Монгол оронд байгаль орчин сүйдэж байгаа юу? \цуврал-02\

…Америкт намайг үнэхээр гайхуулж, бишрүүлдэг зүйлийн нэг нь байгаль орчноо хамгаалах, түүний унаган төрхийг хадгалж чаддаг тогтолцоо. Аль нэгэн газар дээр барилга барих эсвэл ямар нэгэн байгууламж байгуулахын тулд, эхлээд тэрхэн зайг нь маш сайнаар цэвэрлэн бэлтгээд, хашиж хамгаалан байгууламжаа барина. Байгууламжаа барьж байгуулах бүх л явц нь цаг хугацаатай хэрнээ, маш хатуу хяналт дор явагддаг. Байгууламж баригдаж дууссаны дараа тэр орон зай дээр хуучин ямар л байсан тэр хэвээр нь байгалийг нь нөхөн сэргээдэг зарчимтай.
Энэ бүх үйл ажиллагаа нь улс орон даяар стандарт болон хэрэгждэг болохоор зөрчих, өөрчлөх ямар ч аргагүй. Байгаль орчныг сэргээхэд зориулсан олон ургамлын үр, бордоо болон багаж хэрэгслэл нь том дэлгүүрүүдэд байнга байх. Энэ нь жирийн иргэдийн зүгээс ч өөрийн хашаа байшин, эдэлбэр газартаа төрөл бүрийн мод болон цэцэг жимс, олон төрлийн ургамал тарих хүслийг нь төрүүлж дэмждэг нэгэн боломж нь юм. Заавал уриалга гаргаж, нэрэмжит өдрүүд зарлаж, коммунист субботник зохион байгуулахгүйгээр байгальд дуртай болох, байгалийг хайрлан хамгаалж, ургуулж арчлах хүсэл сонирхлыг ийм байдлаар бий болгож болдог аж.

Нэг. Байгалын тэнцвэр
… Байгаль гэдэг хүмүүн биднээс огт хамаарахгүйгээр өөрийн гэсэн гайхамшигт зохицолдоотой.

Үлгэрийн юм шиг тэр л гайхамшигт ертөнцөд ургах ургамал, урсах гол ус, хөрс шороо,амьдрах амьтан, хорхой шавьж, тэр ч байтугай бие биенээ үржүүлэх, устгах нөхцөл нь хүртэл зохицолдон бий болдог аж. Энэ бол байгалийн шалгарал болон тэнцвэр юм. Энэ тэнцвэр нь хадгалагдаж байх ахул, тэр байгаль үзэсгэлэнт үзэмжээрээ гайхуулан бусдын сонирхлыг байнга татдаг.Харин энэ тэнцвэр нь алдагдах дор, байгаль орчин сүйдэж, өнгө үзэмжээ алдаж, амьтан ургамал нь мөхөж, хүмүүс дайжин холддог.
Социализм коммунизмын бүтээн байгуулалт нэрийн дор “Уулыг эргүүлж, усыг өөрчлөх” залуусын их хөдөлгөөн олон сайн зүйлс бүтээсэн ч, олон ч гай гамшиг авч ирсэн. Байгалыг ялан өөрчлөх биш, байгальдаа зохицон амьдардаг байсан монгол ухаан ямар аугаа зүйл байсан нь өдгөө улам бүр тодорсоор…Харин бид өнөө цагт байгаль орчноо улам улмаар сүйтгэж, тэнцвэрийг нь алдагдуулсаар…Юутай мунхаглал, юутай гамшиг билээ.

1. Алт ба авдар
…Монгол Улсын анхны ерөнхийлэгч П.Очибатын санаачлагаар тэртээ цагт эхэлж байсан “Алт” хөтөлбөр, ямар ч бодлого хяналт үгүйн гайгаар, учир замбараагаа алдаж, одоо зэс, нүүрс, ураны хөтөлбөр болон өргөжиж, улам улмаар Монголын байгаль орчныг сүйтгэж байна.
Алтыг шороон болон үндсэн ордоос олборлохын тулд хөрс хуулж, уг хөрсийг өндөр даралтын усаар угааж, алтыг ялган авдаг технологи олон жил хэрэгжсэн. Үүний улмаас эрүүл хөрсийг хуулж, ойр орчим байгаа гол болон урсацыг боож, нөөц болгон ашиглах ба хэрэглэж ашигласан усаа буцааж урсгал ус руу урсгах нь нийтлэг байгаа. Эндээс л урсгал ус бохирдох, ундны зориулалтаар ашиглахад тохиромжгүй болох нь олонтаа.
Алтны ордыг ашиглахаас өмнө “Байгаль орчны үнэлгээ” хийлгэх хуультай бөгөөд, энэхүү үнэлгээнд уг газрыг ашиглахаас өмнөх үеийн байгалын тогтоцыг нэг бүрчлэн гаргаж, ашиглалт дууссаны дараа яг энэ байдалд нь эргүүлж оруулах зорилгоор “нөхөн сэргээлт” хийх үүргийг хүлээлгэдэг. Өөрөөр хэлбэл алт олборлож олсон ашгаасаа тодорхой хувийг “нөхөн сэргээлт” хийхэд зарцуулж, уг байгалыг хуучин төрхөнд нь оруулах ёстой гэсэн үг.
Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудын энэ үүргээ биелүүлдэггүй байдлаас болж л Монголын байгаль орчин эргэн сэргээгдэхгүй, сэглэгдэж үлдэж байгаа юм даа. Нөхөн сэргээлт заавал хийх үүргээ биелүүлээгүйгээс л энд тэндгүй ухсан нүх, суваг шуудуу, хөрсний овоолго үлдэж хүн, малд тааваар амьдрах боломжийг үгүй болгож байна. “Алтыг нь аваад авдрыг нь хаядаг” муухай жишиг Монгол оронд минь ноёрхож байна.
Энэ үүргийг хэн хүлээж, хэн хянаж, үүний төлөө хэн хариуцлага хүлээх учиртай юм бол?

2. Нинжа ба “хүн харх”
…Moнголд олборлолт явуулдаг уул уурхайн компаниудын ийм хайхрамжгүй, хуулийг биелүүлдэггүй, хэнэггүй байдал нь, амьдрах аргаа хайж ядан яваа жирийн иргэдэд муу үлгэр үзүүлж, тэднийг ч ийм байдал руу түлхэж байна. “Би ч бас Монгол Улсын иргэн, энэ баялгийн эзэн нь. Тэдэнтэй л адилхан байгалын баялгийг хүртэх эрхтэй” гэсэн барьцах сэтгэлгээгээр олон ч иргэд, амьдралаа залгуулах зорилгоор хувиараа алт, жонш олборлох, нүүрс зөөх ажлыг хийж буй. Тэднийг ” нинжа” гэж нэрлэдэг нь бараг л Бат гэдэгтэй адил шахуу болж дээ.
Тэд гар аргаар алт олборлохдоо мөнгөн усыг ихээр хэрэглэж, энэ хэрэглэсэн усаа урсгал усанд асгаж орхидог нь, судал хайж ухаж төнхсөн газар шороогоо хэзээ ч булж, даралгүй хэвээр орхидог нь Монголын байгаль орчин сүйдэхэд багагүй нөлөөлж байгаа. Тэд зөвхөн авахын тулд газрыг нүхлэж, тэсэлж, онгичиж байгаа нь эгээ л харх аятай. “Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олдоггүй” гэдэг хэллэгээр, тэд хэзээ ч байгаль орчинд санаа зовж нөхөн сэргээлт хийдэггүй. Тэдний сэтгэлд “Задарсан тэднийгээ яаж ч чадахгүй байж, ядарсан намайг яаж чадах юм бэ?” гэсэн барьцах сэтгэлгээ байнга эргэлдээстэй.
Барьцах сэтгэлгээний өмнө хууль хүчгүйдэж, хүчгүй хуулийн өмнө байгаль орчин сүйдэн гасалж байна. “Эх орон минь” гэж хоосон цээжээ дэлдэж, хуурай нүдээ нухлах атлаа, эх орноо хайрлан хамгаалах сэтгэлээ огоорсон бид хэзээ ухаан орж, хэзээ эх орондоо эзэн сэтгэлээр хандаж сурах юм бол?

3. Тодорхой бодлогын золиос
…Монголын байгалын баялаг болон амьтан ургамал тодорхой хугацаанд харийнханд худалдагдаж, ашиг олох зорилгоор хэт ихээр сүйтгэж, байгаль экологийн тэнцвэрийг нь алдагдуулсан жишээ зөндөө. “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг” гэдэгчлэн өнөө л болж байвал, маргааш юу болох нь огт хамаагүй мэтээр авирласнаас бид хичнээн баялгаа гадагш нь худалдав. Худалдаж арилжиж үгүй болгосны эцэст, илүү өндөр үнээр хожмын цагт эргүүлэн худалдаж авах байдалд хүрэхэд дөхөж буй. Юу юунаас илүү, энэ байдлын улмаас Монголын байгаль, амьтан ургамлын тэнцвэр алдагдаж, сүйрэлд ойртуулж буй.
Ямааны ноолуур, бугын чив, хүдрийн заарь, хэрэмний арьс, тарваганы арьс, самар гээд хичнээнээр бид урагш зөөн худалдав. “Хөөрхий хэн нэгний амьдрал сайжирч байвал болж л байна. Монголын баялаг барагдах биш” гэдэг сэтгэлгээгээр бид өөрсдийгөө өөгшүүлж, бусдыг өмөөрч байхдаа эх орноо гэж бодож байсангүй. Энэ бүхнийг худалдаж олж буй мөнгөөрөө эх орноо худалдаж буйгаа бид анзаарахгүй.
Яг анзаарч ажих ахул, энэ бүхэн нэгэн том бодлогын золиос мэт. Харь гүрэн нэгэн бодлогоор Монголын баялаг бүхэн руу аажим аажмаар гэтэж, бидний арчаагүйдэл, мунхаглал, шунал дээр дөрөөлөн биднээс хэрэгтэй болгоныг салган холдуулж буй. Нэгэн цагт энэ бүхнийгээ эргүүлэн олж авах гэж үүнээс их мөнгийг зарцуулах аваас хэн хожиж, хэн хохирох бол?

Хоёр: Зарим баримтууд
1. Хууль:
“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”  2009 оны 07 сарын 16 ны өдрийн Монгол Улсын Их Хурлын 55-р тогтоолд:
1. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг энэ тогтоолыг батлагдсанаас хойш 3 сарын хугацаанд авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай:
1. Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэхэх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын геологи, уул уурхай, газрын кадастрын бүртгэл, мэдээллийг шинэчлэн гаргасны үндсэн дээр эдгээр газрын хилийн заагийг тогтоож, олон нийтэд мэдээлэх:
2. гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийн дотор үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөцшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашигт малтмалын тухай болон байгаль орчныг хамгаалах хууль тоогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, дүнг Улсын Их хуралд танилцуулах.

2. Усны тооллого:
Монголын гол горхи, булаг шанд, нуур тойром, рашааныг 4 жил тутам тоолдог гэнэ.
2004 оны тооллогоор:                                                               2007 оны тооллогоор:
-гол горхи                тоологдсон 5230                                      тоологдсон  5128
ширгэсэн       702                                       устай             4276
-булаг шанд             тоологдсон 9636                                       тоологдсон  9306
ширгэсэн     1478                                       устай             7029
-нуур тойром           тоологдсон 4051                                       тоологдсон  3747
ширгэсэн       760                                        устай             2566
-рашаан                   тоологдсон    374                                       тоологдсон  429
ширгэсэн          10                                       устай              369
Одоо 2011 онд тоолох ёстой гэнэ.
3. Ишлэл:

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалын Нөөцийн газрын мэргэжилтэн С.Эрдэнэцэцэг сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа:
-Уул уурхайн олборлолт болон бусад үйл ажиллагаанаас эврдэлд орж орхигдсон газрын тооллогыг 2009-2010 онд 15 аймгийн нутагт хийсэн. Тухайлбал 2009 онд Архангайд 449.4, Хэнтийд 402.1. Өвөрхангайд 561.9, Баянхонгорт 708.9, Өмнөгөвьд 75, Дорноговьд 28 буюу нийт 434 нэгж талбарт 1872.1 га газар эвдрэлд орж орхигдсон байна.
2010 онд Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Говь-Сүмбэр, Дундговь, Сүхбаатар зэрэг 6 аймгийн 14 сумын 51 нэгж талбарт 1422.15 нийт 9 аймгийн 21 сумын 81 нэгж талбарт 2112.45 га газар эвдрэлд орж, нөхөн сэргээлгүй орхисныг тогтоолоо.
БОАЖЯ-ны тойм судалгаагаар 1990 оноос хиош уул уурхайн олборлолт явуулсанаар нийт 15000 га газар эвдрэлд орсныг тогтоосон. Үүнээс 4000 орчим га-д нөхөн сэргээлт хийсэн байдаг.   /www.sonin.mn/
Гурав. Байгаль хамгаалагчид ба сүйтгэгчид
-Яг үнэндээ дээр дурдсан жишээнүүдээр Монголд байгаль хамгаалах чиглэлээр хэрэгжих учиртай хууль тогтоомжууд  огт хэрэжгдэггүй, эдгээр хуулиуд цаасан дээр л байдаг нь нотлогдож байна. Байгалийн баялаг болон газрын хэвлийн баялаг нь эрх мэдэлтэй, хязгааргүй шуналтай улстөрч эрхмүүдийн их мөнгө олох боломж нь болж байгаад хамгийн гол гай нь байгаа юм. Өмнөх нийтлэлд дурдсан газар нутгийн лицензийн наймаа, олон олон алтны болон бусад  уурхайн нууц эзэд нь УИХ-ын гишүүд болон ЗГ-ын гишүүд, эрх мэдэлтэй улстөрчид байгааг ил гаргаж тавих цаг нэгэнт болжээ.

Тэд л олох ашгаа нэмэгдүүлэхийн тулд ашиг орлогоо нуун дарагдуулж, татвараас зайлсxийж, алт зэсийн хууль бус наймааг хөгжүүлж, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийхгүйгээр байгаль орчныг сүйтгэж байгаа. Тэд энэ байдалдаа огтхон ч сэтгэл зовохгүйгээр барахгүй, ийм байдлыг Монголд жишиг болгон тогтоож байгаа нь Үндэсний Аюулгүй Байдалд муугаар нөлөөлөх хэмжээнд хүргэж байна. Үгүй гэж үү?
-Монголын Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам гэдэг төрийн байгууллага чухам юу хариуцаж, юу хийж байгаа нь нэг л ойлгомжгүй. Яг үнэндээ дээр дурдсан хууль бус бүх л үйл ажиллагаа энэ Яамтай салшгүй холбоотойгоор барахгүй, хийж хэрэгжүүлэх үндсэн ажил нь энэ юм. Гэтэл тэд шонхор шувууны наймаа, ховор амьтад агнах зөвшөөрөл төдийгээр л бизнес эрхэлж суугаа мэт. Салбарын сайд Гансүх нь Оюутолгойн гэрээтэй зууралдан нэрээ барахаас цаашгүй. Үе үеийн ЗГ-т энэ салбар нь эрх мэдэл, ашиг орлого олох боломжоороо олон ч хүмүүсийн сонирхлыг татаж, тэдэнд хэрэг болж ирсэн. Гэтэл гол үр дүн, үзүүлэлт нь болох монгол орны байгаль орчин сүйдэж, бусдын ашиг сонирхлын золиос болсоор байх гэж үү?
Байгаль Орчин Хамгаалах Яамтай атлаа ийм байж болно гэж үү?
-“Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” нэртэй Ц.Мөнхбаяраар ахлуулсан ТТБ, Монголын байгаль орчныг хамгаалахын төлөө чадах бүхнээрээ тэмцэж буй. Тэд хэрэгждэггүй хуулийн эсрэг, гадаадын  хөрөнгө оруулалттай “Пураам”, ” Sentra Gould” компаны тоног төхөөрөмж руу буудсаныхаа төлөө өдгөө хуулийн өмнө шалгагдаж буй гэнэ.
Яг үнэндээ тэд л ” Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг боловсруулж, УИХ-д оруулан батлуулах ажлыг санаачлан хийсэн юм билээ.
Тэд л “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийг хэргэжүүлэхийг ЗГ-аас шаардан тэмцэж буй юм билээ. Асуудалд хийрхэлээр бус, хуулийн заалтаар хандаж байгаагийн төлөө тэднийг дэмжүүштэй. Хэлэлцэгдэн батлагдсан мөртлөө, хэрэгждэггүй хуулийн заалт бүрийн төлөө тэд тэмцэж байна. Тэд Монгол Орны байгаль, түүний баялгийг хамгаалахын төлөө, бидний эх болсон газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө чадах бүхнээ л хийж байгаа.

Тэднийг зөв сайнаар дэмжих ахул, нэгэн шинэчлэлийн эх болох буйз.
-Монголын ШУА-ийн ботаникийн Хүрээлэнгийн захирал, доктор профессор, академич Дугаржав гуай, Сүхбаатар аймгийн Дарьгангийн нутагт орших “Шилийн Богд”-од сүүлийн 10 жил мод тарьж байгаа гэнэ. Ямар ч уриа лооозонгүйгээр, ямар ч шагнал урамшуулалгүйгээр чин сэтгэлээсээ, өөрийн боломжоор энэ ажлыг хийж байгаа. Тэр хүний туйлын хүслэн нь, монголчуудын шүтээн болсон, наран мандахыг анхлан харваас эр хүний хийморь нь сэргэдэг гэгддэг Шилийн Богд ууланд ойн зурвас байгуулах  явдал.  Бараг харандаан чинэ үрслүүрийг анх суулгаж байсан нь өдгөө 3-4 м өндөр ургаж байгаа аж. Анхнаасаа хэн ч итгэж дэмждэггүй байсан бол, хөдөлмөрийнх нь үр дүнг харж мэдэрсэн олон хүн одооноос дэмжиж байгаа гэнэ.
Хийж байгаа ажлаа дуулиан шуугиан болгож, өөрийгөө дөвийлгөлгүйгээр бүтэн 10 жил гагц үүний төлөө өөрийн сэтгэл зүрх хөдөлмөрөө зориулж байгаа Дугаржав гуай, Улаанбаатарын Буянт-Ухаагаас хот руу орох замын хажуугийн олон моддыг ч суулгасан төдийгүй, Богд уулын нэг аманд хүртэл мод тарьжээ. Модыг хавар бус намар суулгадаг. Суулгасан моддоос өвлийг тэсч чадаад хавартай  золгож, нахиалж чадсан нь цаашдаа найдвартай ургадаг гэнэ. Байгалийн шалгаралд нь шалгуулж байж, байгальд нь үлдээдэг их ухаан.
Хаврын хаварт дуулиан болгон мод суулгах төдий, бөөн уриа лоозон, магтаал урамшуулалын дунд ямаандаа идүүлж дуусгаад, дараа жил нь дахиад л мод тарих хөдөлгөөн өрнүүлдэг бид энэ хүний хөдөлмөр зүтгэлийн тухай мэдэх билүү? Хаа сайгүй хөрс хуулан хэвээр орхиж цөлжүүлж буй дор, нэгхэн хэсэг газар ч мод тарин ойн зурвас байгуулж буй зүтгэлийн үнэ цэнийг ойлгож ухаарч чадах билүү бид? Гадаадад ажиллаж амьдарч байгаа олон монголчууд бид, энэ хүнийг дэмжиж, өөрсдийн гэр бүлийн модоо энэ газарт тарьж ургуулбал юутай сайхан.
Энэчлэнгээр бидний мэдэх мэдэхгүй олон монголчууд Монгол орны байгаль орчны бохирдол, сүйтгэлийн эсрэг чин сэтгэлээсээ дэмжиж чадах бүхнээ хийж байгаа. Энэ бүхэн нэгэн цагт бүх хүний дэмжлэг талархлыг хүлээх л болно.

Төгсгөл
…Зөнбилэгчид болон лам бөөг шүтэж, амьдрал хувь заяагаа даатгах дуртай монголчуудын төлөөлөгчид Оросын зөн билгийн тулааны ялагч Мехтигээс “яаж хөгжих” тухай асуухад, тэрээр “Монголчууд та нар эх орон, газар шороогоо л чин сэтгэлээсээ хайрлан дээдлэ. Атга шороогоо ч хайрлан хамгаалж чадвал та нар хөгжих болноо” гэж хариулсан.
Илүү дутуугүй чин үнэн энэ.  Энэ газар шороо, эх нутаг, байгаль орчинд хамаагүй нэг ч монгол хүн үгүй. Энэ бүхэн Монголчууд бидний эх орон. Энэ эх орны минь атга шороо, балга ус, ширхэг өвс ямар үнэтэй байх нь зөвхөн биднээс л хамаарна.
Бид эх орондоо хайртай гэж хоосон хашгиралгүй, эх орноо өчүүхэн ашиг сонирхлын төлөө худалдаж, арилжиж, өчүүхэн сэтгэлийн мунхаг золиос болгогчидтой тэмцэх хэрэгтэй байна.
Эх орныхоо байгаль, амьтан ургамал, уул ус, хөрс шорооны бүрэн бүтэн байдлын төлөө тэднээс хариуцлага нэхэж, тэднийг өөрчлөх хэрэгтэй байна. Монгол оронд хууль хэрэгждэг, монголчууд эх нутагтаа эзэн байж чаддаг, эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө хэн боловч чин сэтгэлээсээ зүтгэл гаргаж чаддаг тогтолцоо хэрэгтэй байна.
Энэ бол зөвхөн монголчууд бидний эх орон, халуун дулаахан өлгий, бидний таавар тарвалзах орон зай. Энэ орон зайд зөвхөн бид л бидний үр удам л эзэн нь байх ёстой. Өөр хэн ч биш.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-01-22

Share Your Thoughts