Монгол хүний үнэлэмж \цуврал-01\

Монголын боловсролын салбарын шинэчлэлд зориулсан цуврал нийтлэл-1
… Монголчууд бид жил бүр малаа тоолж, төрөл тус бүрээр нь тоо толгойг нь нарийвчлан гаргаж, нийтэд зарлан, баярхаж бахархана. 30 сая малын багтаамжтай гэж нэгэн эрдэмтний нотолсон Монголын газар нутаг дээр өнгөрсөн жил 40 орчим сая мал тоологджээ. Нэгэн цагт нийгмийн мал сүргээ хүнээсээ илүү дээдэлж, “чандмань эрдэнэ”  гэж өхөөрдөн нэрлэж, мал сүрэгтээ хадлан билчээр, хашаа саравч, худаг усбэлтгэн нийгмийн хайр халамжийг харамгүй үзүүлж байв. Малаа муу маллаж, алдаж үрэгдүүлсэн малчинд арга хэмжээ авч, хариуцлага тооцож, сайн малчдыг алдаршуулан магтаж, бас мандуулж байв даа. Олон хүнийг өвчнөөс аварч, амьдрал бэлэглэсэн эмчдээ бус, шуурганд уруудсан нийгмийн мал сүргийг аварсан хэн нэгэнд хөшөө хүртэл босгож алдаршуулж асан өнгөрсөн үе, нийгмийн мал сүрэг монгол хүнээс илүү үнэ цэнэтэй хэмээн нийт олны тархийг угааж байв. Өнгөрсөн онд УЙХ-аас гаргасан ямаанд олгох болсон 20 тэрбүм төгрөгийн дуулиан, гэр хороололдоо ус түлшгүй, эрчим хүч, төрийн үйлчилгээ хүртэж чадахгүй байгаа олон иргэдийг бухимдууллаа. Монгол хүн малаасаа дор болоо юу даа.

… Монгол орны хөрсөн доор байгаа алт, зэс, нүүрс, ураны баялаг , нөөцүүд нь монгол орны хөгжлийг хурдасган, үсрэн дэвхцүүлж, ард иргэдийг баян чинээлэг болгож, сайхан амьдруулна хэмээн үнэнээсээ хэлээд байгаа, эсвэл тоглож тохуурхаад байгаа алин болоход эргэлзмээр. Улс орны хөгжлийг ухаантай, мэдлэг чадвартай иргэд нь хурдасгадаг болохоос уул уурхай. мал сүрэг тэгтлээ хөгжүүлдэггүй гэдгийг эрхэм төр баригчид гадарламаар юм. Өдөр шөнө, өглөө үдэшгүй уул уурхай, ашигт малтмал гэж маань мэгзэм шиг унших төрийн түшээд, тэдний үгэнд итгэн, өөрсдийгөө ч умартан, өмнө зүг рүү нүдээ чилтэл харуулдах ард иргэд эгээл уулын буга үзэсгэлэнт сайхан эврийг минь авчирч өгөхгүй юм болов уу  хэмээн санаашран тэмээний үлгэр адил. Энэ л хугацаанд эрүүл биегүй, эрдэм номгүй, идэх хоолгүй, өмсөх гоёлгүй олон монголчууд уур хилэн, бухимдал гутралдаа “шатаж”  байна даа. Монгол хүн хөрсөн доорхи баялгаасаа хямдхан болоо юу даа.
…Энэ л их хүлээлт дунд тэвчээр нь барагдсан нэг хэсэг нь харь оронд гарч хатуу хөдөлмөрт нухлагдан, тэнхэл нь хүрэхгүй заримыг нь улс орон нь гадагш худалдаж. цэвэрхэн гоо бүсгүйчүүд нь харьд худалдагдаж, “орох орон оочих аягагүй”  мэт тэнүүчлэнэ. Тэр бүхний цаана монгол сэтгэлд хүйтэн жавар хургаж, монгол гэр бүлүүд хагацлын манан дунд жиндэж, монгол хүмүүс харь газар зүдэрч л явна.
Эх орондоо байгаа зарим нь эгээ л айлын тогоо өнгийн суух хоноц шиг царай алдан амь зууна.Эрхэмсэг зарим нь эрх мэдэл, өнгө мөнгөөр хагартлаа баяжиж, шунал тачаалдаа шулам болох дөхнө. Монгол хүн ингэтлээ үнэ хүндгүй болоо юу даа.

Хүн хэрэв байхгүй бол мал сүрэг эд баялаг гэж юу байхсан билээ. Хууль дүрмээ сахиж, хөдөлмөрлөж баялгийг бүтээж, бүтээсэн баялгаараа өөрийгөө болон өрөөл бусдыг хөгжүүлж байдаг хүн л улс орны хөгжлийн үндэс нь байдаг билээ. Иргэд нь мунхаг болвоос эд баялаг, мал сүрэг дорхноо үрэгдэж дуусна. Иргэд нь ухаантай болвоос эд баялаг, мал сүрэг нь улам улмаар өсөн үржинэ. Өдгөө цаг дор монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж арай л хэт унаад байна уу даа. Хийх болон хийж болох олон ажил байнаа. Ядахнаа л:
-Өдгөө Монгол оронд данстай хичнээн хүн байгааг цахим тооцоолуураар үнэн зөв тоолж, нас хүйс, эрдэм чадал, хаана оршин суугааг тодорхой гаргаж нийтэд зарламаар. Сонгууль бүрийн өмнө санал өгөх хүнийхээ тоог гаргах гэж будилж, сонгууль бүрийн дараа илүү дутуу гарсан хүнийхээ тоонд эргэлдэж, мунгинана. Хэлгүй малаа зүс насаар нь тоолж чаддаг атлаа, хэл сэтгэхүйтэй хүн амаа тоолох гэж ингэтлээ мунгинах төрийг тлгоод байгаа үнэхээр будилаад байгааг ялгаж салгахад бэрхтэй. Өдгөө монголын хүн ам 2.7 саяд хүрч үүний 1.2 сая нь нийслэл Улаанбаатар хотод оршин сууж байгаа гэх мэдээлэл хэр үнэмшилтэй гэдгийг хэн ч баталж үл чадна.
-“Төл бүрийг мал болгоё”  гэж уриалдаг шигээ “хүүхэд бүрийг хүн болгоход” анхаарч, төрсөн даруйд нь  “төрсний гэрчилгээ”  бус монгол улсын иргэншил олгож, иргэн хүнийх нь хув;д анхаарал халамж тавьж баймаар. Хүүхэд төрүүлсэн эхчүүдээ урамшуулан халамжилж, төрсөн хүүхэд бүрийг асран хамгаалж, ариглан хөгжүүлэх төрийн бодлого үнэхээр үгүйлэгдэж байнаа. Хүүхдэд зориулсан тоглоомын талбай, асрах газар, халамжийн төв, эмнэлэг, үзвэр үйлчилгээний төв гэхчилэн хэрэгтэй бүхнийг цогцлоож, үйлчилгээг сайжруулах нь үнэхээр хэрэгтэй байна.
– Монгол оронд төрсөн, иргэн бүртээ  “нийгмийн халамжийн дугаар” олгож. хаана яаж амьдарч явааг нь төр нь өөрөө хянаж чддаг тогтолцоотой болмоор. Энэ л “нийгмийн халамжийн дугаар”-aaр хүний амьдралын түүх бичигдэж, гавьяа байгуулсан, гай тарьсан  бүрийг ялгаж салгаж, төр нь иргэддээ иргэддээ үзүүлэх халамж, хишгээ алагчиллалгүй адил тэгш үйлчлэх боломж бүрдэнэ. Эх орондоо байгааг ч , эх орноосоо алсад явааг ч төр түмэн нүдээрээ тольдож, эрх ашиг нь зөрчигдөх аваас, төр нь төмөр нударгаараа хамгаалан өмгөөлөх цаг болжээ.
Монгол хүний үнэ цэнэ
Монголчууд бид бие биеэ сайн муугаар хэлж, “тамын тогооны үлгэр’  байн байн дурсаж байвч бусад олон үндэстэнүүдтэй адил сайн муу чанаруудтай. Хөмөрсөн тогоон дороос гарч, дэлхийн улс гүрнүүдэд зорчиж, “юм үзэж, нүд тайлж” яваа “хуучин Монгол хүү” дэлхийн хөгжилтэй алхаа нийлүүлэн алхах “шинэ Монгол хүү” болох цаг ойрхон байна. Монголчууд бид өдгөө хүртэл цусанд минь үлдэж, өрөөл бусдаас ялгарч харагдах олон сайхан чанаруудаа бүгдээрээ хэлэцэж, бие биеэ дэмжиж, үүнийгээ хөгжүүлэхийн төлөө дор бүрнээ хичээх цаг болжээ. Энэ л үейин үед  бусдаас ялгарах бидний үнэ цэнэ юм шүү дээ.
-Монгол хүн авьяастай. Өдий болтол хөгжиж ирсэн Монголын боловсролын салбар, иргэддээ хэрэглээ болгож чадаагүй ч шинжлэх ухаанжсан мэдлэгийг сайн олгосон байдаг. Гадаадын аль ч орны жирийн иргэдтэй харьцуулахад монгол хүний ерөнхий мэдлэгийн түвшин арай илүү мэдрэгдэнэ.  Харин мэддэг ч юм шиг , мэддэггүй ч юм шиг энэ байдлаа жаахан эмхтгэж, хэрэглээ болгон сайжруулж чадвал монголчууд хаа ч гологдохгүй мэдлэгтэй бас авьяастай хүмүүс.

-Монгол хүн хаа ч дасан зохицох чадвартай. Өнө эртний цагаас, өвсний соргог, усны тунгалагийг шилэн нүүдэллэж, ээлжлэх 4 улиралдаа зохицон амьдардаг , нүүдэлчин удмын цусны сайн чанар мэдрэгддэг. Халуун хүйтэн аль ч оронд очсон амархан дасан зохицож, хатуу хэцүү ямар ч ажлыг хэнээс ч дутахгүй хийж чаддаг энэ чанар монголчуудад илүү бий. Тэд халуунд халж, хүйтэнд хөрчхатүү бэрхээс ч шантралгүй хөдөлмөрлөж, бүтээж чаддагаараа бусдад үнэлэгдэнэ.
-Монголчууд арга билэгтэй. Тэд хийх гэж буй алив ажлын аргыг амархан олдог. Нүүдэллэн амьдрахдаа, өөрийн амьдрах орон гэрээ буулган ачааллаж,  буусан газраа хурдан барьж босгодог арга билгээрээ бусдыг гайхуулдаг байсан. Монголчууд ямар ч ажлыг хийхдээ бусадтай адил зөвхөн хий гэснийг хийхээс илүүтэй энэ ажлыг яаж илүү амархан хийж болох вэ? гэдгийг заавал боддог. Нэг л мэдэхэд тэр ажлыг өөртөө амар хирнээ хурдан хугацаанд хийх аргаа олж сонгосон байдгаараа бусдаас ялгарна.
-Монголчууд их элгэмсэг. Монголчууд хэзээнээс аав ээждээ ачлалтай, ах дүүстээ найрсаг, ахмад хүний үгийг сонсож, хүндэлдэг уламжлал, харилцаатай. Ажил хийж олсон мөнгөө амин хувьдаа зарцуулахаас илүү, аав ээж, ар гэр үр хүүхэддээ зарцуулдаггүй монгол хүн гэж бий билүү. Аль болохоор тэднийгээ ачлаж бас баярлуулахыг хичээдэг.Тэдний зүрх сэтгэлд нь энэ л ачлал, хайр , халамж хаанахын хэнээс ч илүү шингэсэн байдаг юм даа.
-Монголчууд их тэмүүлэлтэй. Монголчууд өнөөдрийн байгаа байдалдаа хэзээ ч сэтгэл ханадаггүй. Улам илүү өөдрөг ажил амьдрал, тансаг хэрэглээ, илүү боломж руу тэмүүлнэ. Өрөөл бусадтай барьцаж, атаархаад байгаа ч юм шиг энэ үйлдлийг зөв чиглүүлбэл монголчууд зөв өөдрөг амьдрах боломжтой. Өнөөдөр гадаадад ажилалж амьдарч байгаа монголчууд бусдаас сутахгүй тохилог байранд амьдарч, сайн машин хөлөглөж, чанартай зүйл хэрэглэдэгээрээ бусдаас ялгардаг.
Шинэ монгол хүний үнэлэмж
 Аль ч улс орон ирээдүйдээ яаж хөгжих нь иргэдийнх нь хөгжлөөс ихээхэн хамаарна.
Тийм учраас ирээдүйн иргэдийг нь бэлтгэдэг боловсролын салбартаа ихээхэн анхаарал тавьдаг.  Тухайн оронд төрсөн хүүхдийг ямар бие хүн болгон хөгжүүлэхийг төр бодлогоороо зохицуулна. ИЙм нөхцөлд төр “захиалагч”,  боловсролын салбрын бүх шатны сургуулиуд “гүйцэтгэгч”  байх учиртай.
Өнөөгийн шинэ монгол орон, ямар иргэдийг “захиалах”  боломжтой вэ?
1. Түүх-хүүль эрх зүйн боловсрол:
-Эх орныхоо болон дэлхий дахины хөгжлийн түүхийг судалж мэдсэн, тэдгээрийг бахархан хэндэлдэг байх.
-Үндсэн хууль болон салбар хуулиудыг судалж мэдсэн, түүнийг дагаж мөрдөн, хэрэгжүүлэх чадвартай байх.
2.Гоо-сайхны боловсрол:
-Сонгодог хөгжим, уран зураг, уранзохиолыг сонсож, харж уншиж ойлгодог байх төдийгүй урлагийн бусад төрлүүдийг судалж мэдсэн байх.
-Сайн муу. сайхан муухайн тухай өөрсдийн ойлголт, бахархал, таашаал, мэдрэмжтэй болох.
3. Хэл-харилцааны боловсрол:
-Монгол хэлээрээ утга төгс, зөв боловсон ярьж чаддаг, өөрийн бодол санаагаа бусдад зөв илэрхийлэн ойлгуулж чаддаг байх.
-бичгийн хэлийг сайтар эзэмшин, аливаа бичиг баримт боловсруулан ашиглах чадвар эзэмших.
-Хүмүүсийг хүндэтгэн, эелдэг боловсон харьцах, харилцааны зөв соёл эзэмших.
4.Эдийн засаг-мэдээллийн боловсрол:
     -Алив зүйлд логик дараалал, аргачлалаар ханддаг, асуудлыг олон талаас нь харж зөв шийдвэрлэх чадвар эзэмших.
-Эдийн засгийн анхан шатны мэдлэг болох орлого, зарлага, ашиг, өртөг, төсөв төслийн тухай ойлголтуудыг мэддэг байх.
-Компьютерийн программуд болон интернет ашиглах чадвар.
-Алив мэдээллийг хүлээж авах, боловсруулах, задлан шинжлэх, ашиглах чадвартай байх.
5.Техник-технологийн боловсрол:
-Техник технологийн үндсэн зарчмууд, гол хуулиуд, бүтцийн талаар мэдлэгтэй болох.
-Ахуйн цахилгаан хэрэгслэлүүдийг ашиглаж чаддаг түүний ажиллагааны зарчмыг мэддэг байх. /хөргөгч, угаалгын машин, тоос сорогч, аяга таваг угааж хатаагч, шарах шүүгээ, индүү, будаа агшаагч, цахилгаан зуух гэх мэт./
-Техникийн болон барилгын зураглал, бараа болон хүнсний зүйлийн тэмдэгт зааврыг уншиж ойлгож, ашиглах чадвартай байх.
-Элдэв химийн гаралтай бүтээгдэхүүн, бодис, эм болон бусад эдлэхүүнийг мэддэг, түүнийг зөв ашиглах чадварт суралцах.
6. Эрүүл мэнд- бие бялдрын боловсрол:
-Хүний биейин бүтэц, эрүүл мэнд, эрүүл байхын ач холбогдол, түүнтэй холбоотой дасгал, өвчлөлийн талаархи ойлголт.
-Биеэ зөв авч явах, хувцсаа тохируулан өмсөх, хадалгааний эвсэлд суралцах.
7. Байгаль-экологийн боловсрол:
-Хүн байгалийн шүтэлцээ, амьтан ургамлын бүтэц, тэдгээрийг хайрлан хамгаалахын учир.
-Газарзүйн тогтоц, цаг агаарын хувирал, байгалийн тэнцвэрийн талаархи мэдлэг.
-Байгальтай холбоотой ёс заншил, түүний утга учир, байгальтай харьцах, амьтан ургамлыг хайрлан өсгөх, ургуулах зэрэг ойлголтууд болон чадварууд.
8. Гадаад хэлний боловсрол:
-Орос, англи, франц, герман, хятад, япон, солонгос зэрэг хэлнүүдээс аль нэгийг сонгож, уг хэлээр ярьж, ойлгож, бичиж сурах.
-Уг хэлээр ярьдаг орнуудын түүх, хөгжил, төр болон хууль, газарзүй, соёл урлагийн талаар судалж мэдсэн байх.
9.Гэр бүл-бэлгийн боловсрол:
-Гэр бүл, түүний нийгэм дэх үүрэг, өрх гэрийн төсөв, гэр бүлтэй холбоотой хууль тогтоомжуудыг судлах.
-Хайр сэтгэл, гэр бүлийн ёс зүйн тухай, гэр бүлийн гишүүдийн харилцааны тухай судалж ойлголттой болох.
-Бэлгийн харьцаа, хүмүүжил, хүүхэд төрүүлэх, өсгөх, хүмүүжүүлэх тухай ойлголтууд болон үүнтэй холбоотой чадвар дадлыг эзэмших.
Одоогийн ерөнхий боловсролын сургуулиудад судалж байгаа хичээлүүдийн агуулгыг нэгтгэж, цогц байдлаар боловсруулан хэрэгжүүлэх боломж буй. Хамгийн гол нь бүх шатны сургуулиудад суралцан төгсөгчид нь аль ч нийгэмд бие даан амьдрах чадвартай, зөв бие хүн болон төлөвших учиртай. Бүх хүүхдүүд эрдэмтэн. бас мундаг хэн нэгэн болох албагүй, харин бүгд гэр бүл болж энэ нийгэмд бие даан амьдрах учиртай гэдгийг л бид мартах учиргүй. Харин хүүхдүүд өөрийн авьяас сонирхлоо хөгжүүлэхийн тулд хүссэн чиглэлээрээ сонголт хийн өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгох нь илүү оновчтой байх болно.
Үүний тулд монголын ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдийг “сургаж-хүмүүжүүлэх” гэдэг зорилтыг  “хүүхдийг зөв бие хүн болгон төлөвшүүлэх” гэдэг ойлголтоор солих болж байна даа. Ингэж байж л бид өөрийн үнэлэмжтэй монгол иргэдйиг бий болгож монгол орны ирээдүй өөдрөгөөр харах боломжтой болно.
 Төгсгөлийн оронд
Монгол орныг зөв төлөвшсөн монгол иргэд хөгжүүлнэ. Мал болон ашигт малтмал бусад олон боломжууд хүний хэрэгцээ, хөгжилд зориулсан зүйл. Үүнийг хэрхэн зөв ашиглаж, улс орноо хэрхэн хөгжүүлэх нь өөр хэнээс ч биш монголчууд биднээс л хамаарна.
Өдгөө бид өнгө , мөнгөтэй хөөцөлдсөөр мөнгөл хүний үнэ цэнээ хөсөр хаяжээ. Ингэж болно гэж үү? Монгол орны ирээдүй болон хөгжлийн түлхүүр нь боловсролын салбар юм. Энэ салбарт хийж буй өөрчлөлтийн үр дүн нь урт удаан хугацаанд мэдрэгддэг. Хамгийн багадаа 12 жил. Цаг алдалгүй монголын боловсролын салбарт үр дүнтэй, зоримог өөрчлөлт, шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй байна.Алийн болгон бид энэ салбрын хөгжилд хойрго хандаж, самбар шохой, цаас будагтай зууралдуулах вэ?
Энэ бол миний, таны бидний хүүхдүүдийн хувь заяа бас монгол орны ирээдүйн хувь заяа. Зөвхөн монголдоо төдийгүй дэлхийн аль ч улс оронд суралцаж, ажиллаж амьдрах чадвартай  Монгол залуусыг Монгол орондоо бэлтгэхэд анхаарах цаг болжээ. Энэ бол монгол хүний үнэ цэнийг сэргээж, үнэлэмжийг бий болгохын эхлэл.
Алдагдсаар байгаа цаг хугацаа, түүх биднийг хүлээхгүйн адил биднийг уучлахгүй.
/үргэлжлэл бий/
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2009-01-30.

Share Your Thoughts