Мэдлэг-боловсрол-мөнгө

…”Хэрэв чи эрдэм боловсролтой хүн болж чадвал, чиний толгойд байгаа зүйлийг хэн нэгэн хулгайлж чадахгүй, зуданд алга болохгүй, галд шатахгүй” хэмээн бидний багад ахмад настнууд болон багш нар минь хичээнгүйлэн сургаж асан.
Хүмүүс хичээж хөдөлмөрлөөд олон малтай болж баян тарган сайхан амьдарч байснаа нэгэн зуданд хамаг малаа үхүүлж, хоосон хоттой үлдэхдээ ядуурдаг. Эсвэл элдэв аргаар их мөнгөтэй болж, түүнийгээ өдөр болгон тоолж, сэтгэлээ баясган авдрын ёроолд баадагнан хадгалж байсныг хулгайч авч одвол, юу ч үгүй үгүйрэн хоосорно. Заримдаа их эд хөрөнгө цуглуулан, сүрлэг байшин барьж, гоёмсог унаа унаштай болж бусдад гайхуулан атаархлыг төрүүлж байсан цаг дор, гайт гал түймэрт хамгаа шатааж орхивол, үнс нурам дор үгүйрэн үлдэх.
…Нэгэн оюутантай мөнгөний тухай ийн хөөрөлдсөн юм.
-Ямар хүн мөнгөгүй болохоос айдаггүй вэ?
-Хэрвээ хүн өөрийн оюуны хөдөлмөрөөр мөнгө олж чаддаг бол нэг удаад алдахаас айдаггүй. Учир нь түүнд оюун ухаан, авьяас чадвар нь байгаа цагт дахиад л их мөнгө олж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг.
-Ямар хүн мөнгөгүй болохоос айдаг вэ?
-Хэрвээ хүн биеийн хөдөлмөрөөр мөнгө олдог бол мөнгөө алдахаас айдаг. Учир нь энэ бүхнийг эргүүлж олоход их хөдөлмөрлөж, илүү ядарч, илүү бухимдах болдог.Бас бусдаас завшин мөнгө олдог бол илүү айдаг. Үүний дараа тэрээр хэн ч биш болон хувирна.
-Ямар хүн мөнгийг үр ашиггүй үрэхдээ харамсдаггүй вэ?
-Өөрийгөө тэгтлээ зовоолгүй амар аргаар мөнгө олдог хүн,  эсвэл өөрөө хөдөлмөрлөхгүй өрөөл бусдаар тэжээлгэж суудаг хүн. “Хүний юм, үнэгүй юманд нугасгүй” гэдэг хэллэг бий дээ. Бас “зовж олсон мөнгө амттай” гэдэг үг ч бий.
Яаж ч бодсон хүний хөдөлмөрийн үнэлгээ болсон мөнгө гэгч, тухай хүний оюун ухаан, хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөртэй заавал уялдан холбогдог аж.

Мэдлэг ба боловсрол
…Өөрийгөө өндөр боловсролтой гэж тооцдог олон хүнийг бид мэддэг. Тэд бүх шатны сургуульд амжилттай суралцаж, нилээдгүй сайн дүнтэй төгссөн байх. Гэсэн атлаа бусадтай харилцах харилцаанд нь авах зүйл даанч үгүй. Юм л бол өөрийгөө магтаж, өрөөл бусдыг гутааж, элдэв бүхнийг шүүмжлэх атлаа энэ бүхний төлөө юу ч хийхгүй, үйлдэл болгоныг нь сайрхал, үг болгоныг нь хараал зүхэл шүлстэй нь хамтад дагалддаг түүнийг өндөр боловсролтой гэж нэрлэхэд даанч хэцүү.

Манай боловсролын тогтолцоонд дээд мэргэжил эзэмшүүлснийгээ дээд боловсрол гэж нэрлэдэг, мэргэжлийн онолын шинжлэх ухаанжсан мэдлэгийг амьдралтай холбож, биед нь “нааж” өгдөггүйн муу үр дүн энэ. Хүн бүр ажилд орох бүртгэлдээ “боловсрол дээд” гэж бичдэг хэрнээ боловсролтой хүн шиг байж чаддаггүй.  Сайн мэдлэгтэй хүн бүр өндөр боловсролтой байж чаддаггүйн гол шалтгаан нь мэдэж байгаа зүйлээ боловсруулан өөртөө шингээж чадаагүйд байдаг. Өөрөөр хэлбэл мэдлэг ба боловсролын өөр хооорондоо уялдаж чадаагүйн харамсалтай ялгаа.
Хүн өөрийн мэдэж байгаа зүйлээ өөртөө шингээж, амьдралдаа хэрэгжүүлж чадах нь боловсролтой байхын эхлэл. Үүний тулд их уншиж ухаарах, их хичээж тэвчих, өөрийгөө захирч жолоодох хэрэгтэй болно. Энэ бол амьдралын их сургууль.

Боловсролтой хүн
Алдартай, бусдад хүрсэн бүтээл туурвилтай, бусдад сайнаар нөлөөлж чадахуйц олон хүмүүсийн ярилцлага болон дурсамжийг уншиж байхад “сургуульд суралцаж мэргэжил эзэмшихээс илүүтэй, ажил дээр гарч, амьдрал дунд л өөртөө хэрэгтэй олон сайхан чанаруудыг эзэмшсэн” тухай дурдсан байдаг. Тэгээд ч үүнийгээ “амьдралын их сургууль” хэмээн хүндэтгэн нэрлэсэн байх нь олонтой.
Амьдрал дээрээс ажиглаж байхад боловсролтой хүн гэдэг тодорхой шалгуураар бусдаас ялгарч байдаг.

1. Алив зүйлд зөв дүгнэлт хийж, асуудалд бодитоор хандах чадвар
Амьдрал дунд тохиолдож байгаа олон асуудалд, нөхцөл байдлыг олон талаас нь цэгнэн, бодитоор үнэлж, түүнд өөрийн зөв гэсэн үзэл бодлоор хандах чадвар юм. Бүх л зүйлийг мэдээлэл дээр тулгуурлан бодит байдлаар нь ойлгохыг хичээхээс бус ямар нэгэн сураг баримжаагаар хандан, хийрхэж туйлширдаггүй нь ийм хүний сайн чанар.

2. Харилцааны өндөр соёл
Ямар ч хүнийг баян ядуу, хөөрхөн муухай, хөгшин залуу гэж ялгалгүйгээр хүндэтгэн соёлтой харьцдаг чадвар. Бид нэгэн дэлхийд хамтдаа амьдарч буй болохоор, энэ ертөнцөд төрсөн хүн болгон үүнийхээ төлөө хүндэтгэл хүлээж байх учиртай болохоор бие биенээ заавал хайрлан хүндэтгэж байх учиртай. Бүх л хүнийг хүндэтгэн харьцдаг хүний амнаас хараал зүхлийн муу үг хэзээ ч гардаггүй.

3. Бусдыг ойлгох, бусдад өөрийгөө ойлгуулах чадвар
Өөрийн зөв үзэл бодол болон хийж бүтээх гэж буй олон сайн үйлсийнхээ талаар хүмүүст зөв сайнаар ойлгуулж, үүн лугаа бусдын үзэл бодол, хийж бүтээх хүслийг ойлгох чадвар юм. Үүнийг өндөр хөгжилтэй орнуудад “багаар ажиллах чадвар” хэмээн нэрлэж, ихэд чухалчлан үнэлдэг.  Алив зүйлийг хүн ганцаар бүтээдэггүй, өрөөл бусадтай хамтран, дэмжлэг туслалцааг авдаг болохоор энэ их чухал.  Би л бүхнийг мэднэ чадна гэсэн хийсвэр төсөөлөлдөө нэгэн жижиг үйлийг бүтээж чадах хэдий ч аугаа зүйлийг хэзээ ч бүтээж чаддаггүй.
Энэ л жижиг юм шиг хэрнээ аугаа чадварууд дээр, эзэмшсэн мэдлэг мэргэжлийн чадвар, хувь хүний хүмүүжил төлөвшил нэмэгдэж байж жинхэнэ боловсролтой хүн болж чадна. Боловсрол гэдэг нэгэн биед цогцолсон, хооронд нь салгаж үл болох олон сайн чадваруудын нэгдэл аж. Үүнийг цогцлооход зөвхөн таны хичээл зүтгэл, ухаарал, тэвчээр л тус болно. Энэ бол цаг мөч тутам, өдөр тутам зогсолтгүй үргэлжлэх “амьдралын их сургууль” юм.

Төгсгөл
Энэ зун АНУ-д ажиллаж амьдрахаар ирсэн Монголын олон оюутнуудтай уулзаж, ярилцаж байхдаа Монгол орны хөгжлийн ирээдүйг мэдрэхийг хүссэн. Мэдээж хүн болгон адилгүй боловч тэдний дийлэнх олонхийн гэгээн хүсэл мөрөөдөл намайг баярлуулсан. Хэдийгээр Монголын боловсролын тогтолцоо хуучин уяанаасаа салж ядан, дэлхийн хэмжээнд хүрэхээр алдаж онож яваа ч , үнэхээр сайн суралцаж, өндөр мэдлэг боловсролтой болж, өөрийн чадвараараа сайн сайхан амьдрахыг хүсч буй тэдний сэтгэлийн хүлээс аль хэдийн алдуурч, хүсэл мөрөөдөл нь хөх тэнгэрт дүүлэн нисэх болжээ.
Тэд яг л уяанаасаа алдууран алсад одох гэж агсамнан тэмүүлэх хүлэг морьд шиг, даль жигүүр нь өдлөөд тэнгэрт дүүлэн нисэхийг хүсэх жигүүртэн шиг санагдаж байв.
Тэд мэдээллийн эрин зуунд хөл нийлүүлэн алхах гэж, үе тэнгийн олон залуусаас үл хоцрох гэж, өөрийн оюунлаг гэгээлэг амьдралаа босгох гэж яарч байна. Тэд өндөр мэдлэг, сайн боловсролын үнэ цэнийг ойлгож, мэдлэг боловсролоор өөрийгөө гоёж, мөнгөний боол биш, мөнгөний эзэн нь байхыг хүсч байна.

Хүсэл мөрөөдөл гэдэг хийж бүтээхийн тэн хагас нь. Амаргүй атлаа бартаатай энэ замд шантарч бэрхшээх нь бий, давж амжилтад хүрэх нь ч бас бий. Энэ л замын хөтөч болсон мэдлэг боловсрол гэдэг хувь хүний баялаг буюу. Энэ л баялгийг халаасандаа бус толгойдоо бий болгох аваас хувь тавилан таны гарт хэзээд байх болно.
Олон олон баялагтай толгойнуудаар л Монгол орон хөгжин дэвжихээс бус, Оюутолгой, Тавантолгойн баялгаар тэгтлээ хөгжихгүй. Мөнгө гэдэг хүний хэрэгцээ болохоос амьдралын хөтөч биш. Мөнгө баялгийг бүтээгч хэрэгслэл болохоос баялгийг бүтээгч эзэн биш. Хэрэв чи өндөр мэдлэгтэй сайн боловсролтой болох аваас мөнгө ямагт чиний дэргэд байсаар байх болно.
Аяа! Залуу сайхан насандаа ихийг сурч, өөрийгөө хөгжүүлж, үнэт баялгаа өөртөө бий болгохоос илүү завшаан гэж үгүй билээ. Мэдлэг боловсрол мөнгө  гурав зөв шүтэлцвээс үүнээс илүү гайхамшиг гэж үгүй билээ. Эрдэм ухаан дэлгэрэг!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-09-19

One Comment

  1. Me

    October 20, 2015

    bayarlalaa mash boduushtai niitlel bnaa.

Share Your Thoughts