Мухар сүсэг – олон нийтийн сэтгэл зүй – сэтгүүл зүй

“Дөрөв дэхь засаглал” хэмээн өөрсдийгөө өргөмжлөн нэрлэдэг Хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд олон нийтийн оюун ухаанд хүргэж байгаа мэдээллүүдээрээ нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж чаддаг. Социализмын үед цорын ганц “ҮНЭН” гэж нотолж, олон нийтийн сэтгэл зүйг “удирдан жолоодож” байсан үе нэгэнт өнгөрч, хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн “эрх чөлөө” мандан бадарсан энэ цаг үеүдэд олон ч зүйл өөрчлөгдөж буй. Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед, мэдээллийн асар их бөөм дундаас мэдээллүүдийг өөр хооронд нь
харьцуулан дүгнэх боломжтой болжээ.
Гадаадад ажиллаж амьдрач байгаа монголчууд бид Монгол оронд болж буй олон ч үйл явдлын мэдээллийг интернетээр авдаг. Сайн сайхан зүйл олон байдаг хэдий ч санаа зовоосон зүйл мундахгүй. Сүүлийн үед шашны болон мухар сүсгийн хандлагатай мэдээллүүд нилээд гарч, энэ байдал нь Монголын олон нийтийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгааг анзаарлаа.

Нэг. АРГО багшийн” ДААХИЙ” бурхан
…Нэгэн том танхимд маш олон хүн хуран цуглаж, Арго багшийн цоо шинээр бүтээсэн “Даахий” бурханыг худалдан авахын тулд дугаарлан зогсчээ. Нэг бурханы үнэ нь 33 500 төгрөг гэнэ. “Ард түмний багш” гэж өөрийгөө нэрлэдэг, 25 хэл мэддэг төдийгүй энэ талаар маш олон ном сурах бичиг зохиож , амжилттай худалдан борлуулж “баяжиж”, энэ мөнгөөрөө Чингис хааны хар болон цагаан “Сүлд”- ийг “цэнгүүлэн тахиж” байгаа энэ эрхмийг даган баясаж, шүтэн бишрэгчид цөөнгүй. Хэнийг юуг тахин шүтэх нь хувь хүний асуудал мөн л дөө.  Энэ хүний тухай хэвлэл
мэдээллийн хэрэгслэлээр их хэмжээтэй сурталчлах тусам, хүмүүсийн хандах хандлага нь нэмэгддэг бололтой. Энэ хүний хувьд олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлж , энэ боломжоо бизнес болгон хувиргаж чадаж байгааг харахдаа “чадаж байгаа юманд арга байхгүй” гэдэг үг санаанд ороод байдаг юм. Гэхдээ л ямар нэгэн юм, хэмжээгээ алдахаар утга учраа алддаг. Зүйрлэвээс ” хувин дүүрэн усан дээр ус нэмж хийгээд байх тусам ус нь гадагш халин асгарч бохир хаягдалтай хамтад урсах” мэт.

Энэ бичлэгийг харж байхдаа ” энэ л мухар сүсэгт автсан олон хүмүүс яг л энэ сэтгэхүйгээрээ сонгуульд санал өгнө шүү дээ” гэж бодоход гунигтай санагдаж байлаа. Хэдийгээр дараа жил “мөнгөний сонгууль болохгүй” гэж өнөөгийн эрх баригчид амалж байгаа ч, хийж бүтээх, өөрчлөн сайжруулж чадах нэгэнд бус, их мөнгө өгсөн нөгөөд нь сонгуулийн саналаа “худалдах” нийт массууд байж л байна. Олон нийт ийм мунхаг байх нь монголчууд бидэнд бус, улстөрөөр луйвар хийж гаршсан эрхмүүдэд хэрэгтэй. Тийм болоод тэд энэ байдалд огтхон ч санаа зовж
шаналахгүй байгаа бололтой.

Хоер. “АПУ-гийн Батсайхан нүгэлтэн үү?”
…Ийм гарчигтай дүрс бичлэгүүд интернетэд тавигджээ.  4 жил гаран бясалгал хийсэн Осгонбаяр гэдэг лам бясалгалаа дуусган “бодит ертөнцөд” морилон ирж буйг харуулсан мэдээ юм. Бясалгал гэдэг буддын шашны нэгэн том үйл төдийгүй, гэгээрэл болон “нинж” сэтгэлийн том сургууль гэдэг. Мэдээж  бясалгал хийсэн Осгонбаяр ламтны айлдах айлдвар болон үйл хөдлөл олон хүний сонирхлыг татсан байх. Харин мэдээг тайлбарлаж байгаа сэтгүүлч залуу маш их баяр бахдалтайгаар энэ хүний тухай “Өнгө мөнгөнөөс ангид, өнөөгийн нийгэмд цоо шинэ
үзэгдэл авчирч болох  тухай” өөрийн дүгнэлтээ хэлж байх юм. Бодвоос Монголын өнөөгийн нийгэмд шинэчлэлийг бясалгал хийсэн хүмүүс авчирч болох тухай санаа юм уу даа. Нэг бодлын аргаа барсан сэтгэлийн “гаслалт” гэлтэй. Нөгөө талаас олон нийтэд ийм итгэл үнэмшил төрүүлэх гэсэн оролдлого бололтой. Дээр нь мэдээтэйгээ авцалдахгүй гарчиг нь хувь хүнийг олон нийтэд эвгүй байдлаар ойлгуулж болзошгүй мэт.
Энэ бичлэгийг харж байхад өнөөгийн монголын бизнесменүүд болон улстөрчид  “өөр өөрийн арыг нь даадаг ламтай” байж, тэднийгээ ивээн тэтгэн “дэм дэмэндээ” явдаг тухай яриа санаанд орж байлаа. Шударга хөдөлмөр, чин зүтгэлээр бус хууль бус аргаар, заль мэх луйвраар “баяжиж” байгаа хүмүүс ямагт сэтгэлдээ “айдастай” явдаг. Хэзээ нэгэн цагт илчлэгдэн хуулийн хариуцлага хүлээхгүйн төлөө тэд ийм арга замыг л сонгодог. Энэ байдлыг мэддэг олон нийт ч бас л өөр өөрийн “авран хамгаалагч”-тай байхыг хүснэ. Аргагүй шүү дээ. Хууль бус байдлаар
баяжиж энэ үйлдэл нь ил хэрнээ илчлэгдэхгүй байгаа нь олон нийтэд  ийм бодлыг төрүүлэх аж.

Гурав. “Далай ламын хойд дүрээр тодорсон Ү.Мөнхсүх хүүгийн сонирхолтой яриа”
…Ийм гарчигтай мэдээлэл нилээд олон сайтууд дээр тавигджээ. Бурханы шашинтай орнуудын хувьд Дээрхийн Гэгээн Далай ламын “хойд дүр”-ийн асуудал нилээд төвөгтэй байдалд байгаа. Гэтэл Монголын хэвлэлүүдэд Далай ламын хойд дүр монголоос тодорсон тухай мэдээллүүд цацагдаж эхэлжээ. Хэдийгээр мэдээллийг үндсэн байгууллага нь албан ёсоор няцаасан ч, энэ талаарх шуугиан намжихгүй байгаа бололтой. Яг үнэндээ Өмнөговь аймгийн харьяатҮ.Мөнхсүх хүүг Бари Ёнзон Дамцагдорж гэдэг хүний хойд дүрээр Далай лам тодруулсан юм билээ. Гэтэл
энэ мэдээллийг Далай ламын “хойд дүр” болгон дэврүүлэх нь хэнд хэрэгтэй юм бол? Үүний цаана “Далай ламын хойд дүр монголд тодорсноор Монгол орон өөдлөн дэвжих болно” гэж олон нийтийн сэтгэл зүйд итгүүлэх оролдлого байж болох.

Дөрөв. Өвдвөл бөө болно
…Сүүлийн үед Монголд бөө мөргөл хүчээ авч, “айл болгон бөөтэй болох” хөдөлгөөн өрнөж байгаа юм гэнэ. Бараг сүлжээний бизнес болон хувирсан энэ хөдөлгөөн олон нийтийн сэтгэл зүйгээр тоглоод зогсохгүй “оюун сэтгэлгээний дарамт” болон хувирч байна. Хэн нэгэн ямар нэгэн өвчнөөр өвчилбөл “Онгод тэнгэр нь дуудаад байгаа юм байна. Хэрэв онгод сахиусаа авахгүй юм бол үхнэ” гэж “айлгаад” зогсохгүй, хэдийд хаанаас ямар ханштайгаар авч болохыг ч хэлж өгдөг гэнэ.  Аргаа барсан олон хүн энэ замаар орж, хамаг мөнгөө бөө болоход зориулснаар
“онгодтой, онгодгүй” олон бөөний орон болон хувирч буй бололтой. Яг л тэр жилийн “Хадгаламж зээлийн хоршоо” шиг. Түүгээр ч үл барам зарим хүмүүс Монгол орны хөгжлийн “тэнгэрт тэтгэгдсэн цаг хугацааны” тухай ч номлох болж байна. Хэрэв энэ бүхэнд үнэмших аваас “Айл болгон бөөтэй болж, тэнгэрийн ивээлийг авснаар, монголчууд бид юу ч хийхгүй хэрнээ үсрэнгүй хөгжих” нигууртай гэнэ. Гэхдээ бөөгийн уламжлалт арга билгийг бусдыг дарамтлан айлгах хэрэгслэл болгож байгаад хамаг учир нь байгаа бололтой. Хэн нэгэн бөөгийн хараал хүрч
“муугаа үзэхгүйн тулд” амаа хамхицгааж, буруу муу бүхнийг “мэдсэн ч мэдээгүй, харсан ч хараагүй” өнгөрөөх болж дээ.

МУХАР СҮСЭГ ба ШИНЖЛЭХ УХААН
…Энэ бол 21-р зуун. Шинжлэх ухаан Техникийн, Мэдээллийн гайхамшигт нээлтүүд дээр тулгуурласан асар хурдацтай хөгжлийн эрин үед бид амьдарцгааж байна. Энэ нээлтүүдийн ачаар бид хамгийн сүүлийн үеийн хялбар хэрэглээ бүхий гар утас барьж, интернетээр хүссэн мэдээллээ хязгааргүй орон зайн дундаас олж авч, сүүлийн үеийн загвар бүхий автомашин унаж, өвөрмөц дизайн бүхий тохилог орон сууцанд амьдрах боломжтой болж байгаа. Бидний өдөр тутмын амьдралд ШУ- ны ололтууд нэвтэрч байдаг.
Шашин бол хүмүүсийн итгэл үнэмшил бас сүсэг бишрэл. Адил итгэл үнэмшил болон үзэл бодлоороо хүмүүс нэгддэг, бас бие биедээ чин сэтгэлээсээ хандаж тусалж дэмжиж, хамтдаа сайн үйлсүүдийг бүтээдэг болохоор шашин хүмүүст сайнаар нөлөөлөх нь бий. Харин эсрэг үзэл бодлоосоо болж зөрчилдөж, энэ байдал нь хүмүүст таагүй байдлыг авчрах тохиолдол ч бий. “Хүний бодол санаа болон хүсэл зоригийг олсоор хүлж болдоггүй”тэй адил хүний итгэл үнэмшил, сүсэг бишрэлийг албадаж болдоггүй. Мэдээж шашин болгон өөр өөрийн сургааль номлол болон ёс суртахуунтай.

Харин өнөөгийн монголчууд бид арай л хэт мухар сүсэгт автаад байх шиг. Хүмүүс ямар нэгэн зүйлд хүчин мөхөсдөж аргаа барахдаа мухар сүсэгт автдаг. Алив зүйлийг уншиж судлан танин мэдэхээс”залхуурахдаа” аль болох хялбар арга замыг хайна. Амьдралд өөрийгөө зовоолгүй, аль болох амар хялбар аргаар сайхан амьдрахыг хүсэх хүсэл нь мухар сүсэгт хөтлөх ч тохиолдол бий. Бурханы сургаалийг уншиж судлан, учрыг нь олохын оронд хэн нэгэн лам дээр очоод мэдэх мэдэхгүй хэлээр ном уншуулахдаа “итгэж” тайвширна. Амьдралаа дээшлүүлэх гэж,
ажлаа сайжруулах гэж, бизнес хийх гэж, биеэ эмчлүүлэх гэж, ханиа сонгох гэж, хангалттай дүн авах гэж лам дээр очих тусам өөртөө итгэх итгэлээсээ алслагдана. Энэ л мухар сүсэг нь, ямар нэгэн үйлдлийн буруугаа өөрөөсөө биш бусдаас хайж, гомдож хорссон сэтгэлдээ бусдад муу үйл хийх арчаагүйдэл руу хөтөлдөг. Олон нийтийн арчаагаа барсан энэ сэтгэхүй дээр маш олон хүмүүс “тоглож”, бизнес хийн “баяжиж” байна. Харин хэн энэ асуудалд санаа зовж байгаа юм бол? Монголчууд бид ийм мунхаг, хийрхүү байх нь хэнд хэрэгтэй юм бол?

ТӨГСГӨЛ

-1. ТӨР бол олон нийтийг сэтгэлгээний бүдүүлэг “дарангуйлал” аас хамгаалах үүрэгтэй.  Хууль бус үйл ажиллагаагаар олон нийтийн сэтгэл зүйд муугаар нөлөөлөх аваас буруутай этгээдийг илрүүлэн хариуцлага хүлээлгэх нь төрийн хийх ёстой ажил.Хэдийгээр сүсэг бишрэл хувь хүний асуудал хэдий ч, мухар сүсгийг дагалдан гарч байгаа хууль бус “бохир бизнес”, олон нийтийг хохироож байгаа үйлдлүүдийг өнөөгийн Монголын төр яагаад хайхрахгүй байгаа юм бол? “Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олдоггүй” гэдэг үг бий. “Төр өөрөө
бохир байгаад энэ ажилд санаа тавихгүй байна” хэмээн би хардаж байна.

-2. Монголд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам гэж бий. Бас ШУ-ны Академи ч гэж бий. Эдгээр Яам болон Академи нь олон нийтийн боловсрол соёлын бодлогыг хариуцдаг. Байн байн “сарын болон нэрэмжит” маягийн ажил зохион байгуулдаг ийм байгууллагууд энэ асуудалд анхаарлаа хандуулан олон нийтэд тайлбар өгч яагаад болдоггүй юм бол? Түүнчлэн өнөөгийн залуу үед болон монгол хүний хөгжилд хэрэгтэй бодлого үнэхээр үгүйлэгдэж байна. Энэ байдал нь “Эцэггүй хүүхдийн цээж том, эхгүй хүүхдийн бөгс том” гэдэг хэллэгийг санагдуулах аж.

-3. Олон нийтийн сэтгэл зүйг зөв тийш нь хөтлөхөд хэвлэл мэдээллийн хэрэгслэл болон сэтгүүл зүй маш ихээр нөлөөлдөг. Мөнгө болон сенсаац хөөлгүйгээр ёс зүйгээ бодоод аль болох буруу муу зүйлийг сурталчлан олон нийтэд хүргэхгүй байвал сайн сан. Арго багштай болон мэрэгч төлөгч, бөө нартай хийж байгаа ярилцлага болон бичлэг нэвтрүүлэг бүхэн олон нийтийн сэтгэл зүйд сайн муугаар нөлөөлж л байгаа. Учрыг нь ялгаж сайн ойлгохгүй байгаа зарим хүмүүс та нарын мэдээллээс “тэнд нэг сайн хүн байгаа юм байна, тэр хүн дээр л очьё” гэдэг
бодлыг авч байгаа. Монголчуудын сэтгэхүйд, хэн нэгнийг муулах тусам “энэ ч зүгээргүй байх” гэсэн сэтгэгдэл илүүтэй төрдгийг мартаж боломгүй.
-4. Нөгөө талаас нь харах юм бол монголчууд бид өөрсдөө буруутай. “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ” гэдэгчлэн энэ бүх муу үйлдлийг бид өөрсдөө л бий болгон, дэмжиж хөгжүүлж байна. Хэрэв бид өөртөө итгэж, өөрсдийгөө хөгжүүлж, шударга бус муу үйлдлийг эсэргүүцэн дуу хоолойгоо нэгтгэж чаддаг байсан бол ийм байдал газар авахгүй л байсан болов уу?Дээр нь өнөөгийн Монголын нийгэмд бий болсон “Зоволгүй мөнгө олж, зогсолтгүй жаргах” хүсэл мөрөөдөл энэ бүхний үндэс нь болж байгаа. Бид лам дээр очиж хувь заяагаа даатган, бөө
дээр очиж “тэнгэрт тэтгүүлж” байж ажил амьдралаа сайнаар авч явна гэж үгүй ээ. Бид өөрсдөө зүтгэж  хөдөлмөрлөж, зовж шаналж байж л амжилтад хүрч сайхан амьдарна. Өөр сонголт үгүй.

…Монголчууд бид ШУ техникийн болон мэдээллийн хүчирхэг зуунд амьдрач байна. Алийн болгон мухар сүсэг болон мунхаглалтайгаа зууралдах билээ.  Монголчууд бидний хөгжил дэвшил өөр хэнээс ч биш зөвхөн биднээс өөрсдөөс л хамаарна. Хэрэв бид бүдүүлэг, мунхаг харанхуй байх аваас хэн ч биднийг өрөвдөхгүй харин шоолж инээх болно.  Бид мунхаг харанхуй байх аваас өөрсдөө хохирч, бусад хүмүүс хожих болно. Энэ бол гашуун үнэн. Бид харанхуй мунхаг байдлаасаа болж өөрсдийгөө төдийгүй эх орон газар нутгаа ч алдаж болзошгүй.
Энэ цаг дор бид, эргэн тойрноо харьцуулан харж, эргэцүүлэн ухаарах цаг болжээ. Хэн нэгний хэлж зааснаар бус өөртөө итгэж, өөрсдөө хичээн зүтгэж байж л амжилтад хүрч хөгжих болно. “ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ” гэдэг дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-10-13

Share Your Thoughts