МЭДЭЭЛЭЛ БОЛ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР

М. Сувдмааг яг хэлсэн цагтаа ярилцлагад ирэхэд нь “Ямартай ч ажил хэрэгч бүсгүй юм даа” гэж бодож амжив. Сувдмаагийн тухай нэг бус удаа сонсож байсан л даа. Түүнийг өдгөө Америкт төдийгүй дэлхийд нэр хүндтэй мэдээллийн салбарт ажиллаж байгаа болохоор уулзаж ярилцахыг хүссэн хэрэг. Хүмүүс түүнийг GOOGLE-д, YAHOO-д, эсвэл  MICROSOFT-д ажилладаг гэж хольж яриад байдаг. Тэр ч байтугай өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайдаас “Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудад” хаягласан захидалд GOOGLE-д ажилладаг Б. Сувдмаа гэж дурдсан нь андуурал байлаа.

М.Сувдмаа YAHOO компанид 2 жил гаран ажиллаж байгаад өнгөрсөн оноос MICROSOFT-ийн ажилтан болсон билээ. Мөн монгол залуучуудад зөвлөгөө өгөх зорилгоор AmerikBolovsrol.com вэбсайт хөтлөн явуулж байна. Тэрээр Сан-Франциско хотын ойролцоох “Цахиурын Хөндий” буюу Silicon Valley -д ажиллаж амьдардаг. Сувдмаа бид хоёрын яриа Бэй-Ариа орчмын Монголчуудын Холбооны байранд эхлээд, нэгэн зоогийн газарт дуусав.

Мягмарын Сувдмаа, Шинжлэх Ухааны Доктор

Нэг. Намтрын Товчоон

1994 онд Монгол Улсын Их Сургуулийн дэргэдэх Гүнзгийрүүлсэн Сургалттай Дунд Сургуулийн физикийн ангийг төгссөн.

1994-1997 онуудад Компьютерийн Техник Менежментийн Сургуульд программ хангамжийн мэргэжлээр сурч байсан.

1997-2001 онуудад АНУ-д Конкордийн Их Сургуульд компьютерийн шинжлэх ухаан мэргэжлээр сурч, Бакалаврын зэргээ Алтан медальтай төгссөн.

2001-2007 онуудад АНУ-д Иллинойсын Их Сургуульд Мастерийн зэрэг, үргэлжлүүлэн Докторын зэргээр сурч төссөн.  Компьютерийн шинжлэх ухаанаар мэргэшсэн.

2008-2010 онуудад интернет технологийн YAHOO компанид хайлтийн системийн хэлтэст програмын инженерээр ажилласан.

2010 оноос хойш MICROSOFT компанид хайлтийн системийн (Bing) инженерээр ажиллаж байна.

Хоёр. Анги Алгасч Сурсан Охин

ГАЛБАДРАХ -Бага насныхаа тухай дурсвал?

СУВДМАА -Би Увс аймгийн Завхан суманд төрсөн боловч бага насаа Дорноговь аймгийн Сайншанд хотод өнгөрүүлсэн. 1-р ангидаа Сайншандын орос сургуульд орж, дан орос офицеруудийн хүүхдүүдтэй хамт сурч байв. Харин 4-р ангидаа өөрөө дур мэдээд монгол сургууль руу шилжээд орчихсон.

ГАЛБАДРАХ -Тэр үед орос сургууль “моод”, бараг ч зэрэг зиндааны илэрхийлэл байсан байх. Яагаад монгол сургууль руу шилжсэн хэрэг вэ?

СУВДМАА -Орос сургууль сайн л даа. Гэхдээ байгалийн ухаан болон математикийн чиглэлээр тийм ч сайн сургаж чадахгүй байгаа юм шиг санагдсан. Харин зарим монгол сургуулиуд энэ төрлийн хичээлийг илүү сайн зааж сургадаг. Би багаасаа л байгалийн ухааны хичээлд илүү сонирхолтой байв. Дээр нь бас том толгойтой гэхүү эсвэл өөртөө итгэлтэй гэхүү, нэг өдөр л орос сургууль дээрээ очоод хувийн хэргээ аваад монгол сургуульд орчихоод дараа нь аав ээждээ хэлсэн дээ.

ГАЛБАДРАХ -Ер нь Монголын нилээд сайн гэж тооцогддог дунд сургуулиуд байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн сургалт явуулдаг, энэ чиглэлээ их түшиглэдэг байсан.

СУВДМАА  -Намайг 6-р ангид байхад манайх Улаанбаатар хот руу нүүж, би 33-р сургуульд орлоо. Эхлээд ангийн хүүхдүүд намайг хөдөөнийх гээд шоолдог байв. 33-р сургуульд суралцаж байхдаа дүүргийн, хотын, улсын математик, физикийн олимпиадуудад шалгаран оролцсон. Манай химийн багш их сайн хүн байсан, “Чиний одооны анги чамд арай хөнгөдөөд байна, чиний дээд талын анги гүнзгийрүүлсэн сургалттай, чи тийшээ орох хэрэгтэй” гэж зөвлөлөө. Багшийнхаа удирлага доор бэлдэж байгаад 6-р ангийн төгсөлтийн шалгалт өгөхдөө давхар 7-р ангийн шалгалтуудыг өгч, нэг анги алгасан гүнзгийрүүлсэн сургалттай 8-р ангид орлоо.

8-р ангид сурч байхдаа Физикийн Улсын олимпиадад амжилтттай оролцов. Энэ олимпиадад эхний 10 байр эзэлсэн хүүхдүүдийг МУИС-ийн дэргэдэх Гүнзгийрүүлсэн Сургалттай Дунд Сургуульд орох эрх өгдөг юм. Ингээд би 9, 10-р ангидаа энэ сургуулийн физикийн ангид сурч төгссөн. Манай анги 2 охин, 8 хөвгүүдтэй, дандаа Их Сургуулийн багш нараар хичээл заалгана. 2 жил ёстой шүүсээ шахуулсан гэхүүдээ. Сургууль маань сүүлд Туркийн Лицей сургууль болсон гэсэн.

ГАЛБАДРАХ -Тэр үед авьяас чадвартай хүүхдүүдийг сонгон авч хөгжүүлэх талаар нилээд сайн алхмуудыг хийж байсан шүү.

СУВДМАА -МУИС-ийн төрөлжсөн сургалттай ангид суралцаж байхдаа л ирээдүйн мэргэжлийнхээ талаар бодож эхэллээ. Аав минь нийгмийн ухааны доктор, телевизийн сэтгүүлч байсан ч хөгжлийн ерөнхий чиг хандлагыг маш сайн мэдэрдэг байж. Намайг “чи компьютер сайн сур, ялангуяа программ нь их чухал” гэж зөвлөж байсан. Энэ зөвлөмжийн дагуу 10-р ангиа төгсөөд  Техникийн Их Сургуулийн харьяа КТМС /Компьютер Техникийн Менежментийн Сургууль/-д элслээ. Уг нь бол МУИС-ийн гүнзгий төгссөн болохоор МУИС-ийн физикийн ангид шууд орох эрхтэй байсан ч бид тэгж шийдсэн.

ГАЛБАДРАХ -Таны хамгийн сайн зөвлөгч болох аавынхаа тухай танилцуулж болох уу?

СУВДМАА -Миний аавыг Сэндрэгчийн Мягмар гэдэг. Монгол Телевизийн мэдээллийн хэлтэст ажиллаж байсан. Нэг үе Их Хурлаас их сурвалжлага явуулдаг байсан, мөн улс төрийн халз ярилцлага нэвтрүүлэг хөтлөн явуулж байлаа. Зар сурталчилгааны албаны дарга ч хийж байсан. Дараа нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хэвлэл мэдээллийн албанд ажиллаж байв. Сүүлд нь Хятад Улсын Эрээн хотын консулаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.

Манай аав цаг үеийн нөхцөл байдал, хандлагыг маш сайн мэдэрдэг, ялангуяа технологийн хандлагыг. Хамгийн сүүлийн үеийн техник технологийг хэрэглэх дуртай, АНУ-д ирэхээр нь электроникийн дэлгүүр дагуулж орохоор бараг хонуутын юм болно, гарч өгөхгүй.

Одоо хэр нь би ааваасаа мэдээлэл авах үе зөндөө. Өөртөө байгаа мэдээлэл болон санаа бодлоо хүмүүстэй харамгүй хуваалцана. Аав минь миний амьдралын гол зөвлөгч. Миний өдий зэрэгтэй яваад минь аавын минь нөлөө дэмжлэг их байгаа. Ээж минь нэлээд хэдэн жилийн өмнө нас барсан.

ГАЛБАДРАХ-Сайн аавтай юм аа. Аавыг тань хүмүүс танина. Тэр тусмаа сэтгүүлч болохоор өргөн мэдлэг мэдээлэлтэй, алив зүйлд зөв дүгнэлт хийх чадвар нь сайн байдаг байх.

СУВДМАА -Намайг 10-р ангид суралцаж байхад аав минь АНУ-д ажлынхаа шугамаар сар гаруй аялж, Америкийн тухай цуврал нэвтрүүлэг хийсэн юм. Энэ үедээ л Америк орны тухай маш сайн ойлголттой болж, намайг Америкт сурах хэрэгтэй гэж зөвлөж байв. Гэхдээ 10 жил төгсөх үед бэлтгэл хангагдаагүй, наад зах нь англи хэл маань муу байсан. Тэгээд би КТМС-д суралцаж байхдаа хажуугаар нь Америкийн сургуулиудыг судалж, элсэлтэнд бэлдэж эхэллээ. Тэр үед интернет дээр сууж мэдээлэл олох боломжгүй байлаа шүү дээ. Америкийн сургуульд элсээд орчихсон, туршлага судлах хүн ч тоотой байсан. Миний таних хүн лав байгаагүй. Мэдээлэл олж авах ганц эх үүсвэр маань АНУ-ын элчин сайдын яамын номын сан байв. Тэнд хичээлээ тараад өдөр болгон суудаг байв.

Гурав. Залууст Хэрэг Болох Жишээ

ГАЛБАДРАХ -Үндсэндээ Америк явж суралцья гэж шийдсэн хэрэг үү?

СУВДМАА -Тийм ээ! Эхлээд Америкийн их дээд сургуулиудын жагсаалт, тэдний тухай нарийвчилсан мэдээллүүд, элсэлтийн шалгалтынх нь тухай судалсан. Америкийн их дээд сургуулиудад элсэхийн тулд TOEFL, SAT гээд хоёр шалгалт өгөх ёстой. TOEFL нь зөвхөн англи хэлний мэдлэгийн түвшин шалгана. Өөрөөр хэлбэл энэ оюутан америк сургуулийн лекц, сургалтын материалыг ойлгож чадах эсэхийг л тогтооно. SAT нь ерөнхий мэдлэгийг шалгана. Энд математик, эргэцүүлэн бодох, найруулан бичих чадварыг шалгана гэсэн үг.

ГАЛБАДРАХ -Тэгэхээр Америкт сурах мөрөөдлийн эхний шат нь англи хэлийг маш сайн сурч TOEFL болон SAT -ын шалгалтыг бэлтгэж байж өгөх явдал юм байна.

СУВДМАА -Тийм шүү. Би англи хэлийг бие даан, нилээд шаргуу 3 жил судалж байж TOEFL-ийн шалгалтыг өгсөн. Эхний удаад авах ёстой 650 онооноос 450 оноо л авав. Ихэнхи сургуулиуд 500-550 оноо шаарддаг болохоор дахиад л хэдэн сар бэлтгэж байгаад, дахин шалгалт өгч 550 оноо авсан.

SAT-ын хувьд, математикийн хэсэг нь нилээд амархан. Учир нь Монголын сургуулийн 6-р ангийн хөтөлбөрөөс илүү гарахгүй. Гол нь өгүүлбэртэй бодлогыг англиар ойлгодог, математикийн нэр томьёог англиар сан мэддэг байхад болж орхино. Харин хэл зүйн хэсэг нь америкийн сургуулиудын түвшинд тааруулж зохиосон болохоор гадаадын оюутнуудад нилээд амаргүй. SAT дээр ихэнхи сургуулиуд хамгийн багадаа 1100-1200 оноо шаарддаг бөгөөд боломжит оноо нь 1600 байдаг.

ГАЛБАДРАХ -Шалгалтуудаа өгчихөөд сургуулиа сонгосон уу?

СУВДМАА -Америк орон асар том, хэдэн зуун их дээд сургуулиудтай. Тэдний дотроос элсэлтийн материалаа явуулах сургуулиудаа сонгох нь нилээд нарийн, ярвигтай ажил. Сургууль болгон өөр шалгууртай, өөр элсэлтийн журамтай. Мөн ихэнх сургуулийн элсэлт төлбөртэй, зөвхөн элсэлтийн материалаа явуулахын тулд тус бүрт 50$-100$ төлөх жишээтэй. Тийм учир орох магадлалаа ихэсгэнэ гээд учиргүй олон сургууль сонгох боломжгүй. Сургуулиа сонгохдоо зөвхөн сургалтын чанар хараад зогсохгүй, ороход хэр зэрэг их өрсөлдөөнтэй, гадаадын оюутнуудад хэр зэрэг их төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг гэх мэт маш олон үзүүлэлт дээр харьцуулж байж сонгоно. Би олон өдөр, сар америкийн элчингийн номын санд сууж, сургуулиудийн каталог судалж байж, арваад сургуулийн жагсаалт гаргаж элсэлтийн материалаа бүрдүүлж явуулсан.  Ингэхдээ дээд, дунд, доогуур зиндааны сургуулиудаас хольж авсан. Надад мөнгөний боломж ч муу, тэр үед Монголоос төлбөрийг чекээр болон дансаар шилжүүлэх боломж ч муу байлаа. Сонгосон сургуулиуддаа элсэлтийн мэдүүлгийн хураамжаас чөлөөлж өгөхийг хүссэн захидал явуулсанд зарим нь зөвшөөрсөн л дөө.

1997 оны 1 сар гэхэд би бүх элсэлтийн материалуудаа явуулж дуусаад хариугаа хүлээв. 3 сарын үед хариунууд ирж эхэллээ. Зарим сургуулиуд тэтгэмж өгч чадахгүй ч элсэн орж болно гэсэн. 2 ч сургууль надад тэтгэмж олгоё гэжээ. Thiel College сургалтын төлбөрийн 2/3 хувийг хөнгөлж өгье гэсэн боловч энэ нь хувийн сургууль байсан төдийгүй, үлдсэн төлбөр нь жилийн 6000$ байсан болохоор үүнээс татгалзав. Харин Concord University төлбөрийн 2/3 хувийг хөнгөлж өгье гэсэн бөгөөд улсын сургууль байсан болохоор үлдсэн төлбөр нь жилийн 2000$ байв. Гэрийнхэнтэйгээ зөвлөлдөөд, ямартай ч Concord University-д очоод тэтгэмжээ 100% болгох арга боломж хайж олно гэж  шийдээд явахаар боллоо.

ГАЛБАДРАХ -Ямартай ч Америкт суралцах хүсэл мөрөөдлийн эхлэл амжилттай болжээ.

СУВДМАА -1997 оны намар онгоцны билетээ авчихаад, эхний хэдэн сарын амжиргааны зардал болох хэдэн доллар өвөртлөөд гарсан. Ирээд л хичээлдээ орсон. Англи хэлийг бие даан номоор сурсан болохоор “жинхэнэ” Америкчуудын яриаг эхэндээ ойлгоход амаргүй байв. Хичээлдээ ирц бүртгүүлэх гэж суучихаад, байрандаа очоод номноос уншиж нөхөн сурдаг байлаа. Эхэндээ ч анааш шиг, “Аан, ийм юм ангид ярьсан юм байна” гэдэг байв. Аажимдаа “чих онгойгоод” гайгүй болсон.

Хичээлийнхээ хажуугаар сургууль дээрээ аар саар ажил хийж байр хоолныхоо мөнгөтэй залгаад л байв. Бас хичээлдээ сул оюутнуудад ганцаарчлан хичээл зааж мөнгө хийдэг байсан. Нэг удаа аз тохиож нэгэн компьютерийн компанид цагийн ажилтнаар ажиллах болсон нь надад нилээд хэрэг болсон. Их ч хичээж, их ч гүрийнэ. Алив зүйлийн эхлэл бүхэн амаргүй шүү дээ.

ГАЛБАДРАХ – Сургалтын төлбөрөө 100% тэтгэмж болгох зорилт тань?

СУВДМАА -Тэнд суралцаж байхдаа олон ч янзын гадны тэтгэмжид мэдүүлгээ явуулсан боловч нэг нь л бүтсэн. Энэ бол Hangin Gombojav Memorial Scholarship нэртэй Индианагийн Их Сургууль дээр байрладаг Монгол Судлалын төвөөс жил бүр зохион явуулдаг тэтгэмжийн сан байсан. Америкт суралцаж буй 1 монгол оюутанд нэг удаад 2500$ тэтгэмж олгодог юм. Энэ тэтгэмж тулгамдаж явах үед надад их хэрэг болсон.

Гэхдээ би сургуулийнхаа багш нар болон захиралтай найрсаг харьцаа тогтоон, өөрийгөө маш сайнаар ойлгуулж байж нэг жилийн дотор тэтгэмжээ 100% болгуулж чадсан л даа. Энэ бүхэн амар байгаагүй. Аргаа барсандаа захирлынхаа өмнө нулимс дуслуулан гуйх ч үе байсан. Хамгийн гол нь энэ мэргэжлээрээ маш сайн суралцах хүсэлтэй байгаагаа, өөртөө байгаа нөхцөл байдал болон боломжоо үнэн зөвөөр нь хүмүүст ойлгуулсан хэрэг. Эрдэм олох гэж зүтгэж байхдаа бардам, нэрэлхүү, эсвэл ичимтгий зан гаргах хэрэггүй шүү дээ. Гол нь худал хэлэхгүй, хулгай хийхгүй, бусдыг хохироохгүй байх явдал.

Надад ингэж тусалсан хүмүүсийн итгэлийг алдаагүй ээ. 2001 оны хавар би Concord University-г “алтан медаль”тай  төгссөн. Би одоо жил бүр энэ сургуульдаа хандив өргөдөг. Энэ жил гэхэд $1000 өгсөн. Хичнээн нэртэй сургууль биш ч, миний анхны гарааг минь эхлүүлж, их боломж нээсэн газар шүүдээ.

ГАЛБАДРАХ -Хүнээс гуйх амархан ч итгэлийг нь даах амаргүй. Үүний тулд их ч хичээж, хөдөлмөрлөх хэрэгтэй болдог. Харин та үнэхээр итгэл дааж чаджээ.

СУВДМАА -Энд суралцаж байхдаа эхний 4 жил монгол хүнтэй тааралдаж байгаагүй. Тэр үед монгол руу ярихад 1 минут нь 1$ байлаа шүү дээ. Мөнгөө хэмнэх үүднээс хааяа л Монгол руу ярьдаг. Би ер нь багаасаа бие дааж хичээлээ хийгээд сурчихсан нь энд надад их хэрэг болсон. Англи хэлийг гэхэд “Өөрөө сурах бичиг” гэж нэг улаан хавтастай орос ном байсан даа, тэрнээс сурч байв. Манай ээж номын цагаан солио тусах бий гэж айсан бололтой, намайг “миний охин гадуур гараач” гэж гуйдаг байсан гээч.

Хүн ер нь мэдлэгийг уйгагүй хөдөлмөрлөж байж л сайн эзэмшдэг. Хүний төлөө биш, өөрийнхөө төлөө л сурч байгаа болохоор их хичээж хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг. Би сод ухаан, авьяас билэгтэй төрнө гэдэгт нэг их итгэдэггүй.  Харин амжилтын 99% хувь нь хичээл зүтгэлээс шалтгаалдаг гэж үздэг. Мөн сүсэг бишрэлгүй хүн тул хувь заяа, төөрөг зурлагад нэг их итгэдэггүй.

ГАЛБАДРАХ -Сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн суралцсан уу?

СУВДМАА -Коллежийн буюу бакалаврын зэргийн 4 дэх жилийг эхэлж байхдаа дараагийн шатны сургуулийн элсэлтэд бэлтгэж эхэлсэн. Магистр, докторын зэргийн сургуульд элсэхэд аль ч мэргэжлийн оюутнууд GRE гэдэг шалгалт өгдөг.  Хууль, санхүү, анагаах ухаан тус тусдаа онцлог шалгалттай.  GRE /Graduate Record Examinations/ нь математик, сэтгэн бодох, хэлзүй гэсэн 3 хэсэгтэй бөгөөд нийтдээ 1600-2400 оноо авах шаардлагатай.  Би энэ шалгалтад 2270 оноо авсан.

Өөртөө өндөр зорилго тавьж Америкийн шилдэг 9 сургуульд өргөдлөө явууллаа. Эндээс надад University of Illinois at Urbana-Champaign, Georgia Tech, Purdue University гэсэн 3 сургууль үнэгүй сурах урилга ирүүлсэн.  Эндээс сонголт хийж University of Illinois at Urbana-Chamraign- д элсэн орлоо. Энэ сургууль Америктаа компьютерийн ухааны сургалтаар эхний 5-д ордог юм билээ.

ГАЛБАДРАХ – Үнэхээр сайн сурч чадвал магистр, докторын сургалтад тэтгэлэг авах боломж нь илүү байдаг юм аа даа?

СУВДМАА – Бакалаврын сургалтаас магистр, докторын сургалтад тэтгэлэг олох боломж нь илүү. Гадаадаас элсэж байгаа оюутнуудын хувьд ч тэр. Учир нь магистр, докторын оюутнууд эрдэм шинжилгээний ажил хийх, эсвэл доод ангийнханд хичээл заах маягаар сургуульдаа хэрэгтэй ажил хийж өгдөг тул тэтгэлэг олох нь арай амар. Гэхдээ суралцахад эсрэгээрээ коллежид сурах нь арай амар, магистр докторт сурах нь хэцүү.

Иллинойсын Их Сургуүль надад бусад оюутнуудын адил тэтгэмж олгосон. Энэ тэтгэмж нь сургалтын төлбөрийг 100% хөнгөлж, дээр нь сар тутам стипенд өгнө. Би ингэж 6 жил суралцахдаа мастерийн зэргээ аваад, докторын зэрэг хамгаалсан. Энэ сургуульд  дэлхийн өнцөг булан бүрээс шалгаран ирсэн мундаг залуус суралцаж байсан болохоор би эндээс маш их зүйлийг сурсан даа.

ГАЛБАДРАХ -Таны Америкт суралцах зорилт тавиад, үүнийхээ төлөө хичээн зүтгэж, сургалтын төлбөрөө хүртэл бүх л боломжийг ашиглан шийдэж, амжилттай сайн суралцсан туршлага тань өнөөгийн монгол залууст үнэхээр хэрэг болохоор юм.

СУВДМАА – Би 2005-2007 оны хооронд Батсуурь гэдэг залуутай хамтран “Хамаг Монгол” вэбсайтыг ажиллуулсан (www.HamagMongol.net). Тэгээд үүн дээрээ, хэрхэн Америкт ирж суралцсан түүхээ цувралаар бичиж тавьж байлаа. Тэр ч байтугай өөрийнхөө дүүгийн миний замаар явж Америкт суралцсан түүхийг ч бичиж байв. Энэ маань хэрэндээ Монголын залуустаа өөрийн туршлагаа хуваалцаж, тэдэнд тус болох гэсэн санаа.

ГАЛБАДРАХ -Нээрээ би энэ тухай “Хамаг Монгол” сайт дээрээс харж байсан юм байна. Гэхдээ үүнийг таны бичлэг гэж мэдээгүй. Сүүлийн үед “Хамаг Монгол” сайтын мэдээлэл нь шинэчлэгдэхгүй байгаагаас сонирхохоо байсан л даа.

СУВДМАА – Би 2007 онд сургуулиа төгсөх гэж диссертац дээрээ ажиллаад, дараа нь ажилд ороод вэбсайтын үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон. Сүүлийн хэдэн жилд Батсуурь маань ганцаараа явуулж байгаа. Тэр бичлэгээс хойш маш олон залуус энэ тухай асууж лавлаж захидал, имэйл ирүүлдэг болсон. Тэр болгонд хариу бичээд байх боломж үнэндээ олдохгүй юм. Тэгээд саяхнаас  AmerikBolovsrol.com  гэж шинэ сайт нээж бүх нийтлэл, бичлэгүүдээ эмхлэн тавьж байгаа. Яваандаа энэ сайтаа өргөжүүлж нэмэлт зөвлөмжүүд бичиж, асуулт хариултын самбар нэмнэ. Мөн элсэлт хийж байгаа оюутантай тулж ажиллан, туслах зорилгоор ганцаарчилсан зөвлөгөө өгөх үйлчилгээ хийж байгаа.

ГАЛБАДРАХ -Энэ харин маш сайхан санаа. Маш тустай мэдээлэл болох юм байна. Харин Монголын залуус минь энэ сайтаар дамжуулан мэдээллээ солилцож байвал тэдэнд их хэрэг болох байхаа.

СУВДМАА – Харин тийм ээ! Энэ цуврал зөвлөмжүүд гадаадад суралцаж мэргэжил эзэмших хүсэлтэй залууст хэрэг болно гэж итгэж байна. Тэнд илүү нарийн мэдээллүүд байгаа. Лав л нэг эцэг эх, миний зөвлөмжийн дагуу хоёр ч хүүхдээ Америкт хөнгөлөлттэй суралцуулж байгаа тухайгаа бичээд талархал илэрхийлсэн байсан.

Дөрөв. Мэдээллийн Салбарын Оргилд

ГАЛБАДРАХ -Сургуулиа төгсөөд хаана ажилд оров доо?

suvda2-500x500СУВДМАА -2007 оны сүүлээр дипломын ажлаа бичиж дуусгаад ажиллах компаниа хайж эхэлсэн. Сургууль төгсөх үед том компаниуд сургууль дээр ирж ярилцлага хийж, ажлын санал тавьцгаадаг юм. Надтай 6 компани ярилцлага авснаас 4 нь ажлын урилга ирүүлсэн. YAHOO, MICROSOFT, AMAZON, CISCO гээд дан технологийн том компаниуд. Mэдээж энэ дөрвөөс сонголт хийх амаргүй. Сар шахам судалж байж, эцэст нь байршлаар нь YAHOO-г сонголоо. MICROSOFT-ийн санал болгосон ажлын байр, тэдний төв кампус Сэатл хотод байсан юм. Ингэж удаан тэнэгэлзсэн нь ч хэрэг болж, хоёр компани хоорондоо өрсөлдөөд цалин урамшууллаа нэмж санал болгосон.

ГАЛБАДРАХ -Яагаад заавал байршлаар нь гэж?

СУВДМАА – Калифорниа мужийн Сан Франциско хотын ойролцоо байршилтай “Цахиурын хөндий” бол үндсэндээ мэдээллийн технологоор дэлхийн хэмжээнд төв нь болж байгаа. Энд мэдээллийн технологийн чиглэлээр зуу гаран компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг.  Тэгэхээр энд их боломж байгаа гэсэн үг. Сүүлд ажил солиход ч, адил мэргэжлийн хүмүүстэй харьцаж туршлага судлахад ч илүү дөхөмтэй.

ГАЛБАДРАХ -YAHOO-д хэр удаан ажиллав?

СУВДМАА -2008 онд YAHOO-д хайлтын системийн хэлтэст ажилд орсон. 2010 он хүртэл ажиллаа. Тэгээд MICROSOFT хайлтын системээ (Bing гэж нэрлэдэг) өргөжүүлж шинээр баахан мэргэжилтнүүд ажилд авсан, ялангуяа YAHOO-аас.  Би MICROSOFT-аас ажлын санал аваад,  миний хуучин ажлаас холгүй “Цахиурын хөндий” дэх салбарт нь ажиллах байсан тул зөвшөөрсөн. Ингээд өнгөрсөн жилээс МICROSOFT-д ажиллаж байгаа. Бас хажуугаар нь Станфордын Их Сургуульд оройгоор бизнес курсэд суралцаж байгаа.

ГАЛБАДРАХ -Хэдийгээр хийж байгаа ажил тань маш нарийн чиглэлтэй боловч, яг юу хариуцаж ажилладаг талаар энгийнээр тайлбарлаж болох уу?

СУВДМАА -Би ер нь ихэвчлэн хайлтын систем дээр ажиллаж байгаа. Энгийнээр хэлэхэд, тухайн системд хандалт хийж байгаа хүмүүс хэрэгтэй мэдээллээ олж чадаж байна уу? сэтгэл хангалуун байж чадаж байна уу? хэр хугацаагаар ашиглаж байна? гэхчилэн олон зүйлийг бусад хайлтын системүүдтэй харьцуулан судалж, сайжруулах арга замыг боловсруулж байдаг юм. Надаас гадна бараг арваад монголчууд манай компанид ажилладаг. Надаас бусад нь Сиатл дахь салбарт ажиллана. Зарим нь үндсэн ажилтан, зарим нь гэрээний ажилтнууд. Би үндсэн  ажилтнаар ажилладаг.

Тав. Мэдээлэл Бол Хөгжлийн Түлхүүр

ГАЛБАДРАХ -Америкт өндөр боловсрол эзэмшиж, эндээ амжилттай ажиллаж байгаа хүмүүсийн тухай бичихээр, уншигчид “Та нар Монголынхоо төлөө юу хийх гэж байна?” гэж олонтаа асуудаг.

СУВДМАА – Би Америкт өөрөө л бүх сургалтын төлбөрөө олж суралцсан болохоор нэг талаас Монголын Засгийн Газарт өргүй. Нөгөө талаас би дэлхийд нэртэй компанид ажиллаж Монгол хүний чадварыг бусдад таниулан ойлгуулж байгаа. Энэ нь бусад монголчуудад үлгэр дууриалал болж, зам нээж өгч байгаа гэсэн үг. Миний замаар олон монгол залуус өндөр боловсрол олж, эх орныхоо нэрийг мандуулж, мөн Монголын хөгжилд хувь нэмэр болох байх гэж бодож байна. Би өөрийн туршлагаа бусадтай харамгүй хуваалцаж, дээр дурдсан Америкийн боловсролын талаарх нийтлэл мэдээлэл бичиж хэвлэдэг. Харин монгол хүн гэдэг талаасаа Монголдоо юм хийхийг хүсэлгүй л яах вэ? Гэхдээ одоо тийм боломж байна уу? гэдгийг та бүхэн тунгаан үздээ. Өөрийн хүч чадал, мэдлэгээрээ шударга ажил хийгээд таатай амьдрах боломж байна уу? Монголын сэхээтний давхаргад өөрийн амьдрах байр, унаа авах, хүүхдээ сайн сургуульд явуулах боломж байна уу?

Мэдээлэл технологийн салбар Монголд хөгжиж эхэлж байгаа. Гэхдээ одоохондоо тэр чиглэлийн хүмүүсийн оюуныг үнэлж чадахгүй байна. Саяхан Мэдээлэл Шуудан Харилцаа Холбоо Технологийн газраас нэг төсөл зарласан байсныг би хэрэг болгож авч судалсан. Засгийн газрын бүх яамдууд болон агентлагаа мэдээллийн сүлжээгээр холбож, иргэдтэй харьцах портал бүтээх зорилготой 5 жилийн хугацаатай төсөлд 600 000$ төсөвлөсөн байх жишээтэй. Маш сайн чанартай юм хийх гэж байгаа бол их мөнгө шаардагддаг. Гэтэл жилийн 120 000$ -оор ийм том төслийг хэрэгжүүлэх ямар ч боломж үгүй. АНУ-д бол нэг мэргэжилтний цалинг хангаад л болох юм байна. Эсвэл мэргэжилтний хөлсийг харгалзалгүй зөвхөн технологийн зардлаа тооцсон юм болов уу гэхчилэн ойлгомжгүй зүйл их байлаа.

ГАЛБАДРАХ -Энэ бол үнэндээ харамсалтай жишээ байна. Яг ийм асуудал нь Засгийн Газрын заавал оролцож шийдвэрлэх шаардлагатай зүйл байдаг.

СУВДМАА -Монголын засгийн газрын зүгээс иргэддээ үйлчлэх бүх үйлчилгээг онлайн болгочихвол маш том дэвшил болно. Хүмүүс өргөдөл санал гаргах, бичиг баримт авах, жолооны үнэмлэх сунгуулах, татвараа төлөх, ажилд орох, сургуульд элсэх зэрэгт онлайнаар үйлчилдэг болох хэрэгтэй л дээ. Ингэвэл ажил хөөцөлдөх гэж гадуур явах, хэн нэгний үүдийг сахиж суух, хүнд суртлын өмнө бухимдаж байх, хэн нэгэнд ажлаа бүтээлгэх гэж авилгал өгөх хэрэггүй болно. Манайх шиг том газар нутагтай, тархай бутархай цөөн хүн амтай улсад бол интернэт харилцаа нэн чухал. Өвлийн хүйтэнд гадуур бензин шатааж, зам бөглөж, ажлаа таслан цагаа үрж ажил бүтээх гэж явахаар гэртээ эсвэл албан тасалгаанаасаа бүх юмаа интернэтээр хийчихдэг бол сайхнаа.

Дэвшилтэд саад болж буй бас нэг зүйл бол манай шуудангийн үйлчилгээ. Интернетийн үйлчилгээ, худалдааг хөгжүүлэхэд шуудангийн үйлчилгээ маш чухал. Түргэн шуурхай, баталгаатай шуудангийн үйлчилгээтэй бол интернэтээр хэрэгтэй юмаа аваад гэртээ хүргүүлчихнэ.  Дэлгүүр нээж байна гэж үнэтэй байшин сав авч дулаан цахилгааны зардал болж байхын оронд интернэтээр бараагаа борлуулж болно шүү дээ. Америкт онлайн үйлчилгээ, шуудангийн үйлчилгээ маш мундаг. Завгүй байдаг болоод тэрүү, би бараг жинхэнэ дэлгүүр орохоо байсан, гутал хувцасаа хүртэл онлайн авчихдаг. Яг өнөөдөр Монголд шуудангийн үйлчилгээ маш муу байгаа. Монголоос Америк руу, Америкаас Монгол руу бичиг баримт, илгээмж явуулах үйлчилгээг  үндсэндээ хувь хүмүүс л хийж байна шүү дээ.

Тэгэхээр Монголын Засгийн Газраас ойрын үед хийх ажил нь иргэдийн онлайн үйлчилгээ, шуурхай шуудангийн тогтолцоог бий болгох явдал байх болов уу. Иргэдэд сар бүр хаана ч хүрэхгүй цөөн хэдэн төгрөгийн тэтгэлэг өгч байхаар дэд бүтцээ сайжруулбал бүгдэд нь илүү хэрэгтэй болов уу.

ГАЛБАДРАХ -Үүний тулд мэдээллийн харилцааны салбарыг хувьчлах хэрэгтэй гэсэн үг үү?

СУВДМАА -Тийм ээ! Өнөөдөр Монголд энэ салбарт Мобиком, Скайтель гээд гадны компаниуд монополь оршиж байна. Энэ монополийг задлаад чөлөөт өрсөлдөөн бий болгож болно. Өнөөдөр Монголд байгаа залуус маань мэдээллийн технологоор мундаг хөгжиж, чадваржиж байгаа. Тэд чадна шүү дээ.

Интернет хамгийн хүрэлцээтэй, хамгийн түгээмэл, хамгийн хямд байх учиртай. Гэрэл, цахилгааны адилаар, наад захын хэрэгцээ шиг байх ёстой дэд бүтэц.  Мэдээллийн технологийн монополийн нэг жишээ хэлье. Вэб хуудас нээж интернетийн хаягийг бүртгүүлэхэд Америкийн COM өргөтгөлтэй хаягийг жилийн 10$ хураамжаар бүртгүүлдэг. Гэтэл Монголд MN өргөтгөлтэй вэбсайт хаягийг 50$-аар бүртгүүлж байх жишээтэй. Америкт хэдэн зуун хувийн компаниуд энэ бүртгэлийн бизнес явуулж байна.  Гэтэл Монголд энэ нь ганц компаний атганд байдаг, Датаком нэртэй. Ингэж болохгүй шүү дээ.

Түүнчлэн хөдөөд интернетийн үйлчилгээг ч маш сайнаар дэлгэрүүлэх хэрэгтэй. Хөдөөний малчид мах сүү, арьс ширээ борлуулж чадахгүй байна. Интернэтээр тийм борлуулдаг зах зээл нээж, борлуулагч худалдан авагч нарыг холбож чадвал хөдөөгийхөн маань хот руу ойртож нүүх хэрэггүй болно.

ГАЛБАДРАХ -Монголд мэдээллийн сүлжээ хөгжиж л байгаа бололтой. Монголоос хүмүүс iPhone, iPad их захиж авах юм.

СУВДМАА -Харин тийм. Уг нь сүүлийн үеийн технологийг сонирхож байгаа нь сайшаалтай. Гэхдээ би нэг юманд гайхдаг. iPhone, iPad-ийг бүрэн зориулалтаар нь ашиглая гэвэл байнгын интернет үйлчилгээтэй байх ёстой, гэртээ ч, албан газарт ч, гадаа ч. Интернет бүрдээ долгионы буюу wireless байх ёстой. Түүнчлэн iPad гэхэд ёрдөө iPhone-ны томруулсан хувилбар. Windows үйлдлийн системгүй, мөн CD/DVD унших боломжгүй учир өргөн хэрэглээний программууд суулгах боломжгүй.  MICROSOFT-ийн өрсөлдөгч APPLE компаны бүтээгдэхүүнийг муулж байгаа юм биш. Би хувьдаа iPhone, Macbook эзэмшдэг, эднийгээ их хэрэглэдэг. Монголд яаж хэрэглэж байгаа юм бол гэж сонирхож байна. Зарим хүмүүс чамирхаж байж магад.

ГАЛБАДРАХ -Монгол залуучууд чадалтай, мөн мэдээллийн технологийн чиглэлээр нэлээд хөгжиж байгаа тийм уу?

СУВДМАА – Миний төрсөн дүү, М. Батсэргэлэн, миний замаар Америкийн их сургуульд бакалавр, мастерийн зэргээр сурсан. Энэ жил Флоридагийн Их Сургуулийг төгсөөд Монгол буцсан. Гэтэл түүнд олдож байгаа ажил нь “дарга”-ын л ажил байна гэнэ. Өндөр мэдлэгтэй, сайн мэргэжилтэй л бол дарга болдог буруу жишиг Монголд байнаа.  Мэргэжилтэн-менежер гэдэг чинь шал өөр ойлголт. Сайн мэргэжилтэн өөрөө цааш хөгжиж, их суралцаж, туршлага суух ёстой. Дарга болоод явчихаар мэргэжлээсээ хөндийрч, хөгжиж, туршлагажих боломж нь багасна. Хүмүүсийг захирахаасаа илүү шийдэл гаргах нь чухал. Дарга шийдвэр гаргадаг бол сайн мэргэжилтэн хэрэгтэй зөв шийдэл гаргадаг юм.

ГАЛБАДРАХ -Би үүнтэй санал нэг байнаа. Дарга олширхоор л хүмүүс шийдвэр хүлээгээд сурчихдаг. Бие дааж, алив асуудалд шийдвэр гаргах чадвар нь улам л багасч, тэр хэрээрээ арчаагүй болон хувирдаг.

СУВДМАА – Бэлэнчлэх сэтгэлгээ монголчуудад нэлээд бий. Миний нийтлэл, зөвлөмжийг уншсан оюутнууд асуулт асуухдаа хүртэл “залхуу” ерөнхий асуулт асууна. “Би яах вэ?” гэх мэт. Хүмүүсийн гомдол нь хүртэл “төр бидний төлөө юу ч хийхгүй байна, цөөн хэдэн монголчуудаа тэжээж чадахгүй байна” гэхчилэн. Америк хүнд, засгийн газартаа ингэж гомдоллох санаа ч төрөхгүй. Харин ч төр бидний амьдралд бүү оролц гэх жишээтэй.

Ямар ч хүн өөрийнхөө л төлөө сурч, ажиллаж, амьдрах ёстой. Бусдын туршлагаас суралцаж, өөрөө л өөрийгөө хөгжүүлэх нь хамгийн чухал зүйл. Харин төр бол иргэдээ тэжээх биш, өөрийнхөөрөө сурч, ажиллаж, амьдрах боломжийг нь олгож байх учиртай.

ГАЛБАДРАХ – Энэ маш хэрэгтэй үг байна. Өөртөө зорилго тавьж, шантралгүй зүтгэн өнөөдрийн өндөрлөгт хүрч чадсан танаар маш их бахархаж байнаа. Уулзаж чин сэтгэлээсээ ярилцсан танд маш их баярлалаа. Өөдрөг тэмүүлэл, уйгагүй хичээл зүтгэл тань таныг улам илүү амжилтад хүргэх болтугай.

СУВДМАА -Танд ч бас их баярлалаа. Өнөөгийн монголын залууст маш их ирээдүй бий. Өөрсдөө хөгжиж, хамтдаа Монгол орноо зөв сайнаар хөгжүүлэх болтугай.

…М.Сувдмаа маш завгүй байдаг хэрнээ, амралтын өдрүүдээрээ байгальд гарч алжаалаа тайлах дуртай гэнэ. Явган аялал их хийдэг, өвөл бол цанаар байнга гулгадаг гэсэн. Түүнчлэн тэрээр боломж л гарвал Бэй-Ариа хавийн Монголчуудын Холбооноос зохион байгуулдаг ажлуудад дэмжиж оролцдог тухай хэд хэдэн хүн надад дурсч байлаа. Энэ ярилцлагын дараа би түүний шинээр нээсэн  AmerikBolovsrol.com сайтаар зочилж үзэв. Tэнд өөрийн бичсэн цуврал зөвлөмжүүдээ тавьсан байсан. Цаг гаргаж үүнийг уншиж үзвээс үнэхээр л Америкт амжилттай суралцахыг хүссэн хүмүүст хэрэгтэй мэдээллүүд байлаа. Завтай болох үедээ энэ сайтаа нилээд сайжруулах юм гэсэн. Энэ сайт СУВДМАА гийн монголын залуустай зөвлөлдөн, чин сэтгэлээсээ харилцаж байх том орон зай болох байхаа. Та бүхэн энэ сайтаар нь заавал зочилж үзээрэй.

Харин үүнийг би Сувдмаагийн Монголдоо тусалж байгаа сайхан сэтгэл, зүтгэлийн үр шим гэж төсөөлж байна. Түүний ажил амьдралын зам нь саруул, дардан байг.

 

Share Your Thoughts