Монгол бүсгүйн бүтээсэн ном АНУ-ын номын сүлжээнд \Д.Байгалмаа\

Publishamericas acquisitions.

Тэр нэг өдөр Д.Байгалмаа надтай ирж уулзсан юм. Тэрээр өөрийн ажлын зав чөлөөгөөрөө ном бичсэн тухайгаа хуучлаад  түүнийгээ уншиж үзэхийг санал болголоо. Нилээд олон хуудсанд багтаан шивсэн тэр нооргийг уншиж байхдаа  “энэ бол уран зохиол, улстөрөөс огт ангид, хүмүүний өөрийнх нь тухай ” бичсэн болохыг мэдэж олзуурхсан сан. Нээрээ ч бид энэ ертөнцөд их ч цаг хугацааг элээн амьдрахдаа мэддэг зүйл ихтэй хэрнээ мэддэггүй зүйл ч мундахгүй олон байх аж. Бусдын бичсэн олон ч бүтээлийг уншиж байхдаа их ч зүйлийг эргэцүүлж,
сэтгэлийн чанад дахь мэдрэмжээ сонсдог. Харин өөрт хэрэгтэй зөвлөмжийг уншихдаа ихэвчлэн ёс төдий ханддаг мэт. Бас ажил хэрэг болгон хэрэгжүүлэхдээ жаахан хойрго мэт. “За даа би ч яахав дээ, болно биз” хэмээн санах хэнэггүй зангийн нэгэн илрэл мэт.
Харин тэр жилдээ мөнөөх номоо “Хүний бие махбодь, оюун санаа, энерги” нэртэйгээр Монголд хэвлүүлсэн дээжээ авчирч өгсөн сөн. Д.Байгалмаа хуульч мэргэжилтэй ч АНУ-д амьдарч байх хугацаандаа Атланта хотод  суралцаж, бариа заслын мэргэжлээр сургуулиа төгсөн одоо энэ чиглэлээрээ ажиллаж байна. 1.Хүний бие махбодь 2.Хүний оюун санаа 3.Энерги гэж бүлэглэн ангилсан энэ номонд нь хүн өөрийгөө таньж мэдэх болон сонголт хийх олон боломжинд нь хэрэг болох  мэдээллүүд багтсан байлаа. Энэ цаг дор их мөнгө олох хүслээр харь оронд цаг
хугацаагүй ажиллаж зүтгэж байгаа монголчууд бидэнд хэрэг болох олон ч санамжууд байгаа. Хэрэг болох олон мэдээллүүдийг ингэж нэгтгэн ангилж, уншиж ашиглахад хялбар болгон бэлтгэнэ гэдэг бас л их хөдөлмөр , хичээл зүтгэл шаардах ажил. Нөгөө талаас заавал монголчууд гэлтгүй, ямарч үндэстэн хүн болгонд тус болох ном.

Яг энэ боломжоороо энэ номоо англи хэлэн дээр хөрвүүлэн “Human body, spirit and energy” нэртэйгээр 2011 онд АНУ-д хэвлүүлжээ. Энэ удаад АНУ-ын Publishamerica  хэвлэх үйлдвэр 7 жилийн хугацаатайгаар хэвлэн борлуулахаар Д.Байгалмаатай гэрээ хийсэн байна. Ийм хэвлэлийн газрууд хүсэлт гаргасан хүн бүрийн номыг ингэж хэвлээд байдаггүйгээр барахгүй тодорхой шалгуураар сонгон авч гэрээ хийдэг аж. Мэдээж тэдний шалгуурын нэгэн шаардлага нь энэ номын “хүнд хэрэг болох” үзүүлэлт аж. Уг номыг худалдан авахыг хүсвэл “Google” Bagi Dagva  гэж ороод амьдарч байгаа улс
хотын онлайн номын вэб сайтуудаас ном хэлбрээр худалдан авах боломжтой бөгөөд Nook ба Kindle-ээр е-ном хэлбрээр худалдан авч болох аж.  Мөн Д.Байгалмаатай  өөртэй нь www.skyenergyonline.com болон facebook page руу нь орж холбогдож болно.

Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудаас олон ч хүмүүс өөрийн сурч мэдсэнээ бусадтай хуваалцаж, бусдын сайн сайхны төлөө зориулахыг хүсч байдгийн нэгэн жишээ нь Д.Байгалмаагийн энэ ном. Ном бүтээнэ гэдэг амаргүй. Амьдралын хэрэгцээгээ хангах гэж ажиллахын хажуугаар сэтгэл оюунаа нэгэн зүгт чилээж, олон ч эх сурвалжийг хайж олон уншиж судална гэдэг их цаг хугацааг шаарддаг. Хүмүүс өдрийн ажлаа тараад амарч амждаг бол ном бүтээх гэж зорьсон хүний сэтгэл хэзээ ч амсхийж амждаггүй. Тэр тусмаа бүсгүй хүн гэр орны барагдашгүй ажилд ч их цаг зарцуулна. Ингээд бодохоор Д.Байгалмаагийн хөдөлмөр зүтгэлийг үнэлэхгүй байхын арга үгүй. Бид ийм зүтгэлд талархаад, амжилт хүсээд зогсохгүй бичсэн номыг нь худалдан авдаг бол том дэмжлэг, их талархал, бага бус үнэлгээ. Худалдан авсан хэн боловч харамсахгүйгээр амьдралд хэрэгтэй мэдээллүүд энэ номонд бий. Ийм хугацаанд номоо  монгол англи хэлээр бүтээж АНУ-ын номын худалдааны сүлжээнд оруулж чадсанд тань баяр хүргэе, Байгалмаа. Энэ  ном тань оюун санааны их бүтээлийн эхлэл байх болтугай.

Номын цагаан буян дэлгэрэг.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2012-03-03

Share Your Thoughts