“МОРЪТОЙ Ч БОЛООСОЙ”

…Ийм нэртэй Монголын уран сайхны инээдмийн кино байдгийг санаж байгаа байх. Адуучин залуу Дондог мориороо, эмнэлгийн жолооч Янжмаа машинаараа хоорондоо уралдаж эцэст нь морь нь бахардаж унадаг. Жил жилийн наадмын хурдан морины уралдааныг харах бүрт энэ кино санаанд ороод байдаг юм. Эргэсэн морьдын бөөн тоосон дунд аль нь уралдаж яваа хурдан морь, аль нь дагалдаж яваа жееп машин болохыг ялгахад бэрх болдгийн дээр, морьд хоорондоо уралдаад байгаа эсвэл машинуудтай уралдаад байгааг ойлгохоо больж мунгинах тохиолдол ч зөндөө. Яагаав нөгөө кинон дээр хүүхдүүд “морь нь түрүүлсэн, үгүй ээ машин нь түрүүлсэн” гэж маргалдаад байдаг шиг л юм болох янзтай. Энэ хошин кино сүүлийн үед арай гайгүй болоод байх шиг байгаа юм.

За энэ ч яахав, гэснээс сүүлийн жилүүдэд монгол морь эрлийз адуу хоорондоо уралдаж байгаагаас нилээд будилаан маргаан гарч байгаа гэсэн. Монголын үндэсний баяр наадам ч бас “үндэсний бус” болох гээд байгаа юм даг уу даа, үүнээс болж. Уг нь маргалдаад, будилаад байхын оронд монгол морьд нь наадмаараа уралдаад, эрлийз адуунууд нь морин тойруулгадаа уралдаж байвал “хэн хэндээ амар, авсан өгсөндөө ч өлзийтэй” баймаар юм. Тэгэхгүй болохоор морины уралдааныг бизнес болгож хувиргаж, энэ нь үндсэн ажил нь болсон шахуу хэдэн нөхдийн, зугаа цэнгэл болгон өвөл зунгүй уралдаж байгаа морин уралдааны хөлд хүүхэд хөгшидгүй чирэгдэн зутарч байгаа бололтой. Ядаж байхад яасан ч баян  байдаг юм бэ дээ? Яг л казино шиг санагдаад байдаг юм. Нэг уралдаанд түрүүлээд цоо шинэ жееп аваад байхаар арга ч үгүй юм уу даа.  Нэгэн цагт “морьдын тоос тэнгэрт хаддаг” байсан бол, өдгөө цагт “морины үнэ нь тэнгэрт хадаж” орхиж дээ. Банкны зээлээ төлөхгүй байсаар бүхэл бүтэн банк дампууруулсан нөхөд л хагас сая доллараар хурдан морь худалдан авч бэл бэнчингээ гайхуулж, бусдад баярхан аархаж явахыг харахад Монголын төрийн өрөвч энэрэнгүй, уужуу тайван, ууч нигүүлсэнгүй чанарыг илтгэх аж.

Нээрээ морины үнэ тэнгэрт хадаж байгаа гэснээс манай бүх улстөрчид, бизнесменүүд, аймаг сумдын дарга нар бүгдээрээ хувийн хурдан морьдтой болцгоож, хэн нэгнээр уяулаад, алдар цолыг нь өөрсдөө авдаг болсон гэсэн. Би бодохдоо түрүүлсэн морьдыг “Төрийн түмэн эх” гэж цоллодогоос болсон байх гэж хардаад байгаа юм. Өөрөө олигтойхон ” уралдаж”, өөрийгөө “үнэлүүлж” чадахгүй юм чинь ядаж л “Төрийн түмэн эхийн эзэн”, “алдартай”, “манлай” уяач гэж нэрлүүлэхээр бусдад “ТӨРИЙН” хүн болж харагдаад, хүндлэгдээд байж болно гэж боддог байх л даа хөөрхийс. Бас бэл бэнчингийнх нь ил хэмжүүр байж ч болох юм. Харин тэр ил байгаа үнэ цэнэтэй хөрөнгөнүүдээс нь татвар авахаа манай төр мэдэхгүй л мунгинаад байх юм. Тэр “алдарт”, “манлай” уяачдын өмсдөг “жанжин” малгайны ард хийсэх томоос том улаан туузан дээр түрүүлсэн морьдын тоогоор нь шар зураас нэмж зурдаг бололтой юм. Харин үүнээс санаа авч хүний амь аварсан эмч нарын малгайн дээр нь аварсан хүнийх нь тоогоор улаан өнгөтэй нэмэх тэмдэг зурж болдоггүй юм болов уу? За даа тэд ч дарга биш, эмч болохоор болдоггүй л байх даа.

Эмч нар гэснээс манай бүх аймаг сумдын засаг дарга нар үнэтэй жееп машин унаж, эмнэлгийн түргэн тусламжийн машин нь хуучнаараа байгаа гэсэн. Эвдрээд асдаггүй, энд тэнд явахаар суучихдаг хуучин түргэний тэргээр өвтөнөө зөөж явахад нь,  үнэтэй жееп машины зөөлөн суудалд тухалсан засаг дарга нарыг харахаар “зовох цагт нөхрийн чанар танигдана, өвдөж явахад дарга нарын чанар танигдана” гэдэг үг санаанд буугаад байдаг юм. Ингэж зовж байхаар манай сумдын эмч нар, өвчтөнийхөө эмчилгээний төлбөрт хурдан морьд авч болдоггүй юм болов уу? Тэгж чадвал наадмаар хэдэн хурдан морьдоо уралдуулаад л түрүүлсэн байнд нь авсан жееп машинаараа өвчтөнөө зөөж болох юм даа. Эмнэлэгт зах зээлийн овсгоо, өвтөнүүдэд нинжин сэтгэл дутагдаад байнаа. Эмнэлгийнхний түрүүлсэн морины эзэнд олгодог “алдарт”, “манлай” уяач цолыг нь эмнэлгийн даргад нь өгч болох юм байна. Яг үнэндээ бол эмнэлгийн дарга ч бас Төрийн хүн юм шүү дээ.

Хүмүүс өнөө цагийн төрийн хямрал болон ядуурлыг сүлдний морьтой холбож ойлгоод байх боллоо. Хуучин сүлдэн дээр морь унасан хүн нь хаашаа ч юм бэ хар хурдаараа давхиж байсан бол одооны сүлдэн дээрх морины гэдсийг салгаад зурчихсан болохоор мухар сүсгээр бол “муу ёр” болж хямрал нүүрлээд салахгүй, хөгжиж чадахгүй дэвхцэж, толгой хэсэг нь хэт баяжиж, сүүл хэсэг нь огт баяжихгүй байгаа гэнэ. Энэ талаар бодох хэрэгтэй болж байх шиг байна. Бас морины гэдсийг салгаснаар одоогийн эрх баригч 2 нам, толгой болон сүүл хэсэг болохын төлөө байнга сөргөлдөж байхын бэлэгдэл гэж үзэх ч хүн байна. Зарим хүмүүс одоо цаг морины үнэ өсч байгаа болохоор сүлдэн дээр морь байгаа нь бид бүгдээрээ баяжихын бэлэгдэл гэж тайлбарлаж байх юм. Ямартай ч сүлдэн дээр морины дүрс байгаа нь ямар дүрслэлтэй байхаас үл хамааран, цаашид байдал аятай сайхан болохын бэлэгдэл болох бололтой. Манай улсын улстөрч баячууд нь үнэтэй эрлийз адуугаар баярхаж, түүгээрээ мөнгө, нэр алдар олж, бэл бэнчингээ хэмжүүлж байхад, амьдрах аргаа олж ядаж байгаа жирийн иргэд” Морьтой ч болоосой” хэмээн харуусан санааширч сууна.

…Тэгээд нөгөө кино минь яаж төгсдөг билээ. Адуучин Дондог маань бухчин Дондог болж, өөрийн хүслээ “Морьтой ч болоосой” гэж шивнэж явсаар буцаад адуучин болж, эмнэлгийн түргэний тэргэний жолооч Янжмаатайгаа суух болоод төгсдөг. Хийморьтой залуу л даа. Энэ кино хэдийгээр хошин боловч нилээд холыг харсан юм шиг ээ. Бид одоо Дондогийн бух хариулж явсан үе шиг жаахан мунгинаад л байна. Гэхдээ буцаад адуучин болж морин дэл дээр хийсэх буйз аа. Янжмаа ч бас ухаантай сайхан бүсгүй. Түүгээр бодвол Монголын эрүүл мэндийн салбар өөдлөн хөгжих байхаа.” Юм гэдэг учир жанцантай” гэдэг билээ.

Share Your Thoughts