Морин хуур-монгол хүн

…”Морь гэхээр монгол хүн, монгол нутаг, морин хуур гэхээр бас л монгол хүн, монгол аялгуу санагддаг. Энэ их гайхамшигийг хөглөж бас хөтөлж явдаг эрхэм хүндтэй хүн” гэж АНУ-д Монгол улсаас суугаа элчин сайд Х.Бэхбат, 4 сарын 27 нд ЭСЯ ны байранд болсон уулзалтад, “Морин хуурын чуулгын” удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулууныг тодорхойлон нэрлэсэн юм.

Эрхэм уран бүтээлч, морин хуурын хөгжлийн төлөөх чин зүтгэлтэн Ц.Батчулуун өөрийн шавь Г.Уртнасангийн хамт АНУ-ын хотуудаар 14 хоног аялаж, “морин хуур хөгжмийн үүсэл, хөгжлийн тухай” лекц уншиж, сурталчилж, бас тоглолт зохион байгуулж, олон монголчуудтай нүүр учран санал бодлоо хуваалцаж явсан замын эцэст, Вашингтонд ажиллаж амьдрах монголчуудтай уулзсан уулзалт энэ байлаа.
Монгол Улсын ерөнхийлэгчийн зарлиг гарч, монгол айл, албан байгууллага болгон морин хуур хөгжмийг дээдлэн залдаг болсоор бага бус хугацааг элээж буй.

Яг үнэндээ зарлигийг л ёсчлон дагаж, тэгэх учиртай гэж өөртөө итгүүлж байдаг олон монголчуудын хувьд, энэ лекц, ярилцлага багагүй сонирхолтой байлаа.

Морин хуур хөгжим монголоос гаралтай тухай, морин хуур хөгжмийн чавхдас /хялгас/ нь цагаан морь, гүүний сүүлнээс сугалж бэтгэгддэг, арга билгийн зохицолдоотой тухай, хөг аялгуу нь халх болон цахар эгшиглэнтэй тухай, цар нь арьсан бүрээстэй байсан тухай, морин хуур хөгжмийн эхлэл монгол домог “Хөхөө Намжил” бодит хүн байсан тухай, анх үүсэхдээ бурхан болон чөтгөрийн хамтын ажиллагааны үр дүн байсан тухай гэхчилэн олон сонирхолтой ярианууд энэ оройн сонирхолтой сэдэв байв. Монголд төдийгүй дэлхийд гайхагдаж байгаа “морин хуурын чуулгын” хөгжлийн тухай, аялан тоглосон орон болгоны үзэгчдийн сэтгэл хөдлөлийн элдэв араншингийн тухай ч хөгжилдөн байж хүүрнэлдэв.
Харин энэхүү хүүрнэлдээний завсар , хоёрхон чавхдастай хэрнээ хорвоогийн элдэв явдлыг хүүрнэдэг морин хуурын гайхамшигт эгшигт дуурсах “Дөрвөн цагийн тал”, “морины явдал”, ” цонхон дээр суусан ялаа”, “Эрдэнэ засгийн унага” аялгуунууд, харьд суугаа олон монголчуудын сэтгэл зүрхэнд нь “эгшиглэж” байлаа. Харин “Сэцэн Мандухай” киноны хөгжим болон, Жанцанноровын “Цагаан суварга’ хөгжмийн эгшиглэн оргил нь байв. Анир чимээгүй орчинд, гүн бодолд автсан хүмүүсийн царай хөгжмийн гайхамшигт аялгуунд уусан уусах мэт. Нээрээ л бодох ахул, найр наадмаас л дуулж хуурдаж сурдаг байсан нүүдэлчин удмын үр сад бид мөнөөсөө мөн л байв.

Хоолойгоо хахираан байж засан, индэр дээрээс албархуу маягаар ёс төдий илтгэдэг байсан хүмүүсээс Ц.Батчулуун арай өөр харагдаж байсан нь, хийсэн бүтээлтэй, хэлэх үгтэй, эрхэмсэг хүний төрх байлаа. “7 сарын 1 нд хэдэн хуурын хойноос гашуудлаа” хэмээн адлагдаж байснаа цухас дурдаад, өөрийн шавь Г.Уртнасандаа элчин сайдаар дамжуулан ” өргөмжлөл ” өгүүлэхдээ, “Морин хуураа ЮНЕСКО д бүртгүүлчихсэн юм чинь, одоо хар арьстай хүн морин хуур барьж байхыг хараад гайхахгүй, эмээхгүй тухайгаа” битүүхэн хэлнэ билээ. Хийж бүтээж, илүү ихийг хийж бүтээх гэж сэтгэл оюунаа чилээж яваа нэгэндээ, учиргүй магтаад байхгүй хэдий ч урмыг нь хугалчихгүй байна гэдэг яасан хэрэгтэй билээ гэж бодогдож байснаа нуух юун. Гэхдээ л хийж бүтээсэн их бүтээлтэй хүн гэдэг цаанаа л өнгөлөг, бас бардам харагддагийг энэ орой мэдэрч суулаа. Сайхан байсан.

Уулзалтын төгсгөлд элчин сайд, “Японы үзэгчид гайхан дуу алдаж байхыг, Лаосын үзэгчид зааланд шогширч байхыг үзсэн юм чинь дараагийн удаад Америкийн үзэгчид яаж гайхахыг заавал үзэхийг ерөөж”  бэлэг гардуулсан. Энэхүү аялалын нэгэн зорилго нь АНУ-д Монголын ” морин хуурын чуулга” -ыг өргөн хэмжээгээр тоглуулах боломжийг хайж байгаа гэдгээ уулзалтын явцад Ц.Батчулуун хэлж байсан.
Магадгүй нэгэн цагт Америкийн том танхимд Монголын “морин хуурын чуулга”-ын бүрэн хэмжээний тоглолт болж Америкийн үзэгчдийг гайхуулан бишрүүлэх ч юм билүү? Яг ийм мөчид Монгол хэмээх нэгэн омогшил улам улмаар оргилж, бидний үндсэний бахархалыг бадраах ч юм бил үү? Тэр цагт монголчууд бид бие биенээ чин сэтгэлээсээ тэвэрч, монгол хүн болж төрсөн хувь заяандаа баярлах ч юм бил үү?
Эрхэм Ц.Батчулуун таны их хүсэл мөрөөдөл тань биелж, та үргэлж урам зоригоор бадарч байх болтугай. Америк оронд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж тоглох цагийг хүлээж байя.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2010-04-29