МӨРӨӨДЛИЙН БАГ ба ХОШИН ШОГ

…”Аав чинь архичин гэл үү?” эсвэл ” Ээж чинь тэнэг байхаа” гэж хэн нэг нь доромжилсон өнгө аясаар хэлбэл хэн ч уурладаг. Ээж аав болоод үр хүүхдүүдийнх нь хувьд тэр бие хүн хамгийн эрхэм хүн нь. Сайн, муу ямар ч араншин, хувь хүнийхээ мөн чанартай байлаа ч. Хүн болгон өөрийн гэсэн дотно хүнээ бусдаас харамлан өмөөрч, буруу муу үйлдлийг нь ч зөвтгөх шалтаг заавал олно. Заримдаа буруу муу үйлдлийнх нь төлөө түүн рүү уурлан хашгирч, бухимдан гомдож байхдаа сэтгэлийнхээ мухарт бага ч атугай өрөвдөж байдаг нь монголчууд бидний араншин.

Сүүлийн үед цахим ертөнцийн элдэв мэдээллүүдийн дунд “Мөрөөдлийн баг” нэртэй цуглуулгын мэдээлэл үзэгдэх болсон. Бидний нийгмийн стандарт сэтгэлгээнээс ангид, стандарт бус сэтгэлгээ, үйлдэл, араншин гаргадаг хүмүүсийг бид шоолохын зэрэгцээ олноороо ингэж хэлэлцэх нь бий. Чингис хааны удмын хүн, үзмэрч бөө, олон хэл мэддэг мөртлөө бурхан бүтээсэн эрхэм, түрүүвчээрээ даллахад л их мөнгө олж баяжиж болно гэж ятгагч, маш нарийн хийцийн бурханаар бөөлжигч гэхчилэн элдэв ид шидийн хүмүүс энэ ангилалд багтаж байгаа бололтой. Ийм хүмүүст хандах хүмүүсийн хандлага янз бүр. Зарим нь гайхан дургүйцэж, нөгөө хэсэг нь “зальт аргаар баяжигсад” хэмээн нэрлэж, нэг хэсэг нь “яаж тийм зүйл байх юм бэ?” хэмээн шогшрон эгдүүцэж, харин олонхи нь тэдэнд итгэж даган баясна. Хөдөлмөрлөхгүйгээр түрийвчээрээ даллан их мөнгө олж болно гэдэгт чин сэтгэлээсээ итгэсэн маш олон хүмүүс өөрөөсөө мөнгөө төлж, үзвэрийн том танхим дүүргэн хамтдаа хурайлж, хэн нэгний өөрөө зохион бүтээсэн цаасан бурханы хөргийг худалдаж авахаар нилээд том танхимд дүүргэн дугаарлаж байгаа хүмүүс, энэ бурханыг гэртээ залаад “баяжиж чадна” гэдэгт итгэсээр буйг бид өөрсдөө олж харж байгаа. Тэдний буруу байлаа гэж дүгнэхэд, энэ нийгэмд хэрэгцээ хийгээд “сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг” үйлчлүүлэгчид нь олноороо байгаа болохоор зах зээлийн энэ тогтолцооны үед буруутгах хэцүү. Залилангийн шалтгаанаар нийгэмд болоод хувь хүмүүст учруулж буй хор хохирлыг хуулиар л шалган тогтоодог болохоор, бид өмнөөс нь хэлэлцэж шийдвэр гаргах аргагүй. Тэдэнд мөнгөө төлөөд хэлсэн үг, хэлцсэн үйлдлийг нь дагаж байгаа хүмүүс олноороо байгаа цагт тэд оршин тогтсоор л байх болно. Харин тэднийг дагах, тэдэнд хандах хүмүүс алга болчихвол тэд аяндаа энэ үйлдлээсээ татгалзах болно, хүссэн ч хүсээгүй ч. Зах зээлийн харилцаанд байдаг л үзэгдэл.

Монголд эдэнтэй адил хэмжээнд хүмүүст үнэлэгдэж, төстэй зарчмаар оршин тогтнож байгаа хэсэг нь хошин шогийнхон. Тэд бас янз бүр. Чанартай сайн үзүүлбэр үзүүлж байгаа хэсэг нь байхад хошин урлагийг марзганал болгон хувиргаж байгаа нь ч бий. Тэдний зарим нь өөрсдийн тоглолтоороо нийгмийн алдаа дутагдлыг олон нийтэд ухааруулж, засч залруулж байгаа хэмээн тайлбарладаг л даа. Харин тайзан дээрээс тэдний нийтлэг үзүүлж байгаа хараал хэрүүл, эхнэртээ дарамтлуулж байгаа архичин эр, ханьд нь баригдаж байгаа нууц амраг, эрэгтэй жүжигчид нь ааштай эхнэр, аюултай хадам эх болж тоглож байгаа үзүүлбэрүүдээс нь олон нийт сэтгэлийн таашаал авч ухаарч байгаа гэдэгт би л лав эргэлздэг. Гэхдээ тэдний ийм тоглолтуудыг танхим дүүрэн хүмүүс мөнгөө төлөөд үзэж баясдаг болохоор хэрэгцээ шаардлага нь бас л байгаа хэрэг. Олон хүмүүс үзэж, үнэлж байгаа болохоор л тэд мөнгө сайн олцгоож, одон тэмдэг гавьяа шагнал хүртэцгээж, драмын урлаг хийгээд сонгодог урлагийнхны атаархлыг жаахан ч болов хөдөлгөнө. Ашигтай болохоор нь олон хамтлаг болж задарсан тэдэнд амаргүй л байдаг бололтой, тоглох сэдвийн хувьд. Алсаа харж байгаа зарим нь жинхэнэ “сонгодог хошин урлаг” руу явж байгаа гэдэгт би итгэж байна. Оросын зохиолч А.Чехов, В.Гоголь нарын өнөө ч үнэ цэнээ алдаагүй хошин жүжгүүд Монголд минь мөд тоглогдож, жинхэнэ хошин урлагийн жүжигчдийн чансааг харуулах биз. Хошин урлаг, хошин марзганал зах зээлийн жамаараа ялгарах буйз.

Хошин шогийн нэг хамтлагийн “Мөрөөдлийн баг дэлхийг аварна” гэдэг нэртэй тоглолтын зар сурталчилгааг хараад сэтгэл минь эмзэглэв. Бидний туурга нэгтэн Өвөр Монголчуудын хэл яриаг элэглэн дооглож нилээдгүй мөнгө олсон тэд, одоо хэсэг монголчуудаа шоолон доромжилж мөнгө олохоор шийдсэн бололтой. “Мөрөөдлийн баг” гэж нэрлээд цахим орон зайд санаа бодлоо илэрхийлэх хувь хүмүүсийн санаа бодол нэг хэрэг. Харин олуулаа нийлж тайзан дээрээс тэднийг шоолж мөнгө олно гэвэл арай хэтэрсэн үйлдэл болох биз. Мөнгөө төлөөд үзэж байгаа бид, мөнгийг нь аваад марзганаж байгаа тэд аль аль нь хүний мөн чанарынхаа тухай эргэцүүлж нэг бодмоор доо. Өнөө ч бидэнтэй адил энэ нийгэмд аж төрж байгаа тэр хүмүүс бүгдээрээ л аав ээж, ах дүүс, эхнэр хүүхэд, найз нөхөдтэй. Хошин шогчдын энэ марзганал тэдэнд яаж тусах бол? Лав л бидний дунд сууж байгаад “элгээ хөштөл ” инээхгүй байх. Үзсэн зарим нь үр хүүхэд, ах дүүсийнх нь дэргэд шоолж яривал яах бол? Лав л та нарт талархахгүй байх. Монголчууд бид цөөхүүлээ, тэр хэрээрээ бие биенээ сайн мэддэг, ихэвчлэн таньдаг. Хэрэв ийм тоглолтоор мөнгө олох юм бол шоолуулж байгаа хүмүүс ч гомдол гаргах эрхтэй, үгүйдээ л орлогоос нь хуваалцах эрхтэй.

…Таны сул талыг чинь илэрхийлээд олны өмнө шоолж тохуурхаад байвал хэнд ч таатай санагдахгүй. Ийм болчимгүй үйлдлээс болж хичнээн хүмүүс гомдож муудалцдаг билээ. Тэд өнөөдөр тэднийг шоолж, та тэдэнтэй хамтад баясч байгаа бол, маргаашийн нэг өдөр таны ээлж заавал ирнэ. Бас таныг хайрлаж хүндэлдэг дотны хүмүүс тань гомдож бухимдах болно. Жижиг гэлтгүй ийм зүйлээс л монголчууд бидний эв нэгдэл, хамтын ажиллагаа эхэлдэг. АЛИВ ЗҮЙЛ ХЭМ ХЭМЖЭЭНЭЭСЭЭ ХЭТРЭХЭЭР Л УТГА УЧИР, ҮНЭ ЦЭНЭЭ АЛДДАГ.

Share Your Thoughts