Мухар сүсэг ба хийрхэл

Бид аливаа шашин шүтлэгт хүндэтгэлтэй ханддаг. Аль нэгэн шашны цаад талд олон зуун сая хүмүүсийн сүсэг бишрэл, итгэл үнэмшил оршдог. Өнөө хэр хэн ч, аль нэгэн шашныг бусдаас илүү буюу дутуу, эсвэл туйлын үнэн гэж нотлоогүй, тийм боломж ч үгүй болохоор, хүн бүр өөр өөрийн хүсэл, итгэл үнэмшлээр  сонголтоо хийх эрхтэй.
Шашин, хүмүүсийн дотоод сэтгэлийн ариусал, өөрөө ч мэдэх боломжгүй олон асуултын хариу, дагаж мөрдөх журам, өөртөө бий болгох итгэл үнэмшил, амьдрал болоод юмс үзэгдэл, етрөнцийг үзэх үзлийнх нь илрэл аж.

Нөгөө талаар шашин бүр, өөр өөрийн сургааль номлолын хүчээр маш олон хүмүүсийг нэгтгэж, тэднийг ах дүү мэт нөхөрлүүлж, бодол санааг нь нэгэн зүгт хандуулж, өөртөө болон бусдад сайхан сэтгэлээр хандаж, туслах, ямар нэгэн буруу муу үйлдлийн төлөө ичиж зовох, гэмших сэтгэлийг бий болгодогоороо давуу талтай.

Олон олон хүмүүс өөр өөрийн шүтдэг шашны сургааль номлолд чин сэтгэлээсээ итгэж, түүнийг дагаж мөрдөн, энэ яваа болон хойт насны амьдралын утга учир, амьдралын туйлын зорилгоо болгож байхад, зарим хүмүүс учрыг нь сайн ойлгохгүй хэдий ч бусдын ятгалга, өөрийн сонирхол хүслээр аялдан дагалдах нь бий.
Ямартай ч өдгөө энэ ертөнцөд оршиж буй шашны олон урсгалууд, хүн төрөлхтөний оюун санаанд бодитоор нөлөөлж байгаа  нь үнэн. Даяарчлалын энэ эринд, шашны олон урсгалууд хил хязгаараа тэлж, өргөжин дэлгэрч байгаа цаг дор, хэт туйлширч, шашин хоорондын зөрчлийг дэвэргэн, аль нэгэн шашныг муучлан доромжлох нь бүдүүлгээр барахгүй тэнэг хэрэг болно. Хүн болгон адилгүй, адил байх ч албагүйн адил, алив нэгэн шашны төлөөх итгэл үнэмшил, сүсэг бишрэлийг адил тэгш хүндэтгэн үзэхээс өөр  арга үгүй. Энэ бол хүмүүсийн дотоод сэтгэлийн сонголт юм. Харин шашныг хэрхэн үзэх, хэрхэн хөгжүүлж, хэрхэн ашиглах нь өөр асуудал.

Бизнес  болон хувирсан бурханы шашин
Монголчууд олон зуун жил бурханы шашныг шүтэж, хөгжүүлж иржээ. Мэдээж алдаа оноотой олон зүйл байсан хэдий ч, монголчуудын сэтгэхүйд багагүй нөлөөж асан. Харин ардын хувьсгалын жилүүдэд удтал оршиж ирсэн бурханы шашныг, цогт улаан хувьсгалчдын нөр хичээнгүй зүтгэлээр “устгаж “, бурхангүй шашингүйн хүмүүжлийн эрин үе эхэлжээ. Бараг 70 шахам жил үргэжилсэн энэ үед хичнээн хичээгээд ч, монголчуудын олон зуун жил шүтэж ирсэн бурханы шашныг, итгэл үнэмшилтай нь хамтад бүрэн устгаж чадаагүй юм. Бурхангүй үзлээр хэд хэдэн үейиг хүмүүжүүлсэн боловч, үзэл бодол итгэл үнэмшилдээ үнэнч цөөн хүмүүс энэ шашны голомтыг хичээн авч үлдэж чаджээ.

Харин монгол оронд ялсан ардчилсан хувьсгалын нөлөөгөөр, хувь хүний шүтэх, эс шүтэх эрх нь чөлөөтэй болж, хадгалагдаж үлдсэн голомтоос бурханы шашин дэлгэрэн хөгжиж эхэлсэн. Боогдож байсан далангаа сэт татан, бургилан хөөсрөн урсэх голын хүчит урсгал лугаа адил, өндөрлөг газар болгонд суварга босгож, жалга бүхэнд сүм хийд байгуулж, урд зүгээс “ганжуур “, “данжуур ” судрыг бөөн бөөнөөр нь залцгааж, төв газруудад бурхан багшийн “сэрэг дүр ” босгож, эдийн дээд хадаг элбэгийн дээд “хог ” болтлоо элбэгшив. Нойр хоолоо хугаслан байж ном цээжилж, тэвчиж бясалган байж дамжаа барьдаг, сургааль номыг судлан  гэгээрч лам болсон нэг хэсэг нь байхад, цөөхөн хэдэн тарни цээжилж, жинсэн өмдөн дээр орхимж нөмөрч, СД дээр бичсэн уншлагатай, цүнх дүүрэн хэрэглэлтэй “лам ” маягийн залуус, ямар ч засал хийж , ном уншиж, сан тавих болж дээ. Ажил хийж биеэ зовоохгүй, сургуульд сурч өөрийгөө хөгжүүлэхгүйгээр айлд залагдаж, өргөлөөр “сан тавьж “, өндөр үнээр “засал хийж “, чадах мэдэхгүйг харшилдуулж, цадталаа идэж, ичитлээ хүндлүүлж байх нь сайхан болоод амар байдаг байх.

Төсвийн болон хандивын мөнгөөр, сүм байгуулж, суварга босгож, бурханы “сэрэг дүр бүтээж ” , ард иргэдийн итгэл үнэмшил, сүсэг бишрэлээр “бизнес ” хийх нэгэн төрлийн “моод ” дэлгэрч байна даа. “Ёстой юм ёсоороо “, “номтой юм номоороо ” гэдэгчлэн өнгө мөнгөнөөс илүүтэй, дотоод сэтгэлийн ариуслыг чухалчилдаг бурханы шашин, өнөө цагт бизнес болон хувирч, өргөн түмний сүсэг бишрэл, итгэл үнэмшлээр тоглох болж дээ.
“Хүнд хэцүү хориг цагт тэсч үлдсэн бурханы шашныг, шашин өргөжин дэлгэрч буй өнөө цагт мэдэх мэдэхгүй, чадах чадахгүй “ламанцар “-ууд жинхэнээр устгаж мэдэх юм ” хэмээн бурханы шашны нэгэн зүтгэлтэн, нэгэн цагт сэтгэл зовон сануулж л байсан. Хүний сэтгэлийн ариусал, итгэл үнэмшил, сүсэг бишрэл дээр тулгуурладаг аль ч шашин бизнес болж хувираад эхлэхээр л мөхөлдөө ойрхон очих буй заа.

Мухар сүсэг
Алив зүйлийн учир утгыг бүрэн мэдэхгүй, ойлгохгүй хэрнээ, амьдралд тохиолдох элдэв асуудлын өмнө сөхрөөд ирэхээрээ олон хүн мухар сүсэгт автдаг. “Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг ” монголчууд хэл, утгыг нь мэдэж ойлгохгүй олон зүйл мухар сүгээр хандах нь олонтаа.
-Хүссэн өдрөө үсээ засуулж болохгүй, “элдэв айдастай “, хэрэгтэй өдрөө хол замд явж болохгүй, “элдэв барцадтай “, боломжтой өдрөө хурим найр үүсгэж болохгүй, “гай зовлонтой “, унаа олдсон өдрөө нүүж болохгүй “учир жанцантай “, за тэгээд “жас өдөр “, “амин гариг “, ” сүлд өдөр “, “балжинням, дашнямтай өдөр ” гэхчилэн боломж хүслээрээ ажиллаж амьдарч болохгүйн олон хориг “чөдөр “.
Хэзээ бид өөрсдийн хүсэл боломжоороо, ажиллаж амьдрах вэ?

-Ажил үйлс бүтэхгүй бол, арга боломжоо бодохын оронд лам дээр очно, мөнгө олдохгүй, дутагдах аваас, хичээж хөдөлмөрлөхийн оронд “Намсрай бурхан ” тахиж, даллага авахуулна, хайртай хүнээ олохгүй бол, хүмүүстэй танилцаж, нөхөрлөхийн оронд “ханийн даллага “авахуулж, засал хийлгэнэ, хэрэлдэж муудалцаад болохгүй бол, ярилцаж суугаад ойлголцохын оронд, суудал салгуулж, өнцгөө тэгшлүүлнэ.
Хэзээ бид өөрсдийн ажил амьдралдаа эзэн нь болох юм бэ?
-Хулгай луйвар хийсэн бол, түүнийгээ шингээх гэж, арга засал хийлгэнэ, хэрэг зөрчил гаргасан бол, түүнийгээ аргалуулах гэж ном уншуулна, хэн нэгэнд атаархаж хорссон бол, түүнд “хараал хийлгэж “, мууг нь үзэх гэж хүснэ, хууль бусаар луйвардаж баяжсан бол, “араа даалгах ” гэж лам “өмчилж “, бас “тэжээнэ “.
Хэзээ бид өөртөө итгэж, өрөөлийг хайрлаж сурах юм бэ?

-Шалгалтандаа унахгүй гэж, жолооны шалгалтандаа тэнцэх гэж, гадаадад явах виз даруулах гэж, гаалиар хориотой бараа оруулах гэж, ажилд орох гэж, арилжаа наймаагаа олзтой болгох гэж лам дээр очиж “хийморийн сан ” уншуулж, арц уугиулж, өгсөн элс шороо, элдэв зүйлийг нь энд тэндгүй цацаж байх.
Хэзээ бид ёстой юмыг нь ёсоор нь хийж, тайван байж сурах юм бэ?
Мухар сүсэгт хэт автах нь өөртөө итгэх итгэлээ л алдаж буй хэрэг. Арга засал байж сайн үр нөлөө өгдөг байж болох хэдий ч, өдөр тутмын асуудал, өөрөө шийдэж болох олон зүйлээ байнга бусдаас асууж, даатгаад байх нь хэр зохимжтой юм бол?
Яг л үүн дээр бурханы шашны бизнес хөгжөөд байгаа юм даа. Муйхар мухар сүсэг, ашиг олз эрхэмлэсэн шашны бизнес, өнөөгийн бидний өртөө итгэх итгэлийг “булааж”, өөдөлж дэвших хөгжлийг “чөдөрлөөд ” буй.

Хийрхэл
Хүмүүс алив нэгэн юмс үзэгдлийн учрыг нь гүйцэд ойлгож ухаахаргүйгээр, хагас дутуу ойлголттойгоор, уг зүйлийг сурталчилж, даган баясаж, эрүүл биш хандлагаар хандан “хийрхэл “-ийг үүсгэдэг. Энэ нь өөрийн хэмжээнээсээ хальж, өргөн олныг хамрахаараа, нийгмийн сэтгэл зүйд муугаар нөлөөлж болно.
Ардын засгийн жилүүдэд “чөтгөр “-ийн тоо олширсон гэдэг. Ардчилсан хувьсгалын жилүүдэд “хувилгаан “, “дарь-эх “-ийн тоо олширсон. 1990 -ээд оны эхээр монгол оронд минь “хувилгаан “, “дарь-эх ” -ээр мөн ч олон хүмүүс тодорч, тэр хэмжээгээрээ ард олны анхаарлыг татаж, хичнээн олон өвчин зовлон, учраа олохгүй мунгинах хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглов. Тэднээс өнөөдөр үлдсэн нь хэд байгаа вэ?

Мунхаг миний бодлоор “хувилгаан “, “дарь эх ” гэдэг, хүссэн хүн болгон тодорч хувилаад байдаг “албан тушаал ” , “цол хэргэм ” биш байлтай. Хатуу дэг жаягтай, уйгагүй тэвчээр хөдөлмөр зүтгэлийн үрд “гэгээрч “, өөрийгөө ердийн хүмүүнээс илүү болгосон нэгэн байдаг байх. Ард олны амьдрал ахуйд өөрчлөлт гарч,  шинэ орчинд дасах, сэтгэл зүйн оролдлого бүртэй, ийм үзэгдлүүд давхцдаг нь хамгаас сонирхолтой. Ийм үзэгдлүүд өргөн олны анхаарлыг татахаас гадна, хийрхэлийг дэгдээж, хэсэг бусаг зальт хүмүүсийн ашиг олз олох боломж нь болдог. Зарим хүмүүс ийм байдлыг улам улмаар дэвэргэж, мухар сүсгээр хандах олон хүмүүсийг бий болоход зуучилна. Харин хэсэг хугацааны дараа энэ бүхэн, оргүй алга болж, нийгэм даяараа мартагнаж, “дурсамж “төдий зүйл үлдэх нь бий. Яг л аянга цахилгаантай аадар бороо асгараад өнгөрөх мэт…

…Монгол оронд ядуурал ихсэж, хүмүүсийн бухимдал нэмэгдэж буй энэ цаг дор мөнөөх хийрхэл сэргэж буй бололтой. Монгол оронд бөө мөргөл ихээхэн “хөгжиж “, улмаар “айл болгоноос нэг бөө тодрох ” их хөдөлгөөн өрнөж буй гэнэ. Айл болгоноос тодорсон бөө “тэнгэртэй “, бас “сүнстэй ” харьцаж, ахуй амьдралаа “авч явах ” юм байх. Ийм сурталчилгааны улмаас бөөг шүтэх, бөөд амьдралаа даатгах, бөөд өргөл өргөх, бөөгийн айлдсанаар олз, гарлагаа шийдэх болж буй.
Их эзэн Чингис хаан “тэнгэр “-ээс асууж, “тэнгэрийн тааллаар  ” хэмээн шийдвэрээ тунхагладаг байсан тухай түүхийн эх сурвалжуудад өгүүлсэн байдаг. Шашингүй хүмүүжлээр хүмүүжсэн бидний үед, бөө мөргөлийн тухай бүдэг бадаг ойлголттой, онгод тэнгэртэй харьцдаг, хараал хийвэл “тун аюултай ” төдий л ойлголттой байсан сан. Онгод тэнгэрийн сахиус гэдэг хүн болгонд “олдох зүйл ” биш, бас л өөрийн хатуу дэг жаягтай гэж бидний төсөөлж байсан бөө мөргөл, өнөөгийн монгол оронд минь “хийрхэлийн салхиар ” хийсч, айл гэрийн хойморт орж ирж буй бололтой. Саяхан миний нэг бичлэгийн дор нэгэн уншигч энэ тухай жишээ авч бичсэн байсан. Айлынхаа аж амьдралыг зааж өгч байгаа бөө нь “гай болж байна ” хэмээн өвлийн идэшийг нь гаргаж хаяулж, шинэ хөргөгчийг нь эвдэж хаяулах нь “тус биш гай ” гээч нь болно биз дээ. Энэчлэнгээр хийрхэлийн олон жишээ буй гэнэ.

…Саяхан нэгэн хэвлэл дээр, Их эзэн Чингис хааны хойд дүрээр монгол орны хүн амын 10 % болох 270 000 эрчүүдийг тодруулах тухай мэдээлэл гарсан байсан. Улстөрчид нь улаан цагаан луйвар хийж, ард олноо дорд үзэн басамжилж буй үйлдлийн улмаас “Чингис хаан ” шиг гайхамшигт удирдагч төрөөсэй хэмээн хүсэмжилж буй ард олны сэтгэл зүйгээр ийн тоглогсод гарч ирж байна. Тэрчлэн улам улмаар бохирдон, устаж буй байгаль орчин, түүнийг дагаад цагаас цагт хатуурхаж буй цаг уураа аргадах гэж, бас шийдэх гэж уул овоо тахиад амжилт олсон бил үү? Аргаа барсан зарим нь монголоос олимпийн аварга төрсөн тохиолдлыг, уул овоо тахиснаас болсон мэт тайлбарлан “хийрхэнэ”.
Одоо уул уурхайн ашиглалттай холбож, “лус савдаг догшрох ” үзэгдлийг дэгдээх вий дээ? Ийм их хийрхэлийг дэгдээж, дэмжиж дэлгэрүүлж байгаа эзэд нь бид өөрсдөө шүү дээ.

Төгсгөл
Хүмүүс бид итгэл найдвараа алдаж арчаагаа барах цаг дор мухар сүсэгт автаж, хийрхэх нь бий. Энэ бол 21-р зуун. Цахим хөгжил, мэдээллийн үсрэнгүй хөгжлийн үед бид амьдарч байгаа. Алив зүйлд бодитой хандах нь илүү чухал байнаа. Ядаж л мэдээлэл их уншиж мэдлэгээ тэлж, гадаад олон орны хөгжилтэй харьцуулж, эрүүлээр харж, бодитойгоор сэтгэх боломж буй.
Улс орны хөгжил, айл гэрийн амьдрал, хувь хүний хөгжил бөө мөргөлөөр бус, бурханы шашны зааснаар бус, уул овоо тахиснаар бус өөрсдийн хичээл зүтгэлээр л бий болдог. Өөртөө итгэж, өөртөө найдахаас илүү найдвар үгүй. Өрөөл бусдад сайн санаж, хэрэгтэй цагт нь дэмжин тусалж, өөрөө эргээд тусыг авахаас илүү дэмжлэг үгүй. Өөртөө байгаа боломжиндоо сэтгэл ханаж, бүтэхгүй зүйлд шунаж өөрийгөө зовоохгүй амьдрахаас илүү жаргал үгүй.
Монголчууд бид уужуу ухаантай, тусч сэтгэлтэй, элгэмсэг, эх оронч өвөг дээдсийн үр сад. Өнөө бид арчаагүй байгаа бол, өөр юуных ч биш , бидний л арчаагүйнх. Сайныг санаж, мууг мартаж, өөр хоорондоо эвлэлдэн нэгдэж, нэгэн сэтгэлээр хандах аваас бид хөгжинөө. Монгол орныг, монгол хүнийг монголчууд биднээс өөр хэн, ч юу ч хөгжүүлэхгүй.  Төрийн сүлд ивээг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-01-16

Share Your Thoughts