Мэндчилгээ \улс тунхагласны баярт зориулсан\

Орлоогийн нийт гишүүд болон “Яагаад?” клубийн гишүүд, дэмжигчид та бүхэндээ Монгол улс тунхагласны өдөр болон, Америк  даяар өргөн тэмдэглэдэг “Талархалын өдөр” -ийн хамтатгасан мэндийг хүргэе.

1.Бага ахуй цагтаа “Tусгаар тогтнол”  нэртэй Д.Пүрэвдөрж  гуайн шүлгийг уншиж байхдаа, шүлэг гэдгээр нь их л уран яруу хэллэгийг биширч байснаас яг л цаад утгыг нь тэгтлээ анзаардаггүй байж. Харин өнөөдөр тусгаар  Улсын иргэн байна гэдэг ямархан их үнэ цэнэ байдгийг бага боловч мэдэрч байна. Тусгаар газар нутагтай, тусгаар эрх чөлөөтэй, тусгаар амьдрах орон зайтай байна  гэдэг бага биш хувь заяа.
Монголчууд бид Хятадын эрхшээлд буй Түвд, Өвөрмөнгөл биш, Оросын эрхшээлд буй Буриад, Халимаг биш, энэ 2 том гүрний хооронд дэлгэсэн тэрлэг шиг оршиж буй туурга тусгаар Улсын иргэн гэдэгтээ омог бардам байдаг.
Хаа ч явсан, Монгол Улсын иргэн гэдгээ нотлох гадаад паспортоо үзүүлж байхдаа, хэзээ ч юу ч болсон өмгөөлж хамгаалах эх оронтой гэдгээ мэдэрч бас мэдрүүлж байдаг. Буцаад очих эх оронтой байна гэдэг ямархан их нөмөр нөөлөг, ямархан их бардамнал байдаг гэдгийг харьд амьдарч байгаа бид мэдрэхийн дээдээр мэдэрнэ.
Тусгаар байна гэдэг, бид өөрсдийн эх орондоо эзэн нь байна гэдэг, эх орон минь биднийг хүлээж байна гэдэг, бид эх орноо санаж, түүнийхээ сайн сайхан хөгжлийн төлөө шаналж байна гэдэг, өөрийн гэсэн эх орныхоо төлөө их зүйл хийхийг хүсэж байна гэдэг, элдэв муу үйлдлийн төлөө бухимдаж байна гэдэг, эх орныхоо сайн сайхны төлөө эвлэлдэн нэгдэж байна гэдэг сайхан, бүр ч сайхаан.
Хүний амьдралын үнэ цэнийн нэгэн хэсэг нь эх орон нь байдаг аж. Яг л аав ээж шиг минь. Тэр тусмаа Монгол оронд төрж өсөж, монгол хүн гэж хэлүүлж байх сайхан. Морь унаж, наадам үзэж байх, цагаан сараар айл хэсч, бууз идэн бэлэг цуглуулж байх, тал дүүрэн бичсэн мал сүргээ харж, минийх гэж баярхаж байх, өндөр уулсын орой дээрээс алсыг харж, тэртээх хөндийг манайх гэж нэрлэж байх, аадар бороонд нэвт норон, айлд орж хувцсаа хатааж байх, аагтай цайнд зөөхий хийж амтархан оочиж байх, хааяадаа хэн нэгтэй хуучилж, бас хов ярьж суух, эх нутагтаа айх айдасгүй өөрийн таавар амьдарч байх сайхаан.
Тэгэхээр тусгаар Монгол улсын иргэн болж төрсөн, аугаа хувь заяатай та нартаа энэ сайхан баярын мэндийг
Аавын мөнгөн хазаарын
найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн
наян нэгэн шагайн дээр
Алиахан саарал унаганы
хөл нь тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхий
хөвөн наадах нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан зарлаж дэвшүүлье

2. Хүн гэдэг аугаа хэрнээ урам, талархлын үгээр дутаж явдаг. Өөрт тус болсон нэгэндээ, үнэхээр ухаарал өгсөн нэгэндээ, зовж явахад түшсэн нэгэндээ, гутаж явахад хэлсэн сэтгэлийн дэмийн хариуд, баялаж талархсанаа хэлж амжихгүй явах нь олонтаа. Заримдаа хэт даруу зан гаргаад, эсвэл ичингүйрээд ч юм уу, аман дээр гарч ирсэн сайхан үгээ залгиж орхих нь бий.
Гэхдээ хоосон магтаал биш, чин сэтгэлийн талархалд хүний зүрх өөрийн мэдэлгүй баясаж, тэр нь нүүрэнд нь гэрэлтэж, нүдэнд нь гялалзаж харагддаг. Тэр үедээ хүн хичнээн сайхан өнгөлөг харагддаг гээч.
Аавдаа ээждээ магтуулсан жаахан хүүхдийн баярлаж хөөрсөн төрх, яг л бөмбөлөг мэт.  Америкчуудын өргөн тэмдэглэдэг “Талархлын баяр”  яг угтаа өөр утгатай хэдий ч, хэн нэгэндээ хэлж амжаагүй сайхан урам талархлын үгээ хэлж болох өдөр гэж би сэтгэлдээ төсөөлдөг юм л даа.
Өнөөдөр ажлаас нилээд ядарч ирсэн боловч, нэгэн зорилгын төлөө эвлэлдэн нэгдэж, их үйлсийн төлөө бие биенээ дэмжиж байгаа та нарт талархлын үгээ хэлэхгүй байж яахин болно гэж. Өнөөдөр бидний ажил эхлэл төдий байгаа ч бидний сэтгэл зүрх хамтдаа байж, бид бие биенээ чин сэтгэлээсээ ойлгон дэмжиж байгаад та нартаа маш их баярлаж байгаагаа илэрхийлж байна. Бид мандаж байгаа нар шиг сайхан ирээдүйн төлөө үргэлж хамтдаа байх болно.
Хүмүүс ээ! Бие биедээ урам хайрла
Хүсэл сэтгэлд нь халуун дулаан үг хайрла

3. Өвөл болж хүйтэрч, хүмүүсийн хөл хөдөлгөөн багасч, бас амьдрал ахуйдаа илүү анхаарал тавьж байдаг энэ улиралд “яагаад?’ чимээгүй болчих воо гэж зарим нь гайхаж байгаа байх. Би ч бас та нарыг “яагаад?” чимээгүй болчих воо гэж гайхаж байлаа. Харин өнөөдөр Нандин билэгийн захиаг уншаад бас л баярлалаа.
Ний нуугүй үнэндээ зав чөлөө нилээд бага байлаа. Бас бодох , уншиж судлах зүйлүүд багагүй байна. Өөрөө завгүй хэрнээ хэн нэгнээс “яагаад?” сураг гарахгүй байна гэж үгүйлж байснаа нуух юун. Гэхдээ бидний ажил явагдаж байгаа. Харин тун удахгүй хөдөлгөөнд орноо. Та нараас ч бас шинэ санаа санаачлага хүлээж байна.
-4. Монголд НТВ -ээр “Яагаад?” нэвтрүүлэгийн 3 дугаар гарсан байгаа. Харин энэ нэвтрүүлэгийн бичлэгийг татаж авч чадахгүй байгаа. Татаж аваад интернет дээр тавих бодолтой байна. Харин 12 сарын 5, 12 нд дахин 2 нэвтрүүлэг гарах гэж байгаа. Энэ тухай Сайнбаяр бичсэн байсан. Хэрэв та нар сонирхвол www.ntv.mn гэж ороод үзэж болох юм. Тэгээд энэ талаар санал шүүмжээ бичээрэй.
-5. Энэ 28 нд манай клубийн гишүүн Энхжаргал Бостонд байгаа монголчуудын уулзалт зохион байгуулах гэж буй. Энэ бол ердийн уулзалт. Бостонд байгаа монголчуудтай танилцах, санал солилцох юм. Энхжаргалдаа амжилт хүсье.
Та бүхэн минь сайхан баярлацгаагаарай. Та бүхний сэтгэл санаа өөдрөг хөгжүүн байг. Бас ханиаднаас хол байгаарай гэж сануулья хэхэхэ.
Удахгүй дараагийн мэдээллээр уулзацгаая.

Хүндэтгэсэн:  Г.Галбадрах
2009-11-25

Share Your Thoughts