Мөрөөдлөөс зорилго руу

…Өнгөрсөн 2 сарын 2 ны өдөр Денвер хотын төвийн Boettcher Concert Hall-д  DYAO \Denver Young Artists Orchestra\ буюу Сонгодог Хөгжмийн Оркестрийн 35 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт тоглогдов. Энэхүү танхимын том заалд Сонгодог Хөгжмийн Оркестр бага, дунд, ахлах насны ангиллаар нэгэн тайзан дээр тоглосон нь “ховорхон боломжийн нэг” гэж Ш.Байгалмаа надад тайлбарласан юм. Luigi Boccherini, Joseph J. Phillips, Alberta Ginastera, Ralph Vaughan Williams, Римский Корсаков, Ричард Вагнер, Людвиг Ван Бетховен зэрэг дэлхийн сонгодогуудын гайхамшигт аялгуу эгшиглэсэн энэ тоглолт үнэхээр гайхалтай сайхан байлаа.  60-80 орчим  хөгжимчдийн бүрэлдэхүүнтэй бага насны болон дунд насны хүүхдүүдийн оркестрын тоглолтыг Javan Carson, ахлах насны хүүхдүүдийн тоглолтыг Adam Flatt  удирдаж чавхдаст хөгжмийн оркестр, үлээвэр хөгжмийн оркестртой хэрхэн гайхамшигтайгаар хоршин тоглохын шидийг үзүүлэв.
Тоглолт бүрийн өмнө оркестрын концертмастер хүүхдүүд гарч ирэн хөг аязаа тохируулах нь нэг төрлийн бахархалт хүндэтгэл гэлтэй. Хөгжмийн оркестрийн гайхамшигт зохицолдоон, хөг аялгуу эгшигийн тансаг дуурсаан, олон авьяаст хөгжимчдийн цогц нэгэн тоглолтыг үзсэн нь миний хувьд ховор завшаан байв. Энэ гайхамшигт тоглолтод Денвер хотноо ажиллаж амьдардаг Баттулгын охидууд Уянга, Ундраа нар оролцож байгаа нь надад бахархалтай сайхан байлаа.
Энэ  авьяаслаг охидын ээж Ш.Байгалмаатай хийсэн ярилцлагаа толилуулж байна.

undraa uyangaa

       Нэг.Намтрын товчоон

-Хүүхэд насныхаа ихэнхийг Сэлэнгэ аймгийн нутагт орших үзэсгэлэнт Хараа голын хөвөөнд, Ширхэнцэг, Хэрх, Ноён уулсаар зүг чигээ баримжаалж, монголын төмөр замын байнгын үйлчлүүлэгч байж өнгөрөөсөн.
-ШУТИС-ийн Компьютерийн техник Менежментийн Сургуулийг Маркетингийн удирдлагын Бакалавр, Мастерийн зэрэгтэй суралцаж төгссөн.
-Colorado Heights University -г Олон улсын бизнесийн удирдлагын Бакалавр, Мастерийн зэрэгтэй тус тус төгссөн.

       Хоёр. Тархин доторхи эмх замбараагүй мөрөөдлүүд
 
-Г.Галбадрах:Америкт хэзээ яаж ирсэн юм бэ?
-Ш.Байгалмаа: Америкт анх 1998 онд англи хэлний дамжаанд суралцахаар ирсэн юм. Гэхдээ Монгол руугаа буцаж яван, 2 жил ажлаа хийж байгаад Америкт бизнесийн удирдлагаар суралцахаар буцаж ирсэн. Тэгээд сургуульдаа суралцаж төгсөөд дараа нь ажиллаад гэх мэтээр цаг хугацаа урсаж өнгөрсөөр нэг л мэдэхэд зөндөө удаж орхиж.
 -Г.Галбадрах: Америкт бид анх нэг зорилго тээж ирээд аажимдаа эндээ суурьшиж амьдарсаар, урсаж буй цаг хугацааг ч анзааралгүй өнгөрөөж, нэг л өдөр “би ингэж удлаа гэж үү?” хэмээн сэтгэлдээ уулга алддаг.
-Ш.Байгалмаа: Монгол хүн ер нь Америкт насаараа амьдарна гэж бодож ирдэггүй байх. Хүн болгон энд ирэхдээ янз бүрийн зорилт тавьж,” түүнээ гүйцээгээд буцна даа” гэж боддог. Наашаа ирэхдээ тодорхой төсөөлөлтэй байдаг боловч бүх зүйлийг гүйцэд төсөөлөх боломжгүй. Яг ирсэн хойно нь мэдэхгүй байсан олон асуудлууд тодорхой болж ирнэ. Түүнээс болоод өөрийн төлөвлөж төсөөлж байсан зүйлүүдээ яг таг хийж чадахгүйд хүрнэ. Тэгээд л төлөвлөсөн хугацаандаа буцаж чадахгүйд хүрдэг. Тэгээд ч өөрийн төсөөлж байснаас илүү олон боломжуудыг мэдрэхдээ ” үүнийг ашиглаж өөрийгөө хөгжүүлээд авья” гэж боддог ч юм уу. Ингэсээр байтал их хугацаа өнгөрсөн байдаг. Түүнээс биш анх ирсэн зорилгоо мартаад энд заавал шингэж амьдрах гээд хүсээд байдаггүй болов уу. Би бол энэ асуудлыг ингэж л харж ойлгодог.
 -Г.Галбадрах: Төсөөлж байгаагүй олон боломжуудыг мэдрэх бүрдээ түүнийг ашиглахыг хүсдэг гэдэгтэй санал нийлж байна.
-Ш.Байгалмаа: Яг үнэндээ эхэн үеийн цагаачид үүнийг өөрсдөө туулж, “бор зүрхээрээ” л амьдарч, мэдэрч байгаа юм. Тэгээд тэд дараа үеийнхэндээ хэлж зөвлөж эхэлнэ. Ядаж л шинээр ирж байгаа нэгэнд “визээ хадгалах олон боломж байгаа” гээд л хэлж зөвлөх жишээтэй. Олон зүйл дээр “ингэдэг юм, тэгдэг юм” гээд заагаад өгөх жишээтэй. Өөрөөр хэлбэл, боломжуудыг хүнээр хэлүүлж биш, өөрсдөө суралцаж, илрүүлж байсан. Одоо миний анзаарч байгаагаар сүүлийн үед энд ирж байгаа залуус ихэвчлэн юм сураад л Монголдоо буцна гэсэн бодолтой болжээ. Тэгэхээр тэдний хувьд Монголдоо олон боломжууд байна гэдгийг олж харсан, мэдэрсэн хэрэг байх. Тэдгээр өмнөө тавьсан зорилготой бас зорилгодоо хүрэх төлөвлөгөөтэй залуучуудыг хараад бахархдаг. Мөн эх оронд маань “юу шинэчлэгдэж, өөрчлөгдөж байгаа бол?” гэдэг асуултууд толгойд орж ирдгийг нуумааргүй байна.
 -Г.Галбадрах:Америк орон хүнд боломжийг олгож чаддаг орон. Хэрвээ хүн өөрөө хичээх юм бол өөрийгөө хөгжүүлэх боломж нь бүрэн байдаг. Энэ нь гаднаас цагаачид олноор ирэх шалтгаан нь болдог байх.
-Ш.Байгалмаа: Тийм ээ, тэр үнэн. Хүн өөрөө тэр болгоныг мэдрэхээс гадна өөрийн үр хүүхдүүддээ тэр боломжийг ашиглахыг хүсдэг. Одоо бол олон олон гэр бүлүүдийн энд удаж байгаа шалтгаан нь үр хүүхдүүд нь болж байгаа.

-Г.Галбадрах: Гэхдээ хүүхдүүддээ илүү их сурч хөгжих боломжийг нь олгохын тулд олон олон гэр бүл хүмүүс маш их хичээж ажиллаж байгаа. Яагаад гэвэл тэд илүү зардал төлж, илүү их анхаарал хандуулах хэрэгтэй болно.
-Ш.Байгалмаа: Би нэг тохиолдол ярья. 2006 онд би баклавраа төгслөө. Манай нэг профессор, ня-бо бүртгэлийн программ зохиодог хувийн компанитай байсан юм. Тэр хүн намайг компанидаа ажиллах санал тавьж, ажилд орох ярилцлагад урив. Тэр хүн миний багш байсан учраас би их л чөлөөтэй, санаж бодож  явдаг зүйлүүдээ бүгдийг нь илэн далангүй ярилаа. Багш маань миний ярихыг анхааралтай сонсож байснаа “Надад бол хамгийн багадаа 3 жил тогтвор суурьшилтайгаар ажлаа хийх тийм л ажилтан хэрэгтэй. Чиний сурч мэдсэн боловсрол чинь энэ шалгуурт тэнцэж байгаа. Харин зорилго чинь тэнцэхгүй байна. Надад ийм том юм мөрөөдөж, том юманд зорьж яваа хүн хэрэггүй ээ, зүгээр л ажлаа маш сайн хийдэг хүн л хэрэгтэй. Чиний яриаг сонсоод байсан чинь миний бодож хайж яваа хүн биш байнаа” гэж хэлсэн. Ингээд ажилд орох ярилцлагад тэнцсэнгүй.
Манай багш надад “Чиний асар том мөрөөдөл, бас олж харсан боломжуудыг чинь сонсоод би чамаар бахархаж байна. Гэхдээ чиний нэг номерийн санаа тавих, өөрийгөө зориулах зүйл чинь юу вэ гэдгийг сайн бодож үзээрэй” гэж зөвлөсөн. Тэр профессортой ярилцлага хийгээд  гарахдаа “Миний толгой дотор  хувь хүний карьерийн гэнэн, эс бол гэнэн бус ч байж болох эмх замбараагүй  хүсэл мөрөөдөл яваад байсан юм байна. Түүнийгээ би эмхэлж амжаагүй байгаа юм байна” гэдгээ ойлгосон.
 -Г.Галбадрах: Ойлголтын хувьд тийм байдаг байж, Харин тэр их хүсэл мөрөөдлөө орхиогүй биз дээ?
-Ш.Байгалмаа: Нөхөр минь явж ажилладаг болохоор би ар гэрээ хариуцаж, хүүхдүүдийнхээ боловсрол, хөгжилд илүү анхаарал тавих хэрэгтэй байлаа. Үүний тулд тогтвортой, санаа амар хүүхдүүддээ анхаарал тавиад явж болох ажил олж хийх хэрэгтэй юм байна гэж бодсон. Гэхдээ мэдээж тэр хүсэл мөрөөдлөө юу гэж орхих вэ? сэтгэлдээ бодож л явна. (“мөрөөдөлгүй бол зорилгогүй” гэдэгтэй би санал нийлдэг). Мөрөөдөж чадсан юмаа яагаад хийж чадахгүй гэж. Асуудлын гол нь “Хаанаас нь эхлэх, ямар дэс дарааллаар хийх вэ?” гэдгээ шийдэхэд байдаг юм болов уу. Аз болж төгссөн сургуульдаа шаардлагад нь тэнцээд ажилд орсон л доо. Миний хувьд одоогоор нэг номерийн асуудал маань гэр бүл, үр хүүхэд маань юм даа.

Гурав. Хөгжмийн сонголт-боловсрол

 -Г.Галбадрах: Тийм ээ, энэ бол бас их чухал асуудал. Тэгээд л охидуудынхаа авьяас чадварыг хөгжүүлэхэд зорилгоо чиглүүлжээ. Чухам яагаад хийл хөгжмийг сонгосон юм бэ?

-Ш.Байгалмаа: Сонгодог хөгжмийн найрал дотроо хийл хөгжим нэг номер. Хамгийн хүнд нотууд, хамгийн хэцүү, хамгийн ээдрээтэй аялгуунууд хийл хөгжмөөс л гардаг. Бусад хөгжмүүд нь чимэг болж нэмж дагалдана. Тэр утгаараа хийл хөгжим нь сонгодог хөгжмүүд дотроо “хатан хаан” гэж нэрлэгдэж, үнэлэгддэг. Тэгэхээр хийл хөгжмийг маш сайн тоглож сураад тэр найрал дотроос гоцолж гарч ирнэ гэдэг асар их нэр хүндийн асуудал. Бас хариуцлагын асуудал. Хүүхэд 4, 5 наснаасаа тэр хариуцлагыг ойлгож, ухамсарлаж эхэлнэ гэдэг нь, эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүддээ хэлж өгч чаддаггүй хүмүүжлийг хүүхэд хөгжмөөс өөрөө аяндаа олоод авчихна гэсэн үг. Цагаа зөв зохицуулж, би тэрийг заавал хийх ёстой гэдгийг ухамсарлаж эхэлнэ. Тэр утгаараа хөгжим сурна гэдэг нь миний хэлж, хийж амжихгүй байгаа олон ойлголтуудыг тэдэнд өгч чадаж байгаа юм.
-Г.Галбадрах:Хөгжимд сургана гэдэг нь бусдаас илүү анхаарал, цаг хугацаа, зардал зарцуулах хэрэгтэй болно доо?
-Ш.Байгалмаа: Бид өнөөдөр хүүхдүүддээ хөгжим сургахын тулд багш хөлсөлж, мөнгө төлөөд байгаа боловч, яг тэрний ард мөнгөөр хэмжихийн аргагүй ашиг тус яваад байгаа юм. Охидуудаа багшид нь хүргэж өгөх гэж гэрээсээ бараг 2 цаг орчим давхиад байгаа ч,бидний хувьд ямар ч мөнгө, цаг хугацаа, тоогоор хэмжихийн аргагүй сэтгэл ханамж, бидний өгч байгаа мөнгөний тоонд баригдахын аргагүй их мэдлэг чадварыг багш хүүхдүүдэд минь олгож байгаад л байгаа юм. Тийм учраас би үүнийг мөнгөний талаас нь огт хардаггүй. Энэ бол амьдралын том сургууль, миний хийж амжихгүй, ойлгуулж чадахгүй байгаа бүхэн нь хөгжмөөр дамжиж хүүхдүүдэд минь очоод байгаа болохоор.
 -Г.Галбадрах:Нөгөө талаас  хүүхдийн оюун сэтгэлгээнд ч бас сайнаар нөлөөлдөг байх?
-Ш.Байгалмаа: Бид хүүхэд байхдаа тооны хүрд, яруу найраг, шүлэг дуу их цээжилж тогтоодог байсан даа. Энэ бүхэн чинь хүүхдийн оюун санааг задалж, ой тогтоолтыг хөгжүүлдэг байж. Гэтэл Америкийн сургуулиуд хүүхдийг тэгтлээ шахдаггүй. Хүүхэд цээжилбэл цээжилнэ, цээжлэхгүй бол албадахгүй. Гэтэл хөгжмийн нотны тэр олон зураас цэг, дүрслэлүүдийг хооронд нь холбож аялгуу болгоно гэдэг бас л чадвар. Нэг эгнээ нотыг тоглохын тулд хоёр эгнээ нотыг урьдчилж харж байж тоглоно шүү дээ. Урьдчилж нотоо хараад эсвэл цээжлээд, толгойдоо боловсруулж, тэр боловсруулсан зүйлээ аялгуу болгож дуугаргана гэдэг нь тэр хүүхдийн тархины хөгжилд асар том хурдац нэмж байгаа. Нот тогтоож хөгжим тоглодог хүүхдүүд ердийн хүүхдүүдээс илүү хурдан тогтоолт, боловсруулах чадвартай болдог.Тэгэхээр энэ чинь ганц хөгжим биш, хүний хөгжлийн том сургууль яваад байна гэж би ойлгодог юм.
 -Г.Галбадрах: Хөгжмийн сонголт хийхэд мэдээж авьяас байх хэрэгтэй байх?
-Ш.Байгалмаа: Охидуудад маань авьяас байна уу? гэдгийг би хэлж мэдэхгүй. Яагаад гэвэл би өөрөө хөгжмийн ямарч боловсролгүй хүн шүү дээ. Багшаас нь “бид энэ болгонд цаг зав зарцуулах шаардлага байна уу?” гэж асуусан л даа. Багш нь ” хоосонгүй ээ, авьяас байна” гэж бидэнд хариулсан. Гэхдээ хүн бүхний мэддэг “1 хувь нь авьяас байхад 99 хувь нь хөдөлмөр байж амжилтад хүрнэ” гэдэг үгийг хэлсэн. Тэгэхээр түүнийг нь хөгжүүлэх л хэрэгтэй байлаа.

-Г.Галбадрах: Авьяас хэдий чухал ч хүүхэд болгонд яг адил заяадаггүй зүйл.
-Ш.Байгалмаа: Хөгжим тоглож байгаа хүүхдүүдийг харахад яалт ч үгүй мэдрэгддэг юм. Хөгжмөө маш сайн цээжилдэг ой сайтай хүүхэд байна, хурууны хөдөлгөөн сайтай хүүхэд байна, тайз гоё эзэгнэдэг хүүхэд байна, инээмсэглэл сайтай, үзэгчидтэй сайхан харилцдаг хүүхэд байна, тоглож байгаа хөгжимдөө орж хөдөлдөг хүүхэд байна гээд янз бүр л дээ.
 -Г.Галбадрах: Чи маш сайн ажигласан байна шүү?
-Ш.Байгалмаа: Охидууд маань хөгжмөөр хичээллээд 8 жил болж байна. Тэр хугацаанд оролцож байсан бүх л уралдаан тэмцээн тоглолт болгонд нь хамт явж байгаа болохоор ийм зүйлийг илүү анзаардаг болдог юм билээ. 60 70 хүнтэй оркестр эгнэж суугаад тоглоход хүүхэд бүрийн хөгжим тоглох техник нь өөр өөр, хөдөлгөөн нь өөр өөр, суух суулт нь хүртэл өөр өөр байдаг. Сонгодог хөгжмийн суудал болгон нь учиртай. Хамгийн урд эгнээний наад талд сууж байгаа нь бол концерт мастер. Тэр хүн бол тэр найрал хөгжмийн лидер, хамгийн мундаг нь.Тоглолт дээр тэр хүний чавхдсын хөдөлгөөн, найрал хөгжмийн удирдаачийн дохилтыг бүгд дагаж тоглоно. Ихэнх тохиолдолд, сонгодог найрлийн хийлчдийн эхний хоёр эгнээ нь хөгжмийн хамгийн хэцүү адармаатай хэсгийг нь тоглодог. Дараагийн хоёр эгнээ нь дагалдаж бусад чимэг, нэмэлтүүдийг тоглох жишээтэй. Тэгэхээр суудал болгон нь энэ хүн хэр сайн хөгжимчин бэ? гэдгийг тодорхойлоод байгаа хэрэг. Ээж аав нар нь ийм л зүйлийг харж суудаг.
 -Г.Галбадрах: Хүүхэд нь хөгжмөөр хичээллэж амжилт гаргахад гэр бүлийн үүрэг маш чухал байж таарна. Аав ээж нь бусдаас илүү санаа тавих хэрэгтэй болдог байх.
-Ш.Байгалмаа: Ар гэр нь маш тайван байх ёстой. Гэр орон дахь уур амьсгал тайван, аз жаргалтай бус бол хүүхэд яаж хөгжмөө амжилттай тоглох билээ. Хөгжимд суралцахад, миний бодлоор бол ар гэрийн байдлаас гадна хамгийн чухал чадвар нь сэтгэл хөдлөлөө барих чадвар. Хэт сэтгэл хөдлөөд, эсвэл амархан гомдож гутраад байвал амжилтад хүрэхгүй. Нэг удаагийн хэт сэтгэл хөдлөл нь хүүхдийн хэчнээн жилийн хөдөлмөрийг талаар болгох тохиолдол бий. Хүүхдийг өөр зүйлд санаа зовохгүйгээр зөвхөн тэр зорьсон зорилгод нь чиглүүлэх хэрэгтэй. Америкчуудыг дуурайгаад нэг хөгжмийн хичээлээс нөгөө хөгжмийн хичээл рүү дамжаад, бүгдийг хувийн багш хөлсөлж заалгаад явах боломж бидэнд байхгүй л дээ. Үүнд чинь маш их зардал гаргах хэрэгтэй болно. Нөгөө талаар бид өөр орноос ирсэн хүмүүс. Хүүхэд хэтэрхий “би”, “хувь хүн” гэсэн үзэлтэй болчих вий гэсэндээ сургуульд нь,  хамт олон дунд нь байлгах сонирхолтой. Гэхдээ боломжийн хэрээр хувийн багшаар заалгаж байгаа.
 -Г.Галбадрах: Анх сургуулиа яаж сонгов доо?
-Ш.Байгалмаа: Бага сургуульд суралцаж байхад нь нэмэлт хөгжмийн хөтөлбөр гэж явагддаг юм. Тэр хөтөлбөрт хамрагдаад, монгол хүний төрөлхийн “юмыг хурдан ойлгож, хурдан сурдаг” чанараараа хурдан сурсан юм билээ. Тэгээд илт ялгараад ирэхээр нь багш нь бидэнд хандаж “энэ хүүхдийг та нар цааш нь хөгжүүлэх хэрэгтэй байнаа” гэж зөвлөсөн л дөө. Ер нь бол хөгжмийн багшид анх хөтөлж аваачиж өгч, уйгагүй хамт байж, суурийг нь сайн эхлүүлсэн хүн бол аав нь. Дээрээс нь урлагийн сургуульд \манай ХБДС шиг\орохын тулд бэлтгэж эхэлсэн юм.
 -Г.Галбадрах: Мэдээж авьяасыг нь илүү хөгжүүлэхийн тулд тал бүрээс нь хандаж, анхаарал тавих тавих шаардлагатай болох байх?
-Ш.Байгалмаа: Хийл тоглодог хүүхэд ганцаараа тоглоход “болоод байгаа” юм шиг санагддаг юм. Төгөлдөр хуур хажуугаар нь орж ирээд ритмтэй тоглоход тэр хүүхэд сайн хөгжимчин мөн үү? биш үү? гэдэг нь аяндаа мэдэгддэг. Тэгэхээр хийлчид төгөлдөр хуурын нэмэлт хичээлүүд авдаг. Мөн зөвхөн хийлийн гоцлол болон сонгодог хөгжмийн найралд тоглохоос гадна тоглох бүтээлийнхээ түүх, уран бүтээлчийнх нь түүх намтар, өөр хийлчид хэрхэн тоглосон зэргийг судалж, мэдэж байх нь тоглож буй бүтээлээ сэтгэлээсээ, өөртөө итгэлтэйгээр тоглоход нь нөлөөлдөг. Тийм учраас энд тавигдаж байгаа хийлийн болон бусад концертүүдийг боломжоороо үзүүлж байхыг хичээдэг. Хөгжим тоглоход амьсгаа их чухал, яг дуучин шиг. Төгөлдөр хуурч, хийлч 2 эсвэл сонгодог хөгжмийн гурвал, дөрвөлийн хөгжимчид амьсгаагаараа бие биедээ дохио өгч, ойлголцож байгааг харахад их сонирхолтой байдаг. Энд багаар ажиллах чадвар, мэдрэмжийн асуудал бас хөндөгдөөд байна.
 -Г.Галбадрах: Шалгаруулалтыг багш нар нь хэрхэн яаж дүгнэдэг юм бэ?
-Ш.Байгалмаа: Ихэнх шалгаруулалт дээр багш нар нь буруу харж суугаад, ард нь тоглож байгаа хүүхдийн тоглолтыг л сонсоно. Тэр хүүхдийг харах бүү хэл нэрийг нь мэдэхгүй. Тоглогч болгон дугаартай, Сонсоод тэр дугаарт л үнэлгээ өгдөг. Тэгэхээр ер нь шударга талдаа шүү. Харин оноо тэнцсэн тохиолдолд дахин тоглуулах, эсвэл хийлчид өөрсдөө бие биенээ “халз тулаан”-д дуудсан (хэн нэг нь “би илүү тоглосон” гэж үзэж байгаа) тохиолдолд шүүгчид нь бүгдээрээ өөдөөс нь харж суугаад дүгнэж шийддэг.
 -Г.Галбадрах:Одоо тэгээд охин тань хэр түвшинд явж байна?
-Ш.Байгалмаа: Колорадо муж дотроо өсвөр насны хөгжимчдийн хэмжээнд эхний 10-таа ордог юм. Бүр их гоц, мундаг биш юмаа гэхэд эхний аравт орж тоологдоно гэдэг бол бидний хувьд чамлахааргүй үзүүлэлт. Жишээ нь, бараг 200 000 долларын үнэтэй хөгжим, зөвхөн хайрцаг нь гэхэд машины үнэтэйг хэрэглэдэг,  эсвэл гэр бүлээрээ, үе удмаараа сонгодог хөгжмөөр амьсгалчихсан хийлчидтэй эн зэрэгцэж очно гэдэг багагүй хэмжээний хөдөлмөр.
 -Г.Галбадрах: Цаашдаа хөгжмөөрөө явах зорилготой байгаа юу?
-Ш.Байгалмаа: Яг тэгж ч шийдээгүй байна. Яагаад гэвэл, энэ хөгжмийн ертөнц өөрөө асар их өрсөлдөөн дунд оршдог. Жишээ нь, ангийнхан нь улирал бүрт шалгаруулалтад ороод явдаг юм. Энэ шалгаруулалт нь сонгодог хөгжмийн оркестртоо хаана суухыг нь шийддэг. Хүүхдүүд суудлын төлөө өрсөлдөцгөөнө. Нэг удаа охин минь нотоо мартаж ирээд шалгаруулалтын өмнө хамгийн сайн найзуудаасаа гуйхад хэн ч өгөөгүй. Яагаад гэвэл энэ бол өрсөлдөөн. Бусад цагт хичнээн сайн найзууд байлаа ч шалгаруулалт дээр бол бүгд өрсөлдөгч. Одоохондоо хүүхдүүд болохоор дүн буюу үнэлгээгээр өрсөлдөж байна. Хэрэв ажил дээр гарах юм бол мэдээж цалин болоод зэрэглэлийн төлөө өрсөлдөнө. Тэгэхээр энэ бол амаргүй ертөнц гэж төсөөлж байгаа. Хийл хөгжмийг удаан тоглосон хүн, хэрэв техник нь буруу байвал үе мөчний асуудалтай болж эхэлдэг, толгойны өвчин бол нийтлэг үзэгдэл, зүүн чихний сонсголд өөрчлөлт орж болзошгүй юм билээ. Тэгэхээр үүнээс сэргийлэхийн тулд эрүүл мэнддээ маш сайн анхаарах хэрэгтэй болно. Нөгөө талаар тэр хүүхдэд “би олон жил тайзан дээр тоглож чадна” гэсэн итгэл үнэмшил, авьяас сонирхол, хор шар, тэсвэр тэвчээр байна уу? гэдэг асуудал их чухал.
 -Г.Галбадрах:Тэгэхээр энэ бол охины тань шийдэл, сонголт байх ёстой болох нь?
-Ш.Байгалмаа: Тэр их өрсөлдөөн дунд хожигдчихоод хор шарандаа уйлаад зогсож байгаа охиноо харахаар бахархмаар, нөгөө талаар “яагаад заавал ийм байх ёстой юм бэ?” гэж бодогддог юм. Тийм болохоор тийм их өрсөлдөөнтэй ертөнц рүү хүүхдээ заавал оруулах гэж түлхээд байх хэрэггүй юм байна, хүүхэд өөрөө л шийдэг гэж бодсон. Миний бодол бол давхар мэргэжил эзэмших хэрэгтэй юм гэдэг бодол. Бас нэг тал нь багшийнх нь зорилго бол сайн хөгжимчин бэлтгэх байдаг бол, эцэг эх бидний бодол бол хүүхдүүд маань сайн, сайхан яваасай л гэсэн хүсэл.  Хэрэв хүүхэд өөрөө хөгжим, урлаг миний хийх ёстой сонголт гэж шийдвэл, бид чадах бүхнээрээ дэмжиж, туслах нь  ойлгомжтой.
-Г.Галбадрах: Охиныхоо авьяас чадварыг хөгжүүлэхийн төлөө аав ээжийнхээ гаргаж буй сэтгэл, хичээл зүтгэлийг үнэлж ойлгож байна гэдэг чинь бас л их ухаан юм шүү дээ.
-Ш.Байгалмаа: Янз янзын уралдаан тэмцээн, зуны сургалтууд болдог л доо. Охид минь тэр болгонд оролцох хүсэлтэй ч биднээс “бид үүний зардлыг төлж чадах уу?” гэж эхлээд асууна. Охин минь “би энэ хөгжмийг тоглож чадах болов уу?” гэж бодохын оронд “манайд санхүүгийн хувьд боломж байгаа болов  уу?” гэж эхэлж боддог. Энэ нь нэг талаасаа хэцүү асуулт мэт санагдах болов ч нөгөө талаасаа хүүхэд өөрөө хөгжмийн ертөнц бол үнэтэй, санасандаа хүртэл бэлтгэхгүй бол, үүнд зориулж зардал гаргахгүй бол уралдах хэрэггүй гэдгийг, мөн бүх юм миний санаснаар болох албагүй гэдгийг ухамсарлана гэдэг чухал.
-Г.Галбадрах: Хэрэв дараагийн шатандаа сурна гэвэл коллежид орох байх. Тэгэхээр зардал нэмэгдээд явна биз?
-Ш.Байгалмаа: Тэгэлгүй яахав. Жилийн дараа сонголтоо хийнэ. Коллежийн хувьд сонголт нь бас л сонин юм билээ. Монголчууд бид болохоор Америкийн бренд болсон нэр хүндтэй сургуулиудыг сонгох сонирхолтой. Гэтэл хөгжим тоглодог хүүхдүүд шал өөр юм хайдаг юм. Тухайн сургуулиудын багш нар ямар стилээр тоглодог юм бэ? гэдгийг л харна. Манай хүүхэд болохоор Ази багштай, ази стилээр тоглодог. Оросууд бол бугуйны чичиргээг маш сайн хийдэг байхад азиуд хурууны үений чичиргээг маш сайн хийдэг. Манай охин болохоор хоёуланг нь бага зэргээр давхар хийнэ. Энэ бол ганц жишээ. Үүний цаана маш олон зүйлүүд гарын барилт, байрлал гэхчилэн техникүүдээ сонгож хайдаг юм байна. Өөрөөр хэлбэл одоо сурсан зүйл дээрээ дутагдаад байгаа техникээ, эсвэл улам сайжрах боломжийг хайж байна.
 -Г.Галбадрах: Бага охины хувьд?

-Ш.Байгалмаа: Бага охины хувьд ерөөсөө л эгчийгээ дагасан юм. Хажууд нь эгч нь байнга хичээллээд байхаар дагаад л сонирхсон байх. Одоо бас л хөгжмийн багштай хичээллэж байгаа. Одоогоор бүх зүйл эхэлж байгаа болохоор амжилтын тухай ярих эрт байна. 60 70 жижигхэн хүүхдүүд зэрэгцэж суучихаад нэг удирдаачийн дохилтоор тоглож байгааг харахаар өхөөрдмөөр, заримдаа уярч нулимс гардаг юм. Хааяа бодохоор жаргалтай санагддаг юм шүү дээ.
     Дөрөв. Оюутанд үйлчилдэг алба

-Г.Галбадрах: Тийм шүү. Сонсоход ч сайхан санагдаж байна. Одоо ажиллаж байгаа сургуулийнхаа тухай сонирхуулаач?
-Ш.Байгалмаа: Би “Colorado Heights University” гэдэг нэртэй сургуульд ажилладаг. Энэ сургууль нь Японы хөрөнгө оруулалттай, ашгийн бус статустай байгууллага бөгөөд Японы “Teikyo”сан нь боловсролын салбарт их хөрөнгө оруулалт хийдэг, дэлхийн олон оронд салбар сургуулиудтай байгууллага юм. Америкт дахь сургууль буюу миний ажилладаг сургууль анх байгуулагдахдаа зөвхөн япон оюутнуудыг сургаж байгаад, 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхээр олон улсын оюутнуудыг хүлээж авч сургадаг болсон. Анх олон улсын оюутнуудыг сургаж эхлэхэд нь би суралцаж таарсан юм. Тэгээд 2006 онд энэ сургуульдаа “олон улсын бизнес”-ээр бакалаврийг нь дуусгасан.
 -Г.Галбадрах: Үргэлжлүүлээд “мастер”-т суралцсан уу?
-Ш.Байгалмаа: Үргэлжлүүлээд мастерт суралцахдаа, дадлага олгодог хичээлээр нь сургуулийнхаа санхүүгийн албанд нь ажилд орлоо. Сургуулиа төгсөхөд 1 жил ажиллах эрх олгодог хугацаанд нь уг албандаа үргэлжлүүлэн ажилласан. Харин намайг сургуулиа төгсөхөд сургууль маань эндээ үргэжлүүлэн ажиллах санал тавьсан л даа. Тэгэхдээ “чиний олон улсын оюутнуудтай ажиллах чадвар тань бидэнд хэрэгтэй байна” гэсэн. Гол нь тэр үед манай сургууль Азийн бусад орнуудаас оюутнууд олноор хүлээн авч эхэлж байсан юм. Тэгээд намайг элсэлтийн албанд ажиллахыг санал болгосон. Одоо бол эндээ олон улсын оюутнуудад зөвлөлгөө өгдөг International Student Advisor-н ажил хийж эхлэв.
 -Г.Галбадрах: Энэ ажил тань харин сонирхолтой санагдаж байна шүү?
-Ш.Байгалмаа: Дэлхийн өнцөг бүрээс э-майл ирнэ. Ихэвчлэн “визний асуудал, өөр төрлийн виз авсны дараа визээ яаж оюутны виз болгох вэ, ажлын зөвшөөрөл яаж авах вэ” гэхчилэн асуултууд голчилдог. Энд нэг жил ажилласны дараа надад “сургалтын талаар оюутанд зөвлөлгөө өгдөг ажилтан”\Academic Advisor\-аар ажиллахыг санал болгов. Энд бол оюутнуудад мэргэжлээ сонгоход нь зөвлөх, хичээлээ сонгоход нь зөвлөх чиглэлийн ажлуудыг хийдэг. “Чиний зорилго чинь юу вэ? чадвар чинь ямар вэ?хүсэл сонирхол чинь юу вэ? ар гэрийн байдал чинь ямар вэ? чи өөрөө юу хийхийг хүсч байна вэ?” гэхчилэн олон асуудлуудаар оюутнуудтай ярилцан зөвлөлгөө өгдөг юм. Нэг ёсондоо оюутнуудын хувийн зөвлөх маягтай юм уу даа. Одоо миний хариуцаж ажиллаж байгаа ажил минь энэ юм.
 -Г.Галбадрах: Монголын Их Дээд сургуулиудад яг энэ чиглэлийн зөвлөлгөө, тусламж их дутагдалтай юм шиг санагддаг юм?
-Ш.Байгалмаа: Монголд бол оюутнуудад мэргэжлийн талаас нь зөвөлгөө өгч, нөлөөлөх үйл ажиллагаа бараг алга байна шүү дээ. Тэгэхээр залуус маань их дээд сургуульд элсэхдээ “ямар мэргэжил ирээдүйтэй байна вэ? ямар мэргэжил нэр хүндтэй байна вэ? ямар мэргэжил мөнгө сайн хийх вэ? ямар мэргэжил илүү хямдхан, биед амар байх вэ?” гэхчилэн хэдхэн үзүүлэлтээр л сонголт хийж байна. Эсвэл аав ээж нь “чи заавал тийм мэргэжилтэй болох хэрэгтэй, хуульч болчихвол нэр хүндтэй байх болно, алсдаа гаальд ажилд орвол мөнгө хийж болно” гэж шахаж шаардаж байж мэргэжил сонгуулах жишээтэй. Ийм байдлын улмаас хичнээн олон бакалавр, мастерийн зэрэгтэй хүмүүс сургууль төгссөн мэргэжлийн ажлаа хийж чадахгүй байна. Гэсэн хэрнээ зайлшгүй шаардлагатай мэргэжил олгох сургалт нь хангалтгүй байдгаас хэн нь мэргэжлийн ажил хийх нь тодорхойгүй л байна шүү дээ. Гэтэл “гаднаас ажилчид орж ирж хамаг ажил хийгээд байна” гэдэг.
-Г.Галбадрах: Тэгэхээр академик адвейсеруудын орон зай үгүйлэгдээд байнаа даа?
-Ш.Байгалмаа: Анхнаас нь хүүхдийг мэргэжлийг нь зөв сонгуулахын тулд, хүсэл мөрөөдлийг нь ойлгуулах, юуны төлөө зориод байгааг нь мэдэрч, суурийг нь зөв тавьж өгөхөд академик адвейсеруудын үүрэг их чухал байдаг. Бас тэгээд сургууль, сургалтынхаа онцлог, давуу талыг сурталчлах, мэргэжлээ ойлгуулах, хичээлийн хүнд хөнгөнийг тайлбарлах нь тухайн хувь хүнд их ач холбогдолтой зүйл. Тэр талаас нь аваад үзвэл академик адвейсерууд бол тухайн сургуулийнхаа “борлуулалтын менежер” гэсэн үг. Биднийг тухайн оюутнуудыг ямар ч аргаар хамаагүй “заавал сургуульдаа авч сурга” гэж албадаж шаарддаггүй ч, бидний ажил тийм үүрэгтэй. Жишээ нь , хаа холын орноос хамаг мөнгөө шавхаад Америкт суралцахаар ирсэн оюутанд хэрэгтэй зөвлөлгөөг нь өгч, сонголтоо зөв хийхэд нь тусална гэдэг их л буянтай үйл.
 -Г.Галбадрах: Оюутнуудын нийтлэг алддаг зүйл нь юу байна вэ?
-Ш.Байгалмаа: Оюутнуудын гаргадаг нийтлэг алдаа бол төгсөлтийн шалгуурыг анзаарахгүйгээр хичээл сонголт хийх, суралцах чиглэлээ зөв шийдээгүйгээс болж цаг алдах, нийт суралцах хугацаагаа зөв тооцоолоогүйгээс болж зарим улиралд хэт ачаалалтай, зарим улиралд ачаалал багатай байх, эсвэл албан ёсоор хичээл нэмэх, хасах хугацааг мэдэхгүйгээсээ болж байгаа боломжийг ашиглахгүй өнгөрөөх зэрэг байдаг. Мэдээж, олон улсын оюутнуудад дээрх алдаанууд бүр хүндээр тусдаг. Жишээ нь, манай сургуулийн мастерийн сургалт гэхэд дотроо 4 салдаг. Байгаль орчны удирдлага, эрүүл мэндийн удирдлага, санхүүгийн удирдлага, ня-бо удирдлага гэж. Анхнаасаа сонголтоо зөв хийхгүй бол шаардлагагүй  хичээлүүдэд мөнгөө, цагаа зарцуулна гэсэн үг. Тэгээд л “би яах хэрэгтэй вэ?” гээд өчнөөн асуултуудтай орж ирдэг. Тэр тохиолдолд өөрийг нь эхлээд анхааралтай сонсоод дараа нь тайлбарлана. Зөвхөн сургуулийн дотоод бодлого, шалгууруудыг оюутанд тайлбарлахаас гадна олон улсын оюутны виз, АНУ-н ЗГ-аас үзүүлж буй санхүүгийн тэтгэлгүүдтэй холбоотой дүрэм журмыг мэдэж, сургалттай холбоотой зөвлөлгөө өгөхдөө тэдгээртэй уялдууж тайлбарлах нь тухайн оюутанд маш их тустай байдаг. Үүн дээр л зөвлөгч нарын ажлын туршлага, мэдлэгийн хэмжээ их харагддаг юм болов уу гэж би боддог. Мөн тухайн оюутныг надтай илэн далангүй, чөлөөтэй ярих боломж бүрдүүлж, тулгараад байгаа бэрхшээл, асуудлыг нь мэдэж, сайн зөвлөлгөө өгнө гэдэг бас чадварын асуудал.
Ингэж ажиллаж байхдаа сургуулийн “гал тогоо” гэж юу болохыг ойлгосон. Би урьд нь багш байсан хүн. Гэтэл багш хүн бол хэрэглэгчийн өөдөөс хараад зогсож байгаа “сургуулийн нүүр царай” нь. Харин жинхэнэ “гал тогоо” нь, ар талд байгаа тэр албадууд дээр байдаг.
 -Г.Галбадрах: Тэгэхээр сургуулийн жинхэнэ “гал тогоо” нь, “Сургалтын алба” байх ёстой гэсэн үг юм уу даа?
Ш.Байгалмаа: Монголын Их Дээд сургуулиуд “оюутанд үйлчилгээ үзүүлэх” гэдэг дээр илүү сайжруулалт хийх хэрэгтэй юм байна гэж би бодож байна л даа. Сургууль болгонд “Сургалтын алба” гэж бий. Гэтэл энэ “Сургалтын алба” нь, оюутанд үйлчилгээ үзүүлэх үүргийн өчүүхэн хэсэг нь юм шүү дээ.
“Оюутанд үйлчилгээ үзүүлэх” нь нэг ёсондоо сургалт, оюутан хоёрыг холбож байдаг “гүүр” юм. Тэр нь дотроо:
1. сургалтын талаар зөвөлгөө өгдөг \Academic Advising\
2. санхүүгийн тэтгэлэг, хөнгөлөлт, тусламж авах талаар зөвөлгөө өгдөг \Financial Aid Advising\
3. хувь хүнтэй холбоотой асуудлаар зөвөлгөө өгдөг\Counseling\
4. суралцах хугацаанд дадлагжих, сургууль төгссөний дараа ажлын байртай холбож өгдөг \Career advising\service\
5.оюутнуудын хичээлээс гадуурх үйл ажиллагааг зохицуулж, зохион байгуулдаг \Student Activities\
6. оюутны дүн, ирц, дүнгийн хуулбар, диплом, бүртгэлийн асуудал хариуцдаг \Registrar\
7. олон улсын оюутанд зөвөлгөө өгдөг \International Student Advising\
8. нэмэлт давтлага өгдөг \Tutoring \ албадүүд байх жишээтэй.
Энэ бүх албадууд нийлээд “Оюутанд үйлчилгээ үзүүлэх цогц бүрдэл”-ийг бүрдүүлж байгаа юм. Гэтэл Монголын Их Дээд сургуулиудад байгаа “Сургалтын алба ” нэртэй алба нь оюутнуудыг бүртгэх, тэдэнтэй холбоотой мэдээ мэдээллийг л хариуцдаг. Өөрөөр хэлбэл ганцхан “Registrar” албаны үүрэг, функц л хэрэгжиж байна гэсэн үг. Үүний цаана оюутнуудыг ойлгох, тэдний дуу хоолойг сонсох, тэдэнд зөвлөж туслах асуудлууд орхигдож байгаа.
-Г.Галбадрах: Энэ харин их чухал асуудал байна шүү?
-Ш.Байгалмаа: Монголын Их Дээд сургуулиудад ийм албадыг бий болгож бодит үйл ажиллагаанд оруулахдаа албан ёсоор магадлан итгэмжлэгдэх шалгуурт оруулж өгвөл илүү үр дүнтэй, бодиттой хэрэгжиж болох юм. Тэр тусмаа “Сургууль төгссөний дараа ажлын байртай холбож өгдөг алба” нь дадлага олгодог хичээлээр зөвхөн Монголд төдийгүй гадаадын олон оронд холбож өгдөг болчихвол бүр ч сайн. Эдний “career service” нь оюутнуудыг бодитой байгууллагуудад холбож өгдөг юм. Тэгээд сургууль-оюутан-байгууллагатай маш нарийн уялдаа холбоотой ажилладаг.

-Г.Галбадрах: Энд суралцахаар зорин ирж байгаа Монголын оюутнуудад тохиолддог нийтлэг асуудал нь юу байна вэ?
-Ш.Байгалмаа: Өндөр хөгжилтэй орнуудын Их Дээд сургуулиуд суралцах гэж байгаа оюутнуудаас “дүнгийн хуулбар”-ыг заавал шаарддаг. Энэ талаар манай Монголын Их Дээд сургуулиуд үнэхээр “хүнд сурталтай”. Уг нь “Сургалтын алба”-ны гол үүрэг нь хэрэглэгчийн хүсэлтийг хурдан шуурхай биелүүлэх, албан ёсны дүнгийн хуулбарыг нь бэлтгэж өгөх ажил юм шүү дээ. Оюутан бол мөнгөө төлчихсөн “хэрэглэгч”. Хэрэв албан ёсны дүнгийн хуулбараа \оfficial\ аваад ирвэл түүнийг нь орчуулаад, Америкийн сургалтын систем рүү хөрвүүлж “голч дүн”-г нь гаргаад өгдөг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагууд бэлэн байж байдаг. Гэтэл үүн дээр гайхмаар хариуцлагагүй тохиолдлууд зөндөө гарч байна. Бүр, их хэмжээний төлбөр нэхдэг тохиолдол ч байдаг. Тухайн албанд ажиллаж байгаа хүн нугалаа гаргаад байгаа юм уу, эсвэл аль ч сургуульд байдаг нийтлэг асуудал уу гэдгийг би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ л олон улсын стандартад нийцсэн сургалт явуулдаг, тодорхой хэмжээнд магадлан итгэмжлэгдчихсэн бол тэр түвшиндөө нийцсэн үйлчилгээг төгссөн болон суралцаж байгаа оюутандаа үзүүлэх ёстой. Үүнийг хянаж, хэрэгжүүлэхийг мөн л  зохицуулж болмоор санагддаг.
 -Г.Галбадрах:Бас сургалтын төлбөртэй холбоотой асуудлууд ч байна?
-Ш.Байгалмаа: Оюутны зүгээс сургуульдаа төлөх хоёр төрлийн төлбөр байдаг.
1.Сургалтын төлбөр
2. Үйлчилгээний төлбөр.
Монголд суралцаж байгаа  оюутнууд чухам юунд хэдэн төгрөг төлөөд байгаа нь бүрхэг байдаг. Гэтэл энд болохоор “Чиний сургалтын төлбөрийн нэг кредит нь тэдэн доллар, харин чи үйлчилгээний төлбөр гэж семистр болгонд тэдэн доллар төлж байгаа. Тэр үйлчилгээний төлбөр тань ийм ийм юманд зарцуулагддаг” гэж тодорхой хэлээд бичээд өгсөн байдаг. Тэгэхээр оюутан “би юунд мөнгө төлж, ямар үйлчилгээ авч байгаа вэ?” гэдгээ тодорхой мэдэхээрээ мөнгөө төлөхдөө харамсдаггүй. Оюутнууд хэдэн кредит авч байгаагаараа бүтэн цагийн, хагас цагийн оюутан гэж ялгарна. Зарим сургуулиуд оюутны сурах идэвхи, төгсөлтийн хувийг тодорхой төвшинд барих зорилгоор бүтэн цагийн оюутан, голч дүн гэсэн үзүүлэлтүүдээр сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох бодлоготой байдаг.
    Тав. “Тулга” клуб бол миний сэтгэл оюуны таашаал

-Г.Галбадрах: Чамайг “Тулга” уран үгсийн клубын хоёр ч арга хэмжээг хөтөлж байхыг тань мэдэх юм байна. “Тулга” руу чухам юу чамайг хөтөлсөн юм бол?
-Ш.Байгалмаа: “Тулга” руу намайг хөтөлсөн нэг зүйл нь эх орноо санаж шаналсан сэтгэл, дотроо хадгалж яваа бухимдал, баяр бахадлаа хэн нэгэнтэй хуваалцах хүсэл минь байлаа. Мэдээж Америкт олон л нийгэмлэг холбоод, нэгдэл бий л дээ. Гэтэл үүн дотор Монголын утга зохиол яруу найргаар нөхөрлөсөн энэ хүмүүст би татагдсан юм. Дээрээс нь нөгөө л социализмын үед бидэнд бий болсон зүгээр сууж чаддаггүй зуршил, нийгмийн идэвхи маань түүртэхгүйгээр олон нийтийн дунд ороход минь нөлөөлсөн байх.
-Г.Галбадрах:Тийм ээ, “Тулга” -ын энэ эхлэл үнэхээр сайхан эхлэл юм шүү?
-Ш.Байгалмаа: Монголчууд бид чинь ийм гоё эх хэлтэй, ийм баялаг ёс заншилтай, бас уламжлалтай хүмүүс. Үүнийгээ яруу найргаар тэгж гоё илэрхийлсэн байдаг. Хүүхдүүддээ үүнийг нь ойлгуулахсан гэж хичээдэг байсан л даа. Америкт машин дотор ФМ сонсоод явж байхад ээж аавынхаа тухай барагтай бол дуулахгүй дээ. Цөөхөн сэдвийн зонхилох нь хайр сэтгэлийн дуу байдаг. Гэтэл монголчууд шиг ээж аавыгаа, эх орноо дуулдаг үндэстэн тийм олон байдаггүй байх.
…Сайхан ижий минь намайгаа үүрч алхлахад
Салхи чинь хүртэл хүнддэнэ гэж хийсч одсон…
гээд сонсоход ямар яруу гоё хэлж байнаа. “Салхи хүнддэнэ” гэж байдгаа гэж бишрэх жишээтэй. Энийг олж хэлдэг ямар мундаг яруу найрагч вэ? гэж боддог. Гэтэл энд өсч байгаа хүүхдүүд “салхи хүнддэнэ” гэдэг хэллэгээр юу хэлэх гээд байгааг бидний үеийнхэн шиг хүлээж авахгүй л байх. Тийм л орчуулж болохгүй, хүний нутагт бол байнга яригддаггүй, тансаг хэллэгийг бид бие биетэйгээ  хуваалцдаг юм.  Мөн зах зухаас нь хүүхдүүддээ хэлж ойлгуулах юм сан гэж боддог.
-Г.Галбадрах: Тэгэхээр ховор олдох чөлөөт цагаа үүнд зориулж байгаа хэрэг байх нь, тийм үү?
-Ш.Байгалмаа: Тийм ээ, энэ бол бас л нэгэн завшаан. Хөгжим, яруу найраг хүний сэтгэлийг уянгалаг сайхан хүүрнэлээрээ ямагт өөдрөг сайхан бодол, урам зориг руу хөтөлж байдаг. Тэр хэрээрээ бид сэтгэлийн цэнгэлийг эдэлж байдаг юм даа.
-Г.Галбадрах: Уулзаж дотно сайхан ярилцсанд баярлалаа. Хүн болгон хүүхдүүдийнхээ төлөө сэтгэлээ чилээж байдаг ч ойлгож, хөгжиж дэвжихэд нь хамтдаа зүтгэж байдаг нь хэд бол? Хичээл зүтгэлийн үр шим хэзээ нэгэн цагт ургаж дэлбээлдэг болохоор охидууд тань заавал амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Танай гэр бүлд эрүүл энх, сайн сайхан бүхнийг ерөөе.
-Ш.Байгалмаа: Ерөөл бат оршиг. Хэдийгээр харь оронд ажиллаж амьдарч байгаа ч өөрсдийн үр хүүхдүүдийнхээ авьяас чадварыг хөгжүүлэн мундаг төвшинд хүргэж байгаа монгол гэр бүлүүд олон бий. Бид нэг их мундаг нь биш, жирийн л гэр бүл. Таны хэлж байсанчилан холын нутагт аж, амьдрал, мэдлэг боловролоо дээшлүүлж, үр хүүхдээ өсгөж яваа олон олон, жирийн гэр бүлүүдийн төлөөлөл болж хийсэн энэ ярилцлага маань хожмын нэгэн өдөр эргээд харахад монгол, монголчуудын нэгэн үеийн түүхийг бичилцэж яваа олон хүний дурсамж сэргээсэн баримт болж үлдэх байх аа.  Энэ ярилцлагыг хийх үед нөхөр маань байлцаж амжилгүй, ажлаа хийгээд явж байгаа нь хүртэл, яалт ч үгүй л бидний өнөөгийн амьдралын дүр зураг юм даа.  Энэ утгаараа, таны хийж яваа ажил ч бас чухал юм. Танд ч бас амжилт хүсье.
…Ш.Байгалмаагийн Их дээд сургуулиудын “Сургалтын алба” ны тухай ярьсан яриа миний хувьд бас л содон байв. Өөрөө боловсролын “гал тогоо” нд буцалж яваагийн хувьд сэтгэлээ чилээж, бусдад хэрэг тус болох олон зүйлийг хийхийг хүсч байгаа. Хэрэв энэ санааг нь сонирхон дэмжвэл Монголдоо очиж энэ чиглэлээр санал, туршлагаа хуваалцах хүсэлтэй байгаагаа ч ярьсан. Миний бодоход өнөөгийн Монголын дээд боловсролын шинэчлэл хөгжилд зайлшгүй хэрэг болох санаа нь “Оюутанд үйлчилгээ үзүүлэх цогц алба” юм шиг санагдсан. Яг энэчлэнгээр Монголын боловсролын төлөө санаа зовинож, өөрийн санаа бодлоо бусадтай хуваалцан, бага ч болов тус нэмэр болох санаа олон монголчуудад байгаа. Хэрэв тэд хамтарч  нэгдвэл, олон сайн үйлсийн эхлэлийг тавих буйз. “Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм” гэдэг дээ.

Share Your Thoughts