхийлэх боломжийг “тархи угаах”-aд зориулж байгаа бол бид тэдэнд “та нар үнэхээр хоцрогджээ” гэж л хэлэхээс өөр юу ч гэх вэ?
-Ерөнхийлэгч Ц.Элбэгдоржийг АНУ-д айлчлах үеэр Сан-Франциско хотод монголчуудтай хийсэн уулзалт дээр Лос-Анжелос хотод ажиллаж амьдардаг зураач Л.Мөнхтөр энэ талаар лоозон өргөж санал бодлоо хэлэхэд тэгтлээ таатай хүлээж аваагүй нь ажиглагдаж байлаа. Олон ч улстөрчид хуулийн заалтаа дурдаад “ийм зүйл болохгүй, тайван амгалан байцгаа” гэж өгүүлэх юм. Гэтэл гадаад ертөнцөд тархаж байгаа энэ мэдээллүүдийг тэд яагаад няцаахгүй байгаа юм бэ? Яагаад тайлбар өгөхгүй байгаа юм бэ? Энэ бол зүгээр л хэн ч ярьж болдог асуудал биш,
Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдал, оршин тогтнох, эс тогтнохтой холбоотой асуудал. Үүний төлөө Монгол Улсын иргэд заавал тайлбар сонсох ёстой.
-Энэ асуудалтай холбоотой хүмүүс болох ГХ-ийн сайд Г.Занданшатар, ГХЯ ны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А.Ундраа, УИХ-ын гишүүн О.Чулуунбат, П.Алтангэрэл, Ц.Батбаяр, “Мон-Атом” компаны захирал П.Бадамдамдин, академич Б.Чадраа нарын нэрс тодорхой баримт дээр түшиглэн дурдагдсан. Өдгөө хүртэл тэд жаахан хүүхэд шиг “худлаа яриад л…” гэх маягийн юм бувтнаад юу ч тайлбарласангүй. Ийм чухал асуудлаар гүтгэгдэж байгаа бол маш тодорхой тайлбар өгч, баталгаа гарган, нэр төрөө хамгаалж болох шүү дээ. Баттай зарим мэдээллээр энэ
асуудалд өөр ч олон хүний нэр холбогдох бололтой юм билээ.
Өнөөгийн Монголын улстөрийн хариуцлага хүлээдэггүй тогтолцоо л тэднийг ийм байдалд хүргэж байна. Энэ бол өнөөгийн улстөрчдийн үнэн нүүр царай.

Гурав.Олон нийтийн хандлага

Энэ тухай мэдээлэл тархснаас хойш олон нийт янз янзаар л хандаж байгаа.
-Нэг хэсэг нь энэ асуудлыг огт сонирхохгүй байгаа. Тэдний хувьд “юун сүртэй юм бэ? тийм юм болтол хаа ч байсан юм” гэж хандах нь “сүх далайтал үхэр амар” гэдгийн үлгэр лугаа. Хонгор суманд гарсан цианит натрийн хордлогын тухай асуудлыг Монголын төр “хамуу” маягаар хандаж тохуурсаны үр дүн нь энэ. Өдгөө алтыг гар аргаар олборлож, мөнгөн усаар угааж байгаагаас үүдэлтэй элдэв хордлогын талаар сулхан дуугарах нь олны анхаарлыг тэгтлээ татахгүй байгаа л даа. Нөгөө талаар өөрт тэгтлээ хамаагүй бол, өөрийнх нь хүүхэд 2 толгойтой
төрчихгүй л бол, энэ амьдралд өдрийн асуудлаа шийдэж л байвал бусад нь хамаагүй мэт ханддаг бидний хэнэггүй зангийн илрэл.

-Нөгөө хэсэг нь энэ асуудлыг хамгаалж хэн нэгэн эрх баригчдад таалагдахыг хичээж байна. АЦС барих хэрэгтэйгээс эхлээд, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг дурдаж, “асуудлыг сүртэй болгон дэвэргэж, олон түмнийг хөөргөж байна” тэд шүүмжилцгээдэг. Харин цаашаа бол “Манай …… хэн шиг ухаантай буянтай, тос даасан баян хүн халх, буриад торгууд, дөрвөд 21 аймагт байхгүй” гэж халамцан тальтчин зусрдаж байгаа. Харин дотор сэтгэлдээ бол “намайг үхэх хүртэл элдэв юм болохгүй л байвал барав” хэмээн залбирна.
-Тодорхой хэсэг нь энэ асуудалд чин сэтгэлээсээ санаа зовж, өөр өөрсдийн хэр хэмжээгээр дуу хоолой болон нэгдэж байна. Тэд өнөөдрийн өөрсдийн болж бүтэж байгаа амьдралаас илүүтэй Монгол орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө сэтгэл нь шаналж байгаа. “Би яах вэ? Надаас хойш, бидний үр хүүхэд хойч үе минь эрүүл саруул, сэтгэл зовиургүй, тайван, өөрийн чадал боломжоороо амьдраасай” гэж л хүсч байна. Дэлхийд танигдсан Монгол гэдэг нэрийн төлөө, түүхэнд мөнхөрсөн Монгол хаадуудын төлөө, Монгол бахархал
дэлхийд гайхагдаж байхын төлөө сэтгэлээ чилээж байгаа.
-Амарлингийн бичлэг болон санаачлагыг дэмжиж, феисбуук дээр ANTI NUCLEAR MOVEMENTMONGOLIA нэртэй хөдөлгөөн болон бүлэг үүсээд нилээд хугацаа өнгөрч байна. Энд ямар нэгэн улстөрийн зорилго байхгүй бөгөөд, сайн дураараа нэгдэн Монголд Цөмийн хаягдлыг булшлуулахгүй байхын төлөө дуу хоолойгоо нэгтгэн, хамтран тэмцэж эхэлж байна. Тэд өөрсдийн амьдран байгаа орон бүхэндээ энэ талаар байдал ямар байгаа болон хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд дээр гарч байгаа энэ төрлийн мэдээллүүдийг орчуулан тавьж тойрон хэлэлцэж байна. Бусад
монголчууддаа энэ талаар бодит мэдээлэл өгч Монголын тусгаар тогтнол болон газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө нэгдэхийг уриалж байгаа.
Мэдээж олон хүн сайтай муутай гэдэгчлэн янз бүрийн хүмүүс янз бүрийн асуудал үүсгэж, зарим хэсэг нь “энэ завшааныг ашиглан алдарших”-ыг хүсч байж болох хэдий ч эрүүл саруул ухаантай хүмүүс дийлэнх байна гэдэгт итгэж байна.
Учир нь энэ бол ямар ч албадлааггүйгээр, улстөрийн сонирхолгүйгээр, сайн дураараа нэгдэж байгаа хөдөлгөөн юм.

Дөрөв. Харин миний бодол бол:

Энэ талаар уншиж судлан, өрнөж буй үйл ажиллагааг ажиглаж байхад миний толгойд хэдэн асуултууд эргэлдэж байлаа.

1.Хэн нэгний шогчлон хэлсэн “Хөөрхөн төрсөн нь миний буруу юу?” гэдэг шиг “Хоцрогдсон нь монголчуудын буруу юу?”. Өдий хүртэл цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр олж шийдэж чадаагүй монголчууд бидний хувьд сонголт хийх олон боломжууд байна. Герман, Австри, Бельги, Итали, Филиппин, Швед, Швеицарь зэрэг олон орнууд АЦС-аас татгалзаж эхлээд байхад бид заавал АЦС-тай болох гэж зүтгэх хэрэг юун. Хүний өмсөж эдэлж дуусаад хэрэггүй гээд хаяж байгаа хувцсыг бид шүүрч аван өмсөх хэрэг бий гэж үү? Үгүйдээ л шинэ аятайхан хувцас
авч өмсөж болох шүү дээ? Ядаж байхад их мөнгөтэй болж байдаг.

2.Хэдийгээр бид маргаж, мэтгэлцэж байвч Оюутолгой, Тавантолгойн баялгийг ашиглах “галт тэрэг хөдөлж” байна. 2013 оноос эхлээд бидний энэхүү баялгаас олж болох ашиг хэдэн тэрбүмаар тоологдох болно. Хэрэв зөв ашиглаж чадвал, хэдэн улстөрчид хувааж завшихгүй бол, бид өөр хоорондоо хэрэлдэж муудалцаад “аманд ч үгүй хамарт ч үгүй хоцрохгүй” бол Монголын 3 сая орчим хүнд хангалттай хүрэлцэнээ. Гэтэл үүн дээр заавал ураны баялгийг ашиглах гэж зүтгэх хэрэг юун. Биднээс гадна бидний хойч үе гэж байна шүү дээ. 20-21-р зуунд төрсөн бид л
бүхнийг идэж завшиж дуусгавал “хүн чанар муутай” хэрэг болно биз дээ. Эхлээд ядаж уул уурхайн баялгаа өөрсдөө ашиглаж сурья л даа. Үгүй дээ л туршлага суух хэрэгтэй байна. Бидний газар нутаг л оршиж байвал хөрсөн доорх баялаг нь нүүгээд явчихгүй, бас алга болохгүй шүү дээ.

3. Дэлхийн өндөр хөгжилтэйд тооцогддог АНУ, Япончууд ашигласан цөмийн хаягдлаа өөрсдийн газар нутагтаа булшлахаас татгалзаж байхад заавал Монголчууд бид өөрсдийн газар нутаг дээрээ булшлахыг зөвшөөрч байх гэж үү? Өдийг хүртэл өвгөд дээдэс минь ухаанаараа, цусаараа хамгаалан байж өнөөгийн бидэнд хүлээлгэн өгсөн энэ газар шороонд бид ийм бузрыг булшлах эрх бий гэж үү? Өдийг хүртэл бидэнд өвлөгдөж үлдсэн  өргөн уудам энэ газар нутаг зөвхөн та биднийх ч биш, бас бидний хойч үеийнх. Бидэнд давуу эрх үгүй. Харин хариуцлага бий.

4. Эрхэм улстөрчид өө! Үүний төлөө та нарт авилгал болгон өгч болох тэрбүм $ байлаа ч танд хоол болохгүй. Та нар ядаж мөнгөнд улайрсан энэ хязгааргүй шуналаа эрүүл саруул ухаанаар эргээд нэг анзаар даа. Яг үнэндээ ардчилал ялснаас хойш Эмиратийн хаан шиг хөрөнгийг шударга хөдөлмөрөөр босгох боломж хэнд ч байгаагүй. Байх ч үгүй. Харин та нарын Монголын баялгийг гадныхантай хуйвалдан байж  завшсан бүхэн чинь хэзээ нэгэн цагт сөхөгдөн шүүгдэх л болно. Гадныханд газар нутаг болон үнэт баялгаа найр тавин, хууль бусаар ашиглуулан
тэднийг баяжуулаж, түүнээс нь хусмын чинээ авилгал авч, өөрөө баяжсан бүхнийг тань бид ч бас түүх ч өршөөхгүй. Эх нутгаа газрын баялгаа бусдад худалдсан хэн боловч өөдөлдөггүй юм.
Түүх үүнийг гэрчилдэг.

5. Монголын газар нутгийн төлөө дуугарч байсан хүн болгон өдгөө хөрс шороондоо нойрсож байгаа. С.Зориг, О.Дашбалбар, М.Зэнээ, О.Энхсайхан гэхчилэн бусад олон хүмүүс. Монгол газар нутгийн төлөө дуугарах хүмүүс одоо сэргэж байна. Тэд та нарын хулгайлж завшиж олсон мөнгөөрөө хурдан морь уралдуулж зугаацаж байхад, үнэтэй машин хөлөглаж, тансаг харшинд заларч үнэт эдлэлээрээ баярхаж байхад, хуулийг завшиж, худлыг үнэ болгож, хуурайг нойтон болгож байхад ингэж бухимдаагүй. Харин одоо Монголын газар шороонд бузрыг булуулах гэж,
баялгийг нь хувааж завших гэж, зөвхөн өөрөө л баяжих гэж бусдаас авилгал авч бузрыг хийх гэж зэхэж байгаад тань бухимдаж байна. Үүний төлөө бид нэгдэх болно. Харин та нар биднийг устгаж дийлэхгүй. Монгол хүний эх орон, газар шороогоо гэсэн чин сэтгэлийг хэн ч булж байгаагүй юм.

Тав. Төгсгөл

Улс орны амин чухал асуудлаар Монголчууд бид өөр хоорондоо “алалцаж” байхад “хэргийн эзэн, хэнгэргийн дохиур” болсон гадныхан чимээгүй биднийг харж шоолж суудаг юм. Харин бид л тэдний өмнөөс өөр хоорондоо мэтгэлцэж, хэрэлдэж суудаг арчаагүй зантай. Тэгээд хэн ч ялж байсангүй, зөвхөн бид л хохирч үлддэг.
Харин одоо Монголчууд бид Монгол газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын төлөө нэгдэх цаг болж байна. АНУ, Монгол, Япон улсуудын хооронд хэрэгжүүлэх гэж байгаа “Цөмийн түлшний цогц хангамж” нэртэй төслийн эсрэг нэгдэцгээе. Энэ 8 сарын 6 ны өдөр Улаанбаатар хотод болох мэдээллийн өдөрлөг болон эсэргүүцлийн арга хэмжээнд заавал очоорой. Тэнд таны гарын үсэг хэрэгтэй байна. Хэрэв та Монгол нутаг болон газар шороондоо хайртай бол тэнд очиж эсэргүүцсэн уриалгад гарын үсгээ заавал зураарай. Та бидний нэгдсэн гарын
үсгийг энэ 3 орны ЗГ-т илгээх болно. Хэрэв та энэ талаар мэдээлэл дутуу, эргэлзэх зүйл  байгаа болwww.golomt.org сайтад орж уншиж болно. Мөн феисбуук дээр байгуулагдсан ANTI NUCLEAR MOVEMENT MONGOLIA хөдөлгөөнд нэгдэж болно. Энд ямар ч улстөржилт байхгүй.
Эрхэм улстөрчид өө! Хэрэв та эрүүл саруул ухаантай бол заавал талцалгүйгээр бидэнтэй нэгдэж болно. Сайнаар бодоход ийм муухай зүйл болохгүй, Монгол Улсын хуулиа мөрдөж чадах байлаа ч Монголчууд газар нутгийнхаа төлөө нэгдэж чаддагийг, түүнийхээ төлөө юу ч хийж чадахыг дэлхий дахинд харуулах хэрэгтэй байна. Ингэвэл хэн дуртай нь манай оронд ирж “хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх” гэж авирлахгүй болно.
Гадаадад байгаа монголчууд аа! Бид хаа ч байлаа гэсэн Монгол эх орон, Монгол газар шороо минь бидний сэтгэл зүрхэнд оршиж байдаг. Энэ бол бидний орон зай, бас өлгий. Монгол газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын төлөө байгаа газар бүрдээ нэгдэж дуу хоолойгоо илэрхийлцгээе. Монголчууд бид эвтэй байхдаа л хүчирхэг байсан. Бид нэгэн цагт буцаад очиход тосоод авах бүлээн халуун эх орон, хөрсөн дээр нь хөрвөөхөд энхрийлэн тэврэх газар шороо, хацар нүүрийг илбэн таалах зөөлөн салхи, дураар хашгирах уудам тал, эзэн
нь юм шиг ихэмсэглэн дотносох монгол ахуй хүлээж байгаа.
МИНИЙ МОНГОЛЫН ГАЗАР ШОРООНООС БУРХАН ГУЙСАН Ч БҮҮ ӨГ.
ТЭР ЗӨВХӨН БИДНИЙХ Л БАЙХ БОЛНО.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-07-30

Share Your Thoughts