Монгол цаг

Дэлхий нийтийн хөгжлийн хурдцад хамгийн чухал зүйл нь цаг хугацаа болжээ. Ялангуяа даяаршил болон мэдээллийн хурдацтай хөгжил, цагийн үнэ цэнийг ихэд өргөж буй. Цаг бол алт, бас мөнгө гэж ажил хэрэгч хүмүүс үздэг. Тэд ажил, амралтын бүх цагаа нарийн хуваарилж, тэр хугацаандаа бүх зүйлээ амжуулах гэж хичээнэ. Социализмын үед, Германчуудын цагийг сайн баримталдаг талаар жишээ болгон их ярьдаг сан. Болзохдоо “за яг л Герман шиг цагаа барина шүү” гэх. Яг цагтаа ирсэн нэгнийгээ “Чи ч Герман шиг байна шүү” гэж магтана. Харьд ажиллаж амьдарч байгаа монголчууд, цаг баримтлах, цагийн үнэ цэнэ гэдгийг сайн мэднэ.

Хийж буй бүх ажлын хөлсийг цагаар тооцоод ирэхээр “цаг бол алт”  гэдэг үгийн үнэнийг мэдэрдэг.  Ажлын цагаасаа хоцрохоор, авч болох мөнгөө алдана, хэд хэдэн удаа хоцорвол, ажил олгогч тааламжгүй харцаар харах төдийгүй, нэг л өдөр “уучлаарай, би таныг ажиллуулж чадахгүй нээ, баяртай”  гээд л гүйцээ. Учирлаж тайлбарлаад, уурлаж хараагаад ч нэмэргүй. Энэ цаг үед, цаг гэдэг, алт төдийгүй, амьдралын баталгаа болох мөнгө болж байнаа.
Монгол цаг
Монголдоо ч, гадаадад байхдаа ч, монголчуудын дунд зохион байгуулагдсан үзвэр болон, олон арга хэмжээнд оролцож байлаа. Цагтаа эхэлнэ гэж үнэхээр байхгүй. Хамгийн шуурхайдаа л 30-60 минут хоцорч эхэлнэ. Хүлээх тэр хугацаандаа залхаж, сэтгэлдээ тээж ирсэн баяр хөөр минь унтарч орхино. Арга хэмжээ , үзвэр ч санасан хэмжээнд хүрч, сэтгэл сэргэх нь үгүй. Ийм байдлын  улмаас дараагийн удаа цагтаа ирэх хүсэл үгүй болно.
-Хэдэн цагт эхэлнэ гэлээ?
-19 цагаас гэсэн
-Аан за. 20 цагийн үед очиход болох юм байна
20 цагт яваад очиход эхлээгүй байвал, дараагийн удаа 21 цаг дөхүүлээд очих юм байна гэж тооцох жишээтэй.
Айлд зочлоход ч ялгаагүй.
-Цаадуулаа 18 цагт гээд хэлчихээрэй. Тэртээ тэргүй түрүүч нь 19 цагийн үед ирэх байхаа. Тэр хооронд ажлаа амжинаа гэх…
Харин хэн нэгэнтэй ажил хэргийн эсвэл хувийн асуудлаар болзоход бүр ч төвөгтэй.
-Маргааш яг 15 цагт уулзья
-Тэгье, тэгье
Маргааш нь юмыг яаж мэдэх вэ? гээд 15 цаг дөхүүлээд утас руу нь залгавал:
-Найз нь жаахан ажил гараад аа. Удахгүй очноо, хүлээж байгаарай
Удахгүй гэж баримжаалсан хугацаа, хэд ч байж болох. Магадгүй 1 цаг ч болж мэднэ.
Монголчууд бид, зохион байгуулж байгаа арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, уулзалт, анд нөхдийн болзоо зэрэг, цаг хугацаагаар хэмжигддэг зүйлдээ, ийм хайхрамжгүй, хариуцлагагүй хандах төдийгүй, ийм байдалдаа дасч, үүнийгээ “монгол цаг”  хэмээн хошигнон нэрлэдэг.
Тэр ч бүү хэл, өөрийгөө ихэд бодсон, ямба, маяг нь хэтэрсэн зарим монголчууд, алив арга хэмжээнд хоцорч очихыгоо “нэр төрийн хэрэг”  гэж үзэх төдийгүй, хоцорч очсоноор цугласан олны анхаарлыг өөр дээрээ татдаг хэмээн сайрхах нь бий. Ийм өчүүхэн тэнэг бодлоо,  өөрсдийгөө “хүндлүүлж байна”  гэж эндүүрээд байдаг юм байхдаа тэд…
Монголчууд гэхээрээ цаг баримталдгүйгээрээ бусдыг гайхашруулж, өөрийгөө болон өрөөл бусдыг үл хүндэлж, бүдүүлэг тэнэг байдлаараа ялгарч байх гэж үү?
Цагтаа цугладаггүй, цагтаа эхэлдэггүй ийм арга хэмжээ, уулзалтууд бидний хөгжүүн сайхан сэтгэлийг унтрааж, залхаалт болгон хувиргаж байгааг анзаарахгүй байна гэж үү? Хэдий болтол энэ “монгол цаг”-аараа юм бүхнийг хэмжих вэ?
Цаг бол алт төдийгүй хүндлэл, хөгжил
Цаг хугацаа гэдэг, хүний амьдралын хамгийн чухал мөч төдийгүй, буцааж болдоггүй, бас эргэж олддоггүй. Тийм болоод өнөө цагт, цаг хугацааг алттай зүйрлэдэг төдийгүй мөнгөөр хэмждэг аж. Хүн өөрөөсөө бусдад зарцуулж байгаа цаг хугацаа гэдэг их үнэ цэнэтэйгээр барахгүй, тухайн хүнд хэрхэн хандаж байгаагийн илрэл юм.
…Үзвэр, тоглолт үзэх гэж очиж байгаа хүмүүс, өөрсдөө сэтгэлийн таашаал эдлэх гэж, уран бүтээл хийгчдийн хөдөлмөрийг үнэлж, тэдэнд талархах гэж очдог. Гэтэл цагтаа эхлэхгүй хүлээлгэнэ гэдэг, үзэгчдээ хүндлэхгүй байгаа хэрэг. Магадгүй энэ үл хүндэтгэсэн байдал, танд талархах гэж очсон сэтгэлийг чилээж, гардуулах гэсэн баглаа цэцгийг гандааж болох шүү дээ.
…Гэртээ зочлохыг урьж байгаа айл тань, таныг хүндэтгэж, дотно сайхан сэтгэлээ илэрхийлж, таныг баярлуулах гэж бодож байгаа. Урилгыг үл тоож, хайхрамжгүйхэн хоцорч ирвэл, таныг хүлээсэн сэтгэл, бэлдсэн тансаг хоолныхоо хамт хөрч болох шүү дээ.
…Ажил хэргийн талаар уулзах гэж болзсон болзоо нь, таныг ихэд хүндэтгэн үзэж, танд итгэж болох итгэл найдвараа бататган нотлох гэсэн бодол. Энэ болзоонд хайхрамжгүй хандаж, хоцорч ирснээрээ та, өөрийгөө “итгэж болохгүй хүн”  гэдгээ нотолж, тэр хүний сэтгэлд төрж байсан итгэл найдвараа үгүй болгож байгаа хэрэг.
Өнөө цагт мөнгөнөөс илүүтэй, итгэж найдаж болох, сайн хамтрагч үгүйлэгдэж байнаа.
…Анд найз, хайртай нэгэнтэйгээ болзсон болзоо гэдэг, яарсан, хүлээж ядсан, хөөрч догдолсон мөчүүд байдаг. “Одоохон эндээс инээгээд л гараад ирнэ дээ” гэж, багтаж ядсан баяр хөөр, санаж шаналсан сэтгэл, хөөрч догдолсон төрх, цаг мөч өнгөрөх тусам бүдгэрэн бүдгэрч, урам зориггүй, уйтгар гунигт автаж орхих нь бий. Хожимдсон шалтгаанаа та, хичнээн учирлаж тайлбарласан ч, аргадаж эвлэрсэн ч, хугарсан итгэл сэтгэлийн хаа нэгтэйгээс хатгаад л байх…
…Аль нэгэн арга хэмжээ, баяр ёслолд очиж байгаа хүн, зохион байгуулж байгаа хүмүүсийг ч, хуран цуглах олныг ч хүндэлж, бас талархах гэж, баяр хөөрийг хуваалцах гэж очдог. Тиймдээ ч тэд их гоёж очно. Цагтаа эхэлдэггүй ийм арга хэмжээ, зохион байгуулагчдын хариуцлагагүй, эмх цэгцгүй, хайхрамжгүй байдлыг л илтгэдэг. Хүлээлтээс залхсан оролцогч буцаж явахдаа ” Дахиж л ийм дэмий юманд хайран цагаа үрж, өөрийгөө зовоомооргүй юм байна”  хэмээн бодох болно.
Ер нь өөрөөсөө бусдад зарцуулж байгаа цаг хугацаа гэдэг, их том хүндлэл юм. Бас тухайн хүнд хэрхэн хандаж буйгаа илэрхийлж буй, хэлбэр юм.
Зарласан, товлосон цаг хугацаандаа бүх зүйл хийгдэж байна гэдэг, хүмүүс бие биедээ сэтгэл хангалуун байхын баталгаа. Бас итгэл, өөдрөг сайхан хандлагын эхлэл.
Ямарч тохиолдолд цагаа барина, хоцрохгүй байна гэдэг, жижиг зүйл, хайхрамжгүй хандаж болох зүйл биш ажээ. Тэр тусмаа, “монгол цаг”-аасаа хүн бүр татгалзаж, жинхэнэ цагаа баримталж сурах хэрэгтэй болж байна даа.
Яах хэрэгтэй вэ?
Монголчууд бид: Яагаад заавал алив зүйлээс хоцорч, хоцрогдож байх ёстой гэж?
Яагаад муу зүйлийг, байж болох зүйл мэтээр хүлээж авах гэж?
Яагаад өөрийгөө ч, өрөөл бусдыг ч хүндлэхгүй байж болно гэж?
Бүх зүйл өөр хэнээс ч бус, зөвхөн биднээс шалтгаална.
-Алив зарлагдаж, товлогдсон арга хэмжээ үзвэрт, цагтаа очоод эхлэхгүй удвал, оролцох, үзэхээс татгалзаж болно шүү дээ. Хэрэв билет худалдаж авсан бол, учраа хэлээд билетийг нь буцааж өгч, мөнгөө эргүүлж авч болно. Та өөрийгөө хүндлэх, хүндлүүлэх эрхтэй.
-Харин үзэгч, оролцогчид нь цагтаа цугларахгүй бол, ганц хүнтэй ч байсан цагтаа үйл ажиллагаагаа эхлүүлэх хэрэгтэй. Өнөөдөр цөөхөн хүн байсан ч маргааш олон хүн цагтаа ирэх болно. Бусдын аяыг хараад л байвал,  таныг хэн ч хүндэлж, үнэлэхгүй.
-Урьсан хүн тань цагтаа ирэхгүй бол, утсаар ярьж, уучлал хүсээд “өөр ажилтай”  болсноо дуулган, татгалзаж болно шүү дээ. Ядаж л зочид тань, таныг өөр олон ажилтай болохыг анзаарч мэдэж аваг. Алийн болгон хийх ажилгүй, уйдсан хүн мэт бие биендээ хандах билээ.
-Гарцаагүй хоцрох тохиолдолд, учир байдлаа утсаар үнэн зөв хэлж, уучлал гуйн, хүлээж байхыг хүсч болно шүү дээ. Үүнийхээ төлөө та, үнэ хүндээ алдан “доош орж”  байгаа хэрэг огтхон ч биш. Хүндэтгэл, ойлголцол гэдэг хамгаас чухал.
-Таныг хүндэлдэггүй, цаг барьдаггүй, үл тоомсорлох хүнээс та л өөрөө холдож, зайгаа барьж болно. Заавал маргалдаж, муудалцаад байхгүйгээр олон зүйлээс татгалзана гэдэг, нэг талаас та өөрийн үнэ цэнээ хамгаалж буй хэрэг, нөгөө талаас тааламжгүй санагдсан зүйлээ илэрхийлж байгаа хэрэг.  Үүний буруу, муу тал гэж үгүй.
Тийм ээ! Цаг бол алт, мөнгө, цаг бол хүндлэл, цаг бол хөгжил.  Бид алийн болгон, энэ бүхнээ үнэ цэнэгүй болгож, өөрөө ч залхаж, өрөөл бусдыг ч залхаах билээ.
Монгол хүн бүр дор бүрнээ хичээж, алгуур аажмаар ч болов энэ бүхнийг өөрчлөх гэж хичээвэл болохгүй зүйл гэж үгүй.  “За яахав”  гээд энэ хэвээр яваад л байвал, бид хичнээн жил, магадгүй бүх насаараа ингэж явж болох шүү дээ. Ийм үедээ бид улам л үнэ цэнэгүй, хүндлэлгүй болж хөгжлөөс хоцорно.
Заавал зарлиг журам хүлээлгүйгээр, хэн нэгнээр заалгахгүйгээр  хийж болох олон зүйлийн нэг нь энэ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ
Цаг бол алт, хүндлэл, хөгжил

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2009-05-06

Share Your Thoughts