Мөнгө хэмээх “хар шуурга”нд төөрөгсөд

money…Шуурга исгэрнэ. Хүчтэй энэ салхи шуурганд орчин тойрны юу ч үл харагдаж, хичнээн хичээвч түүнийг сөрж үл дийлэн, гагцхүү уруудан уруудна. Энэ шуурганы хүчтэй үлээлтэд бие төдийгүй сэтгэл минь хүртэл жиндэнэ. “За яахав, ингээд л явж байтал учир нь олдох байгаа, нэгэн цагт энэ шуурга намдах л байгаа” гэж дотор сэтгэлдээ учирлан үглэх. Хичээж байж эргэн тойрноо ажих ахул, зөвхөн би төдийгүй бүх л хүмүүс энэ шуурганд уруудаж буйг мэдрэхдээ бяцхан тайвшралыг олно.

…Өдгөө цаг дор Монгол оронд минь “мөнгөний төлөө”  хар шуурга шуурч, бүгд л энэ шуурганд уруудаж, төөрч будилж, бас шаналж буй. Нэгэн цагт арилжаа наймааны хэрэгслэл болгон, аугаа монгол хаадын минь бий болгосон “мөнгө”  хэмээх энэ цаас, өдгөө ийн хар шуурга болон дэгдэж, олон олон хүмүүсийн сайхан сэтгэл, хүн чанар, үнэт зүйлсийг нь хийсгэн одож буйг бид анзаарах сөхөө үгүй.
Энэ хар шуурга мөн ч олон хүний хүч чадал, гоо сайхан, өөртөө итгэх итгэл, дэврүүн хүсэл мөрөөдөл, залуу насыг нь хийсгэн бужигнуулж буй. Энэ хар шуурганд мөн ч олон залуус төөрч мунгинан, учраа олохгүй бэдэртэн байгаа. Харин бид үүнийгээ анзаардаг уу?
Мөнгө ба хайр сэтгэл
…Хүний ертөнцийн жам, хүсэл мөрөөдлийн дуудлагаар бие биедээ дурлаж хайрлаж, бие биедээ тэмүүлэх залуус. “Би чамдаа маш их хайртай. Чи бид хоёрыг үхлээс өөр юу ч салгаж чадахгүй” хэмээн хайрын бал шиг амтандаа мансууран шивнэж асан, тэдний хүслийг, мөнгө хэмээх хар шуурга нэгэн цагт хийсгэн одно гэж тэд яахин санах билээ.

-Мөнгөгүй ядуу хүнтэй гэрлээд чи яаж жаргалтай амьдрах юм бэ?

-Хоосон хайр сэтгэлээр яах юм бэ? Хэд хоног хоосон хонож, хүссэн хувцсаа өмсөх боломжгүй болохоороо чи харамсах болноо
-Хөгшин залуу, сайхан муухай нь ямар хамаа байна. Мөнгөтэй баян хүнтэй л сууж, хүссэн бүхнээ эдэлж чадвал чи жаргах болно
-Өнөөдөр чи хайргүй байлаа ч маргааш баян чинээлэг амьдралд дасч, тэр хүнээ хайрлах л болно
-Хэ цэс! Хайр гэж ер нь юу юм бэ? Мөнгөтэй баян байж чадвал чи хүссэн бүхнээ биелүүлэх л болно
Зүрх сэтгэлийн угаас ундран ундрах хайр сэтгэлийг ийм үгс, үглэлийн хар шуурга хайр найргүй сэглэж, өнгө мөнгөнд умбасан ” жүжиг”  шиг, эрээн мяраан амьдрал харах нүдийг нь таглан харанхуйлна.
Яг энэ шуурганд төөрч мунгинах залуус бүсгүйчүүд, харь орны “баян”  гэж итгэсэн хөгшин залуу, сайхан муухай нэгний өврийг дулаацуулж, өнгө мөнгө “горьдоно”. Хулгай луйвраар хөлжсөн, хөөрүү тэнэг нэгний “нууц амраг”  болж, харанхуй бүүдгэр ертөнцөд, халаас юуг нь “тэмтчинэ”. Хайрлаж дурлаагүй хэрнээ, хаа хамаагүй нэгэнтэй хоног өдөр төөрүүлж, харамсал гунихралаа хөлчүүрхэж тайлан, “агсамнана”.
Хайрлаж энхрийлж өсгөсөн үрээ, харь оронд хөл алдан үдэж, хожим дагуулж ирсэн, хэл заншил мэдэхгүй бэр, хүргэдээ хуурамч инээдээр угтан, халамжилж ядах эцэг эхчүүд. Өнгө мөнгөтэй л бол үр хүүхдийнхээ аз жаргалыг мэдрэхээ болих цаг ирэх нээ.
Хичнээн олон залуусын зүрхний нь угт, чин сэтгэлийн хайраа үгүйлэх шаналал нулимс болон урсаж, өнгө мөнгөөр түүнээ далдлан, үүлэн чөлөөний нар шиг амьдралаа “жүжиг”  болгон тоглож яваа бол?
Мөн ч жихүүн байна даа энэ хар шуурга.
Мөнгө ба ах дүүс
…”Ах нь сургаж, дүү нь сонсдог”. Амьдралдаа хэдэн оймс илүү илээсний хувьд, үзэж харж, мэдэрч мэдсэн бүхнээ дүүдээ л хэлж, сануулж сургадаг монгол заншил. Хэрэгтэй ч эс хэрэгтэй ч, уурлаж учирлаж хэлэх тэр л үгэнд нь дүүгээ хайрлах сэтгэл нь шингээстэй. Тэр л хайр халамж шингэсэн үгсийг нь дүү нь сонсож, уцаарлаж эсэргүүцэлгүй, ухаажин ойлгодог байсан.  Ах дүүсийн бие биедээ илгээх хайр халамж шингэсэн үгс өдгөө цагийн шуурганд алсран алсарсаар.
-За чи дүүдээ олон юм хэлж дургүйг нь хүргэлгүй, аяар нь байж байгаад хэрэгтэй юмаа авахуулахыг бодоорой
-Та яасан ч арчаагүй юм бэ? Би нэг удаа тусалсан болохоос. Харин дахиад чадахгүй шүү
-Би чамд хичнээн удаа туслах юм бэ? Одоо бүүр давардаг болох нээ
-Танай ах дүү нар хэзээ чамайг хүн гэж үзэж, тоож тусалж байсан юм бэ?
-Би ч өөрийн муудаа ах дүүдээ ад үзэгдсэн арчаагүй хүн
Зулай гишгэж төрсөн нь биш, зузаан түрийвчтэй, арай боломжтой нь ах эгч нь болтлоо төөрөх болж дээ. Хүүхэд ахуй цагтаа үүрч дүүрч, нус нулимсыг нь арчиж,өрөөл бусдаас өмөөрч, өөрөөсөө ч харамлан байж өгдөг байсан ахархаг эгчирхэг сэтгэлийн илч гэрэл гэгээ, өдгөө цагийн өнгө мөнгөний шуурганд өнгөө хувиргаж л буй. Мөнгөнөөс болж “тангараг тасрах”  нь ч олширчээ.
Хөөрхий эцэг эхчүүд нь хүйт даасан энэ л харилцаанд бүлээн амьсгал оруулах гэж хэрдээ тэвдэн шаналж, үгэлж дуулах. Цаг цагийн уртад улам улмаар алсрах энэ л жихүүн сэтгэл, цагаан сараар ядуу ах нь мөнгөтэй дүүдээ очиж золгох болтлоо эргэх вий дээ.
Мөн ч зэврүүн байна даа энэ хар шуурга.
Мөнгө ба анд нөхөд
…Нөхөрлөл гэгч хүний сэтгэлийн их дэм байдаг. Амьдралын хатуу зөөлөн, баяр гунигаа гагцхүү анд найздаа нуулгүй дэлгэж, сэтгэл дотроо хүлээж асан урам, зэмлэлийн үгийг тэрнээс л сонсохыг хүсдэг. Хаалгыг минь тогшин орж ирсэн анд нөхдийн, ерөөл талбих хундаганы харшаанд, чин сэтгэлийн үг нь шингэж байдаг.
Өдгөө үнэнч нөхөрлөлийн чин сэтгэлийн үгс, энэ хар шуурганд бүдгэрэн бүдгэрсээр.
-Чи түүнтэй найзлаад байхдаа яах вэ дээ. Тэр чинь юу ч үгүй хоосон амьтан шүү дээ
-Тэр ч чамайг ашиглаад байгаа юм бишүү. Хоосон царайлчихаад чамд долигоноод байгааг нь анзаарахгүй байна уу?
-Түүнтэй танилцаад дотношиход гэмгүй. Овоо боломжтой айлын хүүхэд гэсэн
-Тэр ч арай гайгүй хүн юм шиг байнаа. Хожим хойно хэрэг болж магадгүй
-Хэрэгтэй хүнээ олж нөхөрлө л дөө. Шал хэрэг болохгүй юмнуудтай цаг өнгөрөөж яадаг байнаа
Хүүхэд ахуй цагийн хиргүй, цав цагаан цаас шиг сэтгэлээр үерхэж, тоглох тоглоом, ширхэг чихрээ ч хуваан дотносож, уйлахдаа ч хамт уйлж, инээхдээ ч хамт инээж, сэтгэл зүрхэндээ ээнэгшин дасч, зовлон жаргалаа хуваалцаж явсан анд нөхөддөө бид ийн хандаж, гомдоож, бас зиндаархан ангилах болж дээ.
Өөрт нь хэрэг бопно, бас хожим ашиглаж болно хэмээн товлон сонгосон анд нөхдийн инээд нь хүртэл хуурамч, ерөөл нь хүртэл зусар. Чин сэтгэлээсээ бус, зусардан ярих яриа нь хүртэл эвлэхгүй, хов жив, хоосон бардамнал, ихэмсэглэл догирхлоор дүүрэн. Уулзаад салахдаа үнсэж үлгэх зусар үгс нь шүлстэйгээ хамт хатаж, өөрсдийн гаргасан худал хуурмаг араншиндаа сэтгэл нь хүртэл хуурайшиж орхино.
Мөн ч хахир байна даа энэ хар шуурга.
Мөнгө ба хүсэл мөрөөдөл
…Хүсэл мөрөөдөл хүнийг алсын алсад хөтөлж, амьдралыг нь утга учиртай болгож, сайн сайхан руу тэмүүлэх эрч хүчийг бэлэглэдэг. Өөрийн хүсэл мөрөөдөлдөө баясаж суугаа залуусын, царай нь гэрэлтэж, нүд  нь гялалзаж, зүрх сэтгэл нь цаг хугацааны орчилд чөлөөтэй тэнүүлчинэ. Энэ үедээ тэд юутай ч зүйрлэхийн аргагүй баяр баясгалан, аз жаргалаар бялхаж байдаг.
Харин өдгөө цагийн хар шуурганд олон олон залуусын сайхан хүсэл мөрөөдөл унтарч байгаа.
-Би сайн эмч болж, ээжийгээ эмчилж эдгээмээр л байна. Даанч их мөнгө хэрэгтэй болох юм аа
-Би гадаад оронд очиж маш сайн боловсрол эзэмшиж, монгол орондоо олон сайхан зүйл бүтээх сэн. Даанч мөнгөгүй болохоор надад тийм боломж олдохгүй л дээ
-Сайн ханьтай болж, хөөрхөн хүүхэд төрүүлж, санаа зовох зүйлгүй аз жаргалтай амьдрах юм сан. Даанч мөнгөгүй болохоор намайг хэн тоох билээ
-Хөөрхий дөө! Мөнгөтэй бол хөгширч ядарч байгаа аав ээждээ тус болж баярлуулах сан. Даанч хичнээн гүрийгээд авч буй цалин минь хүрэлцэхгүй юм аа
-Мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ! Гэнэт сугалаагаар их мөнгө хожиж , хүссэн зүйлээ худалдаж авах юм сан
Монголын минь олон олон залуус сайн сайхан их зүйл мөрөөднө. Гэвч мөнгөгүй боломжгүйн хадан ханыг мөргөн, бутарч сарнина.
Аргаа барсан зарим нь, мөнгөтэй нэгэнд бие сэтгэлээ “үнэлж”  мөрөөдөл рүүгээ тэмүүлнэ. Арчаагүй зарим нь архинд мансуурч, мансуурсан ухаандаа мөрөөдлийн биелэлээ үзэж “солиорно. Арай дөнгүүр зарим нь харь оронд хөдөлмөрлөж, хамаг залуу нас, хүсэл мөрөөдлөө харь дэвсгэртээр арилжина.
Арга зам хайн бэдэрсэн зарим нь хүнд суртал, хээл хахуулын хана мөргөж итгэл сэтгэлдээ “бэртэх”. Шударга бус байдал, мөнгөөр бүхнийг хэмжсэн энэ зэрэмдэг төрд өширөхдөө, өөрийгөө ч өрөөл бусдыг ч үзэн ядахад хүрнэ.
Мөн ч энэрэлгүй байна даа энэ хар шуурга.
Мөнгө ба улстөрчид
…”Гэнэт цадах гэдсэнд халтай, гэнэт баяжих насанд цөвтэй” гэж сургаж асан өвөг дээдсийн хойч үе, өнөөгийн монголын “юм үзээгүй” улстөрчид энэ хар шуургыг дэгдээж, түүчээлэн уруудаж буй. Улсаа хөгжүүлж бус, улсаас хулгайлан зальдаж, луйвардан дээрэмдэж, алд биеэ алжаалгүйгээр, арвин их мөнгө цуглуулан баяжиж буй энэ эрхмүүд, энэ хар шуургыг улам улмаар, урт удаан үргэлжүүлэхийг хүсч байгаа.
-Муусайн юм үзээгүй гуйлгачингууд
-Мөнгө байхад бүхнийг шийдэж болноо. Хүсвэл хуулийг ч өөрчилж болно.
-Чадаж байгаа юманд арга байхгүй. Чадал чинь хүрвэл адилхан л ид л дээ
-Мөнгө бүхнээс хүчтэй. Мөнгөтэй байхад бүхнийг худалдаж авч чадна
-Мөнгө, бүр их мөнгөтэй л болох хэрэгтэй. Тэгвэл чи бүхнээс хүчтэй байх болно
Нэгэн цагт хүчирхэг байсан бидний өвөг дээдэс мөнгийг ингэтлээ шүтдэггүй байжээ.
Тэд эр зориг, хүч чадал, ухаан самбаагаараа дэлхийг эзэлж захирч асан. Тэд аян дайнаас олсон олзоо ганцаар иддэггүй, өөрөө дундаас нь төрж өндийсөн монгол хэмээх үндэстэн, ард иргэддээ адил тэгш түгээдэг байж.
Тэд мөнгө, баялгийг ард иргэддээ зүгээр түгээдэггүй, өөртэй нь хамт хатуу хэцүү бүхнийг даван туулж, ялалт ялагдлын жаргал зовлонг хамтдаа эдэлж асан дайчид, тэдний хамаг хэцүү бүхнийг үүрч ард нь үлдсэн энхэр хүүхдийг нь ч ачлан хүндэтгэж, халамжилж чаддаг байж.
Харин сэргэн мандаж буй Монгол орны өнөөгийн удирдагчид, улс төрчид даанч арчаагүй байна даа. Тэд хайр сэтгэлтнүүдийг хагацаан салгаж “нууц амраг” аа болгож, ах дүүсээ дорд үзэн ялгаварлаж, анд нөхдөө ашиглан хулхидаж, олон олон залуусын хүсэл мөрөөдлийг уландаа гишгэж буй. Тэд Монгол орны хөгжлийг хойш чангааж, зөвхөн өөрөө л баяжих хүслээр худалдаж болох бүхнийг арилжин, мөнгийг шүтээн болгон залж байна. Тэд монгол хүний үнэ цэнэ, итгэл найдварыг унтрааж, өөрсдийн атгаг өчүүхэн сонирхлын төлөө энэхүү хар шуургыг улам улмаар өгдөөж буй.
Мөн ч хүчтэй байна даа энэ хар шуурга.
Төгсгөл
…Шуурга тасралтгүй исгэрэн, хамаг бүхнийг хийсгэн, нүүр нүдийг хорсгож, орчин тойрны харагдах бүхнийг бүдгэрүүлэвч, нэгэн цагт зогсдог. Шуурга зогссоны дараа ямар сайхан байдаг гээч. Саяхан шуурч байсан ул мөр арилж, тэнгэр юу ч болоогүй мэт амгалан, орчин тойрны бүх зүйл илүү өнгөлөг болсон мэт.
Бидний эргэн тойронд байсан хог, хамхуулыг мөнөөх шуурга хийсгэн одсон болохоор цэв цэмцгэр. Шуурганд төөрч будилж явахад, сэтгэлд харанхуйлан алдагдаж байсан итгэл найдвар эргэн ирж, эргэн тойрон улам ч үзэсгэлэнтэй сайхан болсон мэт. Шуурга шууран өнгөрөхдөө бүх л муу муухай бүхнийг хаман оджээ.
…Хүн өөртөө хэрэгцээтэй зүйлээ худалдан авахдаа хэрэглэдэг мөнгө гэгч зүгээр л цаас. Энэ бол арилжааны хэрэгслэл, мөнгөн тэмдэгт. Хэрэгтэй зүйлээ худалдан авахад хэрэг болдог хэдий ч, хүний зүрх сэтгэл, хайр халамж, итгэл найдвар, хүсэл мөрөөдлийн дэргэд юусан билээ.
Мөнгөөр олон зүйл, гоё ганган хувцас, зүүлт гоёл, байшин, бас машин худалдан авч болдог хэдий ч хайр сэтгэл, ах дүүсэг хайр халамж, андын сайхан нөхөрлөл, хүсэл мөрөөдөл, улс орныг худалдан авч болно гэж үү? Хүн гэгч бодьгал, нүцгэн ирээд нүцгэн буцдаг энэхэн тавиланд, бид мөнгө, мөнгөөр худалдаж авсан зүйлээ бус, зүрх сэтгэл, нэр төр, хүн чанараа л бусдад үлдээдэг. Тийм болоод ч монголчууд “эд хэврэг, эзэн мөнх”  байхыг ерөөн бэлэгддэг аж.
Бид өнөө цагт энэ хар шуурганд уруудах бус тогтож, олон зүйлийг өөрөөр харах хэрэгтэй болж байна.  Тэнгэр онгойхыг бус сөрж гарах хэрэгтэй болж байна.
…Энэ ертөнцөд олон сайн муу үйл зөвхөн тухайн хүнээс өөрөөс нь хамаардаг. Энэ орчлон ертөнцийн бүх зүйлийг зөвхөн мөнгө болгож хараад, өөрөө ч бусдад мөнгө болж харагдахыг хүсэх аваас таны хүссэнээр л болно.  Харин мөнгийг цаас гэж хараад өөрийнхөө үнэ цэнэ, хүч чадал, хүсэл мөрөөдлөө мэдрэх аваас та хүн хэвээр л үлдэнэ.
Өдгөө  харж бухимдаж, харааж зүхээд байгаа муу бүхнээ бид өөрсдөө л бий болгож байгаа. Луйварчин гэж нэрлээд байгаа улстөрчидөө төр бариулахаар өөрсдөө сонгож, улсын хөрөнгөөс хулгай хийж баяжих боломжийг  нь бид өөрсдөө л олгож байгаа.
“Ганц хүн бүл болдогггүй, ганц мод гал болдогггүй” гэдэгчлэн эвлэлдэн нэгдэж, зөв сайн үйл бүхнийг дэмжихийн оронд, өөр хоорондоо яс булаалдсан ноход шиг хэмлэлдэж, өрөөл бусдад атаархан хорсож, зусардан зулгуйдах аваас энэ хар шуурга зогсохгүй. Хэрэв бид энэ хар шуургыг сөрөн зогсоож эс чадваас улам улмаар жиндэн даарч, ядарч туйлдах болно.
“Эзэн хичээвэл заяа хичээнэ ” гэдэг. Бүх зүйл өөр хэнээс ч бус та биднээс хамаарах болно.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-11-22

Share Your Thoughts