“МОНГОЛ СУДЛАЛ” БЕРКЕЛЕЙН ИХ СУРГУУЛЬД \үргэлжлэл\

АНУ-ын БЕРКЕЛЕЙ ДАХЬ КАЛИФОРНИЙН ИХ СУРГУУЛьД МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВ БАЙГУУЛАХ ЗОРИЛГООР МОНГОЛ ХӨТӨЛБӨР ЭХЭЛСЭН ҮЙЛ ЯВДЛЫГ ТЭМДЭГЛЭСЭН Э\Ш НИЙ ХУРАЛ БОЛОН БУСАД АРГА ХЭМЖЭЭНҮҮД:

9 сарын 26 ны өдөр Беркелейн Их Сургууль дээр “Мэдлэгийн археологи: Монголын эд өлгийн болоод архивийн шинэ олдворууд” сэдвээр Эрдэм шинжилгээний бага хурлыг “Зүүн Азийн Судалгааны Хүрээлэн”, “Монгол Сан”, Сан-Франциско  дахь Ерөнхий Консулын Газар  хамтран зохион байгууллаа. Энэ хуралд тавигдсан илтгэлүүд:

“Монгол дахь археологийн шинэ нээлтүүд”

1. “Хүннү үеийн эртний олдворууд”  Д.Эрдэнэбаатар  \Улаанбаатар Их Сургууль\
2. “Орхоны хөндий дэх эртний нүүдэлчин монголчуудын 2 хотын олдворууд”  У.Эрдэнэбат  \ МУИС\
3. “Эртний нүүдэлчин Монголчуудын Торийн үеийн судалгаа”  Б.Наран \Independent Scholar\
4. “Тарвагатай хөндий дахь Монголын хүрлийн үеийн харьцуулсан судалгаа”  Б.Жаргалан  \Yale University\

“Бурханы шашны нээлт дэх сүүлийн үеийн эх сурвалжууд”

1. “Беркелейн Их Сургууль дахь Монгол судлал”  Patricia Berger  \UC Berkeley\
2. “Татаруудын там буюу буддын шашны “нүгэл” -ийн талаарх монголчуудын ойлголт”  Brian Baumann  \UC Berkeley\
3. “Молом тойны судар” дахь монгол гар бичмэл тайлбар”  Vesna Wallace  \UC Santa Barbara\
4. “Гэсэр хааны судалгааны талаарх харьцуулалт” Matthew King  \UC Riverside\
5. “Монголын Буддийн шашны археолог болон Монголын урлаг дахь Зонкхавын зураг дүрслэл” Ц.Уранчимэг  \UC Berkeley\
6. “Оросын хаант улсын Гадаад Хэргийн төв архив дахь 8-р Богд Жавзандамба хутагтын тэмдэглэл” О.Батсайхан  \ШУА\

Энэ бага хуралд Сан Франциско дахь Ерөнхий консул Д.Баярхүү, Монголын ЗГ-ын Монгол Судлалын үндэсний Зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар, “Зүүн Ази судлалын хүрээлэн”-гийн захирал  Kevin O Brien, “Монгол Судлалын Төв”-ийг санаачлагч Ц.Уранчимэг нар оролцож, Беркелей дэх Калифорнийн Их Сургуулийн профессор Patricia Berger, Индианагийн Их Сургуулийн Евроази судлалын төвийн багш, профессор Chris Atwood, Беркелей дэх Калифорнийн Их Сургуулийн Төвд судлалын профессор Jacob Dalton  нар хурлыг удирдан явуулав.

Дэлхийд нэртэй сургуульд монгол хэл зааж эхлэн сургалт судалгааны Монгол хөтөлбөр эхэлж байгааг тэмдэглэх зорилгоор Сан Франциско хотноо зохион байгуулагдсан Азийн Долоон Хоногийн хүрээнд Монголын соёл урлагийг сурталчлах 3 төрлийн арга хэмжээг Монгол Сангаас зохион байгууллаа:

-9 сарын 26-ны орой Монголын соёлыг сурталчлах уйл ажиллагаа болж, Монголын үндэсний хоол хүнсийг “Бөмбүүлэй Бэйкэри” ивээн тэтгэж, Бэй Ариагийн монголчууд, Монголыг сонирхон дэмждэг америкчууд оролцов. “Монгол Сан”-гаас зохион байгуулсан уг арга хэмжээнд Бэй Ариагийн Монголчуудын Холбоо, Оюутан Залуусын Холбоо оролцож, “Гэр” төвийн бүжгийн багш Д.Батзориг, найруулагч Ц.Төмөрчөдөр, уран нугараач Б.Сэрчмаа нар авьяаслаг шавь нараараа бие даасан томоохон тоглолт хийж сонирхууллаа. Энэ санд хуримтлагдсан мөнгөөр Беркелей Их
Сургуульд цуглуулсан  монгол номнуудыг каталогижуулах, АНУ-д суралцаж буй Монгол оюутнуудад тэтгэлэг олгох олон үйл ажиллагааг санхүүжүүлэх зэрэг зорилготой юм билээ.

-10-р сарын 4 ний өдрийн 12 цагаас Бэй Ариагийн монгол зураач, уран бүтээлчдийн анхны хамтарсан үзэсгэлэн зохион байгуулагдсан юм. Уг үзэсгэлэнд уран хайчилбарч МУСТА С.Төрбурам, зураач С.Тамир, зураач Б.Энхбат нарын уран бүтээлүүд үзэгч олны хүртээл болсон юм.

-10 сарын 6 ны 13 цагаас ахмад уран бүтээлч С.Төгс-Оюун, Италийн Венец хотноо уран бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулж байгаа Ж.Мөнхцэцэг, Нью-Йорк дахь Pollock-Krasner сангийн шагналт, Австралийн Asia Pacific Trienalle-д үзэсгэлэнгээ гаргаж байгаа уран бүтээлч Б.Номин зэрэг эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн Калифорнийн Их Сургууль дээр нээгдсэн юм.

* “МОНГОЛ СУДЛАЛ”-ЫН ЦААШДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДЭМЖЛЭГ

-Г.Галбадрах: Уйгагүй хичээл зүтгэлийн тусаар санхүүжилтийн асуудлаа шийдэж чаджээ. Энэ санхүүжилтийн тусаар хийхээр төлөвлөж байгаа ажлууд тань юу байна?

-Ц.Уранчимэг: Эхний санхүүжилт орж ирж байгаа болохоор бид Беркелейн Их Сургууль дээр “Монгол судлалын Төвийг” байгуулахаар зорьж байна. Энэ төв нь “Зүүн Азийн судлалын хүрээлэн” дээр байрлана. Бид энэ хүрээнд хийх ажлуудаа дэс дараатайгаа төлөвлөж байгаа. 1.Монгол хэлээ зааж эхэлсэн байгаа. 2.Монголч эрдэмтэдийн тусламжтайгаар цуврал лекцүүд эхэлнэ. 3. Зочин профессорын хөтөлбөр. 4. Багш оюутнуудын солилцоон дээр анхаарлаа хандуулна. 5. Хамтарсан болон ганцаарчилсан судалгааны ажлууд хийгдэж эхлэх юм.

-Г.Галбадрах: Индианагийн Их Сургуулийн “Монгол судлал”, одоо Беркелейд байгуулагдаж байгаа “Монгол судлал” юугаараа ялгаатай юм бэ?

-Ц,Уранчимэг: Индианагийн Их Сургуулийн “Монгол судлал” бол бие даасан төв биш, Евро Азийн судлал дотроо багтаж явдаг юм. Евро Азийн судлал дотор Унгар, Казакстан, Төвд зэрэг олон орнуудын судлал багтдаг. 1950 -иад оны үед Хангины Гомбожав гуай монгол хэл зааж, монгол судлалын эхлэлийг нь тавьсан. Беркелейн Их Сургуульд болохоор бие даасан “Монгол Судлалын Төв” бий болгохоор зорьж байгаа юм. Энэ төслөө гаргахдаа бид Индианагийн Их Сургуультай зөвлөлдсөн л дөө. Ингэж зөвлөлдөхдөө Индианагийн Их Сургуульд байгаа, Беркелейн Их
Сургуульд байгаа “нөөц” өө харьцуулж үзсэн.  Уламжлалаас гадна Беркелейн Их Сургуулийн маш олон салбарт Монголтой хамтарсан судалгаанууд хийгдээд эхэлсэн байсан нь нөлөөлсөн гэх үү дээ. Жишээ нь: улстөр болон хууль, шашин судлал, анагаах ухаан, археологи, астрономи зэрэг салбарт ийм судалгаанууд хийгдэж байгаа. Тийм болохоор ийм судалгаануудыг бид ч анхаарч хөгжүүлэх хэрэгтэй болж байгаа.

-Г.Галбадрах: Ер нь үүнтэй адил төстэй судалгааны төвүүд хэрхэн санхүүждэг юм бэ? Ямар нэгэн жишиг байна уу?

-Ц.Уранчимэг: Ер нь маш олон судалгааны төвүүд дансандаа 3, 5 сая ам доллар байршуулаад энэ мөнгөний хүүгээр нь бүх үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг жишиг байдаг юм. Үүнийг индаумент (Endowment) гэж нэрлэдэг. Энэ нь Америкийн боловсролыг авч явдаг систем юм. Үүнийг маш олон сургуулиуд хэрэглэдэг.  3.5 сая ам доллар гэдэг тоо нь хий хоосон зүйл биш юмаа. Ийм хэмжээний судалгааны төвүүдийн санхүүжилтэд зарцуулж болох мөнгөний тоонд бодитойгоор тооцож гаргасан мөнгөний дүн юм билээ.

-Г.Галбадрах: Магадгүй монголын Засгийн Газар, эсвэл хэн нэгэн бизнесмен, байгууллага энэ боломжийг ашиглахыг хүсвэл “боломжтой” юм шиг санагдаж байна?

-Ц.Уранчимэг: “Монгол” гэдэг нэртэй 3.5 сая ам доллар Калифорнид байршуулсан байхад “Монгол Судлалын Төв” маань энэ мөнгөний хүүгээр нь цаашид биеэ даагаад үйл ажиллагаагаа явуулах боломжтой гэсэн үг юм. Суурь мөнгө нь инфляцаа дагаад өсдөг төдийгүй хүү нь ч бас дагалдаад өснө. Монголын Засгийн Газар эсвэл өөр сурвалжаас хөрөнгө оруулалт хийвэл энэ нь огт алдах зүйлгүй боломж юм. Нөгөө талаасаа энэ бол Монголын хөгжилд оруулж байгаа том хөрөнгө оруулалт болно. Хэрвээ хувь хүн, бизнесмен энэ санхүүжилтийг хийвэл тэр хүний
“нэрэмжит сан” болж түүхэнд үлдэх боломж ч бий. Энэ сан бидний үе бүү хэл бидний дараагийн хэдэн үед ч ач тусаа өгсөөр байх юм.

*”МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВ” БАЙГУУЛАГДСАН ТАЛААРХ МИНИЙ БОДОЛ

Калифорнийн Их Сургуулийн Беркелейн Салбар Сургуульд багш, эрдэмтэн судлаачаар ажиллаж байгаа Цүлтэмийн Уранчимэгтэй 2011 онд уулзаж “Монголын урлагийн түүх дэлхийн тавцанд” нэртэй ярилцлага хийснээ 2012 онд хэвлүүлсэн “Монголчууд Америкт” номдоо оруулсан юм. Түүнээс хойш Ц.Уранчимэгийн хичээж зүтгэж, хөөцөлдөж байгаа асуудлын талаар сонсож мэдэж байлаа. Өнгөрсөн сард олон жилийн үйгагүй зүтгэлийнхээ үр дүнд Беркелейн Их сургуульд “Монгол судлалын төв” нээх гэж байгаа тухай сонсоод зорьж очсон юм. Дэлхийд нэр хүндтэй энэ
сургуульд олон жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа Хятад, Япон, Солонгос судлалын төвүүдтэй зэрэгцэн “Монгол судлалын төв” байгуулагдах төлөвлөгөөтэй Монгол хөтөлбөр эхэлж байгаа нь хамгийн чухал зүйл. 1950-иад онд Өвөр Монгол гаралтай Хангины Гомбожав гуай “Монгол судлал”-ыг Америкт үүсгэж байсан бол 2015 онд Монголчууд өөрсдөө ийм төвийг сэргээх ажлаа эхэлж байна. Ц.Уранчимэг энэ бүх хугацаанд эрдэмтэн хүний эх оронч сэтгэлээр, бүх л зардлыг хувиасаа гаргаж, ирээдүйд хандсан итгэл үнэмшлээрээ уйгагүй зүтгэлээрээ
энэ санаачлагыг ажил хэрэг болгож чадлаа. Түүнд баяр  хүргэх хэрэгтэй юм.

Дэлхийн олон оронд тэр тусмаа Америкт “Монгол судлал” нилээд эрчимтэй хөгжиж байгаа. Индианагийн Их Сургуулийн “Монгол судлал” аас гадна Вашингтон ДС хотноо үйл ажиллагаа явуулдаг доктор М.Саруул-Эрдэнийн удирдсан “Монгол Соёлын Төв”, “Монгол Судлалын Бага Хурал”-ыг зохион байгуулдаг болсоор олон жилийг үдэж байна. Энэ бага хурлын нэр нөлөө нь “Олон Улсын” хэмжээнд хүртэл өргөжиж, олон улсын эрдэмтдийг хамарч буй. Энэ бүхэн нь олон улсын эрдэмтдээс Монголыг сонирхох сонирхлыг бий болгож байгаа сайн боломжууд юм. Дэлхийд нэр
хүндтэйд тооцогддог Калифорнийн Их Сургуулийн Беркелейн сургуульд “Монгол Судлалын Төв” бий болох үед дэлхийн хэмжээнд “Монгол Судлал” өргөжин хөгжихөд сайнаар нөлөөлөх болно. Сүүлийн жилүүдэд Монголоос олдож байгаа нэн эртний Монголын олдворууд, Монголын түүхээр Холливуудад кино хийх сонирхол бий болж байгаа нь Монголыг судлах  сонирхолд ч бас хүчтэй нөлөөлж байгаа юм.

Уул уурхайн халууралд хэт автаад байгаа өнөөгийн монголчууд бидний хувьд “Монгол судлал” гэдэг нэршил их л “бүдэгхэн” сонсогдож байгаа нь үнэн. Монголоосоо олдсон анагаах ухаан, шашинтай холбоотой занданшуулсан шарилын ховор олдворыг гадагшаа зарж мөнгө олох гэж сэтгэх хэрнээ, Буриадын нутагт байгаа “Итгэлт хамба”-ын занданшуулсан шарилд мөргөж “өөрийгөө даатгах” гэж мөнгөө төлөн цувж байгаа нь монголчууд бидний өөрсдийн үнэт зүйлдээ “үнэ хүндгүй” хандаж байгаагийн нэгэн жишээ. Монгол хэл соёлоо үл ойшоон гадаад хэллэгээр
яриагаа хольцолдуулан чамирхаж байгаа нь бидний үндэсний бахархалдаа хайнга хандаж байгаагийн нэгэн жишээ. Түүх, үндэсний бахархалаа уншиж судлаагүй хэрнээ “Чингисийн монгол” хэмээн цээжээ дэлдэн агсарч байгаа нь арчаагүй мунхаглалын нэгэн жишээ. 13-р зуунаас эхлэн хэдэн зуун дамнуулан дэлхийн хөгжлийг тодорхойлж байсан Монголчууд өдгөө ч дэлхийн сонирхлыг татсаар байгаа. “Монгол судлал” хий хоосон зүйл дээр бус энэ их баялаг түүхийн эх сурвалжууд дээр хөгжих болно. Энэ нь уул уурхайн баялгаас илүүтэйгээр монголчууд
биднийг дэлхийд таниулах болно. Бид ч бас өөрсдөө “хэн” болохоо ч таньж мэдэж чадна. Ийм хувь заяа дэлхийн улс үндэстэн бүрд тохионо гэж үү?

Share Your Thoughts