Монгол дахь “оюутны ардчилал” ба “оюутан солилцоо”

…Монголд хавар хаврын уламжлалт “Хонхны баяр” болох гэж байгаа. Хамаг мөнгөө шавхан байж хийлгэсэн  гоёлоо өмссөн оюутнууд, хэдэн өдөр нийслэл хотыг өнгийн цэцэгс мэт чимэглэн, өнгө өнгийн автобус тансаг тансаг машинуудаар хотын захын амралтын газруудыг зорьж очин, дүүргэн дүүргэн найрлана. Зовлон гунигаа дарсаар даруулан байж үдэх, ирэх ирээдүйгээ хөлчүүрхэн байж угтах тэд, Монгол орны минь ирээдүй. Энэ л өдрүүдэд “нохой гурав харагдтал ууж”, сэтгэл зүрхээ мартан байж “нийлэлдэж” сургуулиа төгссөн баяраа “цэнгүүлнэ”. Аяа! Хавар цагийн уламжлалт “эрдмийн” бас “сүүлчийн хонхны баяр”, Монгол залуусыг ийнхүү ажил амьдралын алтан, мөнгөн, зэсэн, нүүрсэн хаалгаар хөтлөн оруулах нь юутай бахархалтай, бас юутай гунигтай.
…Өнгөрсөн зун Монголын 1200 шахам оюутан залуусыг АНУ-д “Оюутан солилцооны хөтөлбөр” гэдэг сайхан нэрээр, хэд хэдэн компаниуд Америкийн хилийг давуулан “хаяж”, Aтлантик хотод тэрэг түрүүлж, зочид буудалд угаалга хийлгэж, хулгай хийлгэж, биеийг нь үнэлүүлж “юм юм үзүүлж, нүдийг нь тайлуулсан” даа. Монгол оюутнуудыг ” юм юм үзүүлж, нүд тайлуулсан”ыхаа төлөө Монголын 4-5 компани “хагартлаа” баяжив. Үүнийг нь эсэргүүцэн илчилсэн бидний хэдэн нөхдийг аргадаж нэг, найрч нэг үзээд тусыг эс олсон тэд, оюутнуудыг Монголд очсон хойно нь “монгол арга”-аар зохицуулж чадсанаар, бидний өөдөөс хээв нэг хэлээ гаргаж, нулимж чадсан.
Америкт ухамсар нь сэргэж, эрх үүргээ мэдэрч буцсан хэдэн оюутнууд аав ээжээ үзээд эрхэлж нэг, арав таван цаас үзээд уярч нэг явсаар асуудал төгсөв дөө. Санаа сууж, аргаа нарийсгасан мөнөөх компаниуд энэ жил дахиад л Монгол оюутнуудыг Америкт “оюутан солилцуулж” нааш илгээж буй гэнэ. Энэ жил хэрхэхийг “тэр өдрийн тэнгэр мэдэх” буйз. Аяа! Өнгө мөнгөний золиос болсон Монгол оюутнууд минь.

Оюутны АРДЧИЛАЛ
…Лос-Анжелосийн “2010 оны шилдэг оюутан”-аар шалгарч байсан Ж.Өнөрбаяр яг энэ сэдвээр илтгэл тавьж, ном бичсэн байсантай би танилцсан юм. Тэрээр Монголд оюутны ардчилал алга байна гэж дүгнэсэнтэй би ч санал нийлж байна.
-1.Монголын оюутнуудад “СОНГОХ ЭРХ” алга. Сургуульд элсэж орсон түүнд, сургуулийн захиргаа ямар ангид, хэдэн өдөр, хэдэн цагт, ямар хичээл судлах, хэн гэдэг багшаар заалгахыг ч шууд “тулгана”. Тулгаад ч зогсохгүй үүнд нь хатуу хяналт тавьж багагүй “дарамтална’.
-Оюутнуудад багшаа сонгох эрх алга. Үүний уршгаар дургүй ч байсан багшдаа “зусардах” олон олон шалтгууд бий болдог. Багшийг “голох”, “сонгох” эрхгүй энэ байдал нь албадан сургалтын нэгэн хэлбэр болж хувирах төдийгүй, багш нарын өрсөлдөөн, өөрийгөө хөгжүүлж сурталчлах хүсэл боломжийг ч хааж орхино. Багшийн дарангуйллын энэ тогтолцоо нь багш нараа архидуулах, зусардан бэлэг сэлт өгөх, зарим тохиолдолд “биеэ үнэлэх” муу зуршлуудыг бий болгож байгаа нь ердөө ч нууц биш. Энэ нь ердөө л дүнгийн төлөөх хийрхлийг өгдөөж байгаа хэрэг юм.

-Оюутнуудад хичээлээ сонгох эрх алга. Дээрээс тулгасан хөтөлбөрийг хатуу мөрдөж, хатуу  шаардаж байгаа нь оюутнуудад “хуарангийн сургалт”-ыг тулгаж байгаа нэгэн хэлбэр юм. Оюутнуудад өөрийн сонгож авсан мэргэжлийнхээ дагуу өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгох ёстой. “Дургүй ламд дарж байж сахил хүртээдэг” энэ арга нь “сахил хүртээд шал дордов” гэдгийн үлгэр болох нь олонтой. Дургүй сонирхолгүй хичээлээ албадан үзэх гэж тэд мэргэжлээ сонгодоггүй. Мэдээж заавал судлах ёстой хичээлүүд байдаг хэдий ч, цаашид сайн мэргэжилтэн болоход өөртөө хэрэг болно гэж үзсэн хичээлээ оюутнууд өөрөө сонгож судлах боломжийг заавал олгож байх учиртай мэт.
-Оюутнуудад хичээллэх цаг болон сурах боломжоо өөрөө сонгох эрх алга. Шалгалт бол социализмын үед ч “хадны мангаа” буюу оюутнуудыг айлган дарамтлах “зэвсэг” байсаар ирсэн,
өдгөө ч байсаар байгаа аж. Шалгалт буюу дүн гэдэг дарамт л оюутнуудын өөртөө зорилго тавин, өөрөө хөгжих боломжийг хаасаар байна. Зорилгын төлөө бус дүнгийн төлөө сурдаг, мэргэжлийн төлөө бус дипломын төлөө сургууль сонгодог энэ байдал хэр удаан үргэлжлэхийг бид таашгүй. Их Дээд Сургууль бол оюутнуудаас өөрийгөө сорьж үзэх талбар, өөрийгөө хөгжүүлж болох боломж, бусадтай харьцуулан дүгнэж хэрээ мэдэх газар юм шүү дээ. Үнэхээр сурч чадахгүй л юм бол заавал ингэж өөрсдийгөө “тамлан”, хайран цагаа гарздах хэрэг юун. “Хорвоо дэлхий уудам хийх ажил зөндөө” л байна.

-2. Сургуулиудын хөгжилд ОЮУТНЫ ОРОЛЦОО алга. Сургалтын төлбөр гэж сургуульдаа төлсөн мөнгөө юунд зарцуулагддагийг захирлаасаа “хэрэгт дурлан” асуусан оюутан “энэ бол улсын нууц” гэсэн хариулт сонсоод өрөөнөөс нь хөөгдөн гарсан тухай сонссон. Сургалтын төлбөр нь юунд зарцуулагддагийг бүү хэл, яагаад жил болгон нэмэгдээд байгааг ч мэдэхийн аргагүйгээр “улсын нууц” болгон хувиргасан Боловсролын тогтолцоо өөр хаана байдаг бол?. Бэлнээр хурааж авч байгаа энэ их мөнгө, оюутнуудын сурах таатай нөхцөл болон номын сангийн фондод зарцуулагдахгүйгээр энд тэндхийн барилгын засвар, сургуулийн удирдлагуудын хувийн асуудалд зарцуулагдана гэдэг ариун явдал уу?
-Хэзээ мөдгүй Налайх хавьд баригдах гэж байгаа Оюутны хотхоны талаар шийдвэр гаргасан Засгийн Газар, Монголын оюутнуудаас санал асуусан юм болов уу? Энэ оюутны хотхон ямар байх, ямар өртгөөр босох, хичээллэх байр, суралцах нөхцөл, зорчих унааны асуудал бас Монголын оюутнуудад огт хамаагүйгээр “Улсын нууц”ын зэрэглэлд байдаг юм болов уу? Хэрэв тэгж үзвэл энэ хотхоныг Оюутнуудад бус Цэргийн зориулалтаар байгуулах юм байна хэмээн үзэж болох талтай.
Яг энэчлэнгээр оюутнуудын хүсэл сонирхлыг харгалзахгүйгээр өмнөөс нь асуудлыг шийдсээр байх ахул тэд хэзээ ч үзэл бодлоо илэрхийлж чаддаггүй, “эрх”-ийнхээ төлөө тэмцдэггүй, бухимдлаа дотроо нуусан, аялдан дагалдагчид болж хувирах болно. Ингэх нь хэнд ашигтай вэ?

-3.Улс орны амьдралд ОЮУТНЫ ДУУ ХООЛОЙ алга. Монголын оюутнуудыг улстөрийн элдэв жагсаал цуглаанд “мөнгөөр хөлсөлж” оролцүүлдаг байсан жишиг Н.Энхбаярын хаанчлалын үед бий болсон юм. Энэ ажиллагааг зохион байгуулдаг байсан хэсэг залуус өдгөө нилээд боломжийн албан тушаалд очсон байгаа. Монголын оюутнуудыг “оюуны өлсгөлөнд” орүүлчихаад “ходоодны өлсгөлөн”-гөөр нь тохуурхдаг нийгмийн бүдүүлэг хандлагыг тэд бий болгосон. Аль ч улс орны Төрийн удирдлагад хамгийн хүчтэй цочроо өгдөг байгууллага нь Оюутны эрх ашгийг төлөөлдөг, хамгаалдаг байгууллагууд бас оюутнууд өөрсдөө байдаг.
-“Монголын Оюутны Холбоо” гэдэг байгууллага өдгөө оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих унааны билетээр бизнес хийж суудаг, удирдах зөвлөл нь улс төрийн аль нэгэн бүлэглэлийн ашиг сонирхлын илэрхийлж, албан тушаал горьдож суудаг байгууллага болон хувирчээ. Оюутнуудын эрх ашиг зөрчигдсөн асуудлууд болон тэдний зөв сайн хөгжлийн төлөө дуу хоолой болохын оронд мөнгөөр жагсаал цуглаанд оролцуулах ажлыг зохион байгуулж байгаа тэднийг, оюутнуудыг “доромжилж байна” гэж үзэхээс өөрөөр юу гэж үзэх гэж?
-Өнгөрсөн жилийн “оюутан солилцооны” хөтөлбөрийг бизнес болгон хувиргасан үйлдлийн ард олон ч эрх мэдэлтэн, улстөрчид байгааг бид баримтаар нотолж, бичиг баримт бүрдүүлэн ТВ нэвтрүүлэг хүртэл хийж, засч сайжруулах санал өгсөн боловч огт тоогоогүй нь энэ байдлын нэгэн жишээ.

Яг энэчлэнгээр Монгол оюутнуудыг СОНГОХ ЭРХГҮЙ, ОЮУТНЫ ОРОЛЦООГҮЙ, ДУУ ХООЛОЙГҮЙ байдлаар АРДЧИЛАЛГҮЙ байлгаж, өнгө мөнгөний золиос болгон арилжиж, хүсэл сонирхлыг нь хайхрахгүйгээр  улстөрийн жагсаал цуглаанд мөнгөөр оролцуулан тохуурхдаг байдлаа зогсоох цаг иржээ. Энэ өөрчлөлтийг Монгол оюутнууд ч өөрсдөө нэгдэж эхлүүлэх хэрэгтэй байнаа.

Оюутнуудыг ХӨГЖҮҮЛьЕ
…Оюутны ардчиллыг гадаадын өндөр хөгжилтэй оронд суралцаж байгаа Монгол оюутнууд маш сайн ойлгох болжээ. Тэд энэ боломжийг ашиглан маш сайнаар хөгжиж байгаа. Үүнийг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад амжилттай суралцаж, өндөр үнэлэгдэж байгаа олон монгол оюутнууд нотолж байгаа. Тэд  энэ байдлыг бусдадаа ойлгуулж, санаа бодол туршлагаа хуваалцан, санаа бодлоо нэгтгэхийг хүсч байна. Энэ бол том дэвшил, бас сайн эхлэл. Үүнийг дэмжих хэрэгтэй байна.
…Чилид зэсийн маш том орд нээгдэж, гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглах болсон үедээ энэхүү баялгийн ашиг болж улсад орж ирсэн мөнгөнөөс залуусаа гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сургаж эхэлсэн гэдэг. Тэд уул уурхайн баялагаас орж ирж байгаа мөнгийг Чили орны хөгжлийн ирээдүй болсон залуусыг оюун санааны хувьд бэлтгэх санаачлага гарган хэрэгжүүлсэн нь их ч ухаалаг алхам болсон аж. Энд ухаалаг бодлогоос гадна маш их итгэл найдвар, урам зориг хамтад явж байгаа.

НАДАД САНАЛ БАЙНА.
– Өнөөгийн Монголын уул уурхайн баялгаас орж ирэх мөнгөнөөс Монголын залуусыг гадаадын өндөр хөгжилтэй орнуудын дэлхийд нэрд гарсан сургуулиудад сургаж бэлтгэх бодлого гаргаж хэрэгжүүлэхийг Монголын төрөөс шаардъя. Ингэхдээ маш нарийн бодлого баримтлах ёстой.
1. Монгол орны улстөр, эдийн засаг, боловсрол, анагаах ухаан, мэдээлэл гэхчилэн салбар болгоныг нарийн тооцож ямар мэргэжлээр хэдэн оюутныг ямар сургуульд суралцуулахыг төлөвлөнө.
2. Суралцах оюутнуудыг сонгохдоо маш нарийн шалгуураар олон нийтийн өмнө нээлттэй байдлаар сонгох хэрэгтэй. Энд хэн нэгний эрх ашиг гэхээсээ улс орны ирээдүй болон эрх ашгийг онцгой анхаарах ёстой.
3. Суралцахаар сонгогдсон оюутнуудтай Монголын ЗГ хатуу гэрээ хийж, бүх зардлыг нь 100% дааж /гэхдээ санхүүжилтыг зөвхөн уул уурхайн орлого, ашгаас хийх/, гэрээний хариуцлагыг хатуу шаардан хянаж байх боломж бий. Гэхдээ энд дарамт гэхээсээ харилцан ойлголцсон хариуцлагыг тулгуур болговол зүгээр.
4. Адил мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд хоорондоо танилцан нэгэн баг болж бие биенээ дэмжин хамтран амжилттай суралцах боломжийг олгох нь үр дүнд хүргэх байх. Тэд энэ чиглэлээрээ амжилттай суралцсанаар Монголын нийгэмд бодлого боловсруулах чиглэлийг илүүтэй баримтлах юм.

5. Жилд 100-аас доошгүй оюутнуудыг энэчлэнгээр сонгохдоо 50%-ыг нь одоо гадаадад суралцаж байгаа оюутнуудаас сонгох, үлдсэн 50%-ыг нь сонгон шалгаруулах замаар сонгох нь илүү оновчтой байж болох.
6. Нэгэнт ЗГ-ын тэтгэлгээр хийгдэх ч гэсэн, энэ бол Монголын ирээдүйн том хөрөнгө оруулалт учраас ямар оюутнууд сонгогдсон болон хэрхэн суралцаж байгаа мэдээлэл олон нийтэд ил тод байх нь хаа хаанаа хариуцлагаа ухамсарлахад их ч хэрэг болох юм.
…Өдгөө Монголд минь уул уурхайн халуурал дэгдэж, хэн нь илүү завших вэ? гэсэн далд уралдаан явагдаж байна. Түрүүлж завшсан зарим нь мөнгөө барьж ядан морь уралдуулан зугаацаж, нүглээ нууж ядан суварга босгон “буян хийж” , ламаар араа даалгаж буй. “Дэмбэрэл юм үзээгүй юм болохоор” баярласандаа зарим нь бархирч, бас ТӨРД орж мөнгөө эргэлдүүлэн арвижуулахыг хүсч байна. Энэ бүхэн олны нүдэнд дээр “даравч дардайж, булавч бултайж” байгаа болохоор л олон нийтийн бухимдлыг төрүүлэх шалтаг нь болж байгаа.
Харин бид энэ халуурлын МАНАН дунд арай ухаалаг алхмуудыг хийж л байх хэрэгтэй байна. Ядаж л дуугарч, дуу хоолойгоо нэгтгэж байх хэрэгтэй байна. Тэр тусмаа Монголын ирээдүй болсон оюутан залуусын төлөө. Өнөөдөр бид газрын баялгаа уралдан уралдан “идэж” дуусах дор “бидэнд  юу үлдэх бол?” гэж бодож байх нь хэрэгтэй сэн.

Төгсгөл
…Сургууль төгсөх шалгалтууд, Их Дээд Сургуулийн элсэлтийн шалгалтууд бас олон олон “хонхны баяр”-ууд айсуй. Хавар цагийн их нийллэг. Харин энэ бүхний дараа амьдрал үргэлжилдэгээрээ л үргэлжилнэ. Дараагийн шатны сургууль эсвэл шинэ ажил гээд асуудлууд ар араасаа ундарна.
Энэ их баярын ачаар албан газрынхаа ямар нэгэн арга хэмжээнд “найранд 3 дугараатай бас дуутай” давгүй мэргэжилтэн болохоо нотлох завшаан зөндөө л олддог. Тэгж байгаад хуучирна даа. Хааяадаа даргадаа тал засахаа ч мэддэг болно. Нэг л мэдэх дор Оюутны амьдрал дурсамж болон бүдгэрч, хааяадаа “сайхан ч байж дээ?” гэж бодох дор өөрөө ч мэдэхгүй санаа алдаж орхих аж.
…Энэ жил “Оюутан солилцооны хөтөлбөр” -өөр зөндөө л олон оюутнууд Америкт ирж байгаа гэсэн. Саяхан нэгэн арга хэмжээн дээр Монголоос ирсэн “албаны  бололтой хүн”, Монголын залуусын хүсэл мөрөөдлийн дээд хязгаар нь Америкт ирэх хүсэл бoлжээ гэж ярьж байна билээ. Хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн далавчилсан олон Монгол залуус хамаг мөнгөө барьцаалан байж, Америк оронд модны навчис мэт ихээр хөглөрөх мөнгийг түүхээр айсуй. Сайхан амлалт, сайрхуу сурталчилгаагаар тэдний мөнгийг авч баяжиж байгаа зуучлагчид нь энэ жил арай хүн чанартай байгаасай гэж л найдахаас. Тэдний зарим нь энд үлдэнэ. Зарим нь буцна. Уг нь толгойдоо ухаарал авч байвал бага ч гэсэн ололт юм уу даа гэж бид сэтгэлээ тайтгаруулна.
Аяа! ардчилалын сүүмгэр МАНАН дундаас сүүмэлзэн харагдах Монгол оюутнууд минь!
Уг нь Монголын ирээдүйн  хөгжил та нарын гарт л байгаа юм шүү дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-05-17

Share Your Thoughts