МӨН ЧАНАР ба МӨНГӨ

\”Амьдрал их энгийн” цуврал нийтлэл-2\
Амьдрал их энгийн. Биднийг төрөхөөс өмнө бий болж бүх цаг үед арилжааны гол хэрэгслэл болсоор ирсэн мөнгө, төрсөн цагаас минь бидэнд төлөвшсөн мөн чанар хоёр энэ амьдралд зохицож, эсвэл харгалдаж байдаг. Чухамдаа чи “мөнгөний эзэн байх”, эсвэл “мөнгөний боол” байх эсэх нь өөр хэнээс ч бус танаас л хамаарна. “Мөнгө бол цаас юм” хэмээн олон хүн бодож хандах авч, нэг л мэдэх дор түүний төлөө амьдраад байгаа юм шиг хэмнэлдээ гайхан зогтусдаг. Заримдаа хар тамхи шиг түүнд донтож, түүний төлөө юуг ч хамаагүй хийж, амьдралын хамаг үнэ цэнэтэй бүхнээ мөнгөөр арилжиж дуусаад харамсаж суух үе ч бий. Амьдралынхаа бүх цаг хугацааг мөнгөний төлөө зориулчихаад, мөнгөний төлөө хамаг л эрүүл мэндээ золиослочихоод, хурааж хуримтлуулсан их мөнгөнөөсөө өөртөө өчүүхнийг ч зориулж чадалгүй нөгөө ертөнц рүү одох тохиолдол ч цөөн биш. Энэ бие үгүй болоход мөнгө үлдэнэ, хэнд хэрэгтэй гэж цуглуулсан юм бол? Үхэхдээ их мөнгөө аваад явж чаддаггүйд л энэ амьдралын тохуурхал оршдог юм шүү дээ?
Бие биедээ хичнээн дотно андууд нэг нэгэндээ зээлсэн мөнгөө төлж чадахгүй муудалцахаараа салж холддог. Мөнгө зээлээгүй байхдаа бие биедээ санаа тавьж хайрлан, сэтгэлийн нууц дахь  жаргал зовлонгоо хуваалцан хуучилж суусан, бие биенээ түшин дуулж суусан, нэг нэгнийхээ зовлонгоос урссан нулимсыг арчиж суусан, бие биенээ санаж үгүйлсэндээ уулзах мөчдөө чангаар инээлдэн тэврэлдсэн мөчүүд ор сураггүй, огт байхгүй юм шиг алга болно. Сайхан сэтгэлийн бүдэг дурсамжийг санах бүрдээ хааяа санаа алдах. Тэр үед гомдол, бас үзэн ядалт “ийм өөдгүй байсан юм уу?” гэж сэтгэлдээ сэмхэн санаа алдах харуусал л үлддэг. Архи, их мөнгө “хүнийг эвддэггүй” харин тэр хүний “мөн чанар”ыг л ил гаргаж ирдэг. Хүмүүсийн мөн чанар их мөнгөний өмнө “шалгагдаж” байдаг аж. Ав адилхан амьдарч байсан нэгэн гэнэт их мөнгөтэй болохоороо “төрөл арилжих” мэт өөрчлөгдөх нь бий. Тэнэг хүмүүс их мөнгө харахаараа нүд бас сэтгэл нь “сохорч”, өмнө нь хэн байснаа мартаж, мөнхөд ийм байх юм шиг санаж сагана. Мартагдсан дурсамж, манарсан сэтгэл, мөнгөнд дөрлүүлсэн шунал тачаал бүхэн нь түүнийг мөнгөний боол болгож байгааг анзаардаггүй. “Шунал ихэдвэл шулам болно” гэж дээдэс зүгээр л хэлээгүй. Харин тэд үүнээсээ унахдаа “хэн ч биш” болдог, хүн чанар нь байхгүй болсон учраас.
Ороо бусгаа өнөө цагийн Монголд минь мөнгө, мөн чанарын их тэмцэл болж байна. Хууль бус аргаар, хулгай залилангаар баяжсан олон олон эрхмүүд бүх зүйлийг мөнгөөр арилжихыг хүсч, энгийн хүмүүст ч бас ингэж ойлгуулахыг хичээж буй. Тэд мөнгөөр албан тушаал эрх мэдлийг, амьдралын бүх хэрэгцээг, амраг сэтгэл хайр дурлалыг, тэр ч бүү хэл хүний мөн чанарыг ч худалдаж авч болно гэж нотлохыг хичээж буй. “Монголчууд бидний харийнхнаас ялгарч байсан мөн чанар минь хаачив аа?” гэж мөнгө ноёлсон нийгмийн тогтолцооноос, мөнгөнд шунасан эрх мэдэлтнүүдээс, мөнгөөр өөрийн мөн чанараа арилжиж буй бусдаас, мөнгө үнэртсэн хязгааргүй шуналын манан дундаас асууж байна. Бид энэ хийрхэл солиорол дундаас өөрсдийн мөн чанараа олж харахаа больжээ. “Мөнгөтэй л бол” сайхан муухай, сайн муу, хөгшин залуу ялгаагүй гэсэн ахар бодол биднийг “алж байна”. Мөнгөөр өөрсдийгөө хучсан гадаад үзэмжин дор монголчууд бидний мөн чанар хиртэж байна.
Яг үнэндээ энэ ертөнцөд амьдраад буцахад тийм ч их мөнгө хэрэггүй дээ. Мөнгөөр өөртөө хэрэгтэй зүйлийг худалдаж авч болохоос аз жаргалыг худалдаж авч болдоггүй. Шударгаар хөдөлмөрлөж зүтгээд урссан хөлс нь дуссан, сэтгэл  зүтгэл нь шингэсэн мөнгийг гартаа атгаж суухдаа хүмүүс сэтгэл хангалуун байдаг. Тийм мөнгийг хүмүүс зөвхөн хэрэгтэй зүйлд зарцуулахаас бус бусдад гайхуулах гэж цацдаггүй. Ухаантай эрдэм мэдлэгтэй хүмүүс хэзээ ч мөнгөний боол болдоггүй, харин эзэн нь байж чаддаг. Тэд хэрэгтэй мөнгөө олж амьдралын амар амгалан, гэр бүлийн баяр баясгалан, өөрийн сэтгэл ханамжиндаа зориулан зарцуулна. Хүссэн цагтаа хэрэгтэй хэмжээгээрээ мөнгийг олж чаддаг хүмүүс хэзээ ч мөнгөгүй болохоос айж тэвддэггүй, бас хурааж дардаггүй. Тэд мөн чанараа мөнгөнөөс илүүд үздэг болохоор бусдад боломжоороо туслахыг хичээдэг. Хэн нэгэнтэй адил тэрбумтан болох хувь тохиол хүн болгонд заяагаагүй. Тийм хүмүүс өөр өөрсдийн үйл тавилангаа өөрөө үүрнэ. Харин бусдыг дуурайж баяжих хязгааргүй шунал, тачаал хүмүүсийн мөн чанарыг огт байхгүй болгодог. Тийм хүмүүсийн эргэн тойрон дахь бүх зүйл мөнгө болж хувирахаар амьдарлаас олж болох баяр баясгалангаа хэзээ ч олж авч чадахгүй. Шунал тачаалын төлөөс нь угаасаа ийм.
Эргэн тойрноо хар даа. Энэ ертөнц хичнээн сайхан, байгаль дэлхий ямар гоё үзэсгэлэнтэй, моддын навчисын сэрчигнээн шувуудын жиргээн ямар гайхамшигтай хөг аялгуутай, хүмүүс бидэнд заяасан энэ амьдрал ямар амар амгалан, гайхалтай сайхан гээч. Намар нүүдэллэн ниссэн шувууд  хаврын энэ өдөр буцан ирж усны мандал дээр далавчаа эрхэмсэгхэн н аргагүй дэлгэн бууж байгаа. Хэд нь эргэж ирээгүйг бид мэдэхгүй ч энэ ертөнцийн гайхамшигт сайхныг магтан дуулах дууг нь бид сонсож уяран тайтгарна. Мөнгө, шунал тачаал байхгүй байхад ч бидний ертөнц ийм л байсан. Мөнгөтэй мөнгөгүй ч ийм л байсаар байх болно. Ийм их хувь заяан дунд бидний мөн чанар төлөвшдөг. Бид өөрийгөө бас бусдыг хайрлаж, тэдэнтэй хамтдаа амьдарч байгаадаа талархан өглөө болгон мэндчилж, аав ээжээ биднийг төрүүлж өсгөснийх нь төлөө асарч энэрэн, амраг хайртаа нэгэн биений түшиг болж байгаад нь эрхлүүлэн баярлуулж, өөрийн минь үргэлжлэл болсон үр хүүхдээ хайрлан өсгөж, жаргал зовлон дунд ижилсэж дассан анд нөхөдтэйгээ хуучилж, үдлээд буцах энэ хорвоод үлдээх мөртэй байх гэж хичээж амьдрах хичнээн сайхан. Ийм сайхан хорвоод мөнгө юу юм бэ? Хэрэгцээнд минь зориулагдсан цаас.
Амьдрал их энгийн. Чи өөрийгөө төлөвшүүлж, өөрийгөө хөгжүүлж чадвал хүссэн хэмжээгээрээ мөнгө олж чадна. Мөнгийг хэрэглээ болгон, өөрийн мөн чанараа авч үлдсэн хүмүүс дандаа инээмсэглэн аз жаргалтай амьдарч чаддаг. Өөрийн хэрэглээнээс илүү гарсан мөнгөө бусдад тус болгон зориулахад  мөнгөний ширхэг болгон нь чамд хайр болгон эргэж ирдэг. Хайраар хүрээлэгдсэн мөн чанар хэзээ ч хэнд ч худалдагддагүй. Амьдралын зорилгоо мөнгө болгон хувиргах аваас чи өөрөө мөнгөнийхээ боол болон хувирч, энэ амьдарлаас олж болох сайн сайхан бүхнийг хэзээ ч олж чадахгүй. Шунаж тачаадсандаа дандаа уурлан бухимдаж, хэзээ ч худалдагдаж болохгүй мөн чанарыг мөнгөөр худалдаж авах гэж “тэнэг” байдалд орно. Мөн чанараа хадгалж чадсан хүмүүс чамаас зай барьж холдоход чи ганцаардал дунд согтуурхан энэ ертөнцийг, бас хүмүүсийг хараан зүхэх болно, гунигтай байгаа биз. Энэ ертөнц хийгээд амьдралын сайхны хажууд, хүний гайхамшигтай мөн чанарын хажууд мөнгө юу юм бэ? Харин сонголт нь таных юм шүү дээ.

Share Your Thoughts