“МОНГОЛ УРТЫН ДУУ БА СОЛОНГОС БҮСГҮЙ”

Энэ сарын 26-ны өдөр Монгол Соёлын Төвөөс зохион байгуулж буй ээлжит цуврал лекцээр урлаг судлаач Солонгос бүсгүй Сун Мин “Монгол Уртын Дууны Тухай” илтгэл тавилаа. Бэсрэг зааланд лекц сонсохоор ирсэн Америк Монгол бараг тэнцүү тооны хүмүүс илтгэлийг талархан сонсч, бас халуун дулаан яриа өрнүүллээ. Монголын ард түмний эрхэм нандин өмч болох уртын дууг хаа холын Солонгос бүсгүй  судалж алс холын Америкт лекц уншиж байгаа нь надад сонин санагдав.

Сун Мин уртын дууг судлахаар Төв, Сүхбаатар, Дундговь аймгуудаар явж бас ч чамгүй хөдөлмөр зарцуулж, багагүй материал цуглуулжээ. Урлагийн онолын гэхээс бараг аян замын дурсамж гэхээр уг илтгэл, ярилцлагыг сонсч суухдаа манай ардын урлагийг гадны хүмүүс өөрсдийн нүдээр харж, өөрсдийн үнэлэмжээр үнэлж, дүгнэж  байгаа нь гадны хүмүүст илүү ойлгомжтой байгаа юм болов уу? гэж бодогдсоныг нуух юун.

Харин хорвоогоос тасарч, наранд хүртэл эгшиглэдэг, зөвхөн монгол тамгатай уртын дуугаа манай Монголын урлаг судлаач, эрдэмтэн шинжээчид, сэтгэл зүрхээрээ аялан дуулж, судалж, дэлхийн чихийг дэлдийтэл лекц уншиж гайхуулж яагаад чадахгүй байгаа юм бол?! Хар бага наснаасаа л найр, нааадам бүрт гайхамшигт аялгууг нь сонсож, сэтгэл зүрхэндээ уярч, омогшиж өссөн Монголчуудаас илүү хэн үүнийг хийж чадах билээ гэсэн “хармын” сэтгэл төрж л суулаа. Монголчууд бидний хийж, сэтгэж чадаагүйг сэтгэн хийж байгаа гадныханыг хараад  бид ч бас нэгийг бодох хэрэгтэй байгааг анзаарч л суулаа. Энэчлэн Америкт амьдарч буй  Монголчуудынхаа оюун санаанд бага ч атугай шим тэжээл өгчих гэж мэрийж зүтгэж байгаа Монгол Соёлын Төвийнхөндөө баярлaлаа.  Та бүхнийг сэтгэл зүрхээрээ дэмжнээ. Үйлс тань өөдрөг байг.

 

Харнууд овогт Гомбосүрэнгийн Галбадрах 1-р сарын 29 2008 он.