Монгол бүсгүйчүүд

…Эр нөхрөө тэнгэрт хальснаас хойш Өүлэн эх амьдралын хатуу нугачааг эр зориг хатуужлаараа гэтэлж, гагц үр хүүхдүүдээ л “хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэх” чин хүсэл өвөрлөж, өөрийн жаргалыг умартан, өдөр шөнийн ээлжийг сэтгэлийн хатаар давах аж. Хөвгүүдээ “хаан” болгох гэж бус ” хүн” болгох гэж зүтгэх сэтгэлийн чанадад зовлон жаргал, шаналал цөхрөл бүгд л байсан. Харгалдаж муудалцах бүрийд нь эвийг зангидах “5 сумны” зэвэнд нь эр зориг, хатуужил ухаарлыг шингээн байж шивших нь түүний л ухаан.
Хаан болж хамаг Монголыг захирах хөвүүнээ хар хэл атаа хорслоос сэтгэлээрээ халхалж, хааяадаа даварч алдах мөчид нь итгэлийн үгээр аргадаж, хатуурхаж омгорхох мөч бүрийд нь хөхний сүү, нулимсны дусал бүрээрээ чийглэн зөөлрүүлэх ухаан тэвчээр гагц түүнийх л байсан.

Хатууг зөөллөж, зөөлнийг ирлэн хурцлах бүсгүй хүний ааш гэдэг юутай ч зүйрлэшгүй гайхамшиг
…Зарлигаар авсан эр нөхрөө тэнгэрт хальснаас хойш, өчүүхэн биений нэгхэн заяа бус улс гүрний амин заяаны төлөө өөрийгөө золиослон байж, Монголын их гүрнийг удирдан дагуулсан хатан Мандухайн сэтгэлийн чанадад жинхэнэ монгол бүсгүйн омог бардам, зориг төгөлдөр чанар нь оршиж байсан. Монгол төрийн алтан аргамжааг тасалдуулахгүй гэсэндээ хүсэл шаналлаа цээжиндээ далдлан байж, хүний нүдний хороос омог бардам зайлан байж, хөөрхий биеэ таслан байж зүтгэх тэвчээр ухаан түүнээс өөр хэнээс гарсан гэж?
Хаан болж хамаг Монголыг ухаанаараа залах мөчид урсан гарах нулимсаа залгин нууж, бүсгүй заяагаа илд сумны үзүүр дор даатган, үр хөвүүддээ өөрийн хүсэл мөрөөдлөө шингээн байж алтан аргамжааг залгуулах аугаа дайчин чанар зөвхөн түүнийх л байсан.
Нэгэн зорилгын төлөө тууштай байж, хэний ч өмнө гудайдаггүй бүсгүй хүний чин зориг гэдэг юутай зүйрлэшгүй гайхамшиг.
…Нүүдэлчин амьдралын элдэв нугачаан дор ар гэрээ арчилж тордох, үр хүүхдээ ажилч хичээнгүй, тусч зөөлөн нэгэн болгох амаргүй ачааг үүрч явсан монгол бүсгүйчүүд. Аргал түүх мөчдөө бодол ухаанаа уралдуулж, айл саахалт буух нэгэндээ эвийн сэтгэлээр хандаж, сүү саалиа бэлтгэхдээ ерөөлийн бэлэгдлээр амталж байдаг нь монгол бүсгүйчүүдийн ааль.

Уур уцаарыг зөөлөн учирлалаар аргадаж, бууж мордох нэгэнд цайны дээжээр хүндэлж, уулга алдах бүрдээ хараал бус ерөөл урсгадаг цав цагаахан сэтгэл монгол бүсгүйгээс өөр нэгэнд бий гэж үү? Урт холын мөрөөдлөө учигтай зүүндээ шингээж, үр хүүхдийнхээ сайхан ирээдүйг сэтгэлийнхээ чанадад дээжилж, өрх гэрийнхээ тавиланг өөртөө үүрч даах сэтгэлийн хат тэвчээр монгол бүсгүйчүүдээс өөр хэнээс гарна гэж?
Цаг цагийн урсгалд үүртэж бухимддаггүй, урсах он жилүүдийн ачааг өөртөө үүрч чадах бүсгүй хүний тэвчээр юутай гайхамшиг.
…Ороо бусгаа цагийн энэ урсгалд элэгдэж эмтрэлгүй, гундаж цөхрөлгүй, гуньж суулгүй өөрөө эрслэн зорьж өрөөл бусдыг дагуулан үлгэрлэх өнөөгийн монгол бүсгүйн сэтгэлийн чанадад аугаа өвөг дээдсийнх нь омогшил нь бий, аливаад үүртдэггүй дайчин чанар нь бий, ачааны хүндийг үүрч чадах тэнхэл нь бий. Амьдралын нэгэн тулгуурыг ганхуулахгүй гэхдээ, арчаагүйдэж хэн нэгнийг царайчлахгүй гэхдээ, ачааны хүндийг бусдын нуруун дээр тохохгүй гэхдээ өөрөө л зүтгэж, тэвчиж, босч гайхуулдаг нь монгол бүсгүйчүүдээс өөр хэн гэж?
Бусдаас дутахгүй гэхдээ илүүрхэж, өнгө мөнгөнд уягдаж суулгүй, өөртөө найдаж, өөрөө хөгжиж чаддаг нь монгол  бүсгүйчүүдийн сайн чанар. Сурахдаа ч ажиллахдаа ч амьдрахдаа ч тэд хэнээс ч дутдаггүй. Ухаарахдаа ч учирлахдаа ч уучлахдаа ч тэд хэнээс ч илүү. Тэвчихдээ ч хүлээхдээ ч халамжлахдаа ч хэнийг ч дагуулахгүй.
Амьдарлын хүнд хэцүүг даван туулж, бусдын үлгэрлэн дагуулах монгол бүсгүйн жишээ юутай гайхамшиг.

ЭЭЖДЭЭ
…Нэгэн залуу, сайхан бүсгүйд сэтгэлтэй болжээ. Тэрээр түүндээ хэмжээлшгүй хайртай. Түүний юу хүссэнийг биелүүлэхийн төлөө бүхнээ зориулж чадна, гагцxүү чи минь намайгаа хэзээ ч бүү орхиорой хэмээн учирлан үглэнэ. Харин хорон санаат сайхан бүсгүй, ээждээ туйлаас хайртай тэр залууд ” Миний бие өвджээ. Гагцxүү ээжийн чинь зүрхийг л идвэл эдгэнэ гэсэн. Чи ээж бид 2-ынхоо хэнд хайртайгаа сонгох болж дээ” гэж хэлэв. Яах ч учраа олохоо больсон нөгөө залуу ээж дээрээ очиж энэхүү зовлонгоо учирлан байж ярьсан гэнэ. Хүүдээ хайртай ээж нь “хэрэгтэй бол миний зүрхийг ав даа” гэжээ.
Ээжийнхээ зүрхийг алган дээрээ барьж, хайртай эхнэр рүүгээ гүйж явахдаа тэр залуу яарч тэвдсэндээ шатны довжоон дээр бүдэрч унав. Өвдсөндөө шалбарсан хөлөө барилан зогсох мөнөөх залуу руу, газарт унасан ээжийнх нь зүрх ” хөөрхий үр минь өвдөж байна уу?” гэж асуужээ.
Дагестаны их яруу найрагч, бичгийн хүн Расул Гамзатовын “Миний Дагестан” нэртэй номон дээр ийн өгүүлдэг юм. Залуу байхдаа уншиж байсан энэхүү ишлэл өнөө хэр нь миний санаанаас гардаггүй юм.
Нээрээ ч бодох ахул бид заримдаа зөндөө л тэнэг зан гаргадаг. Тэр болгонд эх хүний “үрээ” гэсэн ууч сэтгэлийг анзаардаг бил үү? Гайхамшигтай сайхан хайр энэрэл, сүү шиг сэтгэлийнх нь тухай уяран хайрлан дуулдаг мөртлөө яг амьдрал дээр тэгж бодож хандаж чаддаг бил үү? Өвдөж зовох мөчид нь өөр шиг нь шаналж, өмнөөс нь өвдөж, тэвдэж чаддаг билүү?

…Х.Булганы “Ээждээ” нэртэй төгөлдөр хуурын аязыг сонсож байхдаа хөгжимчин хүний сэтгэлээс ямархан гайхамшигт аялгуу эгшиглэдгийг анзаарсан. Хөгжмөөр хүнийг аргадаж, учирлаж, уучлал хүсч болдгийг тэгэхэд л мэдэрсэн.

Ээждээ
Хөх өнгөтэй энэ орчлонд өвдчих вүү ээж ээ
Хөхний тань сүүгээр амилсан хүү тань
Таныгаа тэврэн аргадья
Чин сэтгэлээсээ хайрлан тэврэе
Гуниг жаргал ээлжилсэн энэ хорвоод
Хүүгээ бүү орхиорой
Гагц таныхаа өмнө сөгдөн
Хүү нь бурханаас гуйя
Саарал өнгөтэй энэ орчлонд зовчих вуу ээж ээ
Сүү шиг сэтгэлд тань амилсан хүү тань
Сөгдөн тэврэе таныгаа

Чин сэтгэлээсээ магнайг тань илбэе
Гуниг жаргал ээлжилсэн энэ хорвоод
Хүүгээ бүү орхиорой
Гагц таныхаа өмнө сөгдөн
Хүү нь бурханаас гуйя
Шаргал өнгөтэй энэ орчлонд шаналчих вуу ээж ээ
Жаргал дунд амилсан хүү тань
Шанхыг тань илье таныхаа
Жаахан зүрхэндээ мөрөөдөн жаргаая
Гуниг жаргал ээлжилсэн энэ хорвоод
Хүүгээ бүү орхиорой
Гагц таныхаа өмнө сөгдөн
Хүү нь бурханаас гуйя

Олон Улсын эмэгтэйчүүдийн өдөр МАРТ-ын 8 ны өдрийг тохиолдуулан бүх Монгол бүсгүйчүүддээ эрүүл энх байж, амьдралын баяр баясгаланг ямагт амталж, инээд хөөр баяр жаргалаар дүүрэн байхыг ерөөе.  Та нар үнэхээр мундаг шүү.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2011-03-06

Share Your Thoughts