Мэндчилгээ \шинэ оны\

Яагаад заавал дүн өвлөөр он солигдож, шинэ жил тэмдэглэдэгийг би мэдэхгүй л дээ. Харин  өвлийн агаар, сэнгэнэсэн цэвэр, бас хайруу байдгийг мэднэ. Гадаах цас цав цагаан өнгөтэй бас гутлын дор шаржигнан чихардагийг мэднэ. Өвөл цагт хүмүүс дулаалж өөртөө болон өрөөл бусдад анхаарал, халамж тавидагийг мэднэ.

Эрт харанхуй болж , хүмүүс гэр рүүгээ яаран, дулаан гэртээ тухалж , амрахдаа их зүйл бодож анзаарч, бас санааширдаг. Тэр цаг мөчдөө “өвлийн хүйтэн өнгөрч дулаарах дөхөж байна даа, дулаахан сайхан болохоор юу хийж амжих вэ? ” гэж өөрөөсөө асууна.

Сэтгэлдээ нэг л сайхан зүйлийг хүлээгээд ч байх шиг… Мөрөөдөх сэтгэлдээ, хаврын ургаж төлжих бүхнийг сэтгэлдээ хайрлан хүлээж, зуны аагим халуун хэрнээ, яаралгүй хөгжилтэй өнгөрөөх мөчүүдээ уяран хүлээж, намрын элбэг дэлбэг, урт шар өдрүүдийг догдлон хүлээнэ.

Харин шинэ жилийн гацуур модыг харахдаа, энэ бүх л хүсэл мөрөөдлөө нэг дор мэдрэх шиг л…Гацуур модонд зүүлттэй байгаа олон гоёмсог гоёлууд нь хаврын гоёл шиг, эргэн тойронд эгшиглэх гайхамшигт хөг аялгуу нь зуны хөгжилтэй мөчүүд шиг, идэж ууж, бүжиглэн баясч байхдаа намрын элбэг дэлбэг улирал шиг. Чухам шинэ жилийн энэ үдэш л энэ бүхнийг нэг дор мэдэрч, маргааш эхлэх шинэ оныг, цоо шинэ мөрөөдөл , итгэлээр угтдагт л өвлийн нэгэн гайхамшиг оршдог буй заа.
Дуу хуур, бүжиг наадам, шинэ хуучин, таних танихгүй бүх л анд нөхдийн хамт, энэ мөнх ногоон гацуур модыг тойрон эргэлдэж байхдаа л сэтгэлдээ цоо шинэ, юуг ч юм бэ? хүлээнэ. Магадгүй шинэ учрал, шинэ хүсэл мөрөөдөл, шинэ итгэл найдвар, шинэ аз хийморь, шинэ ажил , шинэ анд нөхөд шинэ, шинэ… маш олон зүйлийг хүлээнэ.
Яг энэ, өдөр хуучин онд өөртөө учирсан таагүй бүхнийг сэтгэлээсээ авч хаях гэж яарна. Азтай сайхан бүхнээ дурсаж инээмсэглэх авч, санаанд хүрээгүй, бас таагүй олон бодлоо өөрөөсөө холдуулж, сэтгэлээсээ авч хаямаар. Маргаашнаас өөрөө цоо шинэ болж өөрчлөгдөхсөн гэж хүсэх. Ядахнаа л өөдрөг сайхан сэтгэлээр угтахыг хичээх.

Шинэ жил сайхаан. Харсаар танил болсон өвлийн өвгөн, бага байсан тэр л үейин минь төрхөөрөө ерөөл хэлж, бэлгээ тарааж л явах.  Хөөрхөн цасан охид , дуулж бүжиглэж,  дараа нь бэлгээ хүлээн эвшээн суух нь өхөөрдмөөр. Жил жилд уулзаж учирч, бас хамтдаа зүтгэж, зовлон жаргал, хууч хөөрч хөгжилдөж байсан олон олон анд нөхөд, энэ орой цоо шинэ юм шиг л харагдаж, өнгөлөг зүс, баяр гийсэн төрхөөрөө нүд гялбуулна. Яг л хүсэл мөрөөдлөө жигүүртээ тээн, алсад одох гоёмсог шувууд шиг. Бүх зүйл цоо шинэ, бас гайхамшигтай…
Харьд ажиллаж амьдарч байгаа олон монголчууд энэ өдрүүдэд шинэ жилээ тэмдэглэж, хэрдээ хөгжүүн байгаа. Улиран одох 2009 он олон сайхан зүйл авч ирсэн ч, угтан ирж буй 2010 он түүнээс илүү, заавал илүү байгаасай гэж хүн бүр л сэтгэлдээ шившиж буй. Монгол эх орон минь, сүү өргэж үдсэн эжий аав минь, орхиод ирсэн ар гэр , амьдрал минь харин ойртон ойртсоор буйг бид мэдэрч байна.
Хөрсөн дороо их баялагтай эх орон минь биднийг хүлээж байгаа, хөгжих гэж дэрвэж байгаа эх орон минь биднийг хүлээж л байгаа. Яг одоо л эх орондоо та хэрэгтэй байгаа.
Алжаал, сэтгэлийн шаналлаа алсад орхиод , шинэ жилдээ очигтун. Адил жаргал зовлонтой монгол анд нөхөдтэйгээ цуг байгтун. Хамтдаа шинэ он, шинэ хүсэл мөрөөдлийг угтагтун. Эвтэй байхдаа бид хүчтэй байдаг.
Ирж буй шинэ он танд шинэ, өөдрөг сайхан бүхнийг авч ирэг ээ.

Г.Галбадрах
2009-12-29

Share Your Thoughts